МОНГОЛ УЛСЫН

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

 

2003 оны 11 дүгээр

сарын 24-ний өдөр

Дугаар 07

Улаанбаатар

хот

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД

Ц.НЯМДОРЖ ТАНАА

Хуульд нэмэлт, өөрчлөлт

оруулах тухай санал

           

“Захиргааны хариуцлагын тухай” Монгол Улсын хуулийн 2 дугаар бүлэг, 25 дугаар зүйлд тусгагдсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тухай заалтууд нь хэт ерөнхий агуулгатай, зөрчлийн хэв шинжийг нарийвчлан ялгаж задлаагүйгээс өнөө үед энэ чиглэлийн харилцааг зохицуулахад илт хоцрогдсон, шаардлага хангахааргүй, учир дутагдалтай байх тул энэ хуулийн дээрх зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах саналтай байна.

Дээрх саналыг үндэслэн тус хүрээлэнгээс “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 25 дугаар зүйлийг өөрчлөн боловсруулсан төслийг санал болгож байна.

Энэхүү төслийг зохих журмын дагуу хянаж, хуулинд тусгаж өгөхийг хүсье.

Дараах зүйлсийг хавсаргав:

1. Төсөлд холбогдох танилцуулга;

2. “Захиргааны хариуцлагын тухай” Монгол Улсын хуулийн 25 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан төсөл;

3. Төслийн агуулгыг эмхтгэсэн хүснэгт;

4. Оросын Холбооны Улсын “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн холбогдох хэсгийн эмхтгэл.

 

 

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

А.ХУРЦБИЛЭГ

 

 

 

ТАНИЛЦУУЛГА

2003.10.30

Улаанбаатар хот

 

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар

зүйлийг өөрчлөн найруулсан төслийн тухай

 

Хуулинд өөрчлөлт хийх үндсэн шалтгаанууд. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйл (Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих)-д нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага дараах хэдэн үндэслэлтэйгээр бий болж байна. Үүнд:

1. Автомашины тоо жилээс жилд нэмэгдэж, хөдөлгөөний нягтрал ихэсч байгаагаас замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах явдал олширч байгаа өнөө үед хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартууд зөрчигдөх байдал газар авсан төдийгүй зөрчлийн хэв шинжийн хүрээ ч улам бүр тэлсээр байгаа билээ. Гэтэл тэдгээр олон хэв шинжийн зөрчлүүдэд тохирох шийтгэлүүдийг Захиргааны хариуцлагын тухай хуулинд хэт ерөнхийлөн зааснаас бодит байдалд хэрэгжихдээ ихээхэн өрөөсгөл тусаж байгаа дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл зөрчилд ногдуулж буй шийтгэлийн хэмжээ нь түүний шинж байдалд нийцэхгүй байх явдал амьдрал практик дээр элбэг тохиолдож байна. Тодруулбал, 25 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн заалт нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд (эрхийн үнэмлэхтэй), 2 дугаар хэсгийн заалт нь эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд, 3 дугаар хэсгийн заалт нь тээврийн хэрэгслийн техникийн зөрчилд, 4 дүгээр хэсгийн заалт нь тээврийн хэрэгслийн жолоочоос бусад хөдөлгөөнд оролцогч этгээдэд хамаарах бөгөөд бусад бүх хэв шинжийн зөрчилд (жолоочийн) зөвхөн 5 дугаар хэсэгт зааснаар шийтгэл ногдуулахаар заасан нь хэт бүрхэг, ерөнхий агуулгатай байна. Учир нь эхний дөрвөн хэсэгт зааснаас бусад хэв шинжийн зөрчлийн төрөл маш олон бөгөөд түүн дотор жижиг зөрчлүүд ч, ноцтой зөрчлүүд ч багтаж байна. 5 дугаар хэсэгт «Жолооч болон тээврийн байгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-10000 төгрөгөөр торгох, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна» гэж шийтгэлийн хэмжээний доод, дээд хязгаарыг хэт ялгавартайгаар заасан нь олон төрлийн хэв шинжийг агуулсан зөрчлүүдэд нийцүүлсэн эерэг талтай мэт боловч бодит байдалд ноцтой зөрчил гаргасан этгээдэд хөнгөн шийтгэл ногдуулах, жижиг зөрчил гаргасан этгээдэд шийтгэлийг нь хүнддүүлэх зэрэг сөрөг явдлыг түгээмэл болгож байна. Үүнтэй холбоотой бухимдал, гомдол нийт жолооч нарын дунд багагүй гардаг билээ.

Иймээс хуулинд зөрчлүүдийг шинж байдлаар нь нарийвчлан ялгаж задлах (замын хөдөлгөөний дүрмийн заалтуудад нийцүүлэн), тэдгээрт нийцэх шийтгэлийг тус бүрд нь зааж өгөх зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, төсөлд дараах заалтууд тусгагдсан болно. Үүнд: 1.2 дугаар хэсэгт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хэрхэн шийтгэх, 1.5 дугаар хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хэрхэн шийтгэх, 2.1 дүгээр хэсэгт гэрлэн дохионы заалт зөрчсөн жолоочид ногдох шийтгэл, 6 дугаар хэсэгт тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлсэн жолоочид ногдох шийтгэл, 7 дугаар хэсэгт түр буюу удаан зогсох журам зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгслийг журамлан саатуулах тухай, 17 дугаар хэсэгт замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөн жолоочид ногдох шийтгэлийн тухай гэх мэт.

2. Хуулийн дээрх зүйлд “Жолооч”, “Тээврийн хэрэгсэл” гэсэн нэр томъёонуудыг хэрхэн ойлгох талаар тодорхойлж өгөх шаардлагатай байна. Учир нь 5 дугаар хэсэгт заасан “жолооч” гэдэгт жолоодох эрхгүй этгээд болон унадаг дугуй, ердийн хөсөг, мопед жолоодож яваа этгээд хамаарах эсэх, 2 дугаар хэсэгт “жолоодлогын дадлага хийж яваа этгээд”-ийг хамааруулах эсэх, 6 дугаар хэсэгт (энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн) заасан “тээврийн хэрэгсэл” гэдэгт унадаг дугуй, ердийн хөсөг, мопед хамаарах эсэх гэх мэт асуудлуудыг шийдэхэд учир дутагдалтай байна.

3. Хуульд тусгагдсан мөнгөн торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр жишсэн хэлбэрээр өөрчилж оруулах шаардлагатай байна.

 

Хуулинд оруулсан зарчмын өөрчлөлтүүд. Дээрх дутагдлуудыг арилгах үүднээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд дараах хэдэн зарчмын өөрчлөлтүүдийг Оросын Холбооны Улсын “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн холбогдох зүйлээс иш загвар аван хийв. Ингэхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн бүлэг, зүйлийн дараалалд захируулан, түүний агуулгад нийцүүлсэн болно. Үүнд:

а. Энэ зүйлд заасан “Жолооч”, “Тээврийн хэрэгсэл” гэсэн нэр томъёонуудыг хэрхэн ойлгох ёстойг тодорхойлов.

б. Зөрчлүүдийг шинж байдлаар нь нарийвчлан задалж (замын хөдөлгөөний дүрмийн заалтуудад нийцүүлэн), тэдгээрт нийцэх шийтгэлийг тус бүрд нь зааж өгөв.

в. Зүйлийг зөрчлийн шинж байдлаар нь бүлэглэсэн 20 хэсгээс бүрдүүлэв.

г. Торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр жишиж заав.

 

Өөрчлөн найруулсан төслийн агуулга, бүтэц. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан төслийн агуулга:

- Зөрчил гаргасан этгээдэд дараах шийтгэлийг ногдуулна. Үүнд:

  а/ анхааруулах;

  б/ торгох;

  в/ тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах.

- Анхааруулах, торгох шийтгэлийг үндсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг үндсэн болон нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд шийтгэлийг хавсарч жолоодох эрхийн үнэмлэхийг хураах, тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг таслан зогсоох, тээврийн хэрэгслийг журамлан саатуулах, улсын дугаарын тэмдгийг хураах, тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох зэрэг арга хэмжээнүүдийг авна.

- Зөрчил гаргасан этгээдэд ногдуулах шийтгэлийн хэмжээ:

а/ жолоочийг торгох шийтгэлийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 0.1-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх;

б/ жолоочоос бусад хөдөлгөөнд оролцогчийг торгох шийтгэлийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 0.1-1 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх;

в/ иргэн, албан тушаалтныг торгох шийтгэлийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 0.5-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх;

г/ тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн хэмжээ 1 сараас 2 жил хүртэл хугацаатай байна.

Хуулийн энэ зүйл нь дараах 20 хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг бүр гарчигтай байна. Үүнд:

1 дүгээр хэсэг “Жолоочийн үүргийг зөрчих” (1.1-1.17);

2 дугаар хэсэг “Хөдөлгөөн зохицуулах дохио зөрчих” (2.1-2.2);

3 дугаар хэсэг “Анхааруулах дохио хэрэглэх журам зөрчих” (3.1-3.3);

4 дүгээр хэсэг “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх журам зөрчих” (4.1-4.3)

5 дугаар хэсэг “Зорчих хэсгээр байрлан явах, гүйцэж түрүүлэх журам зөрчих” (5.1-5.2);

6 дугаар хэсэг “Хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэх” (6.1-6.3);

7 дугаар хэсэг “Түр буюу удаан зогсох журам зөрчих” (7.1-7.2);

8 дугаар хэсэг “Уулзвар, явган хүний гарц нэвтрэх журам зөрчих” (8.1-8.3);

9 дүгээр хэсэг “Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчих” (9.1-9.2);

10 дугаар хэсэг “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх журам зөрчих” (10.1-10.2);

11 дүгээр хэсэг “Хорооллын доторхи хөдөлгөөний журам зөрчих” (11.1);

12 дугаар хэсэг “Тууш замын хөдөлгөөний журам зөрчих” (12.1-12.2);

13 дугаар хэсэг “Жолоодлогын дадлага хийх журам зөрчих” (13.1);

14 дүгээр хэсэг “Тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчих” (14.1-14.2);

15 дугаар хэсэг “Хүн тээвэрлэх журам зөрчих” (15.1-15.2);

16 дугаар хэсэг “Ачаа тээвэрлэх журам зөрчих” (16.1-16.2);

17 дугаар хэсэг “Замын тэмдэг, тэмдэглэлийн заалт зөрчих” (17.1);

18 дугаар хэсэг “Жолоочид хамаарах бусад заалт” (18.1-18.2);

19 дүгээр хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч бусад этгээд хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих” (19.1-19.5);

20 дугаар хэсэг “Иргэн, албан тушаалтан замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих” (20.1-20.6).

Хуулийн төсөл..»»