Өчигдөр буюу 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болж өнгөрсөн

«Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд» сэдэвт онол, практикийн бага хурлын тэргүүлэгчдэд илгээх захидал

 

Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн захирал А.Хурцбилэг миний бие өчигдрийн хуралдаан дээр санал бодлоо илэрхийлж үг хэлэх боломж олдоогүй тул энэхүү захидлаар саналаа хүргэхийг зорилоо. Тус хуралдаан дээр төрийн бус байгууллагын зүгээс санал илэрхийлэх гэсэн төлөөлөл нь ганц миний бие байсан бөгөөд 3 минутын боломж олгосон нь санал илэрхийлэхэд хэт ахар хугацаа байлаа.

Тус хуралдаан дээр төрийн байгууллагын төлөөллүүд маань сайшаан дэмжихүйц олон сайхан саналуудыг хэллээ. Тухайлбал: Хууль эрх зүйн шинэчлэлт хийх, авто замын бүтээн байгуулалт, арчлалт, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг сайжруулах, тээврийн хэрэгслийн насжилт, техникийн байдалд анхаарах, хуучин автомашин болон баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинуудыг хязгаарлах, хөдөлгөөнд оролцогчдын мэдлэг, соёлыг дээшлүүлэх, бага насныханд мэдлэг, дадал олгох, хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих албадын үйл ажиллагааг эрчимжүүлэх, жолооч бэлтгэх, шалгалт авах зарчмыг шинэчлэх гэх мэт тулгамдсан олон асуудлыг тал талаас нь шүүн хэлэлцлээ. Эдгээр асуудлууд нь үнэхээр чухал гэдэгтэй бүгд санал нийлэх биз. Гэхдээ бараг улиг болсон эдгээр асуудлууд зөвхөн өнөөдөр тулгамдчихаад байгаа зүйл бишээ. Өчигдөр ч байсаар ирсэн. Өмнөх олон жилүүдийн үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсаар л ирсэн. Цаас, принтерийн хорыг ч их үрсэн. Өөрөөр хэлбэл хэрхэн шийдвэрлэх арга замаа олохгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Өчигдрийн хуралдааны үр дүн ч мөн ийм замналыг туулж, цаас, принтерийн хорыг үрэхгүй гэсэн баталгаа байхгүй. Учир нь дээрх тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар саналууд гарсангүй. Зам тээврийн осол, гэмтлийн тоог багасгах, нас баралтыг 20 хувиар бууруулах, замын хөдөлгөөн зохион байгуулалтын тогтолцоог европын өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүргэх зэрэг саналууд нь хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх зорилт болохоос хэрэгжүүлэх арга зам биш гэдэг нь ойлгомжтой. Өнөөдөр бид үүн дээр л төвлөрч ярих, хэлэлцэх, ухаан бодлоо уралдуулах шаардлагатай байна. Хэрэгжүүлэх арга замаа олчихсон тохиолдолд төсөл, хөтөлбөр боловсруулах, эдийн засгийн тооцоо гаргах, батлуулах, хэрэгжүүлэх асуудлууд амархан шийдэгдэнэ. Төр засгийн эрх барих дээд байгууллагууд ч үг дуугүй дэмжих нь ойлгомжтой. Тэгвэл ямар арга замууд байна вэ?

Гадны олон арга зам, туршлагууд бий. Зарим нь өртөг өндөртэй, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байхад зарим нь боломжийн санагдана. Зарим нь манайх шиг буурай оронд огт тохирохгүй, хэрэгжих үндэслэлгүй санагдана. Иймээс гадны дэвшилтэт ололт, туршлагуудыг сонгохдоо эхлээд өөрийн орны нөхцөл байдлыг зөв үнэлэх нь чухал юм байна гэж үзлээ. Тухайлбал манай улсын замын хөдөлгөөний тулгамдсан асуудлууд яг юунаас үүдэлтэй байна вэ? Мэдээж зам, автомашин, хүн, орчин гэсэн өнөө л улиг болсон хүчин зүйлсийг нэрлэнэ. Арга ч үгүй. Эдгээр хүчин зүйлс л замын хөдөлгөөнийг бий болгоно. Гэхдээ л өөр нэг шалтгаан байна. Энэ бол ядуурал, ядуурлыг дагсан ажилгүйдэл, эмх замбараагүй байдал, ухамсаргүй хэрэглээ. Орлого багатай, буурай хөгжилтэй бүх оронд энэ зовлон байна.

Миний бие энэхүү захидлаараа та бидний дунд огт яригддаггүй, анхаарлын гадуур байдаг нэгэн сэдвийг хөндөхийг зорилоо. Мөн хэрэгжүүлэх арга замыг нь ч дэвшүүлэхээр оролдлоо.

Авто зам болон тээврийн хэрэгсэлд ашигт үйлийн коэффициент (АҮК) гэж байдаг. Үүнийг өндөр хөгжилтэй орнууд ихэд анхааран үзнэ. Тээврийн хэрэгслийн АҮК нь тухайн явсан километр тутамд хэдий хэмжээний ачаа, зорчигч тээвэрлэснээр үнэлэгдэнэ. Нэг автомашнаар нэг л хүн зөөгөөд байвал, эсвэл юу ч зөөхгүй холхиод байвал АҮК нь нойл заана. Социализмын үед авто тээврийн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээнд “Сул явалт” гэсэн нэр томъёо бүхий ойлголтыг ихэд анхааран үздэг байсан бөгөөд үүн дээр төвлөрсөн тооцоо судалгааг нарийвчлан гаргадаг байсныг хүн бүр мэдэх биз. Тэр үе ч яахав төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан болохоор арга ч үгүй. Гэхдээ л эдийн засгийн үр ашиг гэдэг зүйлийг аль ч нийгэмд, тэр тусмаа зах зээлийн өнөөгийн нийгэмд зөвхөн авто тээврийн байгууллага биш иргэн бүр нарийн бодолцох учиртай санагдана. Авто замын АҮК гэдэг нь нэгж хугацаанд тухайн замаар хэдий хэмжээний ачаа, зорчигч шилжин өнгөрч байгаагаар үнэлэгдэнэ. Хэрэв АҮК хэт доогуур байвал уг замыг барих буюу сайжруулах, хөрөнгө оруулалт хийх нь ашиггүйгээр барахгүй эдийн засагт хохиролтой байх тул хөдөлгөөнийг нь хаасан ч болно. Харин АҮК өндөртэй замын хөдөлгөөнийг хаах буюу хязгаарлабал маш их сөрөг үр дагаварт хүргэдгийг бид сайн мэднэ.

Үүнээс улбаалан зам ба тээврийн хэрэгслийн зөв зохистой хэрэглээ гэсэн ойлголт гарч ирнэ. Энэхүү ойлголтыг бид зах зээлд шилжсэнээс хойш огт анхаарсангүй. Гэтэл манайх шиг буурай гадны орнууд үүнийг анхааралдаа авснаар замын хөдөлгөөнийхөө түгжрэл, саатлыг арилгаад зогсохгүй хөдөлгөөний аюулгүй байдлаа дээшлүүлсэн туршлага байна. Зарим орны хуульд ачааны тээврийн хэрэгслээр сул явалт хийх, тэр бүү хэл суудлын автомашиндаа зорчигчгүйгээр хөдөлгөөнд оролцохыг хориглож, зөрчсөн тохиолдолд өндөр торгууль тооцдог бөгөөд энэ нь зам ба тээврийн хэрэгслийн зохистой хэрэглээг бий болгох хөшүүрэг болдог ажээ. Тэгвэл манай улсын иргэд зам ба тээврийн хэрэгслийг зөв зохистой хэрэглэж чадаж байна уу? Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш бараг хүн болгон хувийн автомашинтай болж түүнийг ахуйн хэрэглээгээ болголоо. Автомашиныг ажил төрөл, ахуй амьдралынхаа зайлшгүй хэрэглээ болгосон тийм баян хүмүүс үү бид. Гэтэл тийм биш ажээ. Учир нь бид автомашиныг зөв зохистой, ухамсартайгаар хэрэглэе гэвэл ийм унаатай байх нь тийм ч хэрэгтэй зүйл биш ажээ. Нэгэн жишээ татъя. Бид нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ гэхээр автобус, троллейбус, таксийн авто баазуудын зохион байгуулалттай үйлчилгээг ойлгодог. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн үйлчилгээг зөвхөн тэд л гүйцэтгэж байгаа юм шиг. Гэтэл үгүй юм. Нийтийн тээврийн үйлчилгээ гэдэг нь бэлэн замыг ашиглан, зорчигчдыг тээвэрлэх замаар ашиг олох бизнесийн үйл ажиллагаа юм. Тэгвэл хувийн автомашинаар бизнес хийгчид буюу бидний хэлж заншнаар халтур хийгчид нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчид яах аргагүй мөн. Нөгөө л ядуу, ажилгүйдэл ихтэй орны зовлон. Египет, Энэтхэг, Бангладеш, Африкийн ихэнх орнуудын ард түмний амжиргаагаа залгуулах орлогын эх үндэс энэ. Манай орны хувьд ч мөн адил. Гэхдээ үүнийг зөвтгөж болохгүй юм. Учир нь халтур хийгчдийн үйлчилгээ бол зам болон тээврийн хэрэгслийн зохисгүй хэрэглээний нэгэн тод жишээ ажээ. Тэд өдөржин, бүр шөнөжин зогсоо зайгүй зам дээгүүр холхигчид юм. Тэгсэн мөртлөө орлогоосоо нэг ч төгрөгний татвар үл төлнө. Татвар төлөгчдийн мөнгөөр тавьсан бэлэн замаар өдөржин холхиж, замыг бүрэн дүүрэн ашиглах мөртлөө зам ашигласны татварыг бусадтай адил төлнө. Тэд хэт олуулаа учир өдөржин хэсүүчлээд нэг, хоёр л зорчигч зөөнө. Нөгөө тээврийн хэрэгслийн АҮК, үүнээс улбаалаад замын АҮК нойл заана. Өөрөөр хэлбэл сул явалт хийж, замыг ашиггүй элээж, бусдын хөдөлгөөнийг саатуулна. Тэд хэдүүлээ вэ? Манай байгууллагын 2008 онд хийсэн судалгаагаар, ажлын бус цагаар хөдөлгөөнд оролцож байгаа 1000 автомашины 30-40 хувь нь буюу өөрөөр хэлбэл 300-400 автомашин тэднийх байв. Замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины 30-40 хувь нь хоосон хэсүүчлэгчид гээд боддоо. Тэд байхгүй бол хөдөлгөөний нягтрал 30-40 хувиар буурна гэхээр үүнийг нийгмийн гаж үзэгдэл гэж үзэхээс өөр арга алга.

Бидний шүтээд байгаа хөгжилтэй оронд халтурчид нэг ч байхгүй. Өөрөөр хэлбэл зам болон тээврийн хэрэгслийн ухамсартай, зохистой хэрэглээг тэд бий болгож чаджээ. Тэнд ажлын бус цагаар зам нь хоосон, түгжрэл гацаа үүсэх явдал байхгүй юм. Гэтэл Улаанбаатарт амралтын өдрүүдэд ч бөөн түгжрэл, гацаа. Ажилгүйдэл ихсэх тусам гудамжаар холхигсод олширч, нийгмийн эмх замбараагүй байдал, гэмт хэргийн тоо ихэсдэг гэнэ. 18 зууны үед Европын орнуудад эдийн засгийн уналт болж, ажилгүйдэл ихсэхэд гудамж, замын эмх замбараагүй байдал, гэмт хэрэг газар авч дийлдэшгүй асуудал болон хувирсан гэдэг. Харин эдийн засаг тогтворжиж, ажлын байрыг олноор бий болгож чадсанаар уг асуудал намжсан ажээ. Өнөө хэр Европын орнуудад ажлын цагаар гудамж зам эл хуль байдгийг олон хүн мэдэх бизээ. Гэтэл тэд манайхаас хэд дахин олон автомашинтай.

АҮК багатай олон автомашинтай байхаас АҮК өндөртэй цөөн автомашинтай байх нь дээр гэсэн үзэл дээр одоогоос 80-аад жилийн өмнө автобус хэмээх тээврийн хэрэгслийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн гэдэг. Автобус нь нэг явалтаараа 40-50 хүнийг нэг дор тээвэрлэх бөгөөд зам дээр зай бага эзэлнэ. Хэрэв ийм тооны зорчигчийг суудлын автомашинаар нэг нэгээр нь тээвэрлэвэл 40-50 автомашин шаардлагатай болох бөгөөд зам дээр ихээхэн урт цувааг үүсгэнэ.

Зам ашиглан бизнес хийх нь тухайн орны ядууралтай холбоотойгоос гадна иргэдийн ухамсар, амьдрал ахуйгаа авч явах чадвар, мэргэжил, боловсролтой салшгүй холбоотой. Халтур хийгчдийн дийлэнх нь мэргэжил, боловсролгүй, хялбар аргаар мөнгө олох замыг эрэлхийлэгчид байна. Тэд толгойгоо ажиллуулан, суурин ажил, хөдөлмөр, үйлдвэрлэл, аж ахуй эрхлэхээс хойш суусан залхуурагчид юм. Зарим хүн “Болохгүй бол халтур хийж мөнгө олно” гэж ярьдгийг бид олонтой сонсдог. Халтур хийх нь нэг ёсондоо хамгийн доод шатны бизнес ажээ. Жолооны курст суугаад үнэмлэх авчихна. Жолооны сургалтын төлбөр хямд учир үүнд нэг их зардал орохгүй. Мөн хуучин ч хамаагүй хямд автомашин яаж ийж байгаад олчихно. Энэ тийм ч хүнд асуудал биш. Манайх шиг хэдхэн сарын цалингаа хураагаад авчих хямд автомашинтай газар өөр хаана ч байхгүй биз. Зөвхөн халтур хийх зорилгоор автомашин худалдан авагчид зөндөө бий. Тэгээ л ажилдаа шууд гарна. Тэдний хөдөлмөрийн багаж хэрэгсэл нь автомашин, ажлын байр нь бэлэн авто зам, түүхий эд нь хямд бензин, түүхий эд нийлүүлэгч нь хаа сайгүй орших шатахуун түгээгүүрүүд, хэрэглэгчид нь гудамжинд гар өргөж зогсох зорчигчид. Энэ бол бизнесийн бэлэн хялбар орчин бөгөөд үүн рүү бэлэнчлэгчид ханцуй шамлан дайрна. Гэхдээ энэ бизнес тийм ч ашиг өндөртэй бус. Учир нь ийм бизнес эрхлэгчид тоймгүй олон. Мөн хэрэглэгч хязгаартай тул тэд хоорондоо үхэн хатан өрсөлдөнө. Зорчигчоо олж л байвал хөдөлгөөний аюулгүй байдал тэдэнд хамаагүй. Зам дээр уралдах, дүрэм зөрчих юу ч биш. Бусад хүмүүсийн явах замыг тэд булаана, шахна, түгжинэ. Бидний нүд үзүүрлэдэг микроны үйлчилгээнээс ч илүү хорлонтой. Учир нь микроны жолооч нар татвар төлнө, харин тэд бол үгүй. Микроны жолооч нар зорчигчоо аль болох дүүргэнэ, хэтрүүлэн чихнэ, өөрөөр хэлбэл сул явалтаас татгалзана, харин халтур хийгчид хоосон давхина. Микроны жолооч нар нэг явалтаараа олон зорчигч зөөнө, халтурчид нэг л зорчигчийг хүргэнэ. Микроны жолооч нар болсон болоогүй буудал дээрээ зогсоно, маршрутаар явна, харин нөгөөдүүл хаа сайгүй дураараа хэсүүчилнэ. Микроны жолооч нарт арга хэмжээг янз бүрийн аргаар авч болно, харин нөгөөдүүлийг яах ч арга байхгүй.

Нийгмийн энэ гаж үзэгдлээс хэрхэн салах вэ? Нэн түрүүнд мэдээж иргэдийг ажилтай болгох. Бүгд ажилтай болчихвол замын түгжрэл ойрын хэдэн арван жилдээ л алга болох нь дамжигггүй. Учир нь манай замууд хөдөлгөөний ачаалал даах чадвараараа тийм ч муу биш шүү дээ. Одоогийн байгаагаас илүү олон автомашиныг явуулах боломжтой. Гэхдээ ажилгүйдлээс ангижирна гэдэг бол төр засаг, улс нийтийн хэмжээнд шийдвэрлэх бэрх асуудал. Улс төрчдийн толгойны өвчин, ойрын жилүүдэд л лав бүтэшгүй асуудал. Үүнийг шийдвэрлэх гэж ядаж яваа маш олон улс орон бий. Тэгэхээр яах вэ? Халтур хийгчдийг илрүүлж, тэдэнтэй тэмцэж, тэдний эрхийг хурааж, автомашиныг нь журамлаж, орлогыг нь хураан авч шийтгэх үү? Энэ боломжгүй. Боломжгүйгээс гадна ийм эрх зүйн зохицуулалт ч байж болохгүй биз. Замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчөөгүй л бол өөрийнхөө хөрөнгөөр юугаа хийх нь тэдний дурын асуудал биз. Тэгвэл зам дээгүүр хоосон хэсүүчлэгчидтэйгээ хамт байсаар л байхуу? Яг үүнтэй холбоотой гадны туршлага бас байнаа. Энэ нь зам ба тээврийн хэрэгслийн ашиглалтыг олон нийтийн ашиг сонирхолд нийцүүлэхтэй холбоотой ажээ. Үүнийг дараахь аргаар хэрэгжүүлнэ:

- зам ба тээврийн хэрэгслийг зөв зохистой ашиглахыг олон нийтэд ухамсарлуулах. Ингэхийн тулд нийтийн тээврийн үйлчилгээг оновчтой, шуурхай болгож энэ үйлчилгээг сонгох иргэдийн сонирхлыг дээшлүүлэх;

- таксийн үйлчилгээг төр засгаас дэмжиж, иргэдэд таксигаар хөнгөн шуурхай үйлчлүүлэх боломжийг бүрэн дүүрэн хангаж өгөх. Ингэхийн тулд таксийн үйлчилгээ эрхлэх компаниудыг татварын бодлогоор дэмжиж, үйлчилгээний тарифыг доод хэмжээнд байлгах бодлогыг баримтлах шаардлагатай бөгөөд энэ нь халтур хийгчдийн сонирхлыг бууруулж, уг бизнесийг шахан зайлуулах хөшүүрэг болно. Өнөөдөр манай улсад таксийн үйлчилгээ эрхлэх компаниуд дампуурснаас энэ чиглэлийн бизнесийн орон зай сул байгааг далимдуулан халтур хийгчид олширсон гэж үзэж болно;

- хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга нь зам ашигласны татварыг ялгавартайгаар тогтоох арга юм. Олон улс оронд энэ татварыг тухайн тээврийн хэрэгслийн замаар явсан зайн хэмжээнээс нь хамааруулж тогтоодог байна. Үүнийг тухайн автомашины хянах самбар дээрх километр заагч тоолуурын гүйлтээр тодорхойлно. Зам дээгүүр их холхисон бол их л хэмжээний татвар төлнө, харин автомашинаа гараашдаа хадгалаад байсан бол татвар төлөхгүй байх жишээтэй. Энэ арга хэмжээ нь иргэдэд тээврийн хэрэгслээ зөв зохистой хэрэглэж хэвшихэд нь ихээхэн хөшүүрэг болдог байна. Өөрөөр хэлбэл шаардлага багатай үед автомашинаа унахгүй байх сонирхлыг төлөвшүүлдэг ажээ. Цахилгаан, усны хэрэглээ тоолууртай байх нь ямар ач холбогдолтой, тоолуургүй байвал ямар хор уршигтай байдагтай адил юм. Тоолуургүй ус, цахилгааныг замбараагүй хэрэглэдэг бол тоолууртай болмогц хэрэглээндээ анхаарч, зөв зохистой хэрэглээнд суралцахаас авахуулаад хэрэглэгч өөрт нь ч ашигтай байдаг билээ. Хэрэв зам хэрэглэсний татварыг хэрэглэснээс нь хамааруулаад ялгавартай тогтоочихвол замаар үр ашиггүй давхигчид, тээврийн хэрэгслээр тоглон наадагч залуус, алхаад оччихоор газар руу автомашин хөлөглөгчид, ялангуяа хэд гуравхан төгрөг олохоор өдөржин хоосон хэсүүчлэн давхих халтурчид түүх болон үлдэх нь дамжиггүй. Зам ашигласны татварыг ялгавартайгаар тогтоох энэ арга нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардах хүндрэлтэй арга зам биш юм. Үүнээс гадна автомашины зогсоолуудыг ч тоолууртай болгож болох бөгөөд энэ нь мөн л эерэг үр дүн авчрах сайн арга хэмжээ ажээ.

Зах зээлийн нийгэм рүү шилжин орсон цагаас эхлэн хүмүүс хувийн унаатай болцгоосон боловч түүнийгээ хэрхэн ухамсартайгаар зөв зохистой хэрэглэх ухаанд өнөөг хүртэл суралцсангүй. Байдал ийм хэвээрээ үргэлжилбэл хичнээн ч зам шинээр барьсан автомашины тоо тэр хэмжээгээр нэмэгдэж, хөдөлгөөний аюулгүй байдал, түгжрэл, сааталтай холбоотой тулгамдсан асуудлууд угжирсан хэвээрээ л байх бизээ.

 

Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн

захирал А.Хурцбилэг

2010-11-18