МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

1999 оны 6 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

 

 

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

 

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа болон автотээврийн хэрэгсэлд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, автотээвэрлэлт болон автотээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл. Автотээврийн тухай хууль тогтоомж

2.1. Автотээврийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын хуулийн этгээд, иргэн автотээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “автотээврийн хэрэгсэл” гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг;

3.1.2. “зорчигч” гэж автотээврийн хэрэгслээр зорчихдоо энэ хуулийн 3.1.11-д заасан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих пайз, тасалбар авсан зорчигчийг;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.3. “ачаа” гэж автотээврийн хэрэгслээр тээвэрлэж буй эд зүйлсийг;

3.1.4. “тээвэрлэлт” гэж автотээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээг;

3.1.5. “тээвэрлүүлэгч” гэж тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэглэгчийг;

3.1.6. “тээвэрлэгч” гэж тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг;

3.1.7. “улс хоорондын тээвэрлэлт” гэж Монгол Улсын хилийг нэвтрэн хийх тээвэрлэлтийг;

3.1.8. “хот хоорондын тээвэрлэлт” гэж хот, аймгуудын нутаг дэвсгэрийг дамжин хийх тээвэрлэлтийг;

3.1.9. “орон нутгийн тээвэрлэлт” гэж тухайн аймаг, сумын нутаг дэвсгэрт хийх тээвэрлэлтийг;

3.1.10. “хот доторх болон хот орчмын тээвэрлэлт” гэж тухайн хотын нутаг дэвсгэрт хийх тээвэрлэлтийг;

3.1.11. “нийтийн тээвэр” гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт, таксийн үйлчилгээг;

3.1.12. “мөсөн замын тээвэр” гэж гол, мөрөн, нуурын ус хөлдсөн үед мөсөн дээгүүр хийх тээвэрлэлтийг;

/Энэ заалтыг 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.13. “жуулчин тээвэрлэлт” гэж жуулчинд үзүүлж буй Аялал жуулчлалын тухай хуулийн 3.1.1. дэх заалтад хамаарах тээвэрлэлтийг;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.14. “хүнсний технологийн тээвэрлэлт” гэж хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор түргэн муудах болон хадгалалтын тусгай горимд тухайн бүтээгдэхүүний шинж чанарыг алдагдуулахгүйгээр тээвэрлэх тээвэрлэлтийг;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.15. “тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч” гэж автотээврийн хэрэгслийг жолоодох ажил гүйцэтгэж өөрт ашиг, орлого олох зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн үнэмлэх авсан этгээдийг;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.16. “автотээврийн хэрэгслийн ашиглалт” гэж автотээврийн хэрэгслийг хадгалах, техникийн үйлчилгээ, засвар хийх, шатахуун тосолгооны болон ашиглалтын бусад материалаар хангах, техникийн хяналтыг зохион байгуулж явуулах зэрэг автотээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанд техникийн бүрэн бүтэн байдал, найдварт ажиллагааг хангахад чиглэгдсэн техникийн ба зохион байгуулалтын арга хэмжээг;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.17. “техникийн хяналтын үзлэг” гэж автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан, оношлогчийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд үзлэг хийж шалгах, тодорхойлох, үнэлэх үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.18. “авто үйлчилгээний байгууллага” гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчид үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг.

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Автотээврийн талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

 

4 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

4.1. Монгол Улсын Их Хурал автотээврийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1. автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого тодорхойлох;

4.1.2. өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар олон улсын автотээврийн холбогдолтой гэрээ соёрхон батлах;

4.1.3. автотээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах.

 

5 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

5.1. Засгийн газар автотээврийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1. автотээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, бүх төрлийн тээврийн оновчтой бүтэц, тээвэрлэлтийн үр ашигтай нэгдсэн сүлжээг хөгжүүлэх;

5.1.2. автотээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

5.1.3. автотээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих захиргааны хяналтыг хэрэгжүүлэх, автотээврийн улсын хяналтын дүрмийг батлах;

5.1.4. хүн амын нутагшил, байршлын онцлог, зорчигч ба шуудан тээвэрлэлтийн хэрэгцээнээс шалтгаалан өрсөлдөх боломжгүй чиглэлд хот хоорондох зорчигч, шуудан тээвэрлэлтийг зохих нөхөн төлбөр олгох нөхцөлтэйгээр тээвэрлэгчтэй гэрээ хийж гүйцэтгүүлэх;

5.1.5. авто тээврийн хэрэгслийн төрөл, зориулалтыг нь харгалзан техникийн хяналтын үзлэгт орох хугацаа, оношлогооны төлбөрийн жишгийг ялгавартай тогтоох.

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

6 дугаар зүйл. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

6.1. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1. автотээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

6.1.2. автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

6.1.3. улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр, нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх, тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

6.1.4. тээвэрлэлтийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн техник ашиглалтын талаар нийтлэг мөрдөх дүрэм, журам, норм, нормативыг батлах, тэдгээрийн биелэлтийг хангуулах;

6.1.5. автотээврийн асуудлаар олон улсын үйл ажиллагаанд оролцох, улс хооронд тээвэрлэх ачаа, зорчигчдын хэмжээ болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний чанарын шаардлагын талаар холбогдох улстай тохиролцох;

6.1.6. /Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.1.7. тээвэрлэлтийн зай, ачааны төрлөөс хамааруулж зорчигч, ачаа тээвэрлэлтийн жишиг тарифыг батлах;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.1.8. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх ажлыг зохион байгуулах.

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.2. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

7 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

7.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь автотээврийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1. нутаг дэвсгэртээ автотээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах;

7.1.2. автотээврийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан тухайн нутаг дэвсгэрт автотээврийн талаар баримтлах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

7.1.3. автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран нутаг дэвсгэртээ автотээврийн улсын хяналт хэрэгжүүлэх;

7.1.4. нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах;

7.1.5. хүн амын нутагшил, байршлын онцлог, зорчигч ба шуудан тээвэрлэлтийн хэрэгцээнээс шалтгаалан өрсөлдөх боломжгүй чиглэлд орон нутагт зорчигч, шуудан тээвэрлэлтийг зохих нөхөн төлбөр олгох нөхцөлтэйгээр тээвэрлэгчтэй гэрээ хийж гүйцэтгүүлэх;

7.1.6. орон нутгийн цаг уурын байдлыг харгалзан мөсөн замын тээвэрлэлтийг эхлэх, дуусах хугацаа, чиглэл, мөсний даацыг тухайн орон нутгийн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагатай хамтран тогтоох.

/Энэ заалтыг 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.2. Аймаг, нийслэлийн тээврийн албаны даргыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.3. Аймаг, нийслэлийн тээврийн албаны даргыг авто зам, тээврийн болон эдийн засгийн салбарын мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.4. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа хараагүй хүнд зориулж буудлыг зарлах, сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулж буудал бүрд нэр, хаяг, чиглэлийг бичмэл болон зургийн хэлбэрээр байрлуулах, өөрчлөх шийдвэрийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Тээвэрлэлт

 

8 дугаар зүйл. Тээвэрлэлтийн ангилал, зохицуулалт

8.1. Тээвэрлэлт нь түүнийг гүйцэтгэх нутаг дэвсгэрийн хүрээгээр улс хоорондын, хот хоорондын, орон нутгийн, хот доторх болон хот орчмын гэж ангилагдана.

8.2. Улс хоорондын тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг олон улсын тээврийн харилцааны гэрээг үндэслэн автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргах бөгөөд түүнийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

8.3. Хот хоорондын ачаа, нийтийн тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох аймгийн Засаг даргатай хамтран гаргаж хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

8.4. Аймаг хооронд, орон нутаг, аймгийн төв, хотын доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг тухайн аймаг, хотын Засаг дарга гаргах бөгөөд аймаг, нийслэлийн Засаг даргын эрх олгосон байгууллага хэрэгжүүлнэ.

 

9 дүгээр зүйл. Тээвэрлэлт гүйцэтгэх

9.1. Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ.

9.2. Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм болон хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.3. Нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг зориулалтын, стандартад нийцсэн, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, зорчигчийг баруун гар талруугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан автотээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

91 дүгээр зүйл. Тээвэрлэлтийн даатгал

91.1. Тээвэрлэлтийн даатгалыг Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ.

91.2. Зорчигчийн амь нас, эрүүл мэнд нь Даатгалын тухай хуулийн 6.3-т заасны дагуу заавал даатгалд хамаарна.

91.3. Тээвэрлэгч нь зорчигч болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, ачаа тээшинд учирсан хохирлыг арилгах зорилгоор даатгалд даатгуулах үүрэгтэй.

91.4. Энэ хуулийн 3.1.11-д заасан нийтийн тээврийн ажил, үйлчилгээг гүйцэтгэж буй тээвэрлэгч нь зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаа тээшинд учирсан хохирлыг арилгах зорилгоор даатгалын байгууллагатай урьдчилан гэрээ байгуулж даатгуулна.

91.5. Энэ хуулийн 3.1.11-д заасан нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч нь зорчих тасалбарыг худалдан авснаар тээвэрлэгчтэй хийх даатгалын гэрээг байгуулсанд тооцно.

/Дээрх 91 дүгээр зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

10 дугаар зүйл. Тээвэрлэгчийн эрх, үүрэг

10.1. Тээвэрлэгч нь дараахь эрх эдэлнэ:

10.1.1. автозамын байгууллагаас автозам, гүүрийг тээврийн хэрэгсэл зорчиход саадгүй байлгахыг шаардах, автозам, гүүрийн ашиглалтын нөхцөл хангаагүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;

10.1.2. зорчих тасалбарыг урьдчилан аваагүй буюу жолооч, кондуктор шаардахад тээврийн хөлс төлөхгүй байгаа зорчигч, мөн тээвэрлэлтийн нөхцөлийн дагуу бэлтгээгүй ачааг тээвэрлэхээс татгалзах;

10.1.3. нийтийн тээврийн хэрэгслийн жолооч, кондуктор нь зорчигчид нийгмийн хэв журам сахих, тээврийн үйлчилгээний дүрэм, журмыг биелүүлэх шаардлага тавих.

10.2. Тээвэрлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:

10.2.1. өөрийн тээвэрлэлтийн үйлчилгээний талаархи үнэн зөв мэдээллээр тээвэрлүүлэгчийг хангах, зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаанд аюул, хохирол учруулахгүй байх;

10.2.2. ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

10.2.21. тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

10.2.3. нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхдээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагатай тохиролцсон цагийн хуваарь, чиглэлийг баримтлах;

10.2.4. өөрийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээ, үйл ажиллагааны мэдээ, тайланг тогтоосон үзүүлэлт, загвараар хугацаанд нь тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад гаргаж өгөх;

10.2.5. автозам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах;

10.2.6. автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах;

10.2.7. автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нь автотээврийн хэрэгслийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангасан, зориулалтын, зөвшөөрөгдсөн байр, зогсоол, талбайд тавих;

10.2.8. 20 ба түүнээс дээш нийтийн тээврийн хэрэгсэлтэй тээвэрлэгчийн тээврийн хэрэгслийн 10-аас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан байх;

/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.2.9. тээвэрлэгч нь энэ хуулийн 10.2.8-д заасан хэмжээний тээврийн хэрэгсэлгүй бол Засгийн газраас тогтоосон хэмжээ, журмын дагуу жил бүр төлбөр төлнө. Төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн, уг хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулах нийгмийн хамгааллын арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах;

/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.2.10. энэ хуулийн 3.1.14-т заасан тээвэрлэлтийг гүйцэтгэх бол стандартын шаардлагыг хангасан тусгай зориулалтын автотээврийн хэрэгслээр тээвэрлэх;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

10.2.11. зөвхөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр улс, хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх.

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

11 дүгээр зүйл. Тээвэрлүүлэгч, зорчигчийн эрх, үүрэг

11.1. Тээвэрлүүлэгч, зорчигч нь дараахь эрх эдэлнэ:

11.1.1. тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангаагүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхээс татгалзах;

11.1.2. нийтийн тээврийн тогтоосон чиглэл, үйлчилгээний цагийн хуваарь баримтлахыг тээвэрлэгчээс шаардах;

11.1.3. тээвэрлэлтийн үнэ тариф, замын чиглэл, үйлчилгээний цагийн хуваарь, ачаа хүргэх хугацааны талаар үнэн зөв мэдээлэл авах;

11.1.4. тээвэрлэлтийн гэрээнд зааснаас бусад тохиолдолд улс, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч нь өвчлөх зэрэг хүндэтгэх шалтгаанаар худалдан авсан зорчих тасалбарт заасан чиглэлд зорчиж чадахгүй болсон буюу хүрэх газартаа хүрээгүй буусан тохиолдолд замын үлдсэн хэсэгт ногдох тээврийн хөлсийг тээвэрлэгчээс буцааж авах;

11.2. Тээвэрлүүлэгч, зорчигч нь дараахь үүрэг хүлээнэ:

11.2.1. ачааны савлалт, баглаа, боодол, бэхэлгээг стандартын дагуу хийж, нэр төрөл, илгээх чиглэлээр нь ялган тээвэрлэхэд бэлтгэх;

11.2.2. ачааг ачих, буулгах зам, талбайг автотээврийн хэрэгсэл явахад саадгүй байлгах;

11.2.3. ачих, буулгах машин механизм, нэмэгдэл төхөөрөмж, хүн хүчийг бэлэн байлгаж ачааг тогтоосон хугацаанд ачих, буулгах, өөрийн хаягтай буюу гэрээт ачааг хүлээн авах;

11.2.4. ачааг тээвэрлэх, хадгалах тухай мэдээллээр тээвэрлэгчийг хангах;

11.2.5. ачааг ачсан, хүлээн авсан тухайгаа тээврийн баримт бичигт тэмдэглэж баталгаажуулан тээвэрлэгчид олгох;

11.2.6. нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч нь зорчих тасалбарыг худалдан авах;

11.2.7. нийтийн тээврээр зорчихдоо бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явахгүй байх;

11.2.8. нийтийн тээврээр зорчихдоо автотээврийн хэрэгслийг эвдэж, гэмтээхгүй байх;

11.2.9. зорчигч нь улс, хот хооронд, орон нутагт зорчихдоо иргэний паспорт, холбогдох бусад баримт бичиг, зорчих тасалбарыг биедээ авч явах, тэдгээрийг жолооч, кондуктор болон шалгах эрх бүхий хүмүүсийн анхны шаардлагаар үзүүлэх.

 

12 дугаар зүйл. Тээвэрлэлтийн үнэ, хөнгөлөлт

12.1. Зорчигч, ачаа тээвэрлэлтийн үнэ хөлсний хэмжээг оролцогч талуудын тохиролцож байгуулсан гэрээгээр тогтооно.

12.2. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.6-д заасны дагуу ахмад настан, Боловсролын тухай хуулийн 43.2.5-д заасны дагуу сурагч, оюутан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д заасан хүнд аймаг, нийслэлийн доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчих нөхөн олговор олгоно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.3. Энэ хуулийн 12.2-д заасан нөхөх олговрыг олгох журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

12.4. Тээвэрлэгч нь автотээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчих хөлсийг төлсөн зорчигчид энэ хуулийн 16-д заасан журмын дагуу хэвлэсэн зорчих тасалбар олгоно.

 

13 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн дайчилгаа

13.1. Автотээврийн хэрэгслийг хууль тогтоомжид заасны дагуу дайчилж болно.

13.2. Хууль тогтоомжид зааснаас бусад нөхцөлд автотээврийн хэрэгслийг дайчлахыг хориглоно.

 

14 дүгээр зүйл. Тээвэрлэлтийн ажлыг түр хугацаагаар зогсоох, хязгаарлах

14.1. Байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, гал түймэр зэрэг гэнэтийн аюул тохиолдсон нөхцөлд тээвэрлэлтийн ажлыг түр хугацаагаар зогсоох буюу хязгаарлах шийдвэрийг дараахь эрх бүхий албан тушаалтан гаргаж нийтэд мэдээлнэ:

14.1.1. улс, хот хоорондын тээвэрлэлтийн чиглэлд улсын байнгын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

14.1.2. орон нутгийн тээвэрлэлтийн чиглэлд нийслэл, тухайн аймаг, сумын Засаг дарга.

14.2. Хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр тээвэрлэлтийн ажлыг зогсоох, хязгаарлах, автотээврийн хэрэгслийг саатуулахыг хориглоно.

 

15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл

15.1. Нийтийн тээвэр, шуудан, жуулчин болон улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тусгай зөвшөөрөл олгоно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

15.2. Улс хоорондын болон хот хоорондын нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлт, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх, тээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх, автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.3. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.4. Аймаг хооронд, орон нутаг, хотын доторх болон хот орчмын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэл, сумын Засаг дарга олгоно.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

15.5. Тусгай зөвшөөөрөл олгох эрх бүхий байгууллага дараахь нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг магадлан шалгасны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тусгай зөвшөөрөл олгоно:

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.5.1. тусгай зөвшөөрөл авахыг сонирхогч этгээдэд тээвэрлэлтийг болон техникийн хяналтын үзлэгийг бүрэн, үнэн зөв гүйцэтгэх санхүү эдийн засаг, мэргэжлийн боловсон хүчний чадавхи, үйл ажиллагааны үндсэн чиглэл, нэвтрүүлэх технологи, тээврийн хэрэгсэл, ажлын байр, тоног төхөөрөмжийн талаар тавих шаардлага;

15.5.2. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.5.3. тухайн ажил үйлчилгээнд мөрдүүлэхээр эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журмаар тогтоосон нөхцөл.

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.6. Энэ хуулийн 15.2; 15.3; 15.4-т заасан тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй гэрээ байгуулж ажиллана.

15.7. Нийтийн тээврийн тодорхой чиглэл, ангилалыг заасан үйлчилгээг болон тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэхээр хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд, уг ажил, үйлчилгээний эрэлт, хэрэгцээг харгалзан сонирхогчдыг сонгон шалгаруулах замаар тусгай зөвшөөрлийг олгож болно.

15.8. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

16 дугаар зүйл. Тээвэрлэлтийн баримт бичиг

16.1. Автотээврийн хэрэгслээр зорчих тасалбар, ачааны дагалдах хуудас зэрэг тээвэрлэлттэй холбогдсон баримт бичгийг хэвлүүлэх, ашиглах журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналт, бүртгэл, стандартчилал

/Энэ бүлгийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

 

17 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналт

17.1. Автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд жилийн турш техникийн хяналт хийж гэрчилгээ олгоно.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

17.2. Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг /байлдааны тусгай зориулалттайгаас бусад/ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

17.3. Энэ хуулийн 17.1-д заасан үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллага нь автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүтцэд ажиллана.

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

17.4. Ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн оношлогоонд оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.5. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

171 дүгээр зүйл. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл

171.1. Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ.

171.2. Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Дээрх 171 дүгээр зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

18 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн стандартчилал

18.1. Автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон улсын стандартыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн стандартчиллын төв байгууллага батална.

 

19 дүгээр зүйл. Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх

19.1. Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан тээвэрлэлтийг гүйцэтгэхэд зохих ангиллын автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг ажиллуулна.

19.2. Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, шалгалт авах, үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загварыг автотээврийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

19.3. Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө жолоодох эрх авсан этгээд автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу шалгалт өгч мэргэшсэн жолоочийн үнэмлэх авч болно.

/Дээрх 19 дүгээр зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Дээрх 19 дүгээр зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

191дүгээр зүйл. Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах

191.1. Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг энэ хуулийн 15.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага эрхэлнэ.

191.2. Техникийн хяналтын үзлэг хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага дараахь нөхцөл, шаардлагыг хангана:

191.2.1. авто тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын байдалд тавих шаардлагын дагуу техникийн хяналтын үзлэгийг /авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлт/ бүрэн хийх;

191.2.2. техникийн хяналтын үзлэгийн талаархи дүрэм,журам, стандартыг мөрдөх;

191.2.3. үйлдвэрлэлийн байр, талбай, оношлогооны тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагыг хангаж, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагаар жил бүр шалгуулж, баталгаажуулах;

191.2.4. гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хэмжээ, үйл ажиллагааны мэдээ, тайланг тогтоосон үзүүлэлт, загвараар эрх бүхий байгууллагад тогтмол хугацаанд гаргаж өгөх.

191.3. Авто тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь үүрэг хүлээнэ:

191.3.1. техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах;

191.3.2. авто тээврийн хэрэгсэл бүрийн техникийн бичиг баримтын бүрдлийг хангах.

/Дээрх 191 дүгээр зүйлийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

192 дугаар зүйл. Авто үйлчилгээний байгууллага

192.1. Авто үйлчилгээний байгууллага нь дараахь шаардлагыг хангаж ажиллана:

192.1.1. тухайн үйлчилгээний ангилал, стандартад тавигдах шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах;

192.1.2. тухайн үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг хэмжилзүйн мэргэжлийн байгууллагаар жил бүр шалгуулж, баталгаажуулах.

192.2. Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

192.3. Авто үйлчилгээний байгууллага нь дараахь эрх, үүрэгтэй:

192.3.1. өөрийн ангилалд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах;

192.3.2. тухайн жилд үйлчлүүлсэн хэрэглэгчдийн талаарх судалгааг тогтоосон журмын дагуу автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх;

192.3.3. хэрэглэгчдэд үнэн бодит мэдээлэл өгөх;

192.3.4. авто үйлчилгээний ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байх;

192.3.5. авто үйлчилгээний бүтээгдэхүүний үнэ тарифыг тогтоох;

192.3.6. эрх бүхий байгууллагаар ангиллаа тогтоолгох.

192.4. Авто үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангасан иргэн авто үйлчилгээ эрхэлж болно.

/Дээрх 192 дугаар зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

 

ТАВДУГААР БҮЛЭГ

Автотээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих

 

20 дугаар зүйл. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төрийн хяналтыг хэрэгжүүлэх тогтолцоо

20.1. Автотээврийн салбарын үйл ажиллагаанд тавих захиргааны хяналтыг автотээврийн хяналт, шалгалтын асуудал эрхэлсэн төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын мэргэжлийн хяналтын алба, автотээврийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

20.2. Автотээврийн салбарт захиргааны хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, улсын байцаагч нь автотээврийн үйлчилгээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг илрүүлж таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй ажиллана.

20.3. /Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/

20.4. Автотээврийн хяналт, шалгалтын мэргэжлийн төв, орон нутгийн хяналтын байгууллагын хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно.

/Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөн найруулсан/

20.5. /Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/

20.6. Төрийн захиргааны төв байгууллагууд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан тэдгээрт автотээврийн хяналтын улсын байцаагчийг ажиллуулж болно.

20.7. Энэ хуулийн 20.6-д заасан улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу олгоно.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/

 

21 дүгээр зүйл. Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх чиглэл

21.1. Автотээврийн хэрэгслийг ашиглах, тээвэрлэлтийн үйлчилгээг хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэхтэй холбогдсон захиргааны хяналтыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:

21.1.1. хууль тогтоомж, түүнд нийцүүлж автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан стандарт, дүрэм, журмыг сахиулах;

21.1.2. автотээврийн хэрэгслийн техникийн хяналт, нийтийн тээвэр эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан үүргийн биелэлтийг хангуулах;

21.1.3. улсын захиалга, даалгавар, цаг үеийн шуурхай тээвэрлэлтийг хэрэгжүүлэх;

21.1.4. нийтийн тээврийн чиглэл, цагийн хуваарь, үйлчилгээний журмыг мөрдүүлэх;

21.1.5. автотээврийн хэрэгслийн ашиглалтын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөлийг хангуулах, тээвэрлэлтийн баримт бичгийн бүрдүүлэлтийг зохих шаардлагын дагуу гүйцэтгүүлэх;

21.1.6. тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигчийн үүргийн биелэлтийг хангах;

21.1.7. автозам, замын байгууламж, шатахуун, тосолгооны материалын чанар нь автотээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болох зөрчлөөс урьдчилан сэргийлэх.

 

22 дугаар зүйл. Автотээврийн хяналтын улсын байцаагчийн эрх

22.1. Автотээврийн хяналтын улсын байцаагч нь дараахь эрх эдэлнэ:

22.1.1. энэ хуулийн 21-д заасан чиглэлийн дагуу хяналт, шалгалт хийж захиргааны хяналтыг хэрэгжүүлэх;

22.1.2. Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

22.1.3. хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ автотээврийн хэрэгслийг түр зогсоож шалгах бөгөөд шаардлагатай гэж үзвэл тухайн автотээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэх, талон, тээвэрлэлтийн баримт бичгийг уг зөрчлийг шийдвэрлэж дуустал түр хураах;

22.1.4. автозам, замын байгууламж нь нийтийн тээврийн үйлчилгээг саатуулсан, автотээврийн хэрэгсэл болон ачаа бараанд гэмтэл учруулсан зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох автозамын байгууллага, аж ахуйн нэгжид албан шаардлага өгч, зөрчлийг арилгуулах.

22.2. Автотээврийн хяналтын улсын байцаагч нь дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэх бөгөөд хянан шалгах үүргээ гүйцэтгэхэд шаардагдах техник хэрэгслээр хангагдана.

22.3. Автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүрэмт хувцасны загвар, ялгах тэмдгийг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

 

23 дугаар зүйл. Автотээврийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

23.1. Автотээврийн тухай хууль тогтоомж дараахь байдлаар зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол автотээврийн хяналтын улсын байцаагч буюу шүүгч гэм буруутай этгээдэд дор дурдсан шийтгэл ногдуулна:

23.1.1. энэ хуулийн 10.2, 11.2.1, 11.2.2, 11.2.3, 11.2.4, 11.2.5, 12.4, 15.6, 17.2, 191.2 дахь заалтыг зөрчсөн албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр, иргэнийг 5000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох;

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

23.1.2. энэ хуулийн 11.2.6, 11.2.7, 11.2.8, 11.2.9 дахь заалтыг зөрчсөн иргэнийг 1000-5000 төгрөгөөр торгох;

23.1.3. энэ хуулийн 15.2; 15.4-т заасан тусгай зөвшөөрөлгүйгээр автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх болон нийтийн тээврийн үйлчилгээг эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр, автотээврийн хэрэгслийн жолоочийг 10000-30000 төгрөгөөр торгож, тухайн үйлчилгээнээс олсон орлогыг хураах;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

23.1.4. энэ хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтныг 1000-60000 төгрөгөөр, иргэнийг 1000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-150000 төгрөгөөр торгох.

 

 

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА

Р.ГОНЧИГДОРЖ