Хорин зургадугаар оны1 есөн сарын хорин тавны өдрөө

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 41 ДҮГЭЭР ХУРЛЫН ТОГТООЛ

 

Улаанбаатар хотын гудамж зээлээр уурын тэрэг хийгээд явган ба уналга хөсөг зэргийг хэрэглэн явагчдын явах зорчих явдал урьдын өнгөрсөн байдлууд лугаа жишээлэн үзвээс туйлын өргөжиж ирсэн байх бөгөөд иймд эл зүйлд тус ард олны ба тээвэр хөсөгний зүйлүүдийн өсөлт хөгжилт нь ихээхэн нөхцөл болон холбогдож буй амой. Тус хотын гудамж зээлээр явах зорчих журмыг одоо хүртэл эмх журамтай болгож нийтэд дагаж шийтгүүлэн буй зүйл төдий л үгүй байсны улмаас машин тэрэг мөргөлдөх зэрэг аюул хор бүхий зүйлүүд тохиолдох явдал нь урьдаас улам олширч буй үүнд явган ба уналга хөсөг хэрэглэж явагчдын нааш цааш зорчих явдалд эмх журамтай болгох ба удаа дараа тохиолдон ирсэн машин мөргөлдөж ардын амь биеийг гэмтээх, улсын ба ардын эд хөрөнгийг сүйтгэх хоруудыг арилгахын тул Сайд нарын Зөвлөлөөс ТОГТООХ НЬ:

 

 

1. Улаанбаатар хотын гудамж зээлээр явах зорчих журмын тухай төлөвлөсөн зааврыг ёсоор болгон баталж дагаж шийтгүүлсүгэй.

2. Энэхүү дагаж гүйцэтгэх зааврын нэгэн хувийг нийт гараашуудын эрх баригчид ба энгийн машины эздээс эрхлэн тус тусын харьяа жолооч нарт заавал өгч танилцуулан хадгалуулсугай.

3. Машин тэргээр явж үл болох ба мөн түүнчлэн машин тэргийг зогсоож үл болох гудамжуудыг тодорхойлсон хүснэгтийг хотын захиргаа лугаа хавсран зохиож нийтлэхийг Улсын цагдан сэргийлэх газраа даалгасугай.2

4. Гудамж зээлээр явах зорчих тухайн зааврыг биелүүлэхийн тулд Улсын цагдан сэргийлэх газраа тусгай постыг байгуулах хийгээд түүний зааврыг зохион гаргаж Дотоод явдлын яамны сайдаар батлуулан гүйцэтгүүлсүгэй.3

Энэхүү постын бүх зардлыг хотын захиргааны төсвөөс гаргаваас зохимой.

5. Энэхүү заавар нь энэ 26 оны 10 сарын 15-наас эхлэн хүчин төгөлдөрт тооцмой.

 

 

Ерөнхий сайдыг

Нэгдүгээр орлогч сайд, Улсын маршал өрлөг жанжин

ЧОЙБАЛСАН

Хоёрдугаар орлогч сайд, Улсын маршал өрлөг жанжин

ДЭМИД

Нарийн бичгийн дарга

ӨЛЗИЙ-ОЧИР

 

 

________________

- 1/ Хорин зургадугаар он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 26 дугаар он бөгөөд одоогийн он тооллоор 1936 он болно.

- 2/ Энэхүү тогтоолын 3-р зүйлийг баримтлан Улсын цагдан сэргийлэх газар ба Улаанбаатар хотын захиргаанаас баталсан «Машин тэргээр явж үл болох ба машин тэргийг зогсоож үл болох гудамжуудыг тодорхойлсон зарлал»-ыг уншиж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандана уу.

- 3/ Энэхүү тогтоолын 4-р зүйлийг баримтлан Дотоод явдлын яамны сайдын баталсан «Улаанбаатар хотын гудамж зээлээр нааш цааш явах зорчих явдлын эмх журмыг олох тухай заавар»-ыг уншиж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандана уу. Жич: 7 зүйл бүхий энэхүү зааварт Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд тусгай пост /манаа/-уудыг байгуулж ажиллуулах тухай болон уулзвар дээр хөдөлгөөн зохицуулах цагдаагийн гараар өгөх дохионы утга, мөн зам дээр байрлуулж болох зарим тусгай пайз тэмдэг буюу замын тэмдгийн талаар товчхон боловч анхлан дурдсан байдаг нь нэн сонирхолтой.

 

Жич: Энэхүү тогтоолоор баталсан заавруудыг тэр ондоо буюу 1936 онд эмхтгэн «Улаанбаатар хотын гудамж зээлээр явах зорчих тухай дагаж гүйцэтгэх зааврууд» нэртэй ном болгон хэвлэсэн байдаг бөгөөд 86 х 118 мм хэмжээтэй, нимгэн хавтастай, 99 нүүр бүхий уйгаржин монгол бичгээр хэвлэгдсэн уг ном нь манай улсын замын хөдөлгөөний дүрмийн анхны ном юм. Хамгийн сонирхолтой нь уг номонд орсон заавруудыг орос болон хятад хэл дээр орчуулан хамтатган хэвлэсэн байдаг ба энэ нь тухайн үед Улаанбаатар хотод орос, хятад жолооч нар их байсныг гэрчлэх түүхэн баримт болно. Уг номыг биечлэн үзэж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандана уу.

 

(Энэ тогтоолыг БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн 1940 оны 38 дугаар хурлын тогтоолоор хүчингүй болгосон)

 

 

Тогтоолын орос хэл дээрх орчуулга..»»