30 он1 10 сарын 4-нөө

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН ХУРАЛДСАН 38 ДУГААР ХУРЛЫН ТОГТООЛ

 

Хотын гудамжаар явах дүрмийн тухай

 

Нэг. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хотын гудамжаар явах тухай үүнд хавсаргасан дүрмийг баталж энэ 30 дугаар оны 11 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болгон явуулсугай.

Хоёр. Хотын гудамжаар явах дүрмийг даган биелүүлэх хяналтыг Улсын цагдан сэргийлэх газраа даалгасугай.

Гурав. Энэхүү дүрмийг хэвлүүлэхийн янар2 сонинд нийтлүүлэх ба радиогоор олон түмэнд нэвтрүүлэн таниулваас зохимой.

Дөрөв. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлөөс Улаанбаатар хотын гудамжаар явах дүрмийн тухай 26 оны 9 сарын 25-ны өдөр гаргасан тогтоолыг хүчингүй болгов.

 

 

Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд, Улсын (маршал) өрлөг жанжин

ЧОЙБАЛСАН

Сайд нарын Зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга

СЭРЭЭТЭР

 

________________

1/ 30 он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 30 дугаар он бөгөөд одоогийн он тооллоор 1940 он болно.

2/ янар - гэдэг нь “өмнө” гэсэн үг.

Жич: Энэхүү тогтоолоор баталсан дүрмийг дараа жил нь буюу 31 онд (1941 онд) ном болгон хэвлүүлсэн байдаг бөгөөд А6 форматын хэмжээтэй, хатуу хавтастай, 136 нүүр бүхий уйгаржин монгол бичгээр, тэмдгийн өнгөт зурагтайгаар 5000 хувь хэвлэгдсэн уг ном нь манай улсын замын хөдөлгөөний дүрмийн хоёр дахь ном юм. Уг номыг биечлэн үзэж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандана уу.

 

(Дээрх тогтоолоор баталсан дүрмийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1950 оны 135 дугаар тогтоолоор хүчингүй болгосон)