БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН
САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
1950 оны 6 дугаар сарын 2-ын өдөр |
Дугаар 135 |
Улаанбаатар хот |
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хотуудын гудамж ба замын хөдөлгөөний дүрмийг батлах тухай
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хотуудын гудамж ба замуудаар явах төрөл бүрийн машина, хөсгийн хөдөлгөөнийг эмх журамтай болгох зорилгоор Б.Н.М.А.У-ын Сайд нарын Зөвлөлөөс ТОГТООХ нь:
1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хотуудын гудамж ба замын хөдөлгөөний дүрмийг баталсугай.
2. Энэхүү хөдөлгөөний дүрмийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр дээр бүх төрлийн хөсөг (хөнгөн ба ачааны болон тусгай авто машина, автобус, чирэгч машина, мотоцыкл, унадаг дугуй, цэргийн тэрэг, ердийн хөсөг), тэрчлэн Улаанбаатар ба тус улсын хотуудын явган хүмүүсийн хөдөлгөөнд нэгэн адил хамааруулсугай.
3. Ажилчин, албан хаагчид, жолооч, кондуктор нар болон ердийн хөсөг бүхий ард иргэдээр гудамжны хөдөлгөөний дүрмийг судлуулах ажил зохиохыг Яам, тусгай газар, байгууллагуудын эрхбаригчдад үүрэг болгосугай.
4. Гудамжны хөдөлгөөний дүрмийг зөрчсөн явдалд дор заасан хариуцлагыг хүлээлгэж байхаар тогтоосугай.
Үүнд:
а) Машина, хөсгийн байдал ба ашиглалтыг хариуцсан бөгөөд гудамжны хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэм буруутай автомашины жолооч нар ба машина, хөсөг бүхий гражийн дарга, албан үйлдвэрийн газар, байгууллагуудын эрхбаригчид, хувийн хөсөг бүхий хүмүүст автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсээс (сануулга өх, 300 төгрөг хүртэл торгох, толоныг солих, машина жолоодох эрхийг 15 хоногоос 6 сар хүртэл хугацаагаар хасах зэргээр) шийтгэл ногдуулна. Хэрэв хуульд заагдсан гэм бүхий байвал эрүүгийн хариуцлагат татна.
б) Тээврийн хэрэгслүүдийг авч байх ба ашиглах тухайн зааврыг зөрчсөн гэм буруутай ердийн хөсөг хөдлөгчид, унадаг дугуй бүхий хүмүүс, морин паркын дарга, ердийн хөсөг бүхий албан, үйлдвэрийн газар, байгууллагуудын эрхбаригчдыг 50 төгрөг хүртэл торгоно.
в) Гудамжны хөдөлгөөний дүрмийг зөрчсөн явган хүмүүсийг Улаанбаатар хотод 3 төгрөгөөр, тус улсын бусад хот ба аймгийн төвүүдэд 1 төгрөгөөр уг газар дээр нь тус тус торгоно.
г) Төмөр замыг ашигладаг бөгөөд гудамжны хөдөлгөөний дүрмийн дотроос өөрсөдтөө хамаарсан зүйлүүдийг зөрчсөн үйлдвэр, байгууллагуудын эрхбаригчид ба мөн дүрмийн 129 дүгээр зүйлийн “а”, “б”, “в”-д заагдсан зүйлүүдийг зөрчсөн хүмүүсийг 100 төгрөг хүртэл торгоно.
Тайлбарлах нь:
Торгуулийг төлөхгүй байвал нь шүүх таслах газраар дамжуулан нэхэмжилж авна.
5. Гудамжны хөдөлгөөний дүрмийн биелэлтэд хяналт тавьж байх үүргийг Улсын цагдан сэргийлэх байгууллагуудад даалгасугай.
6. Энэхүү тогтоолоор батлагдсан гудамжны хөдөлгөөний дүрмийг хэвлэж нийтэлсэн өдрөөс хойш 15 хономогц хүчин төгөлдөр болгож тус улсын бүх нутаг дэвсгэрээр дагаж мөрдүүлсүгэй.
7. Сайд нарын Зөвлөлийн 1940 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 38 дугаар тогтоолоор баталсан Б.Н.М.А.У-ын гудамжны хөдөлгөөний дүрмийг хүчингүй болгосугай.
Ерөнхий сайд, Улсын шалгарсан хошой Баатар Маршал |
ЧОЙБАЛСАН |
Хэрэг Эрхлэх Газрын дарга |
ДАШДЭНДЭВ |
Тогтоол Ангийн эрхлэгч |
ДАГВАДОРЖ |
(Энэ тогтоолыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны 278 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)