Mongolian Traffic Research Institute

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН
САЙД НАР
ЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

1976 оны 10 дугаар

сарын 19-ний өдөр

Дугаар 356

Улаанбаатар

хот

 

 

Дүрэмд өөрчлөлт оруулах тухай

 

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 354 дүгээр тогтоолоор баталсан “БНМАУ-ын хот, суурингийн гудамж, замын хөдөлгөөний дүрэм”-д дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:

а/ дүрмийн 33 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“Бүх төрлийн суудлын автомашин, мотоциклийн хөдөлгөөний хурд нь хот, суурин газарт цагт 50 км, хот хооронд болон орон нутгийн замд цагт 60 км, хүн тээсэн автобус, ачааны автомашины хурд цагт 40 км, бусад тээврийн хэрэгслийнх бүх төрлийн замд цагт 50 км-ээс илүүгүй байвал зохино.

Харин явган хүний гарц, автобусны зогсоол, гудамж, замын уулзвар, сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээний газрын шууд ойролцоо буюу “явган хүний хөдөлгөөн”, “хүүхдийн хөдөлгөөн” гэсэн тэмдэг бүхий газар болон гудамж, замын хальтиргаатай хэсэг, үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд /бороо, цас, манан, шороон шуурга гэх мэт/ нийт авто хэрэгслийн хөдөлгөөний хурдыг цагт 30 км-ээс хэтрүүлэхгүй байвал зохино;

б/ дүрмийн 45 дугаар зүйлд дор дурдсан нэмэлт оруулсугай:

“д/ хот суурин газар, хот хоорондын болон орон нутгийн замд хүн тээсэн автобус, ачааны автомашинаар өмнөө яваа цагт 30 км-ээс дээш хурдтай авто тээврийн хэрэгслийг”

2. Нийгмийг аюулаас хамгаалах яам /н.ДЭЖИД/, аймаг, хотын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгах нь:

а/ БНМАУ-ын хот, суурингийн гудамж, замын хөдөлгөөний дүрэмд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтийг сурталчлан таниулах, жолооч нараар судлуулж мөрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй;

б/ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хязгаарласан газруудыг энэ онд багтаан тэмдэгтэй болгох арга хэмжээ авсугай.

 

 

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга

Т.РАГЧАА

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга

Б.БАДАРЧ

 

 

(Энэ тогтоолыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1985 оны 96 дугаар тогтоолоор 1986 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүчингүй болсонд тооцсон)