Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд

67. Жолооч замын өргөний хэмжээ, замын дагуух үзэгдэх орчин, байгаль, цаг агаарын нөхцөл, зорчих хэсгийн гадаргууны байдал, тээж яваа ачаа, үйлчилгээний ажлын онцлог, тээврийн хэрэгсэл буюу явган зорчигчийн хөдөлгөөний нягтралыг харгалзан хөдөлгөөний хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаарлалтаас хэтрүүлэхгүйгээр сонгож авна.

68. Жолооч хөдөлгөөнд аюул тулгарч болзошгүй газарт хөдөлгөөний хурдыг хасаж, зайлшгүй шаардлага гарвал тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.

69. Суудлын болон ачааны автомашин, автобус, мотоциклийн хөдөлгөөний хурдыг суурин газарт цагт 60 км, хот хоорондын буюу орон нутгийн замд цагт 70 км, хүн тээсэн автобус, троллейбус, ачааны автомашин болон бусад тээврийн хэрэгслийн хурдыг бүх төрлийн замд цагт 50 км, трактор, өөрөө явдаг машин, механизмын хурдыг цагт 40 км-ээс хэтрүүлэхгүй явбал зохино.

Явган хүний гарц, автобус, троллейбусны буудал, уулзвар, сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээний газрын дэргэдүүр болон замын халтиргаатай хэсэг, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг цагт 30 км-ээс хэтрүүлэхгүйгээр анхаарал болгоомжтой явбал зохино.

/Энэ зүйлд ЦЕГ-ын даргын 1993 оны 88 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

70. Жолооч уулзварт ойртох үедээ хөдөлгөөнийг хориглох дохио өгмөгц тээврийн хэрэгслээ зогсоох юм уу давуу эрх бүхий тээврийн хэрэгслийг өнгөрүүлэх бололцоо бүхий хурдтай явбал зохино.

71. Жолоочид хориглох нь:

а) хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх;

б) шаардлагагүй үед хэт удаан явж хөдөлгөөн саатуулах юм уу тээврийн хэрэгслээ огцом зогсоох.

72. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож авна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»