Mongolian Traffic Research Institute

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

1996 оны 9 дүгээр

сарын 21-ний өдөр

Дугаар 239

Улаанбаатар

хот

 

 

Дүрэм батлах тухай

 

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн1 Замын хөдөлгөөний дүрмийг хавсралтын ёсоор баталж, 1996 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийг нийт жолооч, тээвэрчид, иргэдэд судлуулах, бүх шатны сургуулийн оюутан, сурагчдад сурталчлах ажлыг зохион байгуулах арга хэмжээ авахыг Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Хууль зүйн сайд Ж.Амарсанаад үүрэг болгосугай.

3. Замын хөдөлгөөний дүрэм батлагдсантай холбогдуулан нутаг дэвсгэрийнхээ авто замын гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэл замын гэрэлтүүлгийг стандартын шаардлагын түвшинд хийж ашиглахад шаардагдах хөрөнгийг гаргаж байхыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Замын хөдөлгөөний тухай болон замын дохио, тэмдгийн тухай олон улсын Конвенцид нэгдэх тухай асуудлыг судлан үзэж 1997 оны I улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Хууль зүйн сайд Ж.Амарсанаад даалгасугай.2

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд

М.ЭНХСАЙХАН

Хууль зүйн сайд

Ж.АМАРСАНАА

Дэд бүтцийн хөгжлийн сайд

Г.НЯМДАВАА

Гэгээрлийн сайд

Ч.ЛХАГВАЖАВ

 

 

________________

1/ Монгол Улсын Их Хурлаас 1996 онд баталсан «Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай» хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газраас баталж байхаар тогтоожээ.

2/ Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай 1968 оны Венийн Конвенцид Монгол Улс 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэгдэн орсон юм.

 

(Дээрх тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)