МОНГОЛ УЛСЫН
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
2002 оны 12 дугаар сарын 05-ны өдөр |
Дугаар 02 |
Улаанбаатар хот |
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
МЭРГЭЖИЛ, ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭСТ
Замын хөдөлгөөний дүрэмд
өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах бодит хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзэж тус хүрээлэнгээс боловсруулсан “Замын хөдөлгөөний дүрмийн шинэчлэн найруулсан төсөл”-ийг холбогдох танилцуулгын хамт хүргүүлж байна. Танилцуулгад “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг өөрчлөн найруулж шинэчлэн боловсруулах болсон шалтгаан, үндэслэлүүдийг тусгасан болно.
Энэхүү төслийг хамтран хэлэлцэж, шүүж тунгаан, шаардлагатай зүйлсийг нэмэн засварлаж, улмаар зохих шатны байгууллагуудаар дамжуулан Засгийн газрын хуралдаанаар оруулах саналтай байна.
Бид төслийг боловсруулах явцдаа замын хөдөлгөөнтэй холбоотой өөрийн орны болон гадаад орнуудын төрөл бүрийн ном, гарын авлага, хууль эрхийн баримт бичиг, эмхтгэл, судалгаа, мэдээ материалуудыг өргөн хүрээтэйгээр цуглуулж ашигласан бөгөөд ялангуяа Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай олон улсын Конвенцийг үндсэн гол материал болгон хэрэглэсэн болно.
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ |
А.ХУРЦБИЛЭГ |
ТАНИЛЦУУЛГА
Замын хөдөлгөөний дүрэмд
өөрчлөлт оруулах тухай
Монгол улсын Ардын засгийн газрын 1925 оны 5-р сарын 22-ны өдрийн 18-р хурлаар “Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм”-ийг хэлэлцэн баталснаас хойш манай улсын замын хөдөлгөөний дүрэм 1930, 1936, 1940, 1950, 1957, 1960, 1966, 1976, 1985, 1987, 1991, 1993, 1996, 1998 онуудад тухайн үеийн автомашинжилт, автотээврийн болон замын хөдөлгөөний зохион байгуулалтын ололт дэвшилтүүдтэй уялдан өөрчлөгдөн хөгжиж ирсэн түүхтэй билээ.
Автомашины тоо жилээс жилд нэмэгдэж, хөдөлгөөний нягтрал ихэсч байгаатай уялдан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг өндөр хэмжээнд байлгах асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулан хөгжүүлж олон улсын өнөөгийн түвшинд хүргэх, үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн зарим дүрэм, журмыг эргэн харж шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага урган гарч байна. Тухайлбал өнөөгийн мөрдөж буй “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн зарим заалт, шаардлагуудыг олон улсын замын хөдөлгөөний дүрэм, стандартын нийтлэг жишигт нийцүүлэх үүднээс өөрчлөн найруулах, нэмэн засварлах шаардлага дараах хэд хэдэн үндэслэлтэйгээр бий болж байгаа юм. Үүнд:
1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нийгэм, эдийн засгийн комиссын 1987 оны 48/11 тоот тогтоолын заалтыг хэрэгжүүлэх үүднээс манай улс олон улсын замын хөдөлгөөний нийтлэг жишигт шилжих явдал зайлшгүй болсонтой уялдан Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 07-р сарын 09-ний өдөр “Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай олон улсын Конвенцийг хүлээн зөвшөөрч нэгдэн орох тухай” хууль баталж, НҮБ-д батламж жуух бичиг илгээснээр Монгол Улс энэхүү конвенцид нэгдэн орсон юм.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг энэ конвенцид бүрэн нийцүүлэх үүднээс зарим нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай байна. Тухайлбал:
- Замын хөдөлгөөний дүрэмд “Зам”, “Тээврийн хэрэгсэл”, “Жолооч”, “Явган зорчигч”, “Цуваа” гэх мэт чухал нэр томъёоны тодорхойлолтууд байхгүй нь олон улсын дүрэмд нийцэхгүй юм;
- Манай өнөөгийн мөрдөж буй дүрмээр “Жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан автомашин”-ыг “Суудлын автомашин”-аас тусдаа мэтээр ойлгодог нь олон улсын дүрэмд нийцэхгүй бөгөөд угтаа дээрх хоёр ойлголт нь нэг утгатай болно;
- Тээврийн хэрэгслээр зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай (мотоциклоор зорчих үед) хэрэглэхийг үүрэг болгох;
- “Харанхуй үед гэрэлтүүлэгтэй замаар явахдаа гэрэлтүүлгийн байдлыг харгалзаж ойрын буюу жижиг гэрлийг асаана” гэсэн заалт Конвенцид нийцэхгүй байна. Учир нь олон улсын дүрэмд харанхуй үед зөвхөн жижиг гэрлээр хөдөлгөөнд оролцохыг ямар ч замд (гэрэлтүүлэгтэй, гэрэлтүүлэггүй) хориглоно;
- “Трактор, өөрөө явдаг машин механизм болон түүнчлэн цагт 40 км-ээс илүүгүй хурдтай явах тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна” гэсэн заалт оруулах;
- “Тууш замд зориулалтын зогсоолын талбайгаас бусад хэсэгт түр буюу удаан зогсохыг хориглоно” гэсэн заалт оруулах;
- “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ тухайн хориотой хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авна” гэсэн заалт оруулах;
- Төмөр замын гарам дээр ухрах хөдөлгөөн хийхийг хориглох;
- “Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага”-ыг замын хөдөлгөөний дүрмийн хавсралт болгож оруулах; ........гэх мэт.
2. Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн зөвлөлийн 1998 оны 07-р сарын 03-ны өдрийн 22 тоот тогтоолоор баталсан “Замын тэмдэг. Ерөнхий техникийн шаардлага” MNS 4597-98 стандарт, мөн 1999 оны 10-р сарын 01-ны өдрийн 40-р тогтоолоор баталсан “Замын тэмдэглэл. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4759-99 стандартуудын заалт шаардлагуудтай өнөөгийн мөрдөж буй замын хөдөлгөөний дүрмийн заалт зарим зүйл дээр нийцэхгүй байгаа тул үүнийг үндэслэн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Тухайлбал:
- Одоогийн мөрдөж байгаа стандартын дараах хэд хэдэн тэмдэг, тэмдэглэлүүд (олон улсын Конвенцид заагдсан) “Замын хөдөлгөөний дүрэм”-д тусгагдаагүй дутагдал байх тул үүнийг нэг мөр цэгцэлж дүрэмд оруулах өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийг стандарттай нийцүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Үүнд:
~ Анхааруулах тэмдэгт: “Хажуугийн салхитай”, “Хонгил”;
~ Хориглох тэмдэгт: “Уртын хязгаарлал”, “Хоорондын зайн доод хязгаарлал”;
~ Мэдээлэх тэмдэгт: “Явган хүний гарц”, “Явган хүний гарам” тэмдгүүдийн бусад төрлүүд, ”“Мухар зам”; “Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эгнээ”, “Амрах газар”;
~ Нэмэлт тэмдэгт: “Үйлчлэх хугацаа” болон “Тээврийг хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр” тэмдгүүдийн бусад төрлүүд, “Автомашинд үзлэг хийх газар”;
~ Тэмдэглэлд: “Хурд авах буюу хурд хасахад зориулсан эгнээний тэмдэглэл”, “Тууш замд зорчих хэсгийн захыг заах тэмдэглэл”, “Тээврийн хэрэгсэл удаан зогсохыг хориглох тэмдэглэл”, “Зорчих хэсэг дээр замын чиглэлийн дугаарыг заах тэмдэглэл”, “Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн эгнээг заах тэмдэглэл”;
гэх мэт байна.
- Замын хөдөлгөөний дүрэмд: “Зайн заалт” тэмдэгт хамгийн алслагдсан объектын нэрийг дээд талд нь бичнэ гэсэн нь стандарт болон олон улсын Конвенцтой зөрчилдөж байна;
- Мөн дүрэмд: “Чигийн урьдчилсан заалт” тэмдэгт тухайн суурин газар буюу объект хүртэлх зайг зааж болно гэсэн нь стандартад нийцэхгүй бөгөөд өөрөөр хэлбэл энэ тэмдэгт зай заахгүй, зөвхөн замын чиглэлийн дугаар заадаг байна;
- Мөн дүрэмд: “Үйлчлэх хүрээ” (6.2.а) нэмэлт тэмдгийг 1.8.а,б тэмдгийн аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг заана гэсэн нь ташаа заалт болох бөгөөд залруулбал 1.9.а,б болно;
- Мөн дүрмийн 1.1 ба 1.2, 1.26.а,б,в, 5.9.а,б тэмдгүүдийн дугаар стандартад заасантай нийцэхгүй байгаа бөгөөд түүнчлэн зарим тэмдгүүдийн дүрслэл нь стандартад заасан шаардлагыг хангахааргүй байна;
- Мөн дүрмийн “Гүйцэж түрүүлэх хориотой” (2.18), “Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой” (2.20) тэмдгүүд нь – цагт 40 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг “цагт 30 км ...” гэж өөрчилж олон улсын түвшинд нийцүүлэн шаардлагыг өндөржүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
3. Замын хөдөлгөөний дүрмийн “Төмөр замын гарам нэвтрэх” журамд тусгагдсан зарим заалт нь «Монгол Улсын Төмөр замын техник ашиглалтын дүрэм. 1997 он», «Төмөр замын дохиоллын журам. 1997 он»-д заагдсан шаардлагуудтай нийцэхгүй байх тул уг зүйлийн заалтуудад зарим өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна.
4. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь ОХУ-ын Замын хөдөлгөөний дүрэм дээр үндэслэгдэж ирсэн бөгөөд орос хэлнээс монгол хэл дээр хөрвүүлэгдэх явцдаа хэлзүйн найруулга, утга агуулгын зарим нэг алдаа мадаг орсон дутагдал байх тул, түүнчлэн олон удаа өөрчлөгдөн хэвлэгдэж ирсэн түүхэн явцдаа зарим нэг заалтын үг, өгүүлбэр гээгдэж утга алдагдсан байгаа зэргийг дахин шинжлэн үзэж нэг мөр цэгцлэх шаардлагатай байна. Тухайлбал:
- “Механикжсан тээврийн хэрэгсэл” - гэдэг нь хөдөлгүүрээр тоноглогдсон мопедоос бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэл гэснийг мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгсэл гэж залруулах;
- “Тээврийн хэрэгсэл” гэдэгт хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслийг ойлгоно гэснийг хүн ба ачааг замаар тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслийг ойлгоно гэж залруулах;
- Замын хөдөлгөөний дүрэмд байгаа зарим нэр томъёо нь Оросын хуучин дүрмээс орчуулан буулгасан хэвээр байгаа (гэтэл Оросын өнөөгийн дүрэмд нэлээд өөрчлөлт орж шинэчлэгдсэн) бөгөөд тухайлбал “Бүх жин” – “Полная масса” (Оросын хуучин дүрмийн нэр томъёо) – “Разрешенная максимальная масса” (Оросын шинэчилсэн дүрмийн нэр томъёо), “Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл” – “Транспортное средство общего пользования” (Оросын хуучин дүрмийн нэр томъёо) – “Маршрутное транспортное средство” (Оросын шинэчилсэн дүрмийн нэр томъёо) гэх мэт байгааг анхааран үзэх;
- 1988 онд хэвлэгдсэн “БНМАУ-ын замын хөдөлгөөний дүрэм”-д “Уулзвар” гэсэн нэр томъёо нь – Зорчих хэсгүүдийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг талын захын дугуйрч байгаа эхлэлтэй шулуун холбож хязгаарласан талбай гэж байсныг 1993 онд хэвлэлтийн механик алдаанаас шалтгаалан “дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг талын захын” гэсэн бүтэн мөр гээгдсэнээс өнөөг хүртэл энэ өгүүлбэр дутуу явсаар ирснийг залруулах шаардлагатай байна.
5. Улс орны өнөөгийн цаг үеийн хөгжил дэвшлээс шалтгаалан “Замын хөдөлгөөний дүрэм”-д байгаа зарим нэг заалт хуучирч хэрэглэгдэхгүй болсныг хасаж өөрчлөх шаардлагатай байна. Тухайлбал:
- Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд ачааны автомашиныг ашиглаж болохоор заасан, мөн зөвхөн босоо байрлалтай гэрлэн дохио нь нэмэгдэл гэрэл дохиотой байхаар заасан, хүүхдүүдийг ачааны автомашинаар тээвэрлэхийг зөвшөөрсөн, төмөр замын гарам дээр араа буюу авцуулах холбоог салгахыг хориглосон, тээврийн хэрэгслийн тоормосны замын байх ёстой хэмжээ зэргүүд нь өнөөгийн цаг үед хуучирч, олон улсын дүрэмд нийцэхээргүй болсныг өөрчлөх шаардлагатай байна.
Дүгнэлт: Дээрх шалтгаануудын улмаас өнөөгийн мөрдөгдөж байгаа “Замын хөдөлгөөний дүрэм”-д өөрчлөлт оруулах, шинэчлэн сайжруулах бодит шаардлага урган гарч байгаа бөгөөд улмаар энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой тул манай иргэд, төрийн бус байгууллагуудын хүсэл, хэрэгцээнд нийцэж байгаа болно.
________________
* Энэхүү танилцуулгад хавсаргасан «Замын хөдөлгөөний дүрмийн шинэчлэн найруулсан төсөл» болон «Шинэчлэн найруулсан төслийг одоогийн мөрдөгдөж буй дүрэмтэй харьцуулсан танилцуулга» зэрэг нь хэмжээний хувьд их файл болох тул тус цахим мэдээллийн санд оруулаагүй болно. Хэрэв эдгээрийг уншиж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандана уу.