МОНГОЛ УЛСЫН
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
2003 оны 07 дугаар сарын 21-ний өдөр |
Дугаар 02 |
Улаанбаатар хот |
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
МЭРГЭЖИЛ, ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭСТ
Танилцуулга хүргүүлэх тухай
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах болсон шалтгаан, үндэслэл болон шинэчлэн боловсруулсан дүрмийн төсөлд тусгагдсан өөрчлөлтүүдийн талаар өмнө өгсөн танилцуулгаас илүү дэлгэрэнгүй танилцуулгыг хүргүүлж байна.
Мөн 2003 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хамтарсан хэлэлцүүлэгт оруулж байсан «Замын хөдөлгөөний дүрмийн шинэчлэн найруулсан төслийг одоогийн мөрдөгдөж буй дүрэмтэй харьцуулсан танилцуулга»-ыг дахин шинээр боловсруулан хүргүүлж байна. Энэхүү танилцуулгаар дүрмийн өөрчлөлт орсон зүйл, заалт нэг бүрийг хуучинтай нь харьцуулж, тухайн өөрчлөлтийн үндэслэлийг нарийвчлан тайлбарласан болно.
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ |
А.ХУРЦБИЛЭГ |
ТАНИЛЦУУЛГА
2003.07.21 |
Улаанбаатар хот |
Замын хөдөлгөөний дүрмийн
шинэчлэн найруулсан төслийн тухай
Оршилд өгүүлэх нь. Монгол улсын Ардын засгийн газрын 1925 оны 5-р сарын 22-ны өдрийн 18-р хурлаар “Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм”-ийг хэлэлцэн баталснаас хойш манай улсын замын хөдөлгөөний дүрэм 1930, 1936, 1940, 1950, 1957, 1960, 1966, 1976, 1985, 1987, 1991, 1993, 1996, 1998 онуудад тухайн үеийн автомашинжилт, автотээврийн болон замын хөдөлгөөний зохион байгуулалтын ололт дэвшилтүүдтэй холбогдон өөрчлөгдөн хөгжиж ирсэн түүхтэй билээ.
Замын хөдөлгөөний дүрмийн олон удаагийн өөрчлөлт шинэчлэлт нь тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын замын хөдөлгөөний дүрмийн утга агуулга, ололт дэвшилт дээр үндэслэгдсээр ирсэн нь одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Учир нь Орос улс нь шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшлээрээ дэлхийд тэргүүлэгч орны нэг мөнийн хувьд замын хөдөлгөөнтэй холбоотой хууль эрхийн акт, дүрэм журмууд нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжиж ирсэн, түүнчлэн Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцийг анх батлагдсан цагаас нь эхэлж мөрдсөөр ирсэн нь өнөөдөр манай улсад мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэм олон улсын дүрэмд нэн ойртож очсоноос харахад илэрхий юм.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм удаа дараа өөрчлөгдөн шинэчлэгдэх бүрдээ дэлхийн хөгжилт гүрнүүдийн замын хөдөлгөөний зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлын ололтод алхам алхмаар ойртсоор ирсэн түүхтэй. Тэгвэл даяарчлалын энэ эрин үед дэлхийн улс гүрнүүд автотээврийн салбар дээр нэн хурдацтайгаар урагшлан хөгжиж байхад бидэнд урагшаагаа бас нэг алхам хийх түүхэн хариуцлага тулгарч байна.
Дүрэмд өөрчлөлт хийх болсон үндсэн шалтгаанууд. Автомашины тоо жилээс жилд нэмэгдэж, хөдөлгөөний нягтрал ихэсч байгаатай уялдан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг өндөр хэмжээнд байлгах асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулан хөгжүүлж олон улсын өнөөгийн жишигт хүргэх, үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн зарим дүрэм, журмыг эргэн харж шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага дараах хэд хэдэн үндэслэлтэйгээр урган гарч байна. Үүнд:
1. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Нийгэм, эдийн засгийн комиссын 1987 оны 48/11 тоот тогтоолын заалтыг хэрэгжүүлэх үүднээс манай улс олон улсын замын хөдөлгөөний нийтлэг жишигт шилжих явдал зайлшгүй болсонтой уялдан Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 07-р сарын 09-ний өдөр “Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай олон улсын Конвенцийг хүлээн зөвшөөрч нэгдэн орох тухай” хууль баталж, Засгийн газраас НҮБ-д батламж жуух бичиг илгээснээр Монгол Улс энэхүү конвенцид нэгдэн орсон билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөгийн мөрдөж буй “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн зарим заалт, шаардлагуудыг олон улсын замын хөдөлгөөний дүрэм, стандартын нийтлэг жишигт бүрэн нийцүүлэхийн тулд өөрчлөн найруулах, нэмэн засварлах шаардлага гарч байна.
Тухайлбал:
- Замын хөдөлгөөний дүрэмд “Зам”, “Замын хөдөлгөөн”, “Тээврийн хэрэгсэл”, “Жолооч”, “Явган зорчигч”, “Цуваа” гэх мэт чухал нэр томъёоны тодорхойлолтууд байхгүй нь олон улсын дүрэмд нийцэхгүй юм;
- Мөрдөгдөж буй дүрэмд “Жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан автомашин”-ыг “Суудлын автомашин”-аас тусдаа ойлголт мэтээр тусгасан байдаг нь олон улсын дүрэмд нийцэхгүй бөгөөд угтаа дээрх хоёр ойлголт нь нэг утгатай болно;
- Тээврийн хэрэгслээр зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай (мотоциклоор зорчих үед) хэрэглэхийг үүрэг болгох;
- “Харанхуй үед гэрэлтүүлэгтэй замаар явахдаа гэрэлтүүлгийн байдлыг харгалзаж ойрын буюу жижиг гэрлийг асаана” гэсэн заалт Конвенцид нийцэхгүй байна. Учир нь олон улсын дүрэмд харанхуй үед зөвхөн жижиг гэрлээр хөдөлгөөнд оролцохыг ямар ч замд (гэрэлтүүлэгтэй, гэрэлтүүлэггүй) хориглодог байна;
- “Трактор, өөрөө явдаг машин механизм болон түүнчлэн цагт 40 км-ээс илүүгүй хурдтай явах тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна” гэсэн заалт оруулах (Энэ нь хөдөлгөөний түгжрэл, саатал бий болохоос сэргийлэх чухал заалт юм);
- “Тууш замд зориулалтын зогсоолын талбайгаас бусад хэсэгт түр буюу удаан зогсохыг хориглоно” гэсэн заалт оруулах;
- “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ тухайн хориотой хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авна” гэсэн заалт оруулах;
- Төмөр замын гарам дээр ухрах хөдөлгөөн хийхийг хориглох;
.............гэх мэт.
2. Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 1998 оны 07-р сарын 03-ны өдрийн 22 тоот тогтоолоор баталсан “Замын тэмдэг. Ерөнхий техникийн шаардлага” MNS 4597-98 стандарт, мөн 1999 оны 10-р сарын 01-ны өдрийн 40-р тогтоолоор баталсан “Замын тэмдэглэл. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4759-99 стандартуудын заалт шаардлагуудтай өнөөгийн мөрдөж буй дүрмийн зарим заалт нийцэхгүй байгаа тул үүнийг үндэслэн өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Тухайлбал:
- Одоогийн мөрдөж байгаа стандартын дараах хэд хэдэн тэмдэг, тэмдэглэлүүд “Замын хөдөлгөөний дүрэм”-д тусгагдаагүй дутагдал байх тул үүнийг нэг мөр цэгцэлж дүрэмд оруулах өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийг стандарттай нийцүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Үүнд:
~ Анхааруулах тэмдэгт: “Хажуугийн салхитай”, “Хонгил”;
~ Хориглох тэмдэгт: “Уртын хязгаарлал”, “Хоорондын зайн доод хязгаарлал”;
~ Мэдээлэх тэмдэгт: “Явган хүний гарц”, “Явган хүний гарам” тэмдгүүдийн бусад төрлүүд, ”Мухар зам”, “Амрах газар”;
~ Нэмэлт тэмдэгт: “Үйлчлэх хугацаа” болон “Тээврийг хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр” тэмдгүүдийн бусад төрлүүд, “Автомашинд үзлэг хийх газар”;
~ Тэмдэглэлд: “Хурд авах буюу хурд хасахад зориулсан эгнээний тэмдэглэл”, “Тууш замд зорчих хэсгийн захыг заах тэмдэглэл”, “Тээврийн хэрэгсэл удаан зогсохыг хориглох тэмдэглэл”, “Зорчих хэсэг дээр замын чиглэлийн дугаарыг заах тэмдэглэл”
гэх мэт байна.
- Замын хөдөлгөөний дүрэмд: “Зайн заалт” тэмдэгт хамгийн алслагдсан объектын нэрийг дээд талд нь бичнэ гэсэн нь стандарт болон олон улсын Конвенцтой зөрчилдөж байна;
- Мөн дүрэмд: “Чигийн урьдчилсан заалт” тэмдэгт тухайн суурин газар буюу объект хүртэлх зайг зааж болно гэсэн нь стандартад нийцэхгүй бөгөөд өөрөөр хэлбэл энэ тэмдэгт зай заахгүй, зөвхөн замын чиглэлийн дугаар заадаг байна;
- Мөн дүрэмд: “Үйлчлэх хүрээ” (6.2.а) нэмэлт тэмдгийг 1.8.а,б тэмдгийн аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг заана гэсэн нь ташаа заалт болох бөгөөд залруулбал 1.9.а,б болно;
- Мөн дүрмийн 1.1 ба 1.2, 1.26.а,б,в, 5.9.а,б тэмдгүүдийн дугаар стандартад заасантай нийцэхгүй бөгөөд түүнчлэн зарим тэмдгүүдийн дүрслэл нь стандартад заасан шаардлагыг хангахааргүй байна;
- Мөн дүрмийн “Гүйцэж түрүүлэх хориотой” (2.18), “Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой” (2.20) тэмдгүүдийн заалтад «цагт 40 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно» гэснийг “цагт 30 км” болгон өөрчилж олон улсын түвшинд нийцүүлэн шаардлагыг өндөржүүлэх нь зүйд нийцэх байна.
3. Замын хөдөлгөөний дүрмийн “Төмөр замын гарам нэвтрэх” журамд тусгагдсан зарим заалт нь «Монгол Улсын төмөр замын техник ашиглалтын дүрэм. 1997 он», «Төмөр замын дохиоллын журам. 1997 он»-д заагдсан шаардлагуудад нийцэхгүй байх тул уг зүйлийн заалтуудад зарим өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна.
4. Мөрдөгдөж буй дүрэм нь орос хэлнээс монгол хэл дээр хөрвүүлэгдэх явцдаа хэлзүйн найруулга, утга агуулгын зарим алдаа мадаг орсон дутагдал байх тул, түүнчлэн олон удаа өөрчлөгдөн хэвлэгдэж ирсэн түүхэн явцдаа зарим нэг заалтын үг, өгүүлбэр гээгдэж утга алдагдсан байгаа зэргийг дахин шинжлэн үзэж нэг мөр цэгцлэх шаардлагатай байна. Тухайлбал:
- “Механикжсан тээврийн хэрэгсэл” - гэдэг нь хөдөлгүүрээр тоноглогдсон мопедоос бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэл гэснийг мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгсэл гэж залруулах;
- “Тээврийн хэрэгсэл” гэдэгт хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслийг ойлгоно гэснийг хүн ба ачааг замаар тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслийг ойлгоно гэж залруулах;
- Замын хөдөлгөөний дүрэмд байгаа зарим нэр томъёо нь Оросын хуучин цагийн дүрмээс орчуулан буулгасан хэвээр байгаа (гэтэл Оросын өнөөгийн дүрэмд нэлээд өөрчлөлт орж шинэчлэгдсэн) бөгөөд тухайлбал “Бүх жин” – “Полная масса” (Оросын хуучин дүрмийн нэр томъёо) – “Разрешенная максимальная масса” (Оросын шинэчилсэн дүрмийн нэр томъёо), “Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл” – “Транспортное средство общего пользования” (Оросын хуучин дүрмийн нэр томъёо) – “Маршрутное транспортное средство” (Оросын шинэчилсэн дүрмийн нэр томъёо) гэх мэт байгааг анхааран үзэх;
- 1988 онд хэвлэгдсэн “БНМАУ-ын замын хөдөлгөөний дүрэм”-д “Уулзвар” гэсэн нэр томъёо нь – Зорчих хэсгүүдийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг талын захын дугуйрч байгаа эхлэлтэй шулуун холбож хязгаарласан талбай гэж байсныг 1993 онд хэвлэлтийн механик алдаанаас шалтгаалан “дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг талын захын” гэсэн бүтэн мөр гээгдсэнээс өнөөг хүртэл энэ өгүүлбэр дутуу явсаар ирснийг залруулах шаардлагатай байна.
5. Улс орны өнөөгийн цаг үеийн хөгжил дэвшлээс шалтгаалан “Замын хөдөлгөөний дүрэм”-д байгаа зарим нэг заалт хуучирч хэрэглэгдэхгүй болсныг хасаж өөрчлөх шаардлагатай байна. Тухайлбал:
- “А” ангиллын тээврийн хэрэгсэлд “автомашин”-ыг хамааруулсан, жолоочид “амины автомашины ашиглалтын дэвтэр”-тэй байхыг үүрэг болгосон, нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд ачааны автомашиныг ашиглаж болохоор заасан, мөн зөвхөн босоо байрлалтай гэрлэн дохио нь нэмэгдэл гэрэл дохиотой байхаар заагдсан, төмөр замын гарам дээр араа буюу авцуулах холбоог салгахыг хориглосон, тээврийн хэрэгслийн тоормосны замын байх ёстой тоон утгууд зэргүүд нь өнөөгийн цаг үед хуучирч, Олон улсын дүрэмд нийцэхээргүй болсныг өөрчлөх шаардлагатай болжээ.
6. Мөрдөгдөж буй дүрмийн нэлээд үг, өгүүлбэрт найруулгын чанартай өөрчлөлтүүд хийх шаардлагатай байгаа юм.
7. Өнөө үеийн техникийн хөгжил дэвшилттэй уялдсан зарим нэг заалтуудыг замын хөдөлгөөний дүрэмд нэмж оруулах шаардлагатай болж байгаа билээ. Тухайлбал, жолоочид «гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх»-ийг хориглох; тээврийн хэрэгсэлд гэрэл бууруулагчтай шил хэрэглэхтэй холбогдсон заалт оруулах гэх мэт.
Шинэчилсэн дүрэмд хийсэн бүтцийн өөрчлөлтүүд. Замын хөдөлгөөний дүрэмд дараах хэд хэдэн зарчмын томоохон бүтцийн өөрчлөлтүүдийг хийв. Үүнд:
1. Бүлгүүдийг ерөнхийлөн нэрлэж, нэгтгэж дугаарлахаас татгалзаж, харин бүлэг тус бүрийг дараалуулан дугаарлав.
Тухайлбал: Мөрдөгдөж буй дүрэмд “1.Жолоочийн үүрэг”, “2.Явган зорчигчийн үүрэг”, “3.Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг” гэсэн бүлгүүдийг “ХОЁР.Замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг” ….. гэж, мөн “1.Хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх”, “2.Байрлан явах”, “3.Хурд”, “4.Анхааруулах дохио”, “5.Уулзвар нэвтрэх”, “6.Зохицуулдаг уулзвар нэвтрэх”….”14.Тууш замын хөдөлгөөн” гэх мэт 14 бүлгийг “ДӨРӨВ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам” гэх зэргээр ерөнхийлөн нэрлэж нэгтгэн дугаарласан нь утга агуулгын хувьд тохиромж муутай байсныг шинэчилсэн дүрэмд бүлэг тус бүрийг логик цэгцэд оруулан дараалуулан дугаарлав. Ингэснээр шинэчилсэн дүрэм нь “1. Нийтлэг үндэслэл”, “2. Жолоочийн үүрэг”, “3. Явган зорчигчийн үүрэг”, ….”23. Унадаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэлт шаардлага” гэсэн бүхэлдээ 23 бүлгээс бүрдэх юм.
2. Мөрдөгдөж буй дүрэмд бүлэг тус бүр доторхи зүйлийн заалтуудыг уг сэдвийн агуулгаас үл хамааруулан бүлгүүдийг дамнуулан эхнээс нь эцэс хүртэл (1-ээс 161 хүртэл) цувруулан дугаарласан нь бүлэглэлийн ач холбогдлыг алдагдуулсан төдийгүй дүрэмд өөрчлөлт хийхэд (зарим зүйл, заалтыг хасах, шинээр нэмэх зэрэгт) ихээхэн хүндрэл учруулдаг байсан дутагдлыг арилгах үүднээс шинэчилсэн дүрэмд бүлэг тус бүрд зүйлийн заалтуудыг шинээр (1-ээс эхлүүлж) дугаарласан болно.
Тухайлбал: “1. Нийтлэг үндэслэл” бүлэг нь 1.1-ээс 1.8 хүртэл дугаарлагдсан найман зүйлээс, “2. Жолоочийн үүрэг” бүлэг нь 2.1-ээс 2.7 хүртэл дугаарлагдсан долоон зүйлээс, …. “7. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх” бүлэг нь 7.1-ээс 7.18 хүртэл дугаарлагдсан арван найман зүйлээс..… “23. Унадаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэлт шаардлага” бүлэг нь 23.1-ээс 23.9 хүртэл дугаарлагдсан есөн зүйлээс гэх мэт бүрдэх бөгөөд бүхэлдээ 165 зүйлээс бүрдэх юм.
3. Мөрдөгдөж буй дүрэм нь ”Замын тэмдэг, тэмдэглэл” гэсэн нэг хавсралттай байсныг олон улсын дүрмийн бүтцийн жишигт нийцүүлэн дараах байдлаар гурван хавсралттай болгов. Үүнд:
- 1 дүгээр хавсралт “Замын тэмдэг, тэмдэглэл”;
Энэ хавсралт нь “Нэг. Анхааруулах тэмдэг”, “Хоёр. Хориглох тэмдэг”, “Гурав. Дарааллын тэмдэг”, .......”Найм. Босоо тэмдэглэл” гэсэн 8 бүлэг, 29 зүйлээс бүрдэнэ.
- 2 дугаар хавсралт “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил” (Энэ сэдэв нь мөрдөгдөж буй дүрэмд “Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага” нэртэйгээр нэг бүлэг (145-р зүйл)-т хамаардаг бөгөөд үүнийг Замын хөдөлгөөний тухай Конвенцид нийцүүлэн хавсралт болгон оруулах нь зүйтэй гэж үзэв. Дээрх сэдэв нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журамд үл харъяалагдах тул логик талаасаа ч үүнийг замын хөдөлгөөний дүрмийн бүлэг, зүйлд хамааруулах нь оновчгүй юм.);
Энэ хавсралт нь “1. Тоормосны систем”, “2. Жолооны механизм”, “3. Дугуй”, .....”6. Бусад төхөөрөмж” гэсэн 6 бүлэг, 40 зүйлээс бүрдэнэ.
- 3 дугаар хавсралт “Иргэн, албан тушаалтны үүрэг” (Энэ сэдэв нь мөрдөгдөж буй дүрэмд “Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг”, “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, замын цагдаагийн ажилтны үүрэг” гэсэн хоёр бүлэгт хамаардаг байсныг хавсралт болгон тусгав.);
Энэ хавсралт нь 9 зүйлээс бүрдэнэ.
Шинэчилсэн дүрмийн агуулгад оруулсан өөрчлөлтүүд. Замын хөдөлгөөний дүрмийн утга агуулга, заалт шаардлагад дараах хэд хэдэн зарчмын томоохон өөрчлөлтүүдийг олон улсын дүрэм, стандартад нийцүүлэн хийв. Үүнд:
1. Нэр томъёоны тодорхойлолтод “Аюултай ачаа”, “Жолооч”, “Зам”, “Зам тээврийн осол”, “Замын хөдөлгөөн”, “Замын хөдөлгөөнд оролцогч”, “Зохицуулагч”, “Тууш зам”, “Тээврийн хэрэгсэл”, “Тээврийн хэрэгслээр зорчигч”, “Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх”, “Цуваа” гэсэн дүрэмд зайлшгүй тусгагдвал зохих 12 нэр томъёоны тодорхойлолтыг нэмж оруулав (1.4-р зүйл);
2. Бусдын тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигч нь хамт яваа тохиолдолд жолоодож хөдөлгөөнд оролцох бол тухайн жолоочоос итгэмжлэл шаардахгүй болгов (2.1-р зүйлийн “в” заалт);
3. Зам тээврийн осолд холбогдсон жолооч нар хэрэв ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохироогүй бол өөр хоорондоо зөвшилцөн тохиролцож хэргийг дуусгавар болгож болох эрх зүйн орчинг бүрдүүлж өгөв (2.6-р зүйл). Энэ тухай Венийн Конвенцийн 31-р зүйлийн 2-т “…хүний биед ноцтой гэмтэл учраагүй, эсвэл зам тээврийн осолд орсон этгээдүүдээс нэг нь ч энэ тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг шаардаагүй тохиолдолд замын хөдөлгөөний албанд мэдэгдэхгүй байж болно” гэж заасан байдаг;
4. Гар утсыг (чихэвчгүйгээр юмуу суурин байдалтай тоноглоогүйгээр) тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэхийг жолоочид хориглосон заалт оруулав (2.7-р зүйлийн “г” заалт);
5. Тээврийн хэрэгслээр явган хүний зам дээгүүр явахыг хориглосон заалт оруулав (2.7-р зүйлийн “е”);
6. Явган хүний гарцгүй хэсэг дээр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дарааллыг тогтоож өгөв (3.4-р зүйл);
7. Хөдөлгөөний дараалал нь дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт (хорооллын хөдөлгөөнд, зогсоол, талбайд, хээр талд гэх мэт) тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн огтлолцвол хэрхэн нэвтрэх талаар тогтоож өгөв (7.13-р зүйл);
8. Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр буцаж эргэх, төмөр замын гарам дээр ухрах, явган хүний гарц дээр гүйцэж түрүүлэх, төмөр замын гарамд 20 метрээс ойр зайд түр зогсох, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт түр зогсох зэрэг үйлдлүүдийг хориглосон заалт оруулав;
9. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд хэрхэн байрлаж явах талаар тогтоож өгөв (8.2-р зүйл);
10. Суурин газарт жолооч аль тохиромжтой (дурын) эгнээг сонгож явж болох эрх зүйн орчинг бүрдүүлж өгөв (8.6-р зүйл). Мөрдөгдөж буй дүрмийн “Тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болохоор ойр явна. Баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” (47-р зүйл) гэсэн заалт нь өнөө үед, тэр тусмаа уулзвар, гарц ойр ойрхон байрласан суурин газарт мөрдөгдөх бололцоогүй болсон тул энэ заалтыг олон улсын жишигт нийцүүлэн зөвхөн суурин газрын гаднах зам буюу хөдөлгөөний нягтрал багатай замд мөрдүүлэхээр өөрчлөн тусгав;
11. Трактор, өөрөө явдаг машин механизм, унадаг дугуй, мопед, ердийн хөсөг болон цагт 40 км-ээс бага хурдтай явах бусад тээврийн хэрэгслийн жолооч зорчих хэсгийн зөвхөн баруун гар талын эгнээгээр байрлаж явах тухай заалт тусгав (8.8, 23.4-р зүйл). Энэ заалт нь хөдөлгөөний түгжрэлийг багасгахад чухал ач холбогдолтой болно.
12. Зарим тээврийн хэрэгслийн хурдны хязгаарлалд өөрчлөлт оруулав. Тухайлбал: Автобусны хөдөлгөөний хурдны дээд хязгаар нь зорчигч тээвэрлэсэн, тээвэрлээгүйгээс үл хамааран цагт 60 км, тууш замд цагт 80 км байхаар тусгав. Мөн чиргүүлтэй суудлын автомашинд тусгайлан хурдны хязгаарлалт тогтоов.
13. Харанхуй үед гэрэлтүүлэгтэй замаар зөвхөн жижиг гэрлийг асааж явж болох тухай заалтыг хасав. Энэ заалт олон улсын Конвенцид нийцэхгүй юм.
14. Тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл нь ойрын гэрлээ (өдрийн цагт) заавал асааж явах тухай заалт оруулав (15.6-р зүйлийн “д” заалт).
15. Унадаг дугуй, мопед, ердийн хөсөг (өөрөөр хэлбэл механикжсан бус тээврийн хэрэгсэл)-ийн хөдөлгөөний журамд хамаарах заалтуудыг тусгайлсан бүлэгт нэгтгэн эмхтгэж тусгав (23-р бүлэг).
16. Дүрмийн 1-р хавсралт болох “Замын тэмдэг, тэмдэглэл”-д Монгол Улсын замын тэмдэг, тэмдэглэлийн стандарт болон Замын дохио, тэмдгийн тухай олон улсын Конвенцид нийцүүлэн анхааруулах тэмдэгт “Хажуугийн салхитай” (1.24), “Хонгил” (1.26), хориглох тэмдэгт “Уртын хязгаарлал” (2.15), “Хоорондын зайн доод хязгаарлал” (2.16), мэдээлэх тэмдэгт “Эгнээнээс явах хөдөлгөөний чиг” тэмдгийн бусад хэлбэр (5.10.б), “Явган хүний гарц” тэмдгийн бусад хэлбэр (5.16.а), “Явган хүний гарам” тэмдгийн бусад хэлбэр (5.17.а.б.в), “Мухар зам” (5.19), “Чигийн урьдчилсан заалт” тэмдгийн бусад хэлбэр (5.21.б), “Чиглэлийн дугаар” тэмдгийн бусад хэлбэр (5.26.б), “Амрах газар” (5.44), нэмэлт тэмдэгт “Үйлчлэх хугацаа” тэмдгийн бусад хэлбэр (6.5.а,б,в,д,е,ж), “Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр” тэмдгийн бусад хэлбэр (6.6.а,в,г,д,ж,з,и), “Автомашинд үзлэг хийх газар” (6.10), “Зорчих хэсгийн гадаргуугийн байдал” (6.16.а,б), хэвтээ тэмдэглэлд тууш замын зорчих хэсгийн захыг тэмдэглэх тэмдэглэл (7.2), хурд авах буюу хурд хасах эгнээний тэмдэглэл (7.8), удаан зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх тэмдэглэл (7.9), чиглэлийн дугаарыг тэмдэглэх тэмдэглэл (7.22), босоо тэмдэглэлд замын хашилтын хажуу гадаргууг тэмдэглэх тэмдэглэл (8.6)-ийг тус тус нэмж тусгасан болно. Өөрөөр хэлбэл энэхүү хавсралтад шинээр 9 тэмдэг, төрөл хэлбэрийг олшруулсан 20 тэмдэг, шинээр 5 тэмдэглэлийг нэмж тусгав. Эдгээр нь бүгд Монгол Улсын замын тэмдэг, тэмдэглэлийн стандартад заагдсан болно.
17. Дүрмийн 2-р хавсралтад заагдсан тээврийн хэрэгслийн тоормосны замын байвал зохих тоон хэмжээг орчин үеийн автомашины техникийн хөгжлөөс шалтгаалан, олон улсын жишигт нийцүүлж өөрчлөв (1.1-р зүйл). Мөн удаашралтын байвал зохих хэмжээг нэмж тусгав.
18. Дүрмийн 3-р хавсралтад заагдсан тээврийн хэрэгслийн таних тэмдэгт “Дүлий жолооч”, “Хадаастай дугуй” (2-р зүйл) гэсэн хоёр ширхэг таних тэмдгийг нэмж тусгав.
________________
* Энэхүү танилцуулгад хавсаргасан «Шинэчлэн найруулсан төслийг одоогийн мөрдөгдөж буй дүрэмтэй харьцуулсан танилцуулга» буюу шинэчилсэн дүрэмд оруулсан өөрчлөлтүүдийн үндэслэл ба тайлбар нь хэмжээний хувьд их файл болох тул тус цахим мэдээллийн санд оруулаагүй болно. Хэрэв уншиж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандана уу.