МОНГОЛ УЛСЫН

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

 

2003 оны 09 дүгээр

сарын 24-ний өдөр

Дугаар 04

Улаанбаатар

хот

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАРТ

 

Танилцуулга хүргүүлэх тухай

 

Цагдаагийн Ерөнхий Газрын 2003 оны 9 дүгээр сарын .... өдрийн хуралдаанаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчлэн найруулсан төслийг хэлэлцэх явцад гарсан саналыг уг дүрмийн төсөлд тусгах боломжтой эсэхийг судлан үзээд уг саналын хариу болгож холбогдох тайлбар, дүгнэлт бүхий танилцуулгыг хүргүүлж байна.

 

 

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

А.ХУРЦБИЛЭГ

 

 

 

ТАНИЛЦУУЛГА

2003 оны 09 сарын 24

Улаанбаатар хот

 

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн

хэлэлцүүлэгт гарсан саналыг судалсан тухай

 

Асуудал: Замын аль ч хэсгээр явган зорчигч зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсийн жолоочоос давуу эрхтэй байхаар дүрэмд тусгаж болохгүй юу? Ийм эрх зүйн орчинг бүрдүүлэх боломжгүй гэх үндэслэл юу вэ?

 

Судалгаа: Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 239 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-д дээрх асуудлаар хөндөгдсөн эрх зүйн орчинг бүрдүүлэх анхны оролдлого хийж байсан юм. Тодруулбал: Дүрмийн 2-р бүлгийн 1-р хэсэг “Жолоочийн үүрэг”-ийн 11-р зүйлийн “б”-д жолооч «замын явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэлтэй хэсэгт тэмдэг, тэмдэглэлтэй газраар, гарцын тэмдэг, тэмдэглэлгүй замд түүний аль ч хэсгээр зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгч урьдчилан өнгөрүүлэх» үүрэгтэй хэмээн тусгасан, мөн түүний өмнө мөрдөгдөж байсан дүрмийн явган зогчигчийн үүрэг дэх «явган зорчигч нь замын тэмдэг, тэмдэглэлгүй газраар зам хөндлөн гарахдаа ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж замын дагуу хоёр талдаа сайн харагдах хэсгээр эгц хөндлөн гарна» гэж заасан байсныг дээрх өөрчлөлтөөр «Хэрэв тэмдэг, тэмдэглэл байхгүй бол замын дагуу хоёр талдаа сайн харагдах хэсгээр эгц хөндлөн гарна» гэж өөрөөр хэлбэл “ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж” гэсэн хэсгийг нь хасаж өөрчлөн дээрх эрх зүйн орчинг бүрдүүлэх оролдлого хийж байсан болно. Гэтэл энэ өөрчлөлт нь дараах хэд хэдэн сөрөг үр дагавар, зөрчилтэй асуудлыг бий болгосон юм. Үүнд:

- Уг дүрмийн 63-р зүйлийн “Жолооч уулзвар дээр баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид....зам тавьж өгнө” гэсэн заалтын утгыг алдагдуулсан. Учир нь явган хүний гарцгүй байлаа ч зам тавьж өгөх үүрэгтэй болсон. Мөн 72-р зүйлийн “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртож ирсэн жолооч хөдөлгөөний хурдыг хасч, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зогсож өнгөрүүлнэ” гэсэн заалт нь явцуу утгатай болсон бөгөөд учир нь жолооч замын (гарцтай, гарцгүй) аль ч хэсэгт явган зорчигчид зам тавьж өгөх үүднээс хурдаа хасч, өөрөөр хэлбэл байнга хурд багатай явах шаардлага тойруу утгаар гарч ирсэн билээ. Түүнчлэн 73-р зүйлийн “Замын аль ч хэсэгт хараагүй хүмүүс явж байвал зам тавьж өгнө”, 101-р зүйлийн “Хорооллын дундах замаар явган зорчигч давуу эрхтэй зорчино” гэсэн заалтуудын утга агуулга ч алдагдсан болно.

Дашрамд дурдахад замын хөдөлгөөний дүрэм нь олон жил өөрчлөгдөн шинэчлэгдэж мөрдөгдөх явцдаа зүйл, заалтуудын утга агуулга нь хоорондоо нягт уялдан холбогдсон байх бөгөөд хэрэв аль нэг заалтад зарчмын өөрчлөлт хийх бол бусад зүйл заалтуудын уялдаа холбоог нарийн шинжилж нягт нямбай засварлах шаардлагатай болохыг дээрх өөрчлөлт харуулж байна.

- Замын тэмдэг, тэмдэглэл нь хөдөлгөөнийг журамлах гол хэрэгсэл болохоос гадна хөдөлгөөнд оролцогчдод эрх зүйн болон үүрэг хариуцлага ногдуулах үндэслэл ба орчинг бүрдүүлэх гол үүрэгтэй байдаг билээ. Гэтэл дээрх өөрчлөлт нь явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэлийн ач холбогдол, үүрэг ролийг үгүйсгэсэн, өөрөөр хэлбэл эдгээр тэмдэг, тэмдэглэл нь хөдөлгөөнийг журамлах хэрэгсэл болж чадахгүй болсон юм. Тухайлбал явган хүний гарцад ойртож байгааг анхааруулдаг 1.17 тэмдэг нь жолоочид хурдаа хасахыг анхааруулахаас гадна зам тавьж өгөх үүрэг хариуцлагыг жолоочид ногдуулах үндэслэл нь болдог билээ. Гэтэл энэ тэмдэг байсан байгаагүй дээрх хариуцлагыг жолоочид үүрүүлсэн нь тэмдгийн стандартын ач холбогдлыг бүдэгрүүлсэн явдал болсон юм.

- Явган хүний гарцгүй хэсэгт явган зорчигчид давуу эрх олгосон нь хөдөлгөөний дэг журамгүй, замбараагүй байдлыг бий болгосон түүнчлэн жолооч нарын хувьд хөдөлгөөнд оролцоход бэрхшээлтэй болсон төдийгүй осол, хэрэг гарсан үед гэм буруутанг тогтоохдоо хэт туйлшрах хандлага руу түлхсэн заалт болсон юм.

- 1997 онд Монгол Улс Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай олон улсын Конвенцид нэгдэн орсон бөгөөд манай орны Замын хөдөлгөөний дүрэм уг Конвенцийн утга агуулгатай зөрчилдөхгүй байх шаардлагатай болсон билээ. Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид дээрх асуудлыг хэрхэн тусгасныг үзвэл: 20 дугаар зүйл “Явган зорчигчийн үүрэг”-ийн 6 дугаар хэсгийн “а”-д «Явган зорчигч нь анхаарал болгоомжгүйгээр замын зорчих хэсгийг хөндлөн гарч болохгүй. Тэд явган хүний гарцаар гарах ёстой», “с”-д «Явган зорчигч нь зохих тэмдэглэл болон тэмдгээр тэмдэглэсэн явган хүний гарцаас өөр газраар зорчих хэсгийг хөндлөн гарахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хүндрүүлэхгүй байх ёстой» гэжээ. Өөрөөр хэлбэл явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч байх үүрэг хүлээхээр заасан байна. Тэр бүү хэл Конвенцийн мөн зүйлийн 7-р хэсэгт “Хэлэлцэн тохирогч Талууд замын зорчих хэсгийг хөндлөн гарч буй явган зорчигчид зориулан илүү өндөр үүрэг хариуцлага ногдуулсан дүрэм гаргаж болно” гэжээ. Өөрөөр хэлбэл явган зорчигчийн эрхийг нэмэгдүүлэх биш, харин үүрэг, хариуцлагыг нь чангатгаж болох тухай заажээ.

Жич: Конвенцийн 21-р зүйлийн 3-т «... уулзвар дээр буюу түүний дэргэдэх зорчих хэсэг рүү нэгэнт орчихсон явган зорчигчид явган хүний гарц байхгүй байсан ч жолооч саад болохыг хориглоно» гэснийг “явган зорчигч замын аль ч хэсэгт (гарцгүй байсан ч) давуу эрх эдэлнэ” гэж заасан мэтээр ойлгож хэрхэвч болохгүй юм. Учир нь энэ заалт зөвхөн уулзвар, гарцын орчинд хамаардаг бөгөөд манай дүрэмд ч мөн адил билээ.

 

Дээрх шалтгаануудын улмаас 1998 онд Замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 1996 онд оруулсан дээрх өөрчлөлтөөсөө татгалзаж, тодруулбал «Жолооч гарцын тэмдэг, тэмдэглэлгүй замд түүний аль ч хэсгээр зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгч урьдчилан өнгөрүүлэх үүрэгтэй» гэсэн заалтыг хасаж хуучин агуулгад нь оруулсан юм. Харамсалтай нь ийнхүү буцаан засварлахдаа явган зорчигчийн үүрэг дэх “...ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж...” гэсэн хэсгийг 1996 онд хассаныгаа (дээр өгүүлсэн) эргүүлэн оруулаагүйгээс өнөөг хүртэл явган хүний гарцгүй хэсэг дээр тээврийн хэрэгсэл, явган зорчигч хоёрын нэвтрэх дараалал тодорхойгүй бүрхэг явсаар ирсэн билээ. Энэ дутагдлыг одоогийн шинэчилсэн дүрэмд нэг мөр залруулан зассан болно (Шинэчилсэн дүрмийн 3.4-р зүйл).

 

Дүгнэлт: Дээрх судалгаанаас үзэхэд “замын гарцгүй хэсгээр явган зорчигч зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгслээс давуу эрхтэй байх” талаар дүрэмд зааж өгөх боломжгүй гэж дүгнэв.