МОНГОЛ УЛСЫН

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

 

2004 оны 03 дугаар

сарын 15-ны өдөр

Дугаар 03

Улаанбаатар

хот

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМАНД

 

Танилцуулга хүргүүлэх тухай

 

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 7 дугаар тэмдэглэлд:

ХЭЛЭЛЦСЭН нь: Замын хөдөлгөөний дүрэм батлах тухай

ШИЙДВЭРЛЭСЭН нь: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн төслийг хэлэлцээд бусдын тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа жолооч өмчлөгч, эзэмшигчээс нь итгэмжлэл авсан байхыг шаарддаг одоогийн тогтолцоог өөрчилж, тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй бол итгэмжлэлгүйгээр замын хөдөлгөөнд оролцож болох тухай заалтыг төсөлд тусгах, төсөлд цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтны шаардлагаар жолооч жолоодох ур чадвар, дүрмийн мэдлэгээ шалгуулах тухай заасныг нийт жолооч нарт бус зөвхөн осол аваарь гаргасан жолоочид хамаатай байдлаар тодорхой, ойлгомжтой болгон өөрчлөх, хүн тээсэн автобус, ачааны автомашины дээд хурд улсын чанартай, хатуу хучилттай суурин газрын гаднахи замд цагт 70 км байгаа одоогийн хурдны хэмжээг хэвээр үлдээх зэрэг саналуудыг төсөлд тусган “Дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов” гэжээ.

 

Дээрх шийдвэрийн дагуу «Замын хөдөлгөөний дүрмийн төсөл»-д зохих засварыг оруулж, холбогдох танилцуулгын хамт хүргүүлж байна.

 

 

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

А.ХУРЦБИЛЭГ

 

 

 

ТАНИЛЦУУЛГА

2004.03.15

Улаанбаатар хот

 

Замын хөдөлгөөний дүрмийн

төсөлд засвар оруулсан тухай

 

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 7 дугаар тэмдэглэлийг үндэслэн “Замын хөдөлгөөний дүрмийн төсөл”-д дараах засварыг оруулав. Үүнд:

1. Дүрмийн төслийн 2 дугаар бүлэг (Жолоочийн үүрэг)-ийн 1 дүгээр зүйлийн “в”-д «бусдын тээврийн хэрэгслийг (өмчлөгч буюу эзэмшигч нь хамт яваагаас бусад тохиолдолд) жолоодож хөдөлгөөнд оролцох бол уг тээврийн хэрэгслийг ашиглах буюу эзэмших эрхтэйг гэрчлэх баримт бичиг (итгэмжлэл)» гэснийг хасав. Үүнээс улбаалан уг зүйлийн “г” заалтыг “в” заалт болгов.

2. Дүрмийн төслийн 2 дугаар бүлгийн 3 дугаар зүйл (Нийт жолооч нарт хамаарах үүрэг)-ийн “г” «согтууруулах ундаа, мансууруулах бодис буюу сэтгэл мэдрэлд хүчтэй нөлөөлөх эм тариа хэрэглэсэн эсэх, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах» гэсэн заалтыг «согтууруулах ундаа, мансууруулах бодис буюу сэтгэл мэдрэлд хүчтэй нөлөөлөх эм тариа хэрэглэсэн эсэхийг цагдаагийн ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах» гэж өөрчлөн, уг бүлгийн 5 дугаар зүйл (Зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүрэг)-ийн “д”-д «шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтны шаардлагаар шалгуулах» гэсэн заалт нэмж тусгав.

3. Дүрмийн төслийн 9 дүгээр бүлэг (Тээврийн хэрэгслийн хурд)-ийн 3 дугаар зүйлийн заалтуудыг дараах байдлаар өөрчлөв:

а/ механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед цагт 40 км;

б/ хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх үед цагт 50 км;

в/ суурин газарт автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 50 км;

г/ суурин газрын гаднах зам болон тууш замд автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 70 км;

д/ тууш замд мотоцикл, чиргүүлтэй суудлын автомашин, хүн тээвэрлээгүй автобус буюу бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин цагт 80 км;

е/ хорооллын дотор цагт 20 км.