Замын хөдөлгөөний дүрмийн шинэчлэлтийн талаар
2004 оны 6 сард Монголын радиод өгсөн ярилцлага
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс орон даяар мөрдөгдөж эхлэх гэж байна.
Шинэ дүрэм мөрдөгдөж эхлэх хүртэлх энэ зуны ахархан хугацаанд замын хөдөлгөөнд оролцогчид маань уг дүрэмд орсон өөрчлөлтүүдийн талаар сайтар ойлголттой болж амжих зайлшгүй шаардлагатай боллоо. Энэ үүднээс манай сурвалжлагч уг дүрмийг шинэчлэн боловсруулах ажилд гар бие оролцсон Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн захирал, Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан А.Хурцбилэгтэй ярилцаж дүрэмд тусгагдсан зарим өөрчлөлтүүдийн талаар тайлбар, тодруулга авсан юм.
- Юуны өмнө та өөрийн тэргүүлж буй байгууллагынхаа талаар манай сонсогчдод товч танилцуулна уу?
- Манай байгууллага нь Монгол Улсын автозамын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаархи эрх зүйн баримт бичгүүдийг бүх нийтэд судлуулах, сурталчлан таниулах, иргэдийн замын хөдөлгөөний хууль тогтоомжийн мэдлэгийг сайжруулах, хөдөлгөөний зохион байгуулалт, сахилга бат, соёлыг дээшлүүлэх улмаар зам тээврийн осол, хэрэг зөрчлийг бууруулахад чиглэгдсэн мэргэжлийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зэрэг боловсрол, хүмүүжил, шинжлэх ухааны чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулах зорилготой төрийн бус байгууллага юм. Удирдах зөвлөлийн 2002 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот тогтоолоор «Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн дүрэм» батлагдсанаар тус байгууллага анх үүсэн байгуулагдсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 231 дүгээр тушаалаар “Төрийн бус байгууллага”-ын улсын бүртгэлд бүртгэгдэж хуулийн этгээдийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Хүрээлэнгийн эрх барих байгууллага нь Удирдах зөвлөл. Миний бие уг зөвлөлийн даргаар ажиллаж байна.
- Хүрээлэнгийнхээ үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?
- Тус байгууллагын дүрэмд тусгагдсан үйл ажиллагааны үндсэн чиглэл нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, стандарт, журмыг телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан бүх нийтэд системтэйгээр өргөн хүрээтэй сурталчлан таниулах, энэ чиглэлийн мэргэжлийн сургалт явуулах, зөвлөгөө өгөх, түүнчлэн замын хөдөлгөөнтэй холбоотой хууль эрхийн актуудыг шинэчлэн сайжруулах, өөрчлөх, боловсруулах ажилд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, гадаадын орнуудын дэвшилтэт бодлого, үйл ажиллагаа, арга туршлагыг эрэлхийлэх, олон улсын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг шинжлэн судлах, зам тээврийн осол, хэрэг зөрчлийг бууруулахад чиглэгдсэн орчин үеийн арга технологийг өөрийн орны нөхцөлд тохируулан нэвтрүүлэх, энэ чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх зэрэг олон талын өргөн хүрээтэй чухал асуудлуудыг хамарч байгаагаараа улс орны өмнө тулгарч буй өнөөгийн хэрэгцээ, шаардлагад яв цав нийцэж байгаа юм.
Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн байгуулагдсан цагаасаа эхлэн ижил төстэй зорилго чиглэл бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд чамлахааргүй ажлуудыг авч хэрэгжүүллээ. Тухайлбал:
- ЗЦГ-ын Замын зохион байгуулалт, хяналтын тасагтай хамтран «Замын тэмдэг. Техникийн ерөнхий шаардлага MNS 4597:2003», «Замын тэмдэглэл. Техникийн ерөнхий шаардлага MNS 4759:2003» стандартуудыг боловсруулан, Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлуулсан юм. Эдгээр стандарт 2004 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
- Монгол Улсын «Захиргааны хариуцлагын тухай» хуулийн 25 дугаар зүйлд өөрчлөлт оруулах зорилгоор төсөл боловсруулж 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд өргөн барьсан.
- Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай олон улсын Конвенциудыг Монгол Улсад анх удаа нийтийн хүртээл болгон, сурталчлан таниулах зорилгоор орос болон англи хэлнээс орчуулан эмхтгэж, эх бичгийг бэлэн болгоод байна. Үүнд Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн Конвенц болон уг Конвенцийн нэмэлт болох 1971 онд Женев хотноо байгуулсан Европын хэлэлцээр, мөн Замын дохио, тэмдгийн тухай 1968 оны Венийн Конвенц болон уг Конвенцийн нэмэлт болох 1971 онд Женев хотноо байгуулсан Европын хэлэлцээр зэрэг олон улсын дөрвөн баримт бичиг, түүнчлэн эдгээр гэрээнүүдийг баталсан төгсгөлийн акт зэргүүд багтсан юм. Монгол Улс эдгээр Конвенцуудад 1997 онд нэгдэн орсноор замын хөдөлгөөнтэй холбоотой үндэсний хууль тогтоомжуудаа уг Конвенцид нийцүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд дээрх баримт бичгүүдийг монгол хэлнээ орчуулан эмхтгэн гаргах нь энэ асуудалд чухал ач холбогдолтой юм. Замын хөдөлгөөний дүрэм болон замын тэмдэг, тэмдэглэлийн стандартуудыг өөрчлөн боловсруулсан явдал ч дээрх асуудалтай салшгүй холбоотой юм.
- 2002-оос 2004 оныг хүртэлх хугацаанд ЗЦГ-ын Мэргэжил, техникийн хяналтын хэлтэстэй хамтран “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг шинэчлэх ажлыг эрхэлж, дүрмийн төсөл болон түүнд холбогдох тайлбар, танилцуулгыг бэлтгэн боловсруулсан бөгөөд энэхүү дүрмийн төсөл Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэн, 2004 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор батлагдлаа. Тогтоолын 2 дугаар хэсэгт заасны дагуу шинэчлэгдсэн дүрмийг 2004 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Өдгөө тус хүрээлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Замын тэмдэг, тэмдэглэлийн стандартууд шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан эдгээрийг бүх нийтэд сурталчлан таниулах, мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор үйл ажиллагааныхаа дараагийн шатны арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхлээд байна.
- Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн түүхэн хөгжлийн талаар товч танилцуулна уу?
- Монгол улсын Ардын засгийн газрын 1925 оны 5-р сарын 22-ны өдрийн 18-р хуралдааны шийдвэрээр манай улс анх удаа “Замын хөдөлгөөний дүрэм”-тэй болсон түүхтэй. Энэхүү дүрэм нь “Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм” гэсэн нэртэйгээр батлагдаж байсан бөгөөд үүнээс хойш 1930, 1936, 1940, 1950, 1957, 1960, 1966, 1985, 1991, 1996 онуудад тухайн үеийн автомашинжилт, автотээврийн болон замын хөдөлгөөний зохион байгуулалтын ололт дэвшилтүүдтэй уялдан 10 удаа шинэчлэгдэж, 1976, 1987, 1993, 1998, 2003 онуудад тус тус нэмэлт өөрчлөлт орж байсан түүхтэй юм. Энэ удаагийн шинэчлэлт 11 дэх нь.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм өөрчлөгдөн шинэчлэгдэх бүрдээ дэлхийн хөгжилт гүрнүүдийн замын хөдөлгөөний зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлын ололтод алхам алхмаар ойртсоор ирсэн түүхэн уламжлалтай юм. Тухайлбал: Анхны дүрэм ердөө 21-н зүйлтэй бөгөөд гэрэл болон зохицуулагчийн дохио, замын тэмдэг, тэмдэглэл, тэр бүү хэл “уулзвар” гэсэн ухагдахууны талаар ч тодорхой заалтгүй байсан бол 1940 онд зохицуулагчийн дохио, уулзвар нэвтрэх журам, замын тэмдгийн заалттай болж, 1950 онд гэрэл дохионы зохицуулга, 1957 онд замын тэмдэглэлийн заалттай болсон байна. Одоогийн мөрдөгдөж байгаа дүрэм 1996 онд шинэчлэгдэн батлагдахдаа нэлээд олон шинэлэг заалтыг агуулж байсны дотор “Тууш зам”-ын тухай ойлголт анх удаа дүрэмд тусгагдаж, тууш замын хөдөлгөөний журмын тухай тусгайлсан бүлэг, мөн тууш замтай холбоотой тэмдгүүд шинээр орж ирсэн. Мөн энэ өөрчлөлтөөр “Дарааллын тэмдэг”-үүдийг тусад нь бүлэг болгож ялган дугаарласан зэрэг нь замын тэмдгийн стандартыг олон улсын жишигт нийцүүлж байсны тод жишээ юм.
- “Олон улсын жишиг” гэснээс замын хөдөлгөөнтэй холбоотой олон улсын хэмжээний ямар хууль эрхийн актууд байдаг юм бэ? Эдгээр нь манай улсын хувьд хэр ач холбогдол, нөлөөтэй юм бэ?
- НҮБ-ын Европын Эдийн засгийн комиссоос батлан гаргасан замын хөдөлгөөнтэй холбоотой нэлээд олон хууль эрхийн актууд олон улсын хэмжээнд мөрдөгдөж байдгийн дотор “Замын хөдөлгөөний тухай” болон “Замын дохио, тэмдгийн тухай” Венийн Конвенцуудыг манай улс нэлээд өндөр хэмжээнд авч үзэх учиртай төдийгүй дагаж мөрдөх үүрэгтэй юм. Учир нь эдгээр Конвенцуудыг Монгол Улс 1997 онд соёрхон баталж нэгдэн орсон бөгөөд уг Конвенцууд 1998 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс манай оронд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Конвенцууд нь 1968 онд Австри улсын нийслэл Вена хотноо батлагдсан олон улсын хэмжээний хууль эрхийн акт бөгөөд эдгээр Конвенцуудад одоогоор 60-аад улс орон нэгдэн ороод байна. Замын хөдөлгөөний тухай Конвенц нь түүнд нэгдэн орсон орнуудын Замын хөдөлгөөний дүрмийн үндсэн бааз, суурь нь болдог бөгөөд энэ утгаараа манай улсын Замын хөдөлгөөний дүрэм уг Конвенц дээр үндэслэгдсэн, түүнтэй ямар нэгэн хэмжээгээр зөрчилдөхгүй байх зайлшгүй шаардлагатай болсон юм. Өөрөөр хэлбэл дээрх Конвенц нь олон улсын хэмжээний замын хөдөлгөөний нэгдсэн дүрэм юм. Мөн үүний адилаар Монгол Улсын Замын тэмдэг, тэмдэглэлийн стандартууд ч Замын дохио, тэмдгийн тухай Венийн Конвенцид бүрэн нийцэж байх ёстой болсон. Энэ үндсэн шалтгаанаар Замын хөдөлгөөний дүрэм болон замын тэмдэг, тэмдэглэлийн стандартууд шинэчлэгдээд байна. Ер нь Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой аливаа хууль эрхийн актууд уг Конвенцуудтай нягт уялдаатай, зөрчилдөхгүй байх үндсэн шаардлага олон улсын өмнө хүлээсэн үүрэг болон тавигдаж байгаа юм.
- Монгол Улсын одоогийн мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний дүрэм эдгээр Конвенцуудад хэр нийцдэг вэ? Зөрчилддөг заалтууд бий юу? Хэрэв байдаг бол түүнийг шинэчилсэн дүрэмд хэрхэн залруулсан бэ? Ер нь замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм олон улсын дүрэмд хэр нийцэж байгаа вэ?
- Манай улсын Замын хөдөлгөөний дүрмийн олон удаагийн өөрчлөлт шинэчлэлт нь тухайн үеийн ЗХУ, одоогийн ОХУ-ын замын хөдөлгөөний дүрмийн утга агуулга, ололт дэвшилт дээр үндэслэгдсээр ирсэн бөгөөд үүний үр дүнд манай Замын хөдөлгөөний дүрмийн утга, агуулга олон улсын жишигт ихээхэн ойртож очсон байдаг юм. Учир нь Орос улс шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшлээрээ дэлхийд тэргүүлэгч орны нэг мөнийн хувьд замын хөдөлгөөнтэй холбоотой хууль эрхийн актууд нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжиж ирсэн, түүнчлэн замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцийг анх батлагдсан цагаас нь эхлэн мөрдөж ирсэн зэрэг нь манай улсын замын хөдөлгөөний дүрэм олон улсын дүрэмд ойртож очиход ихээхэн түлхэц болсон байна. Гэхдээ одоогийн мөрдөгдөж буй дүрмийн зарим заалтын утга, агуулга, замын тэмдэг, тэмдэглэлийн заалт, шаардлагууд олон улсын Конвенцид бүрэн нийцээгүй, зарим талаараа зөрчилддөг тал бий бөгөөд үүнийг олон улсын замын хөдөлгөөний дүрэм, стандартын нийтлэг жишигт бүрэн нийцүүлэхийн тулд өөрчлөн найруулах, нэмэн засварлах шаардлагатай болсон юм.
Тухайлбал:
- Одоогийн мөрдөж буй дүрмийн 10 дугаар зүйлийн “а”-д Монгол Улсад ирсэн гадаадын харъяат жолооч нь «Монгол Улсын Замын цагдаагийн албанаас зөвшөөрсөн жолоодох эрхтэй байна» гэж заасан нь Венийн Конвенцид нэгдэн орсон манай орны хувьд байж болохгүй заалт бөгөөд уг Конвенцийн утга агуулгад нийцэхгүй юм. Манай улс өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн жолоочоос зөвхөн олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх л шаардах эрхтэй юм. Мөн 10 дугаар зүйлийн “б”-д Монгол Улсад ирсэн гадаадын харъяат жолооч нь «Тээврийн хэрэгслээ Монгол Улсын Замын цагдаагийн албанд бүртгүүлж, улсын дугаар буюу түр зөвшөөрөл авна» гэсэн нь замын хөдөлгөөний тухай Конвенцийн утга агуулгатай шууд зөрчилдөх заалт юм. Учир нь тээврийн хэрэгсэл зөвхөн нэг л улсад бүртгэлтэй, тэр улсаас олгогдсон дугаартай байх ёстой бөгөөд уг тээврийн хэрэгслийг өөр ямар нэгэн улс давхар бүртгэж дугаар олгох асуудал олон улсын зарчимд нийцэхгүй юм. Замын хөдөлгөөний тухай Конвенцид зааснаар бол олон улсын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхад л хангалттай байна. Тухайлбал, Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслээр өөр улсад хөдөлгөөнд оролцох бол «MGL» гэсэн ялгах тэмдгийг тээврийн хэрэгсэлдээ байрлуулсан байх шаардлагатай гэсэн үг;
- Замын хөдөлгөөний тухай Конвенцид нийцүүлэх үүднээс тээврийн хэрэгслийн ангиллыг тодорхойлсон байдалд зохих засвар өөрчлөлт оруулах шаардлагатай болсон юм. Тухайлбал: Одоогийн мөрдөгдөж буй дүрмээр “А” ангиллын тээврийн хэрэгсэлд автомашин (тахир дутуу хүнд зориулсан) хамааруулсан нь олон улсын дүрэмд нийцэхгүй юм. Учир нь олон улсын дүрэмд зааснаар бол “А” ангилал нь мото тээврийн хэрэгслийн ангилал бөгөөд үүнд мотоцикл буюу жолооны механизмынхаа хувьд түүнтэй адилтгах тээврийн хэрэгсэл хамаардаг байна. Иймээс шинэчилсэн дүрмээр “А” ангилалд тахир дутуу хүнд зориулсан автомашиныг хамааруулаагүй;
- Одоогийн мөрдөгдөж буй дүрмийн 91 дүгээр зүйлд “Харанхуй үед гэрэлтүүлэгтэй замаар явахдаа гэрэлтүүлгийн байдлыг харгалзаж ойрын буюу жижиг гэрлийг асаана” гэсэн нь Замын хөдөлгөөний тухай Конвенцид нийцэхгүй юм. Учир нь олон улсын дүрэмд харанхуй үед зөвхөн жижиг гэрлээр хөдөлгөөнд оролцохыг гэрэлтүүлэгтэй, гэрэлтүүлэггүй ямар ч замд хориглодог байна;
- Олон улсын дүрэмд нийцүүлэх үүднээс замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд зарим заалтууд нэмж тусгасан. Тухайлбал: “Трактор, өөрөө явдаг машин механизм болон түүнчлэн цагт 40 км-ээс илүүгүй хурдтай явах тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр байрлан явах”, “Тууш замд зориулалтын зогсоолын талбайгаас бусад хэсэгт түр буюу удаан зогсохыг хориглох”, “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ тухайн хориотой хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авах”, “Төмөр замын гарам дээр ухрах хөдөлгөөн хийхийг хориглох”, “Явган хүний гарц дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглох”, “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байх” зэрэг заалтууд шинэчлэгдсэн дүрэмд нэмж тусгагдлаа;
Энэ мэтчилэн нэлээд олон заалт, шаардлагуудыг өөрчлөн найруулж, нэмэн засварласан бөгөөд товчхон хэлбэл Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм олон улсын Конвенцид бүрэн нийцэх түвшинд шинэчлэгдсэн гэж хэлж болно.
- Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах болсон өөр шалтгаанууд бий юу?
- Байлгүй яахав. Автомашины тоо жилээс жилд нэмэгдэж, хөдөлгөөний нягтрал ихэсч байгаатай уялдан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг өндөр хэмжээнд байлгах, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулан хөгжүүлж олон улсын жишигт хүргэх, үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн зарим дүрэм, журмыг эргэн харж шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага олон үндэслэлтэйгээр урган гарч байгаа юм. Ялангуяа даяарчлалын энэ эрин үед, дэлхийн улс гүрнүүд автотээврийн салбар дээр нэн хурдацтайгаар урагшлан хөгжиж байхад манай улсын хувьд түүнээс хоцрохгүй байх түүхэн хариуцлага тулгарч байна. Зөвхөн замын хөдөлгөөний дүрмээр хязгаарлагдахгүй, замын хөдөлгөөнтэй холбоотой бусад аливаа дүрэм, журам, стандарт, хууль эрх зүйн актуудыг байнга шинэчлэн сайжруулж, улмаар нэгдмэл цогц утга агуулгатай байлгах асуудал бол Монгол Улсын хөгжил дэвшилттэй салшгүй холбоотой юм.
Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах болсон шалтгаануудаас цухас дурдвал:
1. Монгол Улсын Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлагдсан “Замын тэмдэг. Ерөнхий техникийн шаардлага” MNS 4597:2003, мөн “Замын тэмдэглэл. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4759:2003 стандартуудын заалт, шаардлагуудтай замын хөдөлгөөний дүрмийн хавсралтын утга агуулга, тэмдэг, тэмдэглэлийн загварыг нийцүүлэх үүднээс нэлээд хэдэн тэмдэг, тэмдэглэл шинээр нэмж, зарим тэмдгүүдийн төрөл хэлбэрийг олшруулсан юм. Мөн зарим тэмдэг, тэмдэглэлүүдийн утганд зохих засвар, өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл стандарт, дүрэм хоёр хоорондоо зөрөөтэй байсан дутагдлыг арилгаж эдгээрийг яв цав нийцүүлсэн.
2. Замын хөдөлгөөний дүрмийн “Төмөр замын гарам нэвтрэх” журамд тусгагдсан зарим заалт нь “Монгол Улсын төмөр замын техник ашиглалтын дүрэм”, “Төмөр замын дохиоллын журам”-д заасан шаардлагуудтай зарим талаараа нийцэхгүй байсан тул үүнийг үндэслэн уг зүйлийн заалтуудад зарим нэг өөрчлөлт оруулсан юм.
3. Мөрдөгдөж буй дүрэм нь орос хэлнээс монгол хэл дээр хөрвүүлэгдэх явцдаа хэлзүйн найруулга, утга агуулгын зарим нэг алдаа мадаг орсон, түүнчлэн олон удаа өөрчлөгдөн хэвлэгдэж ирсэн түүхэн явцдаа зарим заалтын үг, өгүүлбэр гээгдэж утга алдагдсан зэргийг хянан үзэж зохих засварыг хийсэн юм. Дүрмийн нэлээд үг өгүүлбэрт найруулгын чанартай өөрчлөлтүүдийг хийсэн.
4. Улс орны өнөөгийн цаг үеийн хөгжил дэвшлээс шалтгаалан Замын хөдөлгөөний дүрэмд байгаа зарим нэг заалт хуучирч хэрэглэгдэхгүй болсныг хасаж өөрчилсөн юм. Тухайлбал:
- нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд ачааны автомашиныг ашиглах;
- явган зорчигчид зориулсан гэрлэн дохио нь “Зогс”, “Яв” гэсэн бичлэгтэй байх;
- зохицуулагч хоёр гараа доош буулгасан байдлаар дохио өгөх;
- амины автомашины ашиглалтын дэвтэр, итгэмжлэлтэй холбоотой заалт;
- хоёр механикжсан тээврийн хэрэгслийг хатуу холбоогоор буюу цоройлгон ачих байдлаар чирэх;
- чиргүүлтэй тээврийн хэрэгслийн бүхээг дээр шар өнгийн гурвалжин таних тэмдэг байрлуулж хэрэглэх гэх мэт заалтууд нь өнөөгийн цаг үед хуучирч, олон улсын дүрэмд нийцэхгүй болсныг замын хөдөлгөөний дүрмээс хасаж найруулсан.
5. Өнөө үеийн техникийн хөгжил дэвшилттэй уялдсан зарим нэг заалтуудыг замын хөдөлгөөний дүрэмд нэмж оруулах шаардлагатай болж байгаа юм. Тухайлбал: Жолоочид «гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх»-ийг хориглосон; тээврийн хэрэгсэлд гэрэл бууруулагчтай шил хэрэглэхтэй холбогдсон заалт оруулсан гэх мэт.
- Замын хөдөлгөөний дүрмийг өөрчлөн шинэчлэх болсон шалтгааны талаар нэлээд ярилцлаа. Одоо дүрэмд орсон томоохон өөрчлөлтүүдийн талаар онцолж ярилцах уу?
- Замын хөдөлгөөний дүрэмд орсон энэ удаагийн өөрчлөлтийг өмнөх үеийн өөрчлөлтүүдтэй харьцуулбал нэлээд томоохонд тооцогдох байх. Өмнөх үеийн өөрчлөлтүүдийн зарим нь найруулгын чанартай бага зэргийн засвар оруулах төдий, эсвэл тухайн үеийн улс төр, нийгмийн үзэл суртлын хүрээнд хийгдэж байсан бол энэ удаагийн өөрчлөлт нь дүрмийн утга, агуулгыг бүхэлд нь хамарсан нэлээд өргөн хүрээтэйгээр хийгдсэн төдийгүй ялангуяа олон улсын Конвенцид нийцүүлэх зорилгыг агуулснаараа өмнөх өөрчлөлтүүдээс ялгарах байх.
Юуны өмнө дүрэмд орсон өөрчлөлтийг “Бүтцийн өөрчлөлт”, “Утга агуулгын өөрчлөлт” гэж хоёр хэсэгт ангилан тайлбарлая.
~ Эхлээд бүтцийн өөрчлөлтийн талаар ярья.
Замын хөдөлгөөний дүрмийн бүтцэд нэлээд өөрчлөлт орсон. Үүнд:
1. Бүлгүүдийг ерөнхийлөн нэрлэж, нэгтгэж дугаарлахаас татгалзаж, харин бүлэг тус бүрийг дараалуулан дугаарласан. Тухайлбал: Одоогийн мөрдөгдөж буй дүрэмд “Жолоочийн үүрэг”, “Явган зорчигчийн үүрэг”, “Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг” гэсэн бүлгүүдийг “Замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг” гэж, мөн “Хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх”, “Байрлан явах”, “Хурд”, “Анхааруулах дохио”, “Уулзвар нэвтрэх”, “Зохицуулдаг уулзвар нэвтрэх”… ”Тууш замын хөдөлгөөн” гэх мэт 14 бүлгийг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам” гэх зэргээр ерөнхийлөн нэрлэж нэгтгэн дугаарласан нь утга агуулгын хувьд тохиромж муутай байсныг шинэчилсэн дүрэмд бүлэг тус бүрийг логик цэгцэд оруулан дараалуулан дугаарлав. Ингэснээр шинэчилсэн дүрэм нь “1. Нийтлэг үндэслэл”, “2. Жолоочийн үүрэг”, “3. Явган зорчигчийн үүрэг”, “4. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг”, “5. Замын хөдөлгөөн зохицуулах дохио” …….”23. Унадаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэлт шаардлага” гэсэн бүхэлдээ 23 бүлгээс бүрдсэн болно.
2. Мөрдөгдөж буй дүрэмд бүлэг тус бүр доторхи зүйлийн заалтуудыг уг сэдвийн агуулгаас үл хамааруулан бүлгүүдийг дамнуулан эхнээс нь эцэс хүртэл (1-ээс 161 хүртэл) цувруулан дугаарласан нь дүрэмд өөрчлөлт хийх, зарим зүйл, заалтыг хасах юмуу шинээр нэмэх зэрэгт ихээхэн хүндрэл учруулдаг байсан дутагдлыг арилгах үүднээс шинэчилсэн дүрэмд бүлэг тус бүрд зүйлийн заалтуудыг шинээр (1-ээс эхлүүлж) дугаарласан болно. Мөн давхар утга агуулсан заалтууд болон нэг зүйл дотор өөр өөр утгыг агуулсан заалтуудаас аль болох татгалзах бодлогыг баримталсан юм.
3. Мөрдөгдөж буй дүрэм нь ”Замын тэмдэг, тэмдэглэл” гэсэн нэг хавсралттай байсныг шинэчилсэн дүрмээр гурван хавсралттай болгосон. Үүнд:
- 1 дүгээр хавсралт “Замын тэмдэг, тэмдэглэл”;
Энэ хавсралт нь “Нэг. Анхааруулах тэмдэг”, “Хоёр. Хориглох тэмдэг”, “Гурав. Дарааллын тэмдэг”, .......”Найм. Босоо тэмдэглэл” гэсэн 8 бүлэг, 29 зүйлээс бүрдсэн болно. Дашрамд өгүүлэхэд тэмдэглэлийн бүлэг нь шинэчилсэн стандартын дагуу “Хэвтээ”, “Босоо” гэсэн хоёр бүлэгт хуваагдаж, тус тусдаа дугаарлагдсан юм.
- 2 дугаар хавсралт “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил”;
Мөрдөгдөж буй дүрмийн “Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага” нэртэй бүлэг (145-р зүйл)-ийг Замын хөдөлгөөний тухай Конвенцид нийцүүлэн дүрмийн 2 дугаар хавсралт болгон өөрчлөв. Энэ хавсралт нь тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтыг агуулах бөгөөд “1. Тоормосны систем”, “2. Жолооны механизм”, “3. Дугуй”, .....”6. Бусад төхөөрөмж” зэрэг 6 бүлэг, 40 зүйлээс бүрдэнэ.
- 3 дугаар хавсралт “Иргэн, албан тушаалтны үүрэг”;
Мөрдөгдөж буй дүрмийн “Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг”, “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, замын цагдаагийн ажилтны үүрэг” гэсэн хоёр бүлгийг нэгтгэж шинэчилсэн дүрмийн 3 дугаар хавсралт болгон өөрчлөв. Энэ хавсралт нь 9 зүйлээс бүрдэнэ.
Замын хөдөлгөөний дүрмийн бүтцийн дээрх өөрчлөлтүүд нь зүйл, заалтуудын уялдаа холбоог сайжруулсан төдийгүй дүрмийн утга санааг нэлээд системтэй болгосон гэж хэлж болно.
~ Одоо, дүрмийн зүйл, заалтуудын утга агуулгын өөрчлөлтийн талаар ярья.
Замын хөдөлгөөний дүрмийн энэ удаагийн шинэчлэлт нь зарчмын нэлээд олон томоохон өөрчлөлтүүдийг агуулсан гэж би дээр өгүүлсэн. Үүнийг тодруулах үүднээс бага зэрэг тоо баримт хэлье л дээ. Замын хөдөлгөөний дүрэмд 125 орчим заалт шинээр нэмэгдэж, 90 орчим заалтын утга өөрчлөгдсөн. Мөн 75 орчим заалт хасагдсан. Үүнээс гадна бараг ихэнх зүйл, заалтуудад их бага хэмжээний найруулга, хэл зүйн чанартай засвар, өөрчлөлтүүд орсон гэхээр энэ удаагийн өөрчлөлт хэр далайцтай хийгдсэн болох нь ойлгомжтой биз ээ.
Шинэчлэгдсэн дүрэмд орсон утга агуулгын чанартай зарчмын томоохон зарим өөрчлөлтүүдээс дурдъя:
1. Нэр томъёоны тодорхойлолтод “Аюултай ачаа”, “Жолооч”, “Зам”, “Зам тээврийн осол”, “Замын хөдөлгөөн”, “Замын хөдөлгөөнд оролцогч”, “Зохицуулагч”, “Тууш зам”, “Тээврийн хэрэгсэл”, “Тээврийн хэрэгслээр зорчигч”, “Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх”, “Цуваа” гэсэн дүрэмд зайлшгүй тусгагдвал зохих 12 нэр томъёоны тодорхойлолт нэмэгдсэн;
Мөн зарим нэр томъёог өөрчилсөн. Тухайлбал: “Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл” гэсэн нэр томъёог “Чиглэлийн тээврийн хэрэгсэл” гэж, “Үзэгдэх орчин хязгаарлагдах” гэсэн нэр томъёог “Үзэгдэлт хангалтгүй үе”, “Шороон хэсэг” гэсэн ойлголтыг “Хөвөө” гэх мэт байдлаар томъёолж хэвшихээр тогтлоо.
2. Бусдын тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох жолоочоос итгэмжлэл шаарддаг одоогийн тогтолцоог өөрчилж, тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй бол итгэмжлэлгүйгээр хөдөлгөөнд оролцож болох эрх зүйн орчинг бүрдүүлсэн;
- Уучлаарай. Энэ асуудал дээр тодруулах зүйл байна. Бусдын тээврийн хэрэгслийг жолоодоход итгэмжлэл шаардахгүй гэдгийг уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хамт яваа тохиолдолд гэж ойлгох уу, эсвэл ерөөсөө итгэмжлэл шаардахгүй гэсэн үг үү?
- Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй л бол ерөөсөө итгэмжлэл шаардахгүй, өөрөөр хэлбэл хэний автомашиныг жолоодож яваа нь Замын хөдөлгөөний дүрмийн зорилгод чухал биш гэсэн үг. Гэхдээ мэдээж уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг биедээ заавал авч явах шаардлагатай шүү дээ. Ер нь энэ асуудал дээр нэг зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй байх. Итгэмжлэлгүйгээр бусдын тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцож болох эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудлыг дүрмийн төсөл боловсруулагчид санаачлаагүй юм. Засгийн газрын хуралдаанд оруулсан дүрмийн төсөлд энэ асуудлыг арай өөрөөр тусгасан байсан юм. Юу гэж тусгасан байсан бэ гэвэл, «Бусдын тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигч нь хамт яваагаас бусад тохиолдолд жолоодож хөдөлгөөнд оролцох бол уг тээврийн хэрэгслийг ашиглах буюу эзэмших эрхтэйг гэрчлэх баримт бичиг (итгэмжлэл)»-тэй байх шаардлагатай гэж, өөрөөр хэлбэл эзэмшигч нь хамт яваа тохиолдолд жолоодож хөдөлгөөнд оролцох бол тухайн жолоочоос итгэмжлэл шаардахгүй байдлаар төсөлд тусгасан байсан юм. Үүнийг Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй бол итгэмжлэл шаардахгүй байдлаар төсөлд өөрчлөн тусгах шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу дүрмийн төсөлд зохих засварыг оруулсан.
- Ойлголоо. Өөр ямар өөрчлөлтүүд орсон бэ?
- 3. Зам тээврийн осолд холбогдсон жолооч нар хэрэв ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохироогүй бол өөр хоорондоо зөвшилцөн тохиролцсоны үндсэн дээр уг асуудлыг шийдвэрлэж болох эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл ийм тохиолдолд заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэх, цагдаагийн ажилтанг иртэл хүлээхийг шаардаагүй гэсэн үг. Ийм заалт олон улсын Конвенцид тусгагдсан байдаг юм;
4. Шинэчилсэн дүрмийн 2.7-ийн “г”-д «Гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх»-ийг жолоочид хориглосон. Өөрөөр хэлбэл гар утсыг чихэвчгүйгээр юмуу суурин байдалтай тоноглоогүйгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэхийг жолоочид хориглох тухай заалт шинээр орсон;
5. Одоогийн мөрдөгдөж байгаа дүрэмд хамгаалах бүсээр тоноглогдсон автомашины урд суудалд сууж яваа зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй байхыг хориглодог. Тэгвэл шинэчилсэн дүрэмд хамгаалах бүсээр тоноглогдсон л бол аль суудалд сууж яваагаас үл хамааран бүх зорчигч хамгаалах бүс хэрэглэх үүрэгтэйгээр тусгагдсан.
6. Явган хүний гарцгүй хэсэг дээр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дарааллын журам одоогийн мөрдөгдөж буй дүрэмд тусгагдаагүй, энэ асуудал ойлгомжгүй бүрхэг байсныг шинэчилсэн дүрмийн 3.4-т тодорхой болгосон. Энэ заалтаар явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах явган зорчигч ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл ийм тохиолдолд давуу эрх эдлэхгүй болохыг тодорхой болгосон;
7. Зохицуулагч гараа доош буулгасан байдлаар дохио өгөх аргачлалыг өөрчилж уг дохиог гараа алдах байдлаар өгч байхаар тусгасан. Гэхдээ уг дохионы утга өөрчлөгдөөгүй. Зохицуулагчийн гараа алдалсан байдлаар өгч байгаа дохио нь дохиурыг цээжиндээ авсан байдлаар өгөх дохиотой адил утгатай гэсэн үг;
8. «Байр эзлэх үйлдлийг уулзвар, гарцаас 100-20 метрийн зайд гүйцэтгэх ёстой» гэсэн заалт хасагдсан. Өөрөөр хэлбэл уулзвар, гарцын өмнө байр эзлэх үйлдлийг жолооч аль тохиромжтой зайд гүйцэтгэж болно. Гэхдээ уулзвар, гарцын өмнө үргэлжилсэн шугаман тэмдэглэл байвал түүнийг мэдээж давж болохгүй шүү дээ. Энэ заалтыг хассан шалтгаан нь замын хөдөлгөөний нягтрал ихэссэнтэй уялдан уг заалтын хэрэгжилт, ач холбогдол алдагдсантай холбоотой юм;
9. Мөрдөгдөж буй дүрмийн 47 дугаар зүйлийн «Тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болохоор ойр явна. Баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно» гэсэн заалтыг олон улсын жишигт нийцүүлэн зөвхөн суурин газрын гаднах зам буюу хөдөлгөөний нягтрал багатай, хурд ихтэй замд мөрдүүлэхээр өөрчилсөн. Өөрөөр хэлбэл энэ заалтыг суурин газарт мөрдөх албагүй болсон гэсэн үг.
- Уучлаарай. Тэгвэл суурин газарт жолооч баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад тэр эгнээ рүү заавал шилжих шаардлагагүй гэсэн үг үү?
- Тийм. Ер нь хөдөлгөөний нягтрал ихэссэн өнөө үед тэр тусмаа уулзвар, гарц ойр ойрхон байрласан суурин газарт энэ заалт мөрдөгдөх нь бараг бололцоогүй юм л даа. Тэр бүү хэл хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх талтай. Учир нь жолооч эгнээ байраа онцын шаардлагагүйгээр байн байн өөрчилж сэлгэх нь хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс болж өгвөл эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүй байх нь аюулгүй байдлын эрх ашигт нийцнэ гэсэн үг. Ийм санаа шинэчлэгдсэн дүрэмд тусгагдсан.
- Тэгвэл суурин газарт жолооч аль дурынхаа эгнээгээр байрлан явж болно гэсэн үг үү?
- Бараг л тийм. Өөрөөр хэлбэл суурин газарт жолооч аль тохиромжтой эгнээгээ сонгож явж болох эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Гэхдээ тусгайлан заасан тодорхой нөхцөлүүдийг зөрчихгүй тохиолдолд л доо.
- Тодорхой нөхцөлүүд гэснийгээ тодруулахгүй юу?
- Хөдөлгөөний эрчим ихтэй (эгнээ чөлөөгүй) замд эргэх үйлдэл хийх, саадыг тойрон гарах, зогсохоос бусад тохиолдолд эгнээ байр өөрчлөхийг хориглосон. Мөн нэг чигт гурав буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнд байрлан явах журмыг тусгайлан заасан. Тухайлбал энэ эгнээнд бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд орохыг хориглосон.
Түүнчлэн зарим хурд багатай тээврийн хэрэгслийн хувьд байрлан явах журмыг тусгайлан заасан. Тодруулбал: Трактор, өөрөө явдаг машин механизм, унадаг дугуй, мопед, ердийн хөсөг болон цагт 40 км-ээс бага хурдтай явах тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр байрлаж явах тухай заалт тусгагдсан. Энэ заалт нь хөдөлгөөний түгжрэлийг багасгахад чухал ач холбогдолтой юм.
10. Зарим тээврийн хэрэгслийн хурдны хязгаарлалд өөрчлөлт орсон. Тухайлбал: Чиргүүлтэй суудлын автомашинаар тууш замд цагт 80 км, мөн автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед хөдөлгөөний хурдны дээд хязгаар нь суурин газарт цагт 50 км, суурин газрын гаднах зам болон тууш замд цагт 70 км байхаар тусгагдсан.
11. Мөрдөгдөж буй дүрмийн 89 дүгээр зүйлийн “а”-д зааснаар аль ч уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг жолоочид хориглодог бол шинэчилсэн дүрмээр зохицуулдаг уулзварт эсрэг урсгалыг сөрөхөөргүй тохиолдолд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоогүй. Гэхдээ мэдээж зөвшөөрсөн гэрэл дохиогоор шүү дээ.
Мөн одоогийн мөрдөгдөж буй дүрмээр явган хүний гарц дээр гүйцэж түрүүлэхийг зөвшөөрдөг бол шинэчилсэн дүрмээр хориглосон.
12. Шинэчилсэн дүрмээр чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохыг бусад жолооч нарт хориглоогүй.
- Уучлаарай. Тэгэхээр автобус, троллейбусны буудал дээр бусад тээврийн хэрэгсэл зогсож болно гэсэн үг үү?
- Автобус, троллейбусны хөдөлгөөнд саад учруулахгүй тохиолдолд зөвшөөрнө. Гэхдээ зөвхөн хүн буулгах, суулгахын тулд л түр зогсож болно гэсэн үг. Энэ өөрчлөлт дээр товч тайлбар хэлье. Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр түр буюу удаан зогсохыг хориглодог нь тэдгээр тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг саатуулахгүй гэсэн санаа л даа. Гэтэл чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал бол зорчигчдыг буулгах, суулгахад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаасаа хамгийн тохиромжтой байрлалд оршдог, өөрөөр хэлбэл замын үзэгдэлт хязгаарлагдаагүй хэсэгт байрладаг, зогсоолд зориулсан талбайтай, мөн явган хүний зам, гарц, гармын дэргэд ойр байдаг зэргээрээ явган зорчигчийн аюулгүй байдалд бүрэн нийцдэг объект юм. Өөрөөр хэлбэл автобусны буудал дээр зогсож хүн буулгах, суулгах нь хөдөлгөөний аюулгүй байдалд харшлах зүйл биш бөгөөд харин ч зорчих хэсгийн үндсэн эгнээн дээр зогсохоос илүү тохиромжтой байр юм. Автобус, троллейбус байхгүй үед юмуу эсвэл тэдгээрийн хөдөлгөөн зогссон үед яагаад болохгүй гэж. Энэ утгаараа автобусны буудал дээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохыг хориглоогүй. Гэхдээ мэдээж энэ объект чиглэлийн тээврийн хэрэгсэлд зориулагдсан учраас тэдгээрийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх шаардлагатай. Энэ заалтын утга агуулга олон улсын жишигт бүрэн нийцдэг юм.
- Замын тэмдэг, тэмдэглэлд ямар өөрчлөлтүүд орсон бэ?
- Дүрмийн 1-р хавсралт болох “Замын тэмдэг, тэмдэглэл”-ийн заалт, шаардлага, загваруудыг дээр өгүүлсэн тэмдэг, тэмдэглэлийн стандартуудад бүрэн нийцүүлэн зохих байдлаар өөрчилсөн. Тухайлбал:
- анхааруулах тэмдэгт: “Хажуугийн салхитай” (1.24), “Хонгил” (1.26) тэмдгүүд;
- хориглох тэмдэгт: “Уртын хязгаарлал” (2.15), “Хоорондын зайн доод хязгаарлал” (2.16) тэмдгүүд;
- мэдээлэх тэмдэгт: “Эгнээнээс явах хөдөлгөөний чиг” (5.10.б), “Явган хүний гарц” (5.16.а), “Явган хүний гарам” (5.17.а.б.в), “Чигийн урьдчилсан заалт” (5.21.б), “Чиглэлийн дугаар” (5.26.б) зэрэг тэмдгүүдийн төрлийг олшруулсан бусад хэлбэрүүд, мөн “Мухар зам” (5.19), “Амрах газар” (5.44) тэмдгүүд;
- нэмэлт тэмдэгт: “Үйлчлэх хугацаа” (6.5.а,б,в,д,е,ж), “Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр” (6.6.а,в,г,д,ж,з,и) тэмдгүүдийн төрлийг олшруулсан бусад хэлбэрүүд, мөн “Автомашинд үзлэг хийх газар” (6.10), “Зорчих хэсгийн гадаргуугийн байдал” (6.16.а,б) тэмдгүүд;
- хэвтээ тэмдэглэлд: зорчих хэсгийн захыг тэмдэглэх тэмдэглэл (7.2), хурд авах буюу хурд хасах эгнээний тэмдэглэл (7.8), удаан зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх тэмдэглэл (7.9), чиглэлийн дугаарыг тэмдэглэх тэмдэглэл (7.22);
- босоо тэмдэглэлд: замын хашилтын хажуу гадаргууг тэмдэглэх тэмдэглэл (8.6) зэрэг шинээр 9 тэмдэг, төрөл хэлбэрийг олшруулсан 20 тэмдэг, шинээр 5 тэмдэглэл нэмэгдсэн.
Үүнээс гадна зарим тэмдгийн нэр, дугаар, утга агуулга, загвар дүрслэлд өөрчлөлт орсон. Тухайлбал: “Эгц уруу”, “Огцом өгсүүр” анхааруулах тэмдгүүд уруудаж яваа буюу өгсөж яваа автомашины дүрстэй болж өөрчлөгдсөн.
- Сүүлийн асуулт болгож нэг зүйлийг тодруулмаар байна. Замын хөдөлгөөнтэй холбоотойгоор бодит байдалд үүсэн бий болоод байгаа нэг бэрхшээлтэй асуудал бол хөдөлгөөний түгжрэл. Энэ бэрхшээлийг арилгах талаар дүрэмд ямар өөрчлөлт тусгагдсан бэ?
- Хөдөлгөөний түгжрэлтэй холбоотойгоор үүсэн бий болоод байгаа асуудлыг замын хөдөлгөөний дүрмийн үзэл санаатай шууд холбон үзэх нь учир дутагдалтай юм. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагууд хангалтгүйгээс хөдөлгөөний түгжрэл бий болоод байна гэж ойлговол туйлын алдаатай ойлголт болно. Учир нь хөдөлгөөний түгжрэл бол жолооч нарын дүрмийн мэдлэг, сахилга, соёл, хүмүүжилтэй холбоотойгоор үүсэн гарч байна. Түүнээс биш замын хөдөлгөөний дүрмийг ямар нэг хэмжээгээр өөрчилчихвөл энэ бэрхшээл арилчихна гэж ойлгож хэрхэвч болохгүй. Замын хөдөлгөөний дүрмийн үзэл санаа бүхэлдээ хөдөлгөөний аюул, саадгүй хэвийн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг. Иймд жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй, хөдөлгөөнд нийтээрээ соёлтой оролцож хэвшвэл дээрх бэрхшээлээс ангижрах бүрэн боломжтой шүү дээ.
_______________
* Энэхүү ярилцлагыг бичгийн хэлэнд оруулан засамжлан найруулсан бөгөөд зарим хэсгийг нь хасаж товчилсон болно.