Монгол Улсын Засгийн газрын 2004 оны
74 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
7. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх
7.1. Жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх (байр эзлэх, эргэх, зогсох)-ийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө.
7.2. Эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгөх бол бусад хөдөлгөөнд оролцогчдод уг дохио сайтар харагдахуйц байдлаар гүйцэтгэнэ. Зүүн гар тийш дохио өгөхдөө зүүн гараа чигээр нь сунгах буюу эсвэл баруун гараа тохойгоор нь нугалж өргөнө. Баруун гар тийш дохио өгөхдөө баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө.
7.3. Эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц зогсооно. Харин анхааруулах дохиог гараар өгсөн бол тодорхой үйлдэл хийж эхлэхийн өмнө дуусгаж болно.
7.4. Тоормосны гэрэл нь уг тээврийн хэрэгсэл хурдаа хасаж байгааг анхааруулах бөгөөд хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол жолооч тоормослохын өмнө бусад хөдөлгөөнд оролцогчдод сайтар харагдахуйц байдлаар гараа сунган дээш доош хөдөлгөнө.
7.5. Анхааруулах дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино.
Анхааруулах дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй.
7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана.
7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө.
7.8. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ.
7.9. Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино.
Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг тэмдэг, тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална.
7.10. Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт)-аар энэ дүрмийн 7.9-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө.
Зорчих хэсэг дээр зүүн гар талын захаас буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээ (эсвэл хөвөө)-нээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэргэлдээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
7.11. Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ.
7.12. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
7.13. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
7.14. Зам нь хурд хасах эгнээтэй бол жолооч эргэх үйлдэл хийхийн өмнө тэр эгнээнд орсны дараа тээврийн хэрэгслийн хурдыг хасна. Харин хурд авах эгнээгээр явж замд нийлэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
7.15. Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
Бэрхшээлтэй (өгсүүр буюу ганга жалгатай) замын нарийссан хэсэгт тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөх боломжгүй бол аль ганга жалгатай талд яваа тээврийн хэрэгсэлд, ганга жалгагүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
7.16. Буцаж эргэхийг хориглох тохиолдол:
а/ явган хүний гарц дээр;
б/ төмөр замын гарам дээр;
в/ гүүрэн дээр болон доор;
г/ хонгил дотор;
д/ үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал газар;
е/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал болон таксийн зогсоол дээр.
7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.
7.18. Уулзвар, гарц дээр буюу энэ дүрмийн 7.16-д заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах үйлдлийг хориглоно.