Монгол Улсын Замын хөдөлгөөний

дүрмийн 3 дугаар хавсралт

 

ИРГЭН, АЛБАН ТУШААЛТНЫ ҮҮРЭГ

 

1. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа механикжсан тээврийн хэрэгсэл (троллейбусаас бусад) болон чиргүүл нь Замын цагдаагийн албанаас олгосон улсын дугаарын тэмдэгтэй байхаас гадна улсын дугаарын тоо, үсгийг ачааны автомашин, чиргүүл (суудлын автомашины чиргүүлээс бусад)-ийн хоёр хажуу болон ар талд, автобус (бага оврын автобусаас бусад)-ны ар талд үндсэн өнгөөс ялгарах өнгөөр бичсэн байна.

Үсгийн өндөр нь 200 мм, өргөн нь 80 мм, зураасны өргөн нь 20 мм, тооны өндөр нь 300 мм, өргөн нь 120 мм, зураасны өргөн нь 30 мм байна.

 

2. Тээврийн хэрэгслийн таних тэмдгийг хэрэглэх тохиолдол:

 

“Чиргүүлтэй тээврийн хэрэгсэл” - хоорондоо 150-300 мм-ийн зайтай байрлах улбар шар өнгийн гурван гэрэл. Энэ таних тэмдгийг чиргүүлтэй ачааны автомашин, дугуйт трактор, угсраа автобус буюу троллейбусны бүхээг дээр хөндлөн байрлуулна;

 

“Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” - улаан хүрээтэй, шар өнгийн дэвсгэр бүхий дөрвөлжин (нэг талын урт нь 250 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь нэг талын хэмжээний 1/10-тэй тэнцүү) дотор хар өнгөөр 1.18 тэмдгийн доторхи дүрсийг зурна. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх автобус, ачааны автомашины урд болон ард энэ таних тэмдгийг байрлуулна;

 

“Сургалтын тээврийн хэрэгсэл” - улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэр бүхий тэнцүү талт гурвалжин (нэг талын урт нь 200 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тэй тэнцүү) дотор “С” үсгийг хараар бичнэ. Жолоодлогын дадлага хийх тээврийн хэрэгслийн урд болон ард энэ таних тэмдгийг байрлуулна. Жич: Ар, өвөр талдаа дүрслэгдсэн тэмдгийг суудлын автомашины бүхээг дээр байрлуулж болно;

 

“Хурдны хязгаар” - улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэр бүхий дугуй (голч нь 160 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь голчийн 1/10-тэй тэнцүү) дотор зөвшөөрөгдсөн хурдны дээд хэмжээг хараар бичнэ. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх, хүнд буюу овор ихтэй, мөн аюултай ачаа тээвэрлэх, түүнчлэн техникийн дээд хурд нь замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан хэмжээнд хүрэхгүй механикжсан тээврийн хэрэгслийн зүүн ард энэ таних тэмдгийг тавьж анхааруулж болно;

 

“Аюултай ачаа” - 700х300 мм хэмжээтэй (15 мм өргөн хар хүрээтэй) тэгш өнцөгтийн баруун талын 400 мм урттай хэсгийг улбар шараар, үлдсэн зүүн талын хэсгийг цагаанаар будна. Тэмдэгт тээвэрлэж яваа ачааны онцлогийг тодорхойлсон тэмдэглэл хийнэ;

 

“Овор ихтэй ачаа” - улаан, цагаан ташуу зураас хосолсон (зураасын өргөн нь 50 мм) 400х400 мм хэмжээтэй байна;

 

“Урт тээврийн хэрэгсэл” - улаан хүрээтэй (өргөн нь 40 мм), шар өнгийн дэвсгэр бүхий 1200х300 мм хэмжээтэй тэгш өнцөгт дотор тухайн тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний нийт уртын хэмжээг хараар бичнэ. Ачаатай буюу ачаагүй нийт урт нь 20 метрээс илүү, мөн хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй тээврийн хэрэгслийн ард энэ таних тэмдгийг байрлуулна. Энэ хэмжээний тэмдгийг байрлуулах боломжгүй бол 600х300 мм хэмжээтэй хоёр тэмдгийг тээврийн хэрэгслийн ард тэгш хэмтэйгээр байрлуулж болно;

 

“Тахир дутуу хүн” - шар дэвсгэр бүхий дөрвөлжин (нэг талын урт нь 150 мм) дотор хар өнгөөр 6.11 тэмдгийн доторхи дүрсийг зурна. Тахир дутуу хүн жолоодож явах буюу тахир дутуу хүн тээвэрлэж явах автомашины урд болон ард энэ таних тэмдгийг байрлуулна;

 

“Дүлий жолооч” - шар өнгийн дэвсгэр бүхий дугуй (голч нь 160 мм) дотор 45 мм-ийн голчтой хар өнгийн гурван дугуй дүрсийг адил талт гурвалжин (орой нь доош харсан)-гийн оройнуудад харгалзах байдлаар байрлуулна. Сонсгол муутай буюу дүлий хүн жолоодож явах механикжсан тээврийн хэрэгслийн урд болон ард энэ таних тэмдгийг байрлуулна;

 

“Хадаастай дугуй” - улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэр бүхий тэнцүү талт гурвалжин (нэг талын урт нь 200 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тэй тэнцүү) дотор голч нь гурвалжны талын 1/3-тэй тэнцүү хар өнгийн дугуйг байрлуулж түүн дээр “Х” үсгийг цагаанаар бичнэ. Энэ тэмдгийг хадаастай дугуй бүхий механикжсан тээврийн хэрэгслийн ард байрлуулна.

 

3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараахь үүргийг хүлээнэ:

а/   стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;

б/   тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;

в/   гинж, ажлынхаа хэрэгслээр замын хэсэг, бусад элементийг эвдэж болзошгүй трактор, өөрөө явдаг машин механизмыг хатуу хучилттай замаар явуулахгүй байх;

г/    засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх;

д/   механикжсан тээврийн хэрэгслийг өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш 1 сарын дотор, тээврийн хэрэгслийн марк, зориулалт, өнгө, хөдөлгүүр буюу арлын дугаар өөрчилсөн бол 7 хоногийн дотор Замын цагдаагийн албанд бүртгүүлэх.

 

4. Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна.

 

5. Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараахь үүргийг хүлээнэ:

а/    засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих;

б/   барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллаагүй машин механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тойрч гарах чиг заасан тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед нэмэгдэл улаан гэрэл тавьж анхааруулах;

в/   засварын ажил, үйлчилгээг дуусгасны дараа тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын аюулгүй, хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх.

 

6. Барилга, газар шорооны ажил эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан тушаалтан нь хатуу хучилттай зам, төмөр замын гармаар зорчих тээврийн хэрэгслийн дугуйн шавар шавхайг цэвэрлүүлэх, замын гадаргууг бохирдуулахгүй байх арга хэмжээ авна.

 

7. Дор дурдсан асуудлыг Замын цагдаагийн албатай тохиролцож зөвшөөрөл авна:

а/    замын хөдөлгөөнийг зохион байгуулах, хөдөлгөөний чиг, урсгалыг өөрчлөх;

б/   замын тэмдэг, тэмдэглэл, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн байрлалыг өөрчлөх, шинээр тавих, хурааж авах;

в/   зам, гүүр, талбай, барилга байгууламж барих, өргөтгөх, засварлах;

г/    төмөр замын гарам байгуулах, өөрчлөх буюу хөдөлгөөн зогсоож түүнийг засварлах;

д/   чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, буудлыг шинээр тогтоох буюу өөрчлөх;

е/    замын хөдөлгөөнд саад болох ажил хийх, гэрэл тавих, мод тарих, зүлэгжүүлэх;

ж/   замын ойролцоо зурагт самбар, үзүүлэн чимэглэлийн зүйл байрлуулах;

з/    зорчих хэсэг, явган хүний зам дээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, үзвэр, үзэсгэлэнгийн зүйл байрлуулах;

и/   зам дээр биеийн тамирын бэлтгэл, уралдаан тэмцээн, жагсаал, тоглолт зэрэг үйл ажиллагаа явуулах;

к/ жолоодлогын дадлага хийх чиглэл, хугацааг тогтоох;

л/   тээврийн хэрэгслийг тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглох.

 

8. Замын цагдаагийн албаны байцаагч, зохицуулагч нь дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/    замын хөдөлгөөн зохицуулах дохиог ойлгогдохуйц тодорхой өгч, шуурхай зохицуулан хөдөлгөөний аюулгүй нөхцөлийг хангах;

б/   хөдөлгөөнд оролцогчдоос замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, журам, стандартыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг хууль тогтоомжид заасны дагуу шуурхай шийдвэрлэх;

в/   замын байгууламж, зорчих хэсгийн гадаргуу, замын гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, илэрсэн доголдлыг холбогдох байгууллагын ажилтан, албан тушаалтанд мэдэгдэж хэвийн байдалд нь нэн даруй оруулах арга хэмжээ авах;

г/   онцгой байдал, нэгдсэн хяналт шалгалт, шуурхай зохицуулалтын ажлаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох бол очиж шалгаж байх;

д/   хөдөлгөөнд оролцогчидтой зөв боловсон харьцах.

 

9. Замын цагдаагийн албаны байцаагч, зохицуулагчид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/    хөдөлгөөнд оролцогчдыг үндэслэлгүйгээр саатуулах;

б/   хөдөлгөөнд оролцогчдод хууль бус шаардлага, элдэв болзол тавих, хувийн ажилд тээврийн хэрэгсэл ашиглах.

 

««..Өмнөх хуудас