ӨМНӨТГӨЛ
Анхны автомашиныг одоогоос 230 гаруй жилийн өмнө буюу 1769 онд Францын алдарт зохион бүтээгч, инженер Жозеф Кьюно бүтээжээ. Энэ машины хөдөлгүүр нь тусгай тогоонд усыг буцалгаж тэндээс үүссэн уурын энергийг ашиглах замаар ажилладаг байсан тул түүнийг ажиллуулагч хүнийг нь францаар «шофёр» (галч) гэдэг байв. Харин бензинээр ажилладаг хөдөлгүүртэй автомашиныг анх 1886 онд Германы нэрт инженер К.Бенц, Г.Даймлер нар зохион бүтээж, тэр үеэс хүн төрөлхтөн автомашиныг ахуй амьдралдаа хэрэглэж эхэлсэн түүхтэй. Энэ цаг үе хүн төрөлхтнийг эрчимтэй хөгжлийн гайхамшигт эрин үе рүү хөтлөн оруулахдаа, хүмүүсийн ахуй амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж, тэдэнд сайн сайхан, дэвшилтэт ирээдүйн замыг гэрэлтүүлж өгсөн юм. Гэвч гэрэл бүхэн сүүдэр дагуулдгийн адил энэ зам тэгш дардан байсангүй.
Автомашины ослын гунигт түүх 1896 оны 8 дугаар сарын 17-нд анх Их Британ улсад бүртгэгдэж, мөн тэр жилдээ дахин хоёр ч хүн дайрагдаж нас баржээ. Энэ үеийн автомашины дээд хурд цагт 6 км-ээс хол давдаггүй байв. АНУ-д 1899 онд хүний амь нас хохирсон зам тээврийн анхны ослыг бүртгэжээ. Автомашины хөгжлийн гэрэл гэгээ “Зам тээврийн осол, хэрэг” гэгч аймшигт сүүдрийг дагуулж эхлэв.
Жил өнгөрөх тутам автомашины тоо өсөн нэмэгдэж, техникийн үзүүлэлтүүд нь сайжран, нийгмийн бодит хэрэглээ болон хувьсан өөрчлөгдөхийн хирээр тэдгээрийн хөдөлгөөнийг хүмүүсийн аюулгүй байдалд нийцүүлэн зохицуулах асуудал хурцаар тавигдах болж, энэ асуудлыг шийдвэрлэх янз бүрийн арга замыг хүн төрөлхтөн хайж эхэлжээ. Энэ хайгуулын ажил өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд энэ хугацаанд олон арга механизмыг боловсруулсан боловч эцсийн төгс шийдвэрийг гаргаж хараахан чадаагүй байна.
Автомашины хөдөлгөөнийг зохицуулахын тулд хүн төрөлхтөн эхний ээлжинд уламжлалт арга барилдаа тулгуурлан үндсэн хоёр механизмыг сонгожээ. Эхнийх нь гадны хүчин зүйлээр шийдвэрлэх арга буюу техник хэрэгслийн тусламжтайгаар зохицуулах, объектив шинжтэй механизм, хоёр дахь нь эрх зүйн хүчин зүйлээр шийдвэрлэх арга буюу хууль, дүрэм, журмын тусламжтайгаар зохицуулах, субъектив шинжтэй механизм байлаа. Эдгээр арга механизмуудын аль аль нь цоо шинэ санаанууд байсангүй.
Автомашин нийтийн хэрэглээ болохоос өмнө замын хөдөлгөөнийг техник хэрэгслээр зохицуулж ирсэн түүхтэй. 1868 онд Лондон хотод гар ажиллагаатай хэрэгслийг хөдөлгөөн зохицуулахад ашигласан нь энэ зорилгод техник хэрэгсэл ашиглах түүхийн эхлэлийг тавьжээ. Уг хэрэгслийг улам боловсронгуй болгосноор 1914 онд АНУ-ын Кливленд хотод, дараа нь 1918 онд Нью-Йорк болон Чикаго хотод гар ажиллагаатай цахилгаан гэрлэн дохиог хөдөлгөөн зохицуулахад ашигласан нь замын гэрлэн дохионы анхных нь байлаа. Энэ гэрлэн дохио нь улаан, ногоон хоёр гэрэлтэй байсан бөгөөд 1918 онд гурван өнгийн гэрэлтэй дохиог Нью-Йорк хотод тавьж эхэлжээ. Москва хотод 1920-оод оноос замын хөдөлгөөн зохицуулах зориулалт бүхий техник хэрэгслийг ашиглаж эхэлсэн бөгөөд 1930 онд гэрлэн дохиог анх нэвтрүүлжээ. Энэ гэрлэн дохио нь гэрэлтэй сум өнцгийн жигд хурдаар эргэж улаан өнгө дээр ирэхэд хөдөлгөөнийг хориглож, ногоон дээр ирэхэд зөвшөөрдөг зарчмаар ажилладаг байв.
Түүнчлэн замын хөдөлгөөнийг эрх зүйгээр зохицуулж ирсэн түүхийн эхлэл нь автомашин үүсэхээс бүр өмнө тавигджээ. 17-р зууны үед Франц улсад “Морин тэрэгний хөдөлгөөн зохицуулах заавар” нэртэй баримт бичиг гарч байсан, мөн Оросын хаан “Ердийн хөсгийн хөдөлгөөнийг журамлан зохицуулах зарлиг” гарган мөрдүүлж байсан зэрэг нь замын хөдөлгөөнийг эрх зүйгээр зохицуулах асуудал эрт үед тавигдаж байсныг илтгэх тод жишээ юм. Ердийн хөсөг болон явган хүмүүсийн гудамж замын хөдөлгөөнийг “Замын хөдөлгөөний дүрэм”-ээр зохицуулж байсан иймэрхүү жишээнүүдийг 17-18 дугаар зууны үеийн Европын хэд хэдэн орны түүхээс үзэж болно. Харин 18-р зуунд хүн төрөлхтөн уурын хөдөлгүүртэй автомашин зохион бүтээж ашигласан нь механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах дүрэмтэй болох эх үндсийг тавьсан юм.
1893 онд Франц улсад мөрдөж эхэлсэн “Өөрөө явагч хөсгийн дүрэм”-ийг орчин үеийн замын хөдөлгөөний дүрмийн эцэг гэж үздэг. Энэ цагаас эхлэн хүн төрөлхтөн автозамын хөдөлгөөн болон түүнийг журамлан зохицуулах эрх зүйн тал дээр нилээд гүн гүнзгий ул суурьтай хандах болсон бөгөөд улс орон бүр өөр өөрийн гэсэн арга барилаар асуудлыг нухацтай авч үзэх болжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдвэрлэх гэсэн зарим орны жишээнээс товч дурдъя:
20-р зууны эхэнд Герман улсад автомашинаар зөвхөн тодорхой өдрүүдэд, цагдаагийн байгууллагаас зөвшөөрсөн чиглэлийн дагуу явж болохоор заасан хууль үйлчилж байжээ. Швейцар улсад автомашинуудыг хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар хурдан явж байхыг зөвлөж байсан нь хүмүүсийг утаагаар хэт их хордуулахгүй байх гэсэнтэй холбоотой байв. Орос улсад 1896 онд Зам харилцааны Сайдын «Зам харилцааны албанаас өөрөө явагч хөсөгт тавигдах ачаа ба зорчигч тээвэрлэх журам ба нөхцөлийн тухай» 7453 тоот тогтоолоор автомашины анхны дүрэм батлагдаж байсан бөгөөд энэ дүрмээр автомашин цагт 13 км-ээс илүүгүй хурдтай явах, мөн морь унаж яваа хүнтэй тааралдах үед түүнийг үргээхээр бол зогсох ёстой байжээ. Монгол Улсад анхны замын хөдөлгөөний дүрэм бий болох үндэс суурь Ардын засгийн газрын 1925 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 11 дүгээр хурлаар хөндөгдөн тавигдаж, улмаар 1925 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар хурлаар «Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм» нэртэй 21-н зүйл бүхий эрх зүйн акт албан ёсоор батлагдан гарсан түүхтэй. Энэ үеэс эхлэн манай улсын Замын хөдөлгөөний дүрэм тухайн үеийн автомашинжилт, автотээврийн болон замын хөдөлгөөний зохион байгуулалтын ололт дэвшилтүүдтэй уялдан олон удаа өөрчлөгдөн шинэчлэгдэж улам бүр боловсронгуй болсоор өнөөг хүрсэн юм (Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн түүхэн хөгжлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү цахим мэдээллийн сангийн “Дүрмийн түүхэн хөгжил” сэдэвт булангаас үзэж болно).
1894 онд Франц улсад явагдсан автомашины анхны уралдаанд хурдны дээд хэмжээ цагт 20.5 км байв. 1899 онд буюу XIX зууны эцсээр Парис хотод зохиогдсон уралдаанд 65.8 км/цаг-ийн хурдтай автомашин тэргүүлж дэлхийн аварга болж байжээ. Тэр үед жирийн автомашины хурд 20-30 км/цаг байв. Техникийн хөгжлийн явцад хурдны дээд амжилтууд автомашины ердийн хурд болон хувьсаж байв. Өнөөдөр дотоод шаталтат хөдөлгүүр бүхий автомашин цагт 600-700 км, тийрэлтэт хөдөлгүүр бүхий автомашин цагт 1200 гаруй км хүртэл хурдлах чадвартай болжээ. Мөн богино хугацаанд хурд авах чадвар ч эрс нэмэгдэж байна. Гэвч замын хөдөлгөөнд автомашины хурдыг техникийн хүчин чадлын дээд хэмжээнд хүртэл ашиглаж болохгүй нь ойлгомжтой.
Уурын хүчээр явдаг машиныг жолоодож явах болсон тэр үеэс л тээврийн хэрэгслийн хурдад хязгаарлал тогтоож эхэлжээ. 1865 онд Англи улсад өөрөө явагч хэрэгслийн хурдыг цагт 4 миль (6.4 км/цаг)-ээс, хөдөлгөөн ихтэй газар 2 милээс хэтрүүлэхгүй байхаар тусгай хууль гарч байсан бөгөөд энэ хууль нь 1896 он хүртэл буюу өөрөөр хэлбэл бензинээр ажилладаг хөдөлгүүртэй автомашин гарах хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байжээ. 1901 онд АНУ-ын Коннектикут мужид хөдөлгөөний зөвшөөрөгдөх дээд хурд цагт 15 миль, харин хотын гудамж замд 12 миль байх тухай журам гарч байв. 1912 онд Москва хотод хүнд даацын автомашин цагт 12 верст (13 км/цаг), бусад автомашин цагт 20 верстээс хэтрүүлэхгүй явж байх тухай хөдөлгөөний дүрэм гарч байжээ. Автомашины хийц, бүтэц болон хөдөлгөөний зохион байгуулалт сайжрах тутам хурдны хязгаарлал өөрчлөгдсөөр иржээ. 1929 онд ЗХУ-ын Замын мэдээллийн ардын комиссаратын тушаалд «Хот дотор буюу хот суурин газарт суудлын автомашин, мотоциклын хөдөлгөөний хурдыг цагт 40 км-ээс, дунд хүртэлх даацын автомашины хурдыг цагт 30 км-ээс, дундаас дээш даацын автомашины хурдыг цагт 20 км-ээс хэтрүүлэхгүй» байхаар зааж байжээ.
Манай улсад 1930-аад оны үеийн замын хөдөлгөөний дүрмээр автомашины зөвшөөрөгдөх дээд хурдыг суурин газарт 20-25 км/цаг-аар тогтоож байсан бол өнөөдөр хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээ бараг 3 дахин өсжээ.
Дэлхий дээр ойролцоогоор 15 мянган автомашин тоологдож байсан XX зууны эхэн үед мэдээж замын хөдөлгөөний нарийвчилсан дүрэм шаардагдахгүй байв. Улс орон бүхэн өөр өөрийн төсөөлөл, арга барилаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол хэргийг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлж байв. Эдгээр ажиллагааны зарим нь ач холбогдол өндөртэй байхад, зарим нь үр дүнгээ өгч чадахгүй байлаа. Ялангуяа механикжсан тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хирээр дээрх асуудал улам бүр нарийн төвөгтэй болж, замын хөдөлгөөнийг шинжлэх ухааны тооцоо, үндэслэлтэйгээр судлах, нарийвчлан журамлах асуудал зайлшгүй болов. Улмаар автомашинжилтын өсөлт болон олон улсын харилцааны автотээврийн хөгжил нь эдгээр ажиллагааг ганц нэг улсын хүрээнд бус олон улсын түвшинд зохицуулах хэрэгцээг бий болгожээ.
Өнөөдөр автотээвэрлэлтийн үйл ажиллагаа аль ч улс орны хувьд нийгэм, эдийн засгийн бие даасан чухал салбар болон өргөжин хөгжиж, улмаар олон улсын харилцаанд өөрийн гэсэн томоохон байр суурийг эзэллээ. Олон улсын хамтын ажиллагаа нэн хурдацтай хөгжихийн хирээр улс хоорондын автотээвэрлэлтийн зохион байгуулалт, олон улсын замын хөдөлгөөний аюулгүй, шуурхай, оновчтой байдлыг нэгдмэл хүрээнд хангах асуудлыг улам бүр нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм. Эдгээр шаардлагыг хангах үүднээс олон улсын автотээврийн харилцааны эрх зүйн салбарт Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын ивээл дор байгуулагдсан Олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн бүхэл бүтэн систем бүрэлдэн тогтжээ. Энэ системийн нилээд хувийг автозамын хөдөлгөөний горим, зохион байгуулалтын дүрэм, журмыг олон улсын хэмжээнд нэгдмэл болгох зорилго бүхий эрх зүйн гэрээ, хэлэлцээрүүд эзэлдэг бөгөөд тэдгээрийн гол чухалд тооцогдох заримаас дурдвал: “Замын хөдөлгөөний тухай Конвенц (Вена, 1968)”, “Замын дохио, тэмдгийн тухай Конвенц (Вена, 1968)” /Эдгээрийг ихэвчлэн Венийн конвенц гэж нэрийддэг/, “Замын хөдөлгөөний тухай Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээр (Женев, 1971)”, “Замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээр (Женев, 1971)” зэрэг баримт бичгүүд болно.
Эдгээр гэрээ, хэлэлцээрүүд нь замын хөдөлгөөний горим болон олон улсын автомашины харилцааны журам тогтоох цорын ганц эрх зүйн баримт бичгүүд биш юм. Олон улсын энэ чиглэлийн нилээд олон конвенц, хэлэлцээрүүд байдаг бөгөөд тэдгээр нь зөвхөн замын хөдөлгөөний дүрмийг хамаараад зогсохгүй автотээврийн хөгжил, олон улсын хөдөлгөөнд оролцох жолоочийн ажлын нөхцөл, тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага, байгаль экологийн орчинд үзүүлэх нөлөө зэрэг олон асуудлыг хөндсөн байдаг юм. Түүнчлэн тээвэрлэлтийн үйл ажиллагааны эдийн засгийн зохицуулалт хийх, олон улсын ачаа ба зорчигч тээвэрлэхэд хамаарах гаалийн журам тогтоох, ачаанд хилийн хянан шалгалт явуулах нөхцөлийг тодорхойлох зэрэг зорилгуудыг агуулсан байдаг. 2008 оны 4 дүгээр сард НҮБ-ын Европын Эдийн засгийн Комисс (ЕЭК)-оос гаргасан мэдээгээр тээврийн холбогдолтой нийтдээ 50 гаруй хууль эрхийн олон талт гэрээ, хэлэлцээрүүд тоологдсон байна. Тухайлбал: Жуулчдад зориулсан гаалийн хөнгөлөлтийн тухай 1954 оны Конвенц, Амины тээврийн хэрэгслийн цаг зуурын импортын тухай 1954 оны Гаалийн конвенц, Олон улсын автозамын ачаа тээвэрлэлтийн гэрээний тухай 1956 оны Конвенц, Олон улсын автозамын аюултай ачаа тээвэрлэлтийн тухай 1957 оны Европын хэлэлцээр, Механикжсан тээврийн хэрэгслийн эд анги ба тоног төхөөрөмжийн албан ёсны баталгааг харилцан хүлээн зөвшөөрөлцөх тухай болон албан ёсны баталгааны нэгдмэл нөхцөлийг бүрдүүлэх тухай 1958 оны Хэлэлцээр, Түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүний олон улсын тээвэрлэлтийн тухай болон энэ тээвэрлэлтэд зориулагдсан тусгай тээврийн хэрэгслийн тухай 1970 оны Хэлэлцээр, Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх жолооч (экипаж)-ийн ажлын нөхцөлийн тухай 1970 оны Европын хэлэлцээр, Олон улсын тууш замын тухай 1975 оны Европын хэлэлцээр, Барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай 1975 оны ТИР карнейн Конвенц, Ачаанд хилийн хянан шалгалт явуулах нөхцөлийг зөвшөөрөлцөх тухай 1982 оны Олон улсын конвенц, Дугуйт тээврийн хэрэгслүүдэд тогтмол явуулах техникийн үзлэгийн нэгдмэл нөхцөлийг бүрдүүлэх ба уг үзлэгийг харилцан зөвшөөрөлцөх тухай 1997 оны Европын хэлэлцээр зэрэг эрх зүйн олон баримт бичгийг дурдаж болох юм.
НҮБ-ын ЕЭК-ын хүрээнд олон улсын хэлэлцээрийн төслүүд бэлтгэхээс гадна, тухайлбал түүний Дотоодын тээврийн Хороо (ДТХ) нь НҮБ-ын гишүүн орнуудад зориулан замын хөдөлгөөнтэй холбоотой зөвлөмжүүд тогтмол боловсруулдаг бөгөөд уг зөвлөмжүүдэд замын хөдөлгөөний дүрмийг сайжруулан боловсруулах, автозамыг тэмдэг, дохиогоор тоноглох, тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах шаардлагыг өндөржүүлэх гэх мэт олон чухал асуудал тусгагддаг байна. Бүх зөвлөмжүүд “Эмхтгэсэн тогтоол” (ЭТ) гэсэн нэртэйгээр нэгтгэгддэг бөгөөд өдгөө дөрвөн эмхтгэсэн тогтоол боловсруулагдаад байна. Үүнд: Замын хөдөлгөөний тухай эмхтгэсэн тогтоол (ЭТ.1), замын дохио, тэмдгийн тухай эмхтгэсэн тогтоол (ЭТ.2), тээврийн хэрэгслийн хийцийн тухай эмхтгэсэн тогтоол (ЭТ.3), автотээвэрлэлтийг хөнгөвчлөх тухай эмхтгэсэн тогтоол (ЭТ.4) болно.
Эдгээр эмхтгэсэн тогтоолууд нь байнга дахин хянагддаг бөгөөд түүнд тодотгол, өөрчлөлтүүд ордог байна. Сүүлийн хэдэн жилд НҮБ-ын ЕЭК-ын ДТХ нь тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний хурдыг хязгаарлахын тулд зорчих хэсэг дээр хиймэл бартаа (тэгш бус хэсэг) хийж ашиглах, овор ихтэй ба урт хэмжээтэй тээврийн хэрэгслүүдэд таних тэмдэг хэрэглэхтэй холбогдсон заалтад засвар оруулах, түүнчлэн ачаа ачих ба түүнийг бэхлэх арга, жолооч бэлтгэх мэргэжлийн сургалт явуулах, сурагчдад замын хөдөлгөөний дүрмийг заах аргачлалыг улам бүр сайжруулан боловсруулах зэрэг бэлтгэл ажлуудыг хийж байна. Эмхтгэсэн тогтоолуудад агуулагддаг зөвлөмжийн заалтууд нь Венийн конвенц болон Европын хэлэлцээрүүдэд оруулах дараачийн засвар өөрчлөлт нь болдог байна.
Автотээврийн хөгжил, дэвшил эрчимтэй үргэлжилж байгаа өнөө үед тээврийн хэрэгслийн хийц сайжирч, замын үзүүлэлтүүд өөрчлөгдөж, хөдөлгөөний зохион байгуулалт дээшилж, хөдөлгөөн зохицуулах шинэ арга, техник хэрэгсэл бий болж байгаатай холбоотойгоор олон улсын баримт бичгүүдийн заалтуудад тодотгол, нэмэлт оруулах хэрэгцээ чухал хэвээр байгаа юм. НҮБ-ын ЕЭК-ын ДТХ-ны хүрээнд Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Конвенц, түүнчлэн тэдгээрийн нэмэлт болох Европын хэлэлцээрүүдийг шинэчлэх ажил тогтмол хийгдэж байна.
Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио тэмдгийн тухай 1968 оны Венийн Конвенцуудыг Монгол Улс 1997 онд хүлээн зөвшөөрч нэгдэн орсон бөгөөд ингэснээрээ манай улсын замын хөдөлгөөнтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүд тус конвенцийн заалт, шаардлагуудтай зөрчилдөхгүй, түүн дээр үндэслэгдсэн байх, ялангуяа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм уг Конвенцид нийцсэн байх үүргийг олон улсын өмнө хүлээсэн юм. Энэ ч үүднээс Монгол Улсын Замын тэмдэг, тэмдэглэлийн стандартууд болон Замын хөдөлгөөний дүрэмд 2003, 2004 онуудад өөрчлөлт шинэчлэлт хийгдсэн билээ.
Олон улсын эдгээр эрх зүйн баримт бичгүүдийг Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгээс 2004 онд орос болон англи хэлнээс эх хэлнээ хөрвүүлэн эмхтгэж ном болгон хэвлэн гаргасан юм. Энэ ном нь автозам, автотээврийн салбарын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албаны ажилтан, албан хаагчдад өөрсдийн үйл ажиллагаандаа, юуны өмнө замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой норм, хэм хэмжээг тогтоохдоо олон улсын эрх зүйн зохих шаардлагуудыг бүх талаас нь харгалзан үзэх боломжийг олгох, мөн түүнээс гадна тээврийн хэрэгслийн жолооч нарт гадаад улс орны замын хөдөлгөөнд зөв чиг баримжаатай байхад нь туслах зорилгыг агуулна. Мөн энэ номонд дээрх баримт бичгүүдээс гадна Вена хотноо 1968 оны 10 дугаар сарын 7-ноос 11 дүгээр сарын 8-ны хооронд болж өнгөрсөн НҮБ-ын Замын хөдөлгөөний Бага хурлын төгсгөлийн актыг эх хэлнээ хөрвүүлэн бүрэн эхээр нь нийтэлсэн юм. Энэхүү Бага хурлаар Замын хөдөлгөөний тухай Конвенц болон Замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж, уг баримт бичгүүдийг тунхаглан нээжээ.