ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТҮҮХЭЭС

 

Замын хөдөлгөөнийг зохион байгуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн олон улсын хэмжээний чухал актуудын нэг бол 1968 онд Вена хотноо байгуулсан Замын хөдөлгөөний тухай Конвенц болон Замын дохио, тэмдгийн тухай Конвенц, түүнчлэн эдгээр Конвенцийн нэмэлт болох 1971 онд Женев хотноо байгуулсан Европын хэлэлцээрүүд юм. Эдгээр Конвенц болон Хэлэлцээрүүд нь замын хөдөлгөөний нэгдмэл дүрэм тогтоох замаар олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөх, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх гэсэн янз бүрийн орнуудын хүсэл эрмэлзлийн үр дүнд бий болжээ. Улс орон бүр өөр өөрийн замын хөдөлгөөний дүрэм боловсруулан мөрдөж байсан тухайн үед олон улс хоорондын автозамын харилцааг зохицуулах эрх зүйн механизм буюу олон улсын замын хөдөлгөөний нэгдмэл дүрэм үгүйлэгдэж байв. Иймээс ч тухайн улс орнууд нь дээрх Конвенцуудыг баталж гарын үсэг зурснаараа өөрсдийн нутаг дэвсгэр дээр мөрдөгдөж буй замын хөдөлгөөний дүрмийн гол утга санааг уг Конвенцийн заалтуудад нийцүүлэх, түүнчлэн замын тэмдэг, дохио, тэмдэглэлүүдээ олон улсын гэрээгээр тогтоосон системийн дагуу хэрэглэж байх зайлшгүй арга хэмжээнүүдийг авах үүргийг хүлээжээ. Энэ арга хэмжээ нь дэлхийн улс гүрнүүдийг замын хөдөлгөөний нэгдсэн зохицуулалттай байлгах, улмаар олон улсын харилцааг саадгүй хөгжүүлэх глобаль шинж чанартай бодлого юм.

Олон улсын замын хөдөлгөөний дүрэм бий болсон түүх цөөн хэдэн жилээр тоологдохгүй. Орон бүрийн замын хөдөлгөөний дүрмийг олон улсын хэмжээнд нэгдмэл болгох гэсэн анхны оролдлого 1909 онд Парис хотноо байгуулсан «Автомашины хөдөлгөөнд хамаарах олон улсын конвенц» нэртэй хэлэлцээр байв. Энэ конвенц нь тээврийн хэрэгсэл болон жолоочид тавигдах шаардлагын жагсаалтыг агуулсан арван таван зүйлээс бүрдэх бөгөөд уг хэлэлцээрээр дугуй хэлбэрийн дөрвөн ширхэг анхааруулах тэмдэг, түүнчлэн олон улсын жолоочийн үнэмлэхний загварыг тогтоож байжээ. Энэ үнэмлэх нь «Хилийн чанадад түр хугацаагаар хөдөлгөөнд оролцоход зориулсан олон улсын замын гэрчилгээ» гэсэн нэртэй байсан бөгөөд олон улсын хэмжээнд хэрэглэхээр баталсан анхны дөрвөн тэмдэг нь уулзвар, тахир зам, төмөр замын гарам, замын тэгш биш хэсгийг анхааруулах утгатай байв. Эдгээр тэмдэг дэх дүрсүүд өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.

 

 

 

Дараагийн алхам нь 1926 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Парис хотноо байгуулсан Автомашины хөдөлгөөний тухай Олон улсын конвенц байв. Энэ нь эхний конвенцийг бодвол илүү дэлгэрэнгүй байдлаар олон улсын хөдөлгөөнд оролцох автомашины тоноглолд тавигдах шаардлага, түүнчлэн замын тэмдгүүдийн хэлбэр, хэмжээ, байрлалыг тогтоосон заалтуудыг агуулжээ. Анхааруулах тэмдгийн дугуй хэлбэрийг гурвалжин хэлбэртэй болгон өөрчилж, урьд батлагдсан дөрвөн ширхэг анхааруулах тэмдэг дээр «Заавал зогсоно», «Төмөр замын хамгаалалтгүй гарам» гэсэн хоёр тэмдгийг шинээр нэмж зургаан тэмдэгтэй болжээ.

1931 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Женев хотноо батлагдсан Замын тэмдэг ба дохиог нэгдмэл болгох тухай Конвенцид замын тэмдгийн тоо ширхгийг 26 хүртэл нэмэгдүүлж, тэдгээрийг “Анхааруулах”, “Тушаах”, “Мэдээлэх” гэсэн гурван бүлэгт хуваажээ.

Дэлхийн хоёрдугаар дайныг хүртэл улс гүрнүүдийн дунд замын тэмдгийн “Европын” ба “Англи-америкийн” гэсэн үндсэн хоёр систем үйлчилж байв. Европын систем нь 1931 оны Конвенцид нийцэх бөгөөд тэмдэгт дүрслэлийг илүүтэйгээр хэрэглэж байв. Харин Англи-америкийн системд бичиглэл зонхилж байжээ. Замын тэмдгийн системийг дэлхийн бүх оронд нэгдмэл болгох гэсэн оролдлого дайны дараагаас эхэлжээ.

1947 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Европын эдийн засгийн Комисс (НҮБ-ын ЕЭК) байгуулагдсан бөгөөд түүний баримтлах бодлогуудын нэг хэсэг нь энэ байгууллагын гишүүн орнуудын аль болох олонхид нь хэрэглэгдэх нэгдсэн дүрэм, шаардлагуудыг боловсруулахад чиглэгдэж байв. 1949 онд НҮБ-ын ЕЭК-ын хүрээнд олон улсын шинэ хэлэлцээрүүдийн бэлтгэл ажил шувтарч, 1949 оны 8 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 19-ны өдрүүдэд Женев хотноо болж өнгөрсөн НҮБ-ын ээлжит Бага хурлаар Замын хөдөлгөөний тухай Конвенц болон Замын дохио, тэмдгийн тухай Протокол батлагджээ. Энэ Конвенц нь 1952 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс, харин Протокол нь 1953 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс тус тус хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Дашрамд дурдахад, энэ үеэс эхлэн “Road traffic” буюу “Замын хөдөлгөөн” гэсэн нэр томъёог олон улсын хэмжээнд албан ёсоор хэрэглэх болсон байна.

Замын хөдөлгөөнийг зохион байгуулахад чухал үзүүлэлт болох олон улсын хөдөлгөөнд оролцох автомашины жин, оврын хэмжээний хязгаарлалтыг 1949 оны Конвенцид анх удаа тогтоожээ. Үүнд:

Нийт өргөн ................................................... 2.5 м

Нийт өндөр .................................................. 3.8 м

Нийт урт:

нэг чиргүүлтэй автомашины хувьд .....18.0 м

хоёр чиргүүлтэй автомашины хувьд .. 22.0 м

Тэнхлэгт ногдох ачаалал:

нэг тэнхлэгт ....................................... 8.0 т

давхар тэнхлэгт ................................. 14.5 т

Эдгээр үзүүлэлт нь зам барих, төслөх, автомашин шинээр үйлдвэрлэхэд баримтлан тооцох норм болох бөгөөд түүнчлэн замын хөдөлгөөнийг зохион байгуулахтай холбоотой тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх үед харгалзан үзэх параметрүүд юм.

Замын хөдөлгөөний тухай 1949 оны Женевийн Конвенцид дэлхийн улс гүрнүүдийн дийлэнх нь нэгдэн орсноороо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудалд олон улсын нэгдмэл ойлголт чухал болохыг нотолсон төдийгүй замын хөдөлгөөнтэй холбоотой үндэсний хууль тогтоомжуудын нэгдмэл байдлыг өргөн хүрээгээр хангасан байна.

Харин Замын дохио, тэмдгийн тухай 1949 оны Протоколын замын тэмдгийн систем нь европын замын хөдөлгөөний зохион байгуулалтад илүүтэйгээр тулгуурласан чигийг баримталсан байсан учраас түүнийг Хойд ба Өмнөд Америк болон зэргэлдээх орнууд хүлээж аваагүй байна. Эдгээр орнууд өөрсдийн замын дохиоллын системийг хэрэглэсэн бөгөөд энэ систем нь 1943 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Вашингтон хотноо байгуулсан «Америкийн орнуудын хоорондох автомашины хөдөлгөөний дүрмийн тухай Конвенц»-оор батлагджээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн шинэ үе шат 1968 оны 10 дугаар сарын 7-ноос 11 дүгээр сарын 8-ны өдрүүдэд Австрийн нийслэл Вена хотноо болж өнгөрсөн НҮБ-ын Замын хөдөлгөөний Бага хурлаар Замын хөдөлгөөний тухай Конвенц болон Замын дохио, тэмдгийн тухай Конвенц гарын үсэг зурагдаж нээлттэй болсон явдал юм.

Замын хөдөлгөөний тухай Венийн Конвенц 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныхаа дагуу уг Конвенцийг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон тухай арван тав дахь баримт бичиг (энэ нь Иран улсаас ирүүлсэн баримт бичиг байв) НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалагдахаар ирснээс хойш арван хоёр сарын дараагаас буюу 1977 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр болжээ. Энэхүү арван таван орны нэрсийг тус Конвенцид элссэн огнооны дарааллаар жагсаавал:

1. 1970 оны 7 дугаар сарын 20-ны өдөр: Сан-Марино

2. 1971 оны 5 дугаар сарын 11-ний өдөр: Израиль

3. 1971 оны 12 дугаар сарын 9-ний өдөр: Франц

4. 1972 оны 8 дугаар сарын 16-ны өдөр: Сенегал

5. 1973 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр: Гайана

6. 1973 оны 5 дугаар сарын 4-ний өдөр: Бахрейн

7. 1973 оны 10 дугаар сарын 11-ний өдөр: Герман (БНАГУ)

8. 1973 оны 12 дугаар сарын 27-ны өдөр: Филиппин

9. 1974 оны 6 дугаар сарын 7-ны өдөр: Орос (ЗХУ)

10. 1974 оны 6 дугаар сарын 18-ны өдөр: Беларусь (ЗСБНБУ)

11. 1974 оны 7 дугаар сарын 12-ны өдөр: Украин (ЗСБНУУ)

12. 1975 оны 7 дугаар сарын 11-ний өдөр: Нигер

13. 1975 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр: Люксембург

14. 1976 оны 3 дугаар сарын 16-ны өдөр: Унгар

15. 1976 оны 5 дугаар сарын 21-ний өдөр: Иран

 

Харин Замын дохио, тэмдгийн тухай Венийн Конвенц нь 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныхаа дагуу 1978 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр болжээ.

Эдгээр Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээрүүд 1971 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Женев хотноо боловсруулагдсан бөгөөд Замын хөдөлгөөний тухай Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээр нь 1979 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс, харин Замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээр нь 1979 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс тус тус хүчин төгөлдөр болжээ.

НҮБ-ын ЕЭК-ын хүрээнд 1973 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Замын дохио, тэмдгийн тухай Венийн Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээрийн Замын тэмдэглэлийн тухай Протокол батлагдсан бөгөөд, уг Протокол 1985 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болжээ.

Олон улсын эдгээр баримт бичгүүдийг хэдийгээр мөрдөж байвч орон бүрийн замын хөдөлгөөний дүрмүүд нь тухайн улсын автомашинжилтын түвшин, үндэсний хууль тогтоомжийн онцлог, хөдөлгөөн зохицуулах техникийн хөгжил, түүнчлэн орон нутгийн уламжлал, заншил зэргээс хамаарч ялгаатай байсаар байна. Түүгээр үл барам Ватикан, Венесуэл, Гана, Индонез, Испани, Их Британ, Коста-Рика, Мексик, Португал, Солонгос, Тайланд, Хятад, Эквадор зэрэг орнууд нь Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Венийн Конвенцуудад гарын үсэг зурсан боловч эдгээрийн алиныг ч батлаагүй байна. Дээрх орнуудаас гадна Чили улс Замын хөдөлгөөний тухай Конвенцид, харин Бразил улс Замын дохио, тэмдгийн тухай Конвенцид гарын үсэг зурсан боловч мөн л батлаагүй ажээ.

Замын хөдөлгөөний тухай Конвенцид Азербайжан, Армен, Багамын арал, Бразил, Гайана, Зимбабве, Израиль, Молдав, Монако, Нигер, Өмнөд-Африкийн БНУ, Перу, Словен, Уругвай зэрэг орнууд нэгдэн орсон боловч Замын дохио, тэмдгийн тухай Конвенцид нэгдээгүй байна. Түүнчлэн Ирак, Чили, Энэтхэг улсууд Замын дохио, тэмдгийн тухай Конвенцид нэгдэн орсон боловч нөгөө Конвенцид нь нэгдээгүй ажээ.

Өдгөө Замын хөдөлгөөний тухай Венийн Конвенцид 67 орон, Замын дохио, тэмдгийн тухай Венийн Конвенцид 56 улс орон нэгдэн ороод байна.

Венийн Конвенцуудыг хүлээн зөвшөөрсөн Европын улсуудын зарим нь эдгээр Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээрүүдэд гарын үсэг зураагүй байна. Европын 27 орон уг хэлэлцээрүүдийн аль алинд нь нэгдэн орсон бол Молдав, Монако, Словен, Хорват улс зөвхөн Замын хөдөлгөөний тухай Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээрийг, харин Гүрж, Эстони улс Замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээрийг тус тус баталжээ. Түүнчлэн эдгээр хэлэлцээрт Их Британ улс гарын үсэг зурсан боловч алийг нь ч батлаагүй байна.

Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Венийн Конвенцууд, мөн тэдгээрийн нэмэлт болох Европын хэлэлцээрүүдэд Хэлэлцэн тохирогч тал болж нэгдэн орсон улс орнуудын нэрсийн жагсаалтыг тухайн гарын үсэг зурсан буюу соёрхон баталж нэгдэн орсон огнооны хамт хүснэгтэлснийг энэхүү цахим мэдээллийн сангаас үзэж болно.

1993 онд Замын хөдөлгөөний тухай Венийн Конвенц ба түүний нэмэлт болох Европын хэлэлцээрт, 1995 онд Замын дохио, тэмдгийн тухай Венийн Конвенц ба түүний нэмэлт болох Европын хэлэлцээрт тус тус засвар өөрчлөлт оржээ. Замын хөдөлгөөний тухай Конвенцид орсон засвар 1993 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс, уг Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээрт орсон засвар 1993 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс, Замын дохио, тэмдгийн тухай Конвенцид орсон засвар 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс, уг Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээрт орсон засвар 1995 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс тус тус хүчин төгөлдөр болжээ.

Монгол Улс дээрх Конвенцуудад нэгдэн орох тухай асуудал Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 239 тоот тогтоолоор хөндөгдөн тавигдсан юм. Улмаар Монгол Улсын Их хурлаас 1997 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Конвенцуудыг хүлээн зөвшөөрч нэгдэн орох тухай хууль соёрхон баталж, Засгийн газраас батламж жуух бичиг илгээснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан бөгөөд үүнээс 12 сарын дараа буюу 1998 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс тус Конвенцууд Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм.