|
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР |
|
1997 оны 6 дугаар сарын 10-ны өдөр |
Дугаар ЗГ/71 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
Р.ГОНЧИГДОРЖ ТАНАА
Хуулийн төсөл өргөн барих тухай
Вена хотноо 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан “Замын хөдөлгөөний тухай Конвенц” болон “Замын дохио, тэмдгийн тухай Конвенц”-д нэгдэн орох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж зүйтэй гэж үзэн “Олон улсын гэрээний тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу соёрхон батлуулахаар Улсын Их Хуралд өргөн барьж байна.
Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж өгөхийг Танаас хүсье.
Монгол Улсын Ерөнхий сайд |
М.ЭНХСАЙХАН |
Т А Н И Л Ц У У Л Г А
Хуурай замын тээврийн харилцааг өргөжүүлэх, хил, гаалийн болон замын хөдөлгөөний хяналтын журмыг хөнгөвчлөх талаархи Нэгдсэн Үндэстний Байгууллагын нийгэм, эдийн засгийн комиссын 1987 оны 48/11 тоот тогтоолын заалтыг хэрэгжүүлж Монгол Улс олон улсын замын хөдөлгөөний нийтлэг жишигт шилжих явдал чухал болж байна.
Бүс нутгийн улсуудын хуурай замын олон улсын тээвэрт хил, гаалийн болон бусад хяналтын журмыг хөнгөвчлөх асуудлыг Ази, Номхон далайн орнуудын нийгэм, эдийн засгийн комисс (ESCAP) авч хэлэлцэн түүнтэй холбоотой олон улсын 7 Конвенцид нэгдэх асуудлыг түргэтгэхийг бүс нутгийн улсуудын Засгийн газарт зөвлөмж болгосон юм.
Эдгээрийн дотор Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай олон улсын Конвенц орж байгаа юм.
Дээр дурдсан Конвенциудад Монгол Улс нэгдэн орох дараахь хэд хэдэн шаардлага амьдралаас урган гарч байна. Үүнд:
1. Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд албаны болон амины тээврийн хэрэгслээр гадаадын хөрш зэргэлдээ болон бусад улсад зорчих нь үлэмж боллоо. Гэтэл гадаад улсуудад Монгол Улсын жолоочийн үндэсний үнэмлэх болон олон улсын хэмжээнд баталгаажсан ялгах тэмдэггүй тээврийн хэрэгслийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд монгол иргэдийг саатуулж хохироох явдал олон гарч, манай иргэдээс уг асуудлыг нааштай шийдвэрлэх талаар санал хүсэлт цөөнгүй гарах болов.
2. Хөрөнгө оруулалт, бизнес, жуулчлалын зорилгоор гадаадын иргэд манай улсад олноор ирж тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдэж байна. Тэдгээрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зорчих явдлыг хөнгөвчилж олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, гадаад улсын бүртгэл, ялгах тэмдэгтэй тээврийн хэрэгслийг Монгол Улсад зорчихыг олон улсын нийтлэг жишгийн дагуу хүлээн зөвшөөрөх замаар гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих таатай орчинг бүрдүүлэхэд тус дөхөм үзүүлэх шаардлагатай боллоо.
3. Монгол Улс Ази тивийн авто замын сүлжээнд нэгдсэнээр манай нутгаар Ази, Европ тивийг холбосон олон улсын авто замын хөдөлгөөний орчин бүрдэх тул түүнийг олон улсын замын хөдөлгөөний нийтлэг жишгийн дагуу явуулах эрх зүйн үндэс, нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай боллоо.
4. Дэлхийн улс орнуудын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаа өргөжиж, тэдгээр орнуудын хил, гааль нэвтрэх болон хуурай замын хөдөлгөөний журмыг хөнгөвчлөх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд зохих алхам хийх шаардлагатай болсон байна.
5. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм анх батлагдсанаас хойш 11 удаа өөрчлөгдсөн бөгөөд сүүлийн 2-3 удаагийн өөрчлөлтөөрөө олон улсын Конвенцид заасан нөхцөл, шаардлага, замын дохио, тэмдэг, тэмдэглэлийн дүрс, хэлбэр, загварт ойртсон учир уг Конвенцид нэгдсэнээр нэмэгдэл зардал гарах хүндрэл үүсэхгүй болсон юм.
6. Эдгээр Конвенциудад нэгдэн ороход элсэлтийн ямар нэгэн материаллаг зардал гарахгүй бөгөөд харин ч уг Конвенцид нэгдсэн улс орнуудтай замын хөдөлгөөн, замын дохио, тэмдэгтэй холбогдсон асуудлаар мэдээлэл, туршлага солилцох, авто замын хөдөлгөөн зохицуулалт, хяналтын техник, тоноглолыг сайжруулах талаар хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Иймд замын хөдөлгөөний тухай болон замын дохио, тэмдгийн тухай хоёр Конвенцид нэгдэн орох асуудлыг өргөн барьж байна.
Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенц нь 1968 онд Вена хотод нээгдсэн бөгөөд 1993 онд сүүлчийн өөрчлөлт орсон, 6 бүлэг, 56 зүйл, 7 хавсралтаас бүрддэг баримт бичиг юм.
Конвенцийн нэгдүгээр бүлэгт Үндэсний хууль тогтоомж, Олон улсын хөдөлгөөнд байгаа тээврийн хэрэгсэл, Суурин газар, Зам, Замын зорчих хэсэг, Хөдөлгөөний эгнээ, Уулзвар, Төмөр замын гарам, Тууш зам, Түр зогсолт, Удаан зогсолт, Унадаг дугуй, Мопед, Мотоцикл, Механикжсан тээврийн хэрэгсэл, Автомашин, Чиргүүл, Хагас чиргүүл, Хөнгөн чиргүүл, Тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн, Хагас чиргүүлтэй тээврийн хэрэгсэл, Жолооч, Зөвшөөрөгдсөн дээд жин, Ачаалалгүй жин, Ачаалалтай жин, Хөдөлгөөний чиглэл, Зам тавьж өгөх гэсэн замын хөдөлгөөнтэй холбоотой үндсэн нэр томъёонуудыг хуульчлан тодорхойлж өгчээ.
Энэхүү Конвенцийн хоёрдугаар бүлэгт олон улсын замын хөдөлгөөнд баримтлах нийтлэг дүрмийг заажээ. Уг дүрэмд хөдөлгөөнд оролцогчдын нийтлэг үүрэг, замын тэмдэг, дохио, хөдөлгөөн зохицуулах эрх бүхий ажилтны дохио, зорчих хэсэг дээрх байрлалт, гүйцэж түрүүлэх, зөрж өнгөрөх журам, хурд, хоорондын зай, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам, хөдөлгөөний чиг өөрчлөх, хөдөлгөөн удаашруулах, уулзвар нэвтрэх, зам тавьж өгөх үүрэг, төмөр замын гарам нэвтрэх журам, явган зорчигчдын үүрэг, жолооч явган зорчигчдын харилцааг зохицуулах дүрэм, зогсолт, зогсоол, нүхэн гарцаар нэвтрэх, жагсаж яваа болон тахир дутуу хүмүүс, мөн унадаг дугуй, мопед, мотоциклын жолооч нарт хамаарах дүрэм, дуут болон гэрлэн дохио, ачаа, зорчигч тээвэрлэх, гэрэл хэрэглэх журам, зам тээврийн осол тохиолдсон үед жолоочоос авах арга хэмжээний талаар тодорхой заажээ.
Конвенцийн гуравдугаар бүлэгт автомашин, чиргүүлийг олон улсын замын хөдөлгөөнд оруулах нөхцөлүүд, тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаар, ялгах болон таних тэмдэг, техникийн талаар тавих шаардлага, техникийн үзлэгийн талаар, дөрөвдүгээр бүлэгт жолоочийн үнэмлэх хүчинтэй байх, хүчингүй болох нөхцөл зэрэг жолоочтой холбоотой заалтууд, тавдугаар бүлэгт унадаг дугуй, мопедыг олон улсын замын хөдөлгөөнд оруулахтай холбогдсон заалтууд оржээ. Зургадугаар бүлэгт уг Конвенцид нэгдэх, Конвенциос гарах, түүнд өөрчлөлт оруулах санал гаргах, түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагад авч үзэх, хэлэлцэн тохирогч Талуудтай зөвшилцөх, мэдэгдэл хийх зэрэг дотоод журмыг заасан байна.
Замын дохио, тэмдгийн тухай Конвенц нь 6 бүлэг, 48 зүйл, 3 хавсралтаас бүрдэж байна.
Конвенцийн 1 дүгээр бүлэгт замын хөдөлгөөнтэй холбогдсон гол нэр томъёонуудыг хуульчлан оруулсан бөгөөд хоёрдугаар бүлэгт замын тэмдгүүдийг заасан байна. 2 дугаар бүлэгт анхааруулах, хориглох, заах, мэдээлэх болон дарааллын тэмдгүүд, тэдгээрийн хэлбэр, загвар, өнгө болон утга агуулгыг зааж өгснөөс гадна зогсоолтой холбоотойгоос бусад мэдээлэх тэмдэг, чиглэл заах тэмдэг, зам заах тэмдэг, баталгаажуулах тэмдэг, явган хүний гарцын тэмдэг, зогсолт ба зогсоолын тухай тэмдэг гэх зэргээр бүлэглэн уг тэмдгүүдийн хэлбэр загвар, утга агуулгыг тодорхойлжээ.
Конвенцид анхааруулах тэмдэг 57, хориглох тэмдэг 39, заах тэмдэг 13, мэдээлэх тэмдэг 54, дарааллын тэмдэг 8, нэмэлт тэмдэг 6 байгаагаас салдаг гүүр, эрэг ба нүх, хүүхдийн хөдөлгөөн, унадаг дугуйн зам, хүчтэй салхи зэрэг 5 анхааруулах тэмдэг, түрдэг тэрэг явах хориотой, тэгш, сондгой өдөр зогсохыг хориглоно гэсэн 3 хориглох тэмдэг, Морьтой хүний зам, цасны гинж, гарцгүй мухар гудам, хүүхдийн зуслан, гарцгүй зам, замын тухай мэдээлэл, зугаалгын газар, автомашины чиргүүлтэй амрах газар, залуучуудын амрах газар зэрэг 9 заах тэмдэг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд байхгүй юм.
Конвенцийн 3 дугаар бүлэгт хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио түүний дотор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах, явган зорчигчдын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионуудын хэлбэр, загвар, төрөл, тэдгээрийн утга агуулгыг заажээ.
Уг Конвенцийн 4, 5 дугаар бүлэгт замын тэмдэглэлийн төрөл, хэлбэр, загвар, өнгө, утга агуулгыг тодорхойлжээ.
Замын дохио, тэмдгийн тухай Конвенцид хөдөлгөөн ихтэй уулзварт ойртож байгаа зам, харагдах боломж муутай, саад бэрхшээлтэй зам, замын нарийсалт, өргөсөлт, замын саад, зам тавьж өгөх, дугуйтай хүний гарцын шугам гэсэн манай дүрэм, стандартад байхгүй тэмдэглэлүүд орсон байна. Одоо манай дүрэм, стандартад байхгүй эдгээр тэмдэг, тэмдэглэлийг нэмж тусган хэрэглэхэд онцын бэрхшээл гарахгүй юм.
Конвенцийн 6 дугаар бүлэгт уг Конвенцид нэгдэх, Конвенциос гарах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, тэр талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагад хэлэлцэх, Хэлэлцэн тохирогч Талууд зөвшилцөх, мэдэгдэл хийх, хүчинтэй болж мөрдөх зэрэг журмыг заасан байна.
Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцийн 45 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олон улсын замын хөдөлгөөнд оролцож буй Монгол Улсын тээврийн хэрэгсэлд MGL гэсэн ялгах тэмдгийг, замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн 46 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заасны дагуу анхааруулах тэмдгийн Аа, зогсохгүй явах хориотой тэмдгийн В,2а хэлбэрийг Монгол Улс тус тус сонгон авч байгаагаа мэдэгдэж, эдгээр Конвенциудад нэгдэн орох саналтай байна. Эдгээр баримт бичгүүдэд нэгдэн орох нь манай иргэдийн хүсэлт, хэрэгцээ болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын зөвлөмжид нийцэж байгаа болно.
ЗАСГИЙН ГАЗАР