ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦИЙН ТОВЧ АГУУЛГА

 

Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Конвенцууд нь олон улсын хэмжээний эрх зүйн баримт бичиг болохынхоо хувьд уг гэрээнд нэгдэн орсон улс орон бүрийн замын хөдөлгөөний үндэсний хууль тогтоомжуудын үндсэн бааз суурь нь болдог төдийгүй улс хоорондын замын хөдөлгөөний асуудлыг журамлан зохицуулах эрх зүйн үндэс болдог юм. Иймээс эдгээр гэрээнд олон улсын замын хөдөлгөөнтэй холбоотой асуудлуудыг илүүтэйгээр тусгажээ.

Замын хөдөлгөөний тухай Конвенцид: Хэлэлцэн тохирогч Талуудын эрх, үүрэг, замын хөдөлгөөний нийтлэг дүрэм, олон улсын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдэд тавигдах нөхцөлүүд, автомашины жолоочид тавигдах шаардлага, үндэсний болон олон улсын жолоочийн үнэмлэхний загвар, түүнд тавигдах шаардлага зэрэг зүйлс тусгагдсан бөгөөд энэ нь 6-н бүлэг, 56-н зүйл, 7-н хавсралтаас бүрджээ.

Конвенцийн 6 дугаар бүлэг (Төгсгөлийн заалтууд)-т тус гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой дотоод журмыг заасан байх бөгөөд тухайлбал: Конвенцид нэгдэн орох зарчим, түүний хүчин төгөлдөр болох нөхцөл, түүнд өөрчлөлт, засвар оруулах буюу мэдэгдэл хийх журам, түүнчлэн Конвенц цуцлагдах буюу хүчингүй болох нөхцөл, Хэлэлцэн тохирогч Талуудын харилцааны эрх зүйн зохицуулалт зэрэг асуудлууд тусгагджээ. Энэ бүлэгт тусгагдсан зарим заалтуудын талаар тайлбарлая.

Тус Конвенцуудад нэгдэн орох аливаа улс нь тухайн Конвенцийг соёрхон баталсан тухай батламж бичиг болон нэгдэн орох тухай баримт бичгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар шилжүүлэх бөгөөд ингэхдээ зарим нэг зайлшгүй шаардлагатай мэдэгдлийг хийх ёстой юм. Тодруулбал: Уг Конвенцийн 45 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Хэлэлцэн тохирогч Тал нь өөрийн улсад бүртгэлтэй, олон улсын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэлд байрлуулахаар сонгосон ялгах тэмдгээ Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тэрээр уг мэдэгдлийг 55 дугаар зүйлийн “b”-д заасны дагуу Хэлэлцэн тохирогч бусад Талуудад мэдээлэх ёстой ажээ. Тэрхүү ялгах тэмдэг нь уг Конвенцийн 3 дугаар хавсралтад заасан шаардлагад нийцсэн байх ёстой юм. Уг хавсралтад зааснаар ялгах тэмдэг нь латин цагаан толгойн нэгээс гурван ширхэг үсэгнээс бүрдэх бөгөөд тэдгээр үсэг нь зуйван дугуй (эллипс) хэлбэртэй цагаан өнгийн дэвсгэр дээр хар өнгөөр тэмдэглэгдсэн байх шаардлагатай байна.

Энэхүү шаардлагын дагуу Монгол Улс тус Конвенцид нэгдэн орохдоо «MGL» гэсэн гурван үсэгнээс бүрдэх ялгах тэмдгийг сонгон авч байгаагаа мэдэгдсэн юм.

 

Конвенцийн 37 дугаар зүйлд заасны дагуу олон улсын хөдөлгөөнд оролцох автомашин бүрт тухайн бүртгэгдсэн улсынх нь ялгах тэмдэг байрласан байх ёстой бөгөөд өөрөөр хэлбэл Монгол Улсын тээврийн хэрэгслээр гадаадын орны замын хөдөлгөөнд оролцохдоо «MGL» ялгах тэмдгийг уг тээврийн хэрэгслийнхээ ард талд байрлуулсан байх шаардлагатай юм. Үүний нэгэн адил Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл ч тухайн улсынхаа ялгах тэмдгийг байрлуулсан байх ёстой бөгөөд энэ шаардлага манай Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-ын “б”-д тусгагдсан бий.

Аливаа улс нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар урьд өмнө сонгосон ялгах тэмдгээ өөрчилж болох бөгөөд энэхүү өөрчлөлт нь тус Конвенцийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш гурван сарын дараагаас хүчин төгөлдөр болох ажээ.

Энэхүү зайлшгүй хийх ёстой мэдэгдлээс гадна тус Конвенцид нэгдэн орох аливаа улс нь батламж бичиг буюу нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөх үедээ уг Конвенцийн 54 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар тухайн Конвенцийг хэрэгжүүлэхдээ мопедыг мотоциклтой адилтгаж үзэх тухай мэдэгдэл хийж болдог байна. Ийм мэдэгдэл хийсэн Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд мопед нь “Механикжсан тээврийн хэрэгсэл”-д тооцогдох бөгөөд тухайн Хэлэлцэн тохирогч Тал нь өөрийн нутаг дэвсгэр дээр мопедын жолоочоос “Жолоодох эрхийн үнэмлэх” шаардах эрх зүйн үндэслэлтэй болох юм. Түүнчлэн мопедын жолоочид тавигдах техникийн шаардлага болон хөдөлгөөний журмууд нь мотоциклын жолоочийнхтой адил түвшинд хэрэгжих бөгөөд тухайлбал, тус Конвенцийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “a”-д заасны дагуу тууш замаар мопедын хөдөлгөөнийг хориглохгүй юм. Түүнчлэн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлага мопедод хамаарахгүй бөгөөд харин уг зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мопедыг олон улсын хөдөлгөөнд оролцуулахдаа уг Конвенцийн 5 дугаар хавсралтаар тодорхойлсон мотоциклд хамаарах техникийн нөхцөлийг мөрдөх шаардлагатай болох юм.

Харин дээрх мэдэгдлийг хийгээгүй Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд замын хөдөлгөөнтэй холбоотой өөрийн үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ мопедыг унадаг дугуйтай бүрэн адилтган үзэж болох бөгөөд тухайлбал, манай улс уг мэдэгдлийг хийгээгүй тул “Замын хөдөлгөөний дүрэм”-дээ мопедыг унадаг дугуйтай бүрэн хэмжээгээр биш ч тодорхой түвшинд адилтган үзэхээр заасан юм.

Мопедыг мотоциклтой адилтгаж үзэх тухай дээрх мэдэгдлийг хийсэн Хэлэлцэн тохирогч орнуудыг дурдвал: Болгар, Герман, Дани, Зимбабве, Куба, Марокко, Монако, Уругвай зэрэг улсуудыг нэрлэж болно. Дани улс уг мэдэгдэлдээ «Мопедын техникийн дээд хурд нь цагт 30 км-ээс илүү бол түүнийг мотоциклтой адилтгаж үзнэ» гэсэн нэмэлт тодотгол хийжээ. Дашрамд дурдахад, Бразил улс тус Конвенцид анх нэгдэн орохдоо дээрх мэдэгдлийг хийж байсан боловч дараа нь (1985 оны 3 дугаар сарын 14-нд) тэрхүү мэдэгдлээ буцаажээ. Өдгөө Бразил улс нь мопедыг унадаг дугуйтай бүрэн хэмжээгээр адилтгаж үздэг ажээ. Конвенцийн Хэлэлцэн тохирогч орнуудаас гадна Индонез, Тайланд зэрэг улсууд мопедыг мотоциклтой адилтгаж үздэг тухай баримт мэдээ байна.

Зарим улс орнууд тус Конвенцид нэгдэн орохдоо түүний зарим нэг заалтыг нэмэлт тайлбартайгаар буюу өөрсдөдөө хамааруулахгүй тухай мэдэгдэлтэйгээр баталжээ. Тухайлбал: Бразил улс тус Конвенцийн 41 дүгээр зүйл (Жолоочийн үнэмлэх)-ийн 1 дэх хэсэгт хамаатуулан «Зүүн гар талын хөдөлгөөнтэй улс орноос олгогдсон “Эрхийн үнэмлэх”-тэй жолоочийг баруун гар талын хөдөлгөөний жолоодлогын шалгалт өгөхөөс нааш тус улсад жолоо барихыг зөвшөөрөхгүй», түүнчлэн 41 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “b”, “c” дэд хэсгүүдэд хамаатуулан «18 нас хүрээгүй хүний жолоочийн үнэмлэхийг, мөн 21 нас хүрээгүй хүний C, D, E ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус улс өөрийн нутаг дэвсгэр дээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзана» гэсэн мэдэгдлүүд хийсэн байна. Герман улс Замын хөдөлгөөний тухай Конвенцийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “d” «Зам тээврийн осолд холбогдсон жолооч энэ тухайгаа замын хөдөлгөөний албанд мэдэгдэх ... үүрэгтэй» гэсэн заалтыг хэрэглэхгүй хэмээн мэдэгдэл хийсэн бол Финлянд, Швейцар зэрэг орнууд уг Конвенцийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “a”-д хамаатуулан «Унадаг дугуй ба мопедын жолооч бусад тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг тус улс өөрийн үндэсний хууль тогтоомжоор зөвшөөрнө» гэсэн мэдэгдэл хийжээ. Мөн Герман, Швед, Швейцар зэрэг орнууд тус Конвенцийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тусгагдсан «Замын дагуух эзэмшлээс зам руу орох гэж буй жолооч тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө» гэсэн заалтыг уг Конвенцийн нэмэлт болох 1971 оны Европын хэлэлцээрийн хавсралтын 15 дугаар зүйлд заасны дагуу «Замын дагуух эзэмшлээс зам руу орох гэж буй жолооч тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө» гэсэн байдлаар хэрэгжүүлэх тухай мэдэгдэл хийжээ.

Замын хөдөлгөөний тухай Конвенц нь олон оронд үйлчлэх эрхийн акт учраас түүний заалт шаардлагууд нь нилээд ерөнхий агуулгатай, асуудлыг өргөн хүрээгээр хамарсан нийтлэг шинжтэй, нилээд зүйл, заалтууд нь анхааруулга, зөвлөмж байдалтай, нээлттэй тусгагджээ. Үүний нэг тод илэрхийлэл бол замын баруун, зүүн аль ч талын хөдөлгөөнтэй улсад нийцэх чанар бөгөөд энэ чанарыг хадгалах үүднээс тус Конвенцид “Хөдөлгөөний батлагдсан тал” гэсэн нэр томъёо өргөн хэрэглэгдсэн байдаг юм.

Замын хөдөлгөөний тухай Конвенцид тусгагдсан зарим нэг сонирхолтой бөгөөд анхаарал татаж, асуудал дэвшүүлэхүйц зүйл, заалтуудын талаар товч танилцуулъя.

1. Уг Конвенциийн 1 дүгээр зүйлд 28-н нэр томъёог тодорхойлсон байх бөгөөд тэдгээрээс “Олон улсын хөдөлгөөн”, “Тууш зам”, “Автомашин” гэсэн нэр томъёонуудыг нилээд дэлгэрэнгүй байдлаар тодорхойлсон нь ихэд сонирхолтой юм. Тухайлбал, “Олон улсын хөдөлгөөн” гэдэгт аливаа улсын нутаг дэвсгэр дээр гадаадын харъяат хүн уг улсад бүртгэгдээгүй тээврийн хэрэгслээр нэгээс дээшгүй жил хөдөлгөөнд оролцож байгааг ойлгох ажээ. “1 жил” гэсэн хугацааг Хэлэлцэн тохирогч Талууд өөрөөр тогтоож болох бөгөөд жишээ нь, ОХУ-ын хуулиар тогтоосон хугацаа нь 6 сар юм. Харин манай улс уг хугацааг тусгайлан хуульчлаагүй тул Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өөр улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байгаа гадаадын харъяат хүнийг 1 жилийн хугацаанд “Олон улсын хөдөлгөөн”-д оролцож байгаагаар үзэх бөгөөд өөрөөр хэлбэл түүний “Олон улсын жолоочийн үнэмлэх”-ийг энэ хугацааны дотор хүчинтэйд тооцох юм. Харин 1 жилээс хэтэрсэн буюу эсвэл оршин суух хаяг нь Монгол Улсад шилжсэн тохиолдолд түүнийг олон улсын хөдөлгөөнд оролцож байгаагаар тооцохгүй ба түүний жолоочийн үнэмлэх хүчингүй болж, зөвхөн Монгол Улсын үндэсний үнэмлэх шаардлагатай болох юм. Олон улсын жолоочийн үнэмлэхний хүчинтэй байх, хүчингүй болох тодорхой нөхцөлүүдийг Конвенцийн бусад заалтуудаас үзэж болно.

2. Конвенц нь 3 дугаар зүйлийн “5-бис” хэсэгт заасныхаа дагуу Хэлэлцэн тохирогч Талуудад «Замын хөдөлгөөний дүрмийн сургалтыг бүх шатны сургуулиудад системтэй, байнга тогтмол явуулж байх талаар шаардлагатай арга хэмжээ авах» үүргийг хүлээлгэсэн юм. Үүнийг манай улсын төр засаг болон олон нийт анхааралдаа авч, ялангуяа ерөнхий боловсролын сургуулиудад энэ чиглэлийн сургалтыг эрчимтэй явуулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг хаа хаанаа бодолцвол зохилтой. Дашрамд дурдахад, дээрх заалт нь уг Конвенцид 1993 онд засвар, өөрчлөлт ороход шинээр тусгагдсан байна.

3. Конвенцийн 2 дугаар бүлэг нь бүхэлдээ замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг агуулжээ. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тусгагдсан ихэнх зүйл, заалтууд энэ бүлгийн заалт, шаардлагууд дээр үндэслэгдсэн бөгөөд утга, агуулгаараа бүрэн нийцнэ. Замын хөдөлгөөний дүрэм болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зэрэг Монгол Улсын эрх зүйн баримт бичгүүдэд зайлшгүй нэмж тусгавал зохих чухал заалт, шаардлагууд тус Конвенц болон түүний хавсралтуудад нөөцгүй агуулагдсан байдгийг энд зориуд цохон тэмдэглүүштэй.

4. Замын хөдөлгөөний тухай Конвенцийн 5 дугаар хавсралтад тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн нөхцөлүүдийг тусгасан бөгөөд эдгээр нөхцөлийг зөвхөн ашиглалтад тавигдах техникийн шаардлага гэж (манай Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт шиг) ойлговол бага зэрэг өрөөсгөл болох юм. Учир нь уг хавсралтад тээврийн хэрэгслийн ашиглалтын үеийн шаардлагуудаас гадна үйлдвэрлэлд тавигдах техникийн нөхцөлүүдийг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл автомашин үйлдвэрлэгч орнууд эдгээр нөхцөл, шаардлагуудыг баримтлах үүрэгтэй юм. Уг хавсралтад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх эд анги, тухайлбал, тоормос, жолооны механизм, дугуй, ар талыг харах толь, дуут дохио, ялангуяа гадна талын гэрэлтүүлэх хэрэгслүүдэд тавигдах техникийн нөхцөл зэргийг нэлээд гүнзгий нарийвчлан тогтоосон байдаг юм.

5. Конвенцийн 6 дугаар хавсралтад “Үндэсний жолоочийн үнэмлэх”, 7 дугаар хавсралтад “Олон улсын жолоочийн үнэмлэх”-д тавигдах нөхцөл, шаардлага, хэмжээ, загварыг тогтоожээ. Манай улсын үндэсний жолоочийн үнэмлэх уг Конвенцийн 6 дугаар хавсралтад тавигдсан шаардлагад бүрэн дүүрэн нийцэхгүй байгааг энэ дашрамд дурдах нь зүйтэй болов уу. Тухайлбал, үндэсний жолоочийн үнэмлэхэд тухайн улсын ялгах тэмдэг (MGL), эзэмшигчийн гарын үсэг (эсвэл эрхий хурууны хээ), зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслийн ангилал тус бүрийн олгогдсон он, сар, өдөр зэргийг заавал тэмдэглэх, мөн бүх бичиглэлийг латин үсгээр (англи хэлээр) давхар үйлдэх ёстой байна. Хэрэв эдгээр шаардлагыг бүрэн хангавал манай үндэсний жолоочийн үнэмлэх тус Конвенцийн 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “b”-д заасны дагуу бусад бүх Хэлэлцэн тохирогч Талуудын нутаг дэвсгэрт ямар ч асуудалгүй, хүчинтэй байх эрх зүйн баталгаатай юм.