ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ТОВЧ АГУУЛГА
Замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн зорилго нь олон улсын хэмжээнд замын тэмдэг, гэрлэн дохио, тэмдэглэл зэргийг нэгдмэл болгоход чиглэгджээ.
Энэ Конвенц нь 6-н бүлэг, 48-н зүйл, 3-н хавсралтаас бүрдэх бөгөөд үүнд: Хэлэлцэн тохирогч Талуудын эрх, үүрэг, замын гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэлийн төрөл, ангилал, нийтлэг шинж чанар, утга агуулга, байрлуулах нөхцөл, хэрэглэх журам, загвар, хэмжээ, өнгө, дүрс зэрэг зүйлүүд тусгагджээ.
Конвенцийн 6 дугаар бүлэг (Төгсгөлийн заалтууд)-т тус гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой дотоод журмыг заасан бөгөөд тухайлбал: Конвенцид нэгдэн орох зарчим, түүний хүчин төгөлдөр болох нөхцөл, түүнд өөрчлөлт, засвар оруулах буюу мэдэгдэл хийх журам, түүнчлэн Конвенц цуцлагдах буюу хүчингүй болох нөхцөл, Хэлэлцэн тохирогч Талуудын харилцааны эрх зүйн зохицуулалт зэрэг асуудлууд тусгагджээ. Энэ бүлэгт тусгагдсан зарим заалтуудын талаар тайлбарлая.
Тус Конвенцуудад нэгдэн орох аливаа улс нь тухайн Конвенцийг соёрхон баталсан тухай батламж бичиг болон нэгдэн орох тухай баримт бичгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар шилжүүлэх бөгөөд ингэхдээ зарим нэг зайлшгүй шаардлагатай мэдэгдлийг хийх ёстой юм. Тодруулбал: Конвенцийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “а”-д заасны дагуу Хэлэлцэн тохирогч Тал нь уг Конвенцийн тэмдгийн системийн анхааруулах тэмдгийн Aa (улаан хүрээтэй гурвалжин) ба Ab (шар дэвсгэртэй ромбо) хэлбэрийн алийг нь сонгосноо, мөн түүнчлэн «Зогсохгүй явах хориотой» тэмдгийн B,2a (улаан дэвсгэртэй найман өнцөгт) ба B,2b (улаан хүрээтэй дугуй) хэлбэрийн алийг сонгосноо Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх ёстой юм.
Анхааруулах тэмдгийн хэлбэр |
“Зогсохгүй явах хориотой” тэмдгийн хэлбэр |
||
Aa |
Ab |
B,2a |
B,2b |
Энэ шаардлагын дагуу Монгол Улс тус Конвенцид нэгдэн орохдоо анхааруулах тэмдгийн Aa буюу гурвалжин хэлбэрийг, «Зогсохгүй явах хориотой» тэмдгийн B,2a буюу найман ижил өнцөгт хэлбэрийг сонгож авснаа мэдэгдсэн юм. Эдгээр хэлбэрүүд нь Монгол Улсын Замын тэмдгийн стандарт (MNS 4597:2003)-аар баталгаажсан билээ.
Энэхүү зайлшгүй хийх ёстой мэдэгдлээс гадна тус Конвенцид нэгдэн орох аливаа улс нь батламж бичиг буюу нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөх үедээ уг Конвенцийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “b”-д заасны дагуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар тухайн Конвенцийг хэрэгжүүлэхдээ мопедыг мотоциклтой адилтгаж үзэх тухай мэдэгдэл хийж болдог байна. Ийм мэдэгдэл хийсэн Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд мопед нь “Механикжсан тээврийн хэрэгсэл”-д тооцогдох бөгөөд мопедын жолоочид тавигдах техникийн шаардлага болон хөдөлгөөний журмууд нь мотоциклын жолоочийнхтой адил түвшинд хэрэгжих юм. Тухайлбал, мотоциклын хөдөлгөөнийг хориглосон тэмдэг нь мопедын хөдөлгөөнийг мөн хориглох утгатай болно.
Харин дээрх мэдэгдлийг хийгээгүй Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд замын хөдөлгөөнтэй холбоотой өөрийн үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ мопедыг унадаг дугуйтай бүрэн адилтган үзэж болох бөгөөд тухайлбал, манай улс уг мэдэгдлийг хийгээгүй тул “Замын хөдөлгөөний дүрэм”-дээ мопедыг унадаг дугуйтай бүрэн хэмжээгээр биш ч тодорхой түвшинд адилтган үзэхээр заасан юм.
Замын дохио, тэмдгийн тухай Конвенц нь олон оронд үйлчлэх эрхийн акт учраас түүний заалт шаардлагууд нь нилээд ерөнхий агуулгатай, асуудлыг өргөн хүрээгээр хамарсан нийтлэг шинжтэй, нилээд зүйл, заалтууд нь анхааруулга, зөвлөмж байдалтай, нээлттэй тусгагджээ. Үүний нэг тод илэрхийлэл бол замын баруун, зүүн аль ч талын хөдөлгөөнтэй улсад нийцэх чанар бөгөөд энэ чанарыг хадгалах үүднээс дээрх Конвенцид “Хөдөлгөөний батлагдсан тал” гэсэн нэр томъёог өргөн хэрэглэсэн байдаг юм. Түүнчлэн замын анхааруулах тэмдгийн гурвалжин хэлбэр (европын систем) болон ромбо хэлбэр (америкийн систем)-ийн аль алиныг сонгон хэрэглэж болохоор заасан нь уг Конвенцийг олон оронд хэрэглэх бололцоог хангажээ.
Энэ Конвенцийн 3 дугаар зүйлд Хэлэлцэн тохирогч Талуудын хүлээх үүргийг тусгасан бөгөөд түүний 4 дэх хэсэгт зааснаар Хэлэлцэн тохирогч Талууд нь тус Конвенцид заагдсан тэмдэг, тэмдэглэлийн бүх төрлийг заавал авч хэрэглэх албагүй юм. Өөрөөр хэлбэл замын тэмдэг, тэмдэглэлийнхээ төрөл загвар, тоо ширхгийг өөрийн орны бодит хэрэгцээ, шаардлагад тулгуурлан чөлөөтэй сонгох боломжтой байна. Гэхдээ хэрэв тус Конвенцид заагдаагүй тэмдэг, тэмдэглэл хэрэглэх бол энэ зүйлийн 1 дэх хэсгийн “а”-гийн “ii” ба 2 дахь хэсэгт заасны дагуу уг тэмдэг, тэмдэглэл нь тус Конвенцоор тогтоосон системд бүрэн нийцэж байх шаардлагатай бөгөөд мөн түүнчлэн тэдгээр нь тус Конвенцийн тэмдэг, дүрс, тэмдэглэл, хэрэгсэлтэй өнгөн талаараа нийцэж байвч өөр утгыг агуулсан байж болохгүй юм. Учир нь тус Конвенцид нэгдэн орсон аль ч улсын нутаг дэвсгэрт тухайн тэмдэг, тэмдэглэл нэг л утгатай байх шаардлагатай бөгөөд энэ нь замын тэмдэг, дохио, тэмдэглэлийг олон улсын хэмжээнд нэгдсэн ойлголттой байлгах гэсэн тус Конвенцийн үндсэн үзэл санааны илэрхийлэл юм. Энэхүү үзэл санааны бас нэгэн илэрхийлэл бол замын тэмдэг, тэмдэглэлүүд нь олон улсын хүрээнд хялбар ойлгогдож байх үүднээс тэмдгийн ангилал тус бүрд онцлог ялгаатай өнгө, хэлбэр, дүрсийг хэрэглэх, түүнчлэн тэмдгийг аль болох бичвэргүй, график дүрслэлтэйгээр хийх ёстой гэсэн шаардлага юм. Хэрэв Хэлэлцэн тохирогч Талууд тэмдгийн дүрсийг ямар нэгэн байдлаар өөрчлөх шаардлагатай гэж үзвэл энэ өөрчлөлт нь тухайн тэмдгийн үндсэн шинжийг алдагдуулаагүй байх ёстой.
Эдгээр үндсэн шаардлагуудыг зөрчөөгүй нөхцөлд тухайн Хэлэлцэн тохирогч Тал өөрийн орны нутаг дэвсгэрт хэрэглэгдэх тэмдэг, тэмдэглэлүүдийн загвар, хэлбэрийг чөлөөтэй сонгох, шинэчлэн тогтоох бололцоотой бөгөөд Конвенцийн энэхүү уян хатан үзэл санаа нь улс орон бүрийн замын хөдөлгөөн зохион байгуулах арга ажиллагааны онцлогийг харгалзан үзэх, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн хөгжил, дэвшлийг хангах гэсэн хэтийн бодлого, чиглэлтэй алхам юм. Үүнээс улбаалан улс орон бүрд хэрэглэгдэж байгаа замын тэмдэг, тэмдэглэлүүд болон тэдгээрийн тоо, төрлүүд нь тухайн орны замын зохион байгуулалт, автомашинжилтын түвшин, үндэсний хууль тогтоомжийн онцлог, хөдөлгөөн зохицуулах техникийн хөгжил, орон нутгийн уламжлал, заншил зэргээс хамаарч бага сага ялгаатай байдаг боловч үндсэн утга агуулга, үйлчлэл нь нэгдмэл шинжтэй байдаг юм.
Конвенцийн 1 дүгээр хавсралтад замын тэмдгүүдийн төрөл, хэмжээ, нэр, дугаар, утга агуулга, хэрэглэгдэх нөхцөл зэргийг заасан байх бөгөөд харин 3 дугаар хавсралтад тэдгээрийн дүрс, хэлбэрийг өнгөтэйгөөр загварчлан үзүүлжээ. Замын тэмдгүүдийг A-H хүртэл латин цагаан толгойн үсгийн дарааллаар дугаарлан 8 хэсэгчлэлд хуваасан байна. Үүнд: A хэсэгчлэлд “Анхааруулах тэмдэг”, B хэсэгчлэлд “Дарааллын тэмдэг”, C хэсэгчлэлд “Хориглох буюу хязгаарлах тэмдэг”, D хэсэгчлэлд “Заах тэмдэг”, E хэсэгчлэлд “Тусгайлан заах тэмдэг”, F хэсэгчлэлд “Объект ба үйлчилгээг мэдээлэх тэмдэг”, G хэсэгчлэлд “Чиг заах ба мэдээлэн заах тэмдэг”, H хэсэгчлэлд “Нэмэлт тэмдэг”-үүдийг багтаажээ. Конвенцийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эдгээр 8 хэсэгчлэлийн тэмдгүүдийг үндсэн гурван ангилалд хамааруулан системчилсэн байдаг. Үүнд: Анхааруулах тэмдгийг дангаар нь бие даасан ангилалд хамааруулсан байдаг бол харин дарааллын тэмдэг, хориглох буюу хязгаарлах тэмдэг, заах тэмдэг, тусгайлан заах тэмдгүүдийг “Захиран тушаах тэмдэг”-ийн ангилалд, объект ба үйлчилгээг мэдээлэх тэмдэг, чиг заах ба мэдээлэн заах тэмдэг, нэмэлт тэмдгүүдийг “Мэдээллийн чанартай тэмдэг”-ийн ангилалд хамааруулсан байна. Мөн “Чиг заах ба мэдээлэн заах тэмдэг”-ийн хэсэгчлэлийг дотор нь “Чигийн урьдчилсан заалт”, “Чигийн заалт”, “Чиглэлийн нэр”, “Нэрийн заалт”, “Баталгаажуулах тэмдэг”, “Мэдээллийн тэмдэг” гэж ялган системчилсэн байдаг. Конвенцийн 3 дугаар бүлэг нь замын тэмдгүүдийн үндсэн үзүүлэлт, заалт шаардлагуудыг дээрх системчлэлийн хүрээнд тодорхойлсон байдаг юм.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан замын тэмдэг, тэмдэглэлийн загвар, дүрслэл, утга агуулгууд нь тус Конвенцид заагдсан нөхцөл, шаардлагуудтай бүрэн дүүрэн нийцдэг бөгөөд Конвенцийн 3 дугаар хавсралтад үзүүлсэн тэмдгийн дүрсүүдийн ихэнх нь манай дүрэм, стандартад тусгагдсан бий. Манай замын тэмдгийн стандарт (MNS 4597:2003)-ын 2003 оны өөрчлөлтөөр 1.10 «Эгц уруу», 1.11 «Огцом өгсүүр» анхааруулах тэмдгүүд уруудаж яваа буюу өгсөж яваа автомашины дүрстэй болж өөрчлөгдсөнийг та бүхэн санаж байгаа байх. Энэ өөрчлөлт нь тус Конвенцийн 1 дүгээр хавсралтын A хэсэгчлэлийн II дэд хэсгийн 2 ба 3 дахь хэсэгт заасан нөхцөл дээр үндэслэгдэн хийгдсэн бөгөөд үүнийг 3 дугаар хавсралтын A,2c ба A,3c дүрсээс харж болно.
Тус Конвенцийн 2 дугаар хавсралтад замын тэмдэглэлүүдийн хэлбэр, хэмжээ, ялангуяа тэдгээрийг хэрхэн хэрэглэх талаар тодорхой заасан байдаг бөгөөд эдгээр нь манай Замын тэмдэглэлийн стандарт (MNS 4759:2003)-д бараг тэр хэвээр тусгагдсан юм.
Конвенцийн 3 дугаар бүлэгт замын гэрлэн дохионуудын төрөл, өнгө, хэлбэр, тэдгээрийн утга агуулга, үйлчлэл, хэрэглэгдэх нөхцөлүүдийг тодорхойлсон байна. Гэрлэн дохиог үндсэн үзүүлэлтээр нь “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах дохио”, “Зөвхөн явган зорчигчдод зориулсан дохио”, харин бүтэц хэлбэрээр нь хоёр өнгийн системийнх ба гурван өнгийн системийнх гэж ангилсан байдаг. Мөн тэдгээрийг ажиллах горимоор нь анивчих буюу үл анивчих гэрлүүд гэж ялган тус бүрийнх нь үйлчлэлийг нарийвчлан заасан байна. 2006 онд батлагдсан Монгол Улсын замын гэрлэн дохионы стандарт (MNS 4980:2006) нь тус Конвенцид бүрэн нийцэхээр боловсруулагдсан юм.