ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ БОЛОН ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН НЭМЭЛТ БОЛОХ ЕВРОПЫН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙН ТОВЧ АГУУЛГА

 

Вена хотноо 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гарын үсэг зурахад нээлттэй болсон Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Конвенцуудын нэмэлт болох 1971 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Женев хотноо байгуулсан Европын хэлэлцээрүүд нь тус Венийн Конвенцуудыг европын орнуудын хэмжээнд нэгдмэл болгох гэсэн зорилго дээр үндэслэгджээ.

Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Венийн Конвенцуудад тусгагдсан заалт, шаардлагуудын нилээд нь тухайн асуудалд өргөн хүрээгээр хандсан, нийтлэг ерөнхий агуулгатай, түүнчлэн цөөнгүй зүйл, заалт нь анхааруулга, зөвлөмж шинжтэй, нээлттэй байдаг бол Европын хэлэлцээрүүд нь уг шинж чанарыг тодорхой хэмжээгээр үгүйсгэж, Конвенцийн зарим зүйл, заалтын утгыг тодруулах, бага зэрэг өөрчлөх, заримыг нь хэрэгсэхгүй болгох, заримд нь нэмэлт тодотгол, задаргаа хийх зэргээр асуудлыг нарийвчлан авч үзсэнээрээ ялгаатай юм.

Замын хөдөлгөөний тухай Конвенц болон Замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээрүүдийн аль аль нь 13-н зүйл, 1 хавсралтаас бүрдсэн баримт бичиг юм.

Уг 13-н зүйлд тус Хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой дотоод журмыг заасан байх бөгөөд тухайлбал: Хэлэлцээрт нэгдэн орох зарчим, түүний хүчин төгөлдөр болох нөхцөл, түүнд өөрчлөлт, засвар оруулах буюу мэдэгдэл хийх журам, түүнчлэн уг Хэлэлцээр цуцлагдах буюу хүчингүй болох нөхцөл, Хэлэлцэн тохирогч Талуудын харилцааны эрх зүйн зохицуулалт зэрэг асуудлууд тусгагджээ. Харин Хэлэлцээрийн хавсралтад тухайн Конвенцийн заалтуудад хамаатуулж оруулсан нэмэлт, өөрчлөлт, тодотголуудыг тусгажээ. Тухайлбал:

1. Замын хөдөлгөөний тухай Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээрийн хавсралтад “Хороолол” гэсэн нэр томъёог шинээр нэмж тодорхойлжээ. Энэ нь хорооллын хөдөлгөөний талаар нэгдсэн журам тогтоох гэсэн зорилгыг агуулсантай холбоотой бөгөөд энэ ч үүднээс тус хавсралтын 27-бис дугаар зүйлд «Хорооллын дотор мөрдөх тусгай журам»-ыг боловсруулан тусгажээ. Энэ нэмэлт журам нь манай замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн “Хорооллын доторхи хөдөлгөөн”-ий журмын үүсэл гарлын эх сурвалж юм.

Тус Хэлэлцээрийн хавсралтын нилээд заалтууд нь Конвенцид зөвлөмж байдлаар тусгагдсан заалтыг хэлбэрэлтгүй мөрдөхөөр хувиргасан байдаг юм. Жишээ нь: Конвенцийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг мөн 9, 15 гэх мэт зүйлүүдэд зөвлөмж байдлаар тусгагдсан заалтуудыг заавал мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.

Уг хавсралтын 7 дугаар зүйлийн дагуу оруулсан нэмэлт заалт нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой асуудлыг хөндсөн, мөн спиртийн агууламжийн харшлах хэмжээг тогтоосноороо Конвенцид тусгагдаагүй онцлог утга санааг агуулжээ.

Мөн зарим заалтуудыг тодорхой болгох үүднээс зайн хэмжээ нэмж тусгасан, жишээ нь явган хүний гарцын өмнө 5 метрээс ойр зайд, мөн автобус, троллейбусны буудлаас хоёр тийш 15 метрээс бага зайд түр буюу удаан зогсохыг хориглосон нь манай замын хөдөлгөөний дүрэмд тусгалаа олсон билээ. Мөн тээврийн хэрэгсэл байрлан явах, гүйцэж түрүүлэх, түр ба удаан зогсох зэрэг журмуудыг нилээд нарийвчилжээ.

2. Замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн Европын хэлэлцээрт нэгдэн орсон улс орнууд нь анхааруулах тэмдгийн зөвхөн Aa буюу гурвалжин хэлбэрийг, “Зогсохгүй явах хориотой” тэмдгийн зөвхөн B,2a буюу найман өнцөгт хэлбэрийг хэрэглэхээр тогтжээ.

Замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн 24 дүгээр зүйлд тусгагдсанаар явган зорчигчид зориулсан гэрлэн дохио нь гурван өнгийн (улаан, шар, ногоон) системийнх байж болох бол Европын хэлэлцээрээр зөвхөн хоёр өнгийнх (улаан, ногоон) байхаар заажээ. Мөн хориглох тэмдгүүд дээр улаан ташуу зураас тавьж болохоор Конвенцид заасан байдаг бол харин Европын хэлэлцээр эдгээр тэмдгүүдийн олонхид нь уг зураасыг заагаагүй байна. Түүнчлэн Конвенцид тусгагдсан зарим тэмдэг, дүрсүүд буюу тэдгээрийн өнгө, хэлбэрийг огт хэрэглэхгүй байх талаар ч заажээ.

Уг Хэлэлцээрээр 7-н ширхэг тэмдэг нэмж оруулсан байх бөгөөд тэдгээрийн хоёр нь болох E,17a «Хорооллын эхлэл», E,17b «Хорооллын төгсгөл» тэмдгүүд нь дээр дурдсан Замын хөдөлгөөний тухай Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээрт шинээр тусгагдсан «Хорооллын дотор мөрдөх тусгай журам»-тай уялдан нэмэгдсэн байна.

 

Эдгээр Европын хэлэлцээрүүд нь зөвхөн уг Хэлэлцээрт нэгдэн орсон европын улсуудад л хүчин төгөлдөр үйлчлэх юм. Гэхдээ тус Хэлэлцээрүүдэд нэгдэн орсон бүх улс орнууд нь Венийн Конвенцийн Хэлэлцэн тохирогч Талууд байдаг тул манай жолооч нар тус орнуудад хөдөлгөөнд оролцохдоо тэдний замын хөдөлгөөний дүрмийн онцлог ялгаануудыг мэддэг байх нь чухал болов уу гэсэн үүднээс, хоёрдугаарт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм үүссэн цагаасаа эхлэн Оросын Холбооны Улс (хуучнаар ЗХУ)-ын замын хөдөлгөөний дүрэм дээр үндэслэгдсээр ирсэн ба Орос улс нь Европын хэлэлцээрийг анхнаас нь мөрдөж ирсэн зэрэг нь манай дүрмийн зарим зүйл, заалтууд тус Европын хэлэлцээрүүдээс эх сурвалжтай болоход нөлөөлсөн байх тул эдгээр зүйл, заалтуудынхаа утга учир, үндэслэлийг гаргаж тавих гэсэн шалтгаанаар дээрх Хэлэлцээрүүдийг энэхүү цахим мэдээллийн санд дэлгэн тавьсан болно.