ВЕНА ХОТНОО 1968 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 8-НЫ ӨДӨР ГАРЫН ҮСЭГ ЗУРАХАД НЭЭЛТТЭЙ БОЛСОН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦИЙН НЭМЭЛТ БОЛОХ

ЕВРОПЫН ХЭЛЭЛЦЭЭР

 

Вена хотноо 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гарын үсэг зурахад нээлттэй болсон замын хөдөлгөөний тухай Конвенцийн Хэлэлцэн тохирогч Талууд, замын хөдөлгөөний дүрмийг Европод нэгдмэл болгохыг эрмэлзэн доорхи зүйлсийг тохиролцов:

 

1 дүгээр зүйл

1. Вена хотноо 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гарын үсэг зурахад нээлттэй болсон замын хөдөлгөөний тухай Конвенцийн Хэлэлцэн тохирогч Талууд нь өөрсдийн нутаг дэвсгэрт үйлчилж буй замын хөдөлгөөний дүрмийн гол утга санааг энэхүү Хэлэлцээрийн хавсралтын заалтуудад нийцүүлсэн байх талаар зохих арга хэмжээ авна.

2. Эдгээр дүрэм нь аль ч талаараа энэхүү Хэлэлцээрийн хавсралтын заалтуудтай зөрчилдөөгүй нөхцөлд:

a) Уг дүрэмд тухайн Хэлэлцэн тохирогч Талуудын нутаг дэвсгэрт хамаарахгүй заалтуудыг оруулахгүй байж болно;

b) Уг дүрэм нь энэ хавсралтад тусгагдаагүй заалтуудыг агуулсан байж болно.

3. Замын хөдөлгөөний дүрэмдээ хавсралтын аль нэг заалтыг зөрчсөн заалт оруулсан Хэлэлцэн тохирогч Талуудад шийтгэл хүлээлгэхийг энэ зүйлийн заалтууд албадаагүй болно.

           

2 дугаар зүйл

1. Энэхүү Хэлэлцээр нь 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо гарын үсэг зурахад нээлттэй болсон замын хөдөлгөөний тухай Конвенцид гарын үсэг зурсан болон түүнд нэгдэн орсон орнууд, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Европын Эдийн Засгийн Комиссын гишүүн орнууд буюу энэхүү Комиссын удирдах хүрээний тухай заалтын 8 дугаар хэсгийн дагуу зөвлөх эрх бүхий Комиссын ажлын хэсэгт орсон орнууд гарын үсэг зурахад 1972 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нээлттэй байна.

2. Вена хотноо 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гарын үсэг зурахад нээлттэй болсон замын хөдөлгөөний тухай Конвенцийг баталсан буюу түүнд нэгдэн орсны дараа энэхүү Хэлэлцээрийг соёрхон батална. Соёрхон баталсан бичгүүд нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалагдахаар шилжинэ.

3. Энэхүү Хэлэлцээр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо гарын үсэг зурахад нээлттэй болсон замын хөдөлгөөний тухай Конвенцийн Талууд болсон аливаа улсыг нэгдэн ороход нээлттэй хэвээр үлдэнэ. Нэгдэн орох тухай баримт бичгийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар шилжүүлнэ.

 

3 дугаар зүйл

1. Аливаа улс нь энэ Хэлэлцээрийг соёрхон баталж гарын үсэг зурахдаа буюу түүнд нэгдэн орох үедээ, эсвэл Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар хэдийд ч энэхүү Хэлэлцээрийг тус улсын гадаад харилцааг хариуцдаг нутаг дэвсгэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хэрэглэхээр болсноо мэдэгдэж болно. Хэлэлцээр нь нот бичигт заагдсан нутаг дэвсгэрт Ерөнхий нарийн бичгийн дарга уг нот бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дараагаас, эсвэл тухайн улс (нот бичиг илгээсэн)-д энэ Хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх үеэс (хэрэв энэ огноо нь дээрх нот бичиг илгээснээс хожуу байгаа бол) хэрэгжиж эхэлнэ.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэл хийсэн аливаа улс дараа нь хэдийд ч Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар энэ Хэлэлцээр нь уг нот бичигт дурдагдсан нутаг дэвсгэр дээр хэрэгжихгүй болсныг мэдэгдэж болох бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга уг нот бичгийг хүлээн авснаас хойш 1 жилийн дараагаас тухайн нутаг дэвсгэр дээр энэ Хэлэлцээр хүчингүй болно.

 

4 дүгээр зүйл

1. Энэхүү Хэлэлцээр нь түүнийг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон тухай арав дахь баримт бичиг хадгалагдахаар ирсэн өдрөөс хойш арван хоёр сарын дараагаас хүчин төгөлдөр болно.

2. Соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай арав дахь баримт бичиг хадгалагдахаар ирснээс хойш энэ Хэлэлцээрийг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орох аливаа улсын хувьд эдгээр улсын соёрхон баталсан бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичиг хадгалагдахаар ирснээс хойш арван хоёр сарын дараагаас хүчин төгөлдөр болно.

3. Хэрэв энэхүү зүйлийн 1 ба 2 дахь хэсгийн дагуу хүчин төгөлдөр болох огноо нь 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо гарын үсэг зурахад нээлттэй болсон замын хөдөлгөөний тухай Конвенцийн 47 дугаар зүйлд хамаарах огнооноос өмнө байвал Хэлэлцээр нь энэхүү сүүлчийн огнооноос хүчин төгөлдөр болно.

 

5 дугаар зүйл

Энэхүү Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд замын хөдөлгөөний тухай 1949 оны Конвенц болон замын дохио, тэмдгийн тухай 1949 оны Протоколын нэмэлт болох 1950 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Женев хотноо гарын үсэг зурагдсан Европын хэлэлцээрийн замын хөдөлгөөний тухай заалтууд, түүнчлэн замын хөдөлгөөний тухай 1949 оны Конвенцийн Хэлэлцэн тохирогч Талуудын зарим замууд дээр зөвшөөрөгдөх тээврийн хэрэгслийн жин, оврын хэмжээнд хамаарах 23 дугаар зүйлийг хэрэглэх тухай 1950 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Европын хэлэлцээр хүчингүй болж энэхүү Хэлэлцээрээр солигдоно.

 

6 дугаар зүйл

1. Энэхүү Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш арван хоёр сарын дараагаас Хэлэлцэн тохирогч аливаа Талаас Хэлэлцээрт нэг буюу хэд хэдэн засвар хийх санал оруулж болно. Засвар оруулахаар санал болгосон бичгээ тайлбар меморандум (дипломат бичиг /орч/)-ын хамт Ерөнхий нарийн бичгийн даргад явуулах ба тэрээр түүнийг бүх Хэлэлцэн тохирогч Талуудад илгээнэ. Хэлэлцэн тохирогч Талууд нь энэ бичгийг хүлээн авснаас хойш арван хоёр сарын дотор: a) энэ засварыг хүлээн авч байгаа эсэх, b) энэ засвараас татгалзаж байгаа эсэх, c) энэ засварыг авч хэлэлцэхийн тулд бага хурал хийлгэхийг хүсч байгаа эсэх талаар Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх боломжтой.

Засвар оруулахаар санал болгосон бичгийг Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар зүйлд дурдагдсан бусад улсад илгээнэ.

2. a) Энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу тараагдсан аливаа санал болгосон засварыг хэрэв дээр дурдсан арван хоёр сарын хугацаанд Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны нэгээс цөөхөн нь уг засвараас татгалзсан буюу уг засварыг авч хэлэлцэхийн тулд бага хурал хийлгэхийг хүсч байгаагаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн бол уг засварыг хүлээж авсанд тооцно. Ерөнхий нарийн бичгийн дарга нь аливаа санал болгосон засварыг хүлээн авч байгаа буюу татгалзаж байгаа тухай, эсвэл бага хурал хийлгэх тухай хүсэлтийг бүх Хэлэлцэн тохирогч Талуудад мэдэгдэнэ. Хэрэв тогтоосон арван хоёр сарын хугацаанд Хэлэлцэн тохирогч бүх Талуудын гуравны нэгээс цөөхөн нь татгалзсан буюу хурал хийлгэхийг хүссэн мэдэгдэл ирүүлбэл Ерөнхий нарийн бичгийн дарга өмнөх хэсэгт заасан арван хоёр сарын хугацаа дууссанаас хойш зургаан сарын дараа эдгээр татгалзсан буюу хүсэлт гаргасан Талуудаас бусад Талуудын хувьд уг засвар хүчин төгөлдөр болж байгаа тухай Хэлэлцэн тохирогч бүх Талуудад мэдэгдэнэ.

b) Дээр заасан арван хоёр сарын туршид уг засвараас татгалзаж байсан буюу уг засварыг авч хэлэлцэхийн тулд бага хурал хийлгэхийг хүсч байсан Хэлэлцэн тохирогч аливаа Талууд нь энэ хугацаа дууссанаас хойш хэдийд ч Ерөнхий нарийн бичгийн даргад уг засварыг хүлээн авч байгаа тухайгаа мэдэгдэж болох бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү мэдэгдлийг бусад Хэлэлцэн тохирогч бүх Талуудад тараана. Ийм мэдэгдэл явуулсан Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд уг засвар нь Ерөнхий нарийн бичгийн дарга уг мэдэгдлийг авснаас хойш зургаан сарын дараагаас хүчин төгөлдөр болно.

3. Хэрэв энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу уг засварыг хүлээн аваагүй бөгөөд хэрэв энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван хоёр сарын хугацаанд Хэлэлцэн тохирогч бүх Талуудын тал хувиас цөөхөн нь Ерөнхий нарийн бичгийн даргад уг засвараас татгалзаж байгаагаа мэдэгдэж байгаа, түүнчлэн хэрэв Хэлэлцэн тохирогч бүх Талуудын дор хаяж гуравны нэг (гэхдээ таваас цөөнгүй) нь уг засварыг хүлээн авч байгаа буюу хурал хийлгэхийг хүсч байгаагаа мэдэгдэж байгаа бол санал болгосон засвар болон бусад аливаа санал (тухайлбал, энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дэвшүүлж буй санал байж болно)-ыг авч хэлэлцэхийн тулд Ерөнхий нарийн бичгийн дарга бага хурал хийлгэнэ.

4. Хэрэв энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу бага хурал хийлгэх гэж байгаа бол Ерөнхий нарийн бичгийн дарга бүх Хэлэлцэн тохирогч Талууд болон энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар зүйлд заагдсан бусад улсыг урина. Хурал эхлэхээс дор хаяж зургаан сарын өмнө Ерөнхий нарийн бичгийн дарга бага хуралд уригдсан орнуудад хандан санал оруулсан засвар дээр нэмж уг хурлаар хэлэлцэж болох аливаа саналаа танилцуулахыг хүсч, эдгээр саналуудыг хуралд уригдсан бүх улсад хурал эхлэхээс дор хаяж гурван сарын өмнө мэдэгдэнэ.

5. a) Энэхүү Хэлэлцээрт оруулах гэж буй аливаа засварыг бага хуралд оролцож буй улсуудын гуравны хоёрын олонхи нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ олонхи нь хуралд оролцож буй бүх Хэлэлцэн тохирогч Талуудын дор хаяж гуравны хоёрыг багтааж байгаа нөхцөлд уг засварыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Ерөнхий нарийн бичгийн дарга Хэлэлцэн тохирогч бүх Талуудад уг засварыг хүлээж авсныг мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдсэнээс хойш арван хоёр сарын дараа Хэлэлцэн тохирогч бүх Талууд (гэхдээ Ерөнхий нарийн бичгийн даргад энэ хугацаанд засвар оруулахыг татгалзсанаа мэдэгдсэнээс бусад)-ын хувьд хүчин төгөлдөр болно.

b) Дээр заасан арван хоёр сарын туршид уг засвараас татгалзаж байсан Хэлэлцэн тохирогч аливаа Талууд нь хэдийд ч Ерөнхий нарийн бичгийн даргад уг засварыг хүлээн авч байгаа тухайгаа мэдэгдэж болох бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга энэ тухай бусад Хэлэлцэн тохирогч бүх Талуудад зарлана. Ийм мэдэгдэл явуулсан Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд уг засвар нь Ерөнхий нарийн бичгийн дарга уг мэдэгдлийг авснаас хойш зургаан сарын дараагаас буюу хэрэв дээр заасан арван хоёр сарын хугацаа нь түүнээс хойш дуусч байвал түүнийг дууссанаас хойш хүчин төгөлдөр болно.

6. Хэрэв засвар хийхээр оруулсан санал нь энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу хүлээн зөвшөөрөгдөөгүй ба энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага хурлыг хийх нөхцөл бүрдээгүй бол уг засвараас татгалзсанд тооцно.

7. Засвар оруулах журмын талаархи энэ зүйлийн 1-6 дахь хэсэгт зааснаас хамаарахгүйгээр энэхүү Хэлэлцээрийн хавсралтыг Хэлэлцэн тохирогч бүх Талуудын эрх бүхий байгууллагуудын хоорондох хэлэлцээрээр өөрчилж болно. Хэрэв Хэлэлцэн тохирогч аль нэг Талын эрх бүхий байгууллагаас тавьж буй санал нь үндэсний хууль тогтоомжийн дагуу хуулийн байгууллагын дэмжлэг буюу тусгай зөвшөөрөл авахаас хамаарах бөгөөд уг шаардлагатай бүрэн эрх буюу зөвшөөрлийг авснаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн тохиолдолд тухайн Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллагын саналыг хавсралтын өөрчлөлтөд тооцно. Эрх бүхий байгууллагуудын хоорондох хэлэлцээрт хавсралтын хуучин заалтуудыг хүчинтэй байх хугацаанд шинэ заалтуудыг нэгэн зэрэг мөрдөхөөр тусгаж болно. Шинэ заалтуудын хүчин төгөлдөр болох огноог Ерөнхий нарийн бичгийн дарга тогтооно.

8. Аливаа улс нь энэхүү Хэлэлцээрийг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орох үедээ Ерөнхий нарийн бичгийн даргад энэ зүйлийн 7 дахь хэсэгт дурдсан санал тавих тусгай эрх бүхий байгууллагынхаа нэр, хаягийг мэдэгдэнэ.

 

7 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч аливаа Тал Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар энэ Хэлэлцээрээс татгалзаж болно. Ерөнхий нарийн бичгийн дарга тэрхүү нот бичгийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа Хэлэлцээр цуцлагдана. Вена хотноо 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гарын үсэг зурахад нээлттэй болсон замын хөдөлгөөний тухай Конвенцийн Хэлэлцэн тохирогч Тал байхаа больж байгаа аливаа Тал нь мөн тэр өдрөөс эхлэн энэхүү Хэлэлцээрийн Тал байхаа болино.

 

8 дугаар зүйл

Дараалсан арван хоёр сарын туршид Хэлэлцэн тохирогч Талуудын тоо таваас доош байвал, түүнчлэн 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо гарын үсэг зурагдаж нээлттэй болсон замын хөдөлгөөний тухай Конвенц хүчингүй болвол энэхүү Хэлэлцээр хүчингүй болно.

 

9 дүгээр зүйл

1. Энэ Хэлэлцээрийг тайлбарлах буюу хэрэгжүүлэхтэй холбогдсон Хэлэлцэн тохирогч Талуудын хоорондын аливаа маргааныг Талууд хэлэлцээрийн замаар буюу бусад зохицуулах арга замаар шийдэж чадахгүй бол тэдгээрийн аль нэг Талын мэдэгдлээр шүүх байгууллага (арбитраж)-д шилжүүлэх бөгөөд уг байгууллага нь маргалдагч Талуудын харилцан зөвшөөрөлцөж сонгосон нэг буюу хэд хэдэн шүүгчид шилжүүлнэ. Хэрэв хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш гурван сарын хугацаанд маргалдагч Талууд шүүхийн шийдвэрээр зөвшилцөлд хүрэхгүй байвал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад эргэн хандаж, маргааныг эцэслэн шийдэх нэг шүүгч томилж өгөхийг хүсэж болно.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу томилогдсон шүүгчийн шийдвэр нь Талуудын маргааныг заавал тасална.

 

10 дугаар зүйл

Энэхүү Хэлэлцээрийн нэг ч заалт Хэлэлцэн тохирогч аль нэг Талаас НҮБ-ын Дүрэмд нийцүүлэн өөрийн улсын гадаад болон дотоодын аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай гэж үзсэн хязгаарлалтын арга хэмжээ авахад нь саад болох мэтээр ойлгогдох ёсгүй.

 

11 дүгээр зүйл

1. Аливаа улс нь энэ Хэлэлцээрт гарын үсэг зурахдаа буюу батламж бичиг, нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөх үедээ энэхүү Хэлэлцээрийн 9 дүгээр зүйлтэй холбогдолгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж болно. Ийм мэдэгдэл гаргасан Хэлэлцэн тохирогч аливаа Талуудын хувьд бусад Хэлэлцэн тохирогч Талууд 9 дүгээр зүйлээр холбогдолгүй байна.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт тусгагдсан мэдэгдлээс бусад энэхүү Хэлэлцээрт нэмж хийх тайлбаруудыг хэрэв батламж бичиг буюу нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөхөөсөө өмнө бичгийн хэлбэрт оруулан, батламж бичиг буюу нэгдэн орох тухай баримт бичигтээ баталж оруулсан нөхцөлд зөвшөөрнө.

3. Аливаа улс нь батламж бичиг буюу энэхүү Хэлэлцээрт нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөх үедээ Ерөнхий нарийн бичгийн даргад 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо гарын үсэг зурагдаж нээлттэй болсон замын хөдөлгөөний тухай Конвенцид хийсэн, энэхүү Хэлэлцээрт хамаарах тайлбарынхаа тухай нот бичгээр мэдэгдэнэ. Батламж бичиг буюу энэхүү Хэлэлцээрт нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөх үедээ хийгээгүй тайлбарыг энэхүү Хэлэлцээрт хэрэглэгдэхгүй гэж тооцно.

4. Ерөнхий нарийн бичгийн дарга энэ зүйлийн дагуу хийгдсэн тайлбар ба нот бичгийн талаар энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар зүйлд заагдсан бүх улсад мэдээлнэ.

5. Энэ зүйлийн дагуу тайлбар, мэдэгдэл буюу нот бичиг хийсэн аливаа улс нь хэдийд ч Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар эдгээр тайлбар, мэдэгдлээ буцааж болно.

6. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу хийгдсэн аливаа тайлбар буюу 3 дахь хэсгийн дагуу хийгдсэн нот бичиг нь:

a) дээрх тайлбар, нот бичгийг хийсэн Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд Хэлэлцээрийн холбогдох заалт нь уг тайлбарын хүрээнд өөрчлөгдөнө;

b) дээрх тайлбар, нот бичгийг хийсэн Хэлэлцэн тохирогч Талуудтай харилцаа холбоотой бусад Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд ч уг заалт нь мөн тэр хэмжээгээр өөрчлөгдөнө.

 

12 дугаар зүйл

Энэхүү Хэлэлцээрийн 6 ба 11 дүгээр зүйлд заасан мэдэгдэл, нот бичиг, мэдээллээс гадна Ерөнхий нарийн бичгийн дарга Хэлэлцэн тохирогч Талууд болон 2 дугаар зүйлд дурдагдсан бусад улсад доорхи мэдээллийг хийнэ:

a) 2 дугаар зүйлийн дагуу гарын үсэг зурсан, соёрхон баталсан, нэгдэн орсон тухай;

b) 3 дугаар зүйлд хамаарах мэдэгдэл, нот бичгийн тухай;

c) 4 дүгээр зүйлийн дагуу энэхүү Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон огнооны тухай;

d) 6 дугаар зүйлийн 2, 5, 7 дахь хэсгийн дагуу энэхүү Хэлэлцээрт оруулсан засвар хүчин төгөлдөр болсон огнооны тухай;

e) 7 дугаар зүйлийн дагуу цуцалсан тухай;

f) 8 дугаар зүйлийн дагуу энэхүү Хэлэлцээр хүчингүй болсон тухай.

 

13 дугаар зүйл

Бүгд адил хүчинтэйд тооцогдох англи, орос, франц хэлээр нэг нэг хувь үйлдэгдсэн энэхүү Хэлэлцээрийн жинхэнэ эх бичгийг 1972 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгөх ба тэрээр энэхүү эх бичгээс зохих журмын дагуу баталгаат хуулбар хийж энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар зүйлд дурдагдсан бүх улсад хүргүүлнэ.

 

ҮҮНИЙГ БАТАЛЖ, өөр өөрсдийн засгийн газраас зохих бүрэн эрх олгогдсоныхоо дагуу дор гарын үсгээ зурах төлөөлөгчид энэхүү Хэлэлцээрт гарын үсэг зурав.

 

Нэгэн мянга есөн зуун далан нэгэн оны тавдугаар сарын нэгний өдөр Женев хотноо ҮЙЛДЭВ.

 

 

 

ХАВСРАЛТ

 

1. Энэхүү хавсралтын заалтуудад орсон «Конвенц» гэсэн нэр томъёонд 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо гарын үсэг зурагдаж нээлттэй болсон замын хөдөлгөөний тухай Конвенцийг ойлгоно.

 

2. Энэхүү хавсралт нь Конвенцийн заалтуудад хамааруулж оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг агуулсан болно.

 

3. Конвенцийн 1 дүгээр зүйлд (Тодорхойлолт)

“c” хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «“Суурин газар” – гэдэгт түүн рүү орох, гарах хэсэг нь зохих тэмдгүүдээр тусгайлан тэмдэглэгдсэн, барилгажсан нутаг дэвсгэрийг ойлгоно;».

Энэ зүйлийн “c” хэсгийн араас залгаж нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «“Хороолол” – гэдэгт орох, гарах хэсэг нь зохих тэмдгүүдээр тэмдэглэгдсэн, замын хөдөлгөөний тусгай журам мөрдөгддөг хүн ам төвлөрсөн нутаг дэвсгэрийг ойлгоно;».

“n” хэсэг

Ачаалалгүй жин нь 400 кг-аас илүүгүй, гурван дугуйтай тээврийн хэрэгслийг мотоциклтой адилтгана.

Энэ зүйлийн төгсгөлд нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «”Явган зорчигч” хүүхдийн тэрэг, өвчтөний тэрэг, тахир дутуу хүний тэргэнцэр буюу хөдөлгүүргүй, жижиг оврын аливаа бусад тээврийн хэрэгслийг түрч яваа, мөн унадаг дугуй буюу мопедыг хөтөлж яваа, түүнчлэн тахир дутуу хүний тэргэнцрээр түрүүлж яваа (явган хүний хурдаар) буюу өөрөө хөдөлгөж яваа тахир дутуу хүмүүсийг хамааруулж ойлгоно;».

 

4. Конвенцийн 3 дугаар зүйлд (Хэлэлцэн тохирогч Талуудын хүлээх үүрэг)

4 дэх хэсэг

Энэ хэсэгт дурдагдсан арга хэмжээг Конвенцийн 39 дүгээр зүйлийг хэрэглэх хүрээнд хувиргаж болохгүй бөгөөд түүний заалтуудад хамааруулах албагүй.

 

5. Конвенцийн 6 дугаар зүйлд (Замын хөдөлгөөн зохицуулах эрх бүхий ажилтны дохио)

3 дахь хэсэг

Конвенцид зөвлөмж байдлаар тусгагдсан энэ хэсгийн заалтуудыг заавал мөрдөнө.

 

6. Конвенцийн 7 дугаар зүйлд (Нийтлэг журмууд)

2 дахь хэсэг

Конвенцид зөвлөмж байдлаар тусгагдсан энэ хэсгийн заалтыг заавал мөрдөнө.

Энэ зүйлийн төгсгөлд нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «Үндэсний хууль тогтоомжид хамгаалах бүс буюу хүүхдүүдэд зориулсан үүнтэй адил чанарын хэрэгслийг хэрэглэх журам ба урд суудалд хүүхэд тээвэрлэх журмыг тусгасан байх ёстой».

 

7. Конвенцийн 8 дугаар зүйлд (Жолооч)

2 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Уналга, ачилгын мал амьтан, түүнчлэн мал, сүргийг зохих ёсоор тэмдэглэгдсэн бүсээс бусад газарт тогтвортой чиглүүлэн хариулах чадвартай мал туугч харгалзан явах ёстой гэж үндэсний хууль тогтоомжид тусгана».

5 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Жолооч нь тээврийн хэрэгслээ ямагт өөрийн жолоодлого, хяналтандаа байлгана. Тэрээр замын хөдөлгөөний дүрэм, хөдөлгөөний аюулгүй байдлын заалт шаардлагуудтай танилцсан, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, эм тарианы хэрэглээ буюу ядаргаа зэрэг жолоочийн анхааралд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар мэдлэгтэй байх ёстой».

Энэ зүйлийн 5 дахь хэсгийн араас нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «6. Үндэсний хууль тогтоомжид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой тусгай заалтууд, түүнчлэн цусан дахь (эсвэл амьсгалын хий дэх) спиртийн агууламжийн зөвшөөрөгдөх түвшин буюу тээврийн хэрэгсэл жолоодоход харшлах хэмжээг хуульчлан тусгасан байвал зохино. Аль ч тохиолдолд үндэсний хууль тогтоомжоор зөвшөөрөгдөх цусан дахь цэвэр спиртийн агууламжийн дээд түвшин нэг литр цусанд 0.80 г, эсвэл нэг литр амьсгалын хийд 0.40 мг-аас илүү байх ёсгүй».

 

8. Конвенцийн 9 дүгээр зүйлд (Мал сүрэг)

Конвенцид зөвлөмж байдлаар тусгагдсан энэ зүйлийн заалтыг заавал мөрдөнө.

 

9. Конвенцийн 10 дугаар зүйлд (Зорчих хэсгээр байрлан явах)

Гарчгийг «Замаар байрлан явах» гэж уншина.

Энэ зүйлийн 1 дэх хэсгийн араас нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина:

«a) онцгой тохиолдлоос бусад үед жолооч нь зөвхөн өөрийн төрлийн хөдөлгөөнд оролцогчдод зориулагдсан зам, зорчих хэсэг, эгнээгээр зорчих ёстой;

b) тэдгээр зориулагдсан эгнээ, зам байхгүй тохиолдолд унадаг дугуй, мопед ба хөдөлгүүргүй бусад тээврийн хэрэгслийн жолооч нь бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндрэл учруулахааргүй бол явах чигтээ аль дөхөмтэй замын хөвөөг ашиглана».

 

10. Конвенцийн 11 дүгээр зүйлд (Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах)

5 дахь хэсгийн “b” дэд хэсэг

Энэ заалтыг хэрэглэхгүй.

6 дахь хэсгийн “b” дэд хэсэг

Энэ зүйлийн 5 дахь хэсгийн “b” заалтыг хэрэглэхгүйтэй холбоотойгоор энэхүү дэд хэсгийн сүүлийн өгүүлбэрт байгаа заалтыг хэрэглэхгүй.

8 дахь хэсгийн “b” дэд хэсэг

Энэ дэд хэсгийг дараахь байдлаар уншина: «Гармаар нэвтрэх хөдөлгөөн нь уулзвар дээр хэрэглэгддэг гэрлэн дохиогоор зохицуулагдаж байгаагаас бусад тохиолдолд төмөр замын хаалтгүй гарам дээр буюу түүний шууд өмнө;».

11 дэх хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина:

«a) суурин газарт аль аль чигтээ хоёр буюу түүнээс олон эгнээтэй (эгнээ нь тэмдэглэлээр тэмдэглэгдсэн) зам дээр Конвенцийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг хэрэглэхгүй. Автотээврийн хэрэгслийн жолооч нь өөртөө аль дөхөмтэй эгнээг ашиглаж болно. Гэхдээ зөвхөн баруун буюу зүүн гар тийш эргэх, гүйцэж түрүүлэх, түр буюу удаан зогсохын тулд бусад эгнээ рүү шилжих ёстой.

b) Дээрх “a”-д заасан тохиолдолд хөдөлгөөний батлагдсан талын эгнээгээр яваа тээврийн хэрэгслийн жолооч замын захад ойр байрласан эгнээгээр яваа тээврийн хэрэгслээс илүү хурдтай явааг энэ зүйлийн утгаар гүйцэж түрүүлж байна гэж үзэхгүй. Гэхдээ энэ зүйлийн 9 дэх хэсгийн заалтыг үргэлжлүүлэн хэрэглэнэ.

c) Дээрх “a” заалт нь тууш зам болон автомашины хөдөлгөөнд зориулагдаж зохих байдлаар тэмдэглэгдсэн (хувийн өмчид хамаарагдах замын зэргэлдээх хэсэг рүү орох буюу түүнээс гарахад ашиглагддаггүй) бусад зам, эсвэл хөдөлгөөний зөвшөөрөгдөх хурд нь цагт 80 км-ээс илүү аливаа замуудад хэрэглэгдэхгүй».

 

11. Конвенцийн 12 дугаар зүйл (Зөрж өнгөрөх)

2 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Зөрж өнгөрөхөд бэрхшээлтэй буюу боломжгүй уулын болон өгсүүр, уруу замд өгсөж яваа тээврийн хэрэгслийн хурд ба байрлал нь түүнийг зөрж өнгөрөх газрын өмнө зогсоход илүү бололцоотой болгосон буюу аль тээврийн хэрэгсэл нь ухрах илүү боломжтойгоос хамаарах тохиолдлоос бусад үед уруудаж яваа тээврийн хэрэгслийн жолооч өгсөж яваа аливаа тээврийн хэрэгсэлд зогсож, зам тавьж өгнө. Зөрж өнгөрөхийн тулд аль нэг тээврийн хэрэгсэл нь ухрах шаардлагатай болбол тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн нь бусад бүх тээврийн хэрэгслээс давуу эрхтэй байх бөгөөд түүнчлэн хүнд даацын тээврийн хэрэгсэл нь хөнгөн тээврийн хэрэгслээс, автобус нь ачааны автомашинаас давуу эрхтэй байна. Харин ижил төрлийн тээврийн хэрэгслүүдийн хувьд өгсөж яваа тээврийн хэрэгслийн жолоочид уг үйлдлийг хийхэд илт хялбар байхаас бусад тохиолдолд уруудаж яваа жолооч ухрах үйлдлийг гүйцэтгэх үүрэгтэй».

 

12. Конвенцийн 13 дугаар зүйлд (Хурд ба хоорондын зай)

1 дэх хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөний хурдаа өөрчлөхдөө тухайн нөхцөл байдал, тодруулбал тээврийн хэрэгслийн байдал, тээж яваа ачаа, зам болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний эрчим, хөдөлгөөний дагуух үзэгдэлтийг харгалзан, хөдөлгөөнд ямар нэгэн саад бий болох үед түүнийг урьдчилан харах, улмаар саадын өмнө тээврийн хэрэгслээ зогсоох бололцоог хангасан байна. Тухайн нөхцөл байдал шаардсан, ялангуяа үзэгдэлт муудсан тохиолдол бүрд жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсооно».

6 дахь хэсэг

Энэ хэсгийг түүний “a”, “b” дэд хэсгүүдийн хамт дараахь байдлаар уншина: «Суурин газрын гаднах нэг чигтээ зөвхөн нэг эгнээ бүхий замд нийт урт нь 7 метрээс илүү тээврийн хэрэгсэл ба тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн, мөн тусгай хурдны хязгаарлалд хамрагдах тээврийн хэрэгслийн жолооч нар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаа буюу ийм үйлдэл хийж байгаагаас бусад тохиолдолд өөрийг нь гүйцэж түрүүлэх жолооч ямар нэг аюулгүйгээр урд нь орж зохих байраа эзэлж болохуйц (гүйцэж түрүүлэх үйлдлийг хөнгөвчлөх зорилгоор) хэмжээний хоорондын зайг урд яваа механикжсан тээврийн хэрэгслээс барьж явна. Гэхдээ энэ заалт нь хөдөлгөөний эрчим ихтэй үед буюу гүйцэж түрүүлэхийг хориглосон замын хэсэгт хамаарахгүй».

 

13. Конвенцийн 14 дүгээр зүйлд (Хөдөлгөөний үйлдэл хийхтэй холбогдсон нийтлэг заалтууд)

1 дэх хэсэг

Энэ хэсгийн дараахь байдлаар уншина: «Жолооч нь ямар нэгэн үйлдэл, тухайлбал зогсоол дээрээс хөдөлгөөнөө эхлэх буюу түүн рүү орох, зорчих хэсэг дээр баруун буюу зүүн гар тийш шилжих (тодруулбал эгнээ байраа өөрчлөх), замаас гарах буюу өөр зам руу орохын тулд баруун буюу зүүн гар тийш эргэх зэрэг үйлдлүүдийг хийхийнхээ өмнө ард, урд болон өөдөөс яваа хөдөлгөөнд оролцогчдын байрлал, хөдөлгөөний чиг, хурдыг тооцоолсны үндсэн дээр тэдэнд аюул учруулахгүй гэдгийг бүрэн мэдсэнийхээ дараа гүйцэтгэнэ».

 

14. Конвенцийн 15 дугаар зүйлд (Хотын тээврийн байнгын шугамд тээвэр хийж буй тээврийн хэрэгслүүдэд хамаарах тусгай заалтууд)

Конвенцид зөвлөмж байдлаар тусгагдсан энэ зүйлийн заалтыг заавал мөрдөнө.

 

15. Конвенцийн 18 дугаар зүйлд (Уулзвар ба зам тавьж өгөх үүрэг)

3 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Замын дагуух эзэмшлээс зам руу орох гэж буй жолооч тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө».

4 дэх хэсгийн “b” дэд хэсэг

Энэ дэд хэсгийг дараахь байдлаар уншина: «Зүүн гар талын хөдөлгөөнтэй улсын хувьд уулзвар нэвтрэх дарааллыг замын тэмдэг, дохио буюу тэмдэглэлээр зохицуулна».

Энэ зүйлийн 7 дахь хэсгийн төгсгөлд нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «Энэ зүйлийн нэг ч заалт Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдагдсан уулзвар нэвтрэх дарааллын журмыг бүх хөдөлгөөнд оролцогчдод хамааруулахад нь саад болж буй мэтээр ойлгогдох ёсгүй».

 

16. Конвенцийн 20 дугаар зүйлд (Явган зорчигчид хамаарах заалтууд)

1 дэх хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Явган зорчигчид нь зорчих хэсгийг аль болох ашиглахгүй байх ёстой бөгөөд хэрэв ашиглах бол болгоомжлох арга хэмжээ авч, шалтгаангүйгээр хөдөлгөөнийг хүндрүүлэхгүй, саатуулахгүй байвал зохино».

Энэ зүйлийн 2 дахь хэсгийн араас нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «Конвенцийн энэ зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудын хувьд ч тахир дутуу хүний тэргэнцэртэй хүн бүх тохиолдолд зорчих хэсгээр явж болно».

4 дэх хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Энэ зүйлийн 2 дахь хэсэг ба энэ хэсгийн араас орсон нэмэлт хэсэг, мөн 3 дахь хэсэгт заасны дагуу зорчих хэсгээр яваа явган зорчигчид зорчих хэсгийн захад аль болох ойр явах ёстой».

5 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина:

«a) Суурин газрын гаднах замд зорчих хэсгээр яваа явган зорчигчид нь хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талыг (хэрэв энэ нь тэдний аюулгүй байдлыг алдагдуулахааргүй бөгөөд онцгой шалтгаангүй бол) барьж явна; Гэхдээ мотоцикл, унадаг дугуй, мопед хөтөлж яваа болон тахир дутуу хүний тэргэнцэртэй хүмүүс, түүнчлэн удирдагчтай бүлэг явган зорчигчид буюу жагсаалаар яваа хүмүүс зорчих хэсгийн хөдөлгөөний батлагдсан талыг барьж явна. Жагсаалаар яваагаас бусад явган зорчигчид хөдөлгөөний аюулгүй байдал шаардаж байгаа нөхцөлд, тухайлбал үзэгдэлт хангалтгүй буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй үед аль болох ар араасаа цуварч явна.

b) Энэ хэсгийн “a” заалтыг суурин газарт ч мөн адил мөрдөхөөр зааж болно».

6 дахь хэсгийн “c” дэд хэсэг

Энэ дэд хэсгийг дараахь байдлаар уншина: «Зохих тэмдэг буюу тэмдэглэлээр тэмдэглэгдсэн явган хүний гарцаас бусад хэсгээр зорчих хэсгийг хөндлөн гарахдаа явган зорчигч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хүндрүүлэхгүй гэдэгтээ бүрэн итгээгүй тохиолдолд зорчих хэсэг рүү орох ёсгүй. Явган зорчигч нь зорчих хэсгийн тэнхлэгт тэгш өнцөг үүсгэж эгц хөндлөн гарна».

 

17. Конвенцийн 21 дүгээр зүйлд (Жолооч ба явган зорчигчдын харилцаанд хамаарах дүрэм)

3 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Конвенцийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ба 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчихгүйгээр, зохих тэмдэг буюу тэмдэглэлээр тэмдэглэгдсэн явган хүний гарцгүй үед жолооч эргэх үйлдэл хийж өөр зам руу орохдоо уг замын зорчих хэсгээр яваа явган зорчигчийг (шаардлагатай бол зогсож) өнгөрөөх үүрэгтэй. Түүнчлэн жолооч нь нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл рүү орох гэж яваа буюу түүнээс бууж зорчих хэсгээр хөндлөн гарч яваа явган зорчигчдод онцгой анхаарал тавих ёстой».

Энэ зүйлийн төгсгөлд нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина:

«Хэрэв явган зорчигчдын хөдөлгөөнд зориулагдсан замаар зарим төрлийн тээврийн хэрэгсэл явахыг зөвшөөрсөн нөхцөлүүд тодорхойлогдсон бол үндэсний хууль тогтоомжид хөдөлгөөнд оролцогчдын хооронд ямар нэгэн зөрчилдөөн үүсэхээс зайлсхийсэн зохицуулгын чанартай журмууд тусгах, түүнчлэн хөдөлгөөний дээд хурдыг явган зорчигчдод аюул учруулахгүй, цаг тухайд нь зогсоож болохуйц байдалтайгаар хязгаарлаж болно.

Явган хүний гарц дээр зайлшгүй байдлаар зогсохгүй гэдэгтээ итгээгүй нөхцөлд жолооч гарц руу орох ёсгүй.

Жолооч замын дагуух эзэмшлээс зам руу орохдоо буюу замаас гарч түүн рүү орохдоо явган зорчигчдыг өнгөрөөх ёстой».

 

18. Конвенцийн 23 дугаар зүйлд (Түр ба удаан зогсолт)

2 дахь хэсгийн “b” дэд хэсэг

Энэ дэд хэсгийг дараахь байдлаар уншина: «Хоёр дугуйтай унадаг дугуй, мопед, шаахайгүй мотоциклоос бусад тээврийн хэрэгслүүд нь зорчих хэсэг дээр хоёр эгнээгээр (зэрэгцэж) удаан зогсохгүй. Тээврийн хэрэгслийг түр буюу удаан зогсоохдоо зорчих хэсгийн захад зэрэгцээ (параллель) байдлаар (өөрөөр байрлуулж болох хэлбэртэй газраас бусад хэсэгт) байрлуулна».

3 дахь хэсгийн “a” дэд хэсэг

Энэ дэд хэсгийг дараахь байдлаар уншина: «Зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслийг дараахь тохиолдолд түр ба удаан зогсоохыг хориглоно:

i) явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд, түүнчлэн унадаг дугуйн гарц болон төмөр замын гарам дээр;

ii) замын дундуур байрласан трамвай болон галт тэрэгний төмөр зам дээр буюу тэдгээрийн хөдөлгөөнийг хүндрүүлж болохуйц төмөр замд ойр зайд;».

Энэ хэсгийн “a” дэд хэсгийн “ii”-ын араас нэмэлт заалт оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «Замын тэмдэг, тэмдэглэлээр өөрөөр зааснаас бусад тохиолдолд уулзвар дээр ба түүний захаас 5 метрээс ойр зайд».

3 дахь хэсгийн “c” дэд хэсгийн “i”

Энэ заалтыг дараахь байдлаар уншина: «төмөр замын гармын ойролцоо үндэсний хууль тогтоомжоор тогтоосон зайд, түүнчлэн хэрэв үндэсний хууль тогтоомжид бага байхаар заагаагүй бол автобус, троллейбус буюу төмөр замын тээврийн хэрэгслийн буудлаас хоёр тийш 15 метрээс бага зайд;».

5 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина:

«a) Дор дурдсан тохиолдолд хоёр дугуйтай мопед, шаахайгүй мотоциклоос бусад механикжсан тээврийн хэрэгсэл, түүнчлэн чирэгчтэй холбогдсон, холбогдоогүй чиргүүл бүрийг суурин газрын гаднах замд зорчих хэсэг дээр зогсоохдоо ойртон ирж яваа жолооч нарт цаг тухайд нь анхааруулах үүднээс тэмдэглэсэн байх ёстой:

i) Конвенцийн энэ зүйлийн 3 дахь хэсгийн “b”-ийн “i” буюу “ii” заалтаар түр зогсохыг хориглосон газарт жолооч зайлшгүй шалтгаанаар зогссон бол;

ii) хэрэв зогсож байгаа тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа жолооч нарт анзаарагдахааргүй буюу цаг тухайд нь анзаарахад төвөгтэй байвал.

b) Энэ хэсгийн “a” дэд хэсгийн заалтуудыг суурин газарт ч мөрдөхөөр зааж болно.

c) Энэ хэсгийн заалтуудыг хэрэглэхдээ үндэсний хууль тогтоомжид Конвенцийн 5 дугаар хавсралтын 56 дугаар хэсэгт дурдагдсан хэрэгслүүдээс аль нэгийг нь ашиглах талаар тусгахыг зөвлөж байна».

Энэ зүйлийн төгсгөлд нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина:

«a) Үндэсний хууль тогтоомжид улсын чанартай автозамуудын удаан зогсохыг хориглосон буюу хугацаагаар хязгаарласан хэсэгт тахир дутуу хүмүүс тээврийн хэрэгслээ удаан зогсоохыг нь зөвшөөрч болно.

b) Тухайн улсаас тахир дутуу хүмүүст дээрх “a” дэд хэсэгт заасан хөнгөлөлтийг эдлүүлдэг тусгай баримт бичгийг олгож болно. Энэ баримт бичигт тахир дутуу хүний олон улсын бэлгэдэл болон тухайн эзэмшигчийн нэр тэмдэглэгдсэн байна. Хэлэлцэн тохирогч аль нэг Талаас олгогдсон ийм баримт бичгийг нөгөө Тал хүлээн зөвшөөрөх ба уг баримт бичгийн эзэмшигчид дээрх “a” дэд хэсэгт дурдагдсан хөнгөлөлт эдлэхийг нь зөвшөөрнө».

 

19. Конвенцийн 25 дугаар зүйлд (Тууш зам ба түүнтэй адил төрлийн замууд)

1 дэх хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Тууш зам дээр болон түүн рүү нийлэх буюу салахад зориулсан тусгай хэсэг (тууш зам шиг тэмдэглэгдсэн) дээр:

a) явган зорчигч, мал амьтан, унадаг дугуй, мопед (хэрэв мотоциклтой адилтгаж үзээгүй бол), мөн автомашинаас бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэл ба тэдгээрийн чиргүүл, түүнчлэн техникийн дээд хурд нь тэгш зам дээр үндэсний хууль тогтоомжоор тогтоосон хэмжээ (энэ хэмжээ нь 40 км/цаг-аас багагүй байх ёстой)-нд хүрдэггүй автомашин ба түүний чиргүүлийн хөдөлгөөнийг хориглоно;

b) жолоочид хориглох нь:

i) тусгайлан тэмдэглэгдсэн зориулалтын зогсоолоос бусад хэсэгт тээврийн хэрэгслээ түр буюу удаан зогсоох. Өөрөөс нь шалтгаалахгүйгээр зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ зорчих хэсэг болон тухайн эгнээнээс зайлуулахыг хичээх ёстой бөгөөд хэрэв зайлуулж чадахгүй бол ойртон ирж яваа жолооч нарт цаг тухайд нь анхааруулахын тулд хангалттай зайнд нэн даруй тээврийн хэрэгслээ тэмдэглэнэ; Конвенцийн 23 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтад хамрагддаггүй тээврийн хэрэгслүүдийн тухайд бол үндэсний хууль тогтоомжид Конвенцийн 5 дугаар хавсралтын 56 дугаар хэсэгт дурдагдсан хэрэгслүүдээс аль нэгийг нь ашиглах талаар тусгахыг зөвлөж байна;

ii) буцаж эргэх буюу ухрах үйлдэл хийх, эсвэл голын тусгаарлах зурвасын хоёр зорчих хэсгийг холбосон хөндлөн холбоос руу орох;

c) баярын жагсаал, цуглаан хийх, автомашины уралдаан, тэмцээн зохион байгуулах, тээврийн хэрэгслийн техникийн туршилт явуулах зэргийг үндэсний хууль тогтоомжид тусгагдсан эсэхийг харгалзан хориглоно».

Энэ зүйлийн 1 дэх хэсгийн араас нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «Нэг чигтээ гурав буюу түүнээс олон эгнээ бүхий тууш замд бүх жин нь 3.5 тонноос илүү ачааны тээврийн хэрэгсэл буюу нийт урт нь 7 метрээс илүү тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний жолооч зорчих хэсгийн хөдөлгөөний батлагдсан талын захад байрлах хоёр эгнээнээс бусад эгнээгээр явахыг хориглоно».

Энэ зүйлийн 3 дахь хэсгийн араас нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «Гар хийцийн хэрэгслийн тусламжтайгаар чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл тууш зам руу орохыг үндэсний хууль тогтоомжид тусгагдсанаас бусад тохиолдолд хориглоно. Тууш зам дээр эвдэрсэн тээврийн хэрэгслийг гар хийцийн хэрэгслээр чирэх бол хамгийн ойрхон гарах хэсгээр тууш замыг орхих ёстой. Энэ заалтыг хэрэглэхдээ гар хийцийн хэрэгсэл гэдэгт дээсэн татлага, төмөр утас гэх мэтийг ойлгоно».

4 дэх хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Өмнөх хэсгийн заалтуудыг хэрэглэхдээ замын дагуух эзэмшилд үйлчилдэггүй бөгөөд автомашины хөдөлгөөнд зориулагдаж зохих байдлаар тэмдэглэгдсэн бусад замыг тууш замтай адилтгаж үзнэ».

 

20. Конвенцийн 27 дугаар зүйлд (Унадаг дугуй, мопед, мотоциклын жолооч нарт хамаарах тусгай дүрэм)

2 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Унадаг дугуйн жолооч нь жолоогоо ядаж нэг гараараа барихгүйгээр явах, бусад тээврийн хэрэгслийг чирэгч болгон ашиглах, мөн бусад хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахуйц, тэдний жолоодлогод саад болохуйц зүйлийг зөөж, чирч, түрж явахыг хориглоно. Энэ заалт нь мопед ба мотоциклын жолооч нарт мөн адил хамаарах төдийгүй, харин ч (Конвенцид заагдсан дохиог өгөх шаардлагатайгаас бусад тохиолдолд) жолоог заавал хоёр гараараа барьж явах үүрэг хүлээнэ».

4 дэх хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Мопедын жолоочид унадаг дугуйн замаар явахыг нь зөвшөөрч болох бөгөөд хэрэв зүйд нийцэх бол тэднийг унадаг дугуйн замаас гадуур зорчих хэсгээр явахыг нь хориглож болно».

Энэ зүйлийн төгсгөлд нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «Мотоцикл ба мопедын жолооч, зорчигчдод хамгаалах малгай хэрэглэхийг үндэсний хууль тогтоомжид заасныг харгалзан үүрэг болгоно».

 

20-бис. Конвенцийн 27 дугаар зүйлийн араас нэмэлт зүйлүүд оруулах

Энэ зүйлүүдийг дараахь байдлаар уншина:

«27-бис дугаар зүйл. Зохих тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын дотор мөрдөх тусгай журам

Зохих тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын дотор:

a) явган зорчигчид замын бүх өргөнийг ашиглан зорчиж болно. Хүүхдүүд тоглохыг зөвшөөрнө;

b) жолооч нь үндэсний хууль тогтоомжид заасны дагуу хамгийн бага хурдаар явах бөгөөд аль ч тохиолдолд цагт 20 км-ээс хэтрүүлэхгүй байвал зохино;

c) жолооч нь явган зорчигчдын хөдөлгөөний чөлөөтэй байдлыг хязгаарлах, тэдэнд аюул учруулах ёсгүй. Зайлшгүй тохиолдолд жолооч тээврийн хэрэгслээ зогсоох ёстой;

d) явган зорчигчид нь автомашины хөдөлгөөнд үндэслэлгүйгээр саад учруулах ёсгүй;

e) зохих тэмдгүүдээр тэмдэглэгдсэнээс бусад газарт удаан зогсох хориотой;

f) үндэсний хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хорооллоос гарч буй хөдөлгөөнд оролцогч нь бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгөх үүрэгтэй.

27-тер дугаар зүйл. Явган зорчигчдын бүс (зона)

Явган зорчигчдод зориулсан нэг буюу хэд хэдэн замыг агуулсан явган зорчигчдын бүсийн талаар үндэсний хууль тогтоомжид заалт тусгаж болох ба уг бүс рүү тээврийн хэрэгсэл орох онцгой нөхцөлүүдийг зааж болно.

27-кватер дугаар зүйл. Зам дээр барилгын буюу засварын ажил гүйцэтгэж байгаа хүмүүст хамаарах тусгай журам

Зам дээр барилгын буюу засварын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс өдөр, шөнийн аль ч цагт алсын зайнаас ажиглагдахуйц гэрэл ойлгогч ба цацруулагч гадаргуутай хувцас хэрэглэж байвал зохино».

 

21. Конвенцийн 29 дүгээр зүйлд (Төмөр замын тээврийн хэрэгсэл)

2 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Автомашины замаар зорчих төмөр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хамааруулан Конвенцийн 2 дугаар бүлэгт тусгагдсанаас ялгаатай тусгай журам хэрэглэж болно. Гэхдээ энэ журам нь Конвенцийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн заалттай зөрчилдөх ёсгүй».

Энэ зүйлийн төгсгөлд нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «Замын зорчих хэсгээр байрласан төмөр замын тээврийн хэрэгслүүдийг явж байхад нь буюу зогсох гэж байхад нь гүйцэж түрүүлэх бол уг үйлдлийг хөдөлгөөний батлагдсан талаар нь гүйцэтгэнэ. Хэрэв гүйцэж түрүүлэх ба зөрж өнгөрөх үйлдлийг хөдөлгөөний батлагдсан талаар нь гүйцэтгэх боломжгүй (нэвтрэх хэсгийн нарийнаас шалтгаалан) бол эдгээр үйлдлийг өөдөөс яваа хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахааргүй нөхцөлд хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талаар гүйцэтгэж болно. Нэг чигийн хөдөлгөөнтэй зорчих хэсэг дээр гүйцэж түрүүлэх үйлдлийг хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талаар гүйцэтгэж болно».

 

22. Конвенцийн 30 дугаар зүйлд (Тээврийн хэрэгслийн ачаа)

4 дэх хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Тээврийн хэрэгслийн овроос урагшаа, хойшоо, хажуу тийшээ илүү гарсан ачаа нь бусад тээврийн хэрэгслийн жолооч нарт ажиглагдахааргүй байж болзошгүй бүх тохиолдолд тэмдэглэгдсэн байх ёстой; Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед энэ анхааруулах дохио нь урд талаасаа цагаан, ард талаасаа улаан өнгийн гэрэл ба гэрэл ойлгуураар хийгдсэн байвал зохино.

Ялангуяа механикжсан тээврийн хэрэгсэл ба түүний чиргүүлийн хувьд:

a) тээврийн хэрэгслийн овроос урагшаа, хойшоо 1 метрээс илүү гарсан ачааг заавал тэмдэглэнэ;

b) тээврийн хэрэгслийн овроос хойшоо 1 метрээс илүү гарсан ачааны төгсгөлийн хэсэгт тээврийн хэрэгслийн голын дагуух огтлолтой перпендикуляр хавтгайд босоо байдлаар тогтвортой байрлах дөрвөлжин буюу гурвалжин самбар (талуудын урт нь 0.40 метрээс багагүй)-аар тэмдэглэх буюу эсвэл гэрэл ойлгогч гадаргуутай гурван хэмжээст хэрэгсэл (пирамид, призм, цилиндр хэлбэрийн)-ийг ачааны төгсгөлөөс өлгөнө. Самбар нь улаан ба цагаан өнгийн судлуудтай, харин гурван хэмжээст хэрэгслийн судлууд нь улаан ба цагаан өнгөтэй буюу эсвэл талууд нь гэгээн өнгөтэй байна. Самбарын улаан ба цагаан өнгөөр будагдсан хэсгүүд нь гэрэл ойлгуураар тоноглогдсон буюу гэрэл ойлгогч гадаргуутай байна. Эдгээр хэрэгслүүдийн гэрэлтэгч буюу гэрэл ойлгогч гадаргуугийн оройн цэг нь замын гадаргуугаас 1.60 метрээс илүүгүй өндөрт, доод цэг нь замын гадаргуугаас 0.40 метрээс багагүй өндөрт байрлах ёстой.

c) үндэсний хууль тогтоомжид богино зайд байнгын бус тээвэрлэлт хийх тохиолдолд илүү хялбар тэмдэглэх талаар тусгаж болно».

 

23. (Хасагдсан)

 

24. Конвенцийн 31 дүгээр зүйлд (Зам тээврийн осол гарсан үед жолоочийн авах арга хэмжээ)

1 дэх хэсэг

Энэ хэсгийн араас нэмэлт дэд хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «Хэрэв зам тээврийн ослын улмаас эд материалын хохирол учирсан бөгөөд тухайн хохирлыг амсагч талаас хэн нэгэн этгээд осол гарсан газарт байгаагүй бол уг зам тээврийн осолд холбогдсон этгээд тухайн газар дээр бололцооныхоо хирээр өөрийн нэр, хаягийг мэдээлэх ба энэ тухай хохирогч талд аль болох түргэн өөрөө буюу эсвэл цагдаагийн байгууллагаар дамжуулан мэдэгдэх ёстой».

 

25. (Хасагдсан)

 

26. Конвенцийн 34 дүгээр зүйлд (Гажилт)

2 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Тусгай дохио ажиллуулсан, давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн жолооч бусад хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахааргүй тохиолдолд Конвенцийн 2 дугаар бүлэг (6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтаас бусад) болон энэхүү Хэлэлцээрээр орж буй өөрчлөлтийн бүх заалт ба зарим заалтыг мөрдөхгүй байж болно».

 

27. Конвенцийн 44 дүгээр зүйлд (Унадаг дугуй ба мопедыг олон улсын хөдөлгөөнд оролцуулах нөхцөл)

1 дэх хэсэг

Энэ хэсгийн төгсгөлд нэмэлт дэд хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «Хажуу талдаа: дугуйны хэгээсэнд бэхлэгдсэн улбар шар өнгийн гэрэл ойлгуурууд буюу үзүүрүүд нь холбогдсон бүслүүр хэлбэрийн гэрэл ойлгогчоос бүрдэх хажуугийн дохиололтой байна».

2 дахь хэсгийн “d” дэд хэсэг

Энэ дэд хэсгийг дараахь байдлаар уншина: «d) ард талдаа улаан өнгийн гэрэл ойлгуур, урд талдаа цагаан буюу цайвар шар өнгийн гэрэл, ард талдаа улаан өнгийн гэрэлтэй байх;».

2 дахь хэсгийн төгсгөлд нэмэлт дэд хэсэг оруулах

Энэ дэд хэсгийг дараахь байдлаар уншина: «Мопед нь улбар шар өнгийн гэрэл ойлгуурууд буюу үзүүрүүд нь холбогдсон бүслүүр хэлбэрийн гэрэл ойлгогчоос бүрдэх хажуугийн дохиололтой байна».

 

28. Конвенцийн 1 дүгээр хавсралтанд (Олон улсын хөдөлгөөнд автомашин ба чиргүүлийг оролцуулах үүргээс түдгэлзэх)

Энэ хавсралтын 7 дугаар хэсгийн араас нэмэлт хэсэг оруулах

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Хэлэлцэн тохирогч Талууд нь өөрийн нутаг дэвсгэр дээр бүх жин нь 3500 кг-аас илүү аливаа автомашиныг өвлийн нөхцөлд халтирахаас хамгаалах гинж буюу үүнтэй ижил үр ашигтай бусад хэрэгслээр тоноглогдсон байх болзолтойгоор олон улсын хөдөлгөөнд оролцуулж болно».