ВЕНА ХОТНОО 1968 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 8-НЫ ӨДӨР ГАРЫН ҮСЭГ ЗУРАХАД НЭЭЛТТЭЙ БОЛСОН ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН НЭМЭЛТ БОЛОХ

ЕВРОПЫН ХЭЛЭЛЦЭЭР

 

Вена хотноо 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гарын үсэг зурахад нээлттэй болсон замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн Хэлэлцэн тохирогч Талууд, замын тэмдэг, дохио болон тэмдэглэлийн дүрмийг Европод нэгдмэл болгох явдалд хүрэхийг эрмэлзэн доорхи зүйлсийг тохиролцов:

 

1 дүгээр зүйл

Вена хотноо 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гарын үсэг зурахад нээлттэй болсон замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн Хэлэлцэн тохирогч Талууд нь өөрсдийн нутаг дэвсгэрт үйлчилж буй замын тэмдэг, дохио болон тэмдэглэлийн системийг энэхүү Хэлэлцээрийн хавсралтын заалтуудад нийцүүлсэн байх талаар зохих арга хэмжээ авна.

 

2 дугаар зүйл

1. Энэхүү Хэлэлцээр нь 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо гарын үсэг зурахад нээлттэй болсон замын дохио, тэмдгийн тухай Конвенцид гарын үсэг зурсан болон түүнд нэгдэн орсон орнууд, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Европын Эдийн Засгийн Комиссын гишүүн орнууд буюу энэхүү Комиссын удирдах хүрээний тухай заалтын 8 дугаар хэсгийн дагуу зөвлөх эрх бүхий Комиссын ажлын хэсэгт орсон орнууд гарын үсэг зурахад 1972 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нээлттэй байна.

2. Вена хотноо 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гарын үсэг зурахад нээлттэй болсон замын дохио, тэмдгийн тухай Конвенцийг баталсан буюу түүнд нэгдэн орсны дараа энэхүү Хэлэлцээрийг соёрхон батална. Соёрхон баталсан бичгүүд нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалагдахаар шилжинэ.

3. Энэхүү Хэлэлцээр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо гарын үсэг зурахад нээлттэй болсон замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн Талууд болсон аливаа улсыг нэгдэн ороход нээлттэй хэвээр үлдэнэ. Нэгдэн орох тухай баримт бичгийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар шилжүүлнэ.

 

3 дугаар зүйл

1. Аливаа улс нь энэ Хэлэлцээрийг соёрхон баталж гарын үсэг зурахдаа буюу түүнд нэгдэн орох үедээ, эсвэл Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар хэдийд ч энэхүү Хэлэлцээрийг тус улсын гадаад харилцааг хариуцдаг нутаг дэвсгэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хэрэглэхээр болсноо мэдэгдэж болно. Хэлэлцээр нь нот бичигт заагдсан нутаг дэвсгэрт Ерөнхий нарийн бичгийн дарга уг нот бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дараагаас, эсвэл тухайн улс (нот бичиг илгээсэн)-д энэ Хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх үеэс (хэрэв энэ огноо нь дээрх нот бичиг илгээснээс хожуу байгаа бол) хэрэгжиж эхэлнэ.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэл хийсэн аливаа улс дараа нь хэдийд ч Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар энэ Хэлэлцээр нь уг нот бичигт дурдагдсан нутаг дэвсгэр дээр хэрэгжихгүй болсныг мэдэгдэж болох бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга уг нот бичгийг хүлээн авснаас хойш 1 жилийн дараагаас тухайн нутаг дэвсгэр дээр энэ Хэлэлцээр хүчингүй болно.

 

4 дүгээр зүйл

1. Энэхүү Хэлэлцээр нь түүнийг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон тухай арав дахь баримт бичиг хадгалагдахаар ирсэн өдрөөс хойш арван хоёр сарын дараагаас хүчин төгөлдөр болно.

2. Соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай арав дахь баримт бичиг хадгалагдахаар ирснээс хойш энэ Хэлэлцээрийг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орох аливаа улсын хувьд эдгээр улсын соёрхон баталсан бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичиг хадгалагдахаар ирснээс хойш арван хоёр сарын дараагаас хүчин төгөлдөр болно.

3. Хэрэв энэхүү зүйлийн 1 ба 2 дахь хэсгийн дагуу хүчин төгөлдөр болох огноо нь 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо гарын үсэг зурахад нээлттэй болсон замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн 39 дүгээр зүйлд хамаарах огнооноос өмнө байвал Хэлэлцээр нь энэхүү сүүлчийн огнооноос хүчин төгөлдөр болно.

 

5 дугаар зүйл

Энэхүү Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд замын хөдөлгөөний тухай 1949 оны Конвенц болон замын дохио, тэмдгийн тухай 1949 оны Протоколын нэмэлт болох 1950 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Женев хотноо гарын үсэг зурагдсан Европын хэлэлцээрийн замын тэмдэг ба дохионы тухай заалтууд, мөн 1955 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Женев хотноо гарын үсэг зурагдсан замын ажлын хилийг тэмдэглэх тухай Хэлэлцээр, түүнчлэн 1957 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Женев хотноо гарын үсэг зурагдсан замын тэмдэглэлийн тухай Европын хэлэлцээр хүчингүй болж энэхүү Хэлэлцээрээр солигдоно.

 

6 дугаар зүйл

1. Энэхүү Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш арван хоёр сарын дараагаас Хэлэлцэн тохирогч аливаа Талаас Хэлэлцээрт нэг буюу хэд хэдэн засвар хийх санал оруулж болно. Засвар оруулахаар санал болгосон бичгээ тайлбар меморандум (дипломат бичиг /орч/)-ын хамт Ерөнхий нарийн бичгийн даргад явуулах ба тэрээр түүнийг бүх Хэлэлцэн тохирогч Талуудад илгээнэ. Хэлэлцэн тохирогч Талууд нь энэ бичгийг хүлээн авснаас хойш арван хоёр сарын дотор: a) энэ засварыг хүлээн авч байгаа эсэх, b) энэ засвараас татгалзаж байгаа эсэх, c) энэ засварыг авч хэлэлцэхийн тулд бага хурал хийлгэхийг хүсч байгаа эсэх талаар Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх боломжтой.

Засвар оруулахаар санал болгосон бичгийг Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар зүйлд дурдагдсан бусад улсад илгээнэ.

2. a) Энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу тараагдсан аливаа санал болгосон засварыг хэрэв дээр дурдсан арван хоёр сарын хугацаанд Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны нэгээс цөөхөн нь уг засвараас татгалзсан буюу уг засварыг авч хэлэлцэхийн тулд бага хурал хийлгэхийг хүсч байгаагаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн бол уг засварыг хүлээж авсанд тооцно. Ерөнхий нарийн бичгийн дарга нь аливаа санал болгосон засварыг хүлээн авч байгаа буюу татгалзаж байгаа тухай, эсвэл бага хурал хийлгэх тухай хүсэлтийг бүх Хэлэлцэн тохирогч Талуудад мэдэгдэнэ. Хэрэв тогтоосон арван хоёр сарын хугацаанд Хэлэлцэн тохирогч бүх Талуудын гуравны нэгээс цөөхөн нь татгалзсан буюу хурал хийлгэхийг хүссэн мэдэгдэл ирүүлбэл Ерөнхий нарийн бичгийн дарга өмнөх хэсэгт заасан арван хоёр сарын хугацаа дууссанаас хойш зургаан сарын дараа эдгээр татгалзсан буюу хүсэлт гаргасан Талуудаас бусад Талуудын хувьд уг засвар хүчин төгөлдөр болж байгаа тухай Хэлэлцэн тохирогч бүх Талуудад мэдэгдэнэ.

b) Дээр заасан арван хоёр сарын туршид уг засвараас татгалзаж байсан буюу уг засварыг авч хэлэлцэхийн тулд бага хурал хийлгэхийг хүсч байсан Хэлэлцэн тохирогч аливаа Талууд нь энэ хугацаа дууссанаас хойш хэдийд ч Ерөнхий нарийн бичгийн даргад уг засварыг хүлээн авч байгаа тухайгаа мэдэгдэж болох бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү мэдэгдлийг бусад Хэлэлцэн тохирогч бүх Талуудад тараана. Ийм мэдэгдэл явуулсан Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд уг засвар нь Ерөнхий нарийн бичгийн дарга уг мэдэгдлийг авснаас хойш зургаан сарын дараагаас хүчин төгөлдөр болно.

3. Хэрэв энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу уг засварыг хүлээн аваагүй бөгөөд хэрэв энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван хоёр сарын хугацаанд Хэлэлцэн тохирогч бүх Талуудын тал хувиас цөөхөн нь Ерөнхий нарийн бичгийн даргад уг засвараас татгалзаж байгаагаа мэдэгдэж байгаа, түүнчлэн хэрэв Хэлэлцэн тохирогч бүх Талуудын дор хаяж гуравны нэг (гэхдээ таваас цөөнгүй) нь уг засварыг хүлээн авч байгаа буюу хурал хийлгэхийг хүсч байгаагаа мэдэгдэж байгаа бол санал болгосон засвар болон бусад аливаа санал (тухайлбал, энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дэвшүүлж буй санал байж болно)-ыг авч хэлэлцэхийн тулд Ерөнхий нарийн бичгийн дарга бага хурал хийлгэнэ.

4. Хэрэв энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу бага хурал хийлгэх гэж байгаа бол Ерөнхий нарийн бичгийн дарга бүх Хэлэлцэн тохирогч Талууд болон энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар зүйлд заагдсан бусад улсыг урина. Хурал эхлэхээс дор хаяж зургаан сарын өмнө Ерөнхий нарийн бичгийн дарга бага хуралд уригдсан орнуудад хандан санал оруулсан засвар дээр нэмж уг хурлаар хэлэлцэж болох аливаа саналаа танилцуулахыг хүсч, эдгээр саналуудыг хуралд уригдсан бүх улсад хурал эхлэхээс дор хаяж гурван сарын өмнө мэдэгдэнэ.

5. a) Энэхүү Хэлэлцээрт оруулах гэж буй аливаа засварыг бага хуралд оролцож буй улсуудын гуравны хоёрын олонхи нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ олонхи нь хуралд оролцож буй Хэлэлцэн тохирогч Талуудын дор хаяж гуравны хоёрыг багтааж байгаа нөхцөлд уг засварыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Ерөнхий нарийн бичгийн дарга Хэлэлцэн тохирогч бүх Талуудад уг засварыг хүлээж авсныг мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдсэнээс хойш арван хоёр сарын дараа Хэлэлцэн тохирогч бүх Талууд (гэхдээ Ерөнхий нарийн бичгийн даргад энэ хугацаанд засвар оруулахыг татгалзсанаа мэдэгдсэнээс бусад)-ын хувьд хүчин төгөлдөр болно.

b) Дээр заасан арван хоёр сарын туршид уг засвараас татгалзаж байсан Хэлэлцэн тохирогч аливаа Талууд нь хэдийд ч Ерөнхий нарийн бичгийн даргад уг засварыг хүлээн авч байгаа тухайгаа мэдэгдэж болох бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга энэ тухай бусад Хэлэлцэн тохирогч бүх Талуудад зарлана. Ийм мэдэгдэл явуулсан Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд уг засвар нь Ерөнхий нарийн бичгийн дарга уг мэдэгдлийг авснаас хойш зургаан сарын дараагаас буюу хэрэв дээр заасан арван хоёр сарын хугацаа нь түүнээс хойш дуусч байвал түүнийг дууссанаас хойш хүчин төгөлдөр болно.

6. Хэрэв засвар хийхээр оруулсан санал нь энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу хүлээн зөвшөөрөгдөөгүй ба энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага хурлыг хийх нөхцөл бүрдээгүй бол уг засвараас татгалзсанд тооцно.

7. Засвар оруулах журмын талаархи энэ зүйлийн 1-6 дахь хэсэгт зааснаас хамаарахгүйгээр энэхүү Хэлэлцээрийн хавсралтыг Хэлэлцэн тохирогч бүх Талуудын эрх бүхий байгууллагуудын хоорондох хэлэлцээрээр өөрчилж болно. Хэрэв Хэлэлцэн тохирогч аль нэг Талын эрх бүхий байгууллагаас тавьж буй санал нь үндэсний хууль тогтоомжийн дагуу хуулийн байгууллагын дэмжлэг буюу тусгай зөвшөөрөл авахаас хамаарах бөгөөд уг шаардлагатай бүрэн эрх буюу зөвшөөрлийг авснаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн тохиолдолд тухайн Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллагын саналыг хавсралтын өөрчлөлтөд тооцно. Эрх бүхий байгууллагуудын хоорондох хэлэлцээрт хавсралтын хуучин заалтуудыг хүчинтэй байх хугацаанд шинэ заалтуудыг нэгэн зэрэг мөрдөхөөр тусгаж болно. Шинэ заалтуудын хүчин төгөлдөр болох огноог Ерөнхий нарийн бичгийн дарга тогтооно.

8. Аливаа улс нь энэхүү Хэлэлцээрийг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орох үедээ Ерөнхий нарийн бичгийн даргад энэ зүйлийн 7 дахь хэсэгт дурдсан санал тавих тусгай эрх бүхий байгууллагынхаа нэр, хаягийг мэдэгдэнэ.

 

7 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч аливаа Тал Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар энэ Хэлэлцээрээс татгалзаж болно. Ерөнхий нарийн бичгийн дарга тэрхүү нот бичгийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа Хэлэлцээр цуцлагдана. Вена хотноо 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гарын үсэг зурахад нээлттэй болсон замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн Хэлэлцэн тохирогч Тал байхаа больж байгаа аливаа Тал нь мөн тэр өдрөөс эхлэн энэхүү Хэлэлцээрийн Тал байхаа болино.

 

8 дугаар зүйл

Дараалсан арван хоёр сарын туршид Хэлэлцэн тохирогч Талуудын тоо таваас доош байвал, түүнчлэн 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо гарын үсэг зурагдаж нээлттэй болсон замын дохио, тэмдгийн тухай Конвенц хүчингүй болвол энэхүү Хэлэлцээр хүчингүй болно.

 

9 дүгээр зүйл

1. Энэ Хэлэлцээрийг тайлбарлах буюу хэрэгжүүлэхтэй холбогдсон Хэлэлцэн тохирогч Талуудын хоорондын аливаа маргааныг Талууд хэлэлцээрийн замаар буюу бусад зохицуулах арга замаар шийдэж чадахгүй бол тэдгээрийн аль нэг Талын мэдэгдлээр шүүх байгууллага (арбитраж)-д шилжүүлэх бөгөөд уг байгууллага нь маргалдагч Талуудын харилцан зөвшөөрөлцөж сонгосон нэг буюу хэд хэдэн шүүгчид шилжүүлнэ. Хэрэв хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш гурван сарын хугацаанд маргалдагч Талууд шүүхийн шийдвэрээр зөвшилцөлд хүрэхгүй байвал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад эргэн хандаж, маргааныг эцэслэн шийдэх нэг шүүгч томилж өгөхийг хүсэж болно.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу томилогдсон шүүгчийн шийдвэр нь Талуудын маргааныг заавал тасална.

 

10 дугаар зүйл

Энэхүү Хэлэлцээрийн нэг ч заалт Хэлэлцэн тохирогч аль нэг Талаас НҮБ-ын Дүрэмд нийцүүлэн өөрийн улсын гадаад болон дотоодын аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай гэж үзсэн хязгаарлалтын арга хэмжээ авахад нь саад болох мэтээр ойлгогдох ёсгүй.

 

11 дүгээр зүйл

1. Аливаа улс нь энэ Хэлэлцээрт гарын үсэг зурахдаа буюу батламж бичиг, нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөх үедээ энэхүү Хэлэлцээрийн 9 дүгээр зүйлтэй холбогдолгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж болно. Ийм мэдэгдэл гаргасан Хэлэлцэн тохирогч аливаа Талуудын хувьд бусад Хэлэлцэн тохирогч Талууд 9 дүгээр зүйлээр холбогдолгүй байна.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт тусгагдсан мэдэгдлээс бусад энэхүү Хэлэлцээрт нэмж хийх тайлбаруудыг хэрэв батламж бичиг буюу нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөхөөсөө өмнө бичгийн хэлбэрт оруулан, батламж бичиг буюу нэгдэн орох тухай баримт бичигтээ баталж оруулсан нөхцөлд зөвшөөрнө.

3. Аливаа улс нь батламж бичиг буюу энэхүү Хэлэлцээрт нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөх үедээ Ерөнхий нарийн бичгийн даргад 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо гарын үсэг зурагдаж нээлттэй болсон замын дохио, тэмдгийн тухай Конвенцид хийсэн, энэхүү Хэлэлцээрт хамаарах тайлбарынхаа тухай нот бичгээр мэдэгдэнэ. Батламж бичиг буюу энэхүү Хэлэлцээрт нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөх үедээ хийгээгүй тайлбарыг энэхүү Хэлэлцээрт хэрэглэгдэхгүй гэж тооцно.

4. Ерөнхий нарийн бичгийн дарга энэ зүйлийн дагуу хийгдсэн тайлбар ба нот бичгийн талаар энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар зүйлд заагдсан бүх улсад мэдээлнэ.

5. Энэ зүйлийн дагуу тайлбар, мэдэгдэл буюу нот бичиг хийсэн аливаа улс нь хэдийд ч Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар эдгээр тайлбар, мэдэгдлээ буцааж болно.

6. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу хийгдсэн аливаа тайлбар буюу 3 дахь хэсгийн дагуу хийгдсэн нот бичиг нь:

a) дээрх тайлбар, нот бичгийг хийсэн Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд Хэлэлцээрийн холбогдох заалт нь уг тайлбарын хүрээнд өөрчлөгдөнө;

b) дээрх тайлбар, нот бичгийг хийсэн Хэлэлцэн тохирогч Талуудтай харилцаа холбоотой бусад Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд ч уг заалт нь мөн тэр хэмжээгээр өөрчлөгдөнө.

 

12 дугаар зүйл

Энэхүү Хэлэлцээрийн 6 ба 11 дүгээр зүйлд заасан мэдэгдэл, нот бичиг, мэдээллээс гадна Ерөнхий нарийн бичгийн дарга Хэлэлцэн тохирогч Талууд болон 2 дугаар зүйлд дурдагдсан бусад улсад доорхи мэдээллийг хийнэ:

a) 2 дугаар зүйлийн дагуу гарын үсэг зурсан, соёрхон баталсан, нэгдэн орсон тухай;

b) 3 дугаар зүйлд хамаарах мэдэгдэл, нот бичгийн тухай;

c) 4 дүгээр зүйлийн дагуу энэхүү Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон огнооны тухай;

d) 6 дугаар зүйлийн 2, 5, 7 дахь хэсгийн дагуу энэхүү Хэлэлцээрт оруулсан засвар хүчин төгөлдөр болсон огнооны тухай;

e) 7 дугаар зүйлийн дагуу цуцалсан тухай;

f) 8 дугаар зүйлийн дагуу энэхүү Хэлэлцээр хүчингүй болсон тухай.

 

13 дугаар зүйл

Бүгд адил хүчинтэйд тооцогдох англи, орос, франц хэлээр нэг нэг хувь үйлдэгдсэн энэхүү Хэлэлцээрийн жинхэнэ эх бичгийг 1972 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгөх ба тэрээр энэхүү эх бичгээс зохих журмын дагуу баталгаат хуулбар хийж энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар зүйлд дурдагдсан бүх улсад хүргүүлнэ.

 

ҮҮНИЙГ БАТАЛЖ, өөр өөрсдийн засгийн газраас зохих бүрэн эрх олгогдсоныхоо дагуу дор гарын үсгээ зурах төлөөлөгчид энэхүү Хэлэлцээрт гарын үсэг зурав.

 

Нэгэн мянга есөн зуун далан нэгэн оны тавдугаар сарын нэгний өдөр Женев хотноо ҮЙЛДЭВ.

 

 

 

ХАВСРАЛТ

 

1. Энэхүү хавсралтын заалтуудад орсон «Конвенц» гэсэн нэр томъёонд 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо гарын үсэг зурагдаж нээлттэй болсон замын дохио, тэмдгийн тухай Конвенцийг ойлгоно.

 

2. Энэхүү хавсралт нь Конвенцийн заалтуудад хамааруулж оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг агуулсан болно.

 

3. Конвенцийн 1 дүгээр зүйлд (Тодорхойлолт)

“b” дэд хэсэг

Энэ дэд хэсгийг дараахь байдлаар уншина: «“Суурин газар” – гэдэгт түүн рүү орох, гарах хэсэг нь зохих тэмдгүүдээр тусгайлан тэмдэглэгдсэн, барилгажсан нутаг дэвсгэрийг ойлгоно;».

Энэ зүйлийн “b” дэд хэсгийн араас залгаж нэмэлт дэд хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «“Хороолол” – гэдэгт орох, гарах хэсэг нь зохих тэмдгүүдээр тэмдэглэгдсэн, замын хөдөлгөөний тусгай журам мөрдөгддөг хүн ам төвлөрсөн нутаг дэвсгэрийг ойлгоно;».

“I” дэд хэсэг

Ачаалалгүй жин нь 400 кг-аас илүүгүй, гурван дугуйтай тээврийн хэрэгслийг мотоциклтой адилтгана.

Энэ зүйлийн төгсгөлд нэмэлт дэд хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «“Явган зорчигч” хүүхдийн тэрэг, өвчтөний тэрэг, тахир дутуу хүний тэргэнцэр буюу хөдөлгүүргүй, жижиг оврын аливаа бусад тээврийн хэрэгслийг түрч яваа, мөн унадаг дугуй буюу мопедыг хөтөлж яваа, түүнчлэн тахир дутуу хүний тэргэнцээр түрүүлж яваа (явган хүний хурдаар) буюу өөрөө хөдөлгөж яваа тахир дутуу хүмүүсийг хамааруулж ойлгоно;».

 

4. Конвенцийн 3 дугаар зүйлд (Хэлэлцэн тохирогч Талуудын хүлээх үүрэг)

3 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Энэхүү Хэлэлцээрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш арван жилийн хугацаанд Конвенц ба энэхүү Хэлэлцээрээр тогтоосон системд нийцэхгүй бүх тэмдэг, дүрс, тэмдэглэл, хэрэгслийг солино. Энэ хугацаанд хөдөлгөөнд оролцогчдыг Конвенц ба энэхүү Хэлэлцээрээр тогтоосон системд хэвшүүлэх зорилгоор Конвенц ба энэхүү Хэлэлцээрээр заасан тэмдэг, дүрс, бичлэгүүдтэй хамт өмнө байсан тэмдэг, дүрс, бичлэгүүдийг хэрэглэж болно».

 

5. Конвенцийн 6 дугаар зүйлд

4 дэх хэсэг

Конвенцид зөвлөмж байдлаар тусгагдсан энэ хэсгийн заалтуудыг заавал мөрдөнө.

 

6. Конвенцийн 7 дугаар зүйлд

1 дэх хэсэг

Энэ хэсгийн араас нэмэлт өгүүлбэр оруулах

Энэ өгүүлбэрийг дараахь байдлаар уншина: «Түүнээс гадна гэрэлтүүлэгдсэн буюу гэрэл ойлгогч материалаар хийгдсэн тэмдгүүдтэй хамт гэрэлтүүлэгдээгүй буюу гэрэл ойлгогч материалаар хийгдээгүй тэмдгүүдийг нэг замын хэсэг дээр хэрэглэхгүй байхыг зөвлөж байна».

 

7. Конвенцийн 8 дугаар зүйлд

3 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Энэхүү Хэлэлцээрийн 4 дүгээр хэсэгт заасан хугацаа эхэлсэн үеэс хойш арван жилийн хугацаанд, түүнчлэн үүнээс цааш онцгой тохиолдлуудад тэмдгийн ойлгомжтой байдлыг сайжруулах зорилгоор түүний доор буюу дотор талд тэгш өнцөгт самбар дээр нэмэлт бичлэг хийж байрлуулж болно. Түүнчлэн ийм бичлэг нь жолоочид тухайн тэмдгийг ойлгоход хүндрэл учруулахааргүй бол тэмдэг дотор шууд хийгдсэн байж болно».

 

8. Конвенцийн 9 дүгээр зүйлд

1 дэх хэсэг

Улс бүр нь анхааруулах тэмдгийн Aa хэлбэрийг сонгоно.

 

9. Конвенцийн 10 дугаар зүйлд (Дарааллын тэмдэг)

3 дахь хэсэг

Улс бүр нь «Зогсохгүй явах хориотой» тэмдгийн B,2a хэлбэрийг сонгоно.

6 дахь хэсэг

B,1 тэмдэгт ойртож байгааг урьдчилан анхааруулахын тулд мөн энэ тэмдгийг Конвенцийн 1 дүгээр хавсралтын H хэсэгчлэлд заагдсан H,1 нэмэлт тэмдэгтэй хамт хэрэглэнэ.

B,2a тэмдэгт ойртож байгааг урьдчилан анхааруулах зорилгоор B,1 тэмдгийг “STOP” гэсэн бичлэг болон B,2a тэмдэг хүртэлх зайг заасан тоо бүхий тэгш өнцөгт нэмэлт тэмдэгтэй хамт хэрэглэнэ.

 

9-бис. Конвенцийн 13-бис дугаар зүйлд (Тусгайлан заах тэмдэг)

2 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «E,7a; E,7b; E,7c буюу E,8a; E,8b; E,8c тэмдгүүд нь тухайн улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцогчдод E,7a; E,7b; E,7c тэмдгээс E,8a; E,8b; E,8c тэмдэг хүртэл суурин газрын доторхи хөдөлгөөний ердийн журам хэрэгжихийг (уг суурин газрын доторхи замын зарим хэсэгт өөр журам хэрэгжихийг зааснаас бусад тохиолдолд) заана. Эдгээр тэмдэг нь цагаан буюу гэгээн өнгийн дэвсгэр дээр бараан өнгийн бичлэгтэй байх бөгөөд тухайн суурин газар руу орох буюу түүнээс гарах хэсэгт харгалзан тавигдана. Гэхдээ суурин газарт B,3 тэмдэг бүхий гол замын давуу эрхийн үйлчлэл дуусаж байгаа тохиолдол бүрд B,4 тэмдгийг байрлуулсан байх ёстой».

 

10. Конвенцийн 18 дугаар зүйлд (Нэрийн заалт)

Нэрийн заалтын тэмдэг нь бараан өнгийн дэвсгэр дээр цагаан буюу гэгээн өнгөөр хийгдэнэ.

 

11. Конвенцийн 23 дугаар зүйлд (Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах дохио)

Энэ зүйлийн 11 дэх хэсгийн араас нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлт хэсгийг дараахь байдлаар уншина: «Гэрлэн дохиог байнгын хэрэглэх шаардлагагүй онцгой тохиолдолд анивчдаггүй шар гэрлийн өмнө асдаг анивчдаггүй улаан гэрлээс бүрдэх дохиог хэрэглэж болно. Шар гэрэл нь анивчдаг байж болно».

 

12. Конвенцийн 24 дүгээр зүйлд (Зөвхөн явган зорчигчдод зориулсан дохио)

1 дэх хэсгийн “a”-ийн “ii”

Энэ заалтыг хэрэглэхгүй.

2 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Явган зорчигчдод зориулсан гэрлэн дохио нь улаан ба ногоон гэрлээс бүрдэх хоёр өнгийн системийнх байх ёстой. Хэдийд ч хоёр гэрэл зэрэг асдаг байх ёсгүй».

3 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Гэрлүүд нь босоо байрлалтай бөгөөд улаан гэрэл нь ямагт дээд талд, ногоон гэрэл нь ямагт доод талд байх ёстой. Улаан гэрэл нь зогсож буй хүний дүрсний хэлбэртэй, харин ногоон гэрэл нь явж буй хүний дүрсний хэлбэртэй байх ёстой».

 

13. Конвенцийн 31 дүгээр зүйлд (Засварын ажлын дохиолол)

2 дахь хэсэг

Хашилтыг хар ба цагаан, эсвэл хар ба шар өнгийн судлуудаар эрээлүүлэн будахгүй.

 

14. Конвенцийн 32 дугаар зүйлд (Гэрэл буюу гэрэл ойлгуур бүхий тэмдэглэл)

Энэ зүйлийг дараахь байдлаар уншина:

«1. Замын зорчих хэсэг дээрх тэмдгийн дугуй суурь (тумба), аюулгүйн арлыг цагаан буюу шар өнгийн гэрэл, эсвэл гэрэл ойлгуураар тэмдэглэхийг зөвлөж байна.

2. Замын зорчих хэсгийн захыг гэрэл буюу гэрэл ойлгуураар тэмдэглэх бол эдгээр нь:

a) нэг бол бүгд цагаан буюу цайвар шар өнгөтэй байна;

b) эсвэл хөдөлгөөний эсрэг талын зорчих хэсгийн захыг тэмдэглэх бол цагаан буюу цайвар шар өнгөтэй, хөдөлгөөний батлагдсан талын зорчих хэсгийн захыг тэмдэглэх бол улаан буюу гүн шар өнгөтэй байна.

3. Энэхүү Хэлэлцээрийн аливаа Талууд нь энэ зүйлд дурдагдсан гэрэл буюу гэрэл ойлгуурыг өөрийн нийт нутаг дэвсгэртээ ижил өнгө буюу өнгөний ижил системтэйгээр хэрэглэнэ».

 

15. Конвенцийн 33 дугаар зүйлд (Төмөр замын гарам)

1 дэх хэсгийн “a” дэд хэсэг

Энэ дэд хэсгийг дараахь байдлаар уншина: «Хэрэв төмөр замын гармын өмнө галт тэрэг ойртон ирж буйг буюу гармын хаалт хаагдах гэж буйг анхааруулахад зориулагдсан дохиолол байрлуулах бол тэр нь Конвенцийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “b”-д заасанчлан анивчдаг улаан гэрэл буюу ээлжлэн анивчдаг улаан гэрлүүдээс бүрдэнэ. Төмөр замын хаалтгүй гарам дээрх дохиолол нь ээлжлэн анивчдаг хоёр улаан байх нь тохиромжтой. Гэхдээ:

i) анивчдаг улаан гэрлүүдийг Конвенцийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан улаан-шар-ногоон гурван өнгийн системийн гэрлэн дохиогоор буюу хэрэв төмөр замын гарам нь хаалтаар тоноглогдсон бөгөөд уг гармын ойролцоох зам дээр гурван өнгийн бусад гэрлэн дохио байрласан байвал ногоон өнгийн гэрэлгүй дохиогоор нэмж тоноглох буюу орлуулж болно. Төмөр замын хагас хаалттай гарам дээрх анивчдаг улаан гэрлүүдийг дээрх өгүүлбэрт заасан байдлаар орлуулж болохгүй; Харин эдгээр гэрлийг төмөр замын гармын өмнөх зам дээр гурван өнгийн бусад гэрлэн дохио байрласан нөхцөлд нэмэлт болгож болно;

ii) хөдөлгөөн маш сийрэг шороон зам болон явган хүний зам дээр зөвхөн дуут дохио хэрэглэж болно.

2 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Гэрлэн дохиог хөдөлгөөний батлагдсан талын зорчих хэсгийн захад байрлуулах бөгөөд дохионы үзэгдэлт буюу хөдөлгөөний эрчимжилт зэрэг нөхцөл байдал шаардсан тохиолдолд замын эсрэг талд давтан байрлуулна. Гэхдээ тухайн байрлалын нөхцөлд нэн тохиромжтой гэж үзвэл гэрлэн дохиог зорчих хэсгийн хэсгийн дээд талд буюу зорчих хэсэг дээрх аюулгүйн арал дээр давтан байрлуулж болно».

 

16. Конвенцийн 35 дугаар зүйлд

1 дэх хэсэг

Төмөр замын гармын хаалтуудыг хар ба цагаан, эсвэл хар ба шар өнгийн судлаар эрээлүүлэн тэмдэглэхгүй.

 

17. Конвенцийн 1 дүгээр хавсралтын A хэсэгчлэлийн II дэд хэсэгчлэлд

2 дахь хэсэг (Эгц уруу)

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина:

«a) Огцом налуу бүхий уруу хэсэгт ойртож байгааг анхааруулахын тулд A,2a дүрсийг хэрэглэнэ.

b) A,2a дүрсийн зүүн тал нь тэмдгийн талбайн зүүн өнцөгт байрлах бөгөөд дүрсийн суурь нь тэмдгийн талбайн бүх өргөнийг эзэлсэн байна. Тоо нь налуугийн хэмжээг хувь (процент)-аар заана».

3 дахь хэсэг (Огцом өгсүүр)

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина:

«a) Огцом өгсүүр хэсэгт ойртож байгааг анхааруулахын тулд A,3a дүрсийг хэрэглэнэ.

b) A,3a дүрсийн баруун тал нь тэмдгийн талбайн баруун өнцөгт байрлах бөгөөд дүрсийн суурь нь тэмдгийн талбайн бүх өргөнийг эзэлсэн байна. Тоо нь өгсүүрийн хэмжээг хувь (процент)-аар заана».

12 дахь хэсэг (Явган хүний гарц)

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина:

«a) Явган хүний гарцад ойртож байгааг анхааруулахын тулд A,12a дүрсийг хэрэглэнэ.

b) Дүрсийг эсрэг тал руу нь эргүүлэн хэрэглэж болно».

18 дахь хэсэг (Нэвтрэх дараалал нь ерөнхий журмаар зохицуулагддаг уулзвар)

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Нэвтрэх дараалал нь тухайн улсын дүрмийн уулзвар нэвтрэх ерөнхий журмаар тодорхойлогддог уулзварт ойртож байгааг анхааруулахын тулд A,18a дүрсийг хэрэглэнэ».

20 дахь хэсэг (Гол замд нийлнэ)

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Энэ хавсралтын 9 дүгээр хэсгийн заалтын дагуу B,1 буюу B,2a дүрсийг хэрэглэнэ».

22 дахь хэсэг (Хөдөлгөөн нь гэрлэн дохиогоор зохицуулагдаж байгаа уулзвар)

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Уулзвар дээрх хөдөлгөөн нь гэрлэн дохиогоор зохицуулагдаж байгаа бол A,17 (дээрх 17 дугаар хэсэгт тусгагдсан) дүрстэй Aa тэмдгийг дээрх 18–21 дүгээр хэсгүүдэд тусгагдсан тэмдгүүдэд нэмэлт болгож буюу эсвэл эдгээр тэмдгүүдийн оронд байрлуулж болно».

26 дахь хэсэг (Төмөр замын бусад гарам)

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Төмөр замын бусад гарамд ойртож байгааг анхааруулахын тулд тухайн нөхцөл байдлаас нь хамааруулж A,26a буюу A,27 дүрсийг хэрэглэнэ».

28 дахь хэсэг (Төмөр замын гармын шууд өмнө тавигдах тэмдгүүд)

A,28 тэмдгийн A,28c хэлбэрийг хэрэглэхгүй.

Тэмдгийн үзэгдэлт ба үр дүнд нөлөөлөхгүй бол A,28a ба A,28b хэлбэрүүд дээр улаан зураасууд тавьж болно.

 

18. Конвенцийн 1 дүгээр хавсралтын B хэсэгчлэлд

1 дэх хэсэг («Зам тавьж өгнө» тэмдэг)

B,1 тэмдэгт ямар  нэгэн дүрс, бичлэг байх ёсгүй.

2 дахь хэсэг («Зогсохгүй явах хориотой» тэмдэг)

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «“Зогсохгүй явах хориотой” B,2 тэмдэг нь B,2a хэлбэртэй байна. B,2a хэлбэрийн B,2 тэмдэг нь найман өнцөгт хэлбэртэй, цагаан буюу цайвар шар өнгийн нарийн эмжээр бүхий улаан өнгийн дэвсгэртэй бөгөөд түүн дотор цагаан буюу цайвар шар өнгийн үсгээр «STOP» гэсэн бичлэг хийсэн байна; Үсгийн өндөр нь тэмдгийн өндрийн гуравны нэгээс багагүй байвал зохино. B,2a тэмдгийн өндрийн хэвийн хэмжээ нь ойролцоогоор 0.90 метр, жижиг хэмжээ нь 0.60 метрээс багагүй байна».

 

19. Конвенцийн 1 дүгээр хавсралтын C хэсэгчлэлийн II дэд хэсэгчлэлд

1 дэх хэсэг (Хөдөлгөөнийг хориглох буюу хязгаарлах)

C,1 тэмдгийн C,1b хэлбэрийг хэрэглэхгүй.

Энэхүү хавсралтаар нэмж оруулж байгаа дараахь утга бүхий C,3m ба C,3n гэсэн хоёр тэмдгийг хэрэглэж болно:

C,3m - «Тогтоосон тоо хэмжээнээс илүү гарсан тэсэрч дэлбэрэх ба амархан шатах эд зүйлс тээж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой».

C,3n - «Тогтоосон тоо хэмжээнээс илүү гарсан бохир ус тээж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой».

Энэ хэсгийн “c” дэд хэсгийн төгсгөлд оруулж байгаа тайлбарыг дараахь байдлаар уншина: «C,3a-аас C,3l хүртэлх тэмдгүүд болон энэ хэсэгт дурдсан C,3m ба C,3n тэмдгүүд нь улаан ташуу зураасгүй байна».

4 дэх хэсэг (Гүйцэж түрүүлэхийг хориглох)

C,13a ба C,13b тэмдгүүдийн C,13ab ба C,13bb хэлбэрүүдийг хэрэглэхгүй.

9 дэх хэсгийн “a”-ийн “ii”

Энэ заалтыг хэрэглэхгүй.

9 дэх хэсгийн “b”-ийн “iii”

Энэ заалтыг хэрэглэхгүй.

9 дэх хэсгийн “c”-ийн “V”

Хориглолтыг богино зайд тогтоохын тулд тэмдгийн улаан хүрээн дээр уг хориглолтын үйлчлэх зайг заах байдлаар нэг тэмдэг байрлуулах боломжийг хэрэглэхгүй.

 

20. Конвенцийн 1 дүгээр хавсралтын D хэсэгчлэлийн I дэд хэсэгчлэлд

2 дахь хэсэг

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «Өөрөөр заагаагүй бол эдгээр тэмдгүүд нь цэнхэр өнгийн дэвсгэртэй, дүрс нь цагаан буюу цайвар өнгөтэй байна».

 

21. Конвенцийн 1 дүгээр хавсралтын D хэсэгчлэлийн II дэд хэсэгчлэлд

1 дэх хэсэг (Явах чиг)

D.1b тэмдгийг хэрэглэхгүй.

3 дахь хэсэг (Тойрох хөдөлгөөн)

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина: «D,3 “Тойрох хөдөлгөөн” тэмдэг нь тээврийн хэрэгслийг тойрох хөдөлгөөнөөр явах ёстойг заахаас өөр бусад ямар нэгэн утгыг агуулахгүй».

 

22. Конвенцийн 1 дүгээр хавсралтын E хэсэгчлэлийн II дэд хэсэгчлэлд

3 дахь хэсэг («Нэг чигийн хөдөлгөөн» тэмдэг)-ийн “a”-ийн “ii”

Тэмдгийн үр дүнг бууруулахгүй бол E,3b тэмдгийн сум дээр бичлэг хийж болно.

5 дахь хэсэг (Тууш зам руу орох буюу түүнээс гарахыг анхааруулах тэмдэг)

Энэ хэсгийн “a” дэд хэсгийн араас нэмэлт дэд хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «Тууш замд ойртож байгааг анхааруулахын тулд E,5a тэмдгийг ашиглах ба давтан тавьж болно. Энэ тохиолдолд тэмдэг бүрийн доод хэсэгт буюу эсвэл Конвенцийн 1 дүгээр хавсралтын H хэсэгчлэлд заагдсан H,1 нэмэлт тэмдэгт тууш замын эхлэл хүртэлх зайг заасан бичлэг хийнэ».

6 дахь хэсэг (Тууш замд хэрэглэгддэг хөдөлгөөний журмыг мөрдлөг болгох зам руу орох буюу түүнээс гарахыг анхааруулах тэмдэг)

Энэ хэсгийн “a” дэд хэсгийн араас нэмэлт дэд хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «Тууш замд хэрэглэгддэг хөдөлгөөний журмыг мөрдлөг болгох замд ойртож байгааг анхааруулахын тулд E,6a тэмдгийг ашиглах буюу давтан тавьж болно. Энэ тохиолдолд тэмдэг бүрийн доод хэсэгт буюу эсвэл Конвенцийн 1 дүгээр хавсралтын H хэсэгчлэлд заагдсан H,1 нэмэлт тэмдэгт тууш замд хэрэглэгддэг хөдөлгөөний журмыг мөрдлөг болгох замын эхлэл хүртэлх зайг заасан бичлэг хийнэ».

7 дахь хэсэг (Суурин газрын эхлэл ба төгсгөлийг мэдээлэх тэмдэг)

Энэ хэсгийг дараахь байдлаар уншина:

«a) Суурин газрын эхлэлийг мэдээлэх тэмдэг дээр суурин газрын хэлбэртэй дүрс буюу тухайн суурин газрын нэрийг (нэг бол дангаар нь, эсвэл хамтад нь) байрлуулсан байна.

Бичлэгийг цагаан буюу гэгээн өнгийн дэвсгэр дээр бараан өнгөөр хийнэ. Тэмдэг нь бараан өнгийн эмжээртэй байна.

E,7a; E,7b; E,7c тэмдгүүд нь суурин газрын эхлэлийг мэдээлэх тэмдгийн жишээ болно.

b) Суурин газрын төгсгөлийг мэдээлэх тэмдэг нь эхлэлийг мэдээлсэн тэмдэгтэй ижил мөртлөө тэмдгийн баруун дээд өнцгөөс зүүн доод өнцөг рүү ташуулдсан улаан өнгийн зураас буюу зэрэгцээ шугамуудтай байна.

E,8a; E,8b; E,8c тэмдгүүд нь суурин газрын төгсгөлийг мэдээлэх тэмдгийн жишээ болно.

Конвенцийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаас гажиж эдгээр тэмдгүүдийг суурин газрын эхлэлийг мэдээлсэн тэмдгүүдийн ар талд байрлуулж болно.

c) Дээрх тэмдгүүдийг Конвенцийн 13-бис дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэглэнэ».

10 дахь хэсэг («Явган хүний гарц» тэмдэг)

E,12b тэмдгийг хэрэглэхгүй.

12 дахь хэсэг («Зогсоол» тэмдэг)

Энэ хэсгийн эхний дэд хэсэгт дурдагдсан дөрвөлжин (квадрат) самбарт «P» үсгийг байрлуулна.

13 дахь хэсгийн араас нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина:

«Замын хөдөлгөөний тусгай журам мөрдөгддөг хорооллын нутаг дэвсгэр рүү орох буюу түүнээс гарахыг мэдээлэх тэмдэг.

E,17a «Хороолол» тэмдгийг замын хөдөлгөөний тухай Конвенцийн 27-бис дугаар зүйлд Европын хэлэлцээрээр нэмэлт болгож оруулсан хорооллын дотор үйлчлэх тусгай журам мөрдөгдөж эхлэх газар дээр байрлуулна. E,17b «Хорооллын төгсгөл» тэмдгийг энэхүү журмын үйлчлэл дуусах газар дээр байрлуулна».

 

23. Конвенцийн 1 дүгээр хавсралтын F хэсэгчлэлийн II дэд хэсэгчлэлд

1 дэх хэсэг («Эмнэлгийн тусламжийн байр» дүрс)

F,1b ба F,1c дүрсүүдийг хэрэглэхгүй.

2 дахь хэсэг (Бусад дүрс)

Энэ хэсгийн төгсгөлд нэмэлт заалт оруулах

F,14 «Замын хөдөлгөөний тухай мэдээлэл өгдөг радио станц»;

Тэмдгийн цагаан өнгийн дөрвөлжин хэсэгт хийгдэх бичлэг: «Radio» гэсэн үгийн доор тухайн радио станцын нэр буюу кодыг зайлшгүй тохиолдолд товчилсон хэлбэрээр мэдээлэх буюу түүнчлэн программын дугаарыг зааж болно. «Radio» гэсэн үгийг үндэсний хэлээр давтан бичиж болно.

Тэмдгийн цэнхэр өнгийн дэвсгэрт хийгдэх бичлэг: Радио станцын долгионы үелзлэл (давтамж) ба шаардлагатай бол орон нутгийн долгионы уртыг мэдээлнэ.

Түүнчлэн тухайн улс өөрийнхөө үзэмжээр, хэрэв УКВ цар хэмжээ (диапазон)-гээр нэвтрүүлдэг станцын тухайд бол «MHz» буюу бүс нутгийн кодыг, харин дунд буюу урт долгионы цар хэмжээгээр нэвтрүүлдэг станцын тухайд бол «kc/s»-ыг нэмж зааж болно.

Долгионы уртыг нэмэлт «м» үсэг бүхий тоогоор зааж болно (жишээ нь: 1500 м).

F,15 «Нийтийн бие засах газар»;

F,16 «Усан сэлэлтийн бассейн».

 

24. Конвенцийн 1 дүгээр хавсралтын G хэсэгчлэлийн II дэд хэсэгчлэлд

2 дахь хэсэг (Тусгай тохиолдол)-ийн “a”

G,2a ба G,2b тэмдэг дэх улаан зураасны захаар цагаан өнгийн эмжээр тавина.

 

25. Конвенцийн 1 дүгээр хавсралтын G хэсэгчлэлийн III дэд хэсэгчлэлд

1 дэх хэсэг

G,4c тэмдгийг хэрэглэхгүй.

2 дахь хэсэг

G,6c тэмдгийг хэрэглэхгүй.

 

26. Конвенцийн 1 дүгээр хавсралтын G хэсэгчлэлийн V дэд хэсэгчлэлд

3 дахь хэсэг («Мухар зам» тэмдэг)

G,13 тэмдэг дэх улаан зураасны захаар цагаан өнгийн эмжээр тавина.

 

27. Конвенцийн 1 дүгээр хавсралтын H хэсэгчлэлд

1 дэх хэсгийн төгсгөлд нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараахь байдлаар уншина: «Тодорхой нэг бүлэгт хамаарагдах нэмэлт тэмдгүүдийн дэвсгэрийн өнгө адил байх нь зохимжтой».

  

 

ХАВСРАЛТ - НЭМЭГДСЭН ТЭМДГҮҮДИЙН ӨНГӨТ ДҮРС

 

C,3m

C,3n

E,17a

E,17b

F,14

F,15

F,16