ОЛОН УЛС ХООРОНДЫН АВТО ЗАМААР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ГЭРЭЭНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
(1956 оны 5 дугаар сарын 19. Женев хот)
ОРШИЛ
Хэлэлцэн тохирогч Талууд, улс хооронд ачаа тээвэрлэх гэрээний нөхцөл ба ялангуяа ийм тээвэрлэлтэд шаардагдах баримт бичиг болон тээвэрлэгчийн хариуцлагыг нэг хэлбэрт оруулахыг эрмэлзэн доорхи зүйлсийг тохиролцов:
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
КОНВЕНЦИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ
1 дүгээр зүйл
1. Тухайн ачааг хүлээж авах болон хүргэж өгөх газруудын дор хаяж нэг нь энэхүү Конвенцийн Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт байх хоёр улсын хооронд тээврийн хэрэгсэл хөлсөлж авто замаар ачаа тээвэрлэх бүхий л гэрээнд энэхүү Конвенц хэрэглэгдэнэ. Энэхүү Конвенцийн үйлчлэл нь гэрээ байгуулсан талуудын үндэс угсаа, нутаг харъяаллаас үл хамаарна.
2. Энэхүү Конвенцид хэрэглэсэн "Тээврийн хэрэгсэл" гэдэг нэр томъёонд 1949 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Замын хөдөлгөөний тухай Конвенцийн 4 дүгээр зүйлд тодорхойлсон автомашин, чиргүүлтэй автомашин болон чиргүүл, хагас чиргүүлүүдийг хамааруулж ойлгоно.
3. Конвенц нь улс орнууд буюу засгийн газрын байгууллагуудаас хийж буй тээвэрлэлтэнд ч мөн адил хамаарна.
4. Энэ Конвенц нь дараах тохиолдолд хэрэглэгдэхгүй:
a) олон улсын шуудангийн конвенцийн хүрээнд хийгдэж буй тээвэрлэлтэд;
b) шарил тээвэрлэлтэд;
c) гэр ахуйн эд хошил, тавилга нүүлгэхэд.
5. Хоёр болон түүнээс дээш Талуудын хооронд байгуулсан тусгай гэрээгээр энэ Конвенцийн заалтуудыг өөрчлөхийг Хэлэлцэн тохирогч Талуудад хориглох боловч хил орчмын тээвэрлэлт буюу барааны эзэмшигч нь тухайн орнуудын нутаг дэвсгэрт оршиж байгаа тохиолдолд Конвенцийн заалтуудыг баримтлахгүй байж болно.
2 дугаар зүйл
1. Автомашинаар тээвэрлэгдэж байгаа ачааг буулгалгүй нийт аян замын турш далай тэнгис, төмөр зам, дотоодын усан зам, агаараар тээвэрлэсэн бол; мөн 14 дүгээр зүйлд зааснаас бусад бүх тохиолдолд энэхүү Конвенцийг дурдсан ачаа тээвэрлэлтэд бүхэлд нь хэрэглэнэ. Гэхдээ тээвэрлэлтийн явцад авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэхээс бусад аль нэгэн тээврийн төрлийн буруугаас ачаа үрэгдсэн, эвдэрсэн эсхүл саатсан нь нотлогдсон тохиолдолд авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэгчийн хариуцлага нь тус Конвенцоор бус, харин тээвэрлэгч, илгээгч хоёрын хооронд холбогдох хууль тогтоомжийн дагуу хийсэн гэрээнд заасан өөр төрлийн тээвэрлэгчийн хариуцлагыг заасан гэрээ конвенцийн заалтуудаар тодорхойлогдоно. Харин эдгээр заалтууд нь гэрээнд тусгагдаагүй бол ачаа тээвэрлэгчийн хариуцлага нь тус Конвенцоор тодорхойлогдоно.
2. Авто хэрэгслээр ачаа тээвэрлэж байгаа тээвэрлэгч нэгэн зэрэг өөр төрлийн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх тохиолдолд түүний хариуцлага нь энэхүү зүйлийн 1 дэх хэсгээр тодорхойлогдоно. Гэхдээ энэ тохиолдолд тээвэрлэлтийг 2 өөр этгээд гүйцэтгэж байна гэж үзнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХАРИУЦАЖ БАЙГАА ЭТГЭЭДҮҮД
3 дугаар зүйл
Энэхүү Конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор тээвэрлэгч нь өөрийн үйл ажиллагааны явцад гарах алдаа дутагдал, мөн тээвэрлэгч ачаа тээвэрлэлтэд татан оролцуулсан бусад этгээдийн үйл ажиллагаа, алдаа дутагдлын өмнөөс хариуцлага хүлээнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТЭЭВЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ БА ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
4 дүгээр зүйл
Тээвэрлэлтийн гэрээ нь ачааг дагалдах бичиг үйлдсэнээр баталгаажна. Дагалдах бичгээ үрэгдүүлэх, гэмтээх, түүнд орох зүйл нь дутуу байх зэрэг нь тээвэрлэлтийн гэрээ үйлчлэхэд нөлөөлөхгүй бөгөөд ийм тохиолдолд энэхүү Конвенцийн заалтуудыг хэрэгжүүлнэ.
5 дугаар зүйл
1. Дагалдах бичгийг ачаа илгээгч, тээвэрлэгч хоёрын гарын үсэг бүхий гурван эх хувь үйлдэх бөгөөд дагалдах бичиг үйлдэгдэж байгаа орны хууль тогтоомжид харшлахгүй бол ачаа илгээгч, тээвэрлэгч хоёрын гарын үсгийг тамга, тэмдгээр баталгаажуулж болно. Дагалдах бичгийн эхний хувийг ачаа илгээгч, хоёр дахь хувийг бараанд дагалдуулж, гурав дахь хувийг тээвэрлэгч өөртөө авч үлдэнэ.
2. Хэрэв тээвэрлэх ачааг өөр өөр авто тээврийн хэрэгслээр тээвэрлэх буюу төрөл бүрийн ачаа эсхүл багц ачаа тээвэрлэх бол илгээгч эсхүл тээвэрлэгч нь тээврийн хэрэгслийн тоогоор буюу ачааны төрөл эсхүл багц бүрд дагалдах бичиг үйлдэхийг шаардах эрхтэй.
6 дугаар зүйл
1. Дагалдах бичигт дараахь зүйлс тусгагдана:
a) дагалдах бичгийг үйлдсэн газар, огноо;
b) илгээгчийн нэр болон хаяг;
c) тээвэрлэгчийн нэр болон хаяг;
d) ачаа хүлээж авсан огноо, газар болон ачаа хүргэж өгөхөөр төлөвлөсөн огноо, газар;
e) ачаа хүлээн авагчийн нэр болон хаяг;
f) ачааны шинж чанар, түүнийг савласан арга, мөн аюултай ачаа тээвэрлэх тохиолдолд нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тэмдэглэгээ;
g) багцын тоо, тэдгээрийн тусгай тэмдэглэгээ болон дугаар;
h) ачааны бохир жин эсхүл ачааны тоо хэмжээг өөр нэгжээр тодорхойлсон хэмжигдэхүүн;
i) тээвэрлэлттэй холбоотой зардал (тээвэрлэлтийн зардал, нэмэгдэл зардал, гаалийн татвар болон хураамж, мөн түүнчлэн тээвэрлэлтийн гэрээ байгуулсан үеэс ачааг хүргэж өгөх хугацаанд гарсан бусад зардал);
j) гаалийн болон бусад бичиг баримтыг бүрдүүлэхэд шаардлагатай зааврууд;
k) ачаа тээвэрлэлт нь ямар ч тайлбаргүйгээр энэхүү Конвенцийн заалтуудаар тогтоогдсон журмын дагуу явагдаж байгаа гэсэн заалт.
2. Шаардлагатай тохиолдолд дараахь зүйл тусгагдана:
a) даац хэтрүүлэхийг хориглох;
b) илгээгчийн төлөх зардлууд;
c) ачааг хүргэж өгөхөд гарсан зардлын хэмжээ;
d) ачааны үнэ болон илгээгчээс ачааг гаргасан нэмэгдэл зардал;
e) ачааг даатгуулах талаар тээвэрлэгчид өгсөн илгээгчийн заавар;
f) ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөгдсөн хугацааны хязгаар;
g) тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн баримт бичгийн жагсаалт.
3. Хэлэлцэн тохирогч Талууд дагалдах бичигт тусгах нь шаардлагатай гэж үзсэн бусад зүйлээ дагалдах бичигт оруулж болно.
7 дугаар зүйл
1. Илгээгч дараахь зүйлүүдийг буруу буюу орхигдуулсны улмаас тээвэрлэгчид хохирол учирвал илгээгч тээвэрлэгчид учирсан бүхий л зардал болон хохирлыг хариуцна. Үүнд:
a) 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн b), d), e), f), g), h), j) заалт;
b) 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг;
c) дагалдах бичигт оруулах илгээгчийн бусад заавар, зөвлөмж.
2. Хэрэв илгээгчийн хүсэлтээр тээвэрлэгч нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт тусгасан зүйлүүдийг дагалдах бичигт оруулж байгаа бөгөөд илгээгч өөрөөр нотлоогүй бол илгээгчийн нэрийн өмнөөс үүнийг үйлдсэн гэж үзнэ.
3. Хэрэв дагалдах бичигт 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн к) заалт ороогүй бол ачаа захиран зарцуулах эрх бүхий этгээдэд гарч болох бүх зардал, хохирлыг тээвэрлэгч хариуцна.
8 дугаар зүйл
1. Ачааг хүлээж авахдаа тээвэрлэгч дараахь зүйлсийг шалгах ёстой:
а) дагалдах бичигт тусгагдсан ачааны бүрэн бүтэн байдал, багцын тоо, тэдгээрийн тэмдэглэл, дугаар;
b) ачааны гаднах байдал тэдгээрийн баглаа боодол.
2. Тээвэрлэгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн а)-д заасан бүрэн бүтэн байдлыг шалгах боломжгүй бол үндэслэл бүхий тайлбарыг дагалдах бичигт тусгана. Тэрээр ачааны гаднах байдал болон түүний сав баглааны талаар гаргасан тайлбаруудаа үндэслэлтэйгээр гаргах ёстой. Хэрэв илгээгч нь дагалдах бичигт ачааг өөрөө хүлээж авна гэж оруулаагүй бол энэ тайлбарууд нь түүний хувьд хүчин төгөлдөр биш байна.
3. Илгээгч нь ачаа тээвэрлэгчээс ачааны бохир жин болон ачааны тоо хэмжээг өөр хэмжигдэхүүний нэгжээр тодорхойлсон байдлыг шалгахыг шаардах эрхтэй. Мөн ачааны сав боодлын бүрэн байдлыг шалгахыг шаардаж болно. Тээвэрлэгч нь эдгээр шалгахтай холбогдон гарах зардлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй. Хийсэн шалгалтын үр дүнг дагалдах бичигт тусгана.
9 дүгээр зүйл
1. Дагалдах бичигт ямар нэгэн сөрөг зүйлийг нотлох тэмдэглэгээ хийгээгүй бол гэрээний нөхцөлийг биелүүлсэн гэсэн нотолгоо болох бөгөөд тээвэрлэгч ачаа хүлээж авсан тухай баримт болно.
2. Хэрэв бараа тээвэрлэгч дагалдах бичигт тусгай тайлбар хийгээгүй бол тээвэрлэгч ачааг хүлээж авах үед ачаа бүрэн бүтэн байсан, мөн тэдгээрийн боодол, тэмдэг, дугаар нь дагалдах бичигт заасантай тохирч байна гэсэн үг юм.
10 дугаар зүйл
Хэрэв тээвэрлэгч ачааг хүлээж авах үед түүний баглаа боодол бүрэн бус буюу энэ нь гаднах байдлаараа тээвэрлэгчид мэдэгдэж байсан бөгөөд энэ талаар ачаа хүлээн авах үед холбогдох тайлбар хийгдээгүй байснаас үүдэн бусад аливаа этгээд, тоног төхөөрөмж, өөр ачаанд хохирол учирвал уг хохирол, түүнтэй холбогдон гарах зардлыг илгээгч хариуцна.
11 дүгээр зүйл
1. Илгээгч ачааг тээвэрлэгчид шилжүүлэхийн өмнө гаалийн болон бусад албан ёсны баримтуудыг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгөх ёстой бөгөөд түүнийг шаардлагатай бүх мэдээллээр хангах үүрэгтэй.
2. Эдгээр мэдээлэл, бичиг баримтын бүрэн зөв эсэхийг тээвэрлэгч шалгах үүрэггүй. Тээвэрлэгчийн буруутай үйлдлээс бусад тохиолдолд эдгээр мэдээлэл, бичиг баримтыг буруу, дутуу үйлдсэнээс үүдэн гарах хохирлыг илгээгч тээвэрлэгчийн өмнө хариуцна.
3. Тээвэрлэгч өөрийн хүлээн авсан дагалдах бичигт хавсаргасан бичиг баримтуудыг гээсэн буюу түүнд хадгалагдаж байсан бичгийг буруу ашигласан тохиолдолд үүсэх хохирлын хариуцлагыг тээвэрлэгч хүлээнэ. Гэхдээ хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ нь ачааг гээгдүүлснээс үүдэн гарах зардлаас бага байна.
12 дугаар зүйл
1. Илгээгч нь ачааг захиран зарцуулах; тухайлбал, тээвэрлэгчээс ачаа тээвэрлэхийг түр зогсоох; ачаа хүргэх газрыг өөрчлөх буюу дагалдах бичигт заасан ачаа хүлээн авагчийг өөрчлөх эрхтэй.
2. Дагалдах бичгийн хоёр дахь хувь нь хүлээн авагчид очсон эсхүл хүлээн авагч нь 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж байгаа тохиолдолд илгээгчийн дээрх эрх хүчингүй болно; энэ үеэс эхлэн тээвэрлэгч ачаа хүлээн авагчийн зааврыг баримтална.
3. Хэрэв илгээгч дагалдах бичигт дээрх заалтыг оруулсан тохиолдолд хүлээн авагч нь дагалдах бичгийг бүрдүүлсэн үеэс эхлэн ачааг захиран зарцуулах эрхтэй.
4. Ачааг захиран зарцуулах эрхийн дагуу хүлээн авагч нь ачааг өөр этгээдэд хүлээлгэн өгөх үүргийг өгсөн тохиолдолд уг этгээд өөр бусад хүлээн авагчид ачаагаа шилжүүлэх эрхгүй.
5. Ачааг захиран зарцуулах эрх нь дараах заалтуудаар тодорхойлогдоно:
a) уг эрхийг хэрэгжүүлэх гэж байгаа илгээгч эсхүл энэ зүйлийн 3 дахь хэсэгт дурдсан хүлээн авагч нь шинээр заавар өгсөн, мөн эдгээр заавруудыг биелүүлсний улмаас үүдэн гарах зардал, хохирлыг тээвэрлэгчид олгох зэргийг тусгасан шинэ дагалдах бичгийн эхний хувийг тээвэрлэгчид өгөх ёстой;
b) заавруудыг биелүүлэх этгээд нь эдгээр заавруудыг хүлээн авсан тэр үед л түүнийг биелүүлэх боломжтой болно. Энэ нь тээвэрлэгчийн хэвийн үйл ажиллагаанд саад болох ёсгүй бөгөөд бусад ачаа илгээгч буюу хүлээн авагчдад хохирол учруулахгүй байх ёстой;
c) дурдсан зааврууд нь ачааг аливаа байдлаар тараах үндэслэл болохгүй.
6. Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан шалтгаанаар тээвэрлэгч өгсөн зааврыг биелүүлж чадахгүй бол заавар өгсөн этгээдэд энэ талаар нэн даруй мэдэгдэх ёстой.
7. Энэхүү зүйлийн дагуу өгөгдсөн заавруудыг тээвэрлэгч биелүүлж чадаагүй буюу, эсхүл дагалдах бичгийн эх хувийг шаардаж аваагүйгээс үүдэн зааврыг биелүүлж чадалгүй хохирол учруулсан бол тээвэрлэгч гэрээнд заасан эрх бүхий этгээдийн өмнө гаргасан хохирлынхоо хариуцлагыг хүлээнэ.
13 дугаар зүйл
1. Ачаа хүргэгдэх газраа очсон үед хүлээн авагч дагалдах бичгийн хоёр дахь хувь болон ачааг хүлээж авахыг шаардах эрхтэй бөгөөд ачаа хүлээж авсан тухай холбогдох баримтыг үйлдэнэ. Хэрэв ачаа гээгдсэн, эсхүл 19 дүгээр зүйлд заасан хугацааны дотор ачаа ирээгүй тохиолдолд хүлээн авагч нь өөрийн нэрийн өмнөөс ачаа тээвэрлэх гэрээнд заагдсан эрхийн дагуу тээвэрлэгчээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
2. Энэхүү зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлж байгаа хүлээн авагч нь дагалдах бичгийг үндэслэн гарсан зардлын төлбөрийг барагдуулах үүрэгтэй. Энэ талаар маргаан гарсан тохиолдолд тээвэрлэгч нь хүлээн авагчаас ачааны барыдаа авсан тохиолдолд л ачааг тушаах үүрэгтэй.
14 дүгээр зүйл
1. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар ачааг хүргэх газар очихоосоо өмнө тээвэрлэгч дагалдах бичгэнд тусгагдсан үүргийг биелүүлэх боломжгүй бол тэрээр 12 дугаар зүйлд заасан ачаа захиран зарцуулах эрх бүхий этгээдээс заавар авна.
2. Хэрэв дагалдах бичигт зааснаас өөр нөхцөлд тээвэрлэлтийг гүйцэтгэх боломжтой буюу, эсхүл тээвэрлэгч тухайн үед 12 дугаар зүйлд заасан ачаа захиран зарцуулах эрх бүхий этгээдээс заавар авч чадаагүй бол тээвэрлэгч нь аль болох боломжтой аргаар тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.
15 дугаар зүйл
1. Хэрэв ачааг товлосон газар хүргэсний дараа түүнийг хүлээлгэн өгөхөд ямар нэгэн бэрхшээл гарвал тээвэрлэгч нь илгээгчээс заавар авна. Хэрэв хүлээн авагч нь ачааг хүлээн авахаас татгалзвал илгээгч нь дагалдах бичгийн эхний хувийг харгалзахгүйгээр ачааг захиран зарцуулах эрхтэй.
2. Хэрэв тээвэрлэгч нь илгээгчээсээ сөрөг заавар аваагүй л бол хүлээн авагч нь ачааг хүлээн авахаас татгалзсан ч ачааг дахин шаардан хүлээж авах эрхтэй.
3. Хэрэв хүлээн авагч нь 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өөр этгээдэд ачааг шилжүүлэх үүргийг өгснөөс хойш ачааг хүлээлгэн өгөхөд саад тохиолдвол энэ зүйлийн 1, 2 дахь хэсгийн дагуу хүлээн авагч нь илгээгч болж нөгөө этгээд нь хүлээн авагч болно.
16 дугаар зүйл
1. Тээвэрлэгч нь өөрийн буруутай буюу хайхрамжгүй байдлын улмаас бий болсон хохирлын нөхөн төлөх зардлаас бусад өгөгдсөн заавартай холбоотой хүсэлт гаргах, мөн заавар биелүүлэх явцад гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй.
2. 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 15 дугаар зүйлд заасан тохиолдлуудад тээвэрлэгч нь гэрээний дагуу олгогдсон эрх бүхий этгээдийн зардлаар ачааг нэн даруй буулгаж, ачааг буулгаснаар тээвэрлэлт бүрэн дууслаа гэж үзнэ. Энэ тохиолдолд тээвэрлэгч нь ачаа хадгалалтыг хариуцна. Гэхдээ тээвэрлэгч нь ачаа хадгалалтыг аливаа гуравдагч этгээдэд даалгаж болох бөгөөд уг тохиолдолд тээвэрлэгч гуравдагч этгээдийг сонгосноос бусад хариуцлагыг хүлээхгүй. Дагалдах бичигт заасан болон бусад бүх зардлууд тухайн ачаанд төлөгдөх ёстой хэвээр үлдэнэ.
3. Хэрэв ачаа нь амархан мууддаг, эсхүл ачааны тухайн үеийн байдлаас шалтгаалах буюу, эсхүл ачаа хадгалах зардал нь ачааны өөрийн өртгөөс давсан, тээвэрлэгч нь гэрээний дагуу эрх олгогдсон этгээдийн зааварчилгааг хүлээлгүй ачааг борлуулж болно. Мөн бусад үед хэрэв гэрээний дагуу эрх олгогдсон этгээдээс цаг тухайд нь сөрөг зааварчилгаа өгөөгүй бол ачааг борлуулж болно.
4. Энэхүү зүйлийн дагуу ачааг борлуулсан тохиолдолд борлуулалтаас олсон орлогыг ачаатай холбогдсон зардлыг барагдуулахаар гэрээний дагуу эрх олгогдсон этгээдэд өгөх ёстой. Хэрэв дурдсан зардал нь борлуулалтын орлого барагдуулахгүй бол тээвэрлэгч дутуу хэсгийг нөхөн төлнө.
5. Борлуулах үйл ажиллагаа нь борлуулалт хийж байгаа газрын хууль буюу эаншлаар зохицуулагдана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГА
17 дугаар зүйл
1. Тээвэрлэгч нь ачаа хүлээж авснаас ачаагаа хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачааг бүхэлд нь буюу хэсэгчлэн үрэгдүүлэх, гэмтээх, мөн хугацаанд нь хүргэж өгөөгүй тохиолдолд хариуцлага хүлээнэ.
2. Хэрэв тээвэрлэгчийн буруутай үйлдлээс үл шалтгаалан ачаа үрэгдэх, гэмтэх, цаг хугацаандаа хүргэгдээгүй зэрэг нь нэхэмжлэгчийн буруугаас болж гарсан буюу гэрээний дагуу эрх олгогдсон этгээдийн заавраас шалтгаалсан буюу эсхүл тээвэрлэгч зайлсхийж чадаагүй нөхцөл байдал үүссэн, урьдчилан сэргийлэх боломжгүй үйлдлийн үр дүнд бий болсон бөгөөд ачааны өөрийн ямар нэгэн гэмтлээс шалтгаалсан бол тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй.
3. Тээвэрлэгч тээвэрлэлтийг гүйцэтгэхэд ашигласан тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал, тээврийн хэрэгсэл түрээсэлсэн этгээдийн буюу түүний төлөөлөгчийн буруугаас болсон гэсэн үндэслэлээр хариуцлагаас мултрахгүй.
4. 18 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгийн заалтуудын дагуу дараах нөхцөл байдлуудаас нэг буюу хэд хэдэн бие биеэсээ харилцан хамаарал бүхий нөхцөл байдал үүссэний улмаас ачаанд гэмтэл, хохирол учирвал түүнийг тээвэрлэгч хариуцахгүй. Эдгээр нь:
a) дагалдах бичигт тусгагдсаны дагуу задгай эсхүл битүү тээврийн хэрэгслийг ашигласнаар;
b) ачааны сав боодол нь байхгүй эсхүл гэмтэлтэй, баглаа боодолгүй буюу хангалтгүй боосны улмаас муудах эсхүл гэмтэхээр бол;
c) зөөвөрлөлт, ачилт, хураалт, буулгалтыг илгээгч, хүлээн авагч эсхүл тэдний өмнөөс ачааг ачиж буулгах ажиллагааг явуулж байгаа этгээд гүйцэтгэж байгаа бол;
d) зарим барааны шинж чанараас шалтгаалан эвдрэх, зэврэх, хэмхрэх, хатах, гээгдэх, эсхүл мэрэгч болон бусад шимэгчдээс хамааран бүхэлдээ буюу хэсэгчлэн устах буюу гэмтэхээр бол;
e) ачааны баглаа боодлын тэмдэглэгээ, дугаар хангалттай бус байх;
f) амьд амьтан тээвэрлэх тохиолдолд.
5. Энэ зүйлийн дагуу зарим нөхцөл байдал бий болсон үед тээвэрлэгч нь хохирол учруулах буюу ачаанд гэмтэл учруулахад хариуцлага хүлээхгүй бөгөөд түүний хүлээх хариуцлага зөвхөн энэ зүйлээр тодорхойлогдсон хохирол учруулах нөхцөл байдлаар л хязгаарлагдана.
18 дугаар зүйл
1. Ачааг үрэгдүүлсэн буюу гэмтээсэн эсхүл цаг хугацаа алдан хүргэж өгсөн зэрэг нь 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлын үр дүнд бий болсон гэдгийг тээвэрлэгч нотлох үүрэгтэй.
2. Хэрэв 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нэг буюу хэд хэдэн онцгой эрсдэл бүхий нөхцөл байдлын үр дүнд ачаа үрэгдэж гэмтсэнийг тээвэрлэгч нотолж чадвал энэ нь үүнээс шалтгаалсныг хүлээн зөвшөөрөх үндэслэл болох юм. Гэхдээ нэхэмжлэгч нь ачаа үрэгдэж гэмтсэн нь дурдсан нөхцөл байдлаас бүхэлдээ буюу хэсэгчлэн хамааралгүйг нотлох эрхтэй.
3. Хэрэв учирсан хохирол нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн буюу эсхүл боодолтой ачаа нь үрэгдсэн бол энэхүү үндэслэл нь 17 дугаар зүйлийн 4-ийн а)-д заасан нөхцөл байдалд хамаарахгүй.
4. Хэрэв ачаа нь халуун, хүйтэн, агаарын хэм өөрчлөгдөх ба чийгшил нөлөөлдөггүй тээврийн хэрэгсэлд ачигдсан бөгөөд, мөн тээвэрлэгч урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан буюу түүнд өгсөн тусгай заавруудыг бүгдийг нь биелүүлсэн гэж нотолж чадсан тохиолдолд л 17 дугаар зүйлийн 4-ийн d)-д заасан нөхцөлийг мөрдлөг болгоно.
5. Тээвэрлэгч урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан буюу түүнд өгсөн тусгай заавруудыг бүгдийг нь биелүүлсэн гэж нотолж чадахгүй бол 17 дугаар зүйлийн 4-ийн f)-д заасан нөхцөл түүнд хамаарахгүй.
19 дүгээр зүйл
Хэрэв гэрээнд заасан хугацаанд бараа хүргэгдээгүй эсхүл ийм хугацаа байгаагүй бол; хэрэв тээвэрлэлтийн явцад гарсан нөхцөл байдал буюу ачааг энгийн нөхцөлд хүргэх хугацааг харгалзан үзээд энгийн нөхцөлд ажил үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэж буй тээвэрлэлтэд шаардагдах хугацаанаас тээвэрлэлтийн хугацаа хэтэрсэн бол хугацаа хожимдсон гэж үзнэ.
20 дугаар зүйл
1. Хэрэв ачаа нь тогтоосон хугацаанаас хойш 30 хоногийн дараа хүргэгдээгүй, буюу хугацаа тогтоогоогүй тохиолдолд тээвэрлэгч барааг хүлээж авснаас хойш 60 хоногийн дотор бараа очих ёстой газраа хүргэгдээгүй бол гэрээний дагуу эрх олгогдсон этгээд аливаа нотолгоогүйгээр барааг үрэгдсэн гэж тооцож болно.
2. Гэрээний дагуу эрх олгогдсон этгээд нь алдагдсан барааны нөхөн төлбөрийг авсны дараа үрэгдсэн ачаа нь нэг жилийн дотор олдсон тохиолдолд түүнд энэ талаар шууд мэдэгдэх хүсэлтийг бичгээр гаргаж болно. Түүний уг хүсэлтийг хүлээн авсныг бичгээр баталгаажуулсан байна.
3. Ачаа олдсон гэдэг мэдэгдлийг хүлээн авснаас 30 хоногийн дотор дагалдах бичигт заасан эрхийн дагуу эрх бүхий этгээд нь ачааг нэхэмжлэх эрхтэй. Түүнчлэн авсан нөхөн төлбөрөө буцаан төлөхдөө эрх бүхий этгээд нь гарсан зардал, 23 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн хугацаа хоцорсон нөхөн төлбөр, мөн 26 дугаар зүйлд хамаатай зүйл байвал нөхөн олгох төлбөрөөсөө хасуулах эрхтэй.
4. Энэхүү зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан хүсэлт, 3 дахь хэсэгт заасан 30 хоногийн дотор өгсөн гэх ямар нэгэн заавар байхгүй тохиолдолд эсхүл нөхөн төлбөр авснаас хойш нэг жил өнгөрснөөс хойш бараа олдсон тохиолдолд тээвэрлэгч нь ачаа олдсон орны хууль тогтоомжид нийцүүлэн уг ачааг захиран зарцуулах эрхтэй.
21 дүгээр зүйл
Хэрэв тээвэрлэгч нь тээвэрлэлтийн гэрээний дагуу ачааг хүргэж өгсний төлбөрийг хүлээн авагчаас авалгүйгээр ачааг түүнд тушаасан бол хүлээн авагчийн эсрэг зарга мэдүүлэхээс бусад бүх тохиолдолд ачааг хүргэж өгсний төлбөрийн хэмжээтэй дүйцэх төлбөрийг илгээгчээс авна.
22 дугаар зүйл
1. Хэрэв илгээгч нь тээвэрлэгчид аюултай ачааг хүлээлгэн өгвөл түүнд энэ талаар мэдээлэх, зааварлах үүрэгтэй бөгөөд шаардлагатай бол болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Хэрэв энэ талаар дагалдах бичигт дурдаагүй бол ачаа илгээгч буюу ачаа хүлээн авагч нь тээвэрлэгчид ачааны аюулын талаар тодорхой мэдэгдсэн гэдгээ нотолж чадах шаардлагатай.
2. Хэрэв тээвэрлэгчид энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийн дагуу аюултай ачааны талаар мэдэгдээгүй бол ачаа тээвэрлэгч энэ ачааг ямар ч үед, ямар ч газар буулгах, устгах, аюулгүй болгох эрх эдэлнэ. Ингэхдээ тэр ямар ч нөхөн төлбөр төлөхгүй. Ачаа илгээгч дээрх бүх ажиллагаа буюу тээвэрлэлттэй холбогдон гарсан зардлыг хариуцна.
23 дугаар зүйл
1. Энэхүү Конвенцид зааснаар тээвэрлэгч ачааг бүхэлд нь ба хэсэгчлэн үрэгдүүлсний нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй. Энэ нөхөн төлбөрийн хэмжээ нь ачааг хүлээж авсан газрын болон тухайн үеийн ханшаар тооцогдоно.
2. Ачааны үнэ нь биржийн ханшаар тодорхойлогдох бөгөөд хэрэв энэ нь боломжгүй бол тухайн үеийн зах зээлийн ханшаар, аль аль нь боломжгүй бол ижил төрлийн болон ижил чанартай барааны ердийн үнээр тооцогдоно.
3. Гэхдээ нөхөн төлбөрийн хэмжээ нь хүргэгдээгүй ачааны бохир жингийн нэг кг-д 25 франкаас хэтрэхгүй байх ёстой. Франк гэдэг нь 10/31 грамм жинтэй 900 сорьцтой алтаар хэмжигдэнэ.
4. Үүнээс гадна тээвэрлэлтийн төлбөр, гаалийн хураамж, ачааг тээвэрлэхтэй холбогдсон бусад зардал, ачааг бүхэлд нь үрэгдүүлсэн тохиолдолд бүхлээр нь, хэсэг ачааг үрэгдүүлсэн тохиолдолд дүйцэх үнийг нөхөн төлөх ёстой; бусад хохирлыг нөхөн төлөхгүй.
5. Хугацаанаас нь хожимдуулж ачааг хүргэсэн тохиолдолд буюу хэрэв гэрээгээр эрх олгогдсон этгээд хугацаа хоцорсны улмаас ямар нэгэн хохирол учирсан гэж нотолж чадвал тээвэрлэгч нь тээвэрлэлтийн хөлснөөс илүүгүй нөхөн төлбөрийг төлөх ёстой.
6. Хэрэв ачааны өртөг болон ачаа хүргэхтэй холбогдон гарсан зардлыг 24 болон 26 дугаар зүйлийн дагуу мэдүүлэгт тусгасан бол илүү хэмжээний нөхөн төлбөрийг тээвэрлэгчээс нэхэмжилж болно.
24 дүгээр зүйл
Илгээгч нь 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ачааг тээвэрлэхэд тогтсон хэмжээнээс илүү гарах үнийг тээвэрлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр дагалдах бичигт тусгаж болно. Энэ тохиолдолд тэрхүү тусгагдсан үнэ нь тус илүүдэл үнийг орлоно.
25 дугаар зүйл
1. Ачаа гэмтсэн тохиолдолд тээвэрлэгч уг ачааны үнийг 23 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасны дагуу бууруулж төлнө.
2. Нөхөн төлбөрийн хэмжээ нь дор дурдсанаас хэтрэхгүй байх ёстой. Үүнд:
a) хэрэв тээвэрлэгдэж байгаа бүх ачаа гэмтсэн тохиолдолд бүхий л ачааны үнээс;
b) хэрэв тээвэрлэгдэж байгаа ачааны зарим хэсэг нь гэмтсэн тохиолдолд тухайн хэсгийн үнээс.
26 дугаар зүйл
1. Дагалдах бичигт шаардлагатай заавар оруулснаар мөн түүнчлэн хоёр талын харилцан тохиролцсон нөхцөлд илгээгч ачаа тээвэрлэгдэх үед түүнийг үрэгдүүлэх буюу гэмтээх, мөн гэрээнд заасан хугацаанд ачааг хүргэж өгөөгүйгээс үүдэн гарах нэмэлт зардлыг тогтоож болно.
2. Ачаа тээвэрлэх нэмэлт зардлыг тогтоосон тохиолдолд 23, 24, 25 дугаар зүйлүүдэд заасан нөхөн төлбөрөөс үл хамааран нэмэлт зардалтай дүйцэх нөхөн төлбөрийг хохирол учирсан гэдгийг тогтоосны дараа шаардах эрхтэй.
27 дугаар зүйл
1. Гэрээгээр эрх олгогдсон этгээд нь нөхөн төлбөрийн хэмжээнд хүү төлөхийг шаардах эрхтэй. Энэ хүү нь тээвэрлэгчид бичгээр хандаж шаардлага тавьсан өдрөөс хойш жилийн 5 хувиар тооцогдох буюу хэрэв энэ нь байхгүй бол нэхэмжлэл гаргаж, тэр нь хүчинтэй болсон өдрөөс эхлэн тооцно.
2. Нөхөн төлбөрийг тооцоолсон хэмжээ нь нэхэмжлэл гаргасан улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдээгүй бол тухайн орны мөнгөн дэвсгэртэд шилжүүлэх валютын ханш нь тэр өдрийн ханшаар илэрхийлэгдэнэ.
28 дугаар зүйл
1. Энэхүү Конвенцоор зохицуулагдах тээвэрлэлтийн үед ачааг үрэгдүүлсэн, гэмтээсэн эсхүл хугацаа хожимдуулсан бол мөрдөгдөж буй хуулийн хүрээнд хэлэлцээрт тусгагдаагүй шаардлага тавьж болно. Энэ тохиолдолд тээвэрлэгч нь нөхөн төлөх ёстой төлбөрийг тодорхойлсон, эсхүл хязгаарласан, түүнийг хариуцлагаас чөлөөлсөн энэхүү Конвенцийн заалтуудыг удиртгал болгож болно.
2. Энэхүү Конвенцийн 3 дугаар зүйлд заасны дагуу тээвэрлэгчийн хариуцаж буй этгээдүүдийн аль нэг нь ачааг хожимдуулах, үрэгдүүлэх, гэмтээх зэрэг гэрээний бус хариуцлага хүлээх асуудал гарах тохиолдолд тухайн этгээд нөхөн төлбөрийн хэмжээг хязгаарлах, тодорхойлох, эсхүл тээвэрлэгчийн хариуцлагыг эс тооцох тухай энэхүү Конвенцийн заалтуудыг удирдлага болгож болно.
29 дүгээр зүйл
1. Хэрэв тээвэрлэгчийн зүгээс санаатайгаар хохирол учруулсан, эсхүл түүний үйлдлийг шүүж байгаа хуулийн дагуу түүний буруугаас болж хохирол учирсан гэдгийг тогтоосон бол тээвэрлэгчийн хариуцлагыг хязгаарлах, эс тооцох буюу нотолгоог үгүйсгэх тухай энэхүү Конвенцийн заалтуудыг тэрээр иш татах эрхгүй.
2. Дээрх заалт нь тээвэрлэгчийн төлөөлөгч буюу тээвэрлэгчээс ачаа тээвэрлэлтэд оролцуулж байгаа бусад этгээдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн хохирол гарсан үед мөн хамаарна. Уг тохиолдолд эдгээр төлөөлөгч болон этгээдүүд өөрсдийн хүлээх хариуцлагын хувьд энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсаны адил энэхүү бүлгийн заалтуудаас иш татаж болохгүй.
ТАВДУГААР БҮЛЭГ
ГОМДОЛ БА НЭХЭМЖЛЭЛ
30 дугаар зүйл
1. Хүлээн авагч нь ачааг хүлээн авангаа тээвэрлэгчийн дэргэд ачааны бүрэн бүтэн байдлыг тогтоогоогүй буюу их хэмжээний хохиролтой байсан буюу бараа хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор (амралтын болон ажлын бус өдрүүдийг тооцохгүйгээр) гаднаас харахад анзаарагдахгүй ачааны эвдрэл, гэмтэл байсан бөгөөд гарсан хохирлын хэмжээний тухай тээвэрлэгчид мэдэгдээгүй тохиолдолд ачааг дагалдах бичигг заагдсан байдлаар нь хүлээн авсан гэж үзнэ. Хэрэв гаднаас харахад анзаарагдахгүй ачааны эвдрэл, гэмтлийг илрүүлсэн бол дээрх мэдэгдлийг бичгээр үйлдэнэ.
2. Ачааны бүрэн бүтэн байдлыг тээвэрлэгч ба хүлээн авагч хамт шалгаж хүлээлцсэн ч ачаанд гаднаас харахад анзаарагдахгүй эвдрэл, гэмтэл байсныг тухайн ачааг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор (амралтын өдрүүдийг тооцохгүйгээр) илрүүлэн тээвэрлэгчид хохирлын талаар мэдэгдсэн тохиолдолд ачаа бүрэн бус байсан гэж үзнэ.
3. Ачааг хожимдуулж хүргэсний улмаас үүдсэн нөхөн төлбөрийг хүлээн авагчийн мэдэлд ачааг шилжүүлснээс хойш 21 хоногийн дотор бичгээр үйлдсэн тайлбарыг үндэслэн хийнэ.
4. Энэ зүйлд заасан хугацааг тооцоолохдоо хүргэж өгсөн хугацаа, шалгасан өдөр, мөн хүлээн авагчид ачааг хүлээлгэн өгсөн өдрүүдийг тооцохгүй.
5. Шаардлагатай хяналт шалгалтыг хийх үед тээвэрлэгч болон хүлээн авагч нь бие биедээ харилцан туслалцаа үзүүлэх ёстой.
31 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенцийн дагуу хийгдэж байгаа тээвэрлэлттэй холбогдолтой бүх маргааныг шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэгч нь Конвенцийн оролцогч улсуудын шүүхэд хандахаас гадна дор дурдсан нутаг дэвсгэрийг харьяалах улсын шүүхэд хандаж болно. Үүнд:
a) хариуцагчийн байнгын оршин суух газар, тээвэрлэх гэрээг байгуулсан түүний албан байгууллага эсхүл хэсэг буюу төлөөлөгчийн газар, эсхүл;
b) анх ачааг тээвэрлэхээр хүлээж авсан газар буюу түүнийг хүлээлгэн өгсөн газар.
2. Хэрэг шүүхэд шалгагдаж байгаа үөд энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аливаа маргаан үүссэн, эсхүл энэ маргааныг шүүх урьд нь шийдвэр гаргаж байсан тохиолдолд шүүхийн гаргасан энэхүү шийдвэр нь тухайн улсад биелүүлэх боломжгүй байгаагаас бусад бүх тохиолдолд тухайн маргаантай асуудлын талаар шүүх шинэ хэрэг нээх боломжгүй.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аливаа маргааныг энэхүү Конвенцийн оролцогч улс орны шүүх шийдвэрлэсэн нь тухайн оронд хүчин төгөлдөр байхаас гадна Конвенцид элссэн бусад аль ч улсын хувьд хүчин төгөлдөр байх бөгөөд шүүхийн шийдвэрийг мөн адил биелүүлнэ. Шийдвэрийг биелүүлэхтэй холбогдсон асуудлыг шүүхийн дараагийн шатанд давж заалдах боломжгүй.
4. Энэ зүйлийн 3 дахь хэсгийн заалтууд нь талуудыг байлцуулж байж гаргасан шийдвэр, эсхүл эчнээ гаргасан шийдвэр, хэрэг таслах үед гаргасан шийдвэрт хамаарагдах бөгөөд шүүхийн түр зуур хүчин төгөлдөр байх шийдвэр болон шүүхэд зарцуулагдах бүх зардлыг хэрэгт буруутай гэж үзэгдсэн этгээд төлөх мөн нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн барагдуулах тухай шүүхийн шийдвэрийг үл хамаарна.
5. Энэхүү Конвенцийн хамрах хүрээнд хийгдсэн ачаа тээвэрлэлтийн талаар гаргасан нэхэмжлэлийг авч үзэхтэй холбогдсон шүүхийн зардлыг төлөх талаар баталгаа гаргаж барьцаа төлөхийг энэхүү Конвенцид оролцогч улсад амьдран сууж байгаа иргэдээс шүүх шаардах эрхгүй.
32 дугаар зүйл
1. Энэхүү Конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэхтэй холбогдон нэхэмжлэл гаргах хугацаа нь нэг жил байна. Гэхдээ санаатайгаар буюу санаатайгаар үйлдсэнтэй адилтгах үндэслэлээр хохирол учруулсан тохиолдолд хэрэг хөөн хэлэлцэх дээд хугацаа нь гурван жил болно. Хугацаа нь дараах үеэс тооцогдож эхэлнэ:
a) ачааг хэсэгчлэн үрэгдүүлэх, гэмтээх, хугацаанаас нь хожимдуулсан тохиолдолд - хүргэж өгсөн өдрөөс хойш;
b) ачааг бүхэлд нь үрэгдүүлсэн тохиолдолд - тээвэрлэх хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дараа; хэрэв энэ нь заагдаагүй бол тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш 60 хоногийн дараа;
с) бусад бүх тохиолдолд - тээвэрлэлтийн гэрээ хийснээс хойш 3 сарын дараа.
Үйлчилж эхэлсэн өдөр нь түүний хугацааг тооцоход орохгүй.
2. Бичгээр үйлдсэн нэхэмжлэлийн хугацааг тээвэрлэгч нэхэмжлэлийг үгүйсгэсэн дагалдах бичиг баримтуудыг илгээснээр дуусгавар болгоно. Хэрэв гаргасан гомдлын заримыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зөвхөн хүлээн зөвшөөрсөн гомдлын хувьд хугацаа нь дахин үйлчилж эхэлнэ. Нэхэмжлэлийг хүлээж авсан, эсхүл түүнд хариу өгсөн болон баримт бичгүүдийг буцаасан бол эдгээрийг үйлдсэн тал үндэслэлээ нотлох үүрэг хүлээнэ. Уг үндэслэлээр гомдол гаргахад хугацаа нь цааш үргэлжилнэ.
3. Дээрх 2 дахь хэсгийн заалтуудыг мөрдсөн тохиолдолд хугацааг түр зогсоох, сунгах зэрэг нөхцөлийг хэрэг шүүж байгаа орны хуулиар шийдвэрлэнэ.
4. Нэхэмжлэл гаргах эрх нь хугацаа хэтэрсэн бол сөрөг нэхэмжлэл гаргах эсхүл татгалзах хэлбэрээр дахин сэргээгдэх боломжгүй.
33 дугаар зүйл
Тээвэрлэлтийн гэрээ нь энэхүү Конвенцийн заалтуудыг арбитрын шүүх мөрдлөг болгоно гэсэн нөхцөл бүхий арбитрын шүүхийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн заалтуудыг тусгаж болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХЭД ХЭДЭН ТЭЭВЭРЛЭГЧЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ ЗААЛТУУД
34 дүгээр зүйл
Хэрэв тээвэрлэлтийн нэг гэрээнд хамаарах ачааг хэд хэдэн тээвэрлэгч тээвэрлэх бол тээвэрлэгч тус бүр тээвэрлэлтийн хариуцлагыг бүхэлд нь хүлээх бөгөөд эхний тээвэрлэгчээс ачаа болон дагалдах бичгийг хүлээн авсан хоёрдагч тээвэрлэгч мөн түүнээс улбаалсан бусад тээвэрлэгч ачаа болон дагалдах бичгийг хүлээж авснаар тээвэрлэлтийн гэрээний талууд болно.
35 дугаар зүйл
1. Өмнөх тээвэрлэгчээсээ ачаа хүлээн авч байгаа тээвэрлэгч нь дараачийн тээвэрлэгчид огноо, гарын үсгээ зурсан баримтыг хүлээлгэн өгнө. Тэрээр дагалдах бичгийн хоёр дахь хувьд өөрийн нэр, хаягаа оруулах ёстой. Шаардлагатай бол 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тайлбарыг дагалдах бичгийн хоёр дахь хувь болон хүлээж авсан тэмдэглэгээнд тусгана.
2. 9 дүгээр зүйлийн заалтууд нь дараалан тээвэрлэлт хийх тээвэрлэгчдийн хоорондын харилцаанд хамааралтай.
36 дугаар зүйл
Тээвэрлэлтийн гэрээнд тулгуурласан нэхэмжлэлийг авч хэлэлцэх үед тухайн хэрэг нь сөрөг нэхэмжлэл, эсхүл татгалзалд хамаарахгүй учир ачааг үрэгдүүлсэн, гэмтээсэн, хугацаа хожимдуулсны хариуцлагад хамаарах бүх нэхэмжлэл нь зөвхөн анхны, эсхүл сүүлчийн, эсхүл ачааны үрэгдүүлэлт, гэмтэл, хугацаа хожимдуулалт зэрэгт зөвхөн эхний тээвэрлэгч хамааралтай бөгөөд хэрэв аль нэг тээвэрлэгч ачааг тээвэрлэх үед ачааг үрэгдүүлсэн, гэмтээсэн буюу хугацаа хожимдуулсан гэх баримт байвал хохирлыг хэд хэдэн тээвэрлэгчдээс зэрэг нэхэмжилж болно.
37 дугаар зүйл
Энэхүү Конвенцид заасны дагуу хохирол нөхөн төлсөн тээвэрлэгч нь тээвэрлэлтэд оролцсон бусад тээвэрлэгчдээс дор дурдсан үндэслэлүүдээр хохирлыг төлж барагдуулахад гарсан зардал, түүний хүү болон бусад зардлыг нэхэмжлэх эрхтэй. Үүнд:
a) өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учруулсан тээвэрлэгч дангаараа хохирлыг нөхөн төлнө;
b) хэрэв хоёр буюу түүнээс дээш тээвэрлэгчийн буруугаас болж хохирол гарсан бол тэд өөрсдийн хариуцсан хэмжээний хохирлыг нөхөн төлнө, хэрэв энэ хэмжээг тогтоох боломжгүй бол тээвэрлэгч бүр өөрт ногдох тээвэрлэлтийн хөлснөөс хувь тэнцүүлэн төлнө;
c) хэрэв хэний буруугаас болж хохирол гарсан гэдгийг тогтоох боломжгүй бол хохирлын хэмжээг b) хэсэгт заасны дагуу бүх тээвэрлэгчдэд хувааж, нөхөн төлүүлнэ.
38 дугаар зүйл
Аль нэг тээвэрлэгч нь төлбөрийн чадваргүйн улмаас өөрт оногдсон хохирлоо төлж чадахгүйд хүрвэл түүнд ногдсон хохирлын хэмжээг бусад тээвэрлэгчдэд ногдох хөлсөнд тохируулж хуваан, нөхөн төлүүлнэ.
39 дүгээр зүйл
1. Хэрэв шүүх хурлаар 37, 38 дугаар зүйлийн дагуу хохирол нэхэмжилсэн тээвэрлэгчийн нөхөн төлбөрийн хэмжээ тогтоогдсон буюу тус шүүх хуралд тухайн тээвэрлэгч өөрөө биечлэн оролцсон, эсхүл тус шийдвэрийн тухай мэдэж байсан бол төлбөрийн үндэслэлийн талаар маргаан гаргах эрхгүй.
2. Өөрийн эрхээ сэргээж хүчин төгөлдөр болгохыг хүсэж байгаа ачаа тээвэрлэгч нь тээвэрлэгчдийн аль нэг нь оршин суудаг орны эсхүл ачаа тээвэрлэх гэрээг хийсэн түүний албан байгууллага, хэсэг, төлөөлөгчийн газар байрлах улсын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Бүх тээвэрлэгч үйл ажиллагааны улмаас шүүхийн нэг шийдвэрээр хариуцагчаар татагдаж болно.
3. 31 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтууд нь 37, 38 дугаар зүйлүүдэд тусгасан шүүх ажиллагааны шийдвэрт хамаарна.
4. 32 дугаар зүйл нь тээвэрлэгчдийн хоорондын нэхэмжлэлд хамааралтай. Хөөн хэлэлцэх хугацааг энэхүү Конвенцийн заалтуудын хүрээнд төлөх ёстой нөхөн төлбөрийн хэмжээний талаар шүүхийн эцсийн шийдвэр гарсан өдрөөс буюу эсхүл ийм шийдвэр гараагүй бол, төлбөр төлж эхэлсэн өдрөөс эхлэн тооцно.
40 дүгээр зүйл
Тээвэрлэгчид нь өөр хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр 37, 38 дугаар зүйлийн заалтаас өөр нөхцөл бүхий гэрээ байгуулах эрхтэй.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ЭНЭХҮҮ КОНВЕНЦТОЙ ХАРШИЛСАН ГЭРЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛОХ ТУХАЙ
41 дүгээр зүйл
1. 40 дүгээр зүйлийн заалтаас бусад тохиолдолд энэхүү Конвенцийн заалтуудыг шууд буюу шууд бус зөрчсөн аливаа нөхцөл гэрээнд байвал уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Эдгээр нөхцөл хүчин төгөлдөр бус болох нь гэрээний бусад нөхцөлд үл хамаарна.
2. Ялангуяа ачаа даатгагчид олгосон эрхийг тээвэрлэгчид шилжүүлэн өгөх боломж олгох нөхцөл буюу үүнтэй төстэй аливаа нөхцөл нотлоход хугацаа шаардагдах аливаа нөхцөлийг хүчингүй гэж үзнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ТӨГСГӨЛИЙН ЗААЛТУУД
42 дугаар зүйл
1. Энэхүү Конвенц нь Европын Эдийн Засгийн Комиссын гишүүн орнуудад болон тус комиссын дүрмийн тайлбар зүйлийн 8 дугаар хэсгийн дагуу зөвлөх үүрэгтэйгээр комисст орсон орнуудад энэхүү Конвенцийг хүлээн зөвшөөрөх болон түүнд гарын үсэг зурахад нээлттэй.
2. Европын Эдийн Засгийн Комиссын зарим үйл ажиллагаанд түүний дүрмийн 11 дүгээр зүйлийн дагуу оролцдог орнууд нь энэхүү Конвенцийг хүлээн зөвшөөрснөөр Хэлэлцэн тохирогч тал болж болно.
3. Энэхүү Конвенц нь 1956 оны 8 дугаар сарын 31 хүртэл гарын үсэг зурахад нээлттэй. Үүнээс хойш түүнд нэгдэн ороход нээлттэй байна.
4. Энэхүү Конвенцийг соёрхон батална.
5. Конвенцийг соёрхон баталсан, баталсан эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
43 дугаар зүйл
1. Энэхүү Конвенц нь 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дор хаяж таван улс орон өөрийн батламж жуух бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш ерэн хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
2. Эдгээр таван орны дараа аль ч улс орон өөрийн батламж жуух буюу батламж бичгээ хадгалуулснаас ерэн хоногийн дараа энэхүү Конвенц тэдний хувьд хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
44 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенцийг Хэлэлцэн тохирогч аль ч тал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэн цуцалж болно.
2. Ерөнхий нарийн бичгийн дарга дээр дурдсан мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хойш арванхоёр сарын дараа түүнийг цуцалсанд тооцно.
45 дугаар зүйл
Энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсны дараа Хэлэлцэн тохирогч таваас доошгүй тал түүнийг цуцлах хүсэлт гаргаж, цуцлах тухай эцсийн мэдэгдэл авсан өдрөөс эхлэн энэхүү Конвенц хүчин төгөлдөр бус болно.
46 дугаар зүйл
1. Оролцогч аль ч улс энэхүү Конвенцийг соёрхон баталсан батламж жуух болон, нэгдэн орсон тухай батламж бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад өгөхдөө, энэхүү Конвенц нь тухайн улсын бүх нутаг дэвсгэр эсхүл аль нэг хэсэгт нь үйлчилнэ гэдгийг мэдэгдэж болно. Дээрх мэдэгдлийг Нэгдсэн Үндэстний Байгуулагын Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээж авснаас хойш ерэн хоногийн дараа буюу хэрэв тухайн өдөр нь энэхүү Конвенц хүчин төгөлдөр болоогүй байвал, хүчин төгөлдөр болсон өдрөөс нь эхэлж тухайн орны нутаг дэвсгэрт уг Конвенц үйлчилж эхэлнэ.
2. Дээрх зүйлийн дагуу өөрийн нутаг дэвсгэрийн аль нэг хэсэгт энэхүү Конвенц үйлчилнэ гэсэн мэдэгдэл хийсэн аль ч улс 44 дүгээр зүйлийн дагуу тус нутаг дэвсгэрийн хувьд энэхүү Конвенцийг цуцалж болно.
47 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч хоёр буюу хэд хэдэн талуудын хооронд энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг хэлэлцээний замаар шийдэж чадаагүй бол Хэлэлцэн тохирогч аль нэг талын хүсэлтээр маргааныг шийдвэрлүүлэхээр Олон улсын шүүхэд хандаж болно.
48 дугаар зүйл
1. Хэлэлцэн тохирогч аль ч Тал энэхүү Конвенцид гарын үсэг зурах буюу түүнийг соёрхон батлах эсхүл хүлээн зөвшөөрөх болон нэгдэн орох үедээ Конвенцийн 47 дугаар зүйлтэй холбогдолгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж болно. Ийм мэдэгдэл гаргасан Хэлэлцэн тохирогч аливаа Талуудын хувьд бусад Хэлэлцэн тохирогч Талууд 47 дугаар зүйлээр холбогдолгүй байна.
2. 1 дэх хэсгийн дагуу тайлбар хийсэн Хэлэлцэн тохирогч аль ч тал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад нот бичиг илгээх замаар хэдийд ч хийсэн тайлбараа эргүүлэн авч болно.
3. Энэхүү Конвенцид өөр ямар ч тайлбар хийхийг зөвшөөрөхгүй.
49 дүгээр зүйл
1. Хэлэлцэн тохирогч аль ч тал энэхүү Конвенц үйлчилж эхэлснээс хойш гурван жилийн дараа, тус Конвенцид өөрчлөлт хийх зорилгоор зөвлөгөөн хийх тухай хүсэлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад гаргаж болно. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Конвенцид нэмэлт оруулах зөвлөгөөний талаар Хэлэлцэн тохирогч бүх талд мэдэгдэж, түүнийг ийнхүү мэдэгдсэнээс хойш 4 сарын дараа Хэлэлцэн тохирогч талуудын ядаж дөрөвний нэг нь зөвлөгөөн хийлгэхийг зөвшөөрвөл Ерөнхий нарийн бичгийн дарга уг зөвлөгөөнийг зарлан хийлгэнэ.
2. Хэрэв дээрх зүйлийн дагуу зөвлөгөөн хийлгэх болсон бол Ерөнхий нарийн бичгийн дарга Хэлэлцэн тохирогч бүх талд мэдэгдэж, зөвлөгөөн дээр хэлэлцэх асуудалд өгөх саналыг 3 сарын дотор мэдэгдэхийг хүснэ. Зөвлөгөөн эхлэхээс дор хаяж 3 сарын өмнө Ерөнхий нарийн бичгийн дарга Хэлэлцэн тохирогч бүх талд зөвлөгөөнд хэлэлцэх асуудлын талаар урьдчилан мэдэгдэнэ.
3. Ерөнхий нарийн бичгийн дарга 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан бүх улс орнууд болон 42 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу Хэлэлцэн тохирогч тал болсон бүх орнуудыг энэ зүйлд заасан ямар ч зөвлөгөөнд урина.
50 дугаар зүйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга 49 дүгээр зүйлд заасан мэдэгдэлд нэмж 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улс орнуудад болон 42 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу Хэлэлцэн тохирогч тал болж байгаа улс орнуудад дараах зүйлийг мэдэгдэх ёстой. Үүнд:
a) 42 дугаар зүйлийн дагуу энэхүү Конвенцийг соёрхон батлах болон түүнд нэгдэх тухай;
b) 43 дугаар зүйлийн дагуу энэхүү Конвенц хүчин төгөлдөр болох огноо;
c) 44 дүгээр зүйлийн дагуу түүнийг цуцлах тухай;
d) 45 дугаар зүйлийн дагуу энэхүү Конвенцийн үйлчлэл дуусгавар болох тухай;
e) 46 дугаар зүйлийн дагуу хүлээж авсан мэдэгдлүүд;
f) 48 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн дагуу хүлээж авсан мэдэгдэл болон мэдүүлгүүд.
51 дүгээр зүйл
1956 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш энэхүү Конвенцийн эх хувийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд тэрээр 42 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан улс, орнуудад баталгаатай хуулбарыг илгээнэ.
ҮҮНИЙГ БАТАЛЖ, дор дурдсан эрх бүхий этгээдүүд энэхүү Конвенцид гарын үсэг зурав.
Хоёул адил хүчинтэйд тооцогдох англи, франц хэлээрх жинхэнэ эх бичгийг Женев хотноо нэг мянга есөн зуун тавин зургаан оны тавдугаар сарын арван есний өдөр ҮЙЛДЭВ.