АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ХИЛ ДАМЖУУЛАН ТЭЭВЭРЛЭХ, ЗАЙЛУУЛАХАД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ БАЗЕЛИЙН КОНВЕНЦ

 

УДИРТГАЛ

 

Энэхүү Конвенцид оролцогч Талууд:

Аюултай болон бусад хог хаягдал, тэдгээрийг хил дамжуулан тээвэрлэх нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж болзошгүйг харгалзан,

-үйлдвэрлэлийн өсөлттэй уялдан гарах аюултай болон бусад хог хаягдлын төвөгтэй шинж байдал, тэдгээрийг хил дамжуулан тээвэрлэх явцад хүний эрүүл мэнд, байгаль орчинд учрах аюул улам нэмэгдэж байгааг ухамсарлан,

-аюултай хог хаягдлын хор хөнөөлөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол үйлдвэрлэлээс гарах хаягдлын хэмжээ, түүний аюулын чадавхийг бууруулах явдал гэдгийг мөн ухамсарлаж,

-аюултай болон бусад хог хаягдлыг зохицуулах түүний дотор хил дамжуулан тээвэрлэх, зайлуулах ажлыг хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах асуудалтай нийцүүлэх арга хэмжээг улс орнууд авч хэрэгжүүлэх үүрэгтэй гэдэгт итгэж,

-аюултай болон бусад хог хаягдлыг хаягдал гаргагч нь байгаль орчныг хамгаалахад зохицсон аргаар тээвэрлэн зайлуулах арга хэмжээг улс орнууд авч байх ёстойг тэмдэглэж,

-аюултай болон бусад хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт оруулах, хаяхыг хориглох бие даасан эрхтэй гэдгийг улс орнууд бүрэн хүлээн зөвшөөрч,

-аюултай болон бусад хог хаягдлыг өөр улсад, ялангуяа хөгжиж буй орнуудад тээвэрлэх, зайлуулахыг таслах зогсоох эрмэлзлэл улам бүр өсөж байгааг мөн хүлээн зөвшөөрч,

-аюултай болон бусад хог хаягдлыг анх гаргасан тухайн улсад нь байгаль орчинд аюулгүй байдлаар зайлуулах ёстой гэдэгт итгэж,

-хаягдлыг анх гаргагч улсаас өөр аль ч улсад хил дамжуулан тээвэрлэх асуудал нь энэхүү Конвенцийн нөхцөлийг хангасан, хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулахгүй нөхцөлд л шийдвэрлэгдэх ёстой гэдгийг ухамсарлаж,

-аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэхэд тавих хяналтыг хүчтэй болгосноор тэдгээрийг тээвэрлэх хэмжээг нь багасгаж, байгаль орчинд халгүйгээр ашиглах боломжтой болно гэдэгт итгэж,

Аюултай болон бусад хог хаягдлыг улс орондоо оруулах буюу гаргах, түүнд хяналт тавих талаар мэдээлэл солилцох арга хэмжээг улс бүр авбал зохино гэж үзэж,

Олон улсын болон бүс нутгийн хэлэлцээрүүдэд аюултай ачаа тээврлэхтэй холбогдуулан байгаль орчныг хамгаалах асуудал тусгагдсаныг тэмдэглэж,

Байгаль орчны асуудлаархи НҮБ-ын бага хурлын Тунхаглал Стокольм НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн Удирдах зөвлөлөөс 1987 оны 6 дугаар сарын 17-нд гаргасан аюултай хог хаягдлыг экологийн хувьд зүй зохистой ашиглах тухай 14/30 тоот шийдвэр дэх Каирын баримтлах чиглэл, зарчим, аюултай ачааг тээвэрлэх асуудлаар 1957 онд анх гаргасан /2 жил тутамд шинэчлэгдэж байдаг/ НҮБ-ын шинжээч нарын хорооны зөвлөмж, НҮБ-ын системийн хүрээнд гаргасан холбогдох зөвлөмж, уриалга, баримт бичиг, дүрэм журам мөн түүнчлэн олон улсын болоод бүс нутгийн бусад байгууллагын судалгаа дүгнэлтийг анхааралдаа авч,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 37 дугаар чуулган /1982/-аас гаргасан Дэлхий нийтийн байгаль орчны Харти-д заасан хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах дүрмийн зорилго, зарчим, үзэл санааг анхааран үзэж,

Улс орнууд хүний эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах талаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой бөгөөд олон улсын эрх зүйн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг баталж,

Энэхүү Конвенц болон түүнд хамаарах аливаа Протоколын заалтыг ноцтой зөрчсөн тохиолдолд олон улсын гэрээ хэлэлцээрийн холбогдох заалтыг хэрэглэнэ гэдгийг хүлээн зөвшөөрч,

Үйлдвэрлэлээс гарах аюултай болон бусад хог хаягдлын хэмжээг багасгах зорилгоор экологийн хувьд зохистой хаягдал багатай технологи дахин боловсруулах арга зам, бүтэц, аж ахуйн үр ашигтай систем боловсруулж нэвтрүүлэх шаардлагатай байгааг ухамсарлан,

Олон улсын харилцаанд түгшүүр төрүүлж буй аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэхэд тавих хяналтыг хүчтэй болгох, тээвэрлэлтийн хэмжээг аль болохоор багасгах шаардлагатайг тэмдэглэж,

Аюултай болон бусад хог хаягдлыг хууль бусаар хил дамжуулан тээвэрлэх асуудалд сэтгэл зовнин,

Аюултай болон бусад хог хаягдлыг зүй зохистой ашиглах боломж хөгжиж буй орнуудын хувьд хязгаарлагдмал байгааг анхааралдаа авч,

Байгаль хамгаалах технологийг нэвтрүүлэх ажлыг өргөжүүлэх тухай НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн удирдах зөвлөлийн 14/16 тоот шийдвэр, Каирын баримтлах чиглэлийн үзэл санааны дагуу улс орнуудад гарч байгаа аюултай болон бусад хог хаягдлыг зүй зохистой ашиглах, ялангуяа хөгжиж буй орнуудад технологи нэвтрүүлэх ажлыг өргөжүүлэх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч,

Аюултай болон бусад хог хаягдлыг олон улсын Конвенц, зөвлөмжийн дагуу тээвэрлэх ёстойг мөн хүлээн зөвшөөрч,

Аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулах үйл ажиллагаа нь зөвхөн байгаль орчинд халгүй аргаар явуулах нөхцөлд л хэрэгжих ёстойг эрхэмлэн үзэж,

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүсэх аюултай болон бусад хог хаягдал, түүнийг ашиглах явцад гарч болох хортой нөлөөллөөс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хатуу хяналтын дотор хамгаалах шийдвэр төгс байгаагаа илэрхийлж

дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

 

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Конвенцийн үйлчлэх хүрээ

1. Энэхүү Конвенцид хил дамжуулан тээвэрлэх объект болох дор дурдсан хог хаягдлыг "Аюултай хог хаягдал" гэж үзнэ:

а) Хог хаягдал нь 1 дүгээр хавсралтын аль нэг ангилалд орсон боловч 3 дугаар хавсралтад заасан аливаа шинж чанарыг агуулаагүй бол;

б) Хог хаягдал нь “а” хэсэгт хамаарахгүй боловч экспортлогч, импортлогч болон дамжуулан өнгөрүүлэгч Талуудын үндэсний хууль тогтоомжийн дагуу аюултайд тогтоогдсон буюу аюултайд тооцогддог бол.

2. Хил дамжуулан тээвэрлэж байгаа хаягдал нь энэхүү Конвенцийн 2 дугаар хавсралт дахь аль нэг ангилалд хамаарагдаж байгаа бол түүнийг "бусад хог хаягдал" гэж үзнэ.

3. Цацраг идэвхит чанартайн улмаас олон улсын хяналтын бусад систем, түүний дотор цацраг идэвхит материалд тусгайлан хэрэглэгддэг олон улсын гэрээ хэлэлцээрт хамаарагдах хог хаягдлууд энэхүү Конвенцид үл хамаарна.

4. Далайн тээврийн хэрэгслийн хэвийн үйл ажиллагааны явцад гардаг болон олон улсын эрх зүйн бусад баримт бичигт тусгагдсан хог хаягдлууд энэхүү Конвенцид мөн үл хамаарна.

 

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Тодорхойлолт

Энэхүү Конвенцид хэрэглэгдэх дараахь нэр томъёонуудыг дор дурдсан утгаар ойлгоно:

1. “хог хаягдал” - үндэсний хууль тогтоомжийн заалтын дагуу зайлуулж байгаа болон зайлуулах юмс;

2. “ашиглах” - аюултай болон бусад хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, зайлуулах, хяналт тавих бүх үйл ажиллагаа;

3. “хил дамжуулан тээвэрлэх” - аюултай болон бусад хог хагдлыг нэг улсын үндэсний хууль тогтоомжийн үйлчлэх нутгаас өөр нэг улсын үндэсний хууль тогтоомжийн үйлчлэх нутагт, эсвэл нутаг орноор нь дамжуулан тээвэрлэх, эсвэл аль нэг улсын үндэсний хууль тогтоомжид үл хамаарах нутагт болон тухайн нутгаар дамжуулан тээвэрлэх, наад зах нь хоёр улсыг хамрах үйл ажиллагаа;

4. “зайлуулах” - энэхүү Конвенцийн 4 дүгээр хавсралтад тодорхойлсон аливаа үйл ажиллагаа;

5. “зөвшөөрөгдсөн газар буюу объект” - аюултай болон бусад хог хаягдлыг зайлуулахад тухайн улсын зохих байгууллагаас зөвшөөрөл олгосон газар буюу объект;

6. “эрх бүхий байгууллага” - аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх тухай мэдэгдэл, түүнтэй холбоотой бүхий л мэдээлэл болон 6 дугаар зүйлийн дагуу мэдэгдэлд хариу өгөх ажиллагааг газар зүйн нутгийн хүрээнд хариуцуулахаар тухайн Талаас томилсон төрийн байгууллага;

7. “товлосон төв” - 13, 15 дугаар зүйлийн дагуу мэдээлэл хүлээн авах, дамжуулах асуудлыг хариуцсан, 5 дугаар зүйлд дурдсан Талын хуулийн этгээд;

8. “аюултай болон бусад хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр зүй зохистой ашиглах” - аюултай болон бусад хог хаягдлыг ашиглах үед тэдгээрийн хортой нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахын тулд авах боломжтой бүх арга хэмжээ;

9. “Үндэсний хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнд оршин нутаг” - тухайн улсын олон улсын эрх зүйн дагуу хүний эрүүл мэнд, байгаль орчны төлөв байдлыг хамгаалах талаар захиргааны болон эрх зүйн хэм хэмжээний хариуцлага хүлээх үүрэгтэй хуурай газар, ус, агаарын орон зай;

10. “экспортлогч улс” - аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэж эхэлсэн буюу тээвэрлэхээр төлөвлөж буй Тал;

11. “импортлогч улс” - аюултай болон бусад хог хаягдлыг өөрийн нутаг эсвэл өөр улсын хууль тогтоомжид үл хамрах газар нутагт зайлуулах зорилгоор хүлээн авч байгаа буюу хүлээн авахаар төлөвлөж буй Тал;

12. “дамжуулан өнгөрүүлэгч улс” - аюултай болон бусад хаягдлыг экспортлох буюу импортлох бус, өөрийн нутгаар тээвэрлэн өнгөрүүлж байгаа, эсвэл өнгөрүүлэхээр төлөвлөж буй улс;

13. “сонирхогч улсууд” - Тал мөн бишээс үл хамаарах экспортлогч, импортлогч, дамжуулан өнгөрүүлэгч улсууд;

14. “этгээд” - хуулийн этгээд буюу бие хүн;

15. “экспортлогч” - аюултай болон бусад хог хаягдлыг экспортлох ажлыг зохион байгуулж байгаа Талын этгээд;

16. “импортлогч” - аюултай болон бусад хог хаягдлыг импортлох ажлыг зохион байгуулж байгаа Талын этгээд;

17. “тээвэрлэгч” - аюултай болон бусад хог хаягдлыг тээвэрлэх ажлыг гүйцэтгэгч этгээд;

18. “хаягдал гаргагч” - аюултай болон бусад хаягдлыг бий болгох үйл ажиллагаа явуулдаг этгээд, энэхүү этгээд нь тодорхойгүй бол уг хаягдлыг эзэмшиж байгаа буюу түүнд хяналт тавигч этгээд;

19. “зайлуулагч этгээд” - аюултай болон бусад хог хаягдлыг хүлээн авч зайлуулдаг этгээд;

20. “улс төр буюу эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага” - тухайн бүс нутгийн бүрэн эрхт улс орнуудын байгуулсан энэхүү Конвенцоор зохицуулагдах асуудлыг шийдвэрлэх эрх бүхий, дотоод журмын дагуу холбогдох баримт бичигт гарын үсэг зурах, батламжлах, хүлээн зөвшөөрөх, сайшаах, эсвэл түүнд нэгдэн орох зохих эрхээр хангагдсан байгууллага;

21. “хууль бус тээвэрлэлт” - энэхүү Конвенцийн 9 дүгээр зүйлд тодорхойлсон аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх аливаа үйл ажиллагаа.

 

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Аюултай хаягдлын үндэсний тодорхойлолт

1. Талууд энэхүү Конвенцид нэгдэн орсноос хойш 6 сарын хугацаанд өөрийн улсын хууль тогтоомжоор мөн тэдгээрийг хил дамжуулан тээвэрлэхтэй холбогдсон ямар нэгэн шаардлагуудын дагуу аюултай гэж үзсэн 1, 2 дугаар хавсралтуудад дурдсанаас бусад хог хаягдлын талаар Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлнэ.

2. Талууд нэгдүгээр заалтын дагуу өгсөн мэдээлэлдээ гарсан аливаа өөрчлөлтийг тухай бүр нь Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэж байна.

3. Нарийн бичгийн дарга нарын газар энэ зүйлийн 1, 2 дугаар заалтын дагуу хүлээн авсан мэдээллийг бүх Талуудад даруй хүргүүлж байна.

4. Талууд, 3 дугаар заалтын дагуу Нарийн бичгийн дарга нарын газраас ирүүлсэн мэдээллийг өөрсдийн экспортлогч нартаа хүргэх үүргийг хүлээнэ.

 

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Ерөнхий үүрэг

1. а) Талууд аюултай болон бусад хог хаягдлыг зайлуулах зорилгоор импортлохыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хориглосон тухай шийдвэрийг 13 дугаар зүйлд заасны дагуу бусад Талуудад мэдэгдэнэ.

b) энэ зүйлийн 1-ийн "а"-д дурдсаны дагуу мэдэгдэл хүлээн авсан Талууд аюултай болон бусад хог хаягдлыг импортлохыг хориглосон Талуудад түүнийг экспортлохыг үл зөвшөөрч, хориг тавина;

с) аюултай болон бусад хог хаягдлыг импортлоход хориг тавиагүй улстай харьцахдаа хэрэв импортлогч улс нь тодорхой ачаанд бичгээр албан ёсны зөвшөөрөл өгөөгүй бол Талуудад хог хаягдал тээвэрлэхийг үл зөвшөөрөх буюу хориглоно.

2. Талууд дараахь арга хэмжээг авна. Үүнд:

а) нийгэм, эдийн засаг, техникийн боломжийг харгалзан аюултай болон бусад хог хаягдлыг аль болохоор багасгах;

b) аюултай болон бусад хог хаягдлыг зайлуулах газраас үл хамааран байгаль орчинд халгүйгээр ашиглах объектуудыг боломжийнхоо хэрээр өөрийн нутагт байлгах;

с) аюултай болон бусад хог хаягдлыг ашиглахад оролцож буй хүмүүсийг уг хаягдлаас үүсэх хортой нөлөөллөөс хамгаалах бүхий л арга хэмжээ авах ба хэрэв ямар нэг хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлэх тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулах хор уршгийг багасгах арга хэмжээ авах;

d) аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагааг байгаль орчинд халгүйгээр ашиглах шаардлагын дагуу хязгаарлах тээвэрлэлтээс учирч болох сөрөг үр дагавраас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалсан нөхцөлд тээвэрлэх үйл ажиллагааг явуулж байх;

е) конвенцид Тал болж нэгдэн орсон улс төр болон эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад хамаарах улс буюу хэсэг бүлэг улсуудад, ялангуяа хөгжиж буй улсуудад хэрэв тэд өөрсдийн хуулийн хүрээнд импортлохыг хориглосон буюу Талуудын анхны хуралдаанаар тодорхойлсон шалгуураар хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр ашиглах боломжгүй гэж үзсэн тохиолдолд аюултай болон бусад хог хаягдлыг тэдгээрт экспортлохыг хориглох;

f) аюултай болон бусад хог хаягдлыг тээвэрлэснээс хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирч болох хортой нөлөөллийн талаар тодорхой мэдээллийг 5-A дугаар хавсралтад заасны дагуу сонирхогч улсуудад хүргэхийг шаардах;

g) аюултай болон бусад хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр ашиглах боломжгүй бол түүнийг импортлохыг хориглох;

h) аюултай болон бусад хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр ашиглах аргыг боловсронгуй болгох, хууль бусаар тээвэрлэхээс сэргийлэх зорилгоор тийм хаягдлыг дамжуулан тээвэрлэхтэй холбогдсон мэдээлэл солилцох асуудлаар сонирхогч байгууллагууд болон бусад Талуудтай шууд буюу Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан хамтран ажиллах.

3. Талууд аюултай болон бусад хог хаягдлыг хууль бусаар тээвэрлэхийг гэмт хэрэг гэж үзнэ.

4. Энэхүү Конвенцийн заалтыг биелүүлэх, мөрдөхийн тулд түүнийг зөрчих аюулаас сэргийлэх, зөрчсөн тохиолдолд шийтгэл ногдуулах талаар Талууд эрх зүй, захиргааны болон холбогдох бусад арга хэмжээ авна.

5. Талууд аюултай болон бусад хог хаягдлыг Конвенцид нэгдэн ороогүй улсаас импортлох, экспортлохыг хориглоно.

6. Талууд аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх хаягдал мөн бишээс үл хамааран өмнөд өргөргийн 600 урагш орших газар нутагт экспортлохгүй байхаар тохиролцов.

7. Үүнээс гадна Талууд:

а) аюултай болон бусад хог хаягдлыг тээвэрлэх, зайлуулах зөвшөөрлийг үндэсний хууль тогтоомжийн дагуу аваагүй этгээдийг ийм үйл ажиллагаа явуулахыг хориглоно;

b) аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэхэд түүнийг савлах, тэмдэг тавих, тээвэрлэх үйл ажиллагааг олон улсын бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын дүрэм, норм, туршлагын дагуу явуулахыг шаардана;

c) аюултай болон бусад хог хаягдлыг гаргаж байгаа газраас нь зайлуулах газар хүртэл тээвэрлэх талаар дагалт баримт бичгийг шаардана.

8. Талууд аюултай болон бусад хог хаягдлыг экспортлохдоо байгаль орчинд халгүйгээр ашиглах шаардлагыг импортлогч болон бусад улсуудад тавина. Энэхүү Конвенцид хамаарах хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр ашиглах арга зүйн зарчмуудыг Талууд анхны хуралдаанаар тодорхойлно.

9. Талууд аюултай болон бусад хог хаягдлыг зөвхөн дор дурдсан нөхцөлд хил дамжуулан тээвэрлэж байх талаар холбогдох арга хэмжээг авна. Үүнд:

а) экспортлогч улс нь байгаль орчинд халгүйгээр зайлуулах техникийн хүчин чадал, боломж, тусгай тоног төхөөрөмж байхгүй буюу зайлуулах газар тохиромжгүй байх, эсвэл,

b) тийм хаягдал нь импортлогч улсын үйлдвэрт түүхий эд болгон дахин ашиглах буюу сэргээн ашиглах боломж байх; эсвэл,

c) хил дамжуулан тээвэрлэх ажиллагаа нь энэхүү Конвенцийн зорилгод нийцсэн бөгөөд Талуудын тодорхойлсон бусад шалгуурт тохирсон байх.

10. Аюултай болон бусад хог хаягдал гаргадаг улс нь түүнийг байгаль орчинд халгүйгээр ашиглахыг энэ Конвенцийн хүрээнд шаардах үүрэгтэй бөгөөд харин ямар ч тохиолдолд импортлогч буюу дамжуулан өнгөрүүлэгч улсад шилжүүлж болохгүй.

11. Хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах арга хэмжээг сайжруулах зорилгоор Талууд энэхүү Конвенцийн заалт болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн нэмэлт шаардлага тавихад энэхүү Конвенц ямар нэг саад болохгүй.

12. Энэхүү Конвенц нь олон улсын эрх зүйн дагуу тогтоосон далайн болон эдийн засгийн бүс нутгийн халдашгүй дархан байдалд нөлөөлөхгүй бөгөөд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, баримт бичгийн дагуу усан болон агаарын тээвэр хийхэд саад болохгүй.

13. Талууд бусад улсуудад ялангуяа хөгжиж буй орнуудад экспортолж байгаа аюултай болон бусад хог хаягдлын хэмжээ, бохирдлын хортой нөлөөллийг багасгах боломжийг байнга судалж байх үүрэгтэй.

 

ТАВДУГААР ЗҮЙЛ

Эрх бүхий байгууллага буюу Товлосон төвийг томилох

Талууд энэхүү Конвенцийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор:

1. Нэг буюу хэд хэдэн эрх бүхий байгууллага ба нэг товлосон төвийг томилох буюу байгуулна. Дамжуулан өнгөрүүлэх улсын хувьд мэдээлэл хүлээн авч байх зорилгоор нэг эрх бүхий байгууллагыг томилно.

2. Энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор өөрийн эрх бүхий байгууллага болон товлосон төвийг байгуулсан тухай Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ.

3. Энэ зүйлийн 2 дугаар заалтад хамаарах ямар нэг өөрчлөлт хийсэн тухай шийдвэрийг нэг сарын дотор Нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлнэ.

 

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Талууд хоорондоо хил дамжуулан тээвэрлэх

1. Экспортлогч улс аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэхээр төлөвлөж буй экспортлогч болон хаягдал гаргагчаас экспортлогч улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан сонирхогч улсын эрх бүхий байгууллагад бичгээр мэдээлэхийг шаардана. Ийм мэдэгдэлд 5-A дугаар хавсралтын дагуу өргөдөл ба мэдээллийг импортлогч улсын эх хэлээр бичнэ. Сонирхогч улс бүрт уг мэдэгдлийг хүргүүлнэ.

2. Импортлогч улс мэдэгдэл хүлээн авсан тухай бичгээр хариу өгөх ба түүндээ зөвшөөрсөн эсэх, тодорхой нөхцөлд зөвшөөрсөн буюу нэмэлт мэдээлэл шаардсан тухайгаа дурдсан байна. Импортлогч улсад өгөх эцсийн хариуны хуулбарыг сонирхогч Талуудын эрх бүхий байгууллагад явуулна.

3. Экспортлогч улс дараахь баталгааг албан ёсоор бичгээр авсан тохиолдолд хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх ажлыг эхлэх зөвшөөрөл олгоно. Үүнд:

а) импортлогч улсаас бичгээр зөвшөөрөл авсан байх;

b) хаягдлыг экспортлогч болон түүнийг зайлуулахаар хүлээн авагч хоёр этгээдийн хооронд байгаль орчинд халгүй байдлаар ашиглах тухай гэрээ байгуулсныг импортлогч улс нотолсон байх.

4. Дамжуулан өнгөрүүлэгч Талууд нь мэдэгдэл хүлээн авсан тухайгаа нотолж даруй эргэж мэдэгдэнэ. Дараа нь зөвшөөрөл олгох эсэх, тодорхой нөхцөлд зөвшөөрсөн, нэмэлт мэдээлэл шаардлагатай зэргийг 60 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ. Экспортлогч улс нь дамжуулан өнгөрүүлэгч улсаас зөвшөөрлийн бичиг аваагүй нөхцөлд хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгохгүй. Гэхдээ тухайн Тал аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх талаар урьдчилсан зөвшөөрлийг бичгээр огт шаардахгүй буюу тодорхой нөхцөлд шаардахгүй байх шийдвэр гаргасан буюу эсвэл энэ талаар шаардлагаа өөрчилсөн бол 13 дугаар зүйлийн дагуу бусад Талуудад даруй мэдэгдэнэ. Энэ тохиолдолд дамжуулан өнгөрүүлэгч улс мэдэгдэл хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор экспортлогч улсад хариу өгөөгүй бол экспортлогч улс нь хил дамжуулан тээвэрлэх ажлыг эхэлж болно.

5. Хаягдлыг хил дамжуулан тээвэрлэхэд түүнийг хуулийн үндсэн дээр аюултай хаягдал гэж тодорхойлохдоо зөвхөн:

а) экспортлогч улс тодорхойлсон бол импортлогч, зайлуулагч этгээд болон экспортлогч улсад тавьдаг энэ зүйлийн 9 дүгээр заалтын шаардлагууд /зохих өөрчлөлттэйгээр/ экспортлогч этгээд болон экспортлогч улсад мөн адил тавигдана.

b) конвенцид Тал болж орсон импортлогч улс буюу импортлогч болон дамжуулан өнгөрүүлэгч орнууд тодорхойлсон бол экспортлогч этгээд болон экспортлогч улсад тавьдаг энэ зүйлийн 1, 3, 4, 6 дугаар заалтын шаардлагууд /зохих өөрчлөлттэйгээр/ импортлогч буюу зайлуулах үүрэгтэй этгээд болон импортлогч улсад мөн адил тавигдана.

с) конвенцид Тал болж нэгдэн орсон дамжуулан өнгөрүүлэгч аливаа улс оронд зөвхөн 4 дүгээр заалтыг хэрэглэнэ.

6. Экспортлогч улс сонирхогч орнуудтай бичгээр тохиролцсон нөхцөлд нэгэн төрлийн физик, химийн шинж чанар бүхий хаягдлыг зайлуулах үүрэг бүхий нэгэн этгээдэд экспортлогч, импортлогч болон дамжуулан өнгөрүлэгч улсын гаалийн хилийн боомтоор оруулж гаргах буюу дамжуулан өнгөрүүлж байнга тээвэрлэх тохиолдолд хаягдал гаргагч болон экспортлогчид ерөнхий мэдэгдэл ашиглахыг зөвшөөрч болно.

7. Тээвэрлэх гэж байгаа аюултай болон хог хаягдлын жагсаалт, нарийн тоо хэмжээ зэрэг тодорхой мэдээллийг авсан тохиолдолд сонирхогч улсууд 6 дугаар заалтад дурдсан ерөнхий мэдэгдлийг ашиглах зөвшөөрлөө бичгээр илэрхийлж болно.

8. 6, 7 дугаар хэсэгт заасан ерөнхий мэдэгдэл, бичгээр өгсөн зөвшөөрлийг аюултай болон бусад хог хаягдлыг 12 сарын турш олон дахин тээвэрлэх үйл ажиллагаанд хэрэглэж болно.

9. Талууд аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэгч этгээдийн ачааг хүргэж өгсөн буюу хүлээн авсан тухай баримт бичигт гарын үсэг зурахыг шаардана. Мөн Талууд тухайн хаягдлыг хүлээн авсан, мэдэгдэлд заасны дагуу түүнийг зайлуулсан тухайгаа экспортлогч этгээд болон экспортлогч улсын эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг хаягдал зайлуулах үүрэг бүхий этгээдээс шаардана. Экспортлогч улс ийм мэдээлэл аваагүй бол экспортлогч этгээд эсвэл экспортлогч улсын эрх бүхий байгууллага энэ тухай импортлогч улсад мэдэгдэнэ.

10. Энэ зүйлийн дагуу шаардсан мэдэгдэл ба түүнд өгсөн хариуг сонирхогч талуудын эрх бүхий байгууллага болон Тал болж нэгдээгүй улсын Төрийн холбогдох байгууллагад илгээнэ.

11. Аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх аливаа үйл ажиллагаа нь импортлогч болон дамжуулан өнгөрүүлэгч Талуудын хүсэлтээр даатгагдаж баталгаажсан байна.

 

ДОЛДУГААР ЗҮЙЛ

Конвенцид Тал болж нэгдэн орсон улсаас нэгдэн ороогүй улсын хилээр дамжуулан тээвэрлэх тухай

Конвенцид Тал болж нэгдэн орсон улсаас аюултай болон бусад хог хаягдлыг тал бус улсын хилээр дамжуулан тээвэрлэхэд энэхүү Конвенцийн 6 дугаар зүйлийн 2 дугаар заалтыг /зохих өөрчлөлттэйгээр/ хэрэглэнэ.

 

НАЙМДУГААР ЗҮЙЛ

Дахин импортлох үүрэг

Энэхүү Конвенцийн заалтын дагуу сонирхогч улсууд зөвшөөрөл олгосон аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа гэрээний нөхцөлийн дагуу хэрэгжих боломжгүй тохиолдолд импортлогч улс экспортлогч орон болон Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдсэнээс хойш 90 хоногийн дотор буюу мөн сонирхогч улсуудтай тохиролцсон хугацаанд уул хаягдлыг байгаль орчинд халгүйгээр зайлуулах өөр боломж буйг олж чадаагүй бол экспортлогч улс уг хаягдлыг экспортлогчид буцаах боломжийг бүрдүүлнэ. Үүнийг үндэслэн экспортлогч улс болон дамжуулан өнгөрүүлэгч аль ч Тал уг хаягдлыг экспортлогч улсад буцаахад ямар нэгэн саад болох ёсгүй.

 

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Хууль бусаар тээвэрлэх

1. Аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх аливаа үйл ажиллагааг дараахь байдлаар гүйцэтгэсэн бол энэхүү Конвенцийн дагуу хууль бус тээвэрлэлт гэж үзнэ. Үүнд:

а) сонирхогч бүх улсуудад энэхүү Конвенцийн заалтын дагуу мэдэгдэл өгөөгүй; эсвэл,

b) сонирхогч бүх улсуудаас энэхүү Конвенцийн дагуу зөвшөөрөл аваагүй; эсвэл,

c) хуурах, залилан мэхлэх замаар сонирхогч улсуудаас зөвшөөрөл авсан; эсхүл,

d) баримт бичгийн шаардлагад нийцээгүй; эсвэл,

e) аюултай болон бусад хог хаягдлыг тээвэрлэх ажиллагаа нь энэхүү Конвенц болон олон улсын эрх зүйн ерөнхий зарчмыг зөрчсөн, санаатай үйлдэл болох.

2. Аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагааг экспортлогч буюу хаягдал гаргагчаас шалтгаалан хууль бус тээвэрлэлт гэж үзсэн тохиолдолд экспортлогч улс дараахь арга хэмжээ авна. Үүнд:

а) шаардлагатай бол экспортлогч улс нь экспортлогч болон хаягдал ялгагчаар өөрийн нутаг дэвсгэрт буцааж авчруулах;

b) хууль бус тээвэрлэлт гэж үзсэн тухай экспортлогч улсад мэдээлснээс хойш 30 хоногийн дотор эсвэл сонирхогч улсуудтай тохиролцсон хугацаанд энэхүү Конвенцийн заалтын дагуу өөр аргаар зайлуулна. Энэ зорилгоор уг хаягдлыг экспортлогч улсад нь буцаахад сонирхогч Талууд ямар нэгэн саад эсэргүүцэл үзүүлэхгүй.

3. Аюултай болон бусад хог хаягдлын тээвэрлэлтийг импортлогч болон зайлуулагч этгээдээс шалтгаалан хууль бус гэж үзвэл импортлогч улс, импортлогч болон зайлуулах үүрэг бүхий этгээдээр уг хаягдлыг байгаль орчинд халгүйгээр зайлуулах ба шаардлагатай үед импортлогч улс өөрөө хууль бус тээвэрлэлтийн тухай мэдээлэл авснаас хойш 30 хоногийн дотор буюу эсвэл сонирхогч улсуудтай тохиролцож болох хугацааны дотор байгаль орчинд халгүйгээр зайлуулах арга хэмжээ авна. Сонирхогч Талууд хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр зайлуулах шаардлагатай арга хэмжээг хамтран авна.

4. Экспортлогч, хаягдал гаргагч этгээд эсвэл импортлогч болон зайлуулах үүрэг бүхий этгээдэд хууль бус тээвэрлэлтийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байх тохиолдолд сонирхогч Талууд болон Талууд хамтран экспортлогч, импортлогч улсуудад буюу өөр газарт уг хаягдлыг байгаль орчинд халгүйгээр зайлуулах арга хэмжээг яаралтай авна.

5. Талууд энэ зүйлийн заалтыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах ба хууль бус тээвэрлэлтийг хориглох, түүнд шийтгэл ногдуулах талаар үндэснийнхээ хууль тогтоомжид тусгасан байна.

 

АРАВДУГААР ЗҮЙЛ

Олон улсын хамтын ажиллагаа

1. Аюултай болон бусад хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр ашиглах ажлыг сайжруулах зорилгоор Талууд хамтран ажиллана.

2. Энэ зорилгоор Талууд:

а) хоёр болон олон талын хүсэлтийн үндсэн дээр аюултай болон бусад хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр ашиглаж байгаа талаар мэдээллүүдийг танилцуулж, аюултай болон бусад хог хаягдлыг ашиглаж байгаа практик ажиллагаанд техникийн нормуудыг нийцүүлнэ.

b) аюултай болон бусад хог хаягдлыг ашигласнаас хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх хортой нөлөөлөлд хамтран хяналт тавина;

с) аюултай болон бусад хог хаягдлыг гаргадаг үйлдвэрийг аль болохоор устгах зорилгоор одоогийн технологийг экологит сөрөг нөлөөлөлгүй, хаягдал бага гаргадаг болгон шинэчлэн сайжруулах, хаягдлыг байгаль орчинд халгүйгээр ашиглах талаар илүү үр дүнтэй арга зүйг шинээр боловсруулан хэрэглэх, эдгээр шинэ болон шинэчилсэн техник, технологи нэвтрүүлснээс эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр дагаврыг судлах талаар тус орнууд өөрсдийн үндэснийхээ хууль дүрэм, бодлогын хүрээнд хамтран ажиллана.

d) аюултай болон бусад хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр ашиглах технологи дамжуулах, ялангуяа энэ талаар туслалцаа шаардлагатай Талуудын техникийн чадавхийг нэмэгдүүлэх талаар өөрсдийн хууль, дүрэм, бодлогын хүрээнд идэвхтэй хамтран ажиллана;

е) техникийн удирдлагын зарчим, холбогдох хууль, дүрэм боловсруулах асуудлаар хамтран ажиллана.

3. 4 дүгээр зүйлийн 2 дугаар заалтын a, b, c хэсгүүдийг ялангуяа хөгжиж буй улсуудад хэрэгжүүлэхэд туслах талаар Талууд хамтарч шаардлагатай арга хэмжээ авна.

4. Хөгжиж буй орнуудын шаардлага хэрэгцээг харгалзан үзсэний үндсэн дээр Талууд хоорондын болон олон улсын эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, ялангуяа энэ асуудлаарх олон нийтийн ойлголтыг идэвхжүүлэх, аюултай болон бусад хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр ашиглах үйл ажиллагааг өргөжүүлэх, хаягдал бага гаргадаг шинэ технологи нэвтрүүлэхэд нөлөөлөх зорилгоор хөхүүлэн дэмжинэ.

 

АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Хоёр болон олон тал, бүс нутгийн хэлэлцээр

Талууд хоорондоо болон Тал болж нэгдэн ороогүй улс орнуудтай аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, байгаль орчинд халгүйгээр ашиглах талаар 5 дугаар зүйлийн 4 дүгээр заалтыг үл харгалзан энэхүү Конвенцийн шаардлагыг хангасан хоёр болон олон тал, бүс нутгийн гэрээ хэлэлцээр байгуулж болно. Эдгээр гэрээ хэлэлцээрүүд нь ялангуяа хөгжиж буй орнуудын сонирхлыг харгалзан, аюултай болон бусад хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр зохицуулах замаар энэхүү Конвенцийн заалтыг хангасан байх ёстой.

Хэлэлцэн тохирогч Талуудын хооронд, энэхүү Конвенцийн дагуу аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор Талууд нэгдүгээр заалтад заасан хоёр болон олон тал, бүс нутгийн энэхүү Конвенцид нэгдэн орохоос өмнө байгуулсан аливаа хэлэлцээрийн талаар Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ. Гагцхүү эдгээр гэрээ хэлэлцээрүүд аюултай болон бусад хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр ашиглах талаар энэхүү Конвенцийн шаардлагаг хангасан байх шаардлагатай.

 

АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Хариуцлагын талаар

Талууд аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэснээс гарах үр дагавар, хохирлыг арилгах, хүлээх хариуцлагын талаар зохих дүрэм, журмыг тусгасан протоколыг аль болох богино хугацаанд байгуулах зорилгоор хамтран ажиллана.

 

АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Мэдээлэл дамжуулах

1. Талууд, аюултай болон бусад хог хаягдлыг тээвэрлэх, зайлуулах үед осол болон хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулах нөхцөл бий болсон тухай мэдээ авсан даруй холбогдох бусад улсуудад яаралтай мэдэгдэх ёстой.

2. Талууд Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулж дараахь мэдээллийг дамжуулна. Үүнд:

а) 5 дугаар зүйлийн дагуу холбогдох эрх бүхий байгууллага, товлосон төвийн талаар гарсан өөрчлөлт;

b) 3 дугаар зүйлийн дагуу аюултай хог хаягдлын шинж байдлын үндэсний тодорхойлолтод гарсан өөрчлөлт;

Яаралтай мэдээлэх зүйл:

с) аюултай болон бусад хог хаягдлыг үндэсний хууль тогтоомжийн үйлчлэх газар нутагт импортлохыг бүр мөсөн буюу хэсэгчилсэн байдлаар хориглосон тухай шийдвэр;

d) аюултай болон бусад хог хаягдлыг экспортлохыг хориглосон буюу хязгаарлах тухай шийдвэр;

е) энэ зүйлийн 4 дүгээр заалтад шаардлагатай холбогдох бусад мэдээлэл.

3. Талууд үндэсний хууль, дүрмийн дагуу жил бүрийн эцэст Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан 15 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан Талуудын бага хуралд тайлангаа тавина. Тайланд дараахь зүйлийг оруулна. Үүнд:

а) 5 дугаар зүйлийн дагуу томилогдсон эрх бүхий байгууллагууд болон товлосон төвийн тухай мэдээлэл;

b) аюултай болон бусад хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх аливаа үйл ажиллагаанд оролцсон тухай мэдээлэл; Үүнд:

i) мэдэгдлийн хариунд заасан аюултай болон бусад хог хаягдлыг экспортолсон хэмжээ, ангилал, шинж чанар, зайлуулах газар, дамжуулсан улс ба зайлуулсан арга;

ii) аюултай болон бусад хог хаягдлыг импортолсон хэмжээ, түүний ангилал, шинж чанар, гарал үүсэл, зайлуулсан арга;

iii) хил дамжуулан тээвэрлэх аюултай болон бусад хог хаягдлын хэмжээг багасгах зорилгоор хийсэн ажил,

с) энэхүү Конвенцийг биелүүлэх талаар авсан арга хэмжээний тухай мэдээлэл;

d) аюултай болон бусад хог хаягдлыг гаргах, тээвэрлэх, зайлуулах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн талаар цуглуулсан статистикийн найдвартай тоо баримт, мэдээлэл;

e) энэхүү Конвенцийн 12 дугаар зүйлийн дагуу байгуулсан хоёр болон олон тал, бүсийн гэрээ, хэлэлцээрүүдэд хамаарах мэдээлэл;

f) аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулах үед гарсан аюул осол, түүний хор уршгийг арилгах талаар авсан арга хэмжээний тухай мэдээлэл;

g) үндэсний хууль тогтоомжийн үйлчлэх газар нутагт хаягдал зайлуулах боломжтой арга замын талаар мэдээлэл;

h) аюултай болон бусад хог хаягдал гаргахыг багасгах, улмаар зогсооход чиглэсэн технологи боловсруулах талаар авсан арга хэмжээний тухай мэдээлэл;

i) Талуудын Бага хурлын шаардсан бусад мэдээлэл.

4. Аль нэг Тал өөрийн байгаль орчны асуудалтай холбогдуулан хүсэлт гаргавал Талууд үндэснийхээ хууль, дүрмийн дагуу аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэхтэй холбогдсон мэдэгдлүүд, тэдгээрт өгсөн хариуны хуулбарыг Нарийн бичгийн дарга нарын газарт өгнө.

 

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Санхүүгийн асуудал

1. Бүсийн болон дэд бүс нутгийн тодорхой шаардлагыг харгалзан аюултай хог хаягдлыг багасгах, түүнийг оновчтой ашиглах технологийг нэвтрүүлэх, боловсон хүчин бэлтгэх бүсийн болон дэд бүсийн төвүүдийг байгуулахаар талууд тохиролцоно. Талууд энэ арга хэмжээг сайн дурын үндсэн дээр санхүүжүүлэх механизм буй болгох талаар шийдвэр гаргана.

2. Талууд аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулах үеийн гэнэтийн аюул ослоос гарах хохирлыг багасгах зорилгоор онцгой тохиолдолд тусламж үзүүлэх эргэлтийн сан байгуулах асуудлыг шийдвэрлэнэ.

 

АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ

Талуудын бага хурал

1. Талуудын бага хурлын зохион байгуулна. Талуудын бага хурлын анхдугаар чуулганыг энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал хуралдуулна. Цаашид Талуудын бага хурлын ээлжит чуулганыг бага хурлын анхны чуулганаар тогтоосон хугацаанд тогтмол зарлан хуралдуулж байна.

2. Талуудын бага хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах чухал шаардлагатай гэж үзсэн Тал энэ тухай хүсэлтийг Нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр гаргана. Нарийн бичгийн дарга нарын газраас энэ хүсэлтийг Талуудад уламжилснаас хойш 6 сарын дотор Талуудын гуравны нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд зарлан хуралдуулна.

3. Талуудын бага хурал нь өөрийн болон туслах байгууллагуудынхаа үйл ажиллагааны дэг журам, Конвенцийн хүрээнд талуудын санхүүгийн оролцооны дүрмийн талаар нэгдсэн зөвшилд хүрэх шийдвэр гаргана.

4. Энэ Конвенцийн хүрээнд далайн орчныг хамгаалахтай холбогдсон өөрийн хүлээсэн үүргийг биелүүлэх талаар ямар нэгэн нэмэлт арга хэмжээ авах асуудлыг Талууд анхны хуралдаанаараа авч хэлэлцэнэ.

5. Талууд бага хурал нь Конвенцийг бүрэн биелүүлэхэд тогтмол хяналт тавихын зэрэгцээ дараахь арга хэмжээг авна. Үүнд:

а) аюултай болон бусад хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулах хохирлыг багасгахад чиглэсэн бодлого, стратеги, арга хэмжээг уялдуулан зохицуулах;

b) шаардлагатай гэж үзвэл энэхүү Конвенц болон түүний хавсралтуудад, ялангуяа шинжлэх ухаан, техник, эдийн засгийн болон байгаль орчны талаарх мэдээллийг харгалзан үзсэн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцэх, батлах,

с) Конвенцийг хэрэгжүүлэх, 11 дүгээр зүйлд заасан гэрээ, хэлэлцээрийг биелүүлэх явцад хуримтлуулсан туршлагад үндэслэн Конвенцийн зорилтыг хангахад шаардлагатай нэмэлт арга хэмжээг авах,

d) шаардлагатай гэж үзвэл Протокол гаргах;

е) энэ Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай туслах байгууллагуудыг байгуулна.

6. Нэгдсэн үндэстний байгууллага, түүний төрөлжсөн байгууллагууд, аливаа улс орон, мөн энэ Конвенцид нэгдэн ороогүй аливаа улс орон, Талуудын бага хуралд ажиглагчаар оролцож болно. Аюултай болон бусад хог хаягдлын асуудлаар эрх мэдэл бүхий олон улсын болон үндэсний, Засгийн газрын болон төрийн бус ямар ч байгууллага хуралд оролцох хүсэлтээ Нарийн бичгийн дарга нарын газарт илэрхийлж, хэрэв оролцогч Талуудын гуравны нэгээс доошгүй хэсэг нь зөвшөөрвөл энэ хуралд ажиглагчаар оролцож болно. Ажиглагчаар оролцох үйл ажиллагааг Талуудын бага хурлын дүрэм журмаар зохицуулна.

7. Талуудын бага хурал энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш эхний 3 жилд, дараа нь 6 жилд нэгээс доошгүй удаа түүний үр дүнг үнэлэх ба хэрэв шаардлагатай гэж үзвэл сүүлийн үеийн шинжлэх ухаан, эколог, техник эдийн засгийн мэдээллийг үндэслэн аюултай болон бусад хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагааг бүр мөсөн буюу хэсэгчлэн хориглох боломжийг авч хэлэлцэнэ.

 

АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Нарийн бичгийн дарга нарын газар

1. Нарийн бичгийн дарга нарын газар нь дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ. Үүнд:

а) 15 болон 17 дугаар зүйлд заасны дагуу хурлыг зохион байгуулах;

b) 3, 4, 6, 11, 13 дугаар зүйлийн дагуу авсан мэдээлэл, 15 дугаар зүйлд заасан туслах байгууллагуудын хурлын мэдээлэл, мөн түүнчлэн Засгийн газар хоорондын буюу Төрийн бус байгууллагаас өгсөн мэдээллийг үндэслэн илтгэл бэлтгэж дамжуулах;

c) энэ Конвенцоор хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар илтгэл бэлтгэж Талуудын бага хуралд танилцуулах;

d) үүргээ амжилттай гүйцэтгэхэд олон улсын холбогдох бусад байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, захиргааны болон бусад гэрээ хэлэлцээрийг байгуулах;

e) энэхүү Конвенцийн 5 дугаар зүйлийн дагуу Талуудын байгуулсан эрх бүхий байгууллагууд, товлосон төвүүдтэй холбоо тогтоож ажиллах;

f) аюултай болон бусад хог хаягдлыг зайлуулж болох Талуудын баталсан газар, объектын талаар мэдээлэл бэлтгэж, Талуудад тараах;

g) дараахь мэдээллийг авч тэдэнд мэдээлж байх. Үүнд:

- техникийн тусламж боловсон хүчин бэлтгэх, нөөц боломж;

- шинжлэх ухаан техникийн мэдлэг, туршлага;

- зөвлөх, шинжээчдийн боломж;

- нөөц боломж зэрэг болно.

Оролцогч Талуудын хүсэлтээр дараахь чиглэлээр туслалцаа үзүүлнэ. Үүнд:

- энэ Конвенцийн хүрээнд мэдээлэх систем хэрэглэх;

- аюултай болон бусад хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр ашиглах;

- аюултай болон бусад хог хаягдалтай холбогдох байгаль орчинд халгүй технологи болон хаягдал багатай буюу хаягдалгүй технологи нэвтрүүлэх;

- хаягдлыг зайлуулах боломж болон газрын үнэлгээ;

- аюултай болон бусад хог хаягдлын хяналт;

- онцгой тохиолдолд авах арга хэмжээ.

h) оролцогч Талуудын хүсэлтээр аюултай болон бусад хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх талаар мэдээллийг хянаж үзэх, мэдээллийн дагуу зайлуулах боломжтой эсэх, хаягдлыг экологийн халгүйгээр ашиглаж болох эсэх, зайлуулах газар нь экологийн хувьд тохирч байгаа эсэхийг хянахад тусалж чадах техникийн боломж бүхий зөвлөх болон зөвлөгөө өгөх фирмүүдийн тухай мэдээллээр хангана. Эдгээр асуудлыг Нарийн бичгийн дарга нарын газрын зардал хөрөнгөөр хэрэгжүүлэхгүй;

i) Нарийн бичгийн дарга нарын газар Талуудын хүсэлтээр хууль бус тээвэрлэлтийг илрүүлэхэд нь тэдэнд туслах ба хууль бус тээвэрлэлттэй холбогдсон аливаа мэдээллийг хүлээн авсан даруй сонирхогч Талуудад тараах;

j) Талууд онцгой нөхцөл байдалтай болсон улс оронд шинжээч тоног төхөөрөмж явуулж яаралтай тусламж үзүүлэх талаар олон улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах;

k) Талуудын бага хурлаар тодорхойлсон энэхүү Конвенцтой холбоотой бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.

2. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн байгууллага 15 дугаар зүйлд заасан Талуудын бага хурлын анхдугаар чуулганыг дуустал Нарийн бичгийн дарга нарын ажлыг түр гүйцэтгэнэ.

3. Талуудын бага хурлын анхдугаар чуулганаар энэ Конвенцийн дагуу Нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн Засгийн газар хоорондын эрх бүхий байгууллагуудаас Нарийн бичгийн дарга нарын газрыг зохион байгуулна. Мөн Талууд анхдугаар чуулганаараа Нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг нэгдүгээр заалтад дурдсаны дагуу түр гүйцэтгэсэн ажлын явцыг дүгнэж, энэ үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай механизмын талаар шийдвэр гаргана.

 

АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ

Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах

1. Энэхүү Конвенц болон аливаа протоколд нэгдэн орсон Талууд тэдгээрт нэмэлт, өөрчлөлт хийх саналаа тавьж болно. Санал болгож буй нэмэлт, өөрчлөлтөд ялангуяа шинжлэх ухаан, техникийн шаардлагыг харгалзан үзэх ёстой.

2. Энэ Конвенцид оруулах нэмэлт, өөрчлөлтийг оролцогч Талуудын бага хурлын чуулганаар, аль нэг Протоколд оруулах нэмэлт, өөрчлөлтийг тухайн Протоколд оролцогч Талуудын зөвлөлгөөнөөр тус тус хэлэлцэж батална. Нарийн бичгийн дарга нарын газар энэ Конвенц ба аль нэг Протоколд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эх бичвэрийг хэрвээ тухайн Протоколд өөрөөр заагаагүй бол уг нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх зөвлөлгөөн болохоос 6 сараас доошгүй хугацааны өмнө Талуудад мэдэгдэх бөгөөд энэ санал болгосон нэмэлт өөрчлөлтийн эхийг Конвенцид гарын үсэг зурсан улсуудад тараана.

3. Оролцогч Талууд энэ Конвенцид оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг нэгдсэн тохиролцоонд хүрч батлахын төлөө бүхий л хүчин чармайлт тавина. Тохиролцоонд хүрч чадахгүй бол эцсийн арга хэмжээ болгож нэмэлт, өөрчлөлтийг санал хураалтаар шийдвэрлэх бөгөөд санал хураахад зөвлөлгөөнд байлцсан болон санал хураалтад оролцсон Талуудын дөрөвний гурвын саналаар засварыг баталж эх бичвэр Хадгалагчаар дамжуулан батламжлах, сайшаах, албан ёсоор батлуулахаар оролцогч бүх Талуудад хүргүүлнэ.

4. Энэ зүйлийн 3 дугаар заалтын зарчмыг зөвлөлгөөнд байлцсан, санал хураалтад оролцсон Талуудын гуравны хоёроос доошгүйн саналаар баталдаг зарим протоколоос бусад аливаа Протоколд нэмэлт, өөрчлөлт оруулахад мөрдөнө.

5. Нэмэлт, өөрчлөлтийг батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн, албан ёсоор баталсан баримт бичгийг эх бичвэр Хадгалагчид өгч хадгалуулна. Энэ зүйлийн 3, 4 дүгээр заалтын дагуу оруулах нэмэлт, өөрчлөлт нь түүнийг зөвшөөрсөн Талуудын дөрөвний гурваас доошгүй нь эсвэл тухайн Протоколд өөрөөр заагаагүй бол Протоколын нэмэлт, өөрчлөлтийг баталсан Талуудын гуравны хоёроос доошгүй нь батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн, албан ёсоор баталсан тухай баримт бичгийг эх бичвэр Хадгалагчид хүлээн авснаас хойш 90 дэх хоногоос тэдгээр Талуудын хувьд тус тус хүчин төгөлдөр болно. Бусад Талуудын хувьд нэмэлт, өөрчлөлтийг батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн албан ёсоор баталсан тухай мэдэгдлээ өгснөөс хойш 90 дэх хоногоос уг нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болно.

6. Энэ зүйлийн дотор байгаа "байлцсан, санал хураалтад оролцсон Талууд" гэдгийг санал хураалтад оролцож "татгалзсан", "зөвшөөрсөн" санал өгсөн Талууд гэж ойлгоно.

 

АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ

Хавсралтыг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах

1. Энэхүү Конвенц болон аливаа протоколын хавсралт нь энэ Конвенц болон тухайн Протоколын салшгүй хэсэг байх бөгөөд хэрэв өөрөөр заагаагүй бол Конвенц болон Протоколоос иш татах нь тэдгээрийн хавсралтаас иш татсантай ижил байх болно. Хавсралтад зөвхөн шинжлэх ухаан-техникийн болон удирдлага, зохион байгуулалтын асуудлыг оруулна.

2. Хэрэв ямар нэгэн Протоколд түүнд оруулах хавсралтын талаар өөрөөр заагаагүй бол энэхүү Конвенц болон Протоколын хавсралтыг санал болгох, батлах, хүчин төгөлдөр болгоход дараахь журмыг мөрдөнө:

а) энэхүү Конвенц болон Протоколын хавсралтыг 17 дугаар зүйлийн 2, 3, 4 дүгээр заалт дахь журмын дагуу хүлээн авах;

b) энэхүү Конвенц болон холбогдох аливаа Протоколд оруулах нэмэлт хавсралтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа аливаа Тал тэдгээрийг баталсан тухай эх бичвэр Хадгалагчаас мэдээлснээс хойш 6 сарын дотор эх бичвэр Хадгалагчид энэ тухайгаа бичгээр мэдэгдэнэ. Эх бичвэр Хадгалагч нь мэдэгдэл хүлээн авсан тухайгаа бүх Талуудад нэн даруй мэдээлнэ. Аливаа Тал хүссэн цагтаа өмнө илгээсэн татгалзсан мэдэгдлээ өөрчилж хүлээн авсан тухай мэдэгдэл өгч болох бөгөөд энэ үеэс эхлэн тухайн Талын хувьд хавсралт хүчин төгөлдөр болно.

с) эх бичвэр Хадгалагчаас мэдэгдэл тарааснаас хойш 6 сар болоод энэхүү Конвенц болон аливаа Протоколд хамаарах хавсралтуудад дурдсан “b”-д заасны дагуу мэдэгдлээ ирүүлээгүй бүх Талуудын хувьд хүчин төгөлдөр болно.

3. Энэхүү Конвенц болон аливаа Протоколын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал дэвшүүлэх, батлах, хүчин төгөлдөр болох журам нь Конвенц болон аль нэг Протоколд нэмэлт хавсралт оруулах журамтай нэгэн адилаар зохицуулагдана. Хавсралт ба нэмэлт өөрчлөлтүүдэд, ялангуяа шинжлэх ухаан-техникийн ойлголтыг харгалзан үзсэн байх шаардлагатай.

4. Хэрэв нэмэлт хавсралт, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлт нь энэ Конвенц болон аливаа Протоколд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотой бол тэдгээр нь Конвенц болон Протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа хүчин төгөлдөр болно.

 

АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Шалгалт

Оролцогч аливаа Тал нөгөө Талыг энэхүү Конвенцоор хүлээсэн үүргээ зөрчсөн эсвэл зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй бол энэ тухайгаа Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ. Энэ тохиолдолд тухайн зөрчил гаргаж байгаа Талдаа шууд буюу Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан яаралтай мэдэгдэнэ. Нарийн бичгийн дарга нарын газар нь Талуудад зайлшгүй шаардлагатай мэдээллийг танилцуулна.

 

ХОРЬДУГААР ЗҮЙЛ

Маргааныг зохицуулах

1. Энэхүү Конвенц болон түүний Протоколыг мөрдөж хэрэгжүүлэх үед Талуудын хооронд маргаан, санал зөрөлдөөн гарвал түүнийг хэлэлцээний замаар буюу өөрсдөө сонгож авсан бусад ямар нэгэн эвийн аргаар зохицуулахыг эрмэлзэнэ.

2. Талууд дээр дурдсан аргаар маргааныг зохицуулж чадаагүй тохиолдолд харилцан тохиролцсоны үндсэн дээр маргааныг олон улсын шүүх эсвэл хөндлөнгөөс маргаан таслах тухай 6 дугаар хавсралтад дурдсаны дагуу арбитрт шилжүүлнэ. Маргааныг олон улсын шүүх эсвэл арбитрт шилжүүлэх талаар Талууд нэгдүгээр заалтад заасны дагуу хэлэлцээний замаар зохицуулах замыг тохиролцож чадаагүй тохиолдолд үргэлжлүүлэн хайх үүргээс чөлөөлөгдөхгүй.

3. Энэхүү Конвенцийг батламжлах, хүлээн зөвшөөрөх, сайшаан дэмжих, соёрхон батлах, түүнд нэгдэн орох үед болон энэ бүхний дараахь ямар ч үед аливаа улс болон улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас Талууд дараахь арга замаар шийдвэрлэх үүрэгтэйг байгаа байдлаар нь хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж болно. Үүнд:

а) маргааныг олон улсын шүүхэд өгөх; эсвэл,

b) 6 дугаар хавсралтад заасан журмын дагуу маргааныг арбитрт өгнө.

Ийм өргөдлийг Нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр өгөх ба тэрээр Талуудад мэдэгдэнэ.

 

ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Гарын үсэг зурах

Энэхүү Конвенц нь Намиби Улсыг төлөөлж НҮБ-ын Намибийн Зөвлөл, улс төр, эдийн засгийн хамт ажиллагааны байгууллагууд болон бусад улсууд гарын үсэг зурахад зориулж Базельд 1989 оны 3 дугаар сарын 22-нд, дараа нь Швейцарийн Берн дахь Холбооны департаментын гадаад хэргийн хэлтэст 1989 оны 3 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 30-ны хооронд, Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд 1989 оны 7 дугаар сарын 1-нээс 1990 оны 3 дугаар сарын 23-ны хооронд тус тус гарын үсэг зурахад нээлттэй байна.

 

ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, албан ёсоор нотлох буюу сайшаан дэмжих

1. Энэхүү Конвенцийг Намиби Улсыг төлөөлж НҮБ-ын Намибийн Зөвлөл болон бусад улс орнууд соёрхон баталж, хүлээн зөвшөөрч, сайшаан дэмжих бөгөөд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд албан ёсоор нотолж сайшаан дэмжинэ. Батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, албан ёсоор нотолсон буюу сайшаан дэмжсэн тухай баримт бичгээ эх бичвэр Хадгалагчид хадгалуулахаар өгнө.

2. Энэ зүйлийн нэгдүгээр заалтад заасан энэ Конвенцид Тал болж нэгдэн орсон хамтын ажиллагааны байгууллага нь түүний гишүүн улсуудаас Тал болж нэгдэн ороогүй тохиолдолд Конвенцоос урган гарах бүхий л үүргийг хүлээнэ. Хэрэв тухайн байгууллагад нэг эсвэл хэд хэдэн гишүүн улсууд Конвенцид Тал болж орсон тохиолдолд уг байгууллага ч, түүний гишүүн улсууд ч хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргана. Энэ тохиолдолд тухайн байгууллага, түүний гишүүн улсууд энэ Конвенцийн дагуу давхар эрх эдлэхгүй.

3. Энэ зүйлийн нэгдүгээр заалтад дурдсан байгууллагууд өөрийн соёрхон баталсан, сайшаан дэмжсэн тухай баримт бичигтээ Конвенцоор зохицуулагдах асуудлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээг зааж өгөх ба цаашид эрх хэмжээнийхээ хүрээнд гарсан өөрчлөлтийг эх бичвэр Хадгалагчид тухай бүр нь мэдээлж байна.

 

ХОРИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Нэгдэн орох

1. Намиби улсыг төлөөлж НҮБ-ын Намибийн Зөвлөл, бусад улс орнууд болон улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хувьд Конвенцид гарын үсэг зурах хугацаа дуусгавар болсны дараа өдрөөс нэгдэн орох явдал чөлөөтэй байх бөгөөд нэгдэн орсон тухай баримт бичгээ эх бичвэр Хадгалагчид өгнө.

2. Энэ зүйлийн 1 дүгээр заалтад дурдсан байгууллагууд нэгдэн орсон тухай баримт бичигтээ Конвенцоор зохицуулагдах асуудлуудын талаар өөрийн эрх хэмжээний хүрээг зааж өгөх ба цаашид энэ талаар гарсан өөрчлөлтийг тухай бүр нь эх бичвэр Хадгалагчид мэдээлж байна.

3. 22 дугаар зүйлийн 2 дугаар заалт энэхүү Конвенцид нэгдэн орсон улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн байгууллагуудад нэгэн адил хамаарна.

 

ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Санал өгөх эрх

1. Энэ зүйлийн 2 дугаар заалтад дурдсанаас бусад тохиолдолд Конвенцийн аль ч Тал нэг санал өгнө.

2. Улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн байгууллагууд 22 дугаар зүйлийн 3 дугаар заалт, 23 дугаар зүйлийн 2 дугаар заалтын дагуу өөрийн эрх хэмжээний хүрээний асуудлаар санал өгөх эрхтэй байна. Саналын тоо нь Конвенц эсвэл Протоколд оролцогч Талууд болох гишүүн улсуудын тоотой тэнцүү байна. Харин гишүүн улсууд санал өгч байхад байгууллага нь санал өгөх эрхээ эдлэхгүй, эсвэл байгууллага нь санал өгөх эрхээ эдэлж байхад гишүүн улсууд нь бие даан санал өгөх эрхгүй.

 

ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛ

Хүчин төгөлдөр болох

1. Энэхүү Конвенц нь түүнийг батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн буюу нэгдэн орсон тухай 20 дахь баримт бичиг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш ер дэх хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

2. Батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн буюу нэгдэн орсон тухай 20 дахь баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш батламжлах, хүлээн зөвшөөрөх, сайшаан дэмжих буюу нэгдэн орж байгаа улс орон, хамтын ажиллагааны бүс нутгийн байгууллагын хувьд тэд өөрийн батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш 90 дэх хоногоос эхэлж энэхүү Конвенц хүчин төгөлдөр болно.

3. Энэ зүйлийн 1, 2 дугаар заалтын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн байгууллагаас хадгалуулахаар өгсөн аливаа баримт бичгийг уг байгууллагын гишүүн орнуудын хадгалуулахаар өгсөн баримт бичгийн нэмэлт гэж үзэхгүй.

 

ХОРИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Нэмэлт тайлбар ба мэдэгдэл

1. Энэ конвенцид ямар нэг нэмэлт тайлбар хийхийг зөвшөөрөхгүй.

2. Энэ зүйлийн нэгдүгээр заалт нь аль ч улс орон эсвэл улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудын энэхүү Конвенцид гарын үсэг зурах, батламжлах, сайшаан дэмжих, хүлээн зөвшөөрөх буюу нэгдэн ороход мөн түүнчлэн өөрийн хууль дүрмийг Конвенцийн заалттай уялдуулах зорилгоор ямар нэг томъёолол ба нэрээр тунхаг бичиг, мэдэгдэл гаргахад саад болохгүй. Гэхдээ энэ тунхаг бичиг мэдэгдэл нь тус улс энэхүү Конвенцийг хэрэглэхэд түүний заалтуудад хууль зүйн өөрчлөлт оруулахааргүй байх шаардлагатай.

 

ХОРИН ДОЛДУГААР ЗҮЙЛ

Конвенцоос гарах

1. Тухайн Талын хувьд энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жил өнгөрсний дараа хүссэн цагтаа эх бичвэр Хадгалагчид бичгээр мэдэгдээд Конвенцоос гарч болно.

2. Эх бичвэр Хадгалагч мэдэгдэл хүлээн авснаас хойш нэг жил өнгөрсний дараа буюу гарах тухай өгсөн мэдэгдэлд заасан хугацаа өнгөрмөгц гарах явдал хүчин төгөлдөр болно.

 

ХОРИН НАЙМДУГААР ЗҮЙЛ

Эх бичвэр Хадгалагч

НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга энэхүү Конвенц болон түүнд хавсаргасан аливаа Протоколын эх бичвэр Хадгалагчийн үүрэг гүйцэтгэнэ.

 

ХОРИН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Эх бичвэрүүд адил хүчинтэй байх

Энэхүү Конвенцийн Араб, Хятад, Англи, Франц, Орос, Испани хэл дээрх эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.

 

ДЭЭР ДУРДСАНЫГ НОТОЛЖ доорхи нэр бүхий төлөөлөгчид бүрэн эрхийнхээ дагуу энэхүү Конвенцид гарын үсэг зурав.

 

1989 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Базельд ҮЙЛДЭВ.

 

 

 

1 ДҮГЭЭР ХАВСРАЛТ

ХОГ ХАЯГДЛЫН АНГИЛАЛ

 

Хог хаягдлууд:

Y1

Клиник, поликлиник болон бусад нэгдсэн эмнэлгээс өвчтөнг эмчлэх, сувилах явцад гарах хаягдал

Y2

Эмийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах болон үйлдвэрлэснээс гарах хаягдал

Y3

Хэрэгцээгүй болсон эм бэлдмэл болон эмийн бүтээгдэхүүн

Y4

Биологийн болон ургамлын гаралтай бэлдмэл үйлдвэрлэх, хэрэглэснээс гарах хаягдал

Y5

Модны үйлдвэрт хэрэглэх химийн бодисыг үйлдвэрлэх, болон түүний хэрэглээнээс гарах хаягдал

Y6

Органик уусгагчийг хэрэглэдэг болон гарган авдаг үйлдвэрийн хаягдал

Y7

Цианид агуулсан материалыг цэвэрлэх болон дулааны боловсруулалтаас гарах хаягдал

Y8

Хэрэгцээгүй болсон буюу хэрэглэхэд тохиромжгүй эрдэс тос

Y9

Тос-ус, нүүрс-устөрөгч-усны хольц болон эмульс байдалтай хаягдал

Y10

Полихлорбифенил, полихлортерфенил, полибромбифенил болон тэдгээрийн хольцыг агуулсан хэрэгцээгүй болсон бодис, бүтээгдэхүүн

Y11

Нэрэх, цэвэрлэх болон бусад пиролизын боловсруулалтын явцад үүсэх хэрэгцээгүй болсон давирхайлаг хаягдал

Y12

Будаг, лак, маажин, пигмент, бэх хэрэглэдэг болон тэдгээрийг гарган авдаг үйлдвэрийн хаягдал

Y13

Нийлэг давирхай, каучук, уяруулагч, цавуу, холбогч бодис зэргийг хэрэглэдэг болон тэдгээрийг гарган авдаг үйлдвэрийн хаягдал

Y14

Эрдэм шинжилгээ, сургалтын явцад буй болсон, шинж чанар нь судлагдаагүй, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хэрхэн нөлөөлөх нь тогтоогдоогүй, хэрэгцээгүй болсон химийн бодис

Y15

Бусад хууль тогтоомжоор зохицуулагдахгүй тэсрэх аюул бүхий бодисын хаягдал

Y16

Фотоматериал боловсруулах зориулалттай фотохимийн бодис, материалыг хэрэглэдэг болон тэдгээрийг гарган авдаг үйлдвэрийн хаягдал

Y17

Металл болон плассмасс боловсруулалтаас гарсан хаягдал

Y18

Үйлдвэрийн хаягдлыг зайлуулснаас гарах үлдэгдэл

 

Хог хаягдлыг бүрэлдүүлэгч хэсгүүд:

Y19

Металлын карбонил нэгдлүүд

Y20

Бериллий, түүний нэгдлүүд

Y21

6 валенттай хромын нэгдлүүд

Y22

Зэсийн нэгдлүүд

Y23

Цайрын нэгдлүүд

Y24

Хүнцэл, түүний нэгдлүүд

Y25

Селен, түүний нэгдлүүд

Y26

Кадмий, түүний нэгдлүүд

Y27

Сурьма, түүний нэгдлүүд

Y28

Теллур, түүний нэгдлүүд

Y29

Мөнгөн ус, түүний нэгдлүүд

Y30

Таллий, түүний нэгдлүүд

Y31

Хар тугалга, түүний нэгдлүүд

Y32

Фторт кальциас бусад фторын органик бус нэгдлүүд

Y33

Органик бус цианидууд

Y34

Шингэн буюу хатуу хүчлүүд

Y35

Шүлтийн нэгдлүүд ба хатуу сууриуд

Y36

Асбест /нунтаг, ширхэглэг/

Y37

Фосфорын органик нэгдлүүд

Y38

Органик цианидууд

Y39

Фенол, фенолын нэгдлүүд, хлорфенолууд

Y40

Эфирүүд

Y41

Галогенжуулсэн органик уусгагчууд

Y42

Галогенжуулснаас бусад органик уусгагчууд

Y43

Дибензфураны төрлийн бүх материал

Y44

Полихлордибензопидиоксины төрлийн бүх материал

Y45

Энэ хавсралтад заасан бодисуудаас /Ү39, Ү41, Ү42, Ү43, Ү44/ бусад органик галогент нэгдлүүд.

 

 

2 ДУГААР ХАВСРАЛТ

ОНЦГОЙЛОН АВЧ ҮЗЭХ ХАЯГДЛЫН АНГИЛАЛ

 

Y46

Орон сууцнаас гарах хаягдал

Y47

Ахуйн хог хаягдлыг шатааснаас гарах үлдэгдэл

 

 

3 ДУГААР ХАВСРАЛТ

АЮУЛТАЙ БОДИСУУДЫН ЖАГСААЛТ

 

НҮБ-ын

ангилал

Код

Шинж чанар

1

Н1

Тэсрэх бодис.

Тэсрэх бодис буюу хаягдал. Температур, даралт, хурдны нөлөөгөөр химийн урвалд орж өөрөө тэсэрч орчны юмсыг гэмтээдэг хатуу, шингэн байдалтай бодис буюу хаягдлууд.

3

Н3

Галын аюултай шингэнүүд.

"Галын аюултай" гэдэг нь "хялбар шатамхай" гэсэнтэй ижил утгатай. Галын аюултай шингэн гэдэг нь уусмал буюу суспензид /будаг, лак г.м/ аюултай шинж чанар бүхий хатуу бодисыг агуулсан, задгай саванд 60.5-аас дээш хэмд, битүү саванд 65.6-аас дээш хэмд галын аюултай уур ялгаруулдаг, аюултай шинж чанараар нь ангилсан бодис буюу хаягдлаас бусад шингэн болон шингэний хольцууд.

4.1

Н4.1

Галд аюултай хатуу бодисууд.

Тэсрэх бодисын ангилалд хамаарагдахгүй, тээвэрлэх үед үрэлтээс гал авалцаж хялбархан асдаг хатуу бодис буюу хатуу хаягдлууд.

4.2

Н4.2

Өөрөө шатдаг бодис буюу хаягдлууд.

Ердийн нөхцөлд тээвэрлэхэд өөрөө халдаг буюу агаартай шүргэлцэхэд халж өөрөө шатдаг бодис буюу хаягдлууд.

4.3

Н4.3

Устай харилцан үйлчилж галын аюултай хий ялгаруулдаг бодис буюу хаягдлууд.

Устай харилцан үйлчлэхэд өөрөө шатамхай болон хялбар шатамхай хийг аюул учруулах хэмжээгээр ялгаруулдаг бодис буюу хаягдлууд.

5.1

Н5.1

Исэлдүүлэгч бодисууд.

Өөрөө заавал шатдаг бус, харин хүчилтөрөгчийг ялгаруулж бусад материалын шаталтыг тэтгэдэг бодисууд.

5.2

Н5.2

Органик хэт ислүүд.

Хоёр валенттай бүлэг /-О-О-/-ийг агуулсан дулаанд тэсвэргүй буюу дулаан ялгаруулах урвалд орж өөрөө түргэн задардаг шим бодисууд.

6.1

Н6.1

Хортой бодисууд.

Амьсгалын зам, хоол боловсруулах эрхтэн, арьсаар дамжин хүний организмд орвол үхэлд хүргэх буюу хүчтэй хордуулдаг бодис буюу хаягдлууд.

6.2

Н6.2

Халдвартай бодисууд.

Амьд бичил биет буюу тэдгээрийн хорыг агуулсан хүн, амьтанд өвчин үүсгэдэг бодис буюу хаягдлууд.

8

Н8

Идэмхий бодисууд.

Химийн үйлчлэл шууд харилцан явагдсанаас болж амьд эд эсэд хүчтэй гэмтэл үүсгэдэг, гоожих болон асгарч алдагдахад бусад ачаа, тээврийн хэрэгслийг гэмтээдэг бодис буюу хаягдлууд.

9

Н10

Агаар, устай харилцан үйлчилснээс хортой хий ялгаруулдаг бодисууд.

Агаар, устай харилцан үйлчилснээс аюул учруулах хэмжээний хортой хий ялгаруулдаг бодис буюу хаягдлууд.

9

Н11

Хортой бодисууд /архаг өвчин үүсгэх/.

Амьсгалын зам, хоол боловсруулах эрхтэн, арьс салстаар дамжин хүний организмд ороход архаг өвчин үүсгэж улмаар хорт хавдар үүсгэх бодис буюу хаягдлууд.

9

Н12

Экологт хортой бодисууд.

Хүрээлэн буй орчинд байх тохиолдолд хоромхон зуур биоидэвх үүсгэж аюул учруулдаг буюу биосистемд хортой нөлөөлөл үзүүлдэг бодис буюу хаягдлууд.

9

Н13

Зайлуулсны дараа ямар нэг байдлаар /жишээ нь: шүлтлэг болох г.м./ дээрх шинж чанарыг агуулсан бусад материалыг үүсгэдэг бодисууд.

ШАЛГУУР:

Зарим төрлийн хаягдлын аюулын тодорхойлолт нь бүрэн гүйцэд баримтжаагүй, аюулын хэмжээг нь тооцоолон үнэлэх арга зүй одоогоор байхгүй байна. Эдгээр бодисоос хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулж болзошгүй аюулыг судлах арга зүйг боловсруулах шаардлагатай байна. Стандарт шалгуурын аргуудыг цэвэр бодис, материалд зориулан боловсруулсан байдаг. Олонхи гишүүн орнуудад нэгдүгээр хавсралтад заасан хаягдлуудын шинж чанарыг тодорхойлоход хэрэглэх үндэсний шалгуурын арга зүйг боловсруулсан байна.

 

 

4 ДҮГЭЭР ХАВСРАЛТ

ЗАЙЛУУЛАХ АЖИЛЛАГАА

 

A. Боловсруулах, дахин сэргээх, эргүүлж ашиглах буюу шууд дахин хэрэглэж болохгүй хаягдлыг зайлуулах арга  

А хэсэгт хаягдал зайлуулах практикт тохиолдож буй бүх төрлийн үйл ажиллагаа орно.

D1

Газарт булшлах буюу газар дээр асгах /хогийн цэгт асгах г.м./

D2

Хөрсийг боловсруулах /хөрсөн дахь шингэн буюу лаг зэрэг хаягдлыг биохимийн аргаар задлах г.м/

D3

Газрын гүнд хаях /өрөмдлөгийн цооног, байгалийн тогтоц бүхий гүн хонгил, нүхэнд г. м./

D4

Ил задгай усанд хаях /шингэн ба лаг шаварлаг хаягдлыг цөөрөм, тунгаах усан сан г.м/

D5

Specially engineered landfill, (e.g., placement into lined discrete cells which are capped and isolated from one another and the environment, etc.)

D6

Тэнгис, далайгаас бусад усан санд хаях

D7

Тэнгис, далайд хаях, далайн ёроолд булшлах

D8

Энэ хавсралтын бусад хэсэгт дурдаагүй, биологийн боловсруулалт хийсэн эцсийн нэгдэл буюу хольцыг А хэсэгт дурдсан аль нэг аргаар зайлуулах

D9

Энэ хавсралтын бусад хэсэгт дурдаагүй, физик-химийн боловсруулалт хийсэн эцсийн нэгдэл буюу хольцыг А хэсэгт дурдсан аль нэг аргаар зайлуулах /ууршуулах, хатаах, шатаах, саармагжуулах, тунадасжуулах г.м/

D10

Хуурай газарт шатаах

D11

Тэнгист шатаах

D12

Булшлах /чингэлгийг уурхай булшлах г.м/

D13

А хэсэгт дурдсан аливаа ажиллагааг эхлэхийн өмнө нэг төрлийн буюу нэг төрлийн бус хольцыг гарган авах

D14

А хэсэгт дурдсан ажиллагааг эхлэхийн өмнө дахин боох буюу савлах

D15

А хэсэгт дурдсан ажиллагааг хүлээж хадгалах

 

B. Боловсруулах, дахин сэргээх, эргүүлэн буюу дахин ашиглах зэргийг сонгон хэрэглэх ажиллагаа

В хэсэгт аюултай хог хаягдал буюу аюултай гэж үзэж хууль эрхийн хүрээнд тодорхойлогдсон материалуудтай харьцах бүх төрлийн ажиллагаа хамрагдах бөгөөд А хэсэгт дурдсан үйл ажиллагааны эсрэг тохиолдолд хэрэглэнэ.

R1

Түлшний хэлбэрээр /шууд шатахаас бусад/ буюу эрчим хүчийг гарган авах бусад хэлбэрээр ашиглах

R2

Дахин сэргээх /уусгагчуудыг ангижруулах/

R3

Эргүүлэн ашиглах /уусгагч байдлаар ашиглагдахгүй органик бодисуудыг боловсруулан ашиглах/

R4

Эргүүлэн ашиглах /металлууд болон тэдгээрийн нэгдлүүдийг боловсруулан ашиглах

R5

Эргүүлэн ашиглах /бусад органик бус материалуудыг ашиглах/

R6

Хүчил, шүлтийг ангижруулах

R7

Бохирдлыг арилгахад хэрэглэдэг бодисуудыг давтан ашиглах

R8

Катализаторуудыг давтан ашиглах

R9

Нефтийн бүтээгдэхүүнийг дахин нэрэх, урьд ашиглагдсан нефтийн бүтээгдэхүүнийг өөр байдлаар дахин ашиглах

R10

Газар тариаланд аятай нөлөөлөх буюу экологийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс хөрсийг боловсруулах

R11

R1-R10-д заасан аль ч ажиллагаанаас гарсан хаягдлыг ашиглах

R12

R1- R11-д заасан ажиллагаагаар зайлуулах хаягдлуудыг солилцох

R13

В хэсэгт заасан ажиллагаагаар зайлуулах материалыг хуримтлуулах

 

 

5-А ДУГААР ХАВСРАЛТ

МЭДЭГДЭЛД ДУРДСАН БАЙХ ЁСТОЙ ЗҮЙЛҮҮД

 

1.

Хаягдлыг экспортлох шалтгаан

2.

Хаягдал экспортлогч1/

3.

Хаягдал гаргагч /гаргагчид/1/

4.

Хаягдал зайлуулах ажлыг хариуцагч этгээд1/

5.

Хаягдал тээвэрлэгч, түүний салбарууд, хэрэв энэ нь тодорхой бол1/

6.

Хаягдал экспортлох улс. Эрх бүхий Засаг захиргаа2/

7.

Дамжуулан өнгөрүүлэх улс. Эрх бүхий Засаг захиргаа2/

8.

Хаягдал импортлох улс. Эрх бүхий Засаг захиргаа2/

9.

Ерөнхий буюу нэг удаагийн мэдэгдэл

10.

Хаягдлыг экспортлохоор төлөвлөж буй замын маршрут, орох гарах хилийн албад, хэзээ тээвэрлэх болон түүний үргэлжлэх хугацаа3/

11.

Төлөвлөж буй тээврийн хэлбэр /автомашинаар, төмөр замаар, агаар болон дотоодын усан тээврээр г.м/

12.

Даатгалд хамаарах мэдээлэл4/

13.

Хаягдлын тодорхойлолт үүний дотор Ү дугаар буюу НҮБ-ын дугаар, тэдгээрийн бүтэц5/ ба аюул ослын үед авах арга хэмжээ болон тусгайлан анхаарвал зохих зүйлийн талаар мэдээлэл

14.

Савлах хэлбэр /жиш: овоолох, торхонд хийх, шингэн тээвэрлэх тээврийн хэрэгсэлд г.м/

15.

Хэмжээ жингээр, эзэлхүүнээр6/

16.

Хаягдал гарах үеийн үйл явц7/

17

Конвенцийн 1 болон 2 дугаар хавсралтуудад дурдсан хаягдлыг аюултай байдлын ангилал, аюултай шинж чанар, Н дугаар НҮБ-ын ангилал

18.

4 дүгээр хавсралтын дагуу зайлуулах арга

19.

Энэ мэдээлэл үнэн болох тухай хаягдал гаргагч буюу экспортлогчийн мэдэгдэл

20.

Хаягдлыг байгаль орчинд халгүйгээр импортлогч орны норм, дүрмийн дагуу зайлуулах талаар экспортлогч болон хаягдал гаргагчдад өгөх мэдээлэл

21.

Экспортлогч болон хаягдал зайлуулах ажиллагааг хариуцагч этгээдийн хооронд байгуулсан гэрээний тухай мэдээлэл.

ТАЙЛБАР:

1/ Байгууллага болон харилцах хүний бүрэн нэр, хаяг, телефон, телекс, телефаксын дугаар

2/ Бүтэн нэр, хаяг, телефон, телекс, телефаксын дугаар

3/ Хэд хэдэн нийлүүлэгчийг хамруулан ерөнхий мэдэгдэл авсан тохиолдолд болон эсвэл санал болгож буй нийлүүлэгч бүрийн төлөвлөж байгаа хугацааны тухай, хэрэв энэ нь тодорхой бус бол нийлүүлж болох үе шатны тухай мэдээлэл

4/ Хаягдал зайлуулах ажиллагааг хариуцагч этгээдийн баталгаа, холбогдох даатгалын мэдэлэлтэй танилцана.

5/ Хор зүйн болон бусад аюултай хэлбэрээрээ онц аюултай бодис агуулсан буюу шинж чанар бүхий хаягдлыг зайлуулах үйл ажиллагааны аргыг анхааран үзнэ.

6/ Нийлүүлэгч тус бүрийн хэмжээг дүгнэсэн тухай ерөнхий хэмжээний дүгнэлт буюу хэд хэдэн нийлүүлэгчийн мэдээллийн тухай мэдэгдэл шаардана.

7/ Хаягдал зайлуулахаар төлөвлөж буй үйл ажиллагааны тодорхойлолт болон болзошгүй аюулын үнэлгээ

 

5-В ДУГААР ХАВСРАЛТ

ТЭЭВЭРЛЭХ ТУХАЙ БИЧИГ БАРИМТАД БАЙВАЛ ЗОХИХ МЭДЭЭЛЭЛ

 

1.

Хаягдал экспортлогч1/

2.

Хаягдал гаргагч болон түүний байрлаж буй газар1/

3.

Хаягдлыг хариуцагч этгээд, зайлуулах гэж буй газрын байршил1/

4.

Хаягдал тээвэрлэгчид1/ буюу байгууллага

5.

Хаягдлын талаар ерөнхий буюу нэг удаагийн мэдэгдэл

6.

Хаягдлыг хил дамжуулан тээвэрлэж эхэлсэн хугацаа, түүнийг хариуцагч этгээдийн гарын үсэг зурсан хугацаа

7.

Тээвэрлэлтийн хэлбэрүүд /машинаар, гал тэргээр, орон нутгийн усан замаар, далайгаар, агаараар/ экспортлогч, дамжуулан өнгөрүүлэгч болон импортлогч улс мөн тэдгээрт орох болон тэдгээрээс гарах хилийн цэгүүд зэрэгт тодорхой байна.

8.

Хаягдлын ерөнхий бүртгэл /физик шинж чанар, НҮБ-аас гаргасан ачааны нэршил, ангилал, дугаар, Ү болон Н код хэлбэрийн хаягдал зэргийг тодорхой бичих/

9.

Аюул, ослын зэрэг зарим онцгойлон анхаарал шаардагдах үед авах арга хэмжээний тухай мэдээлэл

10.

Савлалтын хэлбэр, ачааны тоо

11.

Ачааны хэмжээ, эзлэхүүн

12.

Хаягдал гаргагч ба экспортлогчийн холбогдох үйл ажиллагааны тухай мэдэгдэл

13.

Талуудад байгаа бүх сонирхогч улсууд, эрх бүхий байгууллагуудын зүгээс татгалзах зүйлгүйг харуулсан хаягдал гаргагч, экспортлогчийн мэдэгдэл

14.

Хаягдлыг зайлуулахаар төлөвлөсөн хугацаа, аргын талаар товлосон байгууллагаас хариуцагч, гэрчийн этгээд.

ТАЙЛБАР:

Тээвэрлэлтийн бичиг баримтад шаардлагатай мэдээллийг тээвэрлэх дүрэм, журмын тухай мэдээлэлтэй нэгтгэнэ. Нэгтгэх боломжгүй бол уг мэдээллийг тээвэрлэх дүрэм, журмын талаар мэдээлэлтэй давхардуулалгүйгээр тодотгол хийж байх хэрэгтэй. Тээвэрлэлтийн бичиг баримтад хэн мэдээлэл өгсөн, баримтуудыг бөглөсөн тухай зааж өгөх ёстой.

1/ Ослын үед хандах байгууллага хүний бүрэн нэр /овог/, хаяг, утас, телекс, факсын дугаар.

 

 

6 ДУГААР ХАВСРАЛТ

АРБИТР

 

1 дүгээр зүйл

Хэрэв хэлэлцэн тохирогч энэхүү Конвенцийн 20 дугаар зүйлд дурдсанаас өөрөөр хэлэлцэн тохиролцоогүй бол арбитрын хянан хэлэлцэх журмыг дараахь 10 хэсэгт зааснаар шийднэ.

 

2 дугаар зүйл

Конвенцийг хэрэгжүүлэх явцад гарсан маргааныг уг Конвенцийн 20 дугаар зүйлийн 2, 3 дугаар заалтын дагуу арбитрт хянан хэлэлцүүлэхээр шилжүүлж байгаагаа нэхэмжлэгч Тал Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ. Мэдэгдэлдээ уг Конвенцийн аль зүйлтэй холбогдсон зарга үүссэн тухайгаа тодруулан бичнэ. Нарийн бичгийн дарга нарын газар хүлээн авсан мэдээллийг Конвенцид оролцогч бүх Талуудад илгээнэ.

 

3 дугаар зүйл

Арбитрын шүүх нь гурван гишүүнээс бүрдэнэ. Маргалдагч талууд тус бүр нэг арбитр томилох ба эдгээр хоёр арбитр нь харилцан тохиролцож гурав дахь арбитр буюу шүүхийн даргыг томилно. Гуравдахь арбитр нь маргалдагч Талуудын иргэн биш, энэ хоёр Талын аль нэгэнд байнга оршин суудаггүй буюу алба хашдаггүй, энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдолгүй байна.

 

4 дүгээр зүйл

1. Хоёр дахь Арбитрыг томилсноос хойш хоёр сарын дотор арбитрын даргыг томилоогүй бол аль нэг Талын хүсэлтээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дараагийн хоёр сарын дотор түүнийг томилно.

2. Хэрэв маргалдагч Талуудын аль нэг нь хүсэлтийг хүлээж авснаас хойш 2 сарын дотор арбитраа томилоогүй бол нөгөө тал нь энэ тухай НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргад мэдэгдэж, 2 сарын дотор арбитрын шүүхийн даргыг томилуулах эрхтэй. Арбитрын шүүхийн дарга нь сонгогдсоныхоо дараа арбитраа томилоогүй талд 2 сарын дотор арбитраа томилуулах хүсэлт тавина. Энэ 2 сарын дараа НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Арбитрын шүүхийн даргын хүсэлтээр арбитрыг томилно.

 

5 дугаар зүйл

1. Арбитрын шүүх нь олон улсын эрх зүй болон энэхүү Конвенцийн заалтуудын дагуу шийдвэрээ гаргана.

2. Энэхүү хавсралтын дагуу байгуулсан Арбитрын шүүх нь өөрийн үйл ажиллагаандаа дагаж мөрдөх журам боловсруулж гаргана.

 

6 дугаар зүйл

1. Арбитрын шүүхийн дагаж мөрдөх журам болон хэлэлцэж буй хэргийн асуудлаар гаргасан шийдвэрийг гишүүдийн олонхийн саналаар батална.

2. Шүүх хэрэг шийдвэрлэхэд холбогдох бүхий л арга хэмжээ авна. Мөн аль нэг талаас тавьсан хүсэлтийн дагуу шаардагдах хамгаалалтын арга хэмжээг түр авахыг зөвлөнө.

3. Маргалдагч Талууд хянан хэлэлцэхэд шаардагдах бүхий л нөхцөлөөр хангаж, идэвхтэй ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлнэ.

4. Маргалдагч Талуудын аль нэг нь шүүхэд ирээгүй буюу оролцоогүй байх нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

 

7 дугаар зүйл

Шүүх нь маргаантай шууд холбоотой сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч түүний талаар шийдвэр гаргаж болно.

 

8 дугаар зүйл

Хэрэв хэргийн тодорхой нөхцөл байдлаас үүдэн гагцхүү арбитрын шүүх өөрөөр шийдээгүй бол шүүхийн зардал, шүүхийн гишүүдийн ажлын хөлсийг маргалдагч Талуудаас тэнцүү гаргуулна. Шүүх өөрийн бүх зардлыг бүртгэж эцсийн тайланг Талуудад танилцуулна.

 

9 дүгээр зүйл

Маргаантай асуудлаар гаргасан шийдвэр нь маргалдагч Талуудын аль нэгний эрхийн шинжтэй сонирхолд харшилж байвал хохирогч гэж үзэж байгаа тал шүүхийн зөвшөөрлөөр шүүх хурал дээр үг хэлэх эрхтэй.

 

10 дугаар зүйл

1. Хэрэв шийдвэр гаргах хугацааг 5 сараас дээшгүй хугацаагаар дахин сунгах шаардлагагүй гэж үзэж байгаа бол шүүх байгуулагдсан өдрөөсөө хойш 5 сарын дотор шийдвэрээ гаргана.

2. Арбитрын шүүхийн шийдвэрт учир шалтгааны тайлбарыг хавсаргана. Маргалдагч талуудын хувьд шүүхийн шийдвэр нь эцсийн бөгөөд заавал биелүүлэх үүрэг болно.

3. Шүүхийн эцсийн шийдвэрийг тайлбарлах, түүнийг биелүүлэхтэй холбогдсон Талуудын дунд гарч болох аливаа маргааныг шийдвэр гаргасан арбитрын шүүхэд хэлэлцүүлэхээр аль нэг Тал шилжүүлж болно. Хэрэв анхны арбитрын шүүхтэй холбоо барих боломжгүй бол түүнтэй ижил зорилготой байгуулагдсан аливаа шүүхэд хандаж болно.