МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.020

Аюултай ачаа. Ангилал

Техникийн ерөнхий шаардлага

MNS 4978:2000

Dengerous goods. Classification

Generel technical requirements

Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 07-р сарын 27-ны өдрийн 119 тоот тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2000 оны 09-р сарын 01-нээс эхлэн хүчинтэй.

Энэхүү стандартын бүх үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

1. Хамрах хүрээ

Энэ стандартаар манай орны байгаль цаг уур, зам, тээвэрлэлтийн нөхцөлд ашиглах авто тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэхэд тавигдах үндсэн шаардлагыг тогтооно.

 

2. Норматив ишлэл

Энэхүү стандартад Олон улсын стандартын түвшинд хүрсэн ГОСТ 19433-81 стандартаас аюултай ачаа, ангилал, техникийн шаардлага гэсэн хэсгийг иш татан авсан бөгөөд түүний тээвэрлэлтийн болон хадгалалтын нөхцөлд тавих шаардлагуудыг гүйцэтгэгч байгууллага онцгой анхаарч ажиллах ёстой.

 

3. Ерөнхий ойлголт

3.1. Энэ стандартаар автотээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэх техникийн шаардлага, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хангах үндсэн зарчмыг тодорхойлно.

3.1. Хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь аюултай ачаа тээвэрлэлтийг аюултай ачаа тээвэрлэх журам, техникийн ерөнхий шаардлага, стандартын дагуу гүйцэтгэнэ.

3.2. Аюултай ачааны сав, баглаа, боодлыг тээвэрлэхдээ тэдгээрийг цэвэрлэсэн байгууллагаас ачааны баримтад "Савыг цэвэрлэсэн, аюулгүй" гэсэн тэмдэглэл хийгээгүй нөхцөлд аюултай ачаа тээвэрлэх техникийн шаардлагын дагуу гүйцэтгэнэ.

3.3. Автотээврийн хэрэгслээр зарим төрлийн аюултай ачааны тээвэрлэлтийн үед ачаа хүлээн авагч (ачаа илгээгч)-ийн талаас тухайн ачааны тээвэрлэлтийн нөхцөлд заасан бол тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтныг гаргаж ажиллуулна.

3.4. Зам, түүний эд ангийг гэмтээсэн болон бусад эд материалын хохирлыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, аюултай ачаа тээвэрлэх техникийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас буруутай этгээд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

 

4. Тодорхойлолтууд

4.1. “Аюултай ачаа илгээгч” - аюултай ачааг тээвэрлэж хүргүүлэхээр тээврийн байгууллагад өгсөн байгууллага.

4.2. “Аюултай ачаа хүлээн авагч” - тээврийн байгууллагаар тээвэрлэж хүргүүлсэн аюултай ачааг хүлээн авсан байгууллага.

4.3. “Аюултай ачааны цуваа” - аюултай ачааг нэгэн зэрэг тээвэрлэж яваа 3 буюу түүнээс дээш тээврийн хэрэгслүүд.

4.4. “Аюултай ачаа үйлдвэрлэгч” - аюултай ачааг тээвэрлэлтэнд бэлтгэн баглаа боодолд савласан байгууллага.

4.5. “Аюултай ачааны тээвэрлэлтийг хариуцсан ажилтан” - аюултай ачааг ачаа хүлээн авагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй ачаа илгээгч (ачаа хүлээн авагч)-ийн төлөөлөгч бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч, хамгаалагч, бусад дагалдан яваа ажилтнууд аюулгүй ажиллагааны шаардлагыг биелүүпж явахыг мөн хариуцна.

4.6. “Аюултай ачаа тээвэрлэх тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл” - нэг буюу хэдэн хэсэг нэг төрлийн ачааг тээвэрлэх зориулалтын автомашин, чиргүүл.

 

5. Ангилал

5.1. Аюултай ачаа гэдэг нь тээвэрлэлтийн болон ачих буулгах ажлын үед мөн хадгалалтын явцад тэсрэх, гал авалцах, байшин барилга, тоног төхөөрөмж, агуулах сав, тээврийн хэрэгслийг эвдлэх, хүн, мал амьтныг гэмтээх, хордуулах, түлэх, хорт туяаны цацрагаар шарах, өвчлүүлэх зэрэг нөлөө үзүүлэх бодис, биет материал бүхий ачаа байна.

5.2. Аюултай ачааг дор дурьдсан төрөл ангилалд хуваана:

1 дүгээр ангилал - Тэсэрч дэлбэрэх бодисууд;

2 дугаар ангилал - Шахсан хий, даралтаар хадгалсан уусмалууд;

3 дугаар ангилал - Амархан гал авалцах шингэнүүд;

4 дүгээр ангилал - Амархан гал авалцах бодис, биет материалууд;

5 дугаар ангилал - Хүчиллэг бодисууд;

6 дугаар ангилал - Хортой болон халдвар тараах бодисууд;

7 дугаар ангилал - Цацраг идэвхит бодисууд;

8 дугаар ангилал - Идэмхий болон зэврээх бодисууд;

9 дүгээр ангилал - Бусад хорт бодисууд.

5.3. Тэсэрч дэлбэрэх бодис (1 дүгээр ангилал) гэдэг нь химийн урвалд маш эрчимтэй орж, хий ялгаруулан дулааны их темпертур болон өндөр даралтаар ойр орчмын биетийг гэмтээх чадвартай хатуу, шингэн, холимог бодис байна.

5.4. Шахсан хий, даралтаар хадгалсан уусмал (2 дугаар ангилал) гэдэг нь дулааны +20°С-ийн температурт савны доторх даралт 1х105Па (кг/см2) тэнцүү буюу их, дулааны +50°С-ийн температурт уурын туйлын даралт Зх105Па (кг/см2) тэнцүү буюу их, хямралын дулааны температур +50°С-ээс бага байх гэсэн нөхцөлүүдийн аль нэгийг хангасан хийн болон шингэн бодис байна.

5.5. Амархан гал авалцах шингэн (3 дугаар ангилал) гэдэг нь битүү саванд дулааны +61°С температур, задгай саванд дулааны +66°С температураас бага гал авалцах чадвартай шингэн, холимог, уусмал байна.

5.6. Амархан гал авалцах бодис (4 дүгээр ангилал) гэдэг нь өөрөө авалцах чадвартай, эсвэл устай урвалд орж гал авалцах хий ялгаруулдаг хатуу бодис байна.

5.7. Хүчиллэг бодис (5 дугаар ангилал) гэдэг нь исэлдүүлэгч бодис болон органикийн илүү ислүүдийг хэлнэ.

5.8. Хортой, халдвар тараах бодис (6 дугаар ангилал) гэдэг нь дор дурьдсан хордуулах үзүүлэлтийн шаардлагын аль нэгийг хангасан байхаас гадна амьсгалах үед, эсвэл арьсны гадна болон дотор орсон тохиолдолд хордуулах чадвартай бодис, хүн мал амьтанд аюул учруулах өвчний нян, бичил биет агуулсан халдварт бодис байна. Үүнд:

- Үхэлд хүргэх дундаж доз (ЛД50);

- Хатуу биет дотор орсон үед - 200 мг/кг ихгүй;

- Шингэн биет дотор орсон үед - 500 мг/кг ихгүй;

- Арьсан дээр үйлчлэх үед - 1000 мг/кг ихгүй;

- Үхэлд хүргэх дундаж тун (ЛК50) амьсгалах тоосонцор - 10 мг/л ихгүй;

- Хордуулалтын дулааны температурын хязгаар- +55°С ихгүй.

5.9. Цацраг идэвхит бодис (7 дугаар ангилал) гэдэг нь хувийн идэвхит чанар 7.4х103 Бк.кг-1 (0.002 мкКи г-1) байх цацраг идэвхит бодис байна.

5.10. Идэмхий бодис (8 дугаар ангилал) гэдэг нь өөрийн химийн үйлчилгээний чанараар бусад ачаа бараа, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд оруулах, амьд биетэд хөнөөл учруулах хатуу болон шингэн бодис байна.

5.11. Өмнө дурьдсан ангиллаас ялгаатай боловч хадгалалт, тээвэрлэлтийн явцад аюулгүй ажиллагааны шаардлагыг мөрдөж гүйцэтгэх шаардлагатай бусад бодис хамаарна.

 

6. Техникийн ерөнхий шаардлага

6.1. Автотээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэх ажлыг зохион байгуулах үед Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, энэхүү стандартын шаардлага болон тухайн аюултай ачааг тээвэрлэх аюулгүй ажиллагааны нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд гүйцэтгэнэ.

6.2. Аюултай ачааг тээвэрлэх автомашины цувааг зохион байгуулахдаа дор дурьдсан арга хэмжээг авна. Үүнд:

- Тал газрын зам дээр автомашин хоорондын зай 50 метрээс багагүй байх.

- Уулын замд автомашин хоорондын зай 300 метрээс багагүй байх.

- Тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтан цувааны эхний автомашинд сууж явна.

- Аюултай ачаа ачсан тээврийн хэрэгслийн урд болон ард талд 300х700мм хэмжээтэй "Аюултай ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" гэсэн таних тэмдгийн баруун талын 40 мм өргөнтэй хэсгийг улбар шараар, зүүн талын хэсгийг (1.5 мм өргөнтэй хар хүрээтэй) цагаанаар будаж, дотор талд нь тээвэрлэж яваа ачааны онцлогийг тодорхойлсон тэмдэглэл хийнэ.

 

 

Зураг 1 - "Аюултай ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" гэсэн таних тэмдэг

 

6.3. Амархан гал авалцах бодис болон тэсрэх аюултай ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг түүний очих замын турш нийтийн хэрэгцээний шатахуун түгээгүүрээс шатахууныг авахгүйгээр цэнэглэнэ. Хэрэв нийтийн хэрэгцээний шатахуун түгээгүүрээс шатахуун авах шаардлагатай болсон тохиолдолд уг түгээгүүрээс 25 метрийн зайд тээврийн хэрэгслийг байрлуулан төмөр сав ашиглан зөөж цэнэглэнэ.

6.4. Үзэгдэх орчин 300 метр хүртэл хязгаарлагдсан нөхцөлд зарим аюултай ачааг тээвэрлэхийг хориглоно. Энэ тухай уг ачааг тээвэрлэх аюулгүй ажиллагааны зааварт заасан байх ёстой.

6.5. Тээврийн хэрэгслийг түр зогсоох болон хонохоор зогсоолд тавихдаа зогсоолын тоормосыг ажиллуулахаас гадна налуу талбайд өнхрөхөөс хамгаалсан ивүүрийг заавал тулсан байна.

6.6. Тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхит, хортой, халдвартай ачааг 5 болон түүнээс дээш автомашин орсон цуваагаар тээвэрлэхдээ эхэнд нь заавал хамгаалалтын автомашин явуулна. Хамгаалалтын автомашин өдрийн цагт ойрын гэрлээ асааж явна.

6.7. Тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхит, хортой, халдвартай ачааг 5 болон түүнээс дээш автомашин орсон цуваагаар тээвэрлэх үед хамгаалалтын автомашинаас гадна нөөц тээврийн хэрэгсэл заавал байх ёстой. Нөөцийн автомашин цувааны сүүлд явна.

6.8. Аюултай ачааг тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр болон энэ зорилгоор тоноглосон ердийн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Тээврийн хэрэгслийн техник ашиглалтын шаардлага, үйлдвэрлэгчээс тавьсан заавар, замын хөдөлгөөний дүрэм, энэхүү стандартын шаардпага, тухайн аюултай ачааг аюулгүй тээвэрлэх нөхцлийг хангасан байх ёстой.

6.9. Тэсэрч дэлбэрэх болон амархан гал авалцах шингэн ба хийн ачааг тээвэрлэх тээврийн хэрэгслийн ажилласан хийн хоолойг автомашины радиаторын өмнө баруун гар тал руу гаргана. Дурьдсан тээврийн хэрэгслийн шатахууны савыг урд болон хойд талд төмөр сойз, доод талд нь төмөр тор (нүдний хэмжээ 10x10 мм) савнаас 20 мм зайд тоноглоно.

6.10. Аюултай ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслийн цахилгаан тоноглолд дор дурьдсан шаардлагыг тавина. Үүнд:

- Шугамын хүчдэл 24 В-оос хэтрэхгүй байх ёстой.

- Цахилгааны хэлхээ гал хамгаалагчаар хамгаалагдсан байх ёстой.

- Цахилгаан хэлхээг жолоочийн бүхээгт байрлах унтраагуураар салгадаг байна.

- Тээврийн хэрэгслийн бүхээг, тэвшинд байрлах гэрэлтүүлгийн чийдэн бөх бат тороор халхлагдсан байна.

6.11. Амархан авалцах шингэн ба хийн ачааг тээвэрлэх цистерн бүхий тээврийн хэрэгсэлд цахилгаан цэнэг саармагжуулах тоноглол байрлуулна.

6.12. Аюултай ачаа тээвэрлэх фургон хэлбэрийн тээврийн хэрэгслийн бүхээг бөх бат байхаас гадна жолоочийн бүхээгээс 150 мм-ээс багагүй зайд тусгаарлагдана. Тухайн аюултай ачааг тээвэрлэх аюулгүй ажиллагааны зааврын дагуу агааржуулалт хийх бололцоогоор хангагдсан, хаалга нь нэмэгдэл цоожоор тоноглогдсон байна.

6.13. Аюултай ачаа тээвэрлэх зориулалтын нээлттэй тэвш бүхий тээврийн хэрэгслийн тэвшний хаалтын материал ус нэвтрэхгүй, шатахгүй эдээр хийсэн байхаас гадна тэвшний ирмэгээс 200 мм-ээс багагүй халхалсан байна.

6.14. Аюултай ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу техник хэрэгслээр тоноглохоос гадна дор дурьдсан төхөөрөмжөөр тоноглоно. Үүнд:

- Тээврийн хэрэгслийн үйлчилгээ, засварын багаж түлхүүрийн цуглуулга.

- Галын хор (нунтаг хорны ба 5 л-ээс багагүй эзэлхүүнтэй нүүрс хүчлийн хий).

- Татах тулгуурын суурь нэгээс илүү байна.

- Тухайн аюултай ачааг тээвэрлэх аюулгүй ажиллагааны зааварт заасан бол аюултай бодисыг саармагжуулах бодис хэрэгсэл, жолооч болон хариуцаж яваа ажилтныг хамгаалах нэг бүрийн хамгаалалтын хэрэгсэл.

- Амархан гал авалцах, хорт хийн ачаа болон хүчтэй үйлчилгээтэй хортой, цацраг идэвхит, халдварт өвчний нян бүхий ачааг тээвэрлэх тээврийн хэрэгсэл "Орохыг хориглоно" /Замын хөдөлгөөний дүрмийн 2.1/ тэмдгийг аюул ослын үед хэрэглэхээр хоёр ширхэг авч явна.

6.15. Аюултай ачаа тээвэрлэх үед түүний сав баглаа боодлын битүүмж алдагдсанаас зогсох шаардлага гарч бусад хүмүүс, тээврийн хэрэгсэлд аюул учирсан тохиолдолд уг аюултай ачааг тээвэрлэж яваа тээврийн хэрэгслээс хоёр тийш 100 м зайд "Орохыг хориглоно" тэмдгийг байрлуулна.

6.16. Зам тээврийн осол болон түүнтэй адилтгах бусад осол аюулын үед тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгслээр ачаа зорчигч тээвэрлэх дүрмийн заалтыг баримтлан ажиллахаас гадна дор дурьдсан үүргийг биелүүлэн ажиллана. Үүнд:

- Шаардлагатай үед галын тусламжийн дуудлага өгсөн байх.

- Ослын аюултай талбайг тэмдэглэн зааглаж гадны хүмүүсийг өртөхөөс хамгаалах.

- Цагдаагийн, эмнэлгийн болон бусад албаны ажилтнуудыг ирэх үед тээврийн баримт бичгээ шалгуулан тээж яваа аюултай ачааны хор хөнөөлийн тухай таниулах.

6.17. Тээвэрлэлтийн үйл ажиллагааг гүйцэтгэх үөдээ тээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтыг хангаж явах, аюултай ачааны марк тэмдэг, ломбын бүрэн бүтэн байдлыг хариуцна.

6.18. Тээврийн хэрэгслийн жолоочид жолоодлогын үед дор дурьдсан үйлдэл хийхийг хориглоно. Үүнд:

- Тээврийн хэрэгслийг байрнаас нь огцом хөдөлгөх.

- Огцом тоормослож зогсоох.

- Хөдөлгүүр, хурдны хайрцаг, зөөлөн холбоог салгаж явах.

- Тэсэрч дэлбэрэх, амархан гал авалцах аюултай ачааг тээвэрлэх үед тээврийн хэрэгслийн орчимд тамхи татах.

- Тэсэрч дэлбэрэх, амархан гал авалцах аюултай ачааг тээвэрлэх үед тээврийн хэрэгслээс 100 м-ээс ойр зайд гал түлэх.

- Аюултай ачааг хариуцаж яваа ажилтны эзгүй хойгуур онцын шалтгаангүйгээр тээврийн хэрэгслийг түр орхин явах.

6.19. Тээвэрлэлтийн баримтанд бичигдээгүй ачааг тээвэрлэх, аюултай ачааг хариуцан яваа ажилтнаас ангид зорчигч тээвэрлэхийг хориглоно.

6.20. Аюултай ачааны тээвэрлэлтийг хариуцаж яваа ажилтны болон хамгаалалтын хүмүүс тухайн ачааг дагалдаж яваа болохыг гэрчилсэн баримт, гэрчилгээг авч явахаас гадна тээврийн хэрэгслийн замын хуудсанд овог нэрээ тэмдэглүүсэн байна.

6.21. Аюултай ачааны тээвэрлэлтийг хариуцаж яваа ажилтан болон хамгаалалтын хүмүүс холбогдох албаны заавар болон аюултай ачааны аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллана.

 

7. Бусад аюултай ачааны жагсаалт

7.1. Тэсэрч дэлбэрэх бодисууд:

1. АДХ загварын даралтын аккумуляторууд

2. Акватолууд

3. Аквонитууд

4. Алюмотолууд

5. Аммоналууд

6. 6ЖП, ПЖВ-20, Т-19 загварын аммонитууд

7. Пластик дэлбэрэх бодисууд

8. Нитроэфир орсон найрлага бүхий угленит, детонит, победит загварын тэсрэх бодисууд

9. Гексоген

10. Граммоналууд

11. Граммонитууд

12. Гранитолууд

13. Гренулитууд

14. Гранулотол

15. Детонаторууд

16. Динафталитууд

17. Сумнууд

18. Дарь

19. ПР, КПРУ загварын перфораторууд

20. Дохионы, мөндөр эсэргүүцэх болон бусад пуужингууд

21. КЗДШ загварын детонацийн реле

22. Тетрил

23. Тротил

24. Тэн (пентаэритриттетранитрат)

25. Төмөр замын дохионы бамбар, петард

26. Фальшфейерүүд

27. Фейерверкүүд

28. Утааны хөвөгч шашкүүд

29. Термомуфелийн шашкүүд

30. Ш-200, ТП-400, ТГ-500, ЛЗ-2 загварын шашкууд

31. ДША, ДШВ, ДШЭ, ДШТТ загварын тэсэлгээний олснууд

32. Аж ахуйд хэрэглэх бусад тэсэрч дэлбэрэх бодис, эдлэлүүд

7.2. Хүчтэй үйлчилгээтэй хорт бодисууд:

1. Алдрин

2. Мышьякийн ангидридүүд

3. Цианий бари

4. Бруцин

5. Дилдрин

6. Цианий кадмий

7. Цианий калий

8. Цианий кальций

9. Синилийн хүчил

10. Цианий зэс

11. Меркаптофос

12. Цианий натрий

13. Никотин

14. Акрилийн хүчлийн нитрил

15. Цианплан

16. Цианий тугалга

17. Цианий мөнгө

18. Стрихнин

19. Сулема

20. Фосфор

21. Хлорпикрин

22. Цинхонин

23. Этилмеркурфосфат

24. Этилмеркурхлорид

25. Бусад хүчтэй үйлчлэлтэй хорт бодисууд

 

 

ТӨГСӨВ.