МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код 43.020
Автоүйлчилгээ - Ангилал, Ерөнхий шаардлага |
MNS 5025:2001 |
Autoservice - Classification, General requirements |
Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2001 оны 3-р сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор батлав.
Энэхүү стандарт 2001 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчинтэй.
Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.
1. Зорилго
Энэхүү стандартын зорилго нь автоүйлчилгээний хүрээнд ажил, үйлчилгээг зохион байгуулах, нийтлэг шаардлага журам тогтооход төр, захиргааны болон бусад байгууллагаас хяналт тавих, ажил үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2. Хамрах ба хэрэглэх хүрээ
Энэхүү стандарт нь автоүйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон ажил, үйлчилгээнд тавих шаардлагыг тодорхойлно.
Энэхүү стандартыг автоүйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон автоүйлчилгээний чиглэлээр ажил, үйлчилгээнд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтан мөрдөнө.
3. Норматив ишлэл
3.1. Зохих стандартын үзүүлэлт, шаардлагаас ишлэл хийх, эсвэл иш татаж жагсааж бичих аль ч тохиолдолд дараахь стандартууд нь хамгийн сүүлчийн норматив баримт бичиг байх шаардлагатай.
1) MNS 4601:98, Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүн, техникийн үйлчилгээ, засварын тогтолцоо, тодорхойлолт
2) MNS 4598:98, Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага
3) MNS 5011:2001, Автотээврийн хэрэгслийн техникийн байдлын үзлэг хийх заавар, ерөнхий шаардлага
4) MNS 5013:2001, Бензинээр ажилладаг хөдөлгүүртэй автомашины утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөх дээд хэмжээ ба хэмжих арга
5) MNS 5014:2001, Дизель хөдөлгүүртэй автомашины утааны тортогжилтын зөвшөөрөх дээд хэмжээ ба хэмжих арга
4. Нэр томъёо, тодорхойлолт
4.1. Энэхүү стандартад хэрэглэсэн нэр томъёог доор дурьдсан утгаар ойлгоно.
4.1.1. Автоүйлчилгээ: Автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг оношлох, үйлчилгээ, засвар хийх, хадгалах, шатахуун, тосолгооны болон ашиглалтын бусад материал, сэлбэгээр хангах, цэнэглэх, худалдах, мэдээллээр хангах, мэргэшүүлэх сургалт явуулахтай холбогдсон эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа.
4.1.2. Автоүйлчилгээний байгууллага: Автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг оношлох, үйлчилгээ, засвар хийх, хадгалах, шатахуун, тосолгооны болон ашиглалтын бусад материал, сэлбэгээр хангах, цэнэглэх, худалдах болон мэдээллээр хангах, сургалт явуулахтай холбогдсон үйл ажиллагаа эрхлэх шаардлага, техникийн нөхцөлийг хангасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн.
4.1.3. Технологи: Үйлдвэрлэлийн ажиллагааг хэрэгжүүлэх арга, хэрэгслийн талаархи мэдлэгийн цогц.
4.1.4. Технологи ажиллагаа: Аливаа ажил, үйлчилгээний ажилбарыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэх тогтоосон дараалал.
4.1.5. Ажилбар: Автомашины аль нэг агергат, зангилаа, системийн засвар, үйлчилгээг гүйцэтгэх дэс дараалсан үйлдлийн цогц.
4.1.6. Технологийн карт: Автоүйлчилгээний технологи ажиллагаанд тулгуурласан тухайн автоүйлчилгээний ажил үйлчилгээг гүйцэтгэх ажилбар, шилжвэр, үйлдлийн дараалалд шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажлын зэрэг, хугацааг нэг бүрчлэн хүснэгтлэн жагсаасан, шаардлагатай тохиолдолд схемчлэн үзүүлсэн техникийн баримт бичиг.
4.1.7. Засварчин: Автоүйлчилгээний байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээний технологи ажиллагааг гүйцэтгэх мэргэшсэн ажилтан.
4.1.8. Ажлын байр: Ажилчин хүн тодорхой ажилбарыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай технологийн тоног төхөөрөмж, багаж, нэмэлт хэрэгслээр тоноглосон ажиллах орчин.
5. Автоүйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавих шаардлага
5.1. Автоүйлчилгээний байгууллагыг тэдгээрийн ажил, үйлчилгээний хэлбэр, төрлөөс хамааруулж доорх байдлаар ангилна. Үүнд:
1) Автомашины техникийн үйлчилгээ, засвар хийх
2) Автомашины техникийн байдлыг оношлох, дүгнэлт тодорхойлолт гаргах
3) Автомашин, түүний сэлбэгийн худалдаа - үйлчилгээ эрхлэх
4) Автомашин угаах, шатахуун, тосолгооны болон ашиглалтын бусад материалаар хангах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх
5) Автотээврийн хэрэгслийг хадгалах болон автомашин, түүний агергат, зангилааг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх
6) Судалгаа туршилт, сургалт, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх
5.2. Автоүйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд (цаашид авто үйлчилгээ эрхлэгч гэнэ) тавих нийтлэг шаардлага
5.2.1. Нутаг дэвсгэрийнхээ бүртгэх байгууллагад тогтоосон журмын дагуу бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.
5.2.2. Эрхлэх ажил, үйлчилгээний нэр төрөл, үйл ажиллагаа явуулах хугацааг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэн байгуулах гэрээнд тодорхой заасан байна. Гэрээ нь хүчин төгөлдөр байна.
5.2.3. Эрхлэх ажил, үйлчилгээ хүрээлэн байгаа орчин, оршин суугчдад сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй, галын болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, хөдөлмөрийн эрүүл ахуй, тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатай.
5.2.4. Техникийн аюулгүй ажиллагаа, үйлчилгээний соёл, ариун цэвэр, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалалын заавар, журам тогтоож мөрдөнө.
5.3. Автоүйлчилгээ эрхлэгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын доорхи барилга, байгууламж, техникийн баазтай байна.
- Үйлдвэрлэл, үйлчилгээний байр, зогсоол талбай
- Технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
5.3.1. Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга, байгууламжид тавих шаардлага
5.3.1.1. Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга, байгууламж түүний инженерийн шугам сүлжээ нь автоүйлчилгээний үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад зайлшгүй шаардлагатай барилгын норм ба дүрэм 2.0802-89-д заасан норматив шаардлагыг хангасан, хөдөлгүүрийн ажилласан хийг зайлуулах, агааржуулах, гэрэлтүүлэх, дулаацуулах систем, галын аюулгүйн багаж хэрэгслээр бүрэн хангагдсан, тэдгээр нь хэвийн ажиллагаатай байна.
5.3.1.2. Галын аюулгүйн шаардлагын дагуу галын цэгийг төлөвлөж байгуулсан, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу цэвэр, бохир усны системд холбогдсон, эсвэл тусгай байгууламжтай байна.
5.3.1.3. Ажилчдын хувцас солих болон амрах байр, бие засах газартай байна.
5.3.2. Зогсоол, талбайд тавих шаардлага
5.3.2.1. Зогсоол талбай нь автомашин тавихад зориулж тэгшилж цардсан байна.
5.3.2.2. Хөдөлгөөний урсгалыг хангасан автомашин явах болон явган хүний хатуу
хучилттай замтай байх шаардлагатай.
5.3.3. Технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл.
5.3.3.1. Автоүйлчилгээний байгууллага нь тухайн ажил, үйлчилгээний технологийн картад нэр заасан технологийн тоног төхөерөмж, багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон байна.
5.3.3.2. Автоүйлчилгээний технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь хөдөлмөр хамгаалал, аюулгүйн техникийн шаардлагыг бүрэн хангасан байхаас гадна өргөж тээвэрлэх, хэмжих, хянах багаж хэрэгсэл, өндөр даралтанд ажиллах тоноглол зэрэг нь тогтоосон журмын дагуу эрх бүхий байгууллагаар шалгуулж баталгаажуулсан байна.
5.3.3.3. Суурин ба зөөврийн тоноглол нэг бүрд ашиглалтын паспорт, бүртгэлийн
карт хөтөлсөн, аюулгүй ажиллагааны заавартай байна.
5.4. Автоүйлчилгээний ажилчдын ажил, амралтын дэглэмийг Монгол Улсын хөдөлмөрийн хуулийн дагуу зохицуулна.
6. Автоүйлчилгээний байгууллагын ажил, үйлчилгээнд тавих шаардлага
6.1. Автоүйлчилгээний байгууллагын ажил, үйлчилгээг төрөл, зориулалтаас нь хамааруулж доорхи байдлаар ангилна.
1) Автомашин, түүний агергат, зангилаа, системийн техникийн ерөнхий болон гүнзгийрүүлсэн оношлогоо, үйлчилгээ, засвар
2) Автомашины техникийн байдлыг оношлох, дүгнэлт, тодорхойлолт гаргах үйлчилгээ
3) Үйлдвэрлэгчийн баталгаат үйлчилгээ /Худалдахын өмнөх ба дараахь баталгаат үйлчилгээ/
4) Техникийн түргэн тусламжийн үйлчилгээ
5) Техникийн үйлчилгээ, засварын явуулын буюу дуудлагын үйлчилгээ
6) Автомашины зарим агрегат, зангилаа, эд ангийг их засвараар сэргээх үйлчилгээ
7) Автомашины сэлбэгийн худалдаа
8) Автомашины резин дугуйн засвар, дотор хаймар нөхөх, резин техникийн эд ангийн засвар, үйлчилгээ
9) Оёдол, доторлогоо хийх үйлчилгээ
10) Кузов засвар, гагнуур, төмрийн дархны үйлчилгээ
11) Автомашин угаах, шатахуун тосолгооны болон ашиглалтын бусад материалыг хангах, цэнэглэх, үйлчилгээ
12) Автотээврийн хэрэгслийг хадгалах, автомашин, түүний агергат, зангилаа, системийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
13) Судалгаа, туршилт, сургалт мэдээллийн үйлчилгээ
6.2. Автомашин, түүний агрөгат зангилаа, системийн оношлогоо, үйлчилгээ тохируулга засварын ажилд "Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний техникийн үйлчилгээ, засварын тогтолцоо, тодорхойлолт" MNS 4601:98 стандартад заасан шаардлагыг бүрэн хангасан байна.
6.3. Ажил, үйлчилгээ бүрийн онцлогт тохирсон технологийн карт, техникийн бусад баримт бичгийг боловсруулж мөрдөнө.
6.4. Ажил, үйлчилгээнд үндэслэлтэй тогтоосон үнэ тариф мөрдөнө.
6.5. Үйлчилгээндээ үйлчлүүлэгчийн автомашины суудал, эд анги зэргийг бохирдуулах, сэвтээхээс хамгаалах бүрээс, уут сав, арчих, цэвэрлэх, угаах материал хэрэглэнэ.
6.6. Гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний чанарт тодорхой хугацаанд баталгаа гаргана.
7. Ажлын байр
7.1. Ажлын байранд тухайн ажилбарыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу гаргасан ажиллах талбай, гэрэлтүүлэг, дулаацуулга, агааржуулалт, дуу чимээ, тоосжилт, чийгшил хэвийн хэмжээнд байна.
7.2. Технологийн картын дагуу шаардагдах технологийн тоног төхөөрөмж, багаж, нэмэлт хэрэгслээр иж бүрэн тоноглосон байна.
7.3. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон галын аюулгүйн анхааруулах тэмдэг, санамж тавьсан байна.
7.4. Автомашины агрегат, зангилаа, систем эд ангийг задлаж, засвар хийх нөхцөлд технологийн угаалга, тосгүйжүүлэх ажилбарыг заавал хийх шаардлагатай.
8. Автоүйлчилгээний байгууллагын боловсон хүчинд тавих шаардлага
8.1. Автоүйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний ажлыг хариуцаж ажиллах менежер, мэргэжилтэн нар нь эрхэлсэн ажлынхаа чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж үнэмлэх, гэрчилгээ авсан байна.
8.2. Засварчин
8.2.1. Автоүйлилгээний засварчин нь ерөнхий боловсролын 8, 10 дугаар ангийн боловсролтой, тусгай мэргэжлийн коллеж дүүргэсэн, автоүйлчилгээний төрөлжсөн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй, өөрийн эрхлэх ажил, үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн байна.
8.2.2. Ажлын байрныхаа технологийн тоног төхөөрөмж, багаж, нэмэлт хэрэгслийг бүрэн эзэмшсэн, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг судалж, аюулгүй ажиллах арга техникт суралцаж дадлагажсан байна.
8.2.3. Өөрийн гүйцэтгэх ажил үйлчилгээний технологи ажиллагаа, технологийн карт, бусад бичиг баримтыг судалж мэдсэн байна.
8.2.4. Ажлын байранд хөдөлмөр хамгаалал, аюулгүйн техникийн шаардлага хангасан хамгаалах хэрэгсэл, ажлын хувцсыг заавал өмсөж хэрэглэнэ.
8.2.5. Ажлын байрны дэг журам, эмх цэгцийг хариуцна.
ТӨГСӨВ.