МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.020

Оношлогооны төв. Ангилал.

Ерөнхий шаардлага

MNS 5044:2003

Vehicle Inspection Station - Classification,

General requirement

MNS 5044:2001-ийн оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 07-р сарын 07-ны өдрийн 33 тоот тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

1. Зорилго

Энэхүү стандартын зорилго нь автотээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын үзлэг явуулах ажлыг зохион байгуулах, нийтлэг шаардлага, журам тоггооход төр, захиргааны болон бусад байгууллагаас хяналт тавих, ажил үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 

2. Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь автотээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын үзлэг хийж, дүгнэлт гаргах эрх бүхий байгууллагын болон ажил үйлчилгээний шаардлагыг тодорхойлно.

Энэхүү стандартыг автотээврийн хэрэгслийн төхникийн байдлын хяналтын үзлэг хийх оношлогооны төвүүд болон тэдгээрийн ажил, үйлчилгээнд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтан мөрдөж хэрэглэнэ.

 

3. Норматив ишлэл

3.1. MNS 4601-98 Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүн, техникийн үйлчилгээ, засварын тогтолцоо, тодорхойлолт

3.2. MNS 4598:2003 Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага

3.3. MNS 4599:2003 Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлт

3.4. MNS 5013:2003 Бензин хөдөлгүүртэй автомашин - Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга

3.5. MNS 5014:2003, Дизель хөдөлгүүртэй автомашин - Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга

 

4. Нэр томъёо, тодорхойлолт

Энэ стандартад хэрэглэсэн нэр, томъёог доор дурьдсан утгаар ойлгоно.

4.1. Автотээврийн хэрэгсэл: Ачаа ба зорчигч тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл, мотоцикл.

4.2. Техникийн оношлол: Автомашин, түүний агрегат, зангилаа, системийг задлахгүйгээр техникийн байдлыг нь гаднах шинж, техникийн тоон үзүүлэлтээр тодорхойлох, үнэлэх үйл ажиллагаа.

4.3. Техникийн байдлын хяналтын үзлэг: Автотээврийн хэрэгсэл хөдөлгөөний болон экологийн аюулгүйн шаардлагыг хэрхэн хангаж байгааг тодорхойлж шалгах үйлдэл. Техникийн хяналтын үзлэгийг техникийн болон оношлолын үзүүлэлт, аргачлал дээр тулгуурлан хийх бөгөөд оношлогооны тоноглол, багаж хэрэгсэл ашиглан тээврийн хэрэгслийг, эсвэл түүний иж бүрдлийг задлахгүйгээр оношилно.

4.4. Оношлогооны төв: Автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгаж үзлэг хийх, техникийн хяналтын гэрчилгээ олгох, автотээврийн хэрэгсэл эзэмшигчдэд заавар, зөвлөгөө өгч, дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага.

 

5. Нийтлэг шаардлага

5.1. Оношлогооны төв нь автомашин, түүний агрегат, зангилаа, системийн техникийн байдлыг шалгах, үзлэг хийхэд хэмжих, оношлох, тоноглол багаж хэрэгсэл, эсвэл шалгах ажлын технологийн дараалал нь харилцан адилгүй байж болох боловч гаргасан дүгнэлт нь ижил нөхцөл, шаардлагыг хангана.

5.2. Оношлогооны төв нь техникийн байдлын хяналтын үзлэгийн технологийн карт, техникийн шаардлагатай бусад бичиг, баримтыг боловсруулж мөрдөнө.

 

6. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх байгууллагын ангилал

6.1. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх байгууллагыг зориулалтаар нь:

а. Шалгаж баталгаажуулах лаборатори

б. Оношлогооны төв гэж ангилна.

6.1.1. Шалгаж баталгаажуулах лаборатори нь автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг оношлох тоноглол, багаж хэрэгслийн хэмжилтийн алдаа, нарийвчлалыг тодорхойлох, харьцуулалт хийх боломж бүхий олон улсын хэмжилзүйн стандартын шаардлага хангасан, эталон багаж хэрэгсэл, тоноглолтой, ижил нөхцөлтэй оношлогооны төвүүдийн оношлох багаж хэрэгсэл, тоноглолыг шалгаж баталгаажуулах, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах эрх бүхий байгууллага байна.

6.1.2. Оношлогооны төвийг техникийн хяналтын үзлэг явуулах хэлбэрээс нь хамааруулж доорхи төрөлд ангилна.

- суурин

- явуулын.

6.1.2.1. Оношлогооны суурин төв нь автомашин олноор төвлөрсөн, автозамын хөдөлгөөний нягтрал ихтэй, экологийн шаардлага өндөр тавигддаг хот, суурин газрын нутаг дэвсгэрт автотээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын үзлэгийг суурьшсан нөхцөлд явуулна.

6.1.2.2. Оношлогооны явуулын төв нь автотээврийн хэрэгслийн тоо харьцангуй цөөн, хөдөлгөөний нягтрал багатай, хот суурин газраас алслагдсан нутагт автотээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын үзлэгийг хөдөлгөөнт, нүүдлийн нөхцөлд явуулна.

6.1.3. Оношлогооны төв нь дээрх 2 төрлийн аль нэгээр дагнасан, эсвэл хослосон хэлбэрээр байж болно. Автотээврийн хэрэгслийн төрлөөр ачааны болон суудлын, тусгай зориулалтын автомашины, автобусны гэх мэт төрөлжсөн, эсвэл хослосон хэлбэрийн байж болно.

6.2. Оношлогооны төв нь техникийн хяналтын үзлэг хийх зориулалтын доорхи техникийн бааз, барилга байгууламжтай байна. Үүнд:

- технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл,

- үйлдвэрлэл, үйлчилгээний байр, зогсоол талбай.

6.2.1. Технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл

6.2.1.1. Оношлогооны төв нь автомашин, түүний агрегат, зангилаа, системийн техникийн байдлыг шалгаж, оношлоход шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр технологийн картын дагуу тоноглогдсон байна.

6.2.1.2. Оношлогооны төвд зайлшгүй байх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тэдгээрт тавих шаардлага 1-р хүснэгтэд заасны дагуу байна.

 

Оношлогооны явуулын болон суурин төвийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавих шаардлага

Хүснэгт 1

д/д

Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нэр

Зориулалт

Техникийн шаардлага

1

Дугуйн хийн даралт хэмжигч

Дугуйн хийн даралт хэмжинэ

Хэмжих хязгаар: 0-2000 Па

Хэмжих нарийвчлал: 10 Па

Хэмжилтийн алдаа: 5%

2

Тоормосны стенд

Тоормосны идэвхжилийг хэмжинэ

Тэнхлэгт оногдох даралт:

Ачааны автомашинд - 12000 кг

Суудлын автомашинд - 3500 кг

Хэмжих нарийвчлал: 10 daN

Хэмжилтийн алдаа: 5%

3

Дугуйн хээний гүн хэмжигч

Дугуйн хээний гүн хэмжинэ

Хэмжих нарийвчлал: 0,1 мм

Хэмжилтийн хязгаар: 0-30мм

4

Урд гэрлийн тусгал хэмжих багаж

Их гэрлийн тусгалыг тохируулна

Хэмжилтийн хязгаар:

дээд/доод: 3°/3°

баруун/зүүн: 3°/3°

гэрлийн тусгалын чадал: 0-50000 cd

5

Бензин хөдөлгүүрийн утаа хэмжигч (газоанализатор)

Хөдөлгүүрийн ажиллагаан дахь

- нүүрс төрөгчийн дутуу исэл СО

 

Хэмжих нарийвчлал: 0,01%

Хэмжилтийн хязгаар: 0-9,99%

- нүүрстөрөгчийн давхар исэл СО2

Хэмжилтийн хязгаар: 0-19,9%

Хэмжих нарийвчлал: 0,1%

- нүүрсустөрөгч СН

Хэмжилтийн хязгаар: 0-10000 ррm

Хэмжих нарийвчлал: 10.0 ррm

- хүчилтөрөгч 02

Хэмжилтийн хязгаар: 0-25%

Хэмжих нарийвчлал: 0,01%

- тосны температур, С°

Хэмжилтийн хязгаар: -45 °С125°С Хэмжих нарийвчлал 2°С

- агаар, түлшний харьцаа, λ

Хэмжилтийн хязгаар: 0,50-2,50

Хэмжих нарийвчлал: 0,01

- тахир голын эргэлтийн давтамж

Хэмжилтийн хязгаар: 0-6000 эрг/м

Хэмжих нарийвчлал: 100 эрг/мин

6

Дизель хөдөлгүүрийн утаа хэмжигч

Дизель хөдөлгүүрийн утаа хэмжинэ

- тортогжилт

Хэмжих нарийвчлал: 1,0%

Хэмжилтийн хязгаар: 0-100%

40-60% хэмжилтийн хязгаартай, нягтрал сайтай шүүр, хяналтын микропроцессортой, хэмжилтийн бүх боломжийн мэдрүүртэй,

- утааны температур °С

Хэмжилтийн хязгаар - 0-125 °С

Хэмжих нарийвчлал - 2 °С

- тахир голын эргэлтийн давтамж

Хэмжилтийн хязгаар: 0-6000 эрг/мин

Хэмжих нарийвчлал - 100 эрг/мин

7

Шуугиан хэмжигч (виброметр)

Дуу чимээний түвшинг хэмжихдээ А аргыг хэрэглэнэ

Хэмжилтийн хязгаар:

өндөр түвшинд: 70-140 Дб

нам түвшинд: 30-90 Дб

Хэмжих нарийвчлал: 1.0 Дб

8

Өргүүр

Үзлэгийн үед суудлын автомашиныг өргөнө (нийт 3500 кг хүртэл жинтэй)

Өргүүр:

өргөх даац: 4000 кг

өргөх өндөр: 1800 мм

Домкрат:

өргөх даац: 2600 кг

өргөх өндөр: 250 мм

9

Сувгийн өргүүр

Хүнд даацын ачааны автомашины тэнхлэг өргөнө

өргөх даац: 10000 кг

өргөх өндөр: 500 мм

6.2.2. Оношлогооны явуулын төв тусгай зориулалтын битүү тэвштэй, техникийн хяналтын зориулалтаар тоноглогдсон автомашин байна.

6.2.2.1. Оношлогооны явуулын төв тэжээлийн өөрийн эх үүсвэртэй, өвөл зуны аль ч улиралд ашиглах боломжтой, гэрэлтүүлэх, дулаацуулах, агааржуулах төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

Тайлбар: Тоормосны стенд нь тухайн автомашины тоормосны хүчийг дугуй тус бүр дээр хэмжих, дугуй тус бүрийн тоормосны хүчийг тодорхойлох боломжтой байна.

6.2.3. Хяналтын үзлэг явуулах барилга, байгууламжид тавих шаардлага

6.2.3.1 Хяналтын үзлэг хийх барилга байгууламж, түүний инженерийн шугам сүлжээ нь автотээврийн хэрэгслийн техникийн үзлэг явуулахад зайлшгүй шаардлагатай, "Автотээврийн ажил үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн норм" СНиП II-93-74-Д заасан норматив, шаардлагыг хангасан, хөдөлгүүрийн утаа зайлуулах, агааржуулах, гэрэлтүүлэх, дулаацуулах систем, галын аюулгүйн багаж хэрэгслээр бүрэн хангагдсан, тэдгээр нь хэвийн ажиллагаатай байна.

6.2.3.2. Галын аюулгүйн шаардлагын дагуу цэвэр, бохир усны системд холбогдсон, эсвэл тусгай байгууламжтай байна.

6.2.3.3. Ажилчдын хувцас солих болон амрах байр, бие засах газар, гар угаах газартай байна.

6.2.4. Зогсоол, талбайд тавих шаардлага

6.2.4.1. Зогсоол талбай нь автомашин тавих зориулалтаар тэгшилж, цардсан байна.

6.2.4.2. Хөдөлгөөний урсгалыг хангасан автомашин болон явган хүн явах хатуу хучилттай замтай байна.

 

7. Оношлогооны суурин болон явуулын товд ажиллах мэргэжлийн боловсон хүчинд тавих шаардлага

7.1. Оношлогооны суурин болон явуулын төвийн дарга, эрхлэгч, ерөнхий менежерүүдийн аль нэг нь зөвлөх юм уу мэргэшсэн инженерийн, инженер техникийн ажилтнууд нь мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж үнэмлэх, гэрчилгээ авсан байна.

7.2. Оношлогооны суурин болон явуулын төв нь үндсэн мэргэжлийн доорхи инженер-техникийн ажилтнуудтай байна.

- Техникийн хяналтын үзлэгийн техникч

- Техникийн хяналтын үзлэгийн инженер.

7.2.1. Техникийн хяналтын үзлэгийн техникч нь автотээврийн хэрэгслийн бүх төрлийн хийц, загварыг оношлогооны тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглан техникийн байдлын хяналт явуулж, мөн нүдээр үзэж шалган онош тавьж, дүгнэлт гаргах, мэргэжлийн ур чадвар дадлага, туршлага бүхий автотээврийн техникч-механикч, инженерийн мэргэжлийн үнэмлэхтэй, мэргэжлээрээ тасралтгүй 2-оос дээш жил ажилласан, автомашины техникийн хяналтын үзлэг хийх эрх, гэрчилгээ авсан байна.

7.2.2. Техникийн хяналтын үзлэгийн инженер нь автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг оношлогооны тоног төхөөрөмжийн тусламжтай болон нүдээр үзэж шалган оношлох, дүгнэлт гаргах, мэргэжлийн ур чадвар дадлага, туршлага эзэмшсэн, оношлогооны төвийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг бүх тоног төхөөрөмж, инженерийн хангамж, удирдлагын хувьд бүрэн хангах чадвар бүхий автотээврийн инженер-механикч, техникийн ухааны магистр юм уу зөвлөх инженерийн зэрэгтэй, мэргэжлээрээ тасралтгүй 3-аас дээш жил ажилласан, мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж, автотээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын үзлэг хийх эрх, гэрчилгээ авсан байна.

 

 

ТӨГСӨВ.