МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.020

Нийтийн таксийн үйлчилгээ

Ангилал ба тодорхойлолт. Ерөнхий шаардлага

MNS 5122:2002

Public taxi service

Classification and Definition. General requirements

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн 2002 оны 03-р сарын 28-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь 2002 оны 04-р сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын бүх норматив шаардлагыг заавал мөрдөнө.

 

1. Зорилго

Энэхүү стандарт нь хот дотор болон хот орчмын, хот хоорондын харилцаанд нийтийн таксийн үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих, ажил үйлчилгээний нийтлэг шаардлагыг тогтооно.

 

2. Хамрах ба хэрэглэх хүрээ

Энэхүү стандарт нь нийтийн таксийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага болон таксийн үйлчилгээнд тавих шаардлагыг тодорхойлно.

Уг стандартыг таксийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хэрэглэнэ.

 

3. Норматив ишлэл

- MNS 4598:98 Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага.

- MNS 5012:2001 Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, тодорхойлолт, ангилал, ерөнхий шаардлага.

- MNS 5013:2001 Бензинээр ажилладаг хөдөлгүүртэй автомашин - Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга.

- MNS 5014:2001 Дизель хөдөлгүүртэй автомашин - Утааны тортогжилтын зөвшөөрөх дээд хэмжээ ба хэмжих арга.

- MNS 4599:98 Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлт.

 

4. Нэр томъёо ба тодорхойлолт

4.1. Энэхүү стандартад хэрэглэсэн нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно.

4.1.1. Нийтийн таксийн үйлчилгээ - Нийтийн таксигаар зорчих, үйлчлүүлэх эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа.

4.1.2. Нийтийн такси - Нийтийн таксийн үйлчилгээ эрхлэн зорчигч тээвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүх төрлийн суудлын автомашин, бага оврын автобус.

4.1.3. Зорчигч - Нийтийн таксийн бүхээгт зорчиж байгаа хүн.

4.1.4. Тээвэрлэлт - Нийтийн таксигаар зорчигчийг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээ.

4.1.5. Хот хоорондын тээвэрлэлт - Нийтийн таксигаар хот, аймгийн нутаг дэвсгэр дамжин хийх тээвэрлэлт.

4.1.6. Хот дотор болон хот орчмын тээвэрлэлт - Тухайн хотын нутаг дэвсгэр түүний дагуул хотын хүрээнд нийтийн таксигаар хийх тээвэрлэлт.

4.1.7. Тээвэрлэгч - Нийтийн таксийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон журмын дагуу авсан аж ахуйн нэгж, байгууллага.

4.1.8. Нийтийн таксийн зогсоол - Нийтийн таксигаар үйлчлүүлэгчдэд зориулж тусгайлан тоноглосон, засч тэмдэгжүүлсэн талбай.

4.1.9. Нийтийн таксийн жолооч - Нийтийн таксийн жолоочоор ажиллаж байгаа хүн.

4.1.10. Кондуктор - Нийтийн зорчигч тээврийн замналын таксийн мөнгө хураагчаар ажиллаж байгаа хүн.

4.1.11. Замнал - Эцсийн ба төгсгөлийн цэгүүдийн хооронд замналын такси явах батлагдсан зам.

4.1.12. Хөдөлгөөний цагийн хуваарь - Замналын таксийг цаг хугацаагаар ашиглах хөдөлгөөний дэглэмийг тогтоосон техникийн бичиг.

 

5. Нийтийн таксийн үйлчилгээний ангилал, тавих шаардлага

5.1. Нийтийн таксийг үйлчлэх хүрээ, зориулалтаас хамааруулж хоёр ангилна. Үүнд:

1. Хот хоорондын зорчигч тээврийн

2. Хот дотор болон хот орчмын зорчигч тээврийн

5.2. Нийтийн таксийн үйлчилгээ нь хэрэглэгчийн хүсэлт, шаардлага ба хөдөлгөөний дэглэмээс хамаарч дараах төрөлтэй байна. Үүнд:

1. Ердийн (замналын бус)

2. Замналын

5.2.1. Ердийн гэдэг нь зорчигчийг тэдний хүсэлт, шаардлагын дагуу хөдөлгөөний замнал, буудал, цагийн хуваарь харгалзахгүйгээр “Хаалганаас хаалганд хүргэх” зарчмаар үйлчлэх үйлчилгээг хэлнэ.

5.2.2. Ердийн такси нь зориулалтын тоноглосон зогсоол, талбайгаас зорчигч авах, эсвэл зорчигчийн дуудлагаар үйлчлэх хэлбэрээр үйлчилнэ.

5.2.3. Дуудлагын үйлчилгээг цаг үеийн, байнгын гэж ангилна. Үүнд:

5.2.3.1. Цаг үеийн гэж хэрэглэгч тухайн хэрэгцээ шаардлагаар утсаар яаралтай эсвэл тодорхой хугацаа зааж урьдчилан захиалга өгөх үйлчилгээг хэлнэ.

5.2.3.2. Байнгын гэж хэрэглэгч гэрээний үндсэн дээр урт хугацаагаар үйлчлүүлэх үйлчилгээг хэлнэ.

5.2.4. Замналын гэдэг нь нийтийн такси батлагдсан замнал, хөдөлгөөний цагийн хуваарийн дагуу замналын эхний ба эцсийн цэгүүдийн хооронд тогтоосон тодорхой буудлуудад зогсож үйлчлэх үйлчилгээг хэлнэ. Замналын такси нь кондуктор (мөнгө хураагч)-той ажиллаж болно.

5.3. Нийтийн таксийн үйлчилгээнд хөдөлгөөний хурд хэтрүүлэх, техникийн тодорхойлолтод зааснаас илүү хүн суулгах, зориулалтын бус тээврийн хэрэгсэл ажиллуулахыг хориглоно.

5.4. Нийтийн таксийн бүхээгт байгууллагын хаяг, жолоочийн өнгөт зураг, овог нэр, автомашины улсын ба гараашийн дугаар, үйлчилгээний үнийн тухай тэмдэглэл зэргийг байгууллагын нэрийн хуудсанд бичиж зорчигчид харагдахаар хөдөлгөөнгүйгээр байрлуулна.

5.5. Байгууллагын нэрийн хуудас нь 120х80мм хэмжээтэй, эдэлгээ даахуйц цагаан цаасан дээр тод өнгийн бичээстэй байна.

5.6. Хот хоорондын болон хот орчмын зорчигч тээвэрлэлтэд биеэ авч явах чадваргүй бага насны хүүхэд, хүнд өвчтөн, сэтгэл мэдрэлийн өвчтэй эсвэл тахир дутуу, хараагүй зэрэг хүмүүс өөрийн асран хамгаалагчтайгаар үйлчлүүлнэ.

5.7. Хараагүй, тахир дутуу, жирэмсэн, нялх хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхэд, өндөр настан зэрэг хүмүүсийг нийтийн таксид суулгах, буулгахад жолооч анхаарал тавьж тусална. Мөн замд такси эвдэрсэн тохиолдолд зорчигчийг өөр таксинд суулгаж өгөх үүрэгтэй.

5.8. Нийтийн таксийн жолооч, зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй гэмт халдлагаас сэргийлэх зорилгоор нийтийн таксийг шуурхай холбооны хэрэгслээр хангаж тоноглосон байна. Жолооч, зорчигчийн суудлыг заагласан хаалттай байж болно.

 

6. Нийтийн таксийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавих шаардлага

6.1. Тээвэрлэгч нь нутаг дэвсгэрийнхээ эрх бүхий байгууллагад тогтоосон журмын дагуу бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээтэй байна.

6.2. Ердийн таксийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь дүрмийн санд бүртгэгдсэн өөрийн өмчийн тээврийн хэрэгсэлтэй байна.

6.3. Нийтийн таксийн үйлчилгээнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн байдлын хяналтын улсын үзлэг, тооллогод оруулж замын хөдөлгөөнд оролцох гэрчилгээ авсан байна.

6.4. Нийтийн таксийн үйлчилгээний төрөл, үйл ажиллагаа явуулах хугацааг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дүрэмд тодорхой заасан байна.

6.5. Ердийн таксийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага техникийн аюулгүй байдлыг хангасан, өнгө үзэмж сайн, бусад тээвэрлэгчээс ялгагдах нэг өнгийн тээврийн хэрэгсэлтэй байх бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад 30-аас дээш тээврийн хэрэгсэлтэй байна.

6.6. Тээвэрлэгч нь өөрийн өмчийн эсвэл түрээсийн хэлбэрээр ашиглах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий дор дурдсан барилга байгууламжтай байна. Үүнд:

1. Техникийн оношлогоо, үйлчилгээний болон засварын байр.

2. Дулаан гарааш (таксийн 60-аас доошгүй хувийг дулаан гараашид хадгална).

3. Угаалгын цэг.

6.7. Техникийн оношлогоо, үйлчилгээ, засварын байр, дулаан гараашийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, технологийн тоног төхөөрөмж нь Барилгын норм ба дүрэмд заасан шаардлагыг хангасан байна.

6.8. Нийтийн таксийн 10-аас 15 хэрэгсэлд техникийн оношлогоо, үйлчилгээ, засварын тоноглосон суваг болон өргүүр нэгээс доошгүй байна.

6.9. Дуудлагаар ажиллах таксийн жолооч, диспетчер нь амралтын болон ажлын өрөөтэй байх ба тэдгээрт зориулсан ариун цэврийн өрөөтэй байна.

6.10. Нийтийн таксийн жолоочийн ажил, амралтын дэглэмийг Монгол Улсын хөдөлмөрийн тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

6.11. Нийтийн таксийн үйлчилгээний жолооч нар нэг загварын дүрэмт хувцастай байна.

 

7. Нийтийн таксийн техникийн байдалд тавих шаардлага

7.1. Нийтийн такси нь зорчигчдын ая тухтай, аюул осолгүй зорчих, аялах нөхцөл бүрдсэн, техникийн хувьд бүрэн, MNS 4598:98 “Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний техникийн байдалд тавих шаардлага” стандартын 3 ба 4-р зүйлд заасан нийтлэг ба нэмэгдэл шаардлагуудыг бүрэн хангасан байна.

7.2. Ердийн үйлчилгээний нийтийн таксид гэрлэн хаяг, таксийн таних “цоохор” тэмдэг, аж ахуйн нэгжийн эмблем, харилцах телефон утасны болон автомашины гараашийн дугаарыг нэгэн жигд тавьж, таксиметрээр тоноглосон байна.

7.3. Нийтийн таксийн гэрлэн хаяг нь урд ба хойт талдаа “Taxi” гэсэн гэрэлтэх бичээс бүхий хийцтэй, шар, цагаан, ногоон, цэнхэр, хөх өнгийн аль нэгээр сонголт хийсэн байна.

7.4. Нийтийн таксийн таних “цоохор” тэмдэг нь 600х60мм хэмжээтэй байх бөгөөд доторхи шоонууд нь 30х30мм хэмжээтэй, цагаан ба цэнхэр өнгө алгасан хосолсон байна. (1-р зураг. А.Хавсралт)

7.5. Нийтийн таксийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын эмблем нь тухайн тээвэрлэгчийн таних тэмдэг, онцлогийг харуулсан байхын гадна 350х200мм хэмжээс бүхий хүрээнд багтсан байна.

7.6. Нийтийн таксийн гараашийн дугаарын бичээсний дэвсгэр нь симефортой ижил өнгийн 140х80мм хэмжээтэй, зууван хэлбэрийн байна. (2-р зураг. Б.Хавсралт)

7.7. Гараашийн дугаар болон телефон утасны дугаарын тоон үсгийн хэмжээ 45х30мм байна. (3-р зураг. Б.Хавсралт)

7.8. Нийтийн таксийн таксометр нь касс, нийт гүйлт, үүнээс төлбөртэй явсан гүйлт, зорчигч суултын тоог тоон үзүүлэлтээр заасан тоолууртай байна. (Зорчигчийг хүсвэл төлбөрийн тасалбар өгнө)

7.9. Таксометрийг хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын байгууллагаар жилд нэг удаа шалгуулж, баталгаажуулсан байна.

7.10. Замналын таксийн хоёр хажууд “Нийтийн тээвэр” гэсэн бичээс бүхий тууз байрлуулна. Туузны хэмжээ ба өнгийг 1-р хүснэгтээр үзүүлэв.

1-р хүснэгт

 

Хэмжээ, мм

өнгө

А. Тууз:

- Үсэг

- Дэвсгэр өнгө

2200х180

100х60

-

-

Хөх

Шар

Б. Чиглэлийн хаяг:

- Үсэгний өнгө

- Дэвсгэр өнгө

400х200

-

-

-

Хар

Шар

7.11. Ердийн таксийн жолооч зорчигчгүй яваа үедээ бүхээгний дотор салхины шилний баруун дээд хэсэгт ногоон гэрэл асааж явна.

7.12. Нийтийн таксийн үйлчилгээний зориулалттай тээврийн хэрэгслийн жолооны хүрд зөв талдаа байрлалтай байна.

7.13. Нийтийн таксийн үйлчилгээнд үйлдвэрлэгчийн баталгаагүйгээр угсарсан хуучин автомашин эсвэл үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно.

7.14. Нийтийн таксийг тэдгээрийн эдэлгээний болон насжилтын байдлаас хамааруулан техникийн байдлын хяналтын үзлэгт 2-р хүснэгтэд заасан журмаар оруулна.

2-р хүснэгт

Насжилт /жилээр/

Техник, хяналтын үзлэгт орох тоо

1-3 жилд

Хоёр жилд нэг удаа

4-6 жил

Жилд нэг удаа

7 жил, түүнээс дээш

Жилд хоёр удаа

 

8. Нийтийн таксийн зогсоол, талбайд тавих шаардлага

8.1. Нийтийн таксийн зогсоол, талбайг ашиглалтын байдлаар нь байнгын ба түр гэж ангилна.

8.1.1. Байнгын гэж нийтийн таксийн үйлчилгээний зориулалтаар тохижуулж тоноглосон цардмал талбай, зогсоолын тэмдэг болон зураглал, сандал, сүүдрэвч, гэрэлтүүлэг, зарлал сурталчилгааны үзүүлэн бүхий үйлчилгээний цэгийг хэлнэ.

8.1.2. Байнгын зогсоолыг диспетчерийн байр, холбоо мэдээллийн хэрэгслээр тоноглож болно.

8.1.3. Нийтийн таксийн байнгын зогсоол нь худалдаа үйлчилгээний цэг, салбарууд төвлөрсөн, зорчигч урсгал, хүн амын бөөгнөрөл ихтэй газруудын ойролцоо байршина.

8.1.4. Түр зогсоолыг хүн амын хөдөлгөөний урсгал, бөөгнөрөл харьцангуй багатай, албан байгууллага, үйлдвэр, худалдаа үйлчилгээний газруудын ойролцоох гол зам, гудамж талбайд зогсоол гаргаж байгуулна.

8.1.5. Нийтийн таксийн байнгын болон түр зогсоолыг тухайн хот аймгийн төр, захиргааны байгууллагын зөвшөөрлөөр байгуулах ба хөдөлгөөний аюулгүй байдлын болон автозамын ашиглалтын техникийн шаардлагыг бүрэн хангасан байхын зэрэгцээ хүн амын нийтийн таксигаар зорчих эрэлт хэрэгцээнд нийцүүлнэ.

8.1.6. Нийтийн таксийн зогсоолын тэмдэг нь хоёр талаас гэрэлтэн харагдахаар байна.

 

9. Нийтийн таксийн үйлчилгээний чанар, соёл, эрүүл ахуйн шаардлага

9.1. Тээвэрлэгч нь нийтийн таксийн үйлчилгээний хүрээ, зориулалт, замналын таксийн эцсийн болон дундын буудлууд, хөдөлгөөний цагийн хуваарь, үйлчилгээний үнэ хөлсний талаар нийтийн зорчигч тээврийн зохицуулах эрх бүхий байгууллагатай зөвшилцөж тохирно.

9.2. Тээвэрлэгч нь нийтийн таксигаар зорчигчдыг аюул осолгүй, тавлаг тохитой, соёлч шуурхай үйлчлэх нөхцөлийг бүрэн хангаж замналын таксийн хөдөлгөөний цагийн хуваарь, чиглэлийг хатуу баримтлан ажиллана.

9.3. Тээвэрлэгч нь зорчигчдыг шуурхай, осол аюулгүй үйлчлэхийн тулд техникийн эвдрэл, саатал гарсан тохиолдолд холбогдсон техникийн түргэн тусламж үзүүлэх, хяналт шалгалт хийхээс гадна, зар сурталчилгаа, холбоо мэдээллийн хэрэгсэлтэй байна.

9.4. Нийтийн такси тээврийн хэрэгсэл нь MNS 4598:98 стандартын шаардлагыг бүрэн хангасан байхын гадна угаах цэвэрлэх, арчих материал, эмийн сан, галын хороор хангагдсан байна.

9.5. Үйлчилгээнд гарахын өмнө нийтийн таксийн дотор, гадна талыг угааж, сандал, түшлэгийн бүрээс, бариул зэргийг арчиж цэвэрлэсэн байна.

9.6. Нийтийн таксийн үйлчилгээнд хөдөлмөр хамгааллын, техникийн, галын, хөдөлгөөний болон экологийн аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон стандартын хэмжээнд бүрэн хангасан байна.

9.7. Замналын таксийн кондуктор ажлын хувцастай байх ба өөрийн зураг, нэр бүхий хуудас энгэртээ зүүсэн байна.

 

10. Хүний нөөцийн хөгжилд тавих шаардлага

10.1. Нийтийн такси тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын энэ ажлыг шууд удирддаг албан тушаалтан нь автотээврийн мэргэшсэн инженерийн сургалтад хамрагдаж үнэмлэх, гэрчилгээ авсан байна.

10.2. Жолооч:

10.2.1. Жолооч нь жолоочийн мэргэжлийн В ба бусад ангилалтай, 3-аас дээш жил автомашины жолоочоор ажилласан, мэргэшсэн байна.

10.2.2. Жил бүр эрүүл мэндийн гүнзгийрүүлсэн үзлэгт хамрагдан, тодорхой хуваарийн дагуу таксийн үйлчилгээнд ажиллах чадварын үзлэгт орж байна.

10.2.3. Эзэмшиж байгаа автомашиныхаа өнгө, үзэмж, цэвэрлэгээ, тоормос, гэрэлтүүлэх, дулаацуулах систем, жолооны механизм, суудал түшлэг, эмийн сан, галын хор, бусад төхөөрөмж хэрэгслийн иж бүрдэл, бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хариуцна.

10.2.4. Хариуцсан автомашиндаа техникийн ерөнхий үзлэг хийж үйлчилгээнд гарна.

10.2.5. Гарааш, зогсоолоос гарах, орохдоо байгууллагын диспетчер, хяналтын механикч нарт жолоочийн үнэмлэх, замын хуудсаа бүртгүүлэх буюу хаалгана.

10.2.6. Таксийн үйлчилгээний жолооч нь харьцаа соёлч боловсон, хөнгөн шуурхай, хот, суурингийн хүн амын байршил, хотын зам, замналыг сайтар мэдэж судалсан байна.

10.2.7. Жолооч нь зорчигчид нийтийн такси дотор тамхи татах, архи уухыг хориглож шаардлага тавих ба өөрөө зорчигчтой яваа үед тамхи татах, бохь зажлахыг хориглоно.

10.2.8. Нийтийн таксийн спидометр, таксометргүй болон тэдгээр нь лац ломбогүй, баталгаажаагүй, эвдэрч гэмтсэн бол үйлчилгээнд гарахыг хориглоно.

10.2.9. Нийтийн таксид тухайн автомашины зориулалтын бус резин дугуй тавьж ашиглахыг хориглоно.

10.2.10. Нийтийн таксийн үйлчилгээний тогтоосон хүрээнд ажиллана.

10.2.11. Ердийн таксийн жолооч нь хотын газрын зураг, томоохон албан газар, зочид буудал болон цагдаа, гал команд, хүн эмнэлгийн түргэн тусламж зэрэг байгууллагуудын хаяг, телефон утасны лавлахтай байна.

10.2.12. Нийтийн таксийн бүхээгт тавих радио, хөгжмийн чанга сулыг зорчигчийн хүсэлтэд нийцүүлнэ.

10.3. Кондуктор:

10.3.1. Кондуктор нь холбогдох мэргэшлийн дамжаа дүүргэсэн, 18-аас дээш настай, эрүүл мэндийн шаардлага хангасан хүн байна.

10.3.2. Кондуктор соёлч боловсон харьцаатай, үнэнч шударга ажиллаж зорчигчидтой хөнгөн шуурхай, зарчимч шаардлага тавьж үйлчилнэ.

10.3.3. Замналын таксийн доторхи цэвэрлэгээг бүрэн хариуцаж ажил үйлчилгээнд гарна.

10.3.4. Зорчигчдод зогсох буудлуудыг зарлаж мэдээлнэ.

 

11. Зорчигчдод тавих шаардлага

11.1. Зорчигч нь таксигаар үйлчлүүлэхдээ үйлчилгээний хөлсийг төлнө.

11.2. Нийтийн таксийн суудал, суудлын бүрээс, хаалга бусад тоноглол төхөөрөмжийг эвдэж гэмтээхийг хориглоно.

11.3. Нийтийн таксид хамгаалалтын хэрэгсэлгүй нохой амьтан тээх, тэсэрч дэлбэрэх болон химийн хортой бодис, эвгүй үнэртэй зүйл, овор хэмжээ ихтэй ачаа, тээшийг бүхээг дотор болон бүхээгний дээрх ачааны хайсанд тээвэрлэхийг хориглоно.

11.4. Согтуу хүмүүсийг нийтийн таксигаар үйлчлэхгүй байж болно.

11.5. Нийтийн такси дотор тамхи татах, архи уух, хог хаях, жолоочтой ярьж анхаарал сарниулахыг хориглоно.

 

 

ТӨГСӨВ.

 

 

  

А.Хавсралт

 

Нийтийн таксийн таних “цоохор” тэмдэг

 

 

 

1-р зураг

 

 

 

 

Б.Хавсралт

 

Нийтийн таксийн гараашийн дугаарын хэлбэр, хэмжээс

 

 

 

2-р зураг

 

 

 

 

Тоон үсгийн шрифт

 

 

 

3-р зураг