МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код 03.080.30
Жуулчны автотээврийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага |
MNS 5231:2003 |
Service of tourist road transportation. General requirements |
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 02-р сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2003 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн хүчинтэй.
Энэ стандартын норматив ишлэл, нийтлэг шаардлагыг заавал мөрдөнө.
1. Зорилго
1.1. Энэхүү стандарт нь жуулчны автотээврийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагыг тогтооно.
1.2. Жуулчны автотээврийн үйлчилгээ эрхлэх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаа нь техникийн аюулгүй байдлыг хангасан автотээврийн хэрэгслээр жуулчдыг соёлтой, тав тухтай тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
2. Хамрах ба хэрэглэх хүрээ
2.1. Энэхүү стандарт нь жуулчны автотээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хамраана.
2.2. Уг стандартыг жуулчны автотээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, мөн жуулчны автотээврийн үйлчилгээнд хяналт тавих эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан мөрдөж хэрэглэнэ.
3. Норматив ишлэл
Энэ стандартад иш татан хэрэглэсэн дараахь баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн эх материалаас иш татаж хэрэглэнэ. Үүнд:
3.1. "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага" MNS 4598-98
3.2. "Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлт" MNS 4599-98
3.3. "Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, тодорхойлолт, ангилал, ерөнхий шаардлага" MNS 5012-2001
3.4. "Нийтийн таксийн үйлчилгээ, ангилал ба тодорхойлолт, ерөнхий шаардлага" MNS 5122:2002
3.5. "Хөдлөх бүрэлдэхүүний техникийн үйлчилгээ засварын тогтолцоо, тодорхойлолт" MNS 4601-98
4. Нэр томъёо, тодорхойлолт
4.1. Энэ стандартад хэрэглэсэн нэр томъёог дор дурьдсанаар ойлгоно:
4.1.1. "Жуулчин" - аялал жуулчлал хийж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн.
4.1.2. "Жуулчны автотээврийн үйлчилгээ" - жуулчдын автотээврийн хэрэгслээр аяллын хөтөлбөрийн дагуу зорчих, үйлчлүүлэх эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа.
4.1.3. "Жуулчны автотээврийн хэрэгсэл" - жуулчин тээвэрлэхэд зориулан тусгайлан тоноглосон автотээврийн хэрэгсэл.
4.1.4. "Жуулчны автотээврийн үйлчилгээ эрхлэгч" - жуулчдыг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн.
5. Жуулчны автотээврийн үйлчилгээнд тавих шаардлага
5.1. Жуулчны автотээврийн үйлчилгээг "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага" MNS 4598-98 стандартын шаардлага хангасан автотээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.
5.2. Автотээврийн хэрэгслийн суудалд ачаа тээвэрлэхийг хориглоно.
5.3. Ачаа, тээшийг тээшийн хонгил, ачааны хэсэгт ачих буюу дагалдан явах ачааны автомашинаар тээвэрлэнэ.
5.4. Автотээврийн хэрэгслийн бүхээг, зорчигчдын суух хэсэгт тэсэрч дэлбэрэх болон химийн бодис, зорчигчдын хувцсыг бохирдуулах, биед нь гэмтэл учруулж болох эд зүйл авч явахыг хориглоно.
5.5. Жуулчдыг аяллын үед 2 цаг тутамд түр амраах, 4.5-5 цаг тутамд хооллох үйлчилгээг үзүүлэхээр зогсолт хийнэ.
6. Жуулчны автотээврийн үйлчилгээ эрхлэгчдэд тавих шаардлага
6.1. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан байна.
6.2. Автотээврийн байгууллагын барилгын норм, дүрэм /БНбД/-ийн шаардлага хангасан дулаан гарааш, автомашины ил зогсоол талбай, засвар үйлчилгээний байр бүхий нөхцөлөөр хангагдсан байна.
6.3. Үйлчилгээний автотээврийн хэрэгслийн төхникийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.
6.4. Жолоочийг хариуцлагын даатгалд хамруулна.
6.5. Аяллын замнал, цагийн хуваарийг батлагдсан автозамын сүлжээг үндэслэн автотээврийн хэрэгслээр жуулчин тээвэрлэх үйлчилгээ эрхлэгч баталгаажуулна.
6.6. Жуулчны автотээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтын дэглэмийг "Хөдөлмөрийн тухай" Монгол Улсын хуульд нийцүүлэн зохицуулна.
6.7. Жолоочийг энгэрт зүүх нэр бүхий нэрийн хуудас, бээлий, тухайн байгууллагын билэгдлийг дүрсэлсэн ажлын хувцас, малгайгаар хангасан байна.
6.8. Тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гарах бүрт нь техникийн бүрэн байдлыг шалгаж, зөрчилтэй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
7. Жуулчны автотээврийн хэрэгсэлд тавих шаардлага
7.1. Автотээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг бүрэн хангасан, зөв талдаа жолооны хүрдтэй, халаалт болон агааржуулалтын тохируулагатай, харилцаа холбооны хэрэгсэл, тээшний зориулалтын хонгилтой байна.
7.2. Зорчигчийн суудал нь толгойн түшлэгтэй, бүрээстэй, байрлалыг нь өөрчлөх тохируулагчтай байна.
7.3. Автобус нь өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн, нялх хүүхэдтэй эхчүүд, тахир дутуу хүмүүст зориулсан тусгай суудалтай байх бөгөөд микрофон, зорчигчдын бүхээгийн нэмэлт гэрэлтүүлэг, цонхны хөшигтэй байна.
7.4. Автотээврийн хэрэгсэл нь урд болон ар талдаа англи, монгол хэл дээр "Tourist (Жуулчин)" гэсэн бичээс бүхий таних тэмдэгтэй байна. Уг таних тэмдэг нь дөрвөлжин хэлбэртэй, 250мм х 300мм хэмжээтэй, улаан хүрээтэй, хүрээний өргөн нь талын хэмжээний 1/10-тэй тэнцүү, бичээс нь цэнхэр өнгөтэй байна.
8. Жолоочид тавих шаардлага
8.1. Жолооч нь тухайн ангиллын автотээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй, 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгсэлд тохиолдсон эвдрэл гэмтлийг оношлох, хөнгөн гэмтлийг засварлах чадвартай байна.
8.2. Жолооч нь жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, дүгнэлт гаргуулсан байна.
8.3. Жолооч нь автотээврийн хэрэгслийн болзошгүй осол гэмтэл саатал, байгаль цаг агаарын давагдашгүй хүчин зүйлс тохиолдохоос бусад үед аяллын хөтөлбөрийг баримтална.
8.4. Жолооч нь хөдөлгөөний үед өөрийн анхаарлыг сарниулах дуу, хөгжмийн бичлэг сонсох, тамхи татах, гар утсаар болон бусад хүмүүстэй ярих, хөтөлбөрт тусгагдаагүй бол 2200-0600 цагийн хооронд зорчихыг хориглоно.
ТӨГСӨВ.