МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх, Ангилал, Ерөнхий шаардлага

MNS 5343:2003

The easily spoiling transportation, classification and conditions of technical requirement

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

1. Зорилго

Энэхүү стандартын эорилго нь хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлэлтийг зуучлах, зохион байгуулах, үйлчлүүлэх нийтлэг журам тогтооход төр, захиргааны болон бусад байгууллагаас хяналт тавих, ажил үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 

2. Хамрах хүрээ

2.1. Энэхүү стандарт нь хүнсний түргэн гэмтэх, болон эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлт эрхлэх, зуучийн үйлчилгээ үзүүлэх, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, мөн түргэн гэмтэх болон эмзэг ачааны тээвэрлэлт, ажил үйлчилгээнд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хамаарна.

2.2. Энэхүү стандартыг хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлт эрхлэх, зуучлагч, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, энэ хүрээнд боловсрол мэргэжил олгодог бүх байгууллага, хяналт тавих эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан мөрдөж хэрэглэнэ.

2.3. Төрөл бүрийн бялуу болон гурилан бүтээгдэхүүн, жимс, мах махан бүтээгдэхүүн, хиам, хагас боловсруулсан бүтээгдэхүүн (банш, бууз, котлет гэх мэт) жижиглэн савласан махыг үйлдвэр худалдааны газарт хадгалах, савлах, тээвэрлэх, борлуулахад мөрдөнө.

 

3. Норматив ишлэл

3.1. Энэхүү стандартад иш татаж хэрэглэсэн доорхи баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны эх материалаас иш татаж хэрэглэнэ:

1) Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага. MNS 4598:2003.

2) Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошго, ерөнхий шаардлага. MNS (САС) 4280-95.

3) Мах, дайвар бүтээгдэхүүнийг тээвэрлэх тухай заавар. БНМАУ-ын Тээврийн яам, БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны сайдын тушаал. Дугаар 260/231. Улаанбаатар хот. 1988 он.

4) Хиам, хагас бэлэн бүтээгдэхүүн, жижиглэн савласан махыг хадгалах, савлах, тээвэрлэх, нийлүүлэх, борлуулах. Ерөнхий нөхцөл. Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яам, Худалдаа бэлтгэлийн яам, Тээврийн яамны сайдын тушаал. Дугаар 235, 189, 190 1-р хавсралт.

 

4. Нэр томъёо тодорхойлолт

4.1. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг ачаа – физик, химийн болон шинж чанараа амархан алддаг хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүн.

4.2. Тусгай зориулалтын битүү тэвш, бүхээг – халуун, хүйтний тодорхой хэмжээг барьж бүтээгдэхүүний чанарыг тээвэрлэлтийн явцад алдагдуулахгүй хадгалж чадах битүү тэвш, бүхээг.

4.3. Тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл – ачааг гэмтээж муутгах, чанар байдлыг нь алдагдуулахгүйн тулд тусгаарлагч бүхий битүү тэвш, бүхээгтэй эсвэл эдгээр нь хөргөх юмуу хөлдөөх нэмэгдэл төхөөрөмжөөр тоноглогдсон тээврийн хэрэгсэл.

4.4. Суудлын пикап – 750 кг хүртэл ачаа ачих зориулалттай тусгаарлагч бүхий битүү тэвш бүхээгтэй, эсвэл эдгээр нь хөргөх юмуу хөлдөөх нэмэгдэл төхөөрөмжөөр тоноглогдсон тээврийн хэрэгсэл.

4.5. Тусгай зориулалтын фургон – тусгайлан тоноглосон нэмэгдэл төхөөрөмж бүхий бүхээгтэй ачаа ачих зориулалтын тээврийн хэрэгсэл.

 

5. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлтэд тавих шаардлага

5.1. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг тэдгээрийн физик, химийн шинж чанар, хэрэглээний зориулалт, гадна орчны нөлөөлөлд автагдах байдал, хадгалалтын болон тээвэрлэлтийн нөхцөл зэргээс хамааруулж доорхи ангилалд хуваана.

5.1.1. Мах, махан бүтээгдэхүүн:

- Хөлдөөсөн ба загсаасан бог, бодын мах, дайвар бүтээгдэхүүн

- Төрөл бүрийн хиам, боловсруулсан махан болон жижиглэн савласан бууз, банш, өндөг зэрэг бэлэн бүтээгдэхүүн

- Загсаасан болон хөлдөөсөн загас

- Шувууны мах

- Сүү, сүүн бүтээгдэхүүн

- Ариутгаагүй задгай болон жижиглэн савласан сүү

- Цөцгийн тос, тараг, зөөхий, аарц, ааруул, ээзгий, зайрмаг, айраг.

5.1.2. Архи, шар айраг, ундаа болон жимсний шүүс, рашаан болон ундны цэвэр ус (шил, нийлэг сав, лааз, хайрцаг, савтай).

5.1.3. Талх, жижиглэн савласан гурилан бүтээгдэхүүн.

5.1.4. Төмс, хүнсний ногоо (хайрцаг, савтай)

5.1.5. Жимс, жимсгэнэ (хайрцаг, шил, савтай)

5.1.6. Хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн

5.1.7. Бөөний болон жижиглэн савласан төрөл бүрийн чихэр.

5.2. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлтийн ерөнхий нөхцөл:

5.2.1. Гаднах орчны нөлөөллөөс (цас, бороо, чийг, нар, салхи, шороо, тоос гэх мэт) хамгаалах тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх.

5.2.2. Тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нь ачааг гэмтээж муутгахгүй, механик гэмтэлд оруулахгүй, чанар байдлыг нь алдагдуулахгүйн тулд хана, дээвэр, суурь хэсэг нь дулаан тусгаарлагч бүхий битүү тэвш, бүхээгтэй, эсвэл эдгээр нь хөргөх юмуу хөлдөөх нэмэгдэл төхөөрөмжөөр тоноглогдсон байх.

5.2.3. Тээвэрлэлтийн явцад ариун цэвэр, эрүүл ахуйн онцгой нөхцөл хангагдсан байх.

5.2.4. Түргэн гэмтэх ачааны физик химийн шинж чанар, хэрэглээний зориулалт, чанарыг тээвэрлэлтийн явцад хадгалах, үүний тулд зориулалтын тавиур, чингэлэг, тээвэрлэхэд зориулсан хайрцаг, сав хэрэглэх.

5.3. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлтэд доорхи шаардлага тавина. Үүнд:

5.3.1. Хөлдүү болон загсаасан богийн гулууз, бодын мөчилсөн махыг дулааны улиралд хөлдөөх төхөөрөмжөөр тоноглогдсон дулаан тусгаарлагч битүү тэвш, бүхээг бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр (өлгөөстэй) тээнэ.

5.3.2. Тусгай зориулалтын тэвшний доторхи тасалгаа нь гулууз махыг өлгөөстэй байдлаар тээвэрлэхэд зориулсан, тэвшнийхээ уртын дагуу гүйдэг дэгээ бүхий зэрэгцээ байршсан хөндлөвч нуруунуудтай байна.

5.3.3. Хүйтний улиралд бөөнөөр нядалсан бод, бог малын их хэмжээний махыг хол зайд тээхэд ердийн ачааны автомашины тэвшийг шороо тоос орохооргүй сайтар чигжиж, шалыг нь нимгэн мөстүүлэх, эсвэл 5,0 см-ээс багагүй зузаан цас дэвсэх, гулуузалсан махыг босоо байдлаар ачиж брезентээр битүү хучин эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасны үндсэн дээр тээнэ.

5.3.4. Махыг арьс шир, нэхий болон бусад түүхий эдтэй хольж тээхийг хориглоно.

5.3.5. Хагас боловсруулсан болон төрөл бүрийн амтат бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг хөргөх төхөөрөмжөөр тоноглогдсон зориулалтын битүү тэвш, бүхээг бүхий тээврийн хэрэгслээр (суудлын пикап, фургон)-аар тээнэ.

5.3.6. Төрөл бүрийн хиам, хүйтэн боловсруулалтын хүнсний ногоо, жимс, загасан бүтээгдэхүүнийг стандартын контейнер, хайрцаг, саванд, хөргөх төхөөрөмж бүхий битүү тэвш бүхээгтэй тээврийн хэрэгслээр тээнэ.

5.3.7. Хиам, утлагат бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын хөнгөн цагаан болон хуванцар саванд тээх бөгөөд давхарлан өрөхөд бүтээгдэхүүн савны ёроолд хүрэхгүйгээр үелүүлэн савлагдсан байна.

5.3.8. Үйлдвэрлэгч нь буузыг хөлдөөж зориулалтын уутанд 2,0-15 кг-аас ихгүй жинтэйгээр савлаж тээнэ.

5.3.9. Баншийг хөлдөөж стандартын дагуу зориулалтын уутанд савлаж тээнэ.

5.3.10. Котлетыг тусгай зориулалтын тавиур дээр пергамент цаас дэвсэн, 45 градусын налуугаар зэрэгцүүлэн өрж байрлуулан тээнэ.

5.3.11. Ангилсан, эвдэж жижиглэсэн махыг тусгай зориулалтын хөнгөн цагаан болон хуванцар саванд тээнэ.

5.3.12. Мах, махан бүтээгдэхүүн тээх зориулалтын савыг угааж, ариутгасан байна.

5.3.13. Гулууз мах, хиамыг зориулалтын бус саванд буюу автомашины тэвш, тэвшний хонгилд ил задгай ачиж тээвэрлэхийг хориглоно.

5.3.14. Стандартын контейнер, савтай жимс, хүнсний ногоо, ургамлын тосыг гэрэл, дулаан тусгаарлагч битүү тэвш бүхий зориулалтын тээврийн хэрэгслээр тээнэ.

5.3.15. Бөөнөөр нийлүүлэх сүүг тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр тээнэ.

5.3.16. Жижиглэн савласан сүү (цаасан болон полимер ууттай)-г стандартын бөөний саванд багцалж дулаан тусгаарлагч хана, дээвэр, шал бүхий битүү бүхээг тэвштэй зориулалтын тээврийн хэрэгслээр тээнэ.

5.3.17. Талх, гурилан бүтээгдэхүүний тээвэрлэлтэд доорхи шаардлага тавина.

а) Талх, нарийн боов тээх зориулалтын тээврийн хэрэгслийг өөр төрлийн ачааны тээвэрлэлтэд ашиглахыг хориглоно.

б) Талх, гурилан бүтээгдэхүүн тээх зориулалтын тээврийн хэрэгслийг ашиглалтын хугацаанд өдөр бүр сайтар угааж арчиж цэвэрлэнэ.

в) Батлагдсан хуваарь, графикийн дагуу тусгай шингэн, уусмалаар ариутгаж цэвэрлэнэ.

г) Талх, гурилан бүтээгдэхүүн тээх тээврийн хэрэгсэл нь зориулалтын битүү тэвш, бүхээгтэй, стандартын тусгай тавиураар тоноглогдсон байна.

 

6. Тээвэрлэгчид тавих шаардлага

6.1. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг техникийн хувьд бүрэн, иж бүрдэлтэй, хөдөлгөөний болон экологийн аюулгүйн шаардлагуудыг бүрэн хангасан, тусгай зориулалтын битүү тэвш бүхээг бүхий зориулалтын тээврийн хэрэгслээр тээнэ.

6.2. Тээвэрлэлтийн нөхцөл, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангана.

6.3. Тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн битүү тэвш, бүхээгт түргэн гэмтэх, эмзэг хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулах, эвгүй үнэр оруулах, тэсэрч дэлбэрэх болон химийн хортой бодис зэрэг ачаатай хольж тээвэрлэхийг хориглоно.

6.4. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, түүний битүү тэвш, бүхээгийг УМХА-тай тохирсон графикийн дагуу ариутгалыг зохих журмын дагуу хийнэ.

6.5. Талх, гурилан бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн тэвш, бүхээгийг өдөр бүр тусгай шүүр, сойз, тоос сорогчоор цэвэрлэнэ.

6.6. Тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл бүрийг угаах, ариутгах, цэвэрлэх, арчих хэрэгсэл, материалаар хангасан байна.

6.7. Тээвэрлэлт, ачиж буулгах явцад ачааны бүрэн бүтэн байдал, чанарыг алдагдуулахгүйн тулд стандартын баглаа боодол, сав хайрцаг, шошго, хаяг битүүмжлэл зэргийг урьдчилан хангуулж тээвэрлэлтэд хүлээж авна.

6.8. Нэмэгдэл төхөөрөмж, хэрэгслийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагын талаар улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулсан байна.

6.9. Түргэн гэмтэх, эмзэг хүнсний бүтээгдэхүүнийг стандартын контейнер, хайрцаг сав, баглаа, боодолгүй, ил задгай, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглоно.

6.10. Мах, махан бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, загас тээх зориулалтын тээврийн хэрэгслийн тэвш, бүхээгийн дотор талыг өдөр бүр халуун усаар угааж цэвэрлэнэ.

6.11. Цэвэрлэгээ, ариутгалын чанарыг шалгаж, магадлах хуудас жолоочид өгөх бөгөөд магадлах хуудасгүй, бүхээг нь угааж цэвэрлэгдээгүй бохир автомашинд бүтээгдэхүүн тээвэрлэхийг хориглоно.

 

7. Тээврийн хэрэгсэлд тавих шаардлага

7.1. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх хөдлөх бүрэлдэхүүн нь ердийн ачааны автомашины шасси дээр тусгай зориулалтын янз бүрийн хийц загварын, битүү бүхээг тэвш, тоноглож суурилуулсан хийцийн онцлогтой байх.

7.2. Тусгай зориулалтын битүү бүхээг, тэвшний хийц загварыг хүнсний түргэн гэмтэх, эмзэг ачааны ангилал, нэр төрөл, тоо хэмжээ, тээвэрлэлтийн зай, хөргөх төхөөрөмжийн хүч чадал зэргээс хамааруулж доорхи ангилалд хуваана:

7.2.1. Ердийн ачааны автомашины шасси дээр суурилуулсан хөргөх төхөөрөмжөөр тоноглогдсон, эсвэл дулаан тусгаарлагч дээвэр, хана, шал бүхий битүү бүхээг, тэвштэй.

7.2.2. Хөргөх төхөөрөмж, дулаан тусгаарлах дээвэр, хана, шал бүхий битүү бүхээг тэвштэй тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр дулааны улиралд халуун боловсруулалтын загасан бүтээгдэхүүн, загасан ба махан бэлдцүүд, төрөл бүрийн амтат бүтээгдэхүүн, цагаан идээг тээхэд гадна дулаан +25°, +28°С байхад тусгай зориулалтын тэвшний доторхи температур +2°, +4°С, хүйтэн боловсруулалтын бүтээгдэхүүнд -2°, -4°С байна.

7.3. Тусгай зориулалтын битүү бүхээг тэвшний хийц, хэлбэр нь доорхи шаардлагыг хангасан байна:

7.3.1. Тээвэрлэлтийн явцад хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүй, бүрэн хадгалж барих;

7.3.2. Дотор талыг угааж цэвэрлэх, арчих, ариутгал хийх боломжтой байх;

7.3.3. Цэвэрлэж үйлчилгээ хийхэд илүү тохиромжтой, доторхи зай, багтаамжийг бүрэн ашиглах хэлбэртэй байх;

7.3.4. Шал нь аль болох тэгш, гөлгөр гадаргуутай, дугуйны дээрх шалны хэсэг нь кузовны доторхи оврын зай хэмжээг бүрэн ашиглаж болох хийцтэй байх.

7.4. Ачих буулгах ажлыг 2-3 талаас гүйцэтгэх боломж бүхий хаалгатай, хаалганы өргөн 1200 мм, өндөр 1700 мм-ээс багагүй байх.

7.5. Хаалга нь найдвартай сайн битүүмжлэгдсэн, цоож, түгжээтэй лацдаж ломбодох хэрэгсэлтэй байх.

7.6. Тусгай зориулалтын битүү бүхээг, тэвш нь хүнсний түргэн гэмтэх, эмзэг ачааг дулааны улиралд гэмтэж муудах, амт чанараа алдахаас хамгаалах зориулалтын хөргөх юмуу хөлдөөх нэмэгдэл төхөөрөмжөөр тоноглогдсон, эсвэл дулаан тусгаарлагч хана, дээвэр, шалтай байх.

 

8. Тээвэрлүүлэгчид тавих шаардлага

8.1. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэлтэд бэлтгэх, тээвэрлэлт, ачиж буулгах явцад бүрэн бүтэн байдлыг нь хамгаалах, чанарыг алдагдуулахгүй, гадна орчны нөлөөлөл, механик гэмтэлд оруулахгүйн тулд стандартын баглаа боодол, сав, хайрцагт бөөнөөр савлаж тээвэрлүүлнэ.

8.2. Ачааны баглаа, боодол, сав, бэхэлгээ, битүүмжлэл (лац, ломбо) зэргийг Монгол Улсын үндэсний стандарт, ачаа тус бүрийн тээвэрлэлтийн нөхцөлийн дагуу бүрдүүлж тээвэрлүүлнэ.

8.3. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг зөвхөн зориулалтын тээврийн хэрэгслээр, эсвэл физик, химийн шинж чанарыг нь алдагдуулахгүй, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаж тоноглосон тээврийн хзрэгслээр тээвэрлүүлнэ.

8.4. Тээврийн хэрэгслийн техникийн байдал, нэмэгдэл төхөөрөмж хэрэгслийн хэвийн найдвартай ажиллагаа нь ариун цэвэр, эрүүл ахуй, экологийн шаардлагыг хэрхэн хангаж байгааг шалгаж ачаагаа ачуулна.

8.5. Тусгай зориулалтын битүү бүхээг, тэвшинд хүнсний түргэн гэмтэх, эмзэг ачааг бөөний хайрцаг, сав, баглаа, боодолтой тээвэрлүүлэх бөгөөд тээвэрлэлт, ачиж буулгах ажиллагааны технологийн болон стандартын шаардлагыг хатуу баримтална.

 

9. Жолоочид тавих шаардлага

9.1. Тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, түүний нэмэгдэл төхөөрөмж, хэрэгслийн техникийн бүрэн байдал, хэвийн найдварт ажиллагааг хангана.

9.2. Ажлын даалгавар гүйцэтгэж дууссаны дараа тусгай зориулалтын битүү тэвш, бүхээгийг угааж цэвэрлэх, ариутгах ажлыг эрүүл ахуйн норм, шаардлагын дагуу бүрэн чанартай хийж дараагийн ажилд гарна.

9.3. Тээвэрлэлтийн болон ачих, буулгах ажиллагааны явцад ачааны физик химийн болон хэрэглээний шинж чанарыг алдагдуулахгүй, механик гэмтэл учруулахгүй, чанарыг хадгалж хүргэнэ.

9.4. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн өөр нөхцөл, технологи ажиллагаа шаардах ачаатай хольж ачих, тээвэрлэхийг хориглоно.

 

 

ТӨГСӨВ.