МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Ахуйн хог хаягдлын тээвэрлэлт

Ангилал, Ерөнхий шаардлага

MNS 5344:2003

Economical dust transportation, classification and general requirement

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

1. Зорилго

Энэхүү стандартын зорилго нь ахуйн зориулалттай задгай хог хаягдал тээвэрлэх нөхцөл, хөдлөх бүрэлдэхүүнд тавих шаардлагыг тодорхойлж түүнд төр захиргааны болон бусад байгууллагаас хяналт тавих, хотын ариун цэвэр, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулан арилгах, зориулалтын тээврийн хэрэгслийн ашиглалтыг сайжруулахтай холбогдсон ажил, үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 

2. Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь ахуйн зориулалттай хуурай хог хаягдлыг бөөгнүүлж цуглуулах, тээвэрлүүлэх, тээвэрлэх үүрэг бүхий аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, жолооч нарт хамаарагдана. Тусгай хог хаягдлыг энэ стандартаар зохицуулахгүй.

 

3. Норматив ишлэл

Энэхүү стандартад иш татаж хэрэглэсэн доорхи баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны эх материалаас иш татаж хэрэглэнэ:

MNS 4598:2003 Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага.

MNS 4606-98 Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүн. Техникийн үйлчилгээ засварын тогтолцоо.

ГОСТ 19433-81 Санитарные требования очистки городских отходов.

ГОСТ 27472-87 Положение превозки хозяйственных отходов.

ГОСТ 21398-89 Автомобили грузовые. Общие технические требования.

ГОСТ 26653-90 Подготовка генеральных грузов к транспортированию.

 

4. Нэр томъёо, тодорхойлолт

Энэхүү стандартад орсон нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно.

1) Тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл - ахуйн хог хаягдлыг тээвэрлэх зориулалтын нэмэгдэл төхөөрөмж, тусгай тоноглол ачих буулгах гинжин нягтруулах, эргэлтийн чингэлэг бүхий тээврийн хэрэгсэл.

2) Тээвэрлэгч - ахуйн хог хаягдлыг тээвэрлэх зориулалт бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн.

3) Тээвэрлүүлэгч - ахуйн хог хаягдлыг зориулалтын цэг, талбай, чингэлэг саванд цуглуулан тодорхой хугацаанд тээвэрлүүлж цэвэрлэх үүрэг бүхий айл өрх, орон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж.

4) Хог хаягдап цуглуулах цэг - хүний амьдрах орчин, үйл ажиллагаанаас үүссэн ахуйн хог хаягдлыг цуглуулан бөөгнүүлэх зориулалтаар тоноглож, төхөөрөмжлөгдсөн талбай, хашлага, зөвшөөрөгдсөн цэг.

5) Хог хаягдлын газар - ахуйн зориулалтын хог хаягдлыг тээвэрлэн хүргэж ялгаж ангилах, дарж устгах зориулалтаар тоноглож төхөөрөмжилсөн талбай, байгууламж, зөвшөөрөгдсөн цэг.

6) Үйлчилгээний ажилчид - задгай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үүрэг бүхий тээврийн хэрэгслийн жолооч ба ачигч.

7) Хог хаягдал боловсруулах үйлдвэр - хог хаягдлыг бүтэц, найрлага, хувийн жингээр нь (цаас, металл, шил г.м.) нь төрөлжүүлж ангилах, төрөл бүрийн боловсруулалт (шигших, бутлах, нягтруулах, шатаах) хийх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай үйлдвэрийн газар.

8) Эргэлтийн чингэлэг - хог хаягдлын цэгт байрлуулсан ахуйн хогийг цуглуулах, ачих, буулгах зориулалтын тусгай хийцтэй сав.

 

5. Ахуйн хог хаягдлын ангилал

5.1. Ахуйн хог хаягдлыг доорхи байдлаар ангилна:

5.1.1. Бүтэц, найрлага, хувийн жингээр нь:

- Холимог (гэр хорооллын ахуйн хуурай хог)

- Төрөлжсөн (цаас, шил, даавуу, хуванцар эдлэл гэх мэт)

- Хүнсний ахуйн хаягдал (хялбар муудах, хүнсний хаягдал)

- Хөнгөн (цаас, даавуу гэх мэт)

- Хүнд (шороо, үнс гэх мэт)

5.1.2. Байгаль цаг уурын нөлөөлөлд автах байдлаар нь:

- Хөлдөх, царцах (өвөл)

- Гэмтэж муудах, өмхийрөх (зун)

- Хийсч байгаль орчныг бохирдуулах (хавар, намар салхи шуургатай үед).

5.2. Ахуйн хог хаягдлын тээвэрлэлтийн нөхцөл.

5.2.1. Ачиж буулгах болон тээвэрлэлтийн явцад байгаль орчныг бохирдуулахгүй, асгаж гоожихгүй, хийсч хаягдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх.

5.2.2. Тээвэрлэлтийн явцад галын аюул гарч болох цог, шаталтгүй байх, асаж буй хог хаягдлыг унтрааж ачих.

 

6. Ахуйн хог хаягдал тээвэрлэлтэд тавих шаардлага

6.1. Ахуйн хаягдал тээвэрлэх тээврийн хэрэгсэлд доорхи шаардлага тавина:

6.1.1. Ахуйн зориулалттай хог хаягдал тээвэрлэх зориулалтын хөдлөх бүрэлдэхүүнийг даацаар нь:

Бага даацын (ачааны) 1,0-3,0 тн

Дунд даацын (ачааны) 3,1-5,0 тн

Их даацын (ачааны) 5,0-8,0 тн-оос дээш.

6.1.2. Тэвшний төрлөөр нь:

- Тээштэй буюу өөрөө буулгагч

- Чингэлэгт тээврийн зориулалтын ачих, буулгах төхөөрөмжтэй

- Битүү бүхээгт буюу тусгай зориулалтын нягтруулах, боловсруулах механизмаар тоноглогдсон автомашин гэж тус тус ангилна.

6.2. Ахуйн хог хаягдлыг ачиж буулгах, тээвэрлэхэд тавих шаардлага.

6.2.1. Тэвштэй буюу өөрөө буулгагч ачааны автомашин нь (салхи, шороо, бороо, ус, цас гэх мэт) хамгаалах зориулалтын төхөөрөмжтэй (өндөрлөгөө, хашлага, бүтээлэгтэй гэх мэт) байна.

- Өөрөө ачих, буулгах төхөөрөмж, эргэлтийн чингэлэг бүхий ачааны автомашин нь хаалт, хамгаалалт, битүүмжлэл сайтай, шахах өргөх механизм нь бүрэн (хэвийн) ажиллагаатай байна.

- Битүү бүхээг бүхий тусгай зориулалтын автомашины нягтруулах механизмын ажиллагаа бүрэн, ачих буулгах бункер нь хаалт, тагтай байна.

6.2.2. Тээврийн хэрэгслийн хийц, хэлбэр нь хог тээвэрлэх нөхцөлийг бүрэн хангасан, тэвшний хэлбэр нь тэгш өнцөгтэй, дотор талыг цэвэрлэх, ариутгах боломжтой байна.

6.2.3. Ахуйн хог хаягдлын тээврийн хэрэгслээр өөр төрлийн ачаа тээвэрлэхийг хориглоно.

6.2.4. Тоног төхөөрөмжийн үйлчилгээ, засварыг тогтмол хийж эдэлгээг уртасгана.

6.3. Дор дурьдсан нөхцөлд машин механизмыг ажиллуулах ба ашиглахыг хориглоно.

6.3.1. Тоног төхөөрөмж, нягтруулах механизмуудын болон өргүүрийн эд ангиас шингэн алдагдсан үед ажиллуулах.

6.3.2. Оосор, татуурга бүрэн бус, гэмтэлтэй хогийн сав, чингэлэг ашиглах.

6.3.3. Техникийн гэмтэлтэй (чингэлэг таггүй, өнцгийн бэхэлгээ, гогцоо, тулгуур эвдэрсзн г.м.) үед ажиллах.

6.3.4. Зориулалтын тээврийн хэрэгслийн ачих, буулгах төхөөрөмж бүрэн бус чингэлэг нь таггүй, өнцгийн бэхэлгээ, гогцоо эвдэрсэн, өргөх механизмын тогтоох чадвар алдагдсан үед тохиргоо үйлчилгээ хийх.

6.3.5. Өөрөө буулгагч автомашины тэвш өргөгч, чингэлэгт тээврийн хэрэгслийн өргүүр ажиллагаагүй, нягтруулагчийн явалт алдагдсан зэрэг гэмтэлтэй үед ажиллуулах.

 

7. Тээвэрлүүлэгчид тавих шаардлага

7.1. Ахуйн хог хаягдлыг зориулалтын тоноглогдсон ба зөвшөөрөгдсөн (хашлага) талбай байгууламжид хуримтлуулж, хөдлөх бүрэлдэхүүний даац, багтаамж, ачих буулгах механизмын бүтээмжийг бүрэн ашиглах зорилгоор ангилан төрөлжүүлж савлах арга хэмжээг үе шаттай зохион байгуулна.

7.2. Хог хаягдлыг тээвэрлэх, хугацаа, хэмжээ ба ачаалах цэгийн ажлын талаар үнэн зөв, мэдээллээр тээвэрлэгчийг хангана.

7.3. Хог ачих талбай тэгш гадаргуутай, хонхор гүдгэргүй, автомашин ба механизм эргэх, тойрох, өргөх, хөдөлгөөн хийхэд саадгүй байлгана.

 

8. Тээвэрлэгчид тавих шаардлага

8.1. Тээвэрлүүлэгчийн захиалга, цагийн хуваарийн дагуу хог хаягдлыг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

8.2. Тээврийн хэрэгслийг ариун цэвэр ариутгалын горимыг баримтлан холбогдох байгууллагаар үйлчилгээ хийлгэнэ.

8.3. Үйлчилгээний ажилчинг хөдөлмөр хамгааллын (хувцас, хүрз, хошуувч, шүүр, алчуур) хэрэгслээр хангана.

8.4. Үйлчилгээний ажилчдыг жилд 2 удаа эрүүл мэндийн үзлэгт оруулна.

8.5. Эргэлтийн чингэлэг, савыг ачих, буулгах үед тээврийн хэрэгслийн өргүүрийн ажиллагааг найдвартай байх.

8.6. Өргүүрийн эргэх тойргийн талбайд саад болох эд зүйлс, хүн байлгахыг хориглоно.

8.7. Нягтруулагч тэвшний хавхаг нээлттэй үед ямар нэг ажил үйлчилгээ явуулах, автомашиныг эзэнгүй орхихыг хориглоно.

8.8. Хог ачих, буулгах үед автомашиныг салхины урсгал чиглэлийн дээд талд байрлуулна.

8.9. Өргөөстэй эргэлтийн чингэлэг, савны болон ачих буулгах хэрэгслийн хөдөлгөөний даяллын хязгаарт хүн байхыг хориглоно.

8.10. Хог нягтруулагч шахаж ажиллаж байхад юм түүх, өөрөө буулгагчийн тэвшийг өргөөстэй явах, даралтын клапанг оролдож тохируулах, огцом эргэлт хөдөлгөөн хийж хог асгахыг хориглоно.

8.11. Өөрөө ачигч бүхий тээврийн хэрэгслийн өргүүрээр ачилт хийх үед автомашиныг хогийн саванд аль болох ойртуулан зогсоож, өргөөстэй чингэлгийг савлуулах ба угзарч сэгсрэх зэрэг үйлдэл хийхийг хориглоно.

8.12. Ачааны чингэлгийг буулгахдаа газраас 5-10 см-ээс илүүгүй зайд чиглэл байрлалыг өөрчлөх үйлдлийг гүйцэтгэнэ.

8.13. Ачаатай чингэлгийг тээврийн хэрэгсэлд ачиж байрлуулсны дараа бэхэлж даруулна.

8.14. Цахилгааны хүчдэлтэй шугамын ойр чингэлгийг өргөх болон ачих ажиллагаа явуулахыг хориглоно.

8.15. Өргүүрийг эвхэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

8.16. Хог зөөврийн автомашины тэвшинд хүн суулгахыг хориглоно.

8.17. Ачаа буулгах талбайд тээврийн хэрэгслийг байрлуулах хоорондын зай 4 м-ээс багагүй байна.

8.18. Автомашиныг овоолсон хогны нурууны налуугаас 10 м-ээс багагүй зайд байрлуулж буулгана.

8.19. Тээврийн хэрэгслийн янданг оч баригчаар тоноглож 2 л-ээс багагүй багтаамж бүхий хөөсөн гал унтраагчаар хангана.

 

9. Жолоочид тавих шаардлага

9.1. Үйлчилгээний жолооч, ачигч нар нь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдсан байна.

9.2. Үйлчилгээний жолооч, ачигч нар ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэлгүй ажиллахыг хориглоно.

9.3. Жолооч, ачигч нар нь ахуйн хог хаягдал тээвэрлэх, хөдлөх бүрэлдэхүүний хийцийн онцлог, зохион байгуулалт, ажиллагаа, байгаль орчныг хамгаалах, техникийн аюулгүй байдлын талаар хууль, эрх зүйн болон техникийн зохих мэдлэгтэй байвал зохино.

 

 

ТӨГСӨВ.