МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код 43.040.01
Овор ихтэй, урт, хүнд ачааны тээвэрлэлт Ангилал, Ерөнхий шаардлага |
MNS 5345:2003 |
Large, long feavy loods transportation, classification and general requirement |
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлав.
Энэ стандарт нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.
Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.
1. Зорилго
Энэхүү стандартын зорилго нь овор ихтэй, урт, хүнд ачаа тээвэрлэх, эдгээр ачааны тээвэрлэлтийг зуучлах, зохион байгуулах, үйлчлүүлэх нийтлэг журам тогтооход төр, захиргааны болон бусад байгууллагаас хяналт тавих, ажил үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2. Хамрах хүрээ
2.1. Энэхүү стандарт нь овор ихтэй, урт, хүнд ачааны тээвэрлэлт эрхлэх, зуучийн үйлчилгээ үзүүлэх, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, мөн овор ихтэй, урт, хүнд ачааны тээвэрлэлт, ажил үйлчилгээнд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хамаарна.
2.2. Энэхүү стандартыг овор ихтэй, урт, хүнд ачааны тээвэрлэлт эрхлэх, зуучлагч, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, энэ хүрээнд боловсрол олгодог бүх байгууллага, стандартаар хяналт тавих эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан дагаж мөрдөн хэрэгжүүлнэ.
3. Норматив ишлэл
Энэхүү стандартад иш татаж хэрэглэсэн доорхи баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны эх материалаас иш татаж хэрэглэнэ:
MNS 4601-98 Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүн. Техникийн үйлчилгээ, засварын тогтолцоо, тодорхойлолт.
MNS 4598:2003 Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага.
ГОСТ 21398-89 Автомобили грузовые. Общие технические требования.
ГОСТ 26653-90 Подготовка генеральных грузов к транспортированию.
MNS 4978:2000 Аюултай ачаа. Ангилал. Техникийн ерөнхий шаардлага.
"Хүнд жинтэй", "Овор ихтэй" ачааг ачих, тээвэрлэх, буулгах журам батлах тухай. Улсын материал техникийн хангамжийн хорооны дарга, Тээврийн яамны сайдын хамтарсан тушаал.
4. Нэр томьёо тодорхойлолт
Энэхүү стандартад хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1. Овор ихтэй ачаа - Өндөр нь 1,5 метрээс дээш, өргөнөөрөө тухайн автомашины тэвшинд багтахгүй, эсвэл өндөр, өргөн харгалзахгүй, тэвшний уртаас 1 метрээс илүү, эсвэл олон голтой чиргүүлээр тээх нөхцөл шаардсан ачаа.
4.2. Хэвийн хэмжээнээс хүнд ачаа - Тээвэрлэх ачааны задрахгүй хэсгийн хүнд нь тухайн тээврийн хэрэгслийн үндсэн даацаас хэтэрсэн жинтэй ачаа.
4.3. Хэвийн хэмжээнээс урт ачаа - Тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглан чиргүүлийн холбоос уртасган тээвэрлэх ачаа (хэд хэдэн чиргүүл холбох гэх мэт).
4.4. Тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл - Овор ихтэй, урт, хүнд ачааг тээвэрлэх зориулалтын, тусгай тоноглол, нэмэгдэл төхөөрөмж бүхий тээврийн хэрэгсэл.
4.5. Тээвэрлэгч - Овор ихтэй, урт, хүнд ачааны тээвэрлэлт эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн.
4.6. Тээвэрлүүлэгч - Овор ихтэй, урт, хүнд ачаа тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн.
5. Овор ихтэй, урт, хүнд ачааны тээвэрлэлтэд тавих шаардлага
5.1. Овор ихтэй, урт, хүнд ачааг тэдгээрийн шинж чанар, хэлбэр, хэмжээ, хэрэглээний зориулалт, тээвэрлэлтийн нөхцөл зэргээс хамааруулж доорхи төрөлд хуваана:
5.1.1. Төрөл бүрийн хэлбэржүүлэлт бүхий (6,0-14,0) м хүртэл урттай хар болон өнгөт металл цувималууд.
5.1.2. (6,0-14,0) м хүртэл урттай металл болон төмөр бетон хоолойнууд.
5.1.3. 2,0 мм-ээс дээш зузаан, (6,0-14,0) м хүртэл урттай ган цувимал хуудаснууд.
5.1.4. Гуалин, дүнз. (мөчирлөөгүй болон мөчирлөсөн, туушийн (6-12) м түүнээс дээш хэмжээтэй)
5.1.5. Барилгын төрөл бүрийн хавтан.
5.1.6. Стандартын бус том хэмжээтэй, зузаан шил.
5.1.7. Хүнд, овор ихтэй тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, машин механизмууд.
5.2. Овор ихтэй, урт, хүнд ачааны тээвэрлэлтийн ерөнхий нөхцөл.
5.2.1. Төрөл бүрийн хэлбэржүүлэлт бүхий (6,0-14,0) м хүртэл урттай хар болон өнгөт металл цувималыг тусгайлан тоноглож төхөөрөмжилсөн, нэг голт чиргүүлтэй, төмөр болон цувимал зөөгч бүхий автомашинаар тээвэрлэнэ.
5.2.2. Овор ихтэй, урт, хүнд ачаа тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл нь нэг голт чиргүүлд холбогдох тоонолжин холбоостой буюу тэвшний оронд эргэх хүрдтэй байна.
5.2.3. Нэг голт чиргүүл нь гар (ачааны уртаас хамаарч өөрчлөгдөх) нэг юмуу хоёр тэнхлэгтэй тэргэнцэр, дээр нь байрласан эргэх хүрд, түүнийг хязгаарлагч шонтой байна. Хүрд нь тэнхлэгээ тойрч эргэдэг, хязгаарлагч шонгууд нь гинжээр холбогдсон, ачааг бэхлэх, татах ажиллагааг хөнгөвчилсөн байна.
5.2.4. Нэг голт чиргүүлийн дугуйнууд чирэгч автомашиныхаа мөрийг дагаж эргэхээр байхын тулд тоонолжин холбоос хэрэглэж тээвэрлэх буюу автомашины арлын үзүүрт хөндлөн ялуу гагнаж, татуурга хийх, нөгөө үзүүрийг чиргүүлийн хөндлөн ялууны үзүүрт бэхэлнэ. Татуурга нь чанга, сулаа тохируулах эргэх холбоостой байна.
5.2.5. Металл болон төмөр бетон хоолойнуудыг нэг голт чиргүүл бүхий автомашин-хоолой зөөгчөөр тээвэрлэнэ. Тэдгээрийг автомашины хөдөлгүүрээс тэжээл авч ажиллах цахилгаан эргүүлэг бүхий эрчилсэн төмөр утсан татлагаар ачина.
5.2.6. 24 метрээс дээш урттай, гагнаж угсарсан металл болон төмөр бетон хоолойнуудыг тээвэрлэхэд автомашины татах хүчийг чиргүүлд дамжуулдаг учраас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд зүтгүүр автомашин ба нэг голт чиргүүлийг гурамсан төмөр утсаар холбоно.
5.2.7. Мөчирлөөгүй болон мөчирлөсөн, туушийн 4-12 м, түүнээс дээш хэмжээтэй гуалин, дүнзийг автомашин-гуалин зөөгчөөр тээвэрлэх буюу мод зөөврийн хөтлөгч нь нэг болон хоёр, гурван голт чиргүүлтэй байж болно.
5.3. Овор ихтэй, урт, хүнд ачааг ачих, буулгах, тээвэрлэхэд тавих шаардлага.
5.3.1. Овор ихтэй, урт, хүнд ачааг тээврийн хэрэгсэлд ачихдаа, зориулалтын механизмаар, ачааны тогтвортой байдлыг сонгон, хөдөлгөөн, савлагаа үүсэхгүй, тэнхлэг, нумнууд дээр үүсэх даралт тэнцүү, автомашины тэвшний тавцан дээрх тулах талбай жигд байх шаардлагыг хангана.
5.3.2. Ачилтын дээрх нөхцөлүүдийг хангасан тохиолдолд тухайн ачааг найдвартай бэхэлж татна.
5.3.3. Хийлсэн дугуй бүхий техник хэрэгслийг тээхэд тоормозыг бариулж, эсвэл дугуйг тайлж авах буюу хийг хагас гарган, ивүүр хийж тээнэ.
5.3.4. Ачааг буулгахдаа зориулалтын механизмаар, тусгай бэлдсэн талбайд таталга, бэхэлгээг бүрэн тайлж, хөдөлмөр хамгаалал, аюулгүйн техникийн шаардлагыг дээд зэргээр хангаж гүйцэтгэнэ.
5.4. Овор ихтэй, урт, хүнд ачааг тээвэрлэх, ачиж буулгах үед доорхи үйлдлийг хориглоно.
5.4.1. Гулсуулах, чирэх, татах зэргээр ачих, буулгах.
5.4.2. Дайвар нэмэгдэл ачаа ачих.
5.4.3. Ачилтанд урьдчилж бэлтгээгүй, зам талбайг засаагүй, бэхлэх материал, ачих буулгах механизм бэлэн бус байхад ачилт, буулгалт явуулах.
5.4.4. Ачааг хэрэглэгчид хүргэх зам, чиглэлийг сонгож тогтоогоогүй үед тээвэрлэлт гүйцэтгэх.
6. Тээвэрлэгчид тавих шаардлага
6.1. Ачааг донсолгоо, савлагаанаас хамгаалж бэхлэхэд шаардагдах олс, төмөр таталга, ивүүр, тулгуур зэргийг урьдчилан бэлтгэж хангах.
6.2. Тээвэрлэлтийн захиалга, ачааны онцлог зэргийг харгалзан хөдлөх бүрэлдэхүүнийг сонгож техникийн бүрэн байдлыг хангана.
6.3. Ачааг ачих, буулгахад шаардлагатай машин, механизмыг бэлтгэх асуудлыг гэрээний дагуу тээвэрлүүлэгчтэй тохирч хангана.
6.4. Ачааг хугацаанд нь тээвэрлэж хүргэх, мөн тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл учруулахгүй, гарч болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
6.5. Овор ихтэй, урт, хүнд ачаа тээвэрлэх зам, чиглэлийг сонгож түүний дагуух автозам, гүүр, нүхэн гарц, төмөр замын гарам, эрчим хүч, холбооны шугам зэрэг байгууламжийг эзэмшигч байгууллагуудтай зөвшилцөж, хөдөлгөөний болон тээвэр хийх зөвшөөрлийг Автозамын мэргэжлийн байгууллага, Замын цагдаагийн газраас авна.
7. Тээврийн хэрэгсэлд тавих шаардлага
7.1. Овор ихтэй, урт, хүнд ачаа тээвэрлэх зориулалтын хөдлөх бүрэлдэхүүн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага (MNS 4588-98), Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, энэхүү стандартын шаардлага болон тухайн ачааг тээвэрлэх, ачиж буулгах аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангана.
7.2. Овор ихтэй, урт, хүнд ачаа тээвэрлэж байгаа үед тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтын дагуу тухайн орчны нөхцөлөөс хамаарсан таних тэмдэг буюу гэрэл дохио тавина.
8. Тээвэрлүүлэгчид тавих шаардлага
8.1. Хүнд, урт, овор ихтэй ачааг ачих, буулгахад зориулж зам талбайг бэлтгэх, тухайн орчинд нь хүнд даацын, тусгай, тоноглол, төхөөрөмж бүхий техник хэрэгсэл, механизм саадгүй эргэж, тойрох нөхцөлийг бүрдүүлнэ.
8.2. Овор ихтэй, хүнд, урт ачааг тээвэрлэлтэд бэлтгэх, тээвэрлэлт, ачих, буулгах явцад бүрэн бүтэн байдлыг нь хангах, чанарыг алдагдуулахгүй, гадна орчны нөлөөлөл, механик гэмтэлд оруулахгүйн тулд задлан овор хэмжээг багасгаж багцлах, бэхлэх зэрэг зэхэлтийн бэлтгэлийг хангана.
8.3. Ачааны овор хэмжээ, хүргэх газар, зам, чиглэл, хугацаа зэргийг тээвэрлэлтийн захиалгад тусгаж тээвэрлэгчид өгнө.
9. Жолоочид тавих шаардлага
9.1. Хөдлөх бүрэлдэхүүний техникийн байдал, аюулгүй ажиллагааг хангаж чиргүүлийн холбоос, тоормос ба дугуйны техникийн байдал, ажиллагаа, ачилтын дараа тэнхлэг тус бүрд ачаалал жигд эсэхийг шалгана.
9.2. Ачааны бэхэлгээ хэвийн найдвартай эсэхийг байнга шалгаж хяналт тавьж ажиллана.
9.3. Зөвшөөрөгдсөн зам, чиглэлийг хатуу баримтлан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага MNS 4598:2003, Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, энэхүү стандартын шаардлага болон тухайн ачааг тээвэрлэх, ачиж буулгах аюулгүй ажиллагааны шаардлагыг чанд сахиж биелүүлнэ.
ТӨГСӨВ.