МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код 43.040.01
Автомашины угаалгын үйлчилгээ Ангилал, Ерөнхий шаардлага |
MNS 5347:2003 |
Car washing service. General requirement, type |
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлав.
Энэ стандарт нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй. Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.
1. Зорилго
Энэхүү стандартын зорилго нь автомашины кузов, явах ангийг угаах /цаашид Автомашины угаалга гэх/ ажил үйлчилгээ эрхлэх байгууллага, иргэнд тавигдах нийтлэг шаардлагыг тодорхойлох ба уг ажил үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2. Хамрах ба хэрэглэх хүрээ
1. Энэ стандартыг Автомашины угаалгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нийтээр заавал дагаж мөрдөнө.
2. Энэ стандарт мь автомашины өнгө үзэмж, ариун цэврийг сайжруулж эдэлгээг уртасгах, автомашин угаах ажил үйлчилгээнээс хүрээлэн байгаа байгаль орчинд нөлөөлөх сөрөг үр дагаварыг багасгахад чиглэсэн нийтлэг шаардлагыг тодорхойлно.
3. Норматив ишлэл
1) MNS 4470-97, Тээврийн хэрэгслийн хэрэглээний үзүүлэлтүүдийн тогтолцоо, ерөнхий шаардлага
2) MNS 5025:2001, Авто үйлчилгээ. Ангилал, ерөнхий шаардлага
3) MNS 4601-98, Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний техникийн үйлчилгээ засварын тогтолцоо, тодорхойлолт
4) MNS 4598:2003, Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага
5) MNS 4978:2000, Аюултай ачаа ангилал, техникийн ерөнхий шаардлага
4. Нэр томъёо, тодорхойлолт
Энэхүү стандартад хэрэглэсэн нэр томъёог доор дурьдсан утгаар ойлгоно.
4.1. Автомашины угаалга - Автомашины өнгө үзэмж, ариун цэврийг сайжруулах, эдэлгээг уртасгах, техникийн үйлчилгээ засварын ажил хийхийн өмнө болон сүүлд, зорчигчдод тав тухтай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн угаах, хатаах, өнгөлөх үйл ажиллагаа.
4.2. Автомашины угаалга эрхлэгч - Автомашин угаах ажил үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлагыг хангасан барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажиллах боловсон хүчин зэргээр хангагдсан байгууллага, иргэн.
4.3. Угаалгын технологи - Автомашиныг угаах, хатаах, өнгөлөх ажилбаруудыг шаардлага хангасан барилга байгууламжинд зориулалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тодорхой цаг хугацаанд зохих нөхцөл шаардлагын дагуу мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх ажлын дараалал.
4.4. Технологийн карт - Угаах, хатаах, өнгөлөх ажилбаруудын дэс дараалал, ажиллах боловсон хүчин, угаалгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, зохих нөхцөл шаардлага ажил гүйцэтгэх хугацаа зэргийг тусгасан техникийн баримт бичиг.
4.5. Угаагч - Автомашин угаах технологи ажиллагааг зохих шаардлагын дагуу хийж гүйцэтгэх мэргэшсэн ажилчин.
4.6. Угаалгын байр - Автомашины угаалга хийх нөхцөл шаардлага хангасан технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий ажиллах орчин.
5. Ангилал
5.1. Автомашин угаахад ашиглаж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ажиллагаанаас хамааруулан гар аргаар, хагас механикжсан аргаар, механикжсан аргаар гэж ангилна.
5.1.1. Автомашиныг гар аргаар угаах - Зориулалтын нөхцөл шаардлага хангасан угаалгын байранд автомашины гадна талыг цахилгаан насостой шүршигч хошуугаар 2-4 кг/см2-аас багагүй даралттай усаар шүршиж, дотор талын хог, тоос шороог тоос сорогчоор соруулж, гар аргаар угаах ба хатаалтанд шахсан хий болон зөөлөн хөвсгөр хуурай алчуурыг хэрэглэж, зориулалтын өнгөлгөөний нунтаг ашиглан гараар өнгөлгөө хийх үйл ажиллагаа.
5.1.2. Автомашиныг хагас механикжсан аргаар угаах - Зориулалтын нөхцөл шаардлага хангасан угаалгын байранд автомашины гадна талыг эргэлдэгч сойз бүхий механикжсан шугамаар оруулж, дотор талын хог тоос шороог тоос сорогчоор соруулж, гар аргаар угаах ба хатаалтыг тусгай талбайд зогсоож шахсан хий болон зөөлөн хөвсгөр хуурай алчуураар арчиж, зориулалтын өнгөлгөөний нунтаг ашиглан гараар өнгөлгөө хийх үйл ажиллагаа.
5.1.3. Автомашиныг механикжсан аргаар угаах - Зориулалтын нөхцөл шаардлага хангасан угаалгын байранд автомашины гадна талыг эргэлдэгч сойз бүхий механикжсан шугамаар оруулж угаах ба хатаалтыг мөн шугаманд халуун хийгээр үлээж хатаагааад, дотор талын хог тоос шороог тоос сорогчоор соруулж, гар аргаар угаах ба зориулалтын өнгөлгөөний нунтаг ашиглан гараар өнгөлгөө хийх үйл ажиллагаа.
5.2. Автомашины угаалга нь автотээврийн хэрэгслийн төрлөөс хамааран ачааны, суудлын, автобусны гэх мэт төрөлжсөн, эсвэл хосолсон гэж ангилагдах бөгөөд орц, гарцын хувьд нэвт шугаман эсвэл мухардалттай байж болно.
6. Угаалгын технологи
6.1. Автомашин угаах зориулалттай ажлын байрны температур +5°С-ээс дээш байна.
6.2. Автомашиныг гар аргаар угаахдаа угаалгын байранд оруулж түүнийг өнхрөхөөс урьдчилан сэргийлж дугуйнд ивүүр хийж, дотор талын хог тоосыг соруулж цэвэрлээд, бүхээгт ус нэвтрэн орохоос хамгаалж хаалга, хаалганы шилийг сайтар хаагаад, гадна талыг цэвэр усаар шүршихэд бэлтгэнэ.
6.3. Автомашины гадна талыг 0°С-оос +20°С хүртэл температуртай цэвэр даралттай усаар шүршсэний дараа 1 литрт 7-8 гр зориулалтын угаалгын нунтаг, эсвэл 4-5 гр угаалгын шингэн ноогдож байхаар усыг найруулж нарийн угаалгыг гар аргаар хийж дахин даралттай цэвэр усаар шүршиж угаасны дараа даралттай хийгээр үлээлгэх буюу хөвсгөр зөөлөн хуурай эсвэл чийгтэй давуу, илэг гэх мэт материалаар арчиж хатаана.
6.4. Автомашины гадна талыг угаасны дараа дотор талын угаалгыг гар аргаар угаахдаа дээрх орцоор угаах усыг хувинд найруулж хэрэглэнэ. Мөн цэвэр усаар угаагаад хөвсгөр зөөлөн хуурай эсвэл чийгтэй алчуураар арчиж хатаана.
6.5. Автомашин угаах хугацаа нь автомашины төрөл, угаах аргаас хамааран гар болон хагас механикжсан аргаар угаахад 10-20 мин, механикжсан аргаар угаахад 3-6 мин байна.
6.6. Угаасан автомашины дотор, гадна талын өнгөлөг байдлыг хадгалах, толбо, гүнзгий биш зурааснуудыг арилгахын тулд тусгай зориулалтын бодисуудыг ашиглан өнгөлгөөг гар аргаар хийнэ.
7. Автомашины угаалга эрхлэгчдэд тавигдах ерөнхий шаардлага
7.1. Автомашины угаалга эрхлэгч нь нутаг дэвсгэрийнхээ автотээврийн ажил үйлчилгээг зохицуулдаг эрх бүхий мэргэжлийн болон бүртгэх байгууллагад бүртгүүлж дүгнэлт гаргуулсан байхаас гадна угаалгын барилга, байгууламжийг эзэмших, ашиглахтай холбогдсон баримт бичгийг зохих ёсоор бүрдүүлсэн байна.
7.2. Автомашин угаах ажил үйлчилгээ нь хүрээлэн байгаа байгаль орчин, оршин суугчдад сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй, галын болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, хөдөлмөрийн эрүүл ахуйн болон тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна.
7.3. Ажил үйлчилгээтэй холбогдсон угаалгын технологийн карт, техникийн болон эрүүл ахуйн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын заавар, журмыг мөрдөнө.
7.4. Автомашиныг угаахад зориулалтын угаагч шингэн, нунтгийг хэрэглэнэ.
7.5. Угаагч нь ус нэвтэрдэггүй малгай, бээлий, гутал, ажлын хувцсаар /аюултай ачаа тээвэрлэдэг автомашиныг угаагч нь тусгай зориулалтын хамгаалах хувцас хэрэгслээр/ бүрэн хангагдсан байна.
7.6. Автомашины угаалга эрхлэгч нь технологийн картад заасан ажилбаруудыг зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэнэ.
7.7. Автомашиныг угаалгын байранд байрлуулахдаа зогсоолын тоормосыг ажиллуулахаас гадна налуу талбайд өнхрөхөөс хамгаалсан ивүүрийг заавал тулсан байна.
7.8. Автомашины угаалга эрхлэгч нь автомашин угаасан бохир усыг цэвэрлэх, зайлуулах, буцааж ашиглах зориулалтын тоног төхөөрөмж бүхий барилга байгууламжид угаах үйл ажиллагааг эрхлэн явуулна.
7.9. Аюултай ачаа тээвэрлэдэг автомашины угаалгын байр нь цахилгаан цэнэг саармагжуулах тоноглолыг заавал байрлуулсан байна.
7.10. Аюултай ачаа тээвэрлэдэг автомашиныг угаасан бохир усыг зөвшөөрөгдсөн газарт зохих шаардлагын дагуу асгана.
Автомашины угаалга эрхлэгчийн технологийн тоног төхөөрөмж, багажид тавих шаардлага нь 1 дүгээр хүснэгтэд заасны дагуу байна.
Автомашины угаалга эрхлэгчийн технологийн тоног төхөөрөмж, багаж
1-р хүснэгт
№ |
Тоног төхөөрөмж багаж хэрэгслийн нэр |
Зориулалт |
Техникийн шаардлага |
Суурин |
|||
1 |
Суудлын автомашин угаах тоног төхөөрөмж |
Угаалгын байранд суудлын автомашины кузов, явах ангийг угаана. |
Арга – Автомат Төхөөрөмжийн бүтээл 30-40 авт/цаг |
2 |
Ачааны автомашин угаах тоног төхөөрөмж |
Угаалгын байранд ачааны автомашины хажуу гадаргууг механик аргаар угаана. |
Арга – Механик дамжуулгаар Төхөөрөмжийн бүтээл 20-30 авт/цаг |
3 |
Автобус угаах тоног төхөөрөмж |
Фургон маягийн кузовтай автомашин, автобусны гадна талыг угаана. |
Арга – Автомат Төхөөрөмжийн бүтээл 30-35 авт/цаг Угаалгын үед автобусны шилжилтийн хурд 6-9 м/мин Усны даралт 3-4 кг/см2 |
4 |
Автомашин угаах цахилгаан насостой шүршигч хошуу |
Угаалгын байранд болон урсгал шугаман дээр автомашиныг шүршигч хошуугаар шүршиж угаана. |
Арга – Гараар Усны даралт 1,5-3,5 кг/см2 |
Зөөврийн |
|||
1 |
Угаалгын тоног төхөөрөмж |
Автомашины гадна угаалгыг хийнэ. |
Арга – Тохируулгатай шүршигч хоолойгоор |
2 |
Шахсан хийгээр үлээх хошуу |
Шахсан хийгээр автомашины кузовыг үлээж хатаана. |
Арга – Гараар Ажлын даралт 4-10 кг/см2 |
8. Автомашины угаалгын барилга байгууламжид тавих шаардлага
8.1. Автомашины угаалгын үйлчилгээний барилга байгууламж, түүний инженерийн шугам сүлжээ нь "Барилгын норм ба дүрэм" СНиП - II-93-74-т заасан норматив шаардлагыг хангасан байна.
8.2. Автомашины угаалгын барилга, байгууламж нь агааржуулах, гэрэлтүүлэх, дулаацуулах систем галын аюулгүйн багаж хэрэгслээр бүрэн хангагдсан, тэдгээр нь хэвийн ажиллагаатай байна.
8.3. Ажилчдын хувцас солих болон амрах байр, бие засах газартай байна.
8.4. Автомашины угаалгын байр нь 2%-аас доошгүй налуутай цардсан, бохир усаа цэвэрлэж зайлуулах эсвэл эргэж шүүж, тунгааж ашиглах тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
8.5. Суурин угаалгын газрын цэвэрлэх байгууламж нь угаалгын газраас 6 метрээс доошгүй зайд байрлана.
9. Автомашины угаалга эрхлэгчийн ажиллах боловсон хүчинд тавих шаардлага
9.1. Автомашины угаалга эрхлэгч байгууллагын дарга, менежерийн аль нэг нь мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж үнэмлэх, гэрчилгээ авсан байна.
9.2. Автомашин угаагч нь угаалгын байрны технологийн тоног төхөөрөмж, багажийг бүрэн эзэмшсэн, автомашины угаалгын технологи ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн холбогдох дүрэм, журам, зааврыг судалж тэдгээрийг мөрдөж ажиллах чадвартай мэргэжлийн сургалтанд хамрагдсан хүн байна.
9.3. Ажлын байранд хөдөлмөр хамгаалал, аюулгүйн техникийн шаардлага хангасан ажлын хувцсыг өмсөж хэрэглэнэ.
ТӨГСӨВ.