МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2002 оны 5 дугаар сарын 13-ны өдөр |
Дугаар 133/107 |
Улаанбаатар хот |
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. ”Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД |
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ |
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд,
Хууль зүй, дотоод хэргийн сайдын
2002 оны 133/107 дугаар тушаалын хавсралт
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэ журмын зорилго нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үндсэн сургалт, жолоочийн мэргэшил дээшлүүлэх сургалт, давтан сургах сургалт /цаашид “жолооны сургалт” гэх/-ыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2. Энэ журмын “Гурав”-т заасан шаардлагыг хангасан, сургалт явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /хувиараа эрхлэх аж ахуй/ жолооч бэлтгэх сургалт явуулна.
3. Жолооны сургалт явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн энэ журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Жолооны сургалт эрхлэх тухай өргөдөл, хүсэлт гаргах
4. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь жолооны сургалт эрхлэх тухай өргөдөл, хүсэлтийг аймаг, дүүргийн Замын цагдаагийн алба /цаашид “Замын цагдаагийн алба” гэх/-нд гаргана.
5. Энэ журмын 4-т заасан өргөдөл, хүсэлтэд энэ журмын “Гурав”-т заасан шаардлагыг хэрхэн хангасан тухайгаа дурдаж холбогдох материал, баримт бичгийг хавсаргана.
6. Замын цагдаагийн алба өргөдөл, хүсэлт гаргасан этгээд энэ журмын “Гурав”-т заасан шаардлагыг хэрхэн хангаж байгаатай газар дээр нь танилцаж шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргана.
7. Замын цагдаагийн алба “жолооны сургалт явуулах шаардлага хангасан” гэсэн дүгнэлт гаргавал хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн харьяалах нутаг дэвсгэрийн татварын албанд бүртгүүлж жолооны сургалт явуулна.
8. Замын цагдаагийн алба “жолооны сургалт явуулах шаардлага хангаагүй” гэсэн дүгнэлт гаргасныг өргөдөл, хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гомдлоо Замын цагдаагийн газрын Мэргэжил, техникийн хяналтын хэлтэст гаргана.
/Энэ заалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүйн сайдын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/373 / А/207 дугаар хамтарсан тушаалаар өөрчлөлт оруулсан./
9. Мэргэжил, техникийн хяналтын хэлтэс энэ журмын 8-д заасны дагуу ирүүлсэн гомдлыг 30 хоногийн дотор хянаж хариуг албан ёсоор өгөх ба уг шийдвэрийг өргөдөл, хүсэлт гаргагч нь эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргана.
/Энэ заалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүйн сайдын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/373 / А/207 дугаар хамтарсан тушаалаар өөрчлөлт оруулсан./
Гурав. Жолооны сургалт эрхлэхэд тавигдах шаардлага
10. Жолооны сургалт эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
10.1. эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан өөрийн өмчлөлийн эсвэл түрээсээр эзэмшиж буй хичээлийн танхим, элсэгчдэд хүрэлцэхүйц тооны үзүүлэн, тараах материал, ном сурах бичигтэй байх;
10.2. тээврийн хэрэгслийн тухайн ангилалд хамаарах, “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шаардлагын дагуу нэмж тоноглосон, техникийн хувьд улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан үзүүлэлт бүхий жолоодлогын дадлагын тээврийн хэрэгсэлтэй байх;
10.3. Замын цагдаагийн газраас баталсан “Автодромын заавар”-ын шаардлагад нийцсэн өөрийн эзэмшлийн, эсвэл түрээсийн жолоодлогын дадлагын талбайтай байх;
10.4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний болон жолоодлогын дадлагын хичээлийг Замын цагдаагийн газраас олгосон багшлах эрхийн үнэмлэхтэй багшаар заалгах.
Дөрөв. Жолооны сургалт, түүнд элсүүлэх
11. Энэ журмын 7-д заасны дагуу татварын албанд бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь шаардлага хангасан хүнийг жолооны үндсэн сургалтад элсүүлж болно.
11.1. тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах насанд хүрсэн;
11.2. эрүүл мэндийн хувьд эмнэлгийн байгууллагаас тогтоосон шаардлагыг хангасан.
12. Их сургууль, коллеж, техникийн болон мэргэжлийн сургуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, автомашины бүтэц зохион байгуулалт, жолоодлогын дадлагын хөтөлбөрийг үзэж судлан зохих бэлтгэл хийсэн, мөн тракторын жолоочоор 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан хүнийг жолооч бэлтгэх сургалтад элсүүлэн түргэвчилсэн хөтөлбөрөөр суралцуулж болно.
13. Урьд нь жолооны үндсэн сургалтад сурч байсан боловч сургалтын хөтөлбөрийн 66-аас доош хувийг хангасан элсэгч жолооч бэлтгэх үндсэн сургалтад дахин суралцана.
14. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жолооны сургалтад элсүүлэхдээ тэдгээрийн биеийн болон оюун ухааны байдал нь тээврийн хэрэгсэл жолоодох чадамжтай эсэх талаар нарийн мэргэжлийн эмнэлгийн байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн “В” ангиллын жолооны сургалтад элсүүлж болох ба шаардлагатай тохиолдолд сургалтыг дохионы орчуулагчийн тусламжтайгаар зохион байгуулж болно.
/Энэ заалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүйн сайдын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/373 / А/207 дугаар хамтарсан тушаалаар өөрчлөн найруулсан./
15. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бөгөөд энэ хугацаа нь дуусаагүй хүнийг жолооны сургалтад элсүүлэхийг хориглоно.
16. Жолооны сургалтад элсүүлсэн шийдвэрийг ажлын 7 хоногийн дотор Замын цагдаагийн албанд хүргүүлэх ба ийнхүү хүргүүлснээс хойш түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
17. Жолооны сургалтад элсүүлсэн тухай шийдвэрт дараахь зүйлийг тусгана.
17.1. сургалт эхэлсэн он, сар, өдөр;
17.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн хичээл заах багшийн овог нэр, багшлах эрхийн үнэмлэхийн дугаар.
18. Энэ журмын 16-д заасан шийдвэрийн хавсралтад элсэгчдийн овог, нэр, регистрийн дугаар, жолоодлогын дадлагын багш /овог нэр, регистрийн дугаар, жолоодох эрхийн үнэмлэхийн ангилал, дугаар/, дадлагын автомашин /марк, улсын дугаар/-ыг заана.
Тав. Жолооны сургалт
19. Жолооны сургалтын агуулга нь танхимын хэлбэрээр явагдах замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн хичээл, ганцаарчилсан хэлбэрээр явагдах жолооны дадлагын гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
20. Жолооч бэлтгэх сургалт нь дор дурдсан хэлбэрээр явагдана:
20.1. ”А”, “В”, “ВС” ангиллын болон механизмын жолооч бэлтгэх үндсэн сургалт;
20.2. ”В”-гээс “ВС”, “ВС”-гээс “ВСD” эсвэл “ВСЕ”, “ВСD”-гээс “ВСDЕ”, “ВСЕ”-гээс “ВСDЕ”-д ангилал дэвшүүлэх буюу мэргэшил дээшлүүлэх сургалт;
20.3. давтан сургалт.
21. Жолооч бэлтгэх үндсэн сургалтын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс, техникийн анхны мэдэгдэхүүн, эмнэлгийн анхны тусламж зэрэг хичээлийг зааж, жолоодлогын дадлагын хичээлийг жолоодлогын талбайд болон хөдөлгөөний ердийн нөхцөлд явуулах ба “В” ангиллын сургалт хоёр сар, “ВС” ангиллын сургалт гурван сараас багагүй хугацаанд үргэлжилнэ.
22. Жолоодлогын дадлагын хичээлийг зөв талдаа жолооны хүрдтэй, 4 буюу түүнээс дээш шатлалтай механик ажиллагаа бүхий хурдны хайрцагтай, “В” ангилалд зөвхөн суудлын зориулалттай, “D” ангилалд ерөнхий урт нь 8 метрээс доошгүй урттай, “Е” ангилалд 5 тонноос дээш даац бүхий хагас болон хоёр голтой чиргүүлтэй тээврийн хэрэгслээр явуулна.
22.1. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний жолоодлогын дадлагын хичээлийг баруун талдаа жолооны хүрдтэй, автомат ажиллагаа бүхий хурдны хайрцагтай, тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслээр явуулна.
/Энэ заалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүйн сайдын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/373 / А/207 дугаар хамтарсан тушаалаар нэмсэн./
23. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний жолоодож буй тээврийн хэрэгсэлд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн жолоодож яваа тээврийн хэрэгсэл” гэсэн тэмдгийг байршуулж хөдөлгөөнд оролцоно. Дээрх тэмдгийг байршуулснаар замын хөдөлгөөнд оролцохдоо ямар нэгэн давуу эрх эдлэхгүй.
/Энэ заалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүйн сайдын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/373 / А/207 дугаар хамтарсан тушаалаар өөрчлөн найруулсан./
24. Жолоочийн мэргэшил дээшлүүлэх сургалт нь жолоодлогын талбайн дадлагын болон дэвших ангиллын тээврийн хэрэгслийн техникийн онцлогтой холбоотой танхимын хичээлээс бүрдэх ба уг сургалтад хамрагдах элсэгч нь дор дурдсан шаардлагыг хангасан байна:
24.1. тээврийн хэрэгсэл 1 жилээс доошгүй хугацаагаар тасралтгүй жолоодсон;
/Энэ заалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 548/210 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болсонд тооцсон./
24.2. Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон дэвших ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох насны доод хязгаарыг хангасан;
24.3. зам тээврийн осол, зөрчилд холбогдоогүй;
24.4. жолоочийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан.
25. Жолооч бэлтгэх сургалтад суралцаж аль нэг шалгалтад 3 удаа орж тэнцээгүй, эсвэл аль нэг хичээлийн сургалтын хөтөлбөрийн 66-80 хүртэл хувийг хангасан болон мэргэжлийн шалгалтад орохоор нэр нь дэвшээгүй элсэгч тусдаа хөтөлбөртэй давтан сургалтад хамрагдах бөгөөд давтан сургалтыг дараахь төрлөөр явуулна. Үүнд:
25.1. замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн;
25.2. жолоодлогын дадлагын;
25.3. замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн болон жолоодлогын дадлагын.
26. Жолооны сургалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасны дагуу боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан хөтөлбөрөөр явуулна.
27. Жолооны сургалт эрхэлж буй этгээд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, жолоодлогын дадлага, техникийн анхны мэдэгдэхүүн гэсэн хичээлүүдээр урьдчилсан шалгалт авч, түүнд тэнцсэн бөгөөд жолоодлогын дадлагын хичээлийн хөтөлбөрийг бүрэн хангасан элсэгчийг мэргэжлийн шалгалтад оруулна.
28. Автоинженер болон машин механизмын инженер-механикийн мэргэжлээр их сургууль, коллеж, техникийн болон мэргэжлийн сургууль төгссөн дипломтой хүнийг /Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд зөвхөн B ангилалд энэ журмын 14 дэх заалтыг үндэслэн/ В эсвэл ВС ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах мэргэжлийн шалгалтад шууд оруулж болно.
/Энэ заалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүйн сайдын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/373 / А/207 дугаар хамтарсан тушаалаар нэмэлт оруулсан./
29. Жолооч бэлтгэх сургалтад хамрагдаж хичээл тус бүртээ 80 болон түүнээс дээш хувиар сургалтын хөтөлбөрийг хангасан боловч жолоочийн мэргэжлийн шалгалт өгөөгүй буюу тэнцээгүй бол тухайн сургалтыг дуусгасан өдрөөс хойш зургаан сарын дотор шалгалтаа нөхөн өгч болно.
Зургаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох мэргэжлийн шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэх олгох
30. Мэргэжлийн шалгалт авах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох үйл ажиллагааг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу батлагдсан “Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”-ын дагуу зохион байгуулж явуулна.
Долоо. Сургалтын төлбөрийг буцаан олгох
31. Энэ журмын 7-д заасны дагуу бүртгүүлж 16-д заасны дагуу элсэлт авсан жолооны сургалт зохион байгуулагч нь өөрийн буруугаас сургалт зохион байгуулаагүй бол сургалтын төлбөрийг авсан хэмжээгээр элсэгчид буцаан олгох ба энэ талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.
-ооОоо-