МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН

САЙДЫН ТУШААЛ

 

2012 оны 10 дугаар

сарын 29ий өдөр

Дугаар 59

Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний загварыг хоёрдугаар хавсралтаар, бүртгэлийн маягтыг гуравдугаар хавсралтаар, явуулын дугаарын загварыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

3. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газар /Б.Жаргал/-т үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” батлах тухай Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

Зам, тээврийн сайд                                 А.ГАНСҮХ

 

 

 

Зам, тээврийн сайдын 2012 оны 10-р сарын 29-ний

өдрийн 59 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэж улсын дугаар, гэрчилгээ олгох, шилжилт, хөдөлгөөн хийх, улсын бүртгэлээс хасахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэж улсын дугаар, гэрчилгээ олгох, шилжилт, хөдөлгөөн хийх, улсын бүртгэлээс хасах, автотээврийн хэрэгслийн талаарх статистик бүртгэл хөтлөх, дүн шинжилгээ, судалгаа хийх, мэдээллийн сүлжээ, сан байгуулах, мэдээллээр хангах, нууцлалыг хамгаалах, хадгалах зэрэг үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.3. Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэж улсын дугаар, гэрчилгээ олгох, шилжилт, хөдөлгөөн хийх, улсын бүртгэлээс хасах үйл ажиллагааг улсын хэмжээнд аймаг, нийслэл дэх бүртгэлийн байгууллага /цаашид “Бүртгэлийн байгууллага” гэх/ эрхлэн гүйцэтгэнэ.

Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэлийн чиглэлээр дараахь үйл ажиллагааг явуулна. Үүнд:

1.3.1. автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, автотээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээ олгох;

1.3.2. автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэх;

1.3.3. автотээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээг нөхөн олгох, шинэчлэн солих;

1.3.4. автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах;

1.3.5. явуулын дугаар олгох;

1.3.6. автотээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх эрх бүхий байгууллагуудад мэдээ, судалгаа, лавлагаа гаргах;

1.3.7. автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэж улсын дугаар, гэрчилгээ олгох, шилжилт, хөдөлгөөн хийх, улсын бүртгэлээс хасах үйл ажиллагааны тайлан мэдээг сар, улирал, жилээр гаргаж, эрх бүхий албан тушаалтан, байгууллагыг мэдээллээр хангах.

1.4. Монгол Улсын Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх ажлын зориулалтаар ашиглаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, халхавч дугаар олгох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулахгүй.

1.5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн доторхи бүртгэл, шилжилт, хөдөлгөөнийг тухайн аймаг, дүүргийн, харин тэдгээрийн хоорондох шилжилт хөдөлгөөнийг шилжин ирж буй аймаг, дүүргийн бүртгэлийн ажилтан бүртгэж тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техник ашиглалтын дэвтэрт тэмдэглэн мэдээллийн санд оруулна.

1.6. Автотээврийн хэрэгслийн улсын дугаарыг аймаг, нийслэлийн бүртгэлийн байгууллагаар дамжуулан олгоно. Аймаг, нийслэлийн хооронд шилжилт хөдөлгөөн хийгдэж буй тохиолдолд шилжин ирж буй аймаг, дүүргийн бүртгэлийн байгууллага улсын дугаарын тэмдгийг шинээр олгож, хуучин дугаарын тэмдгийг бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ.

1.7. Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг нь “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг” МNS 4410:2002 стандартад нийцсэн байна.

1.8. Иргэн, хуулийн этгээд шинээр автотээврийн хэрэгсэл өмчилж авсан бол 72 цагийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх ба иргэний тухайд зөвхөн 16 нас хүрсэн бол түүний нэр дээр холбогдох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ.

 

Хоёр. Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэх

2.1. Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, улсын дугаар, гэрчилгээ олгоход дараахь бичиг баримтыг үндэслэнэ:

2.1.1. импортоор оруулж ирсэн шинэ автотээврийн хэрэгслийн техникийн паспорт, үйлдвэрлэгчийн дагалдах бичиг;

2.1.2. ашиглагдаж байгаад импортоор оруулж ирсэн автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, тухайн улсын эрх бүхий байгууллагаас техникийн шаардлага хангаж байгааг тодорхойлсон дүгнэлт, бүртгэлээс хассан тухай тодорхойлолт, тэмдэглэл;

2.1.3. гаалийн бүрдүүлэлт хийснийг нотлох мэдүүлэг, баримт;

2.1.4. дипломат болон олон улсын байгууллагуудын тухайд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг;

2.1.5. Монгол Улсад холбогдох байгууллагын зөвшөөрөлтэйгээр үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийн хувьд техникийн паспорт, автотээврийн хэрэгслийн таних тэмдгийн дугаар олгосныг баталгаажуулсан баримт;

2.1.6. тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр, техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт;

2.1.7. улсын тэмдэгтийн хураамж, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ төлсөн баримт;

2.1.8. автотээврийн хэрэгсэлд улсын дугаар авах талаар гаргасан иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримт;

2.1.9. өмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

2.1.10. жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;

2.1.11. тусгай тоноглол суурилагдсан тээврийн хэрэгслийн хувьд нэмэлт төхөөрөмжийн техникийн байдлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар шалгуулж баталгаажуулсан дүгнэлт.

2.2. Монгол Улсад үйлдвэрлэх автотээврийн хэрэгсэл, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл нь стандартын шаардлага хангаагүй, холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн автотээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүй.

2.3. Тээврийн хэрэгслийн техникийн паспортанд заасан техникийн үзүүлэлтийг харгалзан стандартад заагдсан улсын дугаар олгоно. Үүнд:

2.3.1. автомашины улсын дугаарыг “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” МNS 4598:2011 стандартын 5.8.1, 5.8.2-т заасан зөвшөөрөгдөх техникийн үзүүлэлт бүхий автомашинд;

2.3.2. трактор, механизмын улсын дугаарыг “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага" МNS 4598:2011 стандартын 5.8.2 болон 5.8.4-т заасан зөвшөөрөгдөх техникийн үзүүлэлт бүхий дугуйт трактор, өөрөө явагч машин механизмд;

2.3.3. мотоциклын улсын дугаарыг “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” МNS 4598:2011 стандартын 13-д заасан зөвшөөрөгдөх техникийн үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлд;

2.3.4. чиргүүлийн улсын дугаарыг “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” МNS 4598:2011 стандартын 12-д заасан зөвшөөрөгдөх техникийн үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлд;

2.3.5. технологийн улсын дугаарыг “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” МNS 4598:2011 стандартын 5.8.1, 5.8.2-т зааснаас дээш техникийн үзүүлэлттэй автомашинд, мөн стандартын 5.8.2 болон 5.8.4-т зааснаас дээш техникийн үзүүлэлт бүхий дугуйт трактор, өөрөө явагч машин механизм болон бүх төрлийн гинжит трактор, өөрөө явагч механизмд, мөн стандартын 12-д зааснаас дээш техникийн үзүүлэлттэй чиргүүлд.

 

Гурав. Автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн, өөрчлөлтийг бүртгэх

 

3.1. Дараах тохиолдолд автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэнэ:

3.1.1. автотээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь автотээврийн хэрэгслээ худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн;

3.1.2. өмчлөгч иргэн болон хуулийн этгээдийн оршин байгаа газар өөрчлөгдсөн;

3.1.3. автотээврийн хэрэгслийн хөдөлгүүр, арал, бүхээг, өнгө өөрчлөгдсөн;

3.1.4. хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдсан болон өмчлөгч иргэн нас барсан.

3.2. Өмчлөгч нь энэ журмын 3.1-д заасан шилжилт, хөдөлгөөнийг 7 хоногийн дотор хийлгэх үүрэгтэй.

3.3. Автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг дор дурьдсан бичиг, баримтыг үндэслэн бүртгэнэ:

3.3.1. иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлсэн болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримт;

3.3.2. шилжүүлэн авч байгаа өмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.3.3. автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;

3.3.4. тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр;

3.3.5. автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ;

3.3.6. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

3.3.7. жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт.

Жич: Шилжүүлснийг нотлох бусад баримт гэдэгт өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотолж гарын үсгээ зурж баталгаажуулах, худалдах, худалдан авах, бэлэглэх, Фидуци, арилжааны гэрээ, бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэлийг тус тус нотариатаар гэрчлүүлсэн байх, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бол Төрийн өмчийн хороо /аймаг, нийслэлийн өмчийн газар/-ны шийдвэр, эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарласан бол түүнийг дуусгавар болгосон тухай шийдвэр, өмчлөх эрх шилжүүлсэн, баталгаажуулсан тухай шүүхийн шийдвэр зэрэг хамаарна.

3.4. Автотээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн нь нас барсан тохиолдолд өв залгамжлалын гэрчилгээг үндэслэн бүртгэнэ.

3.5. Автотээврийн хэрэгслийн хөдөлгүүр, арал, бүхээгийг өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлт нь стандартын шаардлага хангаж байгааг нотолсон техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт, өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн өөрчлөлт хийнэ.

3.6. Улсын бүртгэлээс хасагдсан хуулийн этгээдийн тухайд татан буугдсан хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын хүсэлт, улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн шилжилт хийж болно.

 

Дөрөв. Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг, гэрчилгээг нөхөн олгох

4.1. Автотээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд дараахь бичиг, баримтыг үндэслэн нөхөн олгоно:

4.1.1. улсын дугаар, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгохыг хүссэн бүртгэлийн маягт, албан бичиг;

4.1.2. автотээврийн хэрэгслийн гэрчилгээг хаяж, гээгдүүлснийг мэдээллийн хэрэгслээр хүчингүй болгож зарлуулсан баримт;

4.1.3. автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ тушаасан баримт;

4.1.4. улсын дугаар нөхөн олгох бол автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;

4.1.5. автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт;

4.1.6. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

4.1.7. тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр.

4.2. Нэг болон хосоор нь улсын дугаарын тэмдгийг үрэгдүүлсэн тухай тэмдэглэлийг бүртгэлийн байгууллагын нэгдсэн мэдээллийн санд оруулна.

4.3. Хуучирч муудсан, бичлэг тэмдэглэл нь баларсан, ашиглах боломжгүй болсон автотээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээг өмчлөгчийн хүсэлтээр гэрчилгээний үнэ болон улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэн сольж олгоно.

 

Тав. Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах

5.1. Автотээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжгүй болсон, Монгол Улсаас бүр мөсөн экспортлох тохиолдолд өмчлөгч нь түүнийг улсын бүртгэлээс хасуулна.

5.2. Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах тохиолдолд дараах бичиг, баримтыг үндэслэнэ. Үүнд:

5.2.1. автотээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжгүй болсон бол улсын бүртгэлээс хасуулах тухай өмчлөгчийн хүсэлт;

5.2.2. автотээврийн хэрэгспийг бүр мөсөн экспортлох болсонтой холбогдуулан улсын бүртгэлээс хасуулах тухай өмчлөгчийн хүсэлт;

5.2.3. татварын албаны тодорхойлолт;

5.2.4. автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;

5.2.5. улсын дугаарын тэмдэг;

5.2.6. тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр.

5.3. Автотээврийн хэрэгслийг өмчлөгч нь энэ журмын 5.2-д заасны дагуу бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ Бүртгэлийн байгууллагад ирүүлнэ.

5.4. Бүртгэлийн байгууллага нь энэ журмын 5.2-д заасан бичиг, баримтыг үндэслэн улсын дугаарын тэмдгийг хураан авч, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэрт улсын бүртгэлээс хассан тухай тэмдэглэлийг хийж, тодорхойлолтын хамт өмчлөгчид олгоно.

5.5. Автотээврийн хэрэгслийг бүр мөсөн экспортлох тохиолдолд өмчлөгчийн хүсэлтийг харгалзан улсын бүртгэлээс хассан тэмдэглэлийг “явуулын дугаар”-ын хамт автотээврийн хэрэгслийн гэрчилгээнд бичиж тэмдэглэнэ. Тэмдэглэл хийлгэснээс хойш 72 цагийн дотор Монгол Улсын хилээр гарна.

5.6. Монгол Улсад байнга оршин суугаа болон удаан хугацаагаар зорчих гадаадын иргэний автотээврийн хэрэгслийг энэ журмын 5.2-т заасан бичиг баримтыг үндэслэн улсын бүртгэлээс хасна.

5.7. Бүртгэлийн байгууллага нь энэ журмын 5.2-т заасны дагуу ирүүлсэн бичиг, баримтыг үндэслэн автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл, мэдээллийн санд улсын бүртгэлээс хасагдсан тухай тэмдэглэгээг тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэрт хийнэ.

5.8. Улсын бүртгэлээс хасуулахад бүрдүүлсэн баримт, бичгийг архивт хадгалж, хураан авсан улсын дугаарын тэмдгийг Бүртгэлийн байгууллага хяналт тавьж устгана.

 

Зургаа. Явуулын дугаар олгох, автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн сан бүрдүүлэх, лавлагаа өгөх

6.1. Улсын хилээр түр хугацаагаар оруулан ирж нутгийн гүн рүү тээвэрлэлт хийж тодорхой хугацааны дараа буцаан гаргах, автотээврийн хэрэгслийг Монгол Улсаас экспортлох, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх гадаад орны бүртгэл бүхий тээврийн хэрэгслүүдэд “Явуулын дугаар” олгоно.

6.2. “Явуулын дугаар” олгохдоо дараах бичиг баримтыг үндэслэн олгоно.

6.2.1. "явуулын дугаар" олгож өгөхийг хүссэн албан бичиг, өргөдөл;

6.2.2. Монгол Улсаар дамжин өнгөрөх бол тухайн тээврийн хэрэгслийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагаас олгосон тээврийн хэрэгслийн гэрчилгээ;

6.2.3. Монгол Улсын нутгийн гүн рүү тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр;

6.2.4. Монгол Улсаас экспортлох бол бүртгэлээс хасуулсан тодорхойлолт;

6.2.5. Монгол Улсаар дамжин өнгөрөх бол гаалийн баримт.

6.3. Улсын хилээр түр хугацаагаар оруулан ирж нутгийн гүн рүү тээвэрлэлт хийж тодорхой хугацааны дараа буцаан гаргах тээврийн хэрэгсэлд үйл ажиллагааны хугацаа, тээвэрлэлтийн зайг харгалзан “явуулын дугаар”-ыг тодорхой хугацаатай олгож, Монгол Улсаас гарахад нь Автотээврийн хяналтын улсын байцаагч хураан авч бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.

6.4. “Явуулын дугаар”-ыг жолоочийн харах орчныг хязгаарлахгүйгээр автомашины урд болон хойд талын салхины шилэнд байрлуулна.

6.5. Бүртгэлийн байгууллага нь Монгол Улсад ашиглагдаж байгаа бүх төрлийн автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл, мэдээллийн санг хөтөлж, баяжилт хийнэ.

6.6. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийг улсын бүртгэлээс хасах тохиолдолд л хураан авах ба бусад тохиолдолд хураан авахыг хориглоно.

 

Долоо. Бусад зүйл

7.1. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, бүртгэлийн маягт, картны загварыг Зам, тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, батлагдсан загварын дагуу хэвлүүлж, аймаг, дүүргийн Бүртгэлийн байгууллагад хуваарилан өгч, зарцуулалт, хадгалалтанд нь автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар хяналт тавина.

7.2. Автотээврийн хэрэгслийн улсын дугаарыг аймаг, дүүрэгт хуваарилах, олгох, тайлан мэдээ гаргахад Бүртгэлийн байгууллагын дарга хяналт тавьж ажиллана.

7.3. Автотээврийн хэрэгслийг бүртгэж, улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлээс хасах үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлыг Бүртгэлийн байгууллагад гаргах ба уг гомдолд 14 хоногийн дотор хариу өгнө.

7.4. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд "Автотээврийн тухай хууль"-ийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

-ооОоо-

 

 

Зам, тээврийн сайдын 2012 оны 10-р сарын 29-ний

өдрийн 59 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт

 

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нүүрэн тал

 

 

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний дотор тал

 

 

-ооОоо-

 

 

Зам, тээврийн сайдын 2012 оны 10-р сарын 29-ний

өдрийн 59 дүгээр тушаалын гуравдугаар хавсралт

 

 

 

-ооОоо-

 

 

Зам, тээврийн сайдын 2012 оны 10-р сарын 29-ний

өдрийн 59 дүгээр тушаалын дөрөвдүгээр хавсралт

 

 

 

-ооОоо-