МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН

САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

 

2003 оны 11 дүгээр

сарын 17-ны өдөр

Дугаар 235/209

Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. “Тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн сайд, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын “Журам батлах тухай” 2002 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 133/100 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

Дэд бүтцийн сайд

Б.ЖИГЖИД

Хууль зүй, дотоод хэргийн сайд

Ц.НЯМДОРЖ

 

 

 

Дэд бүтцийн  сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2003 оны 235/209 дүгээр хамтарсан тушаалын хавсралт

 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТООЛЛОГО,

ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ ЯВУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Энэ журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа бүх төрлийн тээврийн хэрэгслийг тоолох, тээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгсэлд техникийн  хяналтын үзлэг хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2. Тээврийн хэрэгслийн тооллогыг Замын цагдаагийн газар, техникийн хяналтын үзлэгийг Тээврийн газар зохион байгуулж явуулна.

3. Зэвсэгт хүчний болон хилийн цэргийн тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын үзлэгийг түүний техникийн шалгах албад явуулах бөгөөд улсын нэгдсэн мэдээнд тусгана.

4. Монгол Улсад суугаа гадаад улсын элчин сайдын яамд, олон улсын байгууллагын тээврийн хэрэгсэлд хийх тооллого, техникийн хяналтын үзлэгийг Гадаад хэргийн яамтай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр явуулна.

5. Тээврийн хэрэгслийг бүртгэлийн харьяаллаар нь тооллого, техникийн хяналтын үзлэгт оруулна.

6. Тээврийн газар, орон нутаг дахь түүний алба техникийн хяналтын үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын гэрчилгээ олгоно. Гэрчилгээнд Автотээврийн тухай хуулийн 5.1.5-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон тухайн тээврийн хэрэгсэл техникийн үзлэгт орох хугацааг заана.

7. Техникийн хяналтын гэрчилгээний загварыг тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

8. Энэ журмын 6-д заасан хугацаанд тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно.

 

Хоёр. Тээврийн хэрэгслийн тооллого

9. Тээврийн хэрэгслийг тоолохдоо түүний төрөл загвар, улсын дугаар, арал, бүхээг, хөдөлгүүрийн дугаар, өнгө, зориулалт, өмчлөгч, эзэмшигчийн хаяг зэрэг бүртгэлийн үзүүлэлтийг тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хуучнаар ашиглалтын дэвтэр/-тэй нь тулгаж үзэх бөгөөд тээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардагдах нэмэлт хэрэгслийг /галын хор, ослын зогсолтын тэмдэг, эмийн сан г.м/ шалгана.

10. Замын цагдаагийн алба нь тооллогод хамрагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тэмдэглэгээ хийнэ.

11. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үзүүлэлтүүд бичиг баримттай нь зөрсөн буюу засвартай байвал замын цагдаагийн алба зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.

12. Аймаг, дүүргийн замын цагдаагийн албад нь өөрсдийн явуулсан тээврийн хэрэгслийн тооллогын дүн мэдээ, илтгэх хуудас, материалыг Замын цагдаагийн газарт заасан хугацаанд тогтмол ирүүлнэ.

 

Гурав. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг

13. Тээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлага хангасан байдалд энэ журмын 6-д заасан хугацаанд техникийн хяналтын үзлэг хийнэ.

14. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Автотээврийн тухай хуулийн 19.2-т заасан шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллага эрхлэн явуулна.

15. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн дүн мэдээ гаргах, техникийн хяналтын үзлэг хийх аж ахуйн нэгж, байгууллагыг аргачилсан удирдлагаар хангах зэрэг үйл ажиллагааг дараах байдлаар бүсчилэн зохион байгуулж явуулах бөгөөд бүс бүрт Тээврийн газраас томилсон бүсийн менежер ажиллана. Үүнд:

- Улаанбаатарын бүс;

- Баруун бүс - Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай;

- Хангайн бүс - Хөвсгөл, Орхон, Булган, Архангай, Баянхонгор, Өвөрхангай;

- Төвийн бүс - Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Төв;

- Зүүн бүс - Хэнтий, Дорнод, Сүхбаатар.

16. Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд зөөврийн техник хэрэгсэл ашиглан хяналтын үзлэгийг явуулж болох ба энэхүү үзлэгээр техникийн хяналтын гэрчилгээний хугацаа дууссан, эсвэл зөрчилтэй, тээврийн хэрэгсэл нь энэ журмын 20-д заасан стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдвол түүнийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авна.

17. Импортоор оруулж ирсэн шинэ тээврийн хэрэгслийг 2 жилийн хугацаанд техникийн үзлэгт оруулахгүйгээр зөвхөн тооллогод хамруулах бөгөөд үүнээс хойшхи хугацаанд техникийн үзлэгт жил бүр оруулна.

18. Дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт дахин оруулна:

18.1. ажил, үйлчилгээний шаардлагын дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийн марк, зориулалтыг өөрчилсөн, нэмэлт төхөөрөмж суурилуулсан бол;

18.2. зам тээврийн осолд өртөж, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх эвдрэл гарсан тээврийн хэрэгслийг засварласан бол;

18.3. урьд нь техникийн хяналтын үзлэгт орсон тээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардлагаар засвар хийлгэсний дараа эзэмшигч нь хүсэлт гаргасан бол.

19. Энэ журмын 18.1, 18.2-т заасан тохиолдолд импортоор оруулж ирсэн шинэ тээврийн хэрэгслийг техникийн үзлэгт нэгэн адил хамааруулна.

20. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг дор дурдсан стандартын шаардлагын дагуу явуулна:

20.1. “Автотээврийн хэрэгслийн техникийн байдлын үзлэг хийх заавар. Ерөнхий шаардлага” MNS 5011-2003;

20.2. “Оношлогооны төв. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS 5044-2003;

20.3. “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Тодорхойлолт, Ангилал, Ерөнхий шаардлага” MNS 5012-2001;

20.4. “Бензинээр ажилладаг хөдөлгүүртэй автомашин - Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5013-2003;

20.5. “Дизель хөдөлгүүртэй автомашин - Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5014-2003;

20.6. “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага” MNS 4598-2003;

20.7. “Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2003.

21. Техникийн үзлэг хийхтэй холбогдсон маргааныг Улсын мэргэжлийн хяналтын газар хүлээн авч шийдвэрлэнэ.

 

Дөрөв. Техникийн үзлэг явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг

22. Техникийн үзлэг хийх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 20-д заасан стандартын шаардлагын дагуу техникийн хяналтын үзлэг хийх ажилбар бүрээр технологийн карт гаргаж, автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар батлуулж мөрдөнө.

23. Техникийн хяналтын станцыг тогтмол бэлэн байлгаж, үйл ажиллагааныхаа талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд урьдчилан мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.

24. Тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслийн өнгө, будаг, тавигдсан тоног төхөөрөмж стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгана.

25. Техникийн хяналтын үзлэгийн дүн мэдээг тусгасан илтгэх хуудас, материалыг Тээврийн газраас тогтоосон хугацаанд бүсийн менежерт хүргүүлнэ.

26. Тоног төхөөрөмжийн баталгаажуулалтыг “Автотээврийн тухай хууль”-ийн 19.2.3-т заасны дагуу гүйцэтгэнэ.

 

Тав. Тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрх, үүрэг

27. Тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгж, иргэд дор дурдсан үүрэгтэй:

27.1. жил бүр тухайн тээврийн хэрэгслийг энэ журамд заасны дагуу техникийн үзлэгт оруулж тооллогод хамруулах;

27.2. техникийн хяналтын үзлэг, тооллого эхлэхээс өмнө ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах;

27.3. автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жил бүр тээврийн хэрэгслийн тооллого, техникийн үзлэгт орохоос өмнө төлөх;

27.4. тээврийн хэрэгслийн тооллого, техникийн үзлэгт орохоос өмнө жолоочийн хариуцлагын даатгалд заавал даатгуулах;

27.5. техникийн хяналтын үзлэг, тооллогын өмнө тээврийнхээ хэрэгслийн техникийн байдалд үзлэг хийж, илэрсэн эвдрэл гэмтлийг засах, тохиргоо хийх, өнгө үзэмжийг сайжруулах, тээврийн хэрэгслийн хувийн хэргийн бүрдлийг хангах;

27.6. техникийн хувьд бүрэн бүтэн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах.

 

Зургаа. Бусад

28. Тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын үзлэгээс зайлсхийсэн этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэж, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох хүртэл арга хэмжээ авна.