МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД,
ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2000 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр |
Дугаар 100/130 |
Улаанбаатар хот |
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын "Автотээврийн тухай" хуулийн 17 дугаар зүйл, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай" хуулийн 9, 10 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх журам"-ыг хавсралтаар баталж, 2000 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж хэрэгжүүлсүгэй.
2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайд, Байгаль орчны сайдын "Журам баталж, комисс байгуулах тухай" 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 100/78/54/53 тоот хамтарсан тушаалыг 2000 оны 5 дугаар сарын 1-нээс хүчингүй болсонд тооцсугай.
Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.БАТХҮҮ |
Хууль зүйн сайд Даш.ГАНБОЛД |
Дэд бүтцийн хөгжлийн сайд, Хууль зүйн сайдын
2000 оны 100/130 тоот хамтарсан тушаалын хавсралт
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД
ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын "Автотээврийн тухай"хуулийн 17 дугаар зүйл, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай" хуулийн 9, 10 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлж автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийж гэрчилгээ олгох, автотээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон техникийн хяналтын үзлэг хийх байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, эдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага /Автотээврийн газар/-аас олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгж эрхлэн зохион байгуулна.
1.3. Энэ журмын 1.2-т заасан байгууллага аж ахуйн нэгж нь техникийн хяналтын үзлэг хийсэн тухай бүр стандартын үзүүлэлт, техникийн шаардлага хангасан автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын гэрчилгээг тодорхой хугацаагаар олгох ба энэ нь замын хөдөлгөөнд оролцох техникийн шаардлага хангасныг гэрчлэх үндэслэл болно.
Хоёр. Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх
2.1. Автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага нь тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажилбар бүрээр үлгэрчилсэн заавар гарган мөрдүүлнэ.
2.2. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх эрх олгогдсон аж ахуйн нэгж, байгууллага нь 2.1-т заагдсан үлгэрчилсэн зааврын дагуу техникийн хяналтын үзлэг хийх ажилбар бүрээр технологийн карт гарган автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагаар батлуулан мердөнө.
2.3. Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх эрх олгогдсон байгууллага, аж ахуйн нэгж нь зориулалтын техник тоног төхөөрөмж, магадлан оношлогооны цэг, байр талбайгаар бүрэн хангагдсан байна.
2.4. Техникийн хяналтын үзлэг хийхэд дор дурдсан оношлогоо, ажилбарыг заавал гүйцэтгэж дүгнэлт гаргана:
а. Хөдөлгүүр, хүч дамжуулах ангийн техникийн байдлыг хөдөлгүүрийн битүүмжлэл, хөдөлгүүрийн хүч, шатахууны нэгжийн зарцуулалт, утаан дахь угаарын хэмжээ зэргээр шалгана;
Хүч дамжуулах ангийн эд ангиудыг тос гоожилт, холбох эд ангийн гэмтэл, бэхэлгээ зэрэг гаднах байдлын ерөнхий үзүүлэлтүүдээр шалгаж үзнэ;
б. Тоормосны системийг тоормосны дөрөөний сул явалт, бүрэн явалт, тоормосны хүч /зам/, зогсоолын тоормосны идэвхжил зэргээр шалгана;
в. Жолооны механизмын хүрдний сул явалт, урд дугуйн хумайлтын ба дэрвийлтийн өнцгийн хэмжээг шалгана;
г. Явах ангийн дугуйн хийн даралт, хээний гүнийг шалгаж тогтооно;
д. Автотээврийн хэрэгслийн гэрлийн тусгалын тохиргоо, спидометрийн заалтыг шалгахын зэрэгцээ эколог, эргономикийн үзүүлэлтүүдийг дуу чимээний түвшин, ажилласан утааны найрлага дахь хорт хийн хэмжээ зэргээр шалгана;
е. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх бусад нарийвчилсан оношлогоо, ажилбарыг технологийн картанд тусгана;
ё. Энэ зүйлийн “а”, “д”-д заасан экологи болон физикийн хортой нөлөөллийн хэмжилтийг Байгаль орчны шинжилгээний төв лабораториор шалгуулан баталгаажуулсан гэрчилгээ бүхий багаж хэрэгслээр хийнэ.
2.5. Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх эрх олгогдсон аж ахуйн нэгж, байгууллага нь үзлэгийн дүнг автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагаас баталсан тусгай хэвлэмэл хуудсанд хоёр хувь бөглөж нэг хувийг нь техникийн хяналтын гэрчилгээний хамт тээврийн хэрэгсэл эзэмшигчид өгнө.
Гурав. Техникийн хяналтын гэрчилгээ олгох
3.1. Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн аж ахуйн нэгж, байгууллага техникийн хяналтын гэрчилгээг тухайн автотээврийн хэрэгслийн техник ашиглалтын стандартын үзүүлэлт, шаардлагыг хангаж байгаа тээврийн хэрэгсэл бүрт олгоно.
3.2. Техникийн хяналтын гэрчилгээний загварыг автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагаас батлан, нэгдсэн журмаар хэвлүүлнэ.
3.3. Үзлэг хийсэн тээврийн хэрэгсэлд олгосон техникийн хяналтын гэрчилгээний үнэн зөв байдлыг түүнийг өгсөн аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
3.4. Техникийн хяналтын гэрчилгээгүй, гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан автотээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгүүлэхгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх улсын хяналтыг автотээврийн хяналтын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба, түүний байцаагч хэрэгжүүлнэ.
3.5. Техникийн хяналтын үзлэг хийх хөлсний дээд хязгаарыг автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага тогтооно.
3.6. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн өөрийн тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийлгэж шалгуулсан хөлсийг тогтоосон тарифын дагуу үзлэг хийлгэсэн тухай бүр төлнө.
3.7.Техникийн хяналтын үзлэг хийж гэрчилгээ олгохтой холбогдсон маргааныг Дэд бүтцийн улсын хяналтын алба болон автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага хүлээн авч шийдвэрлэнэ.
Дөрөв. Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх байгууллага, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг
4.1. Техникийн хяналтын үзлэг хийх зориулалтын техник, тоног төхөөрөмж, магадлан оношлогооны цэгийг тогтмол бэлэн байлгаж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд урьдчилан мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.
4.2. Техникийн хяналтын үзлэг хийх ажилбар бүрээр автотээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын стандартын үзүүлэлт, шаардлагыг тусгасан технологийн карт гаргаж автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагаар батлуулан мөрдөнө.
4.3. Шуурхай албаны болон технологийн шаардлагын дагуу ашиглагдах тээврийн хэрэгсэлд тавигдсан тоног төхөөрөмж, өнгө, будаг, бичлэг, гэрэл ба дуут дохиог стандартын дагуу байгаа эсэхийг шалгана.
4.4. Техникийн хяналтын үзлэгийн дүн мэдээ, цаашид авах арга хэмжээг тусгасан илтгэх хуудас, материалыг улирал бүр автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага болон Агаарын чанарын төв албанд ирүүлнэ.
4.5. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураах, татвар төлсөн тухай тэмдэглэлийг зохих баримт бичигт бичих талаар холбогдох татварын байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллана.
4.6. Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийхтэй холбогдсон нийтээр дагаж мөрдөх бусад хууль, тогтоомж, заавар, журам, норм, норматив, стандартыг мөрдөж хэрэгжүүлнэ.
Тав. Тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эрх үүрэг
5.1. Тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь тухайн тээврийн хэрэгслийг түүний техникийн байдлаас хамааруулан үзлэгт жилд нэгээс доошгүй удаа дараахь тохиолдолд оруулна:
а. Автотээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэх, ашиглах;
б. Ажил үйлчилгээний шаардлагын дагуу холбогдох байгууллагын зөвшөөрлөөр автотээврийн хэрэгслийн марк, зориулалтыг өөрчлөх, нэмэлт төхөөрөмж тавих;
в. Автотээврийн хэрэгслийг Монгол Улсад үйлдвэрлэх, угсрах;
г. Өмнө олгогдсон гэрчилгээний хугацаа дуусах.
5.2. Үзлэгийн өмнө байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь өөрсдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн техникийн байдалд үзлэг хийж, илэрсэн эвдрэл гэмтлийг засах, өнгө үзэмжийг сайжруулах, тээврийн хэрэгслийн хувийн хэргийг бүрэн хөтөлж төхник ашиглалтыг тодорхойлж бэлэн болгоно.
5.3. Техникийн хяналтын үзлэг, оношлогоо үйлчилгээний хөлсийг тогтоосон тарифын дагуу төлнө.
5.4. 3амын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд тогтмол бүрэн бүтэн байлгана.