МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН

САЙДЫН ТУШААЛ

 

1999 оны 04 дүгээр

сарын 19-ний өдөр

Дугаар 73

Улаанбаатар хот

 

ЗААВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 6 дугаар зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 3, 5-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. “Тээврийн хэрэгслийг албадан зогсоох заавар”-ыг 1, “Тээврийн хэрэгслийг түр саатуулах журам”-ыг 2, “Тээврийн хэрэгслийн тоо, бүртгэлийг хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг 3, “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ыг 4, “Жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”-ыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 1991 оны Б/243, 1996 оны 189 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

Хууль зүйн сайд                                    Л.ЦОГ

 

(Энэхүү тушаалын 3 дугаар хавсралтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 99 дүгээр тушаалаар, 5 дугаар хавсралтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 102 дугаар тушаалаар тус тус хүчингүй болсонд тооцсон)

 

 

 

Хууль зүйн сайдын 1999 оны

73 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТҮР СААТУУЛАХ ЖУРАМ

 

Нийтлэг үндэслэл

1. Монгол Улсын хуульд заасан үндэслэлээр саатуулахаар шилжүүлсэн тээврийн хэрэгслийг цаашид “саатуулагдсан тээврийн хэрэгсэл” гэнэ. Хүлээн авч, шийдвэрийг хэрэгжүүлэх цагдаагийн байгууллагын харъяанд байгаа нэгжийг “тээврийн хэрэгсэл түр саатуулах байр” гэнэ.

2. Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр нь нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын бүтцэд багтан, Замын цагдаагийн албаны өдөр тутмын удирдлагад ажиллана.

3. Тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны үйл ажиллагаанд Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, бусад хууль тогтоомж, энэ журмыг мөрдөнө.

4. Хууль тогтоомж зөрчсөн тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтны тэмдэглэл нь тээврийн хэрэгслийг түр саатуулах үндэслэл болно.

5. Энэ журам нь өмчийн ялгаа харгалзахгүй бүх төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарна.

6. Тээврийн хэрэгслийг түр саатуулах байр нь байнгын харуул, хамгаалалттай байна. Харуул хамгаалалт нь энгийн болон гэрээт байж болно. Уг байр нь галын аюулгүй байдлыг хангасан байхын зэрэгцээ нормативын дагуу гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байна.

 

Тээврийн хэрэгслийг түр саатуулах үндэслэл

7. Дараах үндэслэлээр тээврийн хэрэгслийг түр саатуулж болно. Үүнд:

а/ гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, учирсан хохирлыг арилгах зорилгоор цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлалт зарласан тээврийн хэрэгсэл;

б/ шаардлагатай гэж үзсэн зам тээврийн осол, гэмт хэрэгт өртсөн тээврийн хэрэгсэл;

в/ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн жолоочийн жолоодсон тээврийн хэрэгсэл;

г/ эрхийн үнэмлэхтэй боловч түүнийг авч яваагүй, эрхийн үнэмлэхгүй буюу ангилал тохирохгүй үнэмлэхтэй хүн жолоодсон тээврийн хэрэгсэл;

д/ улсын дугааргүй, техникийн гэрчилгээ, ашиглалтын дэвтэргүй, техникийн улсын үзлэг тооллогод ороогүй тээврийн хэрэгсэл;

е/ техникийн стандартын шаардлага хангахгүй бүрэн бус, эсхүл хүрээлэн байгаа орчныг бохирдуулсан;

ё/ замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсож, эсхүл хориглолт тогтоосон буюу мэдээлэх тэмдэг бүхий замын зорчих хэсэг дээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа тээврийн хэрэгсэл (Энэ хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар нэмсэн).

 

Тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хүлээн авах журам

8. Эрх бүхий албан тушаалтан тээврийн хэрэгслийг түр саатуулах үндэслэлээ нийслэл хотод Замын цагдаагийн жижүүрт, аймагт цагдаагийн газар, хэлтсийн жижүүрт танилцуулна.

9. Цагдаагийн байгууллагын жижүүр уг тээврийн хэрэгслийг түр саатуулах үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэнэ.

10. Түр саатуулагдсан тээврийн хэрэгслийг бүртгэлд /маягт-1/ бүртгэнэ.

11. Тээврийн хэрэгслийг түр саатуулж буй алба хаагч жолоочийг нь /бололцоотой бүх тохиолдолд/ байлцуулан тээврийн хэрэгслийн гадна тал, эд ангийн бүрэн бүтэн байдалд үзлэг хийж, бүртгэлд тодорхой тэмдэглэн, түр саатуулах байрны жижүүрт хүлээлгэн өгнө.

Тээврийн хэрэгслийн хаалга, шатахууны савны таг, ачаа ачих хэсэг цоожгүй бол доторхи эд анги, агрегат, нэмэгдэл тоноглол, шатахууны хэмжээг шалгаж тэмдэглэнэ /Маягт-2/.

12. Тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хүлээн авснаас хойш түүний бүрэн бүтэн байдлыг уг байрны жижүүр, харуул хариуцна. Харин журам зөрчиж тээврийн хэрэгслийг хариуцлагагүй хүлээлцсэнээс болж учирсан хохирлыг буруутай этгээд хариуцна.

13. Хүйтний улиралд хөргөлтийн систем нь хөлдөх шингэнтэй тээврийн хэрэгслийг түр саатуулсан алба хаагч, тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны жижүүртэй хамт байж хөргөлтийн шингэнийг асгуулах, зай хураагуурын гүйдлийг салгах арга хэмжээ авна.

14. Түргэн муудаж, чанараа алдах, тэсэрч дэлбэрэх, өвлийн цагт хөлдөх зүйл тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийг түр саатуулсан тохиолдолд жижүүр, харуул нь холбогдох байгууллага, албан тушаалтанд яаралтай мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл хөтөлнө.

Хэрэв тодорхой арга хэмжээ аваагүйн улмаас хохирол учирвал хэн буруутай нь иргэний хуульд зааснаар материалын хариуцлага хүлээнэ.

 

Түр саатуулагдсан тээврийн хэрэгслийн асуудлыг шийдвэрлэх журам

15. Түр саатуулагдсан тээврийн хэрэгслийн жолоочид холбогдох зөрчлийг эрүүгийн болон захиргааны хэрэг бүртгэх хугацаанд шийдвэрлэнэ.

16. Түр саатуулагдсан тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулах, зохих хариуцлага, хураамж тооцох асуудлыг Замын цагдаагийн байцаагч хариуцна. Байцаагч нь хэрэг, зөрчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, хураамж тооцсон тухай баримтыг цагдаагийн байгууллагын жижүүрт ирүүлнэ.

 

Түр саатуулагдсан тээврийн хэрэгслийг буцаан олгох журам

17. Түр саатуулагдсан тээврийн хэрэгслийн жолоочид холбогдсон асуудлыг хянан шийдвэрлэж, холбогдох материал бүрдсэн тохиолдолд ерөнхий жижүүр тээврийн хэрэгслийг байрнаас гаргах зөвшөөрлийг түр саатуулах байрны жижүүр, харуулд өгнө.

18. Түр саатуулах байрны жижүүр нь тээврийн хэрэгслийг хүлээн авсан тэмдэглэлтэй тулган эзэнд нь хүлээлгэн өгч, тэр тухай тэмдэглэл хөтлөн хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулна.

19. Түр саатуулагдсан тээврийн хэрэгслийг хүлээн авсан эзэмшигч нь түр саатуулах байрнаас гарахын өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авна.

 

Бусад зүйл

20. Тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны жижүүр, харуул нь цагдаагийн байгууллагын ерөнхий жижүүрийн шууд удирдлагад ажиллана.

21. Түр саатуулах байранд хүлээн авсан тээврийн хэрэгслийн бүхээг болон тэвшинд хүн байлгах, хонуулахыг хориглоно.

22. Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байсан хугацааны шууд зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.

23. Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотоод журмыг нийслэлийн болон аймгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга батална.

 

 

 

Маягт-1

 

ТҮР СААТУУЛАГДСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ

 

д/д

Он, сар, өдөр

цаг, минут

Марк

Улсын дугаар

Жолоочийн овог, нэр

Саатуулагдсан үндэслэл

Саатуулсан алба хаагчийн нэр, албан тушаал

Бүртгэсэн ерөнхий жижүүрийн гарын үсэг

Тайлбар эзэнд нь олгосон тухай

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Маягт-2

 

ТҮР СААТУУЛАХ БАЙРАНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭН АВСАН ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН БҮРТГЭЛ