МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН

САЙДЫН ТУШААЛ

 

1999 оны 04 дүгээр

сарын 19-ний өдөр

Дугаар 73

Улаанбаатар хот

 

ЗААВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 6 дугаар зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 3, 5-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. “Тээврийн хэрэгслийг албадан зогсоох заавар”-ыг 1, “Тээврийн хэрэгслийг түр саатуулах журам”-ыг 2, “Тээврийн хэрэгслийн тоо, бүртгэлийг хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг 3, “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ыг 4, “Жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”-ыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 1991 оны Б/243, 1996 оны 189 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

Хууль зүйн сайд                                    Л.ЦОГ

 

(Энэхүү тушаалын 3 дугаар хавсралтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 99 дүгээр тушаалаар, 5 дугаар хавсралтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 102 дугаар тушаалаар тус тус хүчингүй болсонд тооцсон)

 

 

 

Хууль зүйн сайдын 1999 оны

73 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ, ХЯНАН ШАЛГАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Замын хөдөлгөөний хяналтын зорилт нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, бусад хууль тотоомж, тэдгээртэй нийцүүлэн гарсан дүрэм, журам, стандартын биелэлтийг сахиулж, хөдөлгөөн зохицуулах, зам тээврийн осол, гэмт хэргийг урьдчилан сэргийлэхэд оршино.

2. Замын хөдөлгөөнд хяналт тавьж, хөдөлгөөн зохицуулахдаа замын хөдөлгөөний хяналтын байцаагч, цагдаа энэхүү журмыг баримтална.

3. Замын цагдаагийн газрын дарга ерөнхий байцаагчийн, газрын хэлтэс, тасгийн болон аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нар улсын ахлах байцаагч, байцаагч, цагдаагийн хэсгийн төлөөлөгч улсын байцаагчийн эрх эдэлнэ.

4. Байцаагчийн үйл ажиллагаа нь хууль ёсыг дээдлэх, шударга, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчимд үндэслэгдэх бөгөөд өөрийн үүрэг, зорилтоо цагдаагийн бусад албад, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран ажиллах замаар хэрэгжүүлнэ.

5. Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ хэрэгжүүлэх явцдаа замын хөдөлгөөнд оролцогчдыг шалгах, хяналт тавих тохиолдолд энэхүү журмыг баримтална.

 

Хоёр. Замын цагдаагийн эргүүл, харуулын ажлын томилолт, үүрэгжүүлэлт

6. Замын цагдаагийн эргүүл, харуулыг эргүүл, харуулын дүрэмд заасан журмын дагуу томилж, үүрэгжүүлж ажиллуулна.

7. Эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэх байцаагч, цагдааг ажилд гарахаас 15 минутын өмнө жагсаан, бүртгэж дор дурдсан албаны ба хувийн бэлтгэлийг шалгаж, үүрэгжүүлнэ.

а/ эргүүл, харуулын чиглэл, цагийн байдлын тухай мэдлэг;

б/ мөрдөж ажиллах хууль тогтоомж, холбогдох эрхийн актын мэдлэг;

в/ албаны техник хэрэгсэл (дохиур мод, шүгэл, цоолтуур, радио станц);

г/ алба хаагчийн болон жолоодох эрхийн үнэмлэх, торгуулийн тасалбар, зөрчлийн дэвтэр, үзэг, мэдээлэх хуудас, эд зүйл, үнэмлэх хураах тасалбар болон автомашин дайчлан ашигласан тухай тэмдэглэлийн хуудас;

д/ шаардлагатай тохиолдолд нэг бүрийн зэвсэг, тусгай хэрэгсэл;

е/ улирал, цаг агаарын нөхцөлд тохируулж хувцасласан байдал;

ж/ эрүүл мэндийн хувьд үүрэг гүйцэтгэх чадвар.

8. Энэ зүйлийн 7-д заасан шаардлагыг хангаагүй буюу дутагдлаа арилгаагүй байцаагч, цагдааг ажилд гаргахгүй ба ажил тасалсанд тооцно.

9. Эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэх байцаагч, цагдаа нарт хэв журмын болон замын хөдөлгөөний нөхцөл байдал, үүрэг гүйцэтгэх гудамж зам, чиглэлд замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалт хийгдэх эсэх, улсын хэмжээнд болон нийслэл, аймаг, дүүргийн хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа хүн, тээврийн хэрэгсэл, эд зүйл, тэдгээрийн нэр, зүс царай, өнгө, марк, дугаар, содон тэмдэг болон анхаарвал зохих бусад зүйлийг зааварчилна. Зааварчлагыг хэрхэн ойлгож мэдсэнийг шалгасны дараа үүрэг гүйцэтгэх зөвшөөрөл олгоно.

10. Байцаагч, цагдаа нь хүндэтгэх шалтгаанаар ажилд гарч чадахгүйд хүрвэл ажилд гарахаас 2-оос доошгүй цагийн өмнө тасаг, хэсгийн дарга, ахлах байцаагчид шалтгаанаа тодорхой илтгэж, өөр алба хаагчийг томилуулна.

11. Байцаагч, цагдаа ажиллах гудамж зам, чиглэл, хяналтын байранд очоод орчны замын гадаргууны болон тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөний байдлыг үнэлж замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэл, замын хаалт хашлага, гэрэлтүүлэг, холбооны хэрэгслийн хэвийн ажиллагааг биеэр үзэж нягтлан шалгаад илэрсэн гэмтэл, зөрчлийн талаар эргүүлийн ахлагч, байгууллага, албаны жижүүрт мэдэгдэнэ.

 

Гурав. Байцаагч, цагдаа нарт тавигдах шаардлага

12. Замын цагдаагийн байцаагч, цагдаад хөдөлгөөн зохицуулах, хянаж шалгах явцдаа биеэ зөв авч явах, хөдөлгөөнд оролцогчидтой зөв харьцах талаар дараах шаардлага тавигдана:

а/ цагдаагийн дүрэмт хувцсыг зааврын дагуу цэвэр үзэмжтэй, зөв өмсөх;

б/ жолооч, зорчигчтой очиж уулзахдаа ёсолж, албан тушаал, цол, нэрээ хэлж мэндлэн, хэрэв харилцагч хүсвэл хувийн дугаараа хэлж, албаны үнэмлэхээ гарт нь өгөхгүйгээр харуулж байх;

в/ ажлын цагийн туршид байнга сонор сэрэмжтэй, ажил хэрэгч байх;

г/ албаны техник, хэрэгслийг ариг гамтай зөв хэрэглэж, радио станцаар зааврын дагуу товчхон, цэгцтэй харьцах;

д/ эргүүл, харуулын байрыг цэвэр, эмх цэгцтэй байлгах, орхиж явах зайлшгүй тохиолдолд ерөнхий жижүүрт заавал мэдэгдэн зөвшөөрөл авч байх;

е/ иргэнтэй уур уцааргүй, эелдэг харьцаж, албаны товч тодорхой үг хэллэг хэрэглэх;

ж/ асуудалд ухаалаг, хүнлэг, шударга хандаж, зөрчил гаргагч уурлаж бачимдсан, айж балмагдсан тохиолдолд хүлээцтэй байх;

з/ тээврийн хэрэгслийг зогсоосон үндэслэл нотлогдохгүй байгаа болон бусад шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнд оролцогчдоос заавал уучлалт гуйж байх.

13. Эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэж байгаа замын цагдаагийн байцаагч, цагдаад хориглох зүйл:

а/ эргүүл, харуулын байрыг дарга, жижүүрийн зөвшөөрөлгүйгээр түр боловч орхих, ажлын байранд гадны хүн байлгах;

б/ ажлын байранд, дүрэмт хувцастай, ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэх;

в/ цагдаагийн дүрэмт хувцас өмсөх зааврыг зөрчих;

г/ ажлын байр, замын хажууд зорилгогүй зогсох, бусадтай албаны бус яриа ярих, шаардлагагүй үед машины бүхээгт суух, бусдын автомашин жолоодох, хяналтын цэг байранд тамхи татах;

д/ замын голд болон хяналтын цэгт зорилгогүй олноороо байх;

е/ бусадтай хэрцгий догшин харьцаж, хэл амаар доромжлох, бүдүүлэг үг хараал хэрэглэх, эрх чөлөөнд нь халдах;

ж/ хөдөлгөөнд оролцогчдыг үндэслэлгүй саатуулах;

з/ жолоочийн үнэмлэх, талоныг үндэслэлгүйгээр болон тасалбаргүйгээр хураах;

и/ иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн тухай гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авахаас болон цагдаагийн байгууллагад дамжуулахаас татгалзах;

к/ зөрчил гаргагчид хууль бус шаардлага тавих, хувийн ажилд тээврийн хэрэгсэл ашиглах, элдэв болзол тавих.

 

Дөрөв. Замын хөдөлгөөн зохицуулах

14. Гудамж замын хөдөлгөөнийг шуурхай бөгөөд аюулгүй явуулах зорилгоор байцаагч, цагдаа нар хариуцсан замын уулзвар, хэсгийн хөдөлгөөнийг санаачилгаараа биеэр зохицуулж болно.

15. Замын уулзвар, хэсэгт дохиур мод, шүглийн тусламжтайгаар хөдөлгөөнийг биечлэн зохицуулна. Биеэр зохицуулах үйл ажиллагаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу уран чадмаг, хөдөлгөөнд оролцогчдод ойлгомжтой байвал зохино.

16. Замын гэрлэн дохио ажиллахгүй болсон буюу хагас дутуу ажиллаж байгаа болон замын хөдөлгөөн хаагдан саатаж болзошгүй өндөр ачаалалтай үед мөн замын тусгай хамгаалалтын үед хөдөлгөөнийг шуурхай болгох зорилгоор биечилсэн зохицуулалтыг заавал хийнэ.

17. Замын хөдөлгөөнийг зохицуулахдаа урьдчилан анхааруулахгүйгээр хөдөлгөөнийг гэнэт хааж, тээврийн хэрэгслийг огцом тоормослуулах, зам хөндлөн гарч яваа явган зорчигчдыг сандралд оруулахгүй байхад анхаарвал зохино.

18. Хөдөлгөөнийг зохицуулахдаа гал унтраах, эмнэлгийн түргэн тусламж, цагдаагийн шуурхай албаны болон ослын дуудлагын автомашин, хамгаалалтын хөтөч автомашинтай цувааг эхлэн нэвтрүүлнэ.

19. Замын уулзвар, хэсэгт хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио ажиллаж байгаа тохиолдолд уулзвар хэсгээс 150-200 метрийн зайнд явж хөдөлгөөнд ажиглалт, зохицуулалт хийж болно.

20. Замын хөдөлгөөн ихтэй хэсэгт хүүхэд, жагсаалаар яваа хүмүүс, тахир дутуу хүн, өндөр настанг зам хөндлөн гарахад хамгаалалт, зохицуулалт хийж туслалцаа үзүүлнэ.

21. Зам тээврийн осол гарч хөдөлгөөнийг явуулахад хүндрэл учруулсан тохиолдолд буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулахаар нүх, гэмтэл, замын гадаргууд гарсан үед хөдөлгөөнийг зохицуулах, түр хугацаагаар хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх буюу хориглож энэ талаар байгууллага, албаны жижүүр, холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, эвдрэл гэмтлийг засуулах арга хэмжээ авна.

 

Тав. Замын хөдөлгөөнд хяналт тавих

22. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн биелэлтийг гудамж замд машин, мотоциклтой болон явганаар ажиглалт хийх замаар хянана.

23. Дор дурдсан тохиолдолд байцаагч, цагдаа нь тээврийн хэрэгслийн жолоочийг шүгэлдэн дохиур модоор дохиж зогсооно:

а/ хурд хэтрүүлсэн, замын гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэл болон хөдөлгөөний явцад эгнээ байр эзлэх, гүйцэж түрүүлэх, уулзвар нэвтрэх, гэрэл хэрэглэх, хүн ба ачаа тээвэрлэх, жолооны дадлага хийх, тээврийн хэрэгслийг чирэх журам зөрчсөн;

б/ утаа тортог ихтэй, хөдөлгөөнд аюул учруулахаар бүрэн бус машин жолоодож яваа нь илт мэдрэгдэж байгаа болон хог, хаягдал асгаж яваа, түүнчлэн замгүй газраар зорчиж байгаа;

в/ хэрэг, зөрчлийн улмаас марк, дугаар нь зарлагдаж эрэн сурвалжлагдсан;

г/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваа сэжигтэй бол;

д/ улсын дугаар, бүртгэлийн зөрчилтэй, техникийн үзлэг, тооллогод ороогүй;

ж/ жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодож яваа байдал нь бусдын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй;

з/ хулгайн эд зүйл тээвэрлэсэн болон гэмт хэрэг үйлдсэн сэжиглэлтэй бол.

24. Байцаагч, цагдаа нь нэг зэрэг хэт олон тээврийн хэрэгсэл зогсоох, түүнчлэн зөрчил гаргаснаас бусад хүн, машин удаан хугацаагаар хүлээлгэхээс аль болох зайлсхийвэл зохино.

25. Байцаагч, цагдаа нь зогсоосон тээврийн хэрэгсэлд ойртон очиж түүнийг зогсоосон шалтгаан, зөрчлийн байдлаас хамааруулж, цаашдын үйл ажиллагаагаа явуулна.

26. Дор дурдсан тохиолдолд жолоочийг тээврийн хэрэгслийн бүхээгнээс гарч шалгуулах шаардлага тавина:

а/ хүн ба ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн болон тээврийн хэрэгслийн техникийн гэмтлийг арилгах;

б/ жолооч согтуу байгаа хангалттай үндэслэл байвал;

в/ тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, арлын дугаарыг жолоочийг байлцуулан тулгаж үзэх;

г/ тээврийн хэрэгсэл болон ачаанд (ачааны автомашины тэвш, суудлын автомашины арын суудал болон тээшийн хөндийд хулгайн эд зүйл зөөвөрлөн яваа эсэхийг шалгах зорилгоор) үзлэг хийх;

д/ жолооч болон зорчиж яваа хүн гэмт хэрэгт сэжиглэгдсэн.

27. Байцаагч, цагдаа нь тээврийн хэрэгслийг зогсоосон үндэслэлээ жолоочид заавал хэлж, жолоочийн үнэмлэх, талон автомашины техникийн гэрчилгээг үзэж, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн байдал, ачиж яваа ачаа, сууж яваа хүний бичиг баримтыг шалгана.

Зөрчил гаргасан жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг уг зөрчлийг шийдвэрлэсний дараа буцааж өгнө.

28. Байцаагч, цагдаагаас өгсөн ойлгогдохуйц дохиог биелүүлээгүй зугтаасан тээврийн хэрэгслийг радио станцаар зарлан мэдээлнэ.

Хэрэв тээврийн хэрэгслийг хөөж зогсоох бол өөрийгөө болон бусдыг осол, аюулд өртөхгүй байх шаардлагатай арга хэмжээ авч ямар марк, дугаартай тээврийн хэрэгслийг, ямар тээврийн хэрэгслээр, хэдийд, аль чиглэлд хөөж яваа талаар шуурхай жижүүр, хяналтын цэгүүд, цагдаагийн байгууллагуудад мэдэгдэнэ.

29. Замын цагдаагийн байцаагч нь дор дурдсан асуудлаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэдэгдэл, амаар болон бичгээр шаардлага тавих үүрэгтэй.

а/ хариуцсан хэсэгт замын гадаргуу гэмтэж нүх, эвдрэл үүссэн /худагны таг унасан гэх мэт/;

б/ замын гэрэл дохио асахгүй буюу хагас дутуу асдаг болсон болон бусад гэмтэл эвдрэл үүссэн;

в/ замын тэмдэг гэмтэж хазайсан, унасан, халхлагдсан, будаг нь холцорсон, замын тэмдэглэл гэмтсэн;

г/ замын гэрэлтүүлэг эвдэрч гэмтсэн;

д/ замд цас, мөс тогтож халтиргаа гулгаа үүссэн;

е/ зам дээр буюу түүний ойролцоо барилга, байгууламж барих, худалдаа үйлчилгээ, уралдаан тэмцээн явуулж буй үйл ажиллагаа нь хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэхгүй байвал;

ж/ тээврийн хэрэгсэл нь техникийн стандартын шаардлагыг хангахгүй бол;

з/ авто зам түүний хиймэл байгууламжийг барих, засварлах, өргөтгөх ажил нь стандартын шаардлага хангахгүй байвал;

и/ аж ахуйн нэгж, байгууллагаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг ажиллагсдад болон суралцагсаддаа судлуулах, сурталчлуулах талаар;

Байцаагч нь аж ахуйн нэгж, байгууллагаас ажиллагсад болон суралцагсдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг судлуулах болон зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиоход арга зүйн туслалцаа үзүүлж болно.

30. Замын хөдөлгөөнийг зохицуулах, хянаж шалгах үед байцаагч, цагдаа нь өөрийн болон хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах талаар дараах арга хэмжээ авах үүрэгтэй:

а/ хөдөлгөөнд оролцогчдод ил тод харагдах газрыг сонгон авч зохицуулалт хяналтаа явуулах;

б/ явган эргүүл нь замын захаар, зайлшгүй шаардлагатай үед замын голоор тусгаарлах зурвасаар явж ажиглалт хийх;

в/ иргэнийг зөвхөн замын гадна талд урьж уулзаж байх;

г/ харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болон халтиргаа гулгаатай үед замын голд зогсож зохицуулалт хийхгүй байх;

д/ шөнийн ээлжинд ажиллах байцаагч, цагдаа нар нэг цагаас доошгүй хугацаанд байгууллага, албаны жижүүртэй холбоо барьж, нөхцөл байдлыг илтгэж мэдээлж байх;

е/ эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгсэл, гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг илрүүлэн шалгаж, үзлэг хийхдээ гэнэтийн дайралт, довтолгооноос хамгаалах арга хэмжээ авах.

 

Зургаа. Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг шийдвэрлэх

31. Замын хөдөлгөөнд оролцогчдоос хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь нотлогдвол зөрчил гаргагчдад хууль тогтоомжийн ямар заалтыг зөрчсөн, захиргааны хариуцлагын тухай хуулийн аль заалтаар, ямар шийтгэл ногдуулах талаар тайлбарлаж өгнө.

32. Хэрэв уг зөрчлийг байцаагч, цагдаа эрх хэмжээний хүрээнд газар дээр нь шийдвэрлэх боломжтой бол амаар сануулах, талон цоолох, торгох шийтгэлийн аль нэгийг ногдуулна.

Зөрчил гаргагчийн овог нэр, ажлын болон гэрийн хаяг, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гаргасан зөрчлийн товч утга, хуулийн ямар заалтаар ямар шийтгэл ногдуулсан талаар өөрөө бичиж зөрчил гаргагчаар гарын үсэг зуруулна.

33. Жолооч, зорчигчид хуульд заасны дагуу шийтгэл ногдуулах бол түүний хэмжээг зөрчлийн хүнд, хөнгөн, зөрчил гаргагчийн хувийн байдалд тохируулан тогтооно.

34. Дор дурдсан зөрчилтэй жолоочийн тээврийн хэрэгслийг түр саатуулна:

а/ зам тээврийн осол, хэрэг гаргасан /шаардлагатай тохиолдолд/;

б/ согтуугаар буюу үнэмлэхгүйгээр автомашин жолоодсон;

в/ хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй ноцтой бүрэн бус;

г/ улсын дугааргүй буюу дугаарын зөрчилтэй, үзлэг тооллогод ороогүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй;

д/ хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, шүүхээс эрэн сурвалжилж байгаа.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг түр саатуулах бол жолоодох эрх бүхий алба хаагчаар, бусад тохиолдолд уг тээврийн хэрэгслийг жолоочоор өөрөөр нь жолоодуулан түр саатуулах байранд шууд хүргэнэ. Түр саатуулсан тээврийн хэрэгслийн талаар байцаагч, цагдаа цагдаагийн байгууллага, албаны ерөнхий жижүүрт танилцуулж түүний шийдвэрээр ажиллана.

35. Зөрчил гаргагч өөрийн буруу, цагдаагийн тайлбарыг ойлгохгүй тохиолдолд түүнд тайвшрах хугацаа, тайлбарлах боломж олгоно. Хэрэв гаргасан зөрчил, цагдаагийн шаардлагыг ойлгохгүй, илт эсэргүүцэж байвал энэ талаар эргүүлийн ахлагч, тасаг, хэсгийн даргад илтгэж шийдвэрлүүлнэ.

36. Талон гурван удаа цоологдсон, мөн зөрчлийг газар дээр нь шийдвэрлэх боломжгүй тохиолдолд байцаагч, цагдаа үнэмлэх, талоныг хурааж энэ тухай тасалбар /хавсралт 3/ заавал олгоно. Үнэмлэх, талон хураасан тасалбараар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, зөвхөн граж, зогсоолд хүргэж болно.

37. Дор дурдсан тохиолдолд тээврийн хэрэгслийг дайчилж болно:

а/ хүнд, онц хүнд гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт үүрэг томилолтын дагуу албан үүрэг гүйцэтгэхээр хүрэлцэн очих;

б/ гэмт хэрэгтнийг мөрдөн хөөх, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүнийг эмнэлэгт, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх.

Энэ зүйлийн а, б-д заасан тохиолдолд тээврийн хэрэгсэл дайчлан ашиглах бол тэр тухай цагдаагийн тухайн байгууллага, албаны дарга, ерөнхий жижүүрт мэдэгдэнэ.

38. Авто тээврийн хэрэгслийг дайчлан ашигласан алба хаагч хэдийд, хэний шийдвэрээр, ямар тээврийн хэрэгслийг, ямар хугацаанд, хаанаас хаа хүртэл, хэдэн километрт дайчилж ашигласан талаар тэмдэглэл /хавсралт 2/-ийг хоёр хувь бичиж өөрийн албан тушаал, цол, нэр, гарын үсгийг гаргацтай бичиж нэг хувийг жолоочид өгч, нөгөө хувийг анги, байгууллагын даргад танилцуулна.

39. Цагдаагийн байгууллага, албаны дарга бусдын авто тээврийн хэрэгслийг дайчлан ашигласан үндэслэлийг хянан үзэж, дайчилснаас гарсан шууд зардлыг жолоочид олгох асуудлыг шийдвэрлэнэ.

 

Долоо. Зам тээврийн осол гарсан үед гүйцэтгэх ажиллагаа

40. Хариуцсан гудамж, зам талбай, чиглэлд гарсан зам тээврийн ослын тухай байгууллага албаны жижүүрт мэдэгдэж, хэргийн газарт яаралтай очно.

41. Зам тээврийн ослын газар жижүүрийн бүрэлдэхүүн ирэх хүртэл доорхи арга хэмжээг авна:

а/ осолд нэрвэгдсэн хүмүүст эмнэлгийн анханы тусламж үзүүлэх, хохирогчийн овог нэр, ажлын болон гэрийн хаягийг тэмдэглэж авах;

б/ эмнэлгийн түргэн тусламж дуудах. Түргэн тусламж дуудах боломжгүй нөхцөлд замын дагуу яваа тээврийн хэрэгслээр аль ойр байгаа эмнэлгийн газарт хүргүүлнэ.

Хохирогчийг суулгаж явуулсан тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, жолоочийн овог нэр, ажлын болон гэрийн хаягийг тэмдэглэж авах;

в/ ослын улмаас замын хөдөлгөөн хаагдаж, боогдоход хүрвэл осолд холбогдогчийг болон хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан тээврийн хэрэгслийг замаас зайлуулж мөрийг хамгаалж хөдөлгөөнийг тойруулж явуулах;

г/ осолд холбогдсон жолооч, зорчигчийн овог нэр, ажил ба гэрийн хаягийг тогтоож, баримт бичгийг хураан авч, ослын газрын үзлэгт байлцуулах;

д/ ослын байдлыг харсан гэрчүүдийг олж тогтоон тэдний тухай мэдээллийг тэмдэглэж авах;

е/ осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, бусад зүйлийг хамгаалах;

ж/ жижүүрийн бүрэлдэхүүнд осолд холбогдсон хүмүүс, гэрчүүдийн тухай мэдээлэл, тэдгээрийн баримт бичиг, ослын газрын эд мөрийн баримт болох зүйлсийг хүлээлгэн өгөх;

з/ жолооч ослын газраас нуугдан зайлсан тохиолдолд түүний зугатсан байж болох чиглэл, машины марк, улсын дугаар, өнгө, бусад содон тэмдгийг гэрч, хохирогчийн тусламжтайгаар тодруулан тэмдэглэж, ерөнхий жижүүр, эргүүлд зарлан мэдээлж, энэ тухай мэдээллийг хэргийн газарт очсон жижүүрийн бүрэлдэхүүнд өгч, цаашид жижүүрийн заавраар ажиллана.

 

Найм. Тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах ажиллагаа

42. Байцаагч, цагдаа нь замын хөдөлгөөн зохицуулах, хянаж шалгах явцдаа зам тээврийн осол, хэргийн газраас зугтан нуугдсан этгээд, хулгайлагдсан болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн байгууллагаас саатуулахаар зарласан тээврийн хэрэгслийг илрүүлэх арга хэмжээг ерөнхий жижүүрийн удирдлага дор хэрэгжүүлнэ.

43. Эрэн сурвалжлах ажиллагааг хариуцсан гудамж зам, талбай, чиглэл, хяналтын цэгийн ойролцоо байгаа хэв журмын цагдаагийн алба хаагч болон цагдаагийн туслах ажилтанд мэдээллийг өгч хамтран ажиллах замаар гүйцэтгэнэ.

44. Эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгсэлтэй адил төстэй тээврийн хэрэгслийг зогсоон марк, улсын дугаар, өнгө, арал, хөдөлгүүр, бүхээгний дугаар, тээж яваа ачаа тээш, бусад баримт бичигтэй нь тулган шалгана.

45. Хариуцсан сум, хороо, хороолол, гудамж замд хулгайлагдсан тээврийн хэрэгсэл, зам тээврийн эзэнгүй осол, хэргийн холбогдогчийг илрүүлэх боломжтой арга хэмжээг нэн даруй авна.

 

Ес. Хамгаалалтын үүрэг гүйцэтгэх ажиллагаа

46. Байцаагч, цагдаа нь төрийн тусгай хамгаалалтын үүргийг гүйцэтгэхдээ хамгаалуулагчийн талаар тодорхой мэдээлэл авч, 1 дүгээр зэрэглэлийн хамгаалалтад нэг цэгийн өмнө, 2, 3 дугаар зэрэглэлийн хамгаалалтад 30 минутын өмнө хуваарилагдсан маршрут, цэгт очиж байраа эзэлсэн байна.

47. Байцаагч, цагдаа нь ажиллах зам, маршрут, цэгийн замын нөхцөл, хөдөлгөөний байдалд үнэлэлт, дүгнэлт өгч хамгаалуулагчийн явж өнгөрөх зам, зогсох талбайн хөдөлгөөнд учирч болзошгүй саад бэрхшээлийг урьдчилан арилгах, арилгах боломжгүй нүх гарсан, зам эвдэрч, гэмтсэн тохиолдолд тухайн хамгаалалт удирдаж байгаа албан тушаалтанд илтгэж түүний шийдвэрээр ажиллана.

48. Хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа байцаагч, цагдаа нь радио станцаар болон нүдэн баримжаа, шүглийн дуугаар хоорондоо холбоотой байж хөдөлгөөнийг цаг тухайд нь шуурхай, аюулгүй зохицуулна.

49. Хамгаалуулах цуваа (жагсаал) ойртон ирэхийн өмнө байцаагч, цагдаа нь хариуцсан маршрут, цэгтээ зогсох байрлалаа зөв сонгож тухайн зам, маршрут, цэгийн явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн чөлөөлсний дараа, улмаар хөдөлгөөнийг хааж, зохицуулна.

Хөдөлгөөнийг хаах дохиог дохиур мод, шүглийн тусламжтайгаар хөдөлгөөнд оролцогчдод ойлгогдохуйцаар өгөх бөгөөд тээврийн хэрэгсэл огцом зогсоох, явган зорчигчдыг гэнэт сандрал, цочролд оруулахгүй байвал зохино.

50. Хамгаалалтын цуваа (жагсаал) явж өнгөрсний дараа явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг биечлэн зохицуулж тухайн зам, уулзвар, хэсгийн хөдөлгөөнийг бүрэн сийрэгжүүлнэ.

51. Хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байхдаа шаардлагагүй үед тээврийн хэрэгсэл зогсоохыг хориглоно. Хэрэв зогсоох шаардлага гарвал замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлүүлж, жолоочийг өөр дээрээ дуудан шалгах бөгөөд зогсолгүй явсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн марк, дугаар, өнгийг тэмдэглэн авч радио станцаар зарлан саатуулж зөрчлийн асуудлыг шийдвэрлэнэ.

Харин хамгаалалтын үүрэг гүйцэтгэх явцад тээврийн хэрэгслийг хөөхийг хориглоно.

52. Хамгаалалтын үед шаардлагатай гэж үзвэл уулзвар, гарцыг овор ихтэй тээврийн хэрэгслээр хааж болох бөгөөд энэ үед жолоочийг бүхээгээс гаргаж машиных нь дэргэд зогсооно.

53. Шөнийн цагт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа байцаагч, цагдаа нь гэрэлтэй эрээн мод, цацруулагч бүхий өмсгөл, бусад хэрэгсэл ашиглан өөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.

 

 

 

Замын хөдөлгөөн зохицуулах,

хянан шалгах журмын хавсралт №1

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН БАЙЦААГЧИЙН ХӨТЛӨХ СУДАЛГАА, БҮРТГЭЛ

 

1. Хариуцсан объект, гудамж, зам, чиглэлийн хил хязгаар хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэлийг үзүүлсэн зураг бүдүүвч;

2. Тээврийн хэрэгсэл бүхий болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, авто засварын цэгийн байршлын судалгаа;

3. Цагдаагийн туслах ажилтан, тэдний ажлын тооцоо бүртгэл;

4. Хариуцсан объект, чиглэлийн гудамж замд гарсан зам тээврийн осол, хэрэг, түүний шалтгаан нөхцөлийн судалгаа;

5. Дэвсгэрийн автомашин бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс үйлдсэн зам тээврийн осол, хохирсон хүний бүртгэл судалгаа;

6. Илрүүлсэн хэрэг, зөрчлийн бүртгэл;

7. Өргөдөл, гомдол, мэдээлэл, захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн бүртгэл;

8. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажлын бүртгэл.

 

 

 

Замын хөдөлгөөн зохицуулах,

хянан шалгах журмын хавсралт №2

 

АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧ ДАЙЧИЛЖ АШИГЛАСАН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ

 

_________________________________ аймаг /дүүрэг/-ийн цагдаагийн газар,

 

хэлтсийн _________________________________________________________

/албан тушаал/                                    /цол/

 

___________________________ овогтой ____________________________ би

 

19 ___ оны ___ сарын ___ -ний өдрийн __ цаг __ минутаас __ өдрийн ___ цаг

 

___ минут хүртэл __________________________________________________

/ямар зорилгоор/

 

үүрэг гүйцэтгэхээр ______________маркийн ____________ улсын дугаартай

 

__________________ жолоочтой автомашиныг дайчлан ашиглаж __________

_________________________________________________________________

_________________________________________________________________

/хаанаас хаана хүртэл, хэдэн км явсан/

___________________________________________________ км явсан болно.

 

Тэмдэглэл хийсэн _________________________________________________

_________________________________________________________________

 

Жолооч __________________________________________________________

 

Тэмдэглэлтэй танилцаж, хянасан дарга _________________ /                       /

 

Тээврийн хөлс төлсөн тухай байгууллагын санхүүгийн тэмдэглэл __________

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

 

Тэмдэг, гарын үсэг

________________