МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН

САЙДЫН ТУШААЛ

 

1999 оны 9 дүгээр

сарын 7-ны өдөр

Дугаар 229

Улаанбаатар хот

 

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү дүрмийг хэрэгжүүлж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга (Б.Батжав), Автотээврийн газрын дарга (П.Ориг) нарт үүрэг болгосугай.

 

 

Дэд бүтцийн хөгжлийн сайд                                           Г.БАТХҮҮ

 

 

 

Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны

229 дүгээр тушаалын хавсралт

 

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА, ЗОРЧИГЧ

ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Энэхүү дүрмийн зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэрт автотээврийн хэрэгслийг ашиглах болон зорчигч, ачаа, тээш тээвэрлэлтийн ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн (цаашид "тээвэрлэгч" гэнэ) тээврийн үйлчилгээг хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн (цаашид "тээвэрлүүлэгч" гэнэ)-д тавигдах шаардлага, хүлээх үүргийг тодорхойлж түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2. Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр ажил үйлчилгээ явуулах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, олон улсын болон гадаадын үйлдвэрийн газар, байгууллага, иргэдэд энэхүү үндсэн дүрэм нэгэн адил үйлчилнэ.

3. Тээвэрлэгчийн үндсэн зорилт нь улс орон, хүн амын тээврийн хэрэгцээг бүрэн хангаж, зорчигчийг ая, тухтай зорчих нөхцөл, ачааны чанар, бүрэн байдлыг ханган цаг хугацаанд нь тээвэрлэхэд оршино.

4. Тээвэрлэгч нь ачаа, зорчигч, тээш, шуудан тээвэрлэх зориулалтын бүх төрлийн автомашин чиргүүл, автобус троллейбус зэрэг авто тээврийн хэрэгсэлтэй байна.

5. Тээвэрлэгч нь автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засварыг тогтоосон горимын дагуу гүйцэтгэж, техник хяналтанд хамрагдаж, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлүүдийг зөвшөөрөгдөх норм, хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, зорчигчид, ачаа тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэлтэнд оролцоно.

6. Автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч нь гал түймэр, хөдөлгөөний осол зөрчил гаргахгүй, байгаль орчныг бохирдуулахгүй, иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангасан зориулалтын гарааш, зогсоол, талбайд тээврийн хэрэгслийг хадгална.

7. Аж ахуйн нэгж, байгууллага нь автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөлийг хэрхэн хангасныг шалгах мэргэжлийн алба, хүмүүсийг зохион байгуулан ажиллуулж автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөн, тээвэрлэлтэнд оролцуулахын хамт автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт тухай бүр хамруулна.

8. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагаас тусгай зөвшөөрөл олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

9. Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа автотээврийн хэрэгсэлд техникийн тусламж үзүүлэх арга хэмжээг ачаа, зорчигчдыг тээвэрлэж байгаа болон түүнийг зуучлан зохицуулах тээврийн байгууллагууд хамтран зохион байгуулна.

10. Автозам, гүүр түүний байгууламжийг эзэмшигч нь түүгээр тээврийн хэрэгсэл осол, зөрчилгүй, саадгүй зорчиход бэлэн байлгах үүрэгтэй бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саатал учруулдаг замын хэсгийг шуурхай засварлаж байна.

 

Хоёр. Тээвэрлэлт

11. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага нь тээврийн талаарх төрийн бодлого, тээвэрлэлтийн хэрэгжилтийг зохион байгуулж зохицуулах, гүйцэтгэлд хяналт тавих эрх бүхий байгууллагуудыг зохион байгуулж ажиллана.

12. Улсын хил нэвтрэн хийгдэх тээвэрлэлтийг улс хоорондын хот, аймгуудын нутаг дэвсгэрийг дамжин хийгдэх тээвэрлэлтийг хот хоорондын, тухайн аймаг, сумын нутаг дэвсгэрт хийгдэх тээвэрлэлтийг орон нутгийн, хотын нутаг дэвсгэрт хийгдэх тээвэрлэлтийг хот доторхи болон хот орчмын (хотын төвөөс 50 хүртэл км зайд хийх) тээвэрлэлт гэж тус тус ангилна.

13. Нийтийн тээврийн ажил эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

14. Ачаа болон нийтийн тээврийн ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тээвэрлэлт гүйцэтгэх явалт тутамдаа тухайн чиглэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод бүртгүүлж байна.

15. 3орчигч, ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл замд эвдэрч саатвал тухайн тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа буюу зуучлан гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллага иргэд нь ачаа, зорчигчдыг зохих газар нь хүргэх арга хэмжээг яаралтай авна.

16. Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь зорчигч, ачаа тээвэрлэлтийн хөлсний үнэ тариф, үйлчилгээний хэмжээ, хөлс төлж дуусгах эцсийн хугацааг гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.

17. Гэрээнд заасан ачааг дутуу тээсэн буюу хугацаа хожимдуулсан, тээвэрлэхээр хүлээн авсан ачаа, тээшийг алдсан, дутагдуулсан, гэмтээсэн, авто тээврийн хэрэгслийг саатуулсан, тээвэрлэлтийн хөлсийг хугацаанд нь төлөөгүйгээс хүлээх хариуцлагыг тээвэрлэлтийн гэрээнд тусгана.

 

Гурав. Зорчигч, тээш, шуудан тээвэрлэлт

18. Нийтийн тээврийн ажил эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь зорчигч, тээшийг тодорхой чиглэлд гэрээ буюу байнгын үйлчилгээний цагийн хуваарийн дагуу автобус, троллейбус, суудлын болон зорчигч тээвэрлэхээр тоноглогдсон автомашинаар тээвэрлэнэ.

19. Нийтийн тээврийн үйлчилгээний автобус, чиглэлийн таксийн үйлчилгээг тогтоосон чиглэл, цагийн хуваариар зохицуулна. Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь нь зорчигчдоос бага хугацаа зарцуулж ая тохитой зорчих нөхцөл, хөдөлгөөний тогтмол байдлыг хангах, жолооч, кондукторын хөдөлмөрийн хэвийн нөхцөл, автотээврийн хэрэгслийг оновчтой ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.

20. Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийг нээхийн өмнө зорчигч урсгалын хэмжээ, чиглэл, автотээврийн хэрэгслийн явах автозамыг сонгон авч, түүний нөхцөл байдал, нэвтрэн өнгөрүүлэх чадварыг судалж тухайн чиглэлийн дагуу байх буудал, зогсоолын байршлыг тогтооно.

21. Хотын доторхи болон хот орчмын нийтийн тээвэрлэлтийн чиглэлийн эхлэл, төгсгөлийн ба завсрын зогсоол дээр үйлчилгээний цагийн хуваарийг зорчигчдод үзэгдэх газарт байрлуулна.

22. Улс, хот хоорондын болон аймаг хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний буудал, товчоодод тасалбар түгээвэрийн ажиллах болон автобус, автомашины цагийн хуваарь тэрчлэн зорчигчид дээш тээвэрлэлтийн хөлсний тариф, энэхүү дүрмийн зарим гол заалтыг үзэгдэх газар байрлуулна.

23. Хот болон аймаг хооронд зорчин явагчдад чиглэлийн дагуух буудлуудад зорчигчийн тасалбар худалдах түгээвэр ажиллуулахаас гадна түгээвэр ажиллуулах боломжгүй нөхцөлд жолооч зорчигчийн тасалбарыг худалдана. Мөн хот аймаг хооронд зорчих тасалбарыг тухайн чиглэлийн эхлэл, төгсгөлийн болон завсрын томоохон буудлуудад урьдчилан худалдана.

24. Тээвэрлэгч болон тээврийн зуучлагч нь зорчигчдын тээшийг хүлээн авч хадгална. Харин галын аюултай, тэсэрч дэлбэрэх, хортой болон орчныг бохирдуулах, ил задгай тээш, хоол хүнсний зүйлийг хүлээн авч хадгалахыг хориглоно.

25. Тээш хадгаламжид зорчигчийн тээшийг хадгалахаар хүлээн авч, баримт олгох бөгөөд уг баримтаар тавьж олгоно. Зорчигч нь тээшээ тээвэрлүүлэхээр хүлээлгэн өгөх, хадгалуулахдаа зохих хөлсийг төлнө.

26. Хотын болон хот орчмын автобус, чиглэлийн таксид 60.40.20 см-ээс дээшгүй хэмжээтэй, тусгай байр эзлэхгүй гар тээшээс хөлс авахгүй. 100.50.30 см-ээс дээшгүй хэмжээтэй тусгай байр эзлэх тээш бүрт тогтоосон журмаар хөлс төлнө.

27. Улс, хот, аймаг хооронд, орон нутгийн нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр 60.40.20 см-ээс дээшгүй хэмжээний 20 кг хүртэл жинтэй тээшийг үнэ төлбөргүй тээнэ.

Дээр заасан хэмжээнээс илүү жинтэй тээшийг тогтоосон журмаар хөлсийг нь төлүүлэн тээвэрлэх бөгөөд автотээврийн хэрэгслийн даац, багтаамжаас илүү гарсан тохиолдолд тээшийг тусгай автомашинаар тээвэрлэнэ.

28. Хэмжээ, шинж чанараараа бусад тээшид нөлөөлөхгүй, автомашинд ачиж байрлуулах боломжтой бүрэн бүтэн сав, баглаа, боодолтой тээшийг хүлээн авч тээвэрлэнэ.

29. Эзэн нь хүлээн аваагүй тээшийг 30 хоног хүртэл хугацаанд хадгалах бөгөөд уг хугацаа хэтэрвэл тээвэрлэгч, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөгч оролцуулсан комисс томилж уг комисс тээшийг борлуулах шийдвэр гаргаж зохион байгуулна. Уг тээшийг борлуулснаас хойш 6 сарын дотор эзэн илэрч нэхэмжилбэл борлуулалтын орлогоос тээш хадгалсны хөлсийг суутган үлдэх хэсгийг нэхэмэжлэгчид тээш хадгалуулсны тасалбарыг үндэслэн олгоно.

30. Тээш зохих газартаа хүрэх хугацаанаас 10 хоног хожимдвол зорчигч нь тээшийг алга болсонд тооцож түүний үнийг тээвэрлэгчээс шаардана.

31. 3орчигч тээвэрлэлтийн үйлчилгээг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь дор дурдсан үүрэг хүлээнэ:

а) гэрээ, хэлцэл, чиглэлийн дагуу зорчигчдод хөнгөн шуурхай үйлчилж, аян замд нь амрааж, хооллох, шаардлагатай бол зочид буудалд оруулах зэрэг үйлчилгээгээр хангаж хугацаанд нь хүргэх;

б) автотээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгахын хамт өнгө үзэмж сайтай, сандал, бүрхүүл, халаалт, гэрэл, гишгүүр, шат зэрэг зориулалтын төхөөрөмжөөр бүрэн тоноглож, зорчигчийн тухтай зорчих нөхцөлийг хангасан байх;

в) нийтийн тээврийн үйлчилгээний байнгын чиглэлд үйлчлэхдээ хөдөлгөөний нэгдсэн хуваарьт орж түүнийг мөрдөн ажиллах;

г) нийтийн тээврийн үйлчилгээ явуулж байгаа автотээврийн хэрэгслийн дотор тээврийн хөлсний тарифын хэмжээг нийтэд харагдах газар байрлуулах ба зорчигчдод зөвхөн тогтоосон журмаар хэвлэсэн зорчигчийн тасалбар олгох;

д) нийтийн авто тээврийн хэрэгслээр улс, хот хооронд зорчигчдын овог, нэрийг бүртгэн авч, зорчигчийн тасалбарыг үйлчилгээний төрөл, автотээврийн хэрэгслийн зориулалт, суудлын тоонд тохируулан олгох;

е) улс, хот хооронд зорчин явагчид замдаа өвчлөх зэрэг хүндэтгэх шалтгаанаар цааш явж чадахгүйд хүрвэл замын үлдсэн хэсэгт ногдох зардлыг буцаан өгөх буюу дараагийн авто тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зохих газарт нь хүргэх арга хэмжээ авах;

ё) зорчигчийн нийтийн тээврийн хэрэгслийн жолооч, кондуктор нь зорчигчдод нийгмийн хэв журам сахих, тээврийн үйлчилгээний дүрэм, журмыг биелүүлэх талаар шаардлага тавьж холбогдох арга хэмжээ авах.

32. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч нь дор дурдсан үүрэг хүлээнэ:

а) үйлчилж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгэх, тэднээс үүргээ биелүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх, өндөр настан, хүүхэдтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, тахир дутуу хүмүүст туслах, буух суухдаа дарааллын журмыг баримтлах;

б) улс, хот, аймаг хооронд зорчин явах хугацаандаа паспорт, холбогдох бусад бичиг баримт, зорчигчийн тасалбарыг биедээ авч явах ба жолооч, кондуктор болон шалгах эрх бүхий хүмүүсийн анхны шаардлагаар үзүүлэх;

в) зорчигчийн нийтийн тээврийн хэрэгслээр гэрийн тэжээвэр амьтан, зорчигчдын эрүүл мэндийг хордуулах, тэдний хувцас, тээврийн хэрэгслийн дотоод тавилга хэрэгслийг бохирдуулах буюу гэмтээх болзошгүй хурц үзүүр, иртэй зүйл, галын аюултай, тэсэрч дэлбэрэх, идэмхий болон хордуулах бодис, буу зэвсгийг авч явахгүй байх;

г) зорчигчийн нийтийн тээврийн хэрэгсэл дотор тамхи татах, хог хаях, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, жолооч, кондукторын зөвшөөрөлгүй цонх, хаалга онгойлгох, хөдөлгөөний үеэр жолоочтой ярих болон хөдөлгөөний аюулгүй байдалд харшлах үйлдэл хийхгүй байх;

д) зорчих замд түр бууж амрах, буудал товчоонд бүртгүүлэх, хоноглох үед байгаль орчныг бохирдуулах зөрчил гаргахгүй байх.

33. Зорчигчид нь тээврийн хэрэгслийн сандал, гэрэл, бүрхүүл болон бусад тоноглол, төхөөрөмжийг гэмтээвэл түүний үнийг төлж хохиролгүй болгоно.

34. Улс, хот, аймгийн хооронд зорчин явагчид нь зорчих тасалбарыг урьдчилан худалдан авсан боловч хүндэтгэх шалтгаанаар хоцорвол 8 цагийн дотор, өвчин буюу ослын улмаас хоцорсон бол 3 хоногийн дотор тасалбарын үнийг нэмж төлөхгүйгээр дараагийн хуваарьт автотээврийн хэрэгслээр зорчих буюу тээвэрлэгчээс тоггоосон үйлчилгээний хөлсийг суутган төлж, зорчих тасалбарын үнийн үлдсэн хэсгийг буцаан авч болно.

35. Хэрвээ зорчигч нь нийтийн тээврийн хэрэгсэл хөдлөхөөс 4-өөс доошгүй цагийн өмнө худалдан авсан зорчих тасалбарыг буцаан өгвөл тасалбарын үнийг эргүүлж авах, харин энэ хугацаанаас хожуу боловч хуваарьт тээврийн хэрэгсэл хөдлөхөөс өмнө тасалбараа буцааж өгвөл тээвэрлэгчээс тогтоосон үйлчилгээний хөлсийг суутган, тасалбарын үнийг эргүүлэн авна.

36. Улс, хот хооронд орон нутагт зорчин явагчид замдаа өвчлөх зэрэг хүндэтгэх шалтгаанаар цааш явж чадахгүйд хүрвэл замын үлдсэн зайд ногдох зардлыг буцаан авах бөгөөд тээвэрлэгчээс тогтоосон үйлчилгээний хөлсийг нэгэн адил төлнө.

37. Хэрэв нийтийн тээврийн хэрэгсэл цагийн хуваариар гарахгүй нэг цагаас дээш хугацаагаар хүлээлгэвэл зорчигч худалдан авсан зорчих тасалбараа буцаан өгч мөнгөө эргүүлэн авч болно.

38. Тээвэрлэгч нь шуудан, холбооны байгууллагатай хийсэн аж ахуйн гэрээний үндсэн дээр шууданг тусгай төхөөрөмжлөгдсөн автомашин, суудлын болон ачааны автомашинаар тээвэрлэнэ.

39. Шуудан тээвэрлэхдээ тусгайлан гаргасан автотээврийн хэрэгслийг шуудан хүргэлтийн хуваарь чиглэлийн дагуу ажиллуулна.

40. Шууданг ачиж буулгах, эзэнд нь хүргэх, замд бүрэн бүтэн байлгахтай холбогдсон арга хэмжээг холбооны байгууллага өөрийн хүч хөрөнгөөр авна.

41. Шуудан тээврийн хөлсийг гэрээгээр тогтооно.

42. Тээвэрлэж байгаа шууданг хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, саатуулсны хариуцлагыг гэм буруутай ажилтан дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж болон автотээвэр, холбооны байгууллагын хооронд байгуулсан шуудан тээвэрлэлтийн гэрээний үндсэн дээр хүлээнэ.

43. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь таксийн үйлчилгээг тухайн нутгийн захиргааны байгууллагаас тогтоосон журмын дагуу зохион байгуулан ажиллуулна.

44. Таксигаар зорчигч нь зөвхөн таксийн хөлсний тоолуурт заасан заалтаар, үйлчилгээний хөлсийг төлөх бөгөөд тээш тээвэрлэсний хөлсийг давхардуулан төлөхгүй. Таксинд үйлчилүүлсний хөлсийг төлсөн тасалбар зорчигчдод олгохгүй. Зорчигч нь хүсвэл төлбөрийн баримтыг таксийн жолооч олгоно.

45. Таксийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь такси бүрийг стандартын байгууллагаар баталгаажуулсан хөлсний тоолуур (таксометр)-аар тоноглож, тухайн нутгийн захиргааны байгууллагын тогтоосон нийтлэг мөрдөх үнэ тарифыг баримтлан зөвхөн хөлсний тоолуурт (таксометр)-ын гарсан хөлсийг авна.

46. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг түр хугацаагаар хэрэглүүлэх үйлчилгээг эрхлэхдээ автотээврийн хэрэгслийн жолоочийн эрхтэй хүмүүст гэрээний үндсэн дээр өгч хэрэглүүлнэ.

 

Дөрөв. Ачаа тээвэрлэлт

47. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь ачаа тээвэрлэлтийн ажлыг улсын болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн захиалгыг үндэслэн Монгол Улсын Иргэний хууль болон энэхүү дүрмийг баримтлан гэрээ, захиалгын дагуу гүйцэтгэнэ.

48. Гэрээнд тээвэрлүүлэх ачааны нэр төрөл, тоо хэмжээ, тээвэрлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн захиалга өгөх хугацаа, тээврийн хөлсний тооцоо хийх, ачааг ачиж буулгах ажлыг зохион байгуулах, тээвэрлэгч тээвэрлүүлэгчийн хүлээх хариуцлагыг тодорхой тусгасан байвал зохино.

49. Тээвэрлэгч нь гэрээний дагуу тээвэрлэлтийн нөхцөлийг хангасан техникийн хувьд бүрэн бүтэн тээврийн хэрэгслийг тээвэрлүүлэгчид хугацаанд нь гарган өгнө.

50. Нэгдсэн зориулалт, зохион байгуулалттайгаар тээвэрлүүлэх ачааны захиалгыг хүлээн авч гэрээ хийсэн тээвэр зохицуулах буюу зуучлагч байгууллага нь шаардагдах автотээврийн хэрэгслийн хэрэгцээг тодорхойлон, автомашин бүхий өмчийн олон хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад мэдээлэн тэдгээрийг уг тээвэрлэлтэд чөлөөтэй өрсөлдүүлж оролцуулна.

51. Түргэн гэмтэх, хортой, тэсэрч дэлбэрэх аюултай, овор ихтэй, хэт хүнд ачааг тээвэрлэхэд шаардагдах нэмэгдэл төхөөремж бэхэлгээг тээвэрлүүлэгч байгууллагатай тохиролцон тээвэрлэгч байгууллага хариуцан хийж гаргах зардлыг тээврийн хөлсний хамт авна.

52. Тээвэрлэгч нь ачаа тээвэр гүйцэтгэхдээ дор дурдсан үүрэг хүлээнэ:

а) захиалгат буюу гэрээт ачааг зориулалтын тээврийн хэрэгслээр тогтоосон хугацаанд хүлээн авах газарт нь чанар байдлыг алдагдуулахгүй, бүрэн бүтэн хүргэх;

б) тээвэрлүүлэгчид өөрсдийн нэр хаяг, тээврийн хүч чадал, үнэ тариф зэрэг тээврийн үйлчилгээтэй холбогдсон үнэн зөв мэдээлэл өгөх;

в) гэрээ буюу захиалгатай ачааг тээвэрлэгчийн буруугаар өөр газарт буулгасан бол уг ачааг өөрийн зардлаар зохих газарт нь хүргэж өгөх.

53. Тээвэрлүүлэгч нь ачаа тээвэрлүүлэхдээ дор дурдсан үүргийг хүлээнэ:

а) ачааны баглаа, боодол, сав, бэхэлгээ битүүмжлэлт (лац, ломбо) хаягийг улсын стандарт, техникийн нөхцөлийн дагуу хийсэн байх;

б) ачааг ачиж буулгахад шаардагдах машин механизм, бусад хэрэгсэл болон хүн хүчийг бэлтгэж, зам талбайг чөлөөтэй байлгах;

в) ачааг ачсан, буулгасан тухай тэмдэглэлийг холбогдох баримт бичигт бүрэн хийж баталгаажуулан жолоочид олгох;

г) ачааг ачиж буулгах ажлыг хариуцан гүйцэтгэх бөгөөд ачаа ачихдаа хөдөлгөөний аюулгүй болон ачааны бүрэн бүтэн байдалд нөлөөлөхгүй, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулахгүй байх шаардлагыг хангасан байх.

54. Дээр дурдсан бэлтгэлийг хангаагүй тохиолдолд тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь уг ачааг тээвэрлэхээс татгалзаж болно. Энэ тохиолдолд гэрээнд заасан хугацаанд ачааг тээвэрлүүлээгүйгээс хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөнө.

55. Автомашин ачилтанд ирсэн хугацааг жолооч ачих газарт ирж замын хуудсаар үзүүлж бүртгүүлснээс, буулгалтанд ирсэн хугацааг жолооч буулгах газарт ирж тээврийн дагалдах баримтыг үзүүлж бүртгүүлснээс тус тус эхлэн тооцно.

56. Ачааг ачсан буюу буулгасан тухай холбогдох баримт бичгийг зохих ёсоор бүрдүүлэн жолоочид өгснөөр ачилт, буулгалтанд хугацааг дууссанд тооцно.

57. Жолооч нь тээвэрлүүлэгчид ирмэгц замын хуудас, тээврийн дагалдах баримтыг уг тээвэрлүүлэгчийн ачаа ачих, буулгах ажлыг хариуцсан төлөөлөгчид өгөх ба тэр нь замын хуудас, тээврийн дагалдах баримтад ачилт, буулгалтанд ирсэн болон дууссан цагийг тэмдэглэн гарын үсэг зурж тэмдэг дарна.

58. Ачаа илгээгч байгууллага нь автомашин бүрд ачааны тээвэрлэлтийн дагалдах хуудсыг 4 хувь бичиж, 3 хувийг нь жолоочид өгнө.

Хүлээн авагч байгууллага нь ачааг хүлээж авсны дараа тэвэрлэлтийн дагалдах хуудас дээр тэр тухай тэмдэглэл хийж, жолоочид 2 хувийг нь эргүүлж өгнө.

59. Тээвэрлүүлэгч нь ачааг хүлээн авахдаа дор дурдсан журмыг баримтална:

а) ачаа нь стандартын сав, баглаа, боодол, хайрцагтай багцлалтай байвал түүнд заасан (ярлык) тоо ширхэг, хүндийн хэмжээ, чанар байдлаар хүлээн авч, хүлээлгэж өгөх;

б) стандартын сав, баглаа, боодол, хайрцаг сав хэрэглэх боломжгүй задгай ачааг газар дээр нь хэмжиж тогтоосон хүндийн хэмжээгээр;

в) газар дээр нь хэмжих, жигнэх бололцоогүй ачааг тээвэрлүүлэгчтэй тохиролцсон хэмжээгээр;

д) бараа материал, түүхий эд, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг ачааг тээвэрлэлтэд бэлтгэх, тээвэрлэх явцад бүрэн бүтэн байдлыг нь хамгаалах, чанарыг нь алдагдуулахгүйн тулд стандартын баглаа, боодол, сав хайрцаг, ярлык, хаяг зэргийг урьдчилан хангуулах.

60. Ачаа хүлээн авагч байгууллага нь ачааг жолоочоос энэхүү дүрмийн 53 дугаар зүйлийг баримтлан хүлээн авах бөгөөд хэрэв ачааны лац, ломбо, баглаа, боодол, хайрцаг, сав гэмтсэн буюу хаяг (ярлык)-т хүндийн хэмжээг заагаагүй бол тогтоосон журмаар хэмжих, нэг бүрчлэн шалган тоолж хүлээн авна.

Тээврийн дагалдах баримтад заасан хэмжээнээс зөрсөн буюу гэмтсэн байвал тусгай акт тогтоон хүлээн авна.

61. Тээвэрлэлтийн гэрээний дагуу тээвэрлэж ирсэн ачааг ачаа хүлээн авагч нь саадгүй авна.

62. Тээвэрлэгч нь тээвэрлэлтэд хүлээн авсан ачааг гагцхүү тээврийн дагалдах баримтад дурдсан газарт буулгана.

Хэрэв ачаа буулгах газрыг өөрчлөх зайлшгүй шаардлага гарвал ачаа илгээгч өөрийн гэрээтэй буюу захиалга өгсөн тээвэрлэгчид мэдэгдэж холбогдох арга хэмжээ авахуулах ба үүнтэй холбогдон гарах зардлыг хариуцна.

63. Хүлээн авагчийн гэрээ, захиалгагүй ачааг тээвэрлүүлбэл түүнээс үүдэн гарах бүх зардал, хохирлыг ачаа илгээгч хариуцна.

64. Хүлээн авагч байгууллага нь ачаа буулгаж авсны дараа автомашины тэвш, чингэлгийг цэвэрлэх, угаах, шаардлагатай бол цэвэрлэж, ариутгал хийж байна.

65. Тээвэрлэгч болон тээвэрлүүлэгч хоорондоо материалын хариуцлага тооцохдоо гэрээ дүгнэсэн баримтыг үндэс болгоно.

66. Тээвэрлэгч нь ачааг дутагдуулсан, чанарыг нь бууруулсны хариуцлагаас доорхи нөхцөлд чөлөөлөгдөнө.

а) ачааны чингэлэг, сав, баглаа, боодол, лац, ломбо нь бүрэн байсан;

б) тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардах ачааг түүний илгээгч нь технологийн дагуу бэлтгэж ачуулаагүй;

в) тээвэрлүүлэгчийн төлөөлөгч ачааг хариуцан хамт явсан;

г) ачааны чанарын ангилал, тоо ширхэг тохирсон боловч жингийн зөрүү гарсан.

67. Байгалийн гэнэтийн аюул, хүн малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, гал түймэр эсэргүүцэх, улсын аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан зайлшгүй шаардлагатай нөхцөлд хуулиар тогтоосон хүрээнд эрх бүхий байгууллага тээврийн дайчилгааг нөхөн олговортойгоор хийж болно.

68. Дайчилгаанд хамрагдсан автотээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь автомашиныг тогтоосон хугацаанд заавал гаргах үүрэгтэй.

69. Тээврийн дайчилгаанд ажиллаж байгаа автомашиныг өөр тээвэрт ашиглахыг хориглоно.

 

Тав. Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигчийн хүлээх хариуцлага

70. Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигч нь тээвэрлэлтийн талаар тогтоосон журмыг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомж болон энэхүү дүрэмд заасан материалын хариуцлага хүлээнэ.

71. Тээвэрлэгч нь зорчигч, ачаа, тээшийг гэрээнд заасан хугацаанд тээвэрлэж хүргэх болон ачаа тээшийг тээвэрлэлтэд хүлээн авсан цагаас эхлэн хүлээн авагчид хүлээлгэн өгөх хүртэл тэдгээрийг бүрэн бүтэн байлгах, тээвэрлүүлэгч нь гэрээнд заасан ачааг хугацаанд нь бэлтгэж тээвэрлүүлэх, автотээврийн хэрэгслийг саатуулахгүй байх, тээврийн хөлсийг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэхгүй төлөх хариуцлагыг харилцан хүлээнэ.

72. Тээвэрлэгч нь өөрийн буруугаар гэрээнд заасан ачааг тээвэрлээгүй буюу ачаа хүргэх хугацааг хожимдуулбал тээвэрлээгүй ачааны тээврийн хөлсний дүнгээс зохих хувиар тээвэрлүүлэгчид торгууль төлнө.

73. Байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, гал түймэр зэрэг гэнэтийн бусад аюул тохиолдсоны улмаас тээвэрлэлтийн үйл ажиллагаа, автозамын хөдөлгөөн хаагдсан нөхцөлд тээвэрлэгч нь дээрх торгуулиас чөлөөлөгдөнө.

74. Тээвэрлүүлэгч нь өөрийн буруугаар гэрээнд заасан ачааг бэлтгэж тээвэрлэлтэд өгөөгүйгээс автотээврийн хэрэгслийг саатуулсан тохиолдолд тээвэрлэгчид торгууль, тээврийн хөлсийг хугацаа хэтрүүлбэл алданги төлнө.

75. Гал түймэр, үйлдвэрлэлийн гэнэтийн ослын улмаас тээвэрлүүлэгчийн үйл ажиллагаа 3 хоногоос доошгүй хугацаанд зогссон тохиолдолд тухайн хугацаанд ачааг тээвэрлэлтэд бэлтгэж өгөөгүй, авто тээврийн хэрэгслийг саатуулсны торгуулиас чөлөөлөгдөнө.

76. Тээвэрлээгүй болон хүргэх хугацааг хожимдуулсан тэрчлэн тээвэрлэлтэд бэлтгэж тээвэрлүүлээгүй ачааны тээврийн хөлсийг тээвэрлэлтийн дундаж зай, гэрээгээр тохирсон үнэ тарифыг үндэслэн тогтооно.

77. Ачаа дутагдсан, чанарыг муутгасан, гэмтээсэн нь дор дурдсан шалтгаанаас болсон байвал түүний хариуцлагыг тээвэрлэгч хүлээхгүй, харин тээвэрлүүлэгчийн хүсэлтээр тээврийн акт гаргахад оролцоно:

а) тээвэрлэхээр хүлээн авсан ачааны чанар, бүрэн бүтэн зэргийг гаднаас нь сав боодлын байдлаар тогтоох боломжгүй, хэрэглэсэн хайрцаг сав, баглаа, боодол нь ачааны шинж чанар буюу тогтоосон стандартад тохироогүй эсвэл замд хайрцаг сав, баглаа боодолд гэмтэл учраагүй;

б) ачаа илгээгч, хүлээн авагчийн буруугаас;

в) тээвэрлэсэн ачааны онцгой шинж байдлаас болсон;

г) ачааг тээвэрлэлтэд хүлээлгэн өгөхдөө тээвэрлэлтийн явцад уг ачааг харж хамгаалах, хадгалах онцгой нөхцөл буюу барааны өвөрмөц шинжийг тээвэрлэлтийн баримт бичигт заагаагүй;

д) ачаа нь илгээгчийн бүтэн ломботой, эвдрэл гэмтэлгүй ирсэн, мөн ширхгийн ачаа нь илгээгч буюу үйлдвэрлэсэн газрын бүрэн бүтэн ломбо, битүүмжлэл хаягтай байх, илгээгчээс таних тэмдэггүйгээр ачуулсан ачааны тоо, ширхэг бүрэн байх;

е) ачаа дутсан, муудсан, гэмтсэн нь уг ачааг тээврийн хэрэгсэлд задгай тээвэрлэсэнтэй холбогдсон, хэвийн байдлаас шалтгаалсан;

ё) ачаа илгээгч, хүлээн авагчийн төлөөлөгч ачаа тээвэрлэхэд дагалдаж явсан;

ж) ачааны дутагдал нь хэвийн хорогдлын хэмжээнээс хэтрээгүй байх.

78. Тээвэрлэгч нь ачаа тээвэрлэлтийн үед гарсан хохирлыг дор дурдсан хэмжээгээр төлнө:

а) ачаа үрэгдүүлсэн буюу дутаасан бол үрэгдүүлсэн, дутаасан ачааны үнийг хоёр нугалсан хэмжээгээр;

б) гэмтээсэн бол гэмтээсэн ачаа тээшний үнийн хэмжээгээр.

79. Тээвэрлэгч нь тээшийг үрэгдүүлсэн, дутагдуулсан, гэмтээсэн, муутгасан түүнчлэн хүргэх хугацааг хожимдуулсан бол дор дурдсан хэмжээгээр хариуцлага хүлээнэ:

а) үнийг нь зарласан тээшний үнэ, мөрдөж байгаа үнээс дээгүүр байгааг нотолж чадахгүй бол зарласан үнийн хэмжээгээр;

б) үнийг нь зарлаагүй тээшийг тээвэрлэгч байгууллагаас тогтоосон 1 кг тээшний үнэлгээг үндэслэн нөхөн төлнө.

80. Ачаа тээшийг хугацаа хожимдуулж хүргэвэл тээвэрлэгч нь хугацаа хожимдуулсан хоног дутамд (хагас өдрийг бүтэн өдөрт тооцно) тээвэрлэлтийн хөлсний 0.5 хувийн хэмжээгээр алданги төлөх ба энэ нь тээврийн нийт хөлсний 50 хувиас хэтэрч болохгүй. Тээш хожимдуулсан хугацааг уг тээш ирэх ёстой өдрийн 24 цагаас эхлэн тооцно. Тээш хожимдуулсны торгуулийг зорчигчдын шаардлагаар зохих актыг үндэслэн тээвэрлэгч төлнө. Зорчигч нь гар тээшийнхээ бүрэн бүтэн байдлыг өөрөө хариуцна.

81. Ачаа, тээшийг үрэгдүүлэн дутаасны төлбөрийг тээвэрлэгч нь төлсний дараа уг ачаа олдвол илгээгч, хүлээн авагч байгууллага нь дурдсан төлбөрийг буцааж төлөн ачааг эргүүлэн өгөхийг шаардах эрхтэй.

82. Тээвэрлүүлэгчийн буруугаас автомашиныг ачилт буулгалтанд тогтоосон хугацаанаас хэтрүүлэн зогсоовол тээвэрлүүлэгч нь тээвэрлэгчид гэрээнд заасан хэмжээгээр торгууль төлнө. Тэрчлэн тээвэрлүүлэгчийн буруугаас автотээврийн хэрэгсэл гараашид буюу замд сул зогсвол мөн дээр дурдсан хэмжээгээр торгууль төлнө.

83. Автомашин сул зогсоосны торгуулийг ачаа тээвэрлэлтийн гэрээний үүргийг биелүүлээгүйд төлсөн торгуулийг харгалзахгүйгээр төлнө.

Автомашин сул зогсоосны торгуулийг тооцох үндэс нь тээврийн баримтад автомашины ачилт буулгалтанд орсон, гарсныг тэмдэглэсэн хугацаа, мөн гараашид сул зогсоосон үед ачаа илгээгч, хүлээн авагч байгууллагаас автомашин хүлээн авахгүй талаар мэдэгдсэн албан бичиг тус тус болно.

84. Автотээврийн хэрэгслийг хүндэтгэх шалтгаангүйгээр зам, гүүр, хаах түүний эвдрэл гэмтлийг дор бүр арилгахгүй байх зэрэг элдэв хэлбэрээр саатуулах, тойруу замаар явуулж хугацаа алдуулсан байвал гэм буруутай байгууллага, хүмүүс тээвэрлэгчид учирсан хохирлыг төлнө.

85. Чингэлгийг топгоосон нормоос илүү хугацаагаар саатуулбал чингэлгээр ачаа тээвэрлэх гэрээний үүргийг биелүүлээгүйд төлөх торгуулийг харгалзахгүйгээр тээвэрлүүлэгч нь гэрээнд заасан саатлын торгуулийг төлнө.

86. Хэрэв тээвэрлүүлэгчийн тээвэрлүүлэх ачаа нь гэрээнд болон захиалгад заагдаагүй, тэрчлэн хүргэх газрын хаяг өөрчлөгдсөн байвал тээвэрлэгч нь уг ачааг тээвэрлэхээс татгалзаж, автомашин хоёр талдаа явах сул гүйлтийн хөлсийг авах эрхтэй.

87. Тээвэрлэлтийн баримтад ачааны нэр, шинж байдлыг буруу бичсэн, мөн тээвэрлүүлэхээр өгсөн ачаа нь тээвэрлэлтэнд хориглосон ачаа ачуулснаас учруулсан хохирлыг ачаа илгээгч нь тээвэрлэгчид төлөхөөс гадна гэрээнд заасан хэмжээгээр торгууль төлнө.

88. Тээвэрлэлтийн баримтыг бүрдүүлэхээс татгалзсан буюу буруу бүрдүүлсэн ачаа илгээгч, хүлээн авагч байгууллага нь бүрдэл дутуу тээвэрлэлтийн баримт тус бүрт гэрээнд заасан хэмжээний торгууль төлнө.

89. Гааль, ариун цэврийн болон бусад дүрэмд заасан шаардлагатай баримтыг тээвэрлэлтийн баримтад хавсаргаж бүрдүүлээгүйгээс автомашин, чингэлгийг тогтоосон нормоос хугацаа хэтрүүлж зогсоосны торгуулийг ачаа илгээгч, хүлээн авагч нь энэ дүрмийн 84, 87-д заасан хэмжээгээр тээвэрлэгчид төлнө.

90. Тээвэрлэлтэд хүлээж авсан тээшинд түүнийг тээшний журмаар тээхээр хориглосон зүйл илэрвэл тээшийн эзэн тээш нэг бүрт тогтоосон журмаар торгууль төлнө.

91. Ачаа илгээгч, хүлээн авагч байгууллага нь өөрсдийн буруугаар илүү ачаа ачсан, ачилт буулгалтын үед тээврийн хэрэгслийг гэмтээсэн, ачааг буруу ачиж, савласан буюу бэхэлснээс болж учирсан хохирлыг тээвэрлэгчид төлнө.

92. Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигчдод эд материалын хариуцлага хүлээлгэх үндэс нь тээвэрлэлтийн баримт, түүнд хийсэн тэмдэглэл бөгөөд харин тэдгээрийн талаар санал зөрчсөн тохиолдолд тогтоосон журмаар үйлдсэн тээврийн акт болно. Тээврийн актын загвар, акт тавих журмыг Засгийн газрын тээврийн асуудал эрхэлсэн тохируулагч агентлаг тогтооно.

93. Ачаа, тээш, зорчигчийн тээвэрлэлттэй холбогдсон гомдлыг тээвэрлүүлэгч нь тээвэрлэгчид гаргах бөгөөд гомдол мэдүүлсэн өргөдөлд гомдлыг нотлох баримт, болон илгээсэн ачаа, тээшний хэмжээ, үнэ, тэрчлэн гэмтлийн зэргийг тогтоосон материалыг хавсаргасан байвал зохино.

94. Тээвэрлэгчид гаргах гомдлыг гомдол гаргах шалтгаан үүссэн өдрөөс эхлэн 6 сарын дотор, хууль болон гэрээнд анз төлөхөөр заасан бол 45 хоногийн дотор гаргана.

95. Гомдол нэхэмжлэл гаргах хугацааны эхлэн тооцох өдрийг дор дурдсанаар тооцно:

а) ачаа тээшийг гэмтээсэн, муутгасан буюу дутагдуулснаас үүссэн гомдлыг ачаа тээшийг хүлээлгэн өгсөн өдрөөс;

б) ачаа үрэгдүүлсэнтэй холбогдсон гомдлыг улс, хот хоорондын тээвэрлэлтэнд тухайн ачааг хүргэх хугацаа дууссанаас хойш 10 хоног өнгөрмөгц, хотын болон хот орчим, орон нутгийн тээвэрлэлтэд уг ачааг хүргэх хугацаа дууссанаас хойш 7 хоног өнгөрмөгц;

в) тээш үрэгдүүлсэнтэй холбогдсон гомдлыг тээш хүргэх хугацаа дууссанаас хойш 7 хоног өнгөрмөгц;

г) ачаа тээш хүргэх хугацааг хожимдуулсантай холбогдсон гомдлыг уг ачаа тээшийг хүлээлгэн өгсөн өдрөөс;

д) тээврийн гэрээ буюу нэг удаагийн захиалгад заасан ачааг тээвэрлүүлээгүйн торгуулийг төлүүлэх тухай гомдлыг гэрээ буюу захиалгад тээвэрлэхээр тохиролцсон хугацаа дууссан өдрөөс;

е) автомашиныг сул зогсоосон, чингэлгийг тогтоосон хугацаанаас хэтрүүлэн саатуулсны улмаас үл маргах журмаар гаргуулан авсан торгуулийг эргүүлэн авах тухай гомдлыг тээвэрлэгчийн торгууль тооцсон тухайн төлбөрийн шаардлагыг хүлээн авсан өдрөөс;

ё) бусад бүх тохиолдолд гомдол гаргахад хүргэсэн үйл явдал эхэлсэн өдрөөс.

96. Тээвэрлэгч нь гомдлын шаардлагыг хянан үзэж түүнийг барагдуулах буюу татгалзах тухайгаа гомдол гаргагчид дор дурдсан хугацаанд хариу өгнө:

• тээвэрлэлтээс үүссэн гомдолд 3 сарын дотор;

• анз төлөх тухай гомдолд 45 хоногийн дотор.

97. Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигчийн тавьсан гомдлыг бүрэн буюу хагасыг нь барагдуулахаас татгалзсан, эсвэл энэхүү дүрэмд заасан хугацааны дотор хариу өгөөгүй нөхцөлд тээвэрлүүлэгч, зорчигч нь шүүхэд гомдол гаргана. Тээвэрлүүлэгч, зорчигч нь гомдлын шаардлагыг шүүхэд гаргахдаа тээвэрлэгчдээс гомдлын хариуг авсан өдрөөс хойш 2 сарын дотор буюу гомдлын хариу өгөх тогтоосон хугацаа дууссан өдрөөс эхэлж өгнө.

98. Тээвэрлэгч нь Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрмийн заалтын дагуу тээвэрлүүлэгч, зорчигчдод гаргах гомдлын нэхэмжлэлийг тухайн үйл явдал эхэлсэн өдрөөс 6 сарын дотор гаргана.

99. Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигчоос Монгол Улсын хууль тогтоомж, болон энэхүү дүрмийн заалтыг хэрхэн биелүүлж байгаад тавих хяналт шалгалтыг Засгийн газрын автотээврийн асуудал эрхэлсэн тохируулагч агентлаг гүйцэтгэнэ.