МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

 

2001 оны 1 дүгээр

сарын 4ий өдөр

Дугаар 04/03

Улаанбаатар хот

 

Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний

талаар авах арга хэмжээний тухай

 

Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 15 дугаар зүйлийн 1 дэх заалтууд, "Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2000 оны 37 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалт, хяналт зохицуулалтыг боловсронгуй болгох, хөдөлгөөний дэг журам, аюулгүй байдлыг хангах зорилгоор ТУШААХ нь:

1. "Бага оврын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Бага оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ явуулах Сонгон шалгаруулалтыг 2001 оны 1 дүгээр улиралд багтаан явуулахыг Хотын захирагчийн ажлын алба /Т.Бадамжунай/-д үүрэг болгосугай.

3. Бага оврын автобусаар захиалгат үйлчилгээ явуулах зогсоолын талбайг дүүрэг бүрт 2-оос доошгүйг байгуулах арга хэмжээг 2001 оны 1 дүгээр улиралд авч зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулахыг Хотын тээврийн газар /Т.Пүрэвдорж/, Хот байгуулалт, газрын харилцааны газар /М.Цэлмэг/-т тус тус үүрэг болгосугай.

4. Нийслэлийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдэд олгох, нөхөн олговрын асуудлыг 2001 оны 1 дүгээр улиралд багтаан холбогдох дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, стратегийн бодлогын хэлтэс /Ч.Бат/, Хотын тээврийн газар /Т.Пүрэвдорж/-д тус тус даалгасугай.

5. Нийтийн тээврийн үйлчилгээний буудлууд, эцсийн зогсоолуудын талбай болон үйлчилгээнд хяналт тавих диспетчерийн байршлыг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан оновчтой тогтоох, диспетчерийн байр барьж байгуулах, тохижуулах түүнийг санхүүжүүлэх хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгуулж хэрэгжүүлэхийг Эдийн засаг, стратегийн бодлогын хэлтэс /Ч.Бат/, Хот байгуулалт, газрын харилцааны газар /М.Цэлмэг/-т тус тус үүрэг болгосугай.

6. Нийслэл дотор буюу автотээврийн шалгах байцаах товчоодод зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг зохих хууль тогтоомжийн дагуу түр саатуулах байрыг барьж байгуулах, бага оврын автобусны техникийн хяналтын үзлэгийг 2001 оны 1 дүгээр улиралд багтаан явуулахыг Хотын захирагчийн ажлын алба /Т.Бадамжунай/, Авто тээврийн газар /Ж.Батрдэнэ/-т тус тус даалгасугай.

7. Бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангасны үндсэн дээр Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 2002 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн зөвхөн Монгол Улсын стандарт MNS 4598-98-ын 5.1.1-д заасан шаардлагад тохирсон автобус явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хотын захирагчийн ажлын алба /Т.Бадамжунай/, Автотээврийн газар /Ж.Батрдэнэ/, Хотын тээврийн газар /Т.Пүрэвдорж/-д тус тус даалгасугай.

8. Ард-Аюушийн өргөн чөлөөний авто замын нэвтрүүлэх чадвар сайжирсныг харгалзан Дэд бүтцийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын 80/А-35 тоот хамтарсан шийдвэрийн 1 дүгээр заалтын "Ард Аюушийн болон" гэснийг хасч 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс зорчигч тээврийн үйлчилгээний бага оврын автобус явуулахыг зөвшөөрсүгэй.

 

 

Дэд бүтцийн сайд

Б.ЖИГЖИД

Нийслэлийн засаг дарга

М.ЭНХБОЛД

 

 

 

Дэд бүтцийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2001 оны

04/03 тоот тушаал, захирамжийн хавсралт

 

БАГА ОВРЫН АВТОБУСААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН

ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Энэхүү журмын зорилго нь хот хооронд, орон нутагт, хот доторхи болон хот орчимд бага оврын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн /цаашид тээвэрлэгч гэх/ үйл ажиллагааг зохицуулахад оршино.

2. Энэ журамд заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зорчигч тээврийн үйлчилгээг эрхэлж болно.

3. Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулж, хяналт тавих үйл ажиллагааг Автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага, аймаг, нийслэлийн тээвэр зохицуулалтын алба хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Зорчигч тээвэрлэлтийн төрөл

а/ Нийтийн тээвэр

4. Нийтийн тээврийн үйлчилгээг бага оврын автобусаар дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:

- Туслах чиглэлийн үйлчилгээ

- Буухиа чиглэлийн үйлчилгээ

"Туслах чиглэлийн үйлчилгээ" гэж нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг хөнгөвчлөх, шуурхай байдлыг хангах зорилгоор тусгайлан батлагдсан чиглэл, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэж байгаа үйлчилгээг хэлнэ.

"Буухиа үйлчилгээний чиглэл" гэж тогтоосон цэгүүдээс хүн амын бөөгнөрөл үүссэн үйлчилгээний төвүүдийг холбон, нэр заасан цөөн тооны зогсоолуудад зогсон гүйцэтгэж байгаа үйлчилгээг хэлнэ.

5. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд холбогдох журмуудын дагуу "тусгай зөвшөөрөл", "зөвшөөрлийн карт", "зорчигч тээвэрлэлтийн хяналтын талон" олгоно.

б/ Захиалгат үйлчилгээ

6. "Захиалгат үйлчилгээ" гэж эрх бүхий байгууллагаас тусгайлан тогтоосон зориулалтын зогсоол талбайгаас иргэдийн захиалгаар гүйцэтгэж байгаа үйлчилгээг хэлнэ.

7. Захиалгат үйлчилгээний зогсоол талбайг нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол талбайгаас тусад нь зохион байгуулна.

8. Захиалгат үйлчилгээ гүйцэтгэх бага оврын автобус нь "Захиалгат үйлчилгээ" гэсэн тусгай хаягтай байна.

 

Гурав. Тээвэрлэгчид тавигдах шаардлага

9. Зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нь 5-аас доошгүй жил жолоочоор тасралтгүй ажилласан, жолооны "Д" ангилалтай байна.

10. Зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах бага оврын автобус нь энэ журмын 4.4-д заасны дагуу автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна.

11. Зорчигч тээврийн үйчилгээ эрхлэх "тээвэрлэгч" /жолооч, кондуктор/ нь эрх бүхий байгууллагын сургалтанд хамрагдаж "тээвэрлэгч-жолооч", "тээвэрлэгч-кондуктор"-оор мэргэшсэн байна.

 

Дөрөв. Зорчигч тээвэрлэлт гүйцэтгэхэд тавигдах шаардлага

12. Үйлчилгээнд ажиллах бага оврын автобус нь аж ахуйн нэгжийн эмблем гараашийн дугаар, чиглэлийн нэр, дугаарыг зорчигчдод харагдахуйц газар байрлуулж, тээвэрлэгч /жолооч, кондуктор/ нь нэрийн хуудсаа энгэртээ зүүж, үйлчилгээний даалгаврын хуудас, зорчих тасалбартайгаар шугаманд ажиллана.

13. Буухиа болон туслах чиглэлийн үйлчилгээнд ажиллах бага оврын автобусны гадна талд "нийтийн тээвэр" гэсэн бичиглэл бүхий кантыг хоёр талд нийтэд тод харагдахуйцаар байрлуулна.

а/ Кантын хэмжээ:

Урт нь 220 см, өргөн нь 18.0 см;

Үсэгний хэмжээ өндөр нь 10.0 см, өргөн нь 5 см;

Дэвсгэр өнгө нь шар, үсэгний өнгө хөх.

б/ Маршрутын хаягийн хэмжээ:

Урт нь 40 см, өргөн нь 20 см;

Үсэгний өнгө хар;

Дэвсгэр өнгө: буухиа чиглэлд ногоон, туслах чиглэлд шар.

14. Зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа тээвэрлэгч нь буудал зогсоолууд дээр үйлчилгээний тухай нийтэд хашгирч зарлахыг хориглоно.

15. Зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах бага оврын автобус нь Монгол Улсын стандарт MNS 4598-98-д заасан техникийн шаардлагыг хангасан байна. Бага оврын автобусны эдэлгээний хугацааг харгалзан доор заасан үечлэлээр автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Үүнд:

насжилт

техникийн үзлэг, оношлогоо /1 жилд/

0-4 жил хүртэл

4-өөс дээш жил

2 удаа

3 удаа

 

Тав. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

16. Энэхүү журамд заагдсан зорчигч тээврийн үйлчилгээнд тавигдах шаардлагууд болон дагаж мөрдөх хууль, тогтоомжийг зөрчсөн буруутай этгээдэд автотээврийн хяналтын улсын байцаагч, замын цагдаагийн эрх бүхий ажилтан зохих хариуцлага хүлээлгэнэ.