МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, АВТОТЭЭВЭРЧДИЙН ҮНДЭСНИЙ НИЙГЭМЛЭГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ХАМТАРСАН ТУШААЛ

 

2004 оны 1 дүгээр

сарын 28-ны өдөр

Дугаар 38/02

Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

1975 оны ТИР Конвенцийн 9 дүгээр хавсралтын II.3 заалтыг хэрэгжүүлж Үндэсний зөвшөөрөл олгох ажлын хэсэг байгуулсан Монгол Улсын Гаалийн ерөнхий Газрын дарга, Автотээвэрчдийн үндэсний Нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын хамтарсан тушаалын 2 дугаар зүйлийназаалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. “Барааг олон улсын хэмжээнд ТИР горимоор тээвэрлэх Монголын тээвэрлэгчдэд зөвшөөрөл олгох журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын хэлтэс (Ч.Энхтуяа), Автотээвэрчдийн үндэсний нийгэмлэгийн ТИР хэлтэс (О.Бадамсэд)-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаалыг 2004 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

  

Гаалийн ерөнхий газрын дарга

Х.БААТАР

Автотээвэрчдийн үндэсний нийгэмлэгийн

гүйцэтгэх захирал Ц.ТОГТМОЛ

 

 

 

МУГЕГазрын дарга, АТҮН Гүйцэтгэх захирлын

2004 оны 38/02 дугаар хамтарсан тушаалын хавсралт

 

БАРААГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ТИР ГОРИМООР ТЭЭВЭРЛЭХ
МОНГОЛЫН ТЭЭВЭРЛЭГЧДЭД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1. ТИР Карнейн хүрээнд барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай 1975 оны Конвенц /цаашид ТИР Конвенц гэх/-ийн холбогдох нөхцөлийг баримтлан ТИР горимоор ажиллахыг хүссэн аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, цуцлахад энэхүү журмыг мөрдөх болно.

 

Хоёр. Тавигдах шаардлага

2.1. ТИР горимоор ажиллах зөвшөөрөл хүсэгчид нь доорхи нөхцөл, шаардлагыг заавал хангасан байвал зохино. Үүнд:

2.1.1. Олон улсын харилцаанд автомашинаар ачаа тээвэрлэлт гүйцэтгэдэг туршлагатай буюу эсвэл улс хооронд ачаа тээвэрлэлт тогтмол гүйцэтгэх боломжийг нь нотолсон улс хооронд автомашинаар ачаа тээвэрлэлт гүйцэтгэх лиценз, материаллаг бааз, эзэмшилд нь буй их даацын тээврийн хэрэгслийн жагсаалт гэх мэт) баримт бичиг байх;

2.1.2. ТИР Конвенцид дурдагдсан тээвэрлэгчдийн эрх, үүргийн биелэлтийг хангахуйц санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй байх;

2.1.3. Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн зөрчилгүй байх;

2.1.4. Монгол Улсын татварын хуулийн зөрчилгүй байх;

2.1.5. ТИР Конвенцыг хэрэгжүүлэхэд шаардагдахуйц мэдлэгтэй байх;

2.1.6. Олон улсын автотээврийн холбоо /ОУАТХ/-ноос гаргасан хөтөлбөрөөр ТИР тээвэрлэлт гүйцэтгэх асуудлаар зохиогдсон сургалтад жолооч, ажилтан нар нь хамрагдсан, мөн холбогдох дүрэм, журмыг ажиллагсад нь сайтар судалсан байх;

2.1.7. АТҮН болон ТИР Конвенцын хүрээнд олон улсын харилцаанд автомашинаар тээвэрлэлт гүйцэтгэгчдийн хоорондын харилцааны журмаар тавигдах шаардлагыг ханган гүйцэтгэсэн байх.

 

Гурав. Бичиг баримтын бүрдүүлэлт

3.1. ТИР горимоор ажиллах зөвшөөрөл хүсэгч нь АТҮН-т өргөдөл гаргаж, дараах зүйлийг хавсаргах ба хуулбарласан баримт материалыг нотариатаар батлуулсан байна. Үүнд:

3.1.1. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлтэй болохыг гэрчилсэн баримт бичгийн хуулбар, мөн түүнчлэн мөрдөгдөж буй журмын дагуу батлагдсан тухайн байгууллагын дүрэм, зааврын хуулбар;

3.1.2. Гаалийн ба татварын байгууллагаас тэдгээрт холбогдох зөрчилгүй болох тухай тодорхойлолт;

3.1.3. Санхүүгийн жилийн буюу улирлын тайлан балансын хуулбар түүнд татварын байгууллагад өгсөн болохыг нь нотолсон тэмдэглэл байх;

3.1.4. Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

3.2. ТИР горимоор ажиллах зөвшөөрөл хүсэгч нь доорхи зүйлсийг тусгасан үүргийн тунхаг гаргана. Үүнд:

3.2.1. Илгээгч, дамжин өнгөрөх ба хүлээн авагч орны гаалийн байгууллагуудад гаалийн дүрэм болон ТИР Конвенцын нөхцлийг баримтлах;

3.2.2. ТИР конвенцийн 8 дугаар зүйлийн 1; 2-т заасанчлан ноогдуулах мөнгөн төлбөрийг төлсөн байх;

3.2.3. Монгол Улсын гаалийн байгууллагаас шаардлагатай гэж үзэж гаалийн нарийвчилсан үзлэг хийхэд татгалзахгүй бөгөөд ТИР дэвтэр ашиглан хийх тээвэрлэлтийг гаалийн батлагдсан замаар гүйцэтгэх;

3.2.4. Өмнө дурдсан нөхцөл, шаардлагыг хэрхэн баримталж буйг нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд АТҮН-ээс шалгахыг зөвшөөрөх;

3.2.5. ТИР Конвенцын удирдлагын Хороо ба ОУАТХ-ноос гаргасан дүрэм, журмын дагуу АТҮН-ээс тогтоосон нөхцөл, шаардлагыг ханган гүйцэтгэх.

 

Дөрөв. Бичиг баримтыг судлах, шийдвэрлэх

4.1. АТҮН нь тээвэрлэгчийн өргөдөл, холбогдох материалыг хүлээн авсан өдрөөс ажлын 7-21 хоногт багтаан ирүүлсэн баримт бичгийг Үндэсний зөвшөөрөл олгох Ажлын хэсэг /цаашид Ажлын хэсэг” гэх/-ийн оролцоотойгоор судалж хянана. Харин магадлан шинжилгээ хийлгэх шаардлагатай бол өмнөх хугацааг 14 хоногоор сунгана.

4.2. Энэхүү нөхцөлийн 2.1.1-2.1.2; 2.1.4-2.1.6 зүйлд заасан шаардлагыг тээвэрлэгч хангаж буй тохиолдолд түүний тухай холбогдох мэдээллийг Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-т энэ журмын 2.1.3 зүйлд дурдсан шаардлагыг хэрхэн хангаж буйг нь тодотгуулахаар явуулна. Ийнхүү явуулахдаа ТИР Конвенцын 9 дүгээр хавсралтын 2 дахь хэсэгт үзүүлсэн маягтыг ашиглах ба энэхүү журмын 3.1.1 зүйлд дурдсан баримт бичгийг түүнд хавсаргана.

4.3. ГЕГ нь холбогдох баримт материалыг АТҮН-ээс авч ажлын 7 хоногт багтаан тухайн тээвэрлэгч гаалийн дүрмийн зөрчил гаргаж байсан эсэхийг шалгаж, дүнг нь ажлын 7 хоногт багтаан АТҮН-т бичгээр мэдэгдэнэ.

4.4. ГЕГ нь тээвэрлэгчид зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд АТҮН-т явуулах мэдэгдэлдээ шалтгааныг заана.

4.5. ГЕГ-аас татгалзсан хариу өгөөгүй тохиолдолд тээвэрлэлт гүйцэтгэгчийг ТИР горимоор ажиллах зөвшөөрлийг /Хавсралт 1/ Ажлын хэсгээс ажлын 3 хоногт багтаан 5 жилийн хугацаагаар олгоно.

4.6. ГЕГ нь тухайн тээвэрлэгчид зөвшөөрөл олгосон тухайгаа харьяа гаалийн газар, хорооддоо албан тоотоор мэдэгдэнэ.

4.7. Тээвэрлэгчийг ТИР горимоор ажиллахыг зөвшөөрөөгүй тохиолдолд АТҮН түүнд шалтгааныг нь тайлбарласан хариу өгнө. Татгалзсан хариу авсан тээвэрлэлт гүйцэтгэгч нь татгалзахад хүргэсэн үндэслэлийг арилгаад зөвшөөрөл авахаар дахин хандах эрхтэй.

4.8. Зөвшөөрөл олгоогүй үндэслэлийг тээвэрлэгч эс зөвшөөрвөл хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хандаж болно.

4.9. Зөвшөөрлийн хугацааг сунгуулах тээвэрлэгч нь энэ тухай хүсэлтээ түүний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Ажлын хэсэгт ирүүлэх бөгөөд дурдсан хугацаанд Ажлын хэсэг хүсэлтийг судалж шийдвэрлэнэ.

 

Тав. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах

5.1. Ажлын хэсэг нь ТИР Конвенц, тээвэрлэгчидтэй холбоотой үндсэн бусад баримт бичиг болон энэхүү журмын нөхцөл шаардлагыг зөрчсөн тээвэрлэгчийн ТИР горимоор ажиллах зөвшөөрлийг зөрчлийн хэлбэр байдлаас хамааруулан түдгэлзүүлэх, эсвэл цуцлах эрх эдэлнэ.

5.2. Дараах тохиолдолд тээвэрлэгчийн ТИР горимоор ажиллах зөвшөөрлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлнэ. Үүнд:

5.2.1. Ачаа барааны даатгал ба гомдол, нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхгүй саатуулсан;

5.2.2. Эзэмшиж буй ТИР дэвтрийн хүчинтэй хугацааг дур мэдэн өөрчилсөн, мөн ТИР дэвтрээс хуудсыг (ваучер) салгаж авсан;

5.2.3. ТИР дэвтрийг хулгайд алдсан, гэмтээсэн, гээсэн тухайгаа батлах баримтуудыг бүрдүүлээгүй, алдагдсан ТИР дэвтрийн талаарх маягтыг үнэн зөв бөглөөгүй;

5.2.4. ТИР дэвтрийг ашиглаагүй, тогтоосон хугацаанд буцааж тушаагаагүй;

5.2.5. ТИР дэвтэр ашиглахтай холбогдсон мэдээлэл болон ТИР үйл ажиллагааны баримт бичигт хариу өгөлгүй саатуулсан;

5.2.6. Ердийн ТИР дэвтэр ашиглан тамхи болон согтууруулах ундаа тээвэрлэсэн.

5.3. ТИР горимоор ажиллах зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шалтгааныг заагдсан хугацаанд нь арилгасан тээвэрлэгчийн холбогдох асуудлыг магадлан шалгасны үндсэнд Ажлын хэсгээс зөвшөөрлийг сэргээж болно.

5.4. Дараах тохиолдолд тээвэрлэгчийн ТИР горимоор ажиллах зөвшөөрлийг цуцална. Үүнд:

5.4.1. тээвэрлэгч ТИР системээс сайн дураар гарах хүсэлт гаргасан;

5.4.2. тухайн хуулийн этгээд татан буугдсан;

5.4.3. зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болох нь үйл ажиллагааны явцад нотлогдсон;

5.4.4. ТИР Конвенци, Эзэмшигчийн зааварчилгаа ба Хүлээх үүргийн батламж, Гаалийн хууль дүрэм болон ОУАТХ, даатгалын байгууллага, АТҮН-ээс гаргасан заавал мөрдөх журам, зааврын болзол нөхцлийг зөрчсөн;

5.4.5. өөрийн буруутай үйлдлээр эсвэл санаатайгаар ТИР системд хохирол учруулсан;

5.4.6. ТИР дэвтрийг гуравдагч этгээдэд дамжуулж ашиглуулсан;

5.4.7. зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй эсвэл өмнө түдгэлзүүлэх зөрчлийг давтан гаргасан.

5.5. ТИР горимоор ажиллах зөвшөөрлөө цуцлуулсан тээвэрлэгч нь цуцлалтын шалтгааныг арилгасны дараа энэхүү журмын дагуу дахин материал бүрдүүлж, шинээр зөвшөөрөл авах хүсэлтээ гаргаж болно.

5.6. Зөвшөөрлөө цуцлуулсан тээвэрлэгчид дахин олгох зөвшөөрлийн багц бичиг баримтыг холбогдох байгууллагуудад судалж шийдвэрлэхэд энэхүү журмын 3.1 ба 3.3 зүйлд заасан хугацааг шаардлагатай бол сунгаж болно.

 

Зургаа. Бусад зүйл

6.1. ТИР горимоор ажиллахаар зөвшөөрөгдсөн тээвэрлэлт гүйцэтгэгч нь зохион байгуулалтын талаар өөрчлөлтөд /хаяг, утас, факс өөрчлөгдөхөөс бусад тохиолдолд/ орвол энэхүү журмын нөхцөлийг баримтлан дахин зөвшөөрөл авна. Энэ тохиолдолд аливаа төлбөр хураамж шаардахгүй.

6.2. Хаяг, утас /факсын/ өөрчлөлтийг өмнө дурдсанд хамааруулахгүй ба энэ тохиолдолд тэдгээрийн тухай шинэчлэгдсэн мэдээллийг АТҮН-т 7 хоногт багтаан явуулна.

6.3. АТҮН нь өмнөх өөрчлөлтийн талаар цааш нь ТИР-ийн Гүйцэтгэх зөвлөл болон ГЕГ-т мэдээлнэ.