МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДАРГЫН ТУШААЛ
2002 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр |
Дугаар 399 |
Улаанбаатар хот |
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.5.6, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5 дахь заалт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмыг олон нийтэд сурталчилж, хэрэгжүүлэхийг Тамгын газар /цагдаагийн хурандаа Ж.Сайнжаргал/, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Ц.Амгаланбаяр/-т тус тус үүрэг болгосугай.
Дарга, хошууч генерал Д.САНДАГ-ОЧИР
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2002 оны
399 дугаар тушаалын хавсралт
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРЫН ТЭМДЭГ ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилт нь замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэнэ/ олгох, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг зохиоцуулахад оршино.
1.2. Тусгай зөвшөөрөл олгох, үйлдвэрлэлд хяналт тавих үйл ажиллагаанд Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Тусгай зөвшөөрөл олгох журам
2.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, байууллага /цаашид хүсэлт гаргагч гэнэ/ нь дараахь баримт бичгийг Цагдаагийн ерөнхий газар /цаашид цагдаагийн төв байгууллага гэнэ/-т бүрдүүлж өгнө.
2.1.1. тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг, аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга;
2.1.2. улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний нотариатчаар баталгаажуулсан хуулбар;
2.1.3. үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн техникийн баримт бичиг, товч тодорхойлолт,
2.1.4. Монгол Улсын стандартад нийцсэн тэмдэг үйлдвэрлэх тоног төхөөрөмж, бэлдэц, материалыг нийлүүлэх гэрээ, эсхүл холбогдох бичиг баримт;
2.1.5. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
2.1.6. харилцагч банк, татварын байгууллагын тодорхойлолт.
2.2. Цагдаагийн төв байгууллага нь хүсэлт гаргагчаас бүрдүүлсэн энэ журмын 2.1-д заасан, түүнчлэн холбогдох бусад баримт бичгийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
2.3. Энэ журмын 2.2-д заасан хянан үзэх ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан ажлын хэсэг явуулж, энэ талаар дүгнэлт гаргана.
2.4. Ажлын хэсгийн дүгнэлтийг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
2.5. Цагдаагийн төв байгууллага нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол энэ тухай үндэслэлийг заасан албан бичгийг шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид өгнө.
2.6. Шаардлагатай гэж үзвэл сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгоно.
2.7. Цагдаагийн төв байгууллага нь тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагад дараахь зүйлийг тусгасан гэрчилгээ олгоно.
2.7.1. тусгай зөвшөөрлийг олгосон байгууллагын нэр;
2.7.2. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг;
2.7.3. эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл;
2.7.4. тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа;
2.7.5. тусгай зөвшөөрлийн дугаар олгосон он, сар, өдөр;
2.7.6. тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг.
Гурав. Тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих журам
3.1. Тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор Замын цагдаагийн газар нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагатай дараахь нөхцөлийг тусгасан гэрээ байгуулна.
3.1.1. улсын дугаарын тэмдгийг зөвхөн замын цагдаагийн албаны захиалгыг үндэслэн хийх, захиалгаас гадуур үйлдвэрлэхгүй байх;
3.1.2. улсын чанар, стандартын дагуу үйлдвэрлэх, зөвхөн нэг хос тэмдэг олгох;
3.1.3. улсын дугаарын тэмдгийн хэв, бэлдэц, материалыг алдахгүй байх, нууцлалыг хадгалах нөхцөлийг хангах;
3.1.4. үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах;
3.1.5. тээврийн хэрэгслийн гэрчилгээнд улсын дугаарын тэмдэг олгосон тэмдэглэл үйлдэх;
3.1.6. улсын дугаарын тэмдэг олгосон тээврийн хэрэгсэлд захиалгаас гадуур дахин тэмдэг олгохгүй байх;
3.1.7. тусгай зөвшөөрлийн хугацаа болон гэрэ байгуулагч талуудын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой тусгах;
3.1.8. хууль тогтоомжид нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаанд тавих бусад нөхцөл, шаардлагыг тусгах.
3.2. Тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээнд заасан нөхцөлийг бүрэн хангаж ажиллана.
3.3. Гэрээ байгуулагч талууд гэрээгээ цуцлахыг хүсвэл энэ тухайгаа цагдаагийн төв байгууллагад албан бичгээр нэн даруй мэдэгдэнэ.
3.4. Тээврийн хэрэгслийн усын дугаарын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд Замын цагдаагийн газар хяналт тавина.
3.5. Тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага нь хууль тогтоомж зөрчиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх бөгөөд түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг цагдаагийн төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР