МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН

САЙДЫН ТУШААЛ

 

2000 оны 12 дугаар

сарын 11-ний өдөр

Дугаар 115

Улаанбаатар хот

 

Үлгэрчилсэн дүрэм, гэрээ батлах тухай

 

Автотээврийн тухай хууль, холбогдох бусад дүрэм, журмыг аймаг, нийслэлд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

Нэг. Аймаг, нийслэлийн тээвэр зохицуулалтын албадын үлгэрчилсэн дүрмийг нэгдүгээр хавсралтаар, Аймаг, нийслэлийн Засаг дарга, Тээвэр зохицуулалтын албаны даргын хооронд байгуулах үлгэрчилсэн гэрээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэ тушаалыг 2001 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт мэдэгдэж, хэрэгжилтийг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллахыг Автотээврийн газрын дарга /Ж.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.

Гурав. Энэ тушаал гарсантай холбогдуулан үлгэрчилсэн дүрэм батлах тухай Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1994 оны 66 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

 

 

Дэд бүтцийн сайд                                                           Б.ЖИГЖИД

 

 

 

Дэд бүтцийн сайдын 2000 оны 115 дугаар

тушаалын нэгдүгээр хавсралт

 

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАЛТЫН

АЛБАДЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Аймаг, нийслэлийн тээвэр зохицуулалтын алба нь нутаг дэвсгэртээ Автотээврийн тухай хууль, тогтоомж, Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, чиглэлд тусгагдсаи тээврийн бодлогыг хэрэгжүүлэх, хүн амын автотээврийн хэрэгцээг хэвийн хангах үүрэг бүхий аймаг, нийслэлийн Засаг даргын эрхэлсэн ажлын хүрээнд ажиллах үйлчилгээний алба байна.

1.2. Аймаг, нийслэлийн тээвэр зохицуулалтын алба /цаашид алба гэнэ /-ны зорилго нь аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр дээр Автотээврийн тухай хууль, энэ хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, стандарт, заавар, зөвлөмж, шийдвэрийн дагуу тээврийн зах зээлд өмчийн олон хэвшлийн аж ахуйн нэгжүүд чөлөөтэй өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн тээврийн үйлчилгээг бий болгох, автотээврийг хөгжүүлэх, техник технологийн шинэчлэлт хийх, тээврийн үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг хангахад оршино.

1.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тээвэр зохицуулалтын албаны даргыг томилох буюу чөлөөлнө. Дарга нь тээвэр зохицуулалтын албаны зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг аймаг, нийслэлийн Засаг даргын өмнө хариуцаж тайлагнах бөгөөд эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн тушаал шийдвэр гаргана.

1.4. Тээвэр зохицуулалтын албаны дүрэм, бүтэц, орон тоо, цалингийн санг аймаг, нийслэлийн Засаг дарга батална.

1.5. Тээвэр зохицуулалтын алба нь аймаг, нийслэлийн Засаг даргын өмнө хүлээсэн үүргээ ханган биелүүлэх чадвар бүхий мэргэжлийн боловсон хүчинтэй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангагдсан байна.

1.6. Тээвэр зохицуулалтын албаны орлого нь дараах эх үүсвэрүүдээс бүрдэнэ. Үүнд:

• Нийтийн тээврийн зохицуулалтын үйлчилгээний орлого

• Тээвэр зуучлалын орлого

• Аж ахуйн үйл ажиллагааны бусад орлого

1.7. Тээвэр зохицуулалтын алба нь тогтоосон журмаар хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

Хоёр. Тээвэр зохицуулалтын албаны үүрэг

2.1. Нутаг дэвсгэртээ автотээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засагдаргын шийдвэрийн биелэлтийг хангах;

2.2. Аймаг хооронд, орон нутаг, хотын доторхи болон хот орчмын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг зохих журмын дагуу шалгаруулж тусгай зөвшөөрөл олгохыг Засаг даргаар шийдвэрлүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, графикийг боловсруулан батлуулах, үйлчилгээний ажлын биелэлтэнд өдөр тутам бүртгэлээр хяналт тавьж, шуурхай зохицуулж байх үүрэг бүхий шалган бүртгэх товчоо, диспетчерийг шаардлагатай газарт ажиллуулах;

2.3. Хүн амын нутагшил, байршлын онцлог, зорчигч ба шуудан тээвэрлэлтийн хэрэгцээнээс шалтгаалан өрсөлдөх боломжгүй чиглэлд зохих нөхөн төлбөр олгох асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлэхийн тулд алдагдалтай чиглэлээ тогтоох, Засаг даргын шийдвэрийн үндсэн дээр тээвэрлэгчтэй гэрээ хийж гүйцэтгүүлэх;

2.4. Нийтийн тээврийн үйлчилгээний зохицуулалтаас гадуур зорчигчдыг төлбөртэйгээр үйлчилж байгаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг Автотээврийн тухай хууль, тогтоомжид нийцүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тээвэрлэлтийн бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлэх үйлчилгээ үзүүлэх;

2.5. Нутаг дэвсгэртээ техникийн түргэн тусламжийн үйлчилгээг зохих журмын дагуу зохион байгуулах;

2.6. Улсын захиалга, даалгавар, дайчилгаа, цаг үеийн шуурхай тээвэрлэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

2.7. Ачаа болон зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зуучлан үйлчлэх;

2.8. Тээврийн үйлчилгээний талаархи олон нийтийн эрэлт хэрэгцээг судлах, тэдний санал гомдлыг зохих журмын дагуу хугацаанд нь шийдвэрлэх;

2.9. Автотээврийн тухай хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон эрх зүйн актуудын биелэлтийг тухайн нутаг дэвсгэр дэх тээвэр эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;

2.10. Нутаг дэвсгэртээ тээврийн үйлчилгээ эрхлэж буй аж ахуйн нэгж, иргэдээс мэдээ, тайланг гэрээнд хугацаанд гаргуулах;

2.11. Тээврийн тоон мэдээллийн систем бий болгох зорилгоор тээврийн статистик мэдээлэл нэгтгэн авч аймаг, нийслэлийн удирдлага болон холбогдох байгууллагуудыг мэдээ, мэдээллээр хангах, сонирхогч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд тээврийн мэдээ, мэдээллээр үйлчлэх;

2.12. Тээвэр зохицуулалтын алба нь Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас улсын хэмжээнд дагаж мөрдүүлэхээр гаргасан тээвэрлэлтийн баримт бичгийг нутаг дэвсгэрийн тээврийн ажил үйлчилгээ эрхлэгчдэд нэгдсэн журмаар олгох;

2.13. Орон нутгийн тээврийн хөгжлийн чиг хандлага хэрэгцээ шаардлагыг тодорхойлж дотоодын хөрөнгө оруулалт болон олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн үндэслэл судалгаа гаргах, хэрэгжүүлэхэд оролцох;

2.14. Нутаг дэвсгэртээ автотээврийн хэрэгслийн улсын үзлэг тооллогыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, автотээврийн хэрэгслийн техникийн стандартын шаардлагыг хангуулах, тээврийн хэрэгслийн ашиглалтаас үзүүлж болох сөрөг үр дагаврыг арилгах хөтөлбөр чиглэлийг хэрэгжүүлэх, санал дүгнэлт гаргах;

2.15. Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан журмын биелэлтэнд хяналт тавих;

2.16. Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тарифыг тээвэрлэгч, хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийцүүлэн, жишгээр тогтоож, тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй байгуулах гэрээнд хяналт тавих;

2.17. Тээвэрлэлтийн үйл ажиллагааг даатгалын тогтолцоонд хамруулах;

2.18. Автотээврийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар аймаг, нийслэлийн төрийн бус олон нийтийн байгууллага /Үйлдвэрчний эвлэлийн холбоо, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг г.м./-тай хамтран ажиллах;

2.19. Нутаг дэвсгэртээ тээврийн аваар осол, эвдрэлийн талаарх мэдээллийг тогтоосон журмын дагуу мэдэгдэх;

2.20. Улс, хот хоорондын тээвэрлэлтийг автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулах;

2.21. Байгууллагынхаа үйл ажиллагааны тайланг аймаг, нийслэлийн Тамгын газарт улирал бүрийн дараа сарын 15-ны дотор, жилийн эцсийн ажлын тайланг Автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагад 1-р сард багтаан тус тус хүргүүлэх;

2.22. Үйл ажиллагааныхаа чиг, үүргээ хэрэгжүүлэх зорилгоор байгууллагын дотоодод мөрдөх журам боловсруулж мөрдөх;

2.23. Нутаг дэвсгэрийн харъяа автотээврийн салбарын ажилтанг төрийн болон орон нутгийн шагналд тодорхойлон өргөн мэдүүлэх.

 

Гурав. Тээвэр зохицуулалтын албаны эрх

3.1. Тээвэр зохицуулалтын албаны өмч хөрөнгийг Монгол Улсын хууль тогтоомж, аймаг, хотын Засаг даргын шийдвэр болон энэхүү дүрэмд нийцүүлэн эзэмшин ашиглаж, захиран зарцуулах;

3.2. Тээвэр зохицуулалтын албаны зорилго, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд шударга өрсөлдөөнийг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд сонгон шалгаруулалт зохион байгуулах; Нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг шуурхай удирдаж зохицуулах, үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй гэрээ хийх;

3.3. Тээвэрлэлтийн үйлчилгээ, зохицуулалтын хөлс, хураамжийг гэрээ болон эрх бүхий байгууллагын баталсан үйлчилгээний тарифын дагуу авах;

3.4. Тээвэр зохицуулалтын албаны хариуцах асуудлаар аймаг, нийслэлийн Засаг даргын эрх олгосны дагуу гадаад орны болон өөрийн улсын холбогдох байгууллагатай харилцах, гэрээ хэлцэл хийж, хамтран ажиллах;

3.5. Аймаг, нийслэлийн Засаг даргын эрх олгосноор тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний гэрээ, тусгай зөвшөөрлүүдийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд түүнийг хүчингүй болгох.

 

 

 

Дэд бүтцийн сайдын 2000 оны 115 дугаар

тушаалын хоёрдугаар хавсралт

 

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, ТЭЭВРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГЫН ХООРОНД БАЙГУУЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ГЭРЭЭ

 

. . . . оны . . . . сарын . . . . өдөр

 

Автотээврийн тухай хуулийн 7-р зүйлд заасан аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор нэг талаас Засаг дарга . . . . . . . . . . . . . . . овогтой . . . . . . . . . . . . . /цаашид Удирдлага гэнэ/, нөгөө талаас Тээвэр зохицуулалтын албаны дарга . . . . . . . . . . . . . . .овогтой . . . . . . . . . . . . . . . . . .  /цаашид Үүрэг хүлээгч гэнэ/ Монгол Улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн хуулийг үндэслэн харилцан тохиролцсоны дагуу энэхүү гэрээг дараах нөхцөлөөр байгуулав.

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Засаг даргын 200...... оны .......тоот захирамжаар баталсан тээвэр зохицуулалтын албаны дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдон үүсэх талуудын харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино.

1.2. Удирдлага нь аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хэмжээнд автотээврийг хөгжүүлэх талаар төр, орон нутгаас баримтлах бодлого, чиглэл, удирдлагаар хангана.

1.3. Үүрэг хүлээгч нь автотээврийг хөгжүүлэх талаар Засаг даргын шийдвэр, мөрийн хөтөлбөрийн биелэлтийг зохион байгуулах, автотээврийн талаар орон нутгаас баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд Тээвэр зохицуулалтын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж ажиллах үүрэг хүлээнэ.

 

Хоёр. Удирдлагын эрх, үүрэг

2.1. Удирдлага нь Засаг даргын бүрэн эрхийн хэмжээнд гэрээний хугацаанд дараах эрхийг хэрэгжүүлнэ:

2.1.1. Автотээврийн талаар төр, орон нутгийн удирдлагаас баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, бүх төрлийн тээврийн оновчтой бүтэц, тээвэрлэлтийн үр ашигт нэгдсэн сүлжээг хөгжүүлэх;

2.1.2. Автотээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтэнд тавих захиргааны хяналтыг хэрэгжүүлэх, нутаг дэвсгэртээ автотээврийн холбогдолтой нийтлэг мөрдөх дүрэм журмыг батлах;

2.1.3. Хүн амын нутагшил, байршлын онцлог, зорчигч ба шуудан тээвэрлэлтийн хэрэгцээнээс шалтгаалан өрсөлдөх боломжгүй чиглэлд зорчигч, шуудан тээвэрлэлтийг нөхөн төлбөртэйгээр гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэх;

2.2. Удирдлага нь дараах үүргийг хүлээнэ:

2.2.1. Үүрэг хүлээгчийг автотээврийн талаар төр, орон нутгийн удирдлагаас баримтлах бодлого, чиглэлээр хангах, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон санал, хүсэлтийг шийдвэрлэх;

2.2.2. Үүрэг хүлээгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг хянаж шалгах, үнэлж дүгнэх;

2.2.3. Үүрэг хүлээгчийн үйл ажиллагааны улирал, жилийн тайланг хүлээн авч үр дүнгийн талаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах.

 

Гурав. Үүрэг хүлээгчийн эрх, үүрэг

3.1. Үүрэг хүлээгч нь гэрээний хугацаанд дараах эрхийг хэрэгжүүлнэ:

3.1.1. Албаны өмч хөрөнгийг Монгол Улсын хууль тогтоомж, Засаг даргын шийдвэр болон энэхүү гэрээнд нийцүүлэн эзэмшин ашиглаж, захиран зарцуулах;

3.1.2. Тээвэр зохицуулалтын албаны зорилго, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд шударга өрсөлдөөнийг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх;

3.1.3. Нутаг дэвсгэртээ нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг шуурхай удирдаж зохицуулах, тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд сонгон шалгаруулалт зохион байгуулж, гэрээ байгуулан ажиллах;

3.1.4. Тээвэрлэлтийн үйлчилгээ, зохицуулалтын төлбөр, хураамжийг гэрээ болон эрх бүхий байгууллагын баталсан үйлчилгээний тарифын дагуу тооцож авах;

3.1.5. Тээвэр зохицуулалтын албаны хариуцах асуудлаар аймаг, нийлэлийн Засаг даргын эрх олгосны хүрээнд гадаад орны болон өөрийн улсын холбогдох байгууллагуудтай харилцах, гэрээ хэлцэл хийх, хамтран ажиллах;

3.1.6. Аймаг, нийслэлийн Засаг даргын эрх олгосноор тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зохих журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох;

3.1.7. Хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмын мөрдөлтийн зөрчил дутагдлын талаар нутгийн захиргааны мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийх, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулах;

3.1.8. Албаны ажиллагсадаа ажлын үр дүн, байгууллагын орлого, ашгийг харгалзан шагнаж урамшуулах.

3.2. Үүрэг хүлээгч нь дараах үүрэг /зорилт/-ийг хэрэгжүүлнэ:

3.2.1. Нутаг дэвсгэртээ автотээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газар, автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах, сурталчлах ажлыг зохион байгуулах;

3.2.2. Аймаг хооронд, орон нутаг, хотын доторхи болон хот орчмын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, графикийг боловсруулан батлуулах, үйлчилгээний ажлын биелэлтэнд өдөр тутам бүртгэлээр хяналт тавьж, шуурхай зохицуулж байх үүрэг бүхий диспетчерийг шаардлагатай газарт ажиллуулах;

3.2.3. Хүн амын нутагшил, байршлын онцлог, зорчигч ба шуудан тээвэрлэлтийн хэрэгцээнээс шалтгаалан өрсөлдөх боломжгүй чиглэлд зорчигч, шуудан тээвэрлэлтийн нөхөн төлбөртэйгээр гүйцэтгүүлэх асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлэх, тээвэрлэгчтэй гэрээ хийж үйлчилгээг зохион байгуулах;

3.2.4. Нийтийн тээврийн үйлчилгээнээс бусад зорчигчдыг төлбөртэйгээр үйлчилж байгаа зорчигч тээвэрлэлт болон ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд холбогдох эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн тээвэрлэлтийн бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлэн өгөх үйлчилгээ үзүүлэх;

3.2.5. Улсын захиалга, даалгавар, дайчилгаа, цаг үеийн шуурхай тээвэрлэлтийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх;

3.2.6. Тээврийн үйлчилгээний талаархи олон нийтийн эрэлт хэрэгцээг судлах, санал гомдлыг зохих журмын дагуу хугацаанд нь шийдвэрлэх;

3.2.7. Тээврийн мэдээллийн систем бий болгох зорилгоор тээврийн статистик мэдээллийг тээвэр эрхлэх байгууллага, иргэдээс гаргуулан авч нэгтгэн аймаг, нийслэл, салбарын удирдлага болон холбогдох байгууллагуудыг шуурхай мэдээ, мэдээллээр хангах;

3.2.8. Тээвэрлэлтийн баримт бичгийг нутаг дэвсгэрийн тээврийн ажил үйлчилгээ эрхлэгчдэд нэгдсэн журмаар олгох, түүнийг хэрэглэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

3.2.9. Орон нутгийн тээврийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрийн үндэслэл, судалгаа гаргах, төсөл хэрэгжүүлэхэд оролцох;

3.2.10. Нутаг дэвсгэртээ автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэгийг тусгай зөвшөөрөл бүхий холбогдох байгууллагатай хамтран нийтлэг мөрдөх журамд нийцүүлэн зохион байгуулах;

3.2.11. Нийтийн тээврийн үйлчилгээний жишиг үнэ, тарифыг тээвэрлэгч, хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийцүүлэн тогтоож, мөрдүүлэх; Нийтийн тээврийн үйлчилгээг даатгалын тогтолцоонд хамруулах;

3.2.12. Нутаг дэвсгэртээ жолооч, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, сургах, мэргэшүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

3.2.13. Үйл ажиллагааны чиг, үүргээ хэрэгжүүлэх зорилгоор байгууллагын дотооддоо мөрдөх журмыг боловсруулж мөрдүүлэх.

 

Дөрөв. Үүрэг хүлээгчийн хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, ажлын нөхцөл

4.1. Сар бүр .................. төгрөгийн хөдөлмөрийн хөлс олгоно.

4.2. Гэрээний үүргийн биелэлтийг харгалзан .......сар хүртэл хугацааны хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно.

4.3. Ажил, амралтын болон ээлжийн амралтыг Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтын дагуу зохицуулна.

4.4. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд шаардлагатай ажлын байр, техник хэрэгслээр хангана.

4.5. Нийгэм ахуйн талаар зарим тусламж, дэмжлэг үзүүлнэ /мөнгөн тусламж, ажлын чадваргүй болсон тохиолдолд нөхөн олговор, тэтгэмж зэргийг заана/.

 

Тав. Гэрээний хугацаа

5.1. Талууд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

5.2. Гэрээний хүчинтэй хугацаа ........жил.

 

Зургаа. Хариуцлага

6.1. Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол хууль, холбогдох дүрэм, гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

6.2. Үүрэг хүлээгчийн гэм буруутай үйл ажиллагаа нь хууль тогтоомж, байгууллагын дүрэм, энэ гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэргээр тухайн байгууллагад хохирол учруулсан бол хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

6.3. Засаг даргаас өгсөн удирдамж, заавартай санал нийлэхгүй байгаагаа үүрэг хүлээгч бичгээр мэдэгдсэн тохиолдолд үүсэх хариуцлагыг хүлээхгүй.

6.4. Үүрэг хүлээгчийн үүргийн биелэлтийг байгууллагын үйл ажиллагааны тайлан, энэхүү гэрээний хавсралтын дүгнэх үзүүлэлтэд автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагаас өгсөн дүгнэх үзүүлэлтийн үнэлгээний түвшинг харгалзан Удирдлага шагнах, цалин бууруулах буюу ажлаас чөлөөлөх арга хэмжээний талаар шийдвэр гаргана.

 

Долоо. Гэрээг өөрчлөх ба цуцлах

7.1. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг цуцлах ба гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэрээний өөрчлөлтийг бичгээр хийх бөгөөд Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь энэхүү гэрээний нэгэн адил хүчинтэй.

7.2. Гэрээ нь дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно. Үүнд:

А/ гэрээний хугацаа дууссан;

Б/ Засаг даргын санаачлага болон бүтцийн өөрчлөлтөөр;

В/ үүрэг хүлээгчийн хүсэлтээр.

7.3. Засаг даргын санаачлагаар дараах тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцална. Үүнд:

а/ Үүрэг хүлээгч хууль зөрчсөн, эсхүл үүргээ биелүүлээгүй гэж үзсэн;

б/ Бусад хүндэтгэх шалтгаан бий болсон.

7.4. Энэхүү гэрээ дуусгавар болсон, хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд Засаг даргын дэргэд комисс байгуулан өмч хөрөнгийн эзэмшилт, ашиглалтыг тогтоож, байгууллагын эд хөрөнгийн тооллого явуулан бүртгэж, ажил хүлээлцүүлнэ.

 

Гэрээ байгуулсан:

 

Аймаг, нийслэлийн Засаг дарга

 

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Тээвэр зохицуулалтын албаны дарга

 

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

 

 

 

Үлгэрчилсэн гэрээний хавсралт

 

ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭХ ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлтийн нэр

Хэмжих нэгж

Биелүүлбэл зохих

Гүйцэтгэл

Хувь

Дүн

Оноо

Дүн

Оноо

1

Автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагуудаас өгсөн үүрэг даалгавар

шийдвэр

 

5

 

 

 

2

Нутгийн захиргааны байгууллагуудаас өгсөн үүрэг даалгавар

шийдвэр

 

5

 

 

 

3

Салбарын чиглэлээр хийхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэл

асуудал

 

5

 

 

 

4

Тайлан, мэдээний гүйцэтгэл

тайлан мэдээ

 

5

 

 

 

5

Орлого

мян. төг

 

4

 

 

 

6

Зардал

мян. төг

 

4

 

 

 

7

Ашиг

мян. төг

 

4

 

 

 

8

Төсвийн өмнө хүлээсэн үүрэг

мян. төг

 

4

 

 

 

9

Өр авлага

мян. төг

 

4

 

 

 

10

Нийтийн тээврийн зохицуулалттай ААН

тусгай зөвшөөрөл

 

5

 

 

 

11

Нийтийн тээврийн зохицуулалттай тээврийн хэрэгсэл

карт

 

5

 

 

 

 

Нийт

 

 

50