ЗАМЫН ТЭМДЭГ БА ТЭМДЭГЛЭЛ
Түүхэн хөгжлийн талаархи товч тойм
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн эрх зүйн заалт, шаардлагуудаас гадна замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хөдөлгөөн хязгаарлах хайс, хаалт, чиглүүлэгч шон, хашилт гэх мэт хүний нүдэнд харагдаж, гарт баригдахуйц бодит хэрэгслүүдийн тусламжтайгаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнийг журамлан зохицуулах, горим тогтоож оновчтой зохион байгуулах асуудлыг шийдвэрлэх явдал түгээмэл байдаг юм. Жолооч зам, орчны байдал, хөдөлгөөний горим, нөхцөлийн талаархи мэдээллийн 90 орчим хувийг нүдний хараагаар хүлээж авдаг бөгөөд энэ үүднээс авч үзвэл замын техник хэрэгслүүдийн ач холбогдол өндөр төдийгүй мэдээллийг шууд дамжуулдаг чанараараа эрх зүйн үйлчлэлээс илүү үр өгөөжтэй байдгийг зарим судалгааны үр дүн харуулдаг юм.
Замын хөдөлгөөнийг техник хэрэгслийн тусламжтайгаар зохицуулах аргачлалыг хүн төрөлхтөн XVIII зууны үеэс нэвтрүүлж эхэлсэн ба үүнийг европын хэд хэдэн орны түүхээс харж болно. Тухайн үед улс орон бүр өөр өөрийн онцлог нөхцөл, уламжлалт арга барилд тулгуурлан янз бүрийн техник хэрэгслүүдийг зохион бүтээж хэрэглэж байсан нь яваандаа автомашинжилтын өсөлтийг даган боловсронгуй болж, ялангуяа олон улсын харилцааны автотээврийн салбар дахь эрчимтэй хөгжлийн үр нөлөө замын техник хэрэгслүүдийг олон улсын түвшинд нийтлэг болгох зайлшгүй шаардлагыг бий болгожээ. Энэ шаардлага нь 1909 онд Парис хотноо «Автомашины хөдөлгөөнд хамаарах олон улсын конвенц» нэртэй олон улсын гэрээ байгуулагдсанаар биеллээ олж эхэлжээ. Учир нь энэхүү конвенцоор олон улсын хэмжээнд хэрэглэх анхны замын тэмдэг болох уулзвар, тахир зам, төмөр замын гарам, замын тэгш биш хэсгийг анхааруулах утгатай, дугуй хэлбэрийн дөрвөн тэмдгийг баталжээ.
Энэхүү конвенцийг 1926 онд мөн Парис хотноо шинэчлэн баталж, урьд батлагдсан дөрвөн тэмдэг дээр “Заавал зогсоно”, “Төмөр замын хамгаалалтгүй гарам” гэсэн хоёр тэмдгийг шинээр нэмж зургаан тэмдэгтэй болгосон бөгөөд тэмдгийн дугуй хэлбэрийг гурвалжин хэлбэртэй болгожээ. 1931 онд Женев хотноо батлагдсан «Замын тэмдэг ба дохиог нэгдмэл болгох тухай конвенц»-д тэмдгийн тоо ширхгийг 26 хүртэл нэмэгдүүлж, тэдгээрийг “Анхааруулах”, “Тушаах”, “Мэдээлэх” гэсэн гурван бүлэгт хуваасан нь тэмдгийг төрөлжүүлж ангилах аргачлалыг бий болгожээ.
Дэлхийн хоёрдугаар дайныг хүртэл улс гүрнүүдийн дунд замын тэмдгийн “Европын” ба “Англи-америкийн” гэсэн үндсэн хоёр систем үйлчилж байв. Европын систем нь замын тэмдэгт зураг дүрслэлийг илүүтэйгээр хэрэглэж байсан бол Англи-америкийн системийн тэмдэгт бичиглэл зонхилж байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө хэрэглэж байсан Англи-америкийн системийн зарим тэмдгүүдийн загвар |
||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Замын тэмдгийн системийг дэлхийн бүх оронд нэгдмэл болгох гэсэн оролдлого дайны дараагаас эхэлжээ. 1949 онд Женев хотноо НҮБ-ын ээлжит бага хурлаар батлагдсан “Замын дохио, тэмдгийн тухай Протокол”-д дэлхийн улс гүрнүүдийн дийлэнх нь нэгдэн орсноороо замын техник хэрэгслүүдийн олон улсын нэгдмэл байдлыг өргөн хүрээгээр хангасан байна. Гэхдээ энэхүү Протоколын замын тэмдгийн систем нь европын замын хөдөлгөөний зохион байгуулалтад илүүтэйгээр тулгуурласан чигийг баримталсан байсан учраас түүнийг Хойд ба Өмнөд Америк болон зэргэлдээх орнууд хүлээж аваагүй байна.
Манай улс 1940 оноос замын тэмдгүүдийг албан ёсоор баталгаажуулан хэрэглэж эхэлсэн түүхтэй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дахь удаагийн шинэчлэлт буюу 1940 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн 38 дугаар хурлаар батлагдсан “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хотын гудамжаар явах дүрэм”-ийн 1-р хавсралтаар анхны замын тэмдгүүдийн загвар, заалтуудыг тогтоосон байдаг. Анхны замын тэмдгүүдийг “Сануулах”, “Хорих”, “Заах” гэсэн 3 бүлэгт ангилсан байх бөгөөд сануулах тэмдэгт “Замын уулзар”, “Зүүн, баруун тийш эргэх тэмдэг”, “Төмөр замын хөндлөн гарц”, “Аюултай” гэсэн гурвалжин хэлбэртэй 4-н тэмдэг, хорих тэмдэгт “Аливаа тэрэг хөсөг явж болохгүй”, “Уурын тэрэг явж үл болмой”, “Үхэр, морин тэрэг явж үл болмой”, “Дугуйгаар явж үл болмой”, “Удаан зогсож үл болмой”, “Зогсож үл болмой”, “Хурдыг хязгаарлах”, “Зөвшөөрсөн чиг” гэсэн дугуй хэлбэрийн 8-н тэмдэг, заах тэмдэгт “Болгоомжлогтун”, “Зогсож болмой” гэсэн дөрвөлжин хэлбэртэй 2 тэмдэг буюу нийтдээ 14-н тэмдгийг хэрэглэхээр заажээ.
Монгол улсын 30 дугаар он буюу 1940 онд баталсан анхны тэмдгүүд |
|||
1. Сануулах тэмдэг |
|||
Замын уулзар |
Зүүн, баруун тийш эргэх тэмдэг |
Төмөр замын хөндлөн гарц |
Аюултай |
|
|
|
|
2. Хорих тэмдэг |
|||
Аливаа тэрэг хөсөг явж болохгүй |
Уурын тэрэг явж үл болмой |
Үхэр, морин тэрэг явж үл болмой |
Дугуйгаар явж үл болмой |
|
|
|
|
Удаан зогсож үл болмой |
Зогсож үл болмой |
Хурдыг хязгаарлах |
Зөвшөөрсөн чиг |
|
|
|
|
3. Заах тэмдэг |
|||
|
Болгоомжлогтун |
Зогсож болмой |
|
Тэмдгүүдийн өнгө, дүрслэл, утга агуулга нь өнөө үеийнхтэй нэн ойролцоо байгаа нь тухайн үед олон улсад хэрэглэж байсан замын тэмдгүүдийг үлгэрлэн өөрийн орны нөхцөлд тохируулан нийцүүлж байсны түүхэн бодит жишээ юм.
1968 онд Австри улсын нийслэл Вена хотноо болж өнгөрсөн НҮБ-ын Замын хөдөлгөөний Бага хурлаар Замын дохио, тэмдгийн тухай Конвенц батлагдсанаар олон улсын замын техник хэрэгслүүдийн хөгжилд шинэ үе шатыг авчирчээ. Өдгөө энэхүү Конвенцид 50 гаруй улс орон нэгдээд байгаа бөгөөд манай улс 1997 онд нэгдэн орсон юм. Конвенцид нэгдэн орсон улс орнууд нь уг Конвенцид тусгагдсан заалт шаардлагуудыг биелүүлэх, тухайлбал, замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохионыхоо дүрс, хэлбэр, өнгө, утга агуулгыг тус конвенцид бүрэн нийцүүлэх, тэдгээрийг стандартчилж баталгаажуулсан байх үүргийг хүлээдэг юм.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4-т «Монгол Улсын автозамын тэмдэг, тэмдэглэлийн улсын стандартыг стандартчиллын төв байгууллага батална» гэж заасны дагуу 1998 оны 7-р сарын 3-ны өдөр Монгол Улсын стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 22 тоот тогтоолоор “Замын тэмдэг. Ерөнхий техникийн шаардлага” MNS 4597-98 стандарт болон “Замын хөдөлгөөний зохион байгуулалтын техник хэрэгсэл. Хэрэглэх дүрэм” MNS 4596-98 стандарт, 1999 оны 10-р сарын 1-ний өдрийн 40-р тогтоолоор “Замын тэмдэглэл. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4759-99 стандарт, мөн 2000 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 119 тоот тогтоолоор “Замын гэрлэн дохио ба үндсэн үзүүлэлтүүд” MNS 4980:2000 стандартуудыг тус тус баталснаар манай улс анх удаа замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохионы техникийн стандарттай болсон бөгөөд эдгээр стандартууд нь замын хөдөлгөөний зохион байгуулалтын техник хэрэгслийг үйлдвэрлэх, угсрах, хэрэглэх, байрлуулах болон техникийн зохих шаардлагуудыг баталгаажуулахад нэн чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.
Автомашины тоо жилээс жилд нэмэгдэж, хөдөлгөөний нягтрал ихэсч, замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал өндөр хэмжээнд тавигдах болсон сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөн зохион байгуулалтын техник хэрэгслүүдийг шинэчлэн сайжруулж олон улсын өнөөгийн жишигт хүргэх, үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн зарим дүрэм, журам, стандартуудыг эргэн харж шинэчлэн сайжруулах явдал зайлшгүй болсон бөгөөд энэ үүднээс дээрх стандартууд 2003-2007 онуудад шинэчлэгдэн батлагдсан юм. Өөрөөр хэлбэл манай улсын одоогийн мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан замын тэмдэг, тэмдэглэлийн загвар, тэдгээрийн утга агуулга нь Замын дохио, тэмдгийн тухай Венийн Конвенцид бүрэн нийцэх байдлаар шинэчлэгдэн стандартчилагдлаа.
Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор “Замын тэмдэг. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4597:2003, “Замын тэмдэглэл. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4759:2003 стандартууд шинэчлэгдэн батлагдаж 2004 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Түүнчлэн 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “Замын гэрлэн дохио ба үндсэн үзүүлэлтүүд” MNS 4980:2006 стандарт шинэчлэгдэн батлагдаж 2006 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Мөн Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм” MNS 4596:2007 стандартаар замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио болон бусад техник хэрэгслүүдийг хэрхэн хэрэглэх тухай дүрэм болон түүнд тавигдах шаардлагыг шинэчлэн тогтоосон юм.
Эдгээр стандартууд нь Монгол Улсад автозамын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио болон бусад техник хэрэгслүүдийг үйлдвэрлэх, угсрах, ашиглахад тавигдах техникийн шаардлага, норм, нормативыг тогтоохоос гадна тэдгээрийг хэрэглэх, замын хөдөлгөөнийг зохицуулах болон зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн тулгуур баримт бичгүүд юм.