ЗАМЫН ТЭМДЭГ
Замын тэмдгийг байрлуулах үндсэн дүрэм
Тэмдгийн үзэгдэлтийн шаардлагыг хангахад тухайн тэмдгийн овор хэмжээ, өнгө, дүрсийн тодроц, гэрэлтүүлгийн тусгал зэрэг техник хийцийн талаас тавигдах үзүүлэлтүүд чухал үүрэгтэйгээс гадна тухайн тэмдгийг зам дээр хэрхэн байрлуулсан байдал мөн онцгой нөлөөтэй юм. Өөрөөр хэлбэл тэмдгийг байрлуулсан байдал нь тухайн замын хэсгээр тодорхой хурдтай яваа жолоочид уг тэмдэг шаардлагатай зайнаас ялгагдаж харагдахуйц, түүнчлэн уг тэмдгээс өгөгдөж буй мэдээллийг жолооч цаг тухайд нь хүлээн авч ойлгон, зохих үйлдлийг бүрэн дүүрэн гүйцэтгэхэд боломжтой нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Иймээс тэмдгийн байрлалыг тогтоохдоо тухайн замын хэсгээр дайран өнгөрөх тээврийн хэрэгслийн хурд, зам, орчны байдлыг зөв тооцоолох, ялангуяа замын дэргэдэх барилга, байгууламж, зар, сурталчилгааны самбар, мод бут, уул хад зэргээс шалтгаалан тэмдгийн үзэгдэлт халхлагдах буюу үзэгдэлтийн байдал муудах, ялгаж танихад хүндрэл учруулах зэрэг сөрөг, таагүй нөхцөлийг бүрдүүлэхгүй байхыг анхаарах ёстой. Гэхдээ зөвхөн үзэгдэлтийн шаардлагыг хангахад чиглэгдсэн нөхцөлөөр тэмдгийн байрлалыг тогтоовол учир дутагдалтай юм. Учир нь ихэнх тэмдгийн үйлчлэл буюу хүчинтэй утга нь тухайн тэмдгийн байрлалаас мөн хамаардаг тул тэмдгийг байрлуулахдаа бүхий л талаас нь сайтар анхааран бодолцож, нарийн тооцоолох шаардлагатай байдаг юм.
Замын тэмдгийг хэрэглэх нөхцөл, байрлуулах дүрмийг MNS 4596:2007 стандартын 4 дүгээр бүлэгт тогтоосон бий. Уг стандартад зааснаар замын тэмдгүүдийг (зарим тэмдгийн хувьд стандартад тусгайлан зааснаас бусад тохиолдолд) зорчих хэсгийн баруун гар талд, хөвөөтэй бол түүний гадна буюу зорчих хэсгийн дээр байрлуулна.
Нэг чигтээ хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын зорчих хэсгийн баруун гар талд байрлуулсан 1.1, 1.2, 1.15.а,б,в, 1.20, 2.20, 2.24, 3.4, 3.5 тэмдгийг зэрэгцүүлэн (хувилж) тавина. Зэрэгцүүлэн тавих тэмдгийг тусгаарлах зурвас дээр байрлуулна. Харин тусгаарлах зурвасгүй замд хэрэв хөдөлгөөний эсрэг урсгал нь нэг буюу хоёр эгнээтэй бол зорчих хэсгийн зүүн гар талд, гурав буюу түүнээс олон эгнээтэй бол зорчих хэсгийн дээр байрлуулна. Шаардлагатай тохиолдолд бусад тэмдгийг ч дээрх зарчмын дагуу зэрэгцүүлэн (хувилж) тавьж болно.
Замын тэмдгийг байрлуулахдаа тэдгээрээс өгч байгаа мэдээлэл нь зөвхөн тухайн хөдөлгөөнд оролцогчдод чиглэгдсэн байх нөхцөлийг хангасан байвал зохино. Өөрөөр хэлбэл тухайн тэмдгийн үйлчлэл чухам хэнд хамаарч байгаа нь тодорхой байх ёстой.
Замын тэмдгийг нэг дор олноор байрлуулах нь тэмдгийн үр дүнг бууруулдаг төдийгүй хүний ой санамжинд буух байдал нь алдагддаг болохыг судлаачид тогтоосон байдаг юм. Иймээс замын нэг хөндлөн огтлолд гурваас олон тэмдэг байрлуулахыг стандартаар хориглодог бөгөөд гэхдээ энэ тоонд 5.10.б тэмдэг болон нэмэлт тэмдэг, мөн зэрэгцүүлэн (хувилж) тавьсан тэмдгийг оруулж тооцохгүй.
Уулзвар, гарц болон чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр тавигдсан тэмдгээс бусад замын дагуу цувуулан тавьсан тэмдгүүдийн хоорондын зай нь суурин газарт 25 м-ээс, суурин газрын гаднах замд 50 м-ээс багагүй байх ёстой.
Зорчих хэсгийн захаас буюу хэрэв хөвөөтэй бол хөвөөний гадна захаас түүний хажууд байрлуулах тэмдгийн хамгийн ойр ирмэг хүртэлх зай 0.5-2 м, харин 5.3-5.6, 5.21.а-5.24, 5.27.а тэмдгүүдийн хувьд 0.5-5 м байвал зохино. Хэрэв замын хажуугийн ганга жалга, хад цохио гэх мэтээс шалтгаалан дээрх байдлаар байрлуулах боломжгүй байвал тэмдгийг хөвөөн дээр байрлуулж болно. Энэ тохиолдолд зорчих хэсгийн захаас тэмдгийн хамгийн ойр ирмэг хүртэлх зай 1 м-ээс багагүй, байрлуулах өндөр нь 2-3 м байх шаардлагатай юм.
Мөн зам дээр засвар, үйлчилгээний ажил хийх болон хөдөлгөөний зохион байгуулалтад түр зуурын буюу шуурхай өөрчлөлт оруулах үед зөөврийн суурьтай тэмдгийг зорчих хэсэг, хөвөө болон тусгаарлах зурвас дээр байрлуулж болно.
Тэмдгийн доод ирмэгээс (1.4.а-1.4.е тэмдэг болон нэмэлт тэмдгүүдийг тооцохгүйгээр) замын хучилтын гадаргуу хүртэлх зай (байрлуулах өндөр) нь стандартад тусгайлан заагдсанаас бусад тохиолдолд дараахь хэмжээтэй байна:
- зорчих хэсгийн хажууд байрлуулах тохиолдолд:
а) Суурин газрын гаднах замд 1.5-3 м;
б) Суурин газарт 2-4 м;
- зорчих хэсэг дээр (зөөврийн суурьтай тэмдгийн хувьд) болон мөн чиглүүлэгч буюу аюулгүйн арал дээр байрлуулах тохиолдолд 0.6-1.5 м;
- зорчих хэсгийн дээр байрлуулах тохиолдолд 5-6 м; Зорчих хэсгийн дээгүүр 5 м-ээс өндөргүйгээр тавигдсан хиймэл байгууламж дээр тэмдгийг байрлуулахдаа уг байгууламжийн доод ирмэгээс доош цухуйлгахгүйгээр тавина.
Зорчих хэсгийн хажууд байрлуулах тэмдгийн өндрийг зорчих хэсгийн захын хучилтын гадаргуугаас тооцно.
Тэмдгүүдийг нэг нэгнийх нь дор (1.4.а-1.4.е тэмдэг болон нэмэлт тэмдгийг тооцохгүй) байрлуулах тохиолдолд доод талын тэмдгээр байрлуулах өндрийг тооцно.
Өөр өөр бүлгийн тэмдгүүдийг нэг тулгуур дээр хамт байрлуулахдаа энэхүү стандартад тусгайлан зааснаас бусад тохиолдолд дор дурдсан дарааллын дагуу дээрээс доош буюу зүүнээс баруун гар тийш байрлуулна:
- дарааллын тэмдэг;
- анхааруулах тэмдэг;
- заах тэмдэг;
- хориглох тэмдэг;
- мэдээлэх тэмдэг.
Тухайн нэг замын хувьд цувуулан тавих тэмдгүүдийн байрлуулах өндөр аль болох ижил байвал зохино.
Нэг тулгуур дээр хамт байрласан, тухайн нэг зорчих хэсэгт үйлчлэх зэрэгцээ тэмдгүүдийн хоорондын зай 50-200 мм байна.
Харин нэг тулгуур дээр хамт байрласан боловч хөдөлгөөний тухайн чигийн дагуух өөр өөр зорчих хэсэгт үйлчлэх тэмдгүүд нь тухайн харгалзах зорчих хэсгийнхээ дээр буюу эсвэл энэхүү стандартын шаардлага болон техникийн боломжид нийцэх хэмжээнд аль болох түүнд ойрхон байрласан байвал зохино.
Тэмдгийг өндөр хүчдэлийн цахилгаан сүлжээний утаснаас 1 м-ээс дотогш зайд байрлуулах, мөн өндөр хүчдэлийн шугамын хамгаалалтын бүсэд бэхэлгээний утсанд зүүж тогтоохыг хориглоно.
Замын тэмдгийг байрлуулахтай холбоотой дээрх заалтууд нь тэмдгийн үзэгдэлтийг хангах, тэдгээрээс өгөгдөх мэдээллийн үр нөлөөг бууруулахгүй байх, хөдөлгөөнд оролцогчдод тухайн тэмдгийн утга агуулгыг бүрэн дүүрэн хүргэх зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн шаардлагыг хангахад чиглэгдсэн нийтлэг дүрэм юм. Өөрөөр хэлбэл замын тэмдгүүдийг байрлуулахад дээрх нийтлэг дүрмээс гадна тухайн нэг бүлгийн тэмдгүүд буюу тэмдэг тус бүрт хамаарах тусгайлсан дүрмүүдийг стандартаар тогтоосон байдаг. Тухайлбал, анхааруулах тэмдгүүдийг байрлуулахад дээр дурдсан нийтлэг дүрмийг мөрдлөг болгохоос гадна тухайн замын хэсгээр дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний хурд, үзэгдэлтийн нөхцөл, байрлуулах бололцоо зэргийг харьцуулан тооцож тухайн аюул бүхий хэсгээс тодорхой зайд урьдчилан байрлуулах тусгай дүрмийг баримтална. Түүнээс гадна зарим тэмдгийн хувьд тэдгээрийн үйлчлэх онцлогоос нь хамааруулж дээр дурдсанаас өөрөөр байрлуулах тохиолдол бий. Тухайлбал: 1.28.а,б,в “Эргэх чиг” тэмдгийн хувьд замын баруун гар талд байрлуулах дүрэм мөрдөгдөхгүй бөгөөд түүнийг замын тухайн эргэлтийн гадна талд хөдөлгөөний чигийн өөдөөс харуулан байрлуулдаг төдийгүй байрлуулах өндрийн хэмжээг нь ч өөрөөр заасан байдаг юм.
Улсын стандартын нөхцөлөөр тогтоогоогүй, өөрөөр хэлбэл MNS 4597:2003 стандартад тусгагдаагүй замын тэмдгийг туршилтын журмаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албаны зохих зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэж болно. Энэ тохиолдолд туршилт хийж буй замын хэсэгт тухайн тэмдгийн утга агуулгыг тайлбарласан мэдээллийн самбар тавьж хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан анхааруулах нь зүйтэй юм.
Замын тэмдэг болон хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгсэлтэй андуурагдах, тэдгээрийн үзэгдэлт ба үр дүнг бууруулах, мөн хөдөлгөөнд оролцогчдыг гялбуулах, тэдний анхаарлыг сарниулах, улмаар хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулах ямар нэгэн үзүүлэн чимэглэлийн зүйл, зар сурталчилгааны самбар, техник төхөөрөмж зэрэг хэрэгсэл байрлуулахыг MNS 4596:2007 стандартаар хориглосон байдаг.
Мөн замын тэмдэг, гэрлэн дохио болон тэдгээрийн тулгуур буюу ар тал дээр хөдөлгөөний зохион байгуулалтад үл хамаарах бусад зүйл байрлуулахыг хориглоно.
Харин дээр дурдсанаас бусад, өөрөөр хэлбэл хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үүсгэхээргүй зар сурталчилгааны самбар, үзүүлэн чимэглэлийн зүйлс зэргийг эрх бүхий байгууллагаас тогтоосон зохих журмын дагуу замын ойролцоо байрлуулж болно.
Замын тэмдэг, гэрлэн дохио нь замын ногоон байгууламж, гэрэлтүүлгийн шон, сурталчилгааны самбар гэх мэт зүйлсээр халхлагдаагүй, хоногийн аль ч үед сайн үзэгдэхүйц байхаас гадна ашиглах болон үйлчилгээ хийхэд тохиромжтой байхаар суурилагдсан, санамсаргүйгээр гэмтээгдэхээс сэргийлэгдсэн байх ёстой.
Хөдөлгөөний горим тогтоосон замын тэмдэглэл нь зорчих хэсгийн гадаргуу бохирдсон, цас, мөсөн хучилгад дарагдсан буюу эсвэл бүдгэрч арилсан зэргээс шалтгаалан ялгаж харахад хүндрэлтэй болсон бөгөөд түүнийг нэн даруй хэвийн байдалд оруулах боломжгүй тохиолдолд тухайн тэмдэглэлийн утганд тохирох замын тэмдгийг байрлуулах ёстой. Мөн түр зуурын шалтгаан (зам засварын ажил хийх, хөдөлгөөнд онцгой горим тогтоох гэх мэт)-аар тавигдсан хөдөлгөөн зохион байгуулалтын техник хэрэгслүүдийг шаардлагагүй болсны дараа нэн даруй авах, эсвэл тусгай бүрээс (гэр)-ээр хааж утгыг нь хүчингүй болгож болно.