АВТО ҮЙЛЧИЛГЭЭ

 

4. Автомашины дугуйг солих аргачлал

 

Автомашинд түгээмэл тохиолддог эвдрэлүүдийн нэг бол дугуй хагарах явдал юм. Дугуй хагарах нь янз бүрийн хүчин зүйлээс шалтгаална. Тухайлбал: Хурц үзүүр, ирмэгтэй зүйлийг дайрах, хүчтэй цохилтод өртөх, хэт халах, элэгдлийн улмаас нимгэрч цоорох, утаснууд нь тасрах, хийн хошуу гэмтэх, обод хэв гажилтад орох, даац хэтрүүлж ачаалах зэрэг олон шалтгааны улмаас хагарч болно. Дугуй хагарах нь хөдөлгөөний аюулгүй байдал алдагдахад шууд нөлөөлнө. Ялангуяа хурд ихтэй яваа үед урд дугуй хагарвал жолоодлого алдагдаж автомашины хөдөлгөөний чиг өөрчлөгдөн замаас гарах, онхолдох, хөмрөх зэргээр осолд өртөх аюултай. Иймд жолооч бүхэн автомашиныхаа дугуйн бүрэн бүтэн байдалд байнга анхаарал тавьж, тогтмол шалгаж байх шаардлагатай.

Хөдөлгөөний үед дугуй хагарсан тохиолдолд зарим туршлагагүй жолооч анзааралгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлсээр байх явдал бий. Хагарсан дугуйгаар удаан явбал дугуйн гадаргуу хэт халж шатахаас гадна дотуур хаймар, обод зэрэг эд ангиуд эвдрэлд орж солихоос өөр аргагүй байдалд хүрч болзошгүй юм. Тэгвэл дугуй хагарсныг хэрхэн мэдэх вэ?

Дугуй хагарсан тохиолдолд дараахь шинж тэмдэг илэрнэ. Үүнд:

- жолооны хүрдэнд аль нэг тал руу мушгих хүч үүсч жолоодлого хүндрэлтэй болох;

- хурд саарах;

- замын гадаргуу донсолгоо, дэржигнүүртэй болсон мэт мэдрэмж төрөх;

- зам алгадах мэт их чимээ гарах;

- автомашин салгалах;

- автомашин хазайх.

 

Энэ тохиолдолд дараахь арга хэмжээг авах шаардлагатай:

- хурдыг хасаж, жолооны хүрдийг огцом эргүүлэхээс зайлсхийнэ;

- зорчих хэсгийг чөлөөлөх боломжийг хайна;

- ослын дохионы гэрлээ асааж бусад тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулна;

- боломжтой бол замаас гарах буюу зорчих хэсгийг чөлөөлөх, боломжгүй тохиолдолд бусдын хөдөлгөөнд саад болохооргүй, аль болох тэгш газарт тээврийн хэрэгслээ замын хашлагад шахаж зогсооно.

- дугуй хагарсан эсэхийг үзэж шалгана. Хэрэв хагарсан байвал түүнийг солих арга хэмжээ авна. Дугуйг солихынхоо өмнө Замын хөдөлгөөний дүрэмд заасан шаардлагын дагуу ослын зогсолтын тэмдгийг байрлуулбал зохино.

 

Дугуйг солихын тулд танд дараахь зүйлс хэрэг болно:

 

 

Нөөц дугуй

 

Домкрат буюу өргүүр

 

Дугуйн торцов

 

 

 

 

Ивүүр

 

Ослын зогсолтын тэмдэг

 

Дугуй хагарах явдал хэдийд ч тохиолдож болох тул та эдгээр зүйлсийг автомашиндаа байнга авч явж байх хэрэгтэй.

 

Дугуйг дараахь аргачлалаар солино:

1. Автомашиныг байрнаас нь өнхрөхгүй болгохын тулд хурдны хайрцгийн хүнд арааг залгаж, зогсоолын тоормосыг идэвхжүүлэх бөгөөд хагараагүй дугуйнуудын урд, хойно нь ивүүр хийж гулсаж хөдлөхөөргүй тогтооно.

 

2. Автомашиныг өргөхөөсөө өмнө хагарсан дугуйн бэхэлгээний боолтуудыг суллах хэрэгтэй. Учир нь хэт чангалсан зарим боолт нь дугуйг өргөж хөндийрүүлсний дараа суллахад төвөгтэй байхын зэрэгцээ суллахаар хөших үед автомашин ганхаж домкрат ховхрох аюултай байдаг. Иймд дугуйг газраас хөндийрүүлэлгүйгээр, эхлээд дугуйн колпакийг торцовны арын халиваар хөшиж авсны дараа дугуйн бахэлгээний боолтуудыг бүгдийг нь хагас эргэлт суллан орхино. Ихэнх суудлын автомашины дугуйн бэхэлгээний боолт цагийн зүүний эсрэг эргэж сулардаг ба харин зарим автомашины хувьд урд дугуйн бэхэлгээний боолт цагийн зүүний дагуу эргэж сулардгийг анхаарах хэрэгтэй.

 

3. Суудлын автомашины бүхээгний доод ирмэг буюу шалны захад домкрат суурилуулах зориулалт бүхий давхарлаг ухлаадастай ховилууд байдаг бөгөөд домкратыг хагарсан дугуйн дэргэдэх уг ховилд тогтвортой суурилуулна. Зориулалтын бус хэсэгт домкратыг суурилуулж өргөхийг хориглоно. Учир нь домкрат тулааснаас мултрах аюултайгаас гадна шал цөмөрч болзошгүй юм.

 

4. Домкратын хөшүүргийг эргүүлэн автомашиныг болгоомжтой өргөнө. Өргөх явцдаа автомашин урагш, хойш хөдөлж байгаа эсэх, мөн домкрат хазайж байгаа зэргийг байнга хянах бөгөөд хэрэв тийм зүйл ажиглагдвал домкратыг даруй буулгаж суурийг нь тэгшлэн засаж дахин өргөнө.

Автомашиныг өргөх ажиллагаа нь хөдөлмөр хамгааллын нарийн чанд сахилга, хяналтын дор явагдвал зохино. Түр зуурын хайхрамжгүй байдал насан туршийн эмгэнэлт үр дагаврыг авчирч болзошгүйг анхаар. Автомашин өргөх ажиллагааг болгоомжгүй хийсний харгайгаар гар, хөл, биеэ даруулж үүрдийн тахир дутуу болсон, амь насаа алдсан тохиолдол олон байдгийг сануулъя.

 

5. Дугуйг газраас хөндийрсний дараа бэхэлгээний боолтуудыг суллаж аваад хаягдахааргүй газарт колпактай хамт хадгална.

 

6. Хагарсан дугуйг булнаас нь салгаж авна. Хэрэв хялбар салахгүй байвал дугуйг хөших, бага зэрэг цохиж доргиох аргыг хэрэглэж болох бөгөөд харин хэт их хүчээр угзарвал ивээс домкрат мултарч болзошгүйг анхаарах хэрэгтэй. Салгаж авсан хагарсан дугуйг автомашиныхаа доогуур, домкратны харалдаа хэвтүүлэн тавьж аюулгүй байдлын нэмэлт хэрэгсэл болгон ашиглах нь зүйтэй. Үүний дараа нөөц дугуйг суурилуулж болно.

 

7. Нөөц дугуйг суурилуулахаасаа өмнө түүний обод болон булны суух ховилын шороо, зэвийг сайтар цэвэрлэх нь зүйтэй. Ингэхдээ булны шипилька ба боолтуудыг тосолж болохгүй бөгөөд зөвхөн зэв арилгагч хэрэглэвэл зохино. Учир нь тослогдсон боолт амархан сулрахаас гадна шороо наалдаж бохирдсоноор гацаж хялбар чангалагдаж тайлагдахгүй болох талтай.

Нөөц дугуйг буланд нь жигд суурилуулсны дараа боолтуудыг гараар эргэдэн тогтоогоод торцовоор бага зэрэг чангална. Автомашин өргөгдсөн байх үед нь боолтуудыг их хүчээр чангалж болохгүй. Учир нь автомашин ганхаж домкрат мултрах аюултай.

 

8. Домкратыг буулгаж, дугуйг газарт тулгаад бэхэлгээний боолтуудыг торцовоор дахин сайтар жигд чангална.

Боолтуудыг чангалахдаа зэргэлдээ боолтыг нь дараалан тойруулан хөөх замаар биш, харин доорхи зурагт үзүүлсэн дарааллын дагуу эсрэг харалдаа байрлах боолтуудыг сөөлжүүлэн чангалах замаар гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл дөрвөн боолттой бол хэрээс зурах дарааллаар, харин таван боолттой бол таван хошуу зурах дарааллаар жигд чангална.

 

 

 

Торцовын ишинд ямар нэгэн зүйл залгаж уртасган мушгих хүчийг нэмэгдүүлэх, эсвэл ишин дээр нь гишгэх зэргээр хэтрүүлэн чангалахыг хориглоно.

 

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»