АВТО ЗӨВЛӨГӨӨ
9. Автомашины ашиглалтын явцад анхаарах зарим зүйлс
Та автомашиныхаа эд ангиудын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, эдэлгээг уртасгах, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангахын тулд дараахь зөвлөгөөг санаж явахад илүүдэхгүй:
- Ямар ч нөхцөлд техникийн баримт бичигт заасан хязгаараас илүү хэмжээний ачаа ачиж болохгүй. Учир нь та нэг л удаа даац хэтрүүлэн явснаар явах ангийн арал, их биений бүх хэсгүүдэд ил далд засч болшгүй гэмтлүүдийг учруулна.
- Муу замд өндөр хурдтай явахыг бүү оролд. Амортизатор, нум, пүршүүд хэт ачаалалд орсноор уярч амархан гэмтдэг.
- Резинэн ба хуванцар эд ангиудыг хүйтний улиралд царцуу үед нь хэт ачаалахгүйг хичээ.
- Хөдөлгүүр ба хурдны хайрцгийн тосны чанарыг анхаар. Хурд ихтэй явах тохиолдолд хэт шингэн тосыг хэрэглэж болохгүй. Байнга хүйтэн нөхцөлд асаадаг хөдөлгүүрт царцахгүйг нь бодоод хэт шингэн тос хэрэглэсэн бол хөдөлгүүрээ хэт халаахаас зайлсхийж, өгсүүр замд зүтгүүлэхгүй байхыг хичээгээрэй.
- Хөдөлгүүрийнхээ техникийн баримт бичигт заасан маркийн шатахууныг л хэрэглээрэй. Жишээ нь: Октан багатай бензин хямд боловч хөдөлгүүрийн үнэтэй, чухал эд ангиудыг гэмтээдэг бол октаныг зохиомлоор өндөрсгөсөн бензин нь мөн л адил хор нөлөөтэй. Октан өндөрсгөх хар тугалгын хольц нь автомашины катализаторыг гэмтээдэг учир тэжээлийн системийн автомат тохиргоо алдагдаж, засах нь бүү хэл оношлоход ч бэрх гэмтлүүдийг үүсгэдэг.
- Дугуйн хийн даралтыг байнга шалгах хэрэгтэй. Учир нь хийн даралтыг байх ёстой хэмжээнээс нь 10% дутуу хийлэхэд элэгдэл нь 20%-аар, мөн 10% илүү хийлэхэд элэгдэл нь 10%-аар тус тус нэмэгддэг гэсэн судалгаа байдаг.
- Аккумуляторын батарейн шонгуудыг байнга цэвэр байлгаж, шонд холбогдсон утасны бэхэлгээг тогтмол шалгаж байх нь эдэлгээний хугацааг уртасгах, цахилгаанаар хангах системийн эд ангиудын хэвийн ажиллагааг хамгаалахад чухал ач холбогдолтой.
- Хөдөлгүүрийн хөргөх шингэн буюу антифризын чанарыг ашиглалтын нөхцөлд зөв тохируулан сонгох нь чухал. Учир нь манай орны өвлийн улирал -40°С хүртэл хүйтэрдэг учир дулаан орнуудаас оруулж ирсэн автомашины үл хөлдөх шингэнүүд тэсдэггүйг анхаарах хэрэгтэй.
- Боломж гарах тоолонд тоормосны зууравчийн элэгдлийг шалгаж бай.
- Шороон замаар байнга явдаг автомашины агаар шүүгч, тосны шүүр болон түлшний шүүлтүүрийг техникийн баримт бичигт зааснаас богино хугацаанд сольж байх хэрэгтэй.
- Автомашинаа зориулалтын дулаан гараашид тавьж бай.
- Урьдчилан халаах нэмэлт системгүй автомашиныг өвлийн улиралд задгай талбайд 4 цагаас илүү хугацаанд орхихгүй байхыг хичээгээрэй.
- Хүйтний улиралд салхины шилний цан гүйцэд арилаагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцвол аюултай гэдгийг эцэст нь анхааруулъя.
Үргэлжлэл бий..»» |